| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2024/03798/И |
| Дугаар | 182/ШШ2024/04101 |
| Огноо | 2024-10-08 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 182/ШШ2024/04101
2024 10 08 182/ШШ2024/04101
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ
татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,
Нэхэмжлэгч: .....-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ....холбогдох,
900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.О нь .... даатгалтай 2022 оны 06 сарын 21-ний өдрөөс 2023 оны 06 сарын 20-ыг дуусталх хугацаанд Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээтэй байсан. Тус хугацаанд буюу 2023 оны 06 сарын 16-ны өдөр оршин суугаа байрныхаа гадаа зориулалтын зогсоолд тээврийн хэрэгслээ байрлуулан орхисон үед дээрээс шил унасны улмаас салхины шил хагарсан хохирол учирсан. Тус осол болсон даруйд даатгалын гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-т заасны дагуу шуурхай албаны 77776677 утсаар холбогдсон... шуурхай албаны ажилтны зөвлөснөөр гэрээний 7.7д заасан үүргээ биелүүлэн ослыг газар дээр нь баталгаажуулж, ослын бүртгэл хийлгэн, хохиролыг Кости эстимет ХХК-аар үнэлүүлэн нотлох баримтыг бүрдүүлж өгсөн боловч .... даатгал нь гэрээнд заасан үүргээ биелүүлэлгүй нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Дээрх шалтгааны улмаас Санхүүгийн зохицуулах хороо-нд гомдол гаргасан боловч .... даатгал нь ахин гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзсан тул учирсан хохиролын төлбөрийг гэрээний дагуу .... даатгалаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: .... даатгал ХХК-аас гэрээний үүрэгт 900,000 төгрөг нэхэмжлэсэн бөгөөд уг нэхэмжлэлтэй холбоотойгоор хариуцагчаас 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 710,928 төгрөгийг шилжүүлж хохирол барагдуулсан тул 900,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлын шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч .... даатгал ХХК холбогдуулан, 900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тус шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хүсэлтээр нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Г.Оын нэхэмжлэлтэй, хариуцагч .... даатгал ХХК-д холбогдох 900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч талаас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,678 төгрөгийн 50 хувь буюу 26,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 13,075 төгрөг болон хариуцагч .... даатгал ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 13,075 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г.От олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ