Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2023/ДШМ/11

 

 

      2022             12              22                  2023/ДШМ/11                           

 

Т.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Э.Билгүүн,         

шүүгдэгч Т.Б-ын өмгөөлөгч Х.Баатарбилэг,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 2022/ШЦТ/932 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Б-ын өмгөөлөгч Х.Баатарбилэгийн гаргасан давж заалдах гомдлоор Т.Б-т холбогдох 2009024401362 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

0;

Т.Б- нь 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” нэртэй үйлчилгээний газарт үйлчлүүлж байхдаа Э.У-ыг хажуугаар зөрөхдөө мөрлөсөн гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнтэй зодолдож байхдаа гарыг нь барьж хурууг нь мушгиж, зүүн сарвууны 3 дугаар хурууны хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Т.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэст зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 12 дугаар зуйлийн 12.10 дахь хэсэгт зааснаар Т.Б-т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлж, хохирогч Э.У- нь цаашид гарах эмчилгээний зардлаа гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, Т.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Б-ын өмгөөлөгч Х.Баатарбилэг гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 2022/ШЦТ/932 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Учир нь, шийтгэх тогтоолын дүгнэлт хэсэгт “...шүүгдэгч Т.Б- нь 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” нэртэй үйлчилгээний газарт үйлчлүүлж байхдаа Э.У-ыг хажуугаар нь өнгөрөхдөө мөрлөсөн гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүнтэй зодолдож байхдаа гарыг нь барьж, хурууг нь мушгиж, зүүн сарвууны 3 дугаар хурууны хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна гэж..." дүгнэлт хийсэн.

Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтууд хохирогч, гэрч нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр хохирогч Э.У- нь С.Барсболдтой шатан дээр зөрөхдөө маргалдан улмаар Э.У- С.Б-г зодох үйл явцыг Т.Б- нь таслан зогсоож хохирогчийн далайсан гарыг гараараа хаан унаж, улмаар өөрөө Э.У-т цохиулсан нь нотлогдон тогтоогддог. Дээрх нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг шүүх дүгнэхдээ илт буруугаар буюу нотлох баримтаар тогтоогдоогүй нөхцөл байдлыг зохион дүгнэсэн нь шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн.

Түүнчлэн, анхан шатны шүүх шийтгэх тогтоолын дүгнэлт хэсэгт энэ хэрэгт огт хамааралгүй гэрч нар болох Б.Т, Ө.Н нарын мэдүүлгийг иш татаж оруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Т.Б- хохирогч Э.У-тай ямар нэгэн байдлаар маргаагүй, түүний эсрэг чиглэж санаатай хүч хэрэглэн довтолсон зүйл байхгүй бөгөөд харин хохирогч Э.У-ын хууль бус үйлдэл буюу С.Барсболдыг цохиж буй үйлдлийг таслан зогсоох зорилгоор далайсан гарыг нь гараараа хаан зогсоосон дээрх үйл баримт гэмт хэргийн субьектив шинжийг үгүйсгэж байна. Нөгөө талаар дээрх Т.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжийг бүрэн хангасан байхад шүүх энэ талаар дүгнэлтдээ дурдаагүй орхигдуулсан. Мөн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр уг хэргийг хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 1.6 дах хэсэгт заасан нотлогдвол зохих байдлууд тогтоогдоогүй байна гэж үзэн нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаан шийдвэрлэсэн. Уг шүүгчийн захирамжийн дагуу мөрдөн байцаалтад О.Т, С.Б нараас дахин мэдүүлэг аваад шүүхэд дахин хэлэлцүүлэхээр шилжүүлсэн. Улмаар анхан шатны шүүх Т.Б-ыг гэм буруутайд тооцсон.

Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралд Э.У-ын биед учирсан гэмтлийг хэн хэрхэн учруулсан нь эргэлзээтэй байна, яллах дүгнэлтэнд Т.Б- Э.У-ын гарыг мушгиж гэмтэл учруулсан гэсэн боловч хяналтын камерын бичлэгт мушгиж гэмтэл учруулсан нь харагддагүй. Шүүгчийн 2603 тоот захирамж бүрэн биелэгдээгүй шүүхэд шилжин ирсэн талаар маргасан боловч шүүх манай үйлчлүүлэгчийг гэмт буруутайд тооцсон нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх хуулийн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг бүхэлд нь хянан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдийг тус тус баримтлан Т.Б-ын үйлдлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Э.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Т.Б-т холбогдох хэргийг анхан шатны шүүх 2022 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хянан хэлэлцэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Шүүгдэгч хохирол төлбөрийг шүүх хуралдааныг завсарлуулан төлж барагдуулсан. Түүнд оногдуулсан ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан өршөөн хэлтрүүлсэн. Шүүгдэгч Т.Б- нь хохирогч Э.У-ын зүүн гар луу халдсан болох нь хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэгээр тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх нь Т.Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн гэм буруутайд тооцсон дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б-ын гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хөдөлбөргүй нотолж чадаагүй байна.

Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт хохирол учруулсан этгээдийн гэм буруутай үйлдэл нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар эргэлзээгүй, хөдөлбөргүй байдлаар нотлогдсон байх ёстой бөгөөд шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож хууль зүйн үнэлэлт, дүгнэлтийг хийдэг.

Хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болох:

 “...цайвар срочиктой эрэгтэй гараас нь бариад салгаж байх ба хар өнгийн өмдтэй, саарал подволк, цагаан пүүзтэй, зүүн талын гарандаа хар цагтай эрэгтэй өөрийн зүүн гараа хараад уг гараас нь барьж салгасан залууг цохиж унагаж байх тул. ...” гэх камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 16-17/,

хохирогч Э.У-ын “...Би эхлээд тэр дугуй царайтай Барсаа гэх залуутай маргалдаж зодолдсон. Тэгсэн тэр залуугийн найз туранхай шар царайтай залуу миний гарыг гэмтээсэн. Өөр хүмүүс оролцоогүй. ...” /хх 7-8/,

гэрч Б.И-ийн “... Би тухайн өдөр өөрийн ажил болох Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Симпел-100 ресторанд сууж байхад 22 цаг 30 минутын орчимд 8-1 дүгээр ширээн дээр зодоон болоод байна гэсэн. Тэгээд хамгаалагч Тэнгисийн хамт очиход 8-1, 7-1 дүгээр ширээний хүмүүс хоорондоо маргалдаад байж байсан. Тэгээд очоод салгахад гараа хуглуулсан гэх залуу нилээн согтуу хажуу талын хүмүүс рүү дайраад байсан. Бүгдийг нь салгаад 7-1 дүгээр ширээний хүмүүсийг холдуулах гэж 1 дүгээр эгнээний ширээ рүү шилжүүлсэн ба салгасан өндөр махлаг залууг нь тамхины өрөө рүү дагуулаад орсон. Тэгэхэд тэр өндөр залуу нь би сая тэр залууг цохиод ороод ирэхэд нь гарыг нь дараад өөрөөсөө холдуулсан гэж байсан. Тэгээд ширээг шилжүүлээд холдуулчихаад байхад 8-1 дүгээр ширээний хүмүүс гарсан боловч гадаа үүдэнд 7-1 дүгээр ширээний хүмүүстэй уулзана гээд хүлээгээд байсан ба өндөр махлаг залуу нь гараад уулзсаны дараа тэдгээр хүмүүс хоорондоо ярьж байгаад бие биедээ гомдолгүй гээд салаад явсан. ...Намайг очих үед гар хугалсан талаар зүйл яриагүй. ...” /хх 63/,

гэрч Б.Н-ийн “... Би 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Симпел 100 пабад 19 цагийн орчим 10 жилийн ангийн хүүхдүүдтэйгээ уулзаад байж байхад гаднаас ангийн хүүхэд У нь 4 хүнтэй пижигнээд ороод ирсэн. Тэгээд манай ширээний ойролцоо ирсэн ба бид нар У-ыг салгасан. Э.У- “миний гар өвдөөд байна, хуруу хугарчихлаа, би зураг зурдаг хүн” гээд орилоод байсан. ...” /хх 70/,

гэрч А.М-ын “...Э.У- намайг өмөөрч тэр залуутай маргалдаж эхэлсэн ба Э.У- нь тэр залууг цохиод цаашаа ноцолдоод явсан. ...Э.У- надад хэлэхдээ миний гар жаахан эвгүй болсон байна. Чи түрүүлээд явж бай гээд таксинд суулгаад явуулсан. ...” /хх 71-72/,

гэрч О.Т-ийн “...Би шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “...хохирогчтой маргалдаж байсан өндөр биетэй залуу хугалчих шиг боллоо. ...” гэж мэдүүлсэн бөгөөд уг үйл явдлыг өөрийн нүдээр хараагүй. Сүүлд И ах надад хэлэхдээ “нөгөө залуу чинь гадаа байна. Гараа эвгүй болгочихжээ” гэж байсан ба хоорондоо маргалдаж байсан залуу л хугалчихсан юм шиг байна гэж хэлж байсан. ...” /хх 172/,

гэрч С.Б-ын “...Намайг гарч ирэхэд тэр залуу хүлээгээд зогсож байсан ба чамтай ярих юм байхгүй ээ миний хуруу хугарсан байна гээд надад харуулаад байсан. Тэгээд тэр шар залуугаа буюу Б-ыг дуудчих гэсэн. Би буцаж пабын 00 өрөө рүү ороход Батбаатар байсан ба би “чамайг цохиж унагаадаг залуу дуудаж байна” гэсэн. Тэгсэн Батбаатар “өө тийм үү” гэсэн ба би буцаж гараад байж байхад тэр залуугийн дүү, ах нь гээд хэд хэдэн хүмүүс ирчихсэн хэсэг юм ярьж байгаад би харихаар явсан. Яг ямар учраас Б-тай уулзах гэж байсныг мэдэхгүй байна. Надад учраа хэлээгүй. ...” /хх 174/ зэрэг мэдүүлгүүд зэргээс дүгнэхэд Т.Б- нь 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Симпел” нэртэй үйлчилгээний газарт үйлчлүүлж байхдаа Э.У-ыгхажуугаар зөрөхдөө мөрлөсөн гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнтэй зодолдож байхдаа гарыг нь барьж хурууг нь мушгиж, зүүн сарвууны 3 дугаар хурууны хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн объектив тал нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан санаатай үйлдэл, эс үйлдэхүй байх бөгөөд үйлдэл, хохирол, хор уршигийн хооронд заавал шалтгаант холбоо байх ёстой.

Камерын бичлэгээс /хх 16-17/ харахад Т.Б- нь Э.У-ыг зодож, цохьсон асуудал байхгүй байх бөгөөд харин Э.У- нь Т.Б-ыг цохиж унагаж байгаа, мөн гэрчүүдийг цохьж байгаа нөхцөл байдал бичигджээ.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт гэмт этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэх, түүний үйлдлийн улмаас ямар үр дагавар үүссэн нөхцөлийг зайлшгүй шаарддаг.

Хавтас хэрэгт авагдсан гэрч Б.И, Б.Н, А.М, О.Т, С.Б нарын болон шүүгдэгч Т.Б-ын мэдүүлэг, камерын бичлэг зэргээр хохирогч Э.У-ын “...туранхай шар царайтай залуу миний гарыг гэмтээсэн. ...” гэх мэдүүлэг няцаан үгүйсгэгдэж байх тул хохирогчийн мэдүүлгийг үнэлэх боломжгүй байна.

Хүн ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүйг ухамсар, хүсэл зоригийнхоо дагуу гүйцэтгэдгээс гадна бүхий л юмс үзэгдэл, үйл явц тодорхой шалтгааны үр дүнд бий болдог. Дээрх ойлголтууд нь гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох болон гэмт хэргийн шалтгаант холбоог тодорхойлох, түүнчлэн Эрүүгийн хуулийн тодорхой хэм хэмжээг зөв хэрэглэхэд чухал ач холбогдолтой. 

Иймд  дээрх үндэслэлээр шүүгдэгч Т.Б-ын өмгөөлөгч Х.Баатарбилэгийн гаргасан шүүгдэгчийг цагаатгах агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 2022/ШЦТ/932 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Т.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Т.Б-ыг цагаатгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ зүйлийн 1.1-д заасны дагуу шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаана. ...” гэж хуульчилсан байх бөгөөд энэ нь тухайн гэмт хэргийг хэн үйлдсэн, үйлдэл холбогдлыг дахин ажиллагаа хийн нотлох зэрэг чухал ач холбогдолтой гэж үзсэн хууль тогтоогчийн санаа юм.

Гэвч энэ хэргийн тухайд буюу хавтас хэрэгт авагдсан камерын бичлэгээс харахад Э.У-ын биед Т.Б-, эсхүл өөр хэн нэгэн гэмтэл учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул уг хэргийг хэрэгт бүртгэлтэд буцаан дахин шалгах шаардлагагүй гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 2022/ШЦТ/932 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Т.Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.МӨНХӨӨ

 

                                  ШҮҮГЧ                                                              Л.ДАРЬСҮРЭН

                                  ШҮҮГЧ                                                              Н.БАТСАЙХАН