Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2024/0311/З |
Дугаар | 128/ШШ2024/0504 |
Огноо | 2024-06-11 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 128/ШШ2024/0504
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т.Э*******
Хариуцагч: Татварын Ерөнхий газарт холбогдуулан гаргасан ...и-баримтын тохирлоос зохих мөнгөн дүнг удаа дараа хожсон боловч миний хонжвор бүхий сугалааг цуцалсан нь үндэслэлгүй тул хүчингүй болгож 901,800 төгрөгийн урамшууллыг олгож өгнө үү гэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж*******, Ч.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунбилэг нар оролцов. оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.Э******* нь Татварын Ерөнхий газарт холбогдуулан ...и-баримтын тохирлоос зохих мөнгөн дүнг удаа дараа хожсон боловч миний хонжвор бүхий сугалааг цуцалсан нь үндэслэлгүй тул хүчингүй болгож 901,800 төгрөгийн урамшууллыг олгож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Татварын Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хариу хүргүүлэх тухай 07/2224 тоот албан бичгээр ...холбогдох зохицуулалтын дагуу таны цахим төлбөрийн баримтын системийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн сугалааны тохирлоор хонжвор таарсан 6 сугалааны 403 200 төгрөгийн урамшуулал өгөх боломжгүй талаар 2023 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 02/2621 тоот албан бичгээр Иргэн Т.Э*******д дээрх албан бичгийг хүргүүлсэн тул дахин хянаж хариу өгөх боломжгүй болохыг мэдэгдсэн
3. С******* ХХК-ны 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 24/7026 тоот албан бичгээр 90******* дугаарын хэрэглэгч Т.Э*******тай байгуулсан үйлчилгээний гэрээ болон 07, 08, 10 дугаар саруудад хэрэглээний төлбөрийн нэхэмжлэх, мөн дээрх саруудын төлбөр төлөлтийн дэлгэрэнгүй мэдээлэл хүргүүлсэн байна.
4. Нэхэмжлэгч Т.Э******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ...2023 оны 8 сарын 23 өдрийн тохирлоор 403200 төгрөг хожсон бөгөөд тус газар сугалааг хүчингүй болгож олгох боломжгүй гэсэн. Дараа 9 сарын 20 өдөр болон 11 сарын 22-ны өдөр хожсон тохирлын сугалааг мөн цуцалж хүчингүй болгосон бөгөөд нийт 12 баримт цуцалсан. Уг цуцалсан гэж ирүүлсэн тайлбар нь бодит байдалтай зохицохгүй байна гэж үзэж байгаа бөгөөд миний бие өөрийн хэрэглэдэг 90******* дугаарын төлбөрийг хэд хувааж, яаж төлөх нь миний боломж тул төлбөр төлсөн тохиолдолд и-баримтын сугалааны тохирлоо авч улмаар сугалаанд оролцсон нь хууль журам зөрчсөн зүйлгүй гэж үзэж тус тайлбарыг хүчингүй болгох хүсэлт гаргаж байна. гэжээ.
5. Нэхэмжлэгч Т.Э******* шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбартаа: ...Эрсдэлийн шалгуурт нийцээгүй гэдгийг яаж батлах вэ. И-баримтын систем үүсээд нэлээдгүй олон жил болж байна. Татварын ерөнхий газар өдийг хүртэл системийг ажиллуулж, хөгжүүлж байсан хэр нь намайг 1 төгрөгөөр төлбөр төлөөд баримт авсаар байхад анхнаас нь илрүүлээд хэлэх ёстой байсан. Аж ахуйн нэгжид энэ талаар мөн сануулж хэлэх ёстой байсан. Тухайн төлбөрийн хэдэн төгрөгөөр, хэдэн удаа яаж төлөхийг заагаагүй, төлбөрөө төлж барагдуулсан байх ёстой гэсэн байтал 1 төгрөгөөр төлж болохгүй гэж байна. 1 төгрөгийн бараа, ажил үйлчилгээ хаана ч байхгүй. Хэрвээ ийм байдлаар төлж болохгүй байсан юм бол олон нийтэд энэ талаар мэдээлэл хүргэх ёстой шүү дээ. Яагаад хонжворыг үгүйсгэж байгааг ойлгохгүй байна. Би хуульд харшлах зүйл хийгээгүй. гэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж*******, Ч.О******* нараас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт Албан татвар төлөгчид дараах хэлбэрээр урамшуулал олгож болно: 15.2.2. сугалааны тохирлоор гэж заасан. Хуулиар тусгайлан эрх олгосны дагуу Сангийн сайд 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/185 дугаар тушаалын хавсралтаар "Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ыг батлан нийтээр дагаж мөрдөж байна. Журмын 7.1.3-т заасан албан татвар төлөгчийн худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ нь хуулийн шаардлага хангасан эсэхэд хяналт тавих татварын албаны чиг үүргийн хүрээнд иргэн Т.Э*******ын дараах баримтууд нь хуульд нийцээгүй эрсдэлтэйд тооцогдож, сугалааны урамшуулал олгогдоогүй болно.
Д/д | Баримтын тоо | Мөнгөн дүн | Хонжворын тоо | Хонжворын дүн | Сугалааны тохирлын огноо | Гүйлгээний төрөл |
1 | 5069 | 5069 | 6 | 403,200.0 | 2023.08.23 | Төлбөр төлөлт /С******* ХХК/ |
2 | 5646 | 8645 | 5 | 387,600.0 | 2023.09.20 | |
3 | 408 | 408 | 1 | 111,000.0 | 2023.11.22 | |
Нийт | 11,123 | 14,122 | 12 | 901,800.0 |
|
Тодруулбал, Т.Э******* нь 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр үүрэн холбооны С******* ХХК-ийн дараа төлбөрт үйлчилгээний 90******* дугаарын хэрэглэгч болсон бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээгээр хэрэглэгч нь үйлчилгээний төлбөрөө дараа сарын 20-ны дотор төлөх үүргийг хүлээдэг байна. Т.Э******* нь Нірау, Хас банк, Голомт банкны сувгаар дамжуулан 2023.07.24- 2023.07.31-ний өдрийн хооронд 1 төгрөгийн дүнтэй, 5069 удаагийн давтамжтай гүйлгээг автомат төлбөр төлөлтийн данс руу хийж, үйлчилгээ үзүүлсэн С******* ХХК-иас хэрэглэгчийн бүртгэлтэй цахим шуудангийн хаяг /хялбар бүртгэл/ руу автоматаар сугалааны дугаар бүхий төлбөрийн баримтууд илгээгдэж, сугалааны тохирлоор 6 ширхэг төлбөрийн баримтаар нийт 403,200.0 төгрөгийн урамшууллын азтан болсон байдаг.
Д/д | Гүйлгээний суваг | Гүйлгээний төрөл | 2023 оны 07 дугаар сарын 24-31-ний өдрийн хооронд бүртгэгдсэн баримтын тоо | Нийт | |||||||||||||||
24 | 25 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |||||||||||||
1 | golomt | Голомт банк accountpayment | Төлбөр төлөлт | 5 | 4 | 188 | 478 | 552 | 158 | 395 | 1780 | ||||||||
2 | hipay | HiPay | Төлбөр төлөлт |
|
|
|
| 221 | 1597 | 1272 | 3090 | ||||||||
3 | хас | Хас банк accountpaymen | Төлбөр төлөлт |
|
|
| 199 |
|
|
| 199 | ||||||||
Нийт бүртгэгдсэн баримтын тоо: 5069 Мөнгөн дүн: 5069 Хонжворын тоо: 6 Хонжворын дүн: 403,200.0 төгрөг | 5 | 4 | 188 | 677 | 773 | 1755 | 1667 | 5069 | |||||||||||
Дээрх байдлаар 2023 оны 08 дугаар сар, 10 дугаар сарын дараа төлбөрт дугаарын хэрэглээний төлбөрийг төлсөн байдаг.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 17 дугаар зүйлийн 17.3 2-т заасны дагуу НӨАТ суутган төлөгч нь бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан, экспортод гаргасан, түүнчлэн борлуулсан бол тухай бүрд албан татвар ногдуулж, төлбөрийн баримтыг олгох үүрэгтэй.
Мөн Сангийн сайдын 2022 оны А/185 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 4.3.1-д "... үйлчилгээ үзүүлсэн тухай бүр төлбөрийн баримт үйлдэж, төлбөрийн баримтын мэдээллийн системд бүртгэж өөрийн үзүүлсэн үйлчилгээнд ногдох төлбөрийн баримт үйлдэж, төлбөрийн баримтын мэдээллийг хэрэглэгчийн системд бүртгэж нэгдсэн системээс олгогдсон төлбөрийн баримтыг сугалаанд оролцогчид олгох" үүрэгтэй байна. Өөрөөр хэлбэл суутган төлөгч болох С******* ХХК нь хэрэглэгч Т.Э*******д 2023 оны 07, 08, 10 дугаар саруудад тус тус үзүүлсэн үйлчилгээнд харгалзах төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, татвар төлөгч Т.Э******* тухайн үйлчилгээнд төлсөн үнийн дүн бүхий баримтыг бүртгэж, түүгээр сугалаанд оролцох эрхтэй. Гэтэл тодорхой тариф, үнийн дүн (үнэлгээ) бүхий НӨАТ ногдох үйлчилгээний төлбөрийг албан татвар төлөгч Т.Э******* нь 1 төгрөгөөр олон удаагийн давтамжтай хуваан төлж, олон удаагийн үйлчилгээг суутган төлөгчөөс авсан мэтээр баримтыг бүртгэлийн системд илгээсэн нь хуульд нийцэхгүй байна.
Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд тодорхой байх, шударга байх зарчмыг баримталдаг. Сугалааны тохирлоор татвар төлөгчдөд урамшуулал олгож буй явдал нь төлбөрийн баримт олголтыг нэмэгдүүлж, татварын суурийг өсгөх нийтийн эрх зүйн хүрээний үйл ажиллагаа юм. Хэрэв сугалааны тохирол таарах магадлалыг нэмэгдүүлэх зорилгоор үйлчилгээний төлбөрийг олон хуваан шилжүүлж, олон тооны төлбөрийн баримтаар сугалаанд оролцож урамшуулал авсан тохиолдолд сугалаанд шударгаар оролцсон бусад татвар төлөгчдийн эрх ашиг, хууль ёсны итгэл зөрчигдөх нөхцөл бий болно. Мөн сугалааны урамшуулал болон сугалаа явуулах үйл ажиллагааны зардал нь улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хууль болон журмын дагуу шударгаар зарцуулагдах ёстой. Дээрх хууль зүйн үндэслэл, зохицуулалтын дагуу цахим төлбөрийн баримтын системийн 2023 оны 08, 09, 11 дүгээр саруудад зохион байгуулсан сугалааны тохирлоор хонжвор таарсан 12 сугалаанд хамаарах 901,800.0 төгрөгийн урамшууллыг олгох үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: 2023 оны 08, 09, 11 дүгээр саруудад зохион байгуулсан сугалааны тохирол явуулах үйл ажиллагаанаас хонжвор таарсан нийт 12 сугалаанд хамаарах 901,800 төгрөгийн урамшууллыг олгох үндэслэлгүй гэж үзэж, Татварын ерөнхий газраас тус урамшууллыг цуцалсан.
Учир нь Нэмэгдсэн өртгийн Албан татварын тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 15.2.2 дахь хэсэгт сугалааны тохирлоор албан татвар төлсөн иргэнд урамшуулал олгохоор заасан. Урамшуулал олгох болсон гол шалтгаан нь далд эдийн засгийг илрүүлж, татварын бааз суурийг нэмэгдүүлэх, төсвийн орлогыг бүрдүүлэх, борлуулагчдын орлогыг тодорхойлох зорилготой юм. Сангийн сайдын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/185 дугаар журмаар сугалааны тохирлоор урамшуулал явуулах түүнийг олгох үйл ажиллагаа батлагдсан. Тус журмын 7.1.3 дахь хэсэгт зааснаар Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага буюу Татварын ерөнхий газар нь албан татвар төлөгчийн худалдан авсан бараа, ажил үйлчилгээ хуулийн нөхцөл шаардлага хангасан эсэхэд батлагдсан шалгуурын дагуу эрсдэл тооцож, хяналт тавих эрхийг олгосон.
Үүний дагуу Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын нэгж цахим төлбөрийн системд бүртгэгдсэн төлбөрийн баримтууд эрсдэлийн шалгуур үзүүлэлт хангасан эсэх болон хуульд нийцсэн эсэхийг шалгадаг. Уг чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа нэхэмжлэгч Т.Э*******ын хонжворт таарсан баримтууд хууль болон эрсдэлийн нөхцөл шаардлагыг хангахгүй гэж үзэн цуцалсан. Нэмэгдсэн өртгийн Албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйл, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д зааснаар борлуулагч нь бараа, ажил үйлчилгээг борлуулсан тухай бүрд дахин давтагдашгүй дугаар бүхий сугалааны төлбөрийн баримт олгох зохицуулалтыг заасан байдаг.
Гэтэл нэхэмжлэгч С******* ХХК-тай байгуулсан гэрээний дагуу тухайн сарын утасны төлбөрөө дараа сарын 05-10-ны өдрүүдэд төлөх үүрэг хүлээсэн байсан. Өөрөөр хэлбэл тухайн сард хэрэглэсэн төлбөрийн нэхэмжлэлийн баримтыг нэг удаа авч төлөх ёстой буюу нэг удаагийн төлөлтөөр төлбөрийн баримт авч түүгээрээ сугалаанд оролцох ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч 1, 10, 100 төгрөгүүдээр олон тасалж, төлбөрийн баримтыг авсан байсан бөгөөд С******* ХХК-д 1 төгрөгийн бараа, ажил үйлчилгээ байхгүй. Тиймээс нэхэмжлэгч сугалааны магадлалыг өсгөж, төсвөөс авах урамшууллыг зориудаар өсгөсөн. Өөрөөр хэлбэл 1 секундэд 4 удаа 1 төгрөгөөр шилжүүлэх байдлаар төлбөрийн баримтыг бүртгүүлсэн байна. Нийт 11,000 удаагийн давтамжтайгаар төлбөрийн баримтын сугалаанд оролцох магадлалыг өсгөж 901,800 төгрөг хожсон. Сугалааны тохирлын урамшууллын зардал улсын төсвийн орлогын бүрэлдэхүүн хэсэг байдаг. С******* ХХК өөрсдийн бараа, ажил үйлчилгээнд тохирсон төлбөрийн баримтыг олгосон, нэхэмжлэгч мөн 1 төгрөгийн бараа, ажил үйлчилгээ аваагүй байж төлбөрийн баримт авсан нь улсын төсвийг зориудаар буруу бүрдүүлж байна гэж үзэж нэхэмжлэгчийн хонжворыг үндэслэлгүй гэж үзэж цуцалсан.
...Нэхэмжлэгч өөрийн санхүүдээ тааруулж төлбөрөө хэд хувааж төлөх нь иргэний гэрээний эрх зүйтэй хамааралтай асуудал. Татварын харилцааг Татварын ерөнхий хуулиар зохицуулдаг. С******* ХХК нь нэхэмжлэгчид 2023 оны 07, 08, 09 дүгээр саруудад үйлчилгээ үзүүлсэн. Өөрөөр хэлбэл сарын хугацаатай үйлчилгээ үзүүлж байгаа. Борлуулсан бараа, ажил үйлчилгээнд тохироогүй төлбөрийн баримтыг илгээх үүрэгтэй. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Т.Э******* нь Татварын Ерөнхий газарт холбогдуулан ...и-баримтын тохирлоос зохих мөнгөн дүнг удаа дараа хожсон боловч миний хонжвор бүхий сугалааг цуцалсан нь үндэслэлгүй тул хүчингүй болгож 901,800 төгрөгийн урамшууллыг олгож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч ...сугалааны тохирлыг олгох хууль зүйн боломжгүй гэж тайлбарлан маргав.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Татварын ерөнхий газраас 2023 оны 08, 09, 11 дүгээр саруудад зохион байгуулсан Нэмэгдсэн өртгийн албан татварын и-баримтын сугалааны тохиролд нэхэмжлэгч Т.Э*******ын бүртгүүлсэн нийт 12 сугалаанд 901 800 төгрөгийн урамшуулал авах хонжвор таарсан боловч уг хонжворуудыг хариуцагч захиргааны байгууллага үндэслэлгүй гэж үзэж цуцалсан, энэ талаар нэхэмжлэгч Т.Э******* тухайн тохиолдлыг тайлбарлахыг шаардан гомдол гаргаснаар хариуцагч Татварын ерөнхий газраас 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 07/2224, 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02/2621 дүгээр албан бичгүүдээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар "бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан, экспортод гаргасан, түүнчлэн борлуулсан бол тухай бүрд" ногдуулж, борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг олгохоор,..."Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 4.3.1-д зааснаар...суутган төлөгч үзүүлсэн үйлчилгээнд харгалзах төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, татвар төлөгч тухайн үйлчилгээнд төлсөн үнийн дүн бүхий баримтыг бүртгэж, түүгээр сугалаанд оролцох эрхтэй,...атал албан татвар төлөгчөөс үйлчилгээний төлбөрийг олон хувааж төлснөөр олон удаагийн үйлчилгээг суутган төлөгчөөс авсан мэтээр баримтыг бүртгэлийн системд илгээсэн нь хуульд нийцэхгүй гэх үндэслэлүүдээр гомдлыг хүлээж авахаас татгалзсан үйл баримтууд тогтоогдов.
Тодруулбал, нэхэмжлэгч Т.Э******* нь С******* ХХК-тай байгуулсан гэрээний дагуу утасны төлбөрөө дараа сарын 05-10-ны өдрүүдэд төлөх үүргийн дагуу тухайн сарын төлбөрөө 1, 10, 100 төгрөгүүдээр олон тасалж буюу 1 секундэд 4 удаа 1 төгрөгөөр шилжүүлэх байдлаар нийт 11 000 удаагийн давтамжтайгаар сугалаанд оролцох төлбөрийн баримтыг авч оролцсоноор 901 800 төгрөг хожсон болох нь тогтоогдсон.
Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй гэж,
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:, 4.1.14."төлбөрийн баримт" гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг; гэж, 8 дугаар зүйлийн 8.1-д Албан татварыг доор дурдсан журмаар ногдуулна:, 8.1.1-д бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан, экспортод гаргасан, түүнчлэн борлуулсан бол тухай бүрд гэж, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т Албан татвар төлөгчид дараах хэлбэрээр урамшуулал олгож болно:, 15.2.2-т сугалааны тохирлоор., 15.3-д Албан татвар төлөгчид буцаан олголтыг дараах нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд олгоно:, 17 дугаар зүйлийн 17.3-д Албан татвар суутган төлөгч доор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ, 17.3.2-т бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно гэж,
Түүнчлэн Сангийн сайдын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/185 дугаар тушаалаар Сугалааны тохирлоор урамшуулал явуулах, түүнийг олгох үйл ажиллагааны журам батлагдсан ба уг журмын 4.1-д Сугалаанд оролцогч нь дараах нөхцөлийг хангасан байна, 4.1.1-д хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д заасан нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсэг (цаашид "хэрэглэгчийн хэсэг" гэх)-т өөрийн овог, нэр, регистрийн дугаар, цахим шуудангийн хаяг, холбоо барих утасны дугаар болон Монгол Улсад бүртгэлтэй банкны нэр, дансны дугаарыг кирилл үсгээр бүртгүүлж баталгаажуулсан байх;, 4.1.2-т борлуулагчаас худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ нь хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 15 дугаар зүйлийн 15.3 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байх;, 4.1.3-д энэхүү журмын 4.1.2-т заасан худалдан авалтыг нотлох нэгдсэн системээс үүсгэсэн төлбөрийн баримт (цаашид "төлбөрийн баримт" гэх)-ыг авсан байх; 7.1-д Азтан нь сугалааны тохирлоор хожсон урамшууллаа энэ журмын 3.12-т заасан хугацаанд багтаан нэгдсэн системд дараах байдлаар хүсэлт гаргаж, баталгаажуулна:, 7.1.3-д татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага албан татвар төлөгчийн худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ нь хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасан нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг батлагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу эрсдэл тооцож, хяналт тавьж ажиллана. гэж тус тус заасан.
Дээр дурдсан хууль болон журмын заалтуудаас үзвэл Татварын ерөнхий газар нь албан татвар төлөгчийн худалдан авсан бараа, ажил үйлчилгээ хуулийн нөхцөл шаардлага хангасан эсэх, Сугалааны тохирлоор урамшуулал явуулах, түүнийг олгох үйл ажиллагааны журам-д нийцсэн эсэх зэрэгт эрсдэлийн хяналт тавьж ажилласнаар нэхэмжлэгчийн сугалаанд оролцсон үйл ажиллагааг эрсдэлтэй гэж тогтоон улмаар хонжворыг цуцалж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж шүүх дүгнэв.
Тухайлбал, нэхэмжлэгч Т.Э******* нь С******* ХХК-тай байгуулсан гэрээний дагуу утасны төлбөрөө 1, 10, 100 төгрөгүүдээр олон тасалж буюу нийт 11 000 удаагийн давтамжтайгаар сугалаанд оролцох төлбөрийн баримтыг авч оролцсоноор 901 800 төгрөг хожсон, үүнийг нэхэмжлэгч хориглосон зохицуулалт байхгүй гэх үндэслэлээр маргасан ба татварын хууль тогтоомж болон журмаар үүнийг тухайлан хориглоогүй хэдий ч энэ нь нийтийн эрх зүйд зөвшөөрснөөс бусдыг хориглох эрх зүйн үндсэн суурь зарчимд нийцэхгүй.
Түүнчлэн аливаа сугалаа нь тухайн сугалаанд оролцогчдын хувьд шударга байх, тэгш хандах зарчмын хүрээнд явагдах учиртай, нэхэмжлэгчийн дээрхи үйлдэл нь сугалаанд оролцогч бусад этгээдийн хувьд тэгш бус байдлыг үүсгэсэн, энэ нь төрийн үйл ажиллагаа шударга ёс-ны зарчимд нийцсэн байх шаардлагыг зөрчсөн гэж үзэхээр байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана. гэж зааснаар шүүх захиргааны байгууллага сонгох боломжоо хэрхэн хэрэгжүүлснийг хянах бөгөөд тухайн тохиолдолд хариуцагч захиргааны үйл ажиллагаа нь түүний хуулиар тогтоосон сонгох боломжийн хүрээ хязгаарт нийцсэн, үндэслэл бүхий үйлдэл гэж шүүх үзэв.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Т.Э*******аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 15 дугаар зүйлийн 15.2.2, 17 дугаар зүйлийн 17.3.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Э*******аас Татварын Ерөнхий газарт холбогдуулан гаргасан ...и-баримтын тохирлоос зохих мөнгөн дүнг удаа дараа хожсон боловч миний хонжвор бүхий сугалааг цуцалсан нь үндэслэлгүй тул хүчингүй болгож 901,800 төгрөгийн урамшууллыг олгож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Э*******ыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН