Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 152/ШШ2024/00476

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

   зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

            Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 7/1, 00 тоотод байрлах, хувийн хэргийн ........... дугаартай, регистрийн .... дугаартай, Төрийн банк ХК-ийн,

Хариуцагч: Увс аймаг, Улаангом сум, .. дугаар баг, ... тоотод оршин суух, регистрийн дугаар ....., О ургийн овогт Ш-ын Э,

Хариуцагч: Увс аймаг, Улаангом сум, ... дугаар баг, ... тоотод оршин суух, регистрийн дугаар ........, Т ургийн овогт Г-ын Э нарт холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 5,108,787.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Төрийн банкны Увс салбарын харилцааны менежер Г.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ш.Э, хамтран зээлдэгч Г.Э нар 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Төрийн банкнаас МШЮ034162001874678 тоот зээлийн гэрээний дагуу 5,000,000 төгрөгийн кредит картын зээлийг жилийн 28.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч Ш.Э, хамтран зээлдэгч Г.Э нар зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй болно. Зээлдэгч Ш.Э, Г.Э нар зээлийн гэрээний дагуу зээл болон хүүгийн төлбөрийг цаг хугацаанд нь төлөх үүргээ зөрчиж 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар 243 хоног хугацаа хэтэрсэн байна. Зээлдэгч Ш.Э, Г.Э нартай байгуулсан зээлийн гэрээний 6 дугаар заалтыг үндэслэн 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэл 4,652,484.55 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 402,923.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53,379.41 төгрөг, нийт 5,108,787.3 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд Ш.Э, Г.Э нараас зээл, зээлийн хүүгийн төлбөр 5,108,787 төгрөг, нотариатын зардал 19,500 төгрөг, нийт 5,128,287.3 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Ш.Э, Г.Э нар шүүхэд гаргасан тайлбартаа: Увс аймгийн Улаангом сумын Төрийн банкнаас кредит картны 5,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн болно. Одоо зээлээ төлж чадахгүй хугацаа хэтрүүлсэн. Төрийн банк ХК-ийн нэхэмжилсэн 5,128,278.3 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ш.Э, Г.Э нар нэхэмжлэлийн үнийн дүн болох 5,128,278.3 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хариу тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хүлээн зөвшөөрч байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж  өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банк ХК нь хариуцагч Ш.Э, Г.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5,128,278.3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5,128,278.3 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаа хариуцагч Ш.Э, Г.Э нар илэрхийлсэн ба тухайн хугацааг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагч Ш.Э, Г.Э нар нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Хариуцагч Ш.Э, Г.Э нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97,002.59 төгрөгийн тал хувь болох 48,501.295 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 48,501.295 төгрөг, хариуцагч Ш.Э, Г.Э нараас 48,501.295 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5,128,278.3 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хариуцагч Ш.Э, Г.Э нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 48,501.295 төгрөг, хариуцагч Ш.Э, Г.Э нараас 48,501.295 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банк ХК-д олгож, 48,501.295 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. 

 

 

 

ШҮҮГЧ                              Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ