| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 240/2017/0002/э/ |
| Дугаар | 02 |
| Огноо | 2018-12-26 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Г.Батбилгүүн,
Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,
Шүүгдэгч: Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Э холбогдох 1728000000105 тоот эрүүгийн нэг хавтас хэргийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Тодорхойлох нь:
Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Номгон сумын Хайрханы 1-2 тоот хашаанаас Ч.Б эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн супер чансаа маркийн мотоциклийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 14 цагийн үед хөдөө гэрээсээ өөрийн эзэмшлийн ява маркийн мотоциклоор явж Номгон сумын төвд ирсэн. Гадуур ажилтай явж байгаад орой 20 цаг гээд сумын баруун гэр хорооллын Хайрханы 1-2 тоот задгай хашаанд байдаг гэртээ ирсэн. Мотоциклоо гэрийнхээ зүүн талд данхраадаж тавиад хоносон. Өглөө босоод гэрээс гартал миний мотоцикль байхгүй байхаар нь сумын цагдаад энэ тухайгаа хэлж мотоциклоо бүртгүүлсэн. 2017 оны 11 дүгээр сарын 10-ны үед сумын төвд ирээд ажилтай явж байтал төвд байдаг дэлгүүрийн гадаа миний алдагдсан ява маркийн мотоцикльтой адилхан мотоцикль мөн байхаар нь Б.Э “Энэ миний мотоцикль байна” гэж хэлсэн чинь миний мотоцикль мөн” гээд цаашаа явчихсан. Миний хулгайд алдагдсан мотоцикль улаан өнгийн Чансаа маркийн улсын дугааргүй шинэ мотоцикль байсан. Би 2016 оны 01 дүгээр сард Бат-Эрдэнэ гэдэг хүнээс худалдаж авсан юм. Би гаалийн бичгийг алга болгочихсон, улсын дугаар аваагүй мотоцикль байсан. Тухайн үед мотоциклийн түлхүүрээ авахаа мартсан байсан. Түлхүүр нь зоолттой байсан. Эрдэнэсайхан надаас мотоцикль авах зөвшөөрөл аваагүй. Мотоциклийг хулгайлж аваад явсан байсан. Манайх хойгуураа хашаатай өмнө талдаа хашаагүй задгай байсан. Миний алдагдсан мотоцикль бүрэн бүтэн байсан, ямар нэгэн эвдэрсэн зүйл байгаагүй. Надад гомдол санал байхгүй, 1.700.000 төгрөгийг өгсөн тул нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-15-р хуудас/,
Гэрч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2017 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн Супер Чансаа нэртэй мотоциклийг Хайрханы 2-1 тоот задгай хашаанд тавьж хонуулаад өглөө гарч ирэхэд байхгүй байсан. Би хэн нэгнийг тоглоод авсан юм болов уу гэж бодоод, хөдөө мал эзгүй болохоор малаа харж байгаад хэсгийн төлөөлөгчтэй холбогдож ярьсан чинь хотод сургалттай байна. Сум орохоороо холбогдоё гэж хэлсэн. 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр намайг суманд дуудаж уулзсан. Би мотоциклоо 2017 оны 08 дугаар сард Саран гэдэг хүнээс худалдаж авсан. 6000 км явсан байсан. Би тухайн үед 1.400.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Алдагдсан мотоциклоо танина, хянах самбар нь орой дээрээ хагархайтай, банкны буруу талдаа цөмөрсөн, банкны орой дээр 2 газар зурагдсан байгаа, гишгүүр нь халцархай...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,
Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2017 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө ах Баасанхүүгийнд очоод хөзөр тоглож байгаад 00 цаг өнгөрч байхад Баасанхүү ахынхаас гараад гэр лүү алхаж байхад Хайрханы 2-1 тоот задгай хашааны зүүн урд буланд мотоцикль байсан. Улбар шар өнгийн Супер Чансаа гэсэн нэртэй мотоцикль байсныг аваад гэртээ ирээд хувцасаа өмсөөд хөдөө байдаг гэр рүүгээ явсан. Би Баасанхүүгийнд ганцаараа очсон, тэнд Баасанхүү ах, эхнэр Туул бид гурав хөзөр тоглосон. Баасанхүү нь манай ээж Цэцэгмаагийн төрсөн эгч Больмаагийн хүүхэд, төрсөн эгч дүүсийн хүүхдүүд юм. Тухайн мотоцикль хэнийх байсныг мэдээгүй. 2017 оны 10 дугаар сарын 07-оос 08-ыг шилжих шөнө хөдөө байдаг гэр рүүгээ ганцаараа явсан. Би хөдөө мал дээрээ ганцаараа байдаг. Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, манай эхнэр Уранзаяа нь 2017 оны 09 дүгээр сараас л хүүхэд сургуульд сураад сумын төв рүү орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,
Гэрч З.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр манай нөхөр ...18-19 цагийн үед ирсэн. 20 цаг өнгөрч байхад ах Баасанхүүгийнд очиж тоглож байгаад ирье гээд гарч яваад 00 цаг өнгөрч байхад хөдөө байдаг гэр рүүгээ мал бэлчиж магадгүй гээд явсан. Манай нөхөр хөдөөнөөс ирэхдээ хажуу айлын Баяндалай гэдэг хүнтэй ирлээ гэж байсан. Хөдөө явахдаа ямар унаатай явсаныг мэдэхгүй байна. Түүний унаж байсан мотоциклийг хүнээс авсан гэж хэлж байсан. Хэнээс авсанаа хэлээгүй, би ч асуугаагүй сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,
Гэрч У.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2017 оны 10 дугаар сарын 07-ны орой 20 цагийн үед Б.Э нь манайд ирсэн. Манай нөхөр Баасанхүү, Эрдэнэсайхан бид гурав хөзөр тоглож байгаад 00 цаг өнгөрч байхад харих гээд явсан. Б.Эг танина. Надтай садан төрлийн холбоо байхгүй. Манай нөхөр Баасанхүүтэй эгч дүүсийн хүүхдүүд гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,
Гэрч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2017 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө манай нөхөр Бат-Ирээдүй гаднаа мотоциклоо тавьчихаад шөнө 23 цаг 30 минутанд гарахад мотоцикль байсан. Өглөө 07 цаг өнгөрч байхад манай нөхөр Бат-Ирээдүй нь гарч орж ирээд мотоцикль алга байна гээд гэрт орж ирсэн. Мотоциклоо гэрийн зүүн өмнө тавьсан байсан, 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр аваад 2 сар болж байна, 1.400.000 төгрөгөөр авч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,
Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2017 оны 10 дугаар сарын 07-ны орой 19 цагийн үед Эрдэнэсайхан манайд ирсэн. Манай эхнэр Туул хоол хийж байсан, тэрнээс идчихээд хөзөр тоглосон. Эхнэр Туул, Эрдэнэсайхан бид гурав 00 цаг хүртэл тоглоод бид хоёр амарсан. Эрдэнэсайхан би явлаа гэртээ харьж амарлаа гээд явсан. Эрдэнэсайхан манайд ирэхдээ ганцаараа алхаж ирсэн. Эрдэнэсайхан бид хоёр эгч дүүсийн хүүхдүүд, дуу цөөтэй дугардаггүй, даруухан л хүн байдаг. Зун 07 сард өөрийн унаж байсан Даян нэртэй мотоциклоо зарсан гэж байсан. Тэрнээс хойш өөрийн гэсэн мотоцикльгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/,
“Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний дүгнэлтэд: Өмнөговь аймгийн харьяа Ч.Бн эзэмшлийн улсын дугааргүй 2017 онд үйлдвэрлэсэн, Монгол улсад 2017 од орж ирсэн, Чансаа-150 маркийн мотоцикль нь 2017 оны 10 дугаар сарын байдлаар 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн үнэтэй гэжээ /хх-ийн 25-р хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 11-р хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Э нь 2017 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Номгон сумын Хайрханы 1-2 тоот хашаанаас Ч.Б эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн супер чансаа маркийн мотоциклийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай тогтоогдож байна.
Хохирогч Ч.Б нь мөрдөн шалган ажиллагааны явцад “...Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, надад 1.700.000 төгрөгийг төлсөн..., Миний алдагдсан мотоцикль бүрэн бүтэн, ямар нэгэн эвдэрсэн зүйл байгаагүй...” гэсэн мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч Б.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгө болох мотоциклийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 14 цагийн үед хөдөө гэрээсээ өөрийн эзэмшлийн ява маркийн мотоциклоор явж Номгон сумын төвд ирсэн. Гадуур ажилтай явж байгаад орой 20 цаг гээд сумын баруун гэр хорооллын Хайрханы 1-2 тоот задгай хашаанд байдаг гэртээ ирсэн. Мотоциклоо гэрийнхээ зүүн талд данхраадаж тавиад хоносон. Өглөө босоод гэрээс гартал миний мотоцикль байхгүй байхаар нь сумын цагдаад энэ тухайгаа хэлж мотоциклоо бүртгүүлсэн. 2017 оны 11 дүгээр сарын 10-ны үед сумын төвд ирээд ажилтай явж байтал төвд байдаг дэлгүүрийн гадаа миний алдагдсан ява маркийн мотоцикльтой адилхан мотоцикль мөн байхаар нь Б.Э “Энэ миний мотоцикль байна” гэж хэлсэн чинь миний мотоцикль мөн” гээд цаашаа явчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-15-р хуудас/, гэрч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн Супер Чансаа нэртэй мотоциклийг Хайрханы 2-1 тоот задгай хашаанд тавьж хонуулаад өглөө гарч ирэхэд байхгүй байсан. ...2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр намайг суманд дуудаж уулзсан. Би мотоциклоо 2017 оны 08 дугаар сард Саран гэдэг хүнээс худалдаж авсан. 6000 км явсан байсан. Би тухайн үед 1.400.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Алдагдсан мотоциклоо танина, хянах самбар нь орой дээрээ хагархайтай, банкны буруу талдаа цөмөрсөн, банкны орой дээр 2 газар зурагдсан байгаа, гишгүүр нь халцархай...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/, гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө ах Баасанхүүгийнд очоод хөзөр тоглож байгаад 00 цаг өнгөрч байхад Баасанхүү ахынхаас гараад гэр лүү алхаж байхад Хайрханы 2-1 тоот задгай хашааны зүүн урд буланд мотоцикль байсан. Улбар шар өнгийн Супер Чансаа гэсэн нэртэй мотоцикль байсныг аваад гэртээ ирээд хувцасаа өмсөөд хөдөө байдаг гэр рүүгээ явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/, гэрч З.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр манай нөхөр ...18-19 цагийн үед ирсэн. 20 цаг өнгөрч байхад ах Баасанхүүгийнд очиж тоглож байгаад ирье гээд гарч яваад 00 цаг өнгөрч байхад хөдөө байдаг гэр рүүгээ мал бэлчиж магадгүй гээд явсан. Манай нөхөр хөдөөнөөс ирэхдээ хажуу айлын Баяндалай гэдэг хүнтэй ирлээ гэж байсан. Хөдөө явахдаа ямар унаатай явсаныг мэдэхгүй байна. Түүний унаж байсан мотоциклийг хүнээс авсан гэж хэлж байсан. Хэнээс авсанаа хэлээгүй, би ч асуугаагүй сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/, гэрч Д.Даваажав мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө манай нөхөр Бат-Ирээдүй гаднаа мотоциклоо тавьчихаад шөнө 23 цаг 30 минутанд гарахад мотоцикль байсан. Өглөө 07 цаг өнгөрч байхад манай нөхөр Бат-Ирээдүй нь гарч орж ирээд мотоцикль алга байна гээд гэрт орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/ болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгүүдээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний хүсэлтийн дагуу өмгөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Эд 245 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүхэд гаргасан ба шүүх гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн ялын саналаас доогуур хэмжээгээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрэн тогтоогдож байна гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгө болох мотоциклийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрэн тогтоогдсон ба шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь
хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.Эг бусдын хөрөнгө болох мотоциклийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Б.Э нь хохирогчид 1.700.000 төгрөгийг төлсөн, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА