Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2022/ДШМ/12

 

       

2022           12            22                                    2022/ДШМ/12

 

Ж.М-тхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор В.Батдэлгэр, 

шүүгдэгч Ж.М-, түүний өмгөөлөгч Ц.Оргил,

нарийн бичгийн дарга  Х.Саранзаяа нарыг оролцуулан, 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1209 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Т.Баярсайханы бичсэн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 37 дугаар дээд шатны прокурорын эсэргүүцлээр Ж.М-тхолбогдох 2103001970312 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

0,

Ж.М- нь 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Магнай трейд” шатахуун түгээх газрын баруун замд “Howo ZZ 4257” загварын ... -улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад тээврийн хэрэгслийн эвдрэлийн улмаас зайлшгүй зогсолт хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-т заасан “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлөөгүйгээс 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 04 цаг 00 минутын орчим тус замаар зорчиж явсан “Nissan terrano загварын ... -улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч В.Г-нь “Howo ZZ 4257” загварын ... -улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ж.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2103001970312 дугаартай хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.М-ыг цагаатгаж, Ж.М- нь үндэслэлгүйгээр яллагдагчаар татагдсан, мөн таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаны улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, энэ хэргийн улмаас өөрт учирсан эдийн болон эдийн бус хохирлоо төрөөс нэхэмжлэх бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дөчин тавдугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.М- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг зааж, шүүгдэгч Ж.М-тавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдсан 127441 дугаартай BCDE ангиллын жолоочийн үнэмлэхийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Т.Баярсайхан бичсэн эсэргүүцэлдээ: “ ... Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1209 дугаартай цагаатгах тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь авто тээврийн хэрэгслийн жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөний улмаас хуульд заасан хохирол учруулсаныг ойлгоно. Өөрөөр хэлбэл, жолооч Ж.М-ын Автотээврийн хэрэгслийн жолоочийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл, энэхүү үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон “хохирол” хоёрын хооронд шалтгаант холбоотой байна. Учир нь, шүүгдэгч Ж.М- тээврийн хэрэгсэл нь эвдэрсний улмаас удаан зогсолт хийхдээ “замыг аль болох чөлөөлсөн, ослын зогсолтын тэмдэг тавьсан боловч алга болчихсон байсан, тээврийн хэрэгсэл хүнд ачаатай байсан болохоор чирэх боломжгүй байсан” гэж тайлбарлан мэдүүлдэг боловч энэ нь жолооч автомашинаа замын зорчих хэсгээс чөлөөлөх, зам тээврийн осол гарахаас урьдчилан сэргийлэх талаар шаардлагатай бусад арга хэмжээг даруй авах үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-т заасан “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна.” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн, хэрэв замыг бүрэн чөлөөлж, зорчих хэсэг дээр ослын зогсолтын тэмдэг байрлуулж аюулгүй байдлаа бүрэн хангаж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дүгээр зүйлд “Анхааруулах дохио ба тээврийн хэрэгслийн таних тэмдгийг жолооч өөрийн хийж буй үйлдэл, тээврийн хэрэгслийнхээ онцлогийг бусад хөдөлгөөнд оролцогчдод мэдэгдэж, аюул, осол үүсгэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ дүрэмд заасны дагуу хэрэглэнэ.”, 9.3 дугаар зүйлд “Ослын дохионы гэрлийг дараах тохиолдолд хэрэглэнэ. в/ Харанхуй үед зам гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд оврын гэрэл нь асахгүй /эсвэл байхгүй/ тээврийн хэрэгслийг замаас гаргах боломжгүйн улмаас зорчих хэсэг, хөвөөн дээр зогсоосон тохиолдолд; ж/ тээврийн хэрэгсэл нь аюул учруулж болзошгүй бусад тохиолдолд”, 9.4 дүгээр зүйлд “Жолооч нь энэ дүрмийн 9.3-т заасны дагуу ослын дохионы гэрлээ асааж зогсох шаардлагатай үед уг гэрэл нь ажиллахгүй /эсвэл байхгүй/ бол ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж анхааруулахаас гадна мөн тохиолдолд /ослын дохионы гэрэл асааснаас үл хамааран/ хэрэглэнэ.”, 9.5 дугаар зүйлд “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байршуулна” гэсэн заалтуудыг хэрэгжүүлж, дээрх арга хэмжээг авсан байсан бол тухайн осол гарахгүй байх боломжтой байсан нь тээврийн хэрэгслүүд анх мөргөлдсөн “А” цэг нь замын зорчих хэсэг дээр байгаагаас тодорхой болно. Шүүгдэгч Ж.М- нь автомашиныг зорчих хэсгээс чөлөөлөхгүй байх нь замын хөдөлгөөнд эрсдэлтэй байдал бий болж, зам тээврийн осол гарч болохыг урьдчилан мэдэх боломжтой байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон, түүний машинаа замын зорчих хэсгээс бүрэн чөлөөлөөгүй, зайлшгүй зогсолтын тэмдэг нь алга болсон байсан ч аюулгүй байдлыг хангах бололцоотой бусад арга хэмжээ аваагүй, “унтаж байсан” зэрэг хайхрамжгүй байдлаас үүдэн зам тээврийн осол болсон үйл баримт тогтоогдсон тул дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж прокурорын зүгээс үзсэн болно. Мөн анхан шатны шүүх хэргийг хэргийг хянан хэлэлцэхдээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэсэн заалтыг зөрчиж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг болсон үйл явдал, нөхцөл байдалтай харьцуулан судалж, нягтлан шалгаж, гэм буруугийн асуудалд бодит дүгнэлт өгөлгүйгээр “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 14.10-т заасан “Хориглосон газарт” гэдэг урьдач нөхцөл бий болоогүй үед жолоочид тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх хууль зүйн үүрэг бий болохгүй” гэж “жолооч нь хориглосон газраас бусад замд замын зорчих хэсэг дээр замын хөдөлгөөнд ямар нэгэн эрсдэлтэй байдал бий болгон зогсож болох” мэтээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг хэргийн бодит байдлаас зөрүүтэй тайлбарлан эрүүгийн 2103001970312 дугаартай хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.М-ыг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Прокурор В.Батдэлгэрээс тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Ж.М- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон. Шүүгдэгчийн унаж явсан тээврийн хэрэгсэлд гэмтэл гарч зайлшгүй зогсолт хийсэн боловч тээврийн хэрэгслийг зорчих хэсгээс нэн даруй чөлөөлөөгүй болох нь гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлэг болон бусад баримтуудаар тогтоогдсон. Энэ нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 14.10-т заасныг зөрчсөн гэж прокурорын зүгээс үзсэн. Гэмт хэрэг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн. Анхан шатны шүүхээс “хориглосон газарт” гэж дүгнэсэн. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлээр замын хөвөө хэсэгт 30 см орсон байсан нь тогтоогдсон, энэ нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн гэж дүгнэсэн учир дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч Ж.М-ын өмгөөлөгч Ц.Оргил тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагаагаар осол гарсан замын нөхцөл байдлыг тодорхойлох ёстой байсан гэж үзэж байна. Улаанбаатараас Эмээлт хүртэл 4 эгнээтэй замаар зорчдог бөгөөд энэ зам дээр осол гарсан. Энэ зам нь MNS 4596:2014 стандартад зааснаар 1 дүгээр зэрэглэлийн зам бөгөөд Авто замын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  “Авто замыг үйлчилгээний түвшин болон төсөллөлтийн үндсэн шийдлээр нь ангилж, зэрэглэл тогтооно. Авто замын ангилал, зэрэглэл тогтоох, түүнд тавигдах шаардлагыг норм, норматив техникийн баримт бичгээр зохицуулна” гэж заасан. Дээрх стандартад зааснаар 1 дүгээр зэрэглэлийн замын зорчих хэсгийн захыг цагаан зураасаар буюу Замын хөдөлгөөний дүрмийн 1.2 гэсэн заалтаар тэмдэглэсэн байх ёстой. Ийм байхад хэргийн газрын үзлэгээр тээврийн хэрэгслийн зорчих хэсгийг шороон зурааснаас эхлэн хэмжилт хийсэн. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдааны явцад энэ замын баригдсан байдал, авто замын зураг болон тухайн үед хэлэлцэгдэж байсан асуудлуудыг талаар Улсын төв архиваас баримт авч шүүхэд гаргаж өгсөн боловч хүлээж аваагүй. Хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд шороон зурааснаас эхлэн зорчих хэсгийг тооцож үзсэн байгаа. Зорчих хэсэг рүү хойд дугуй 30 см, урд дугуй 20 см нэвтэрсэн гэж бичигдсэн байгаа. Зургаас үзэхэд шороон зурвасаас захын цагаан зурвас хүртэл хэмжээ 50 см, захын цагаан зурвас нь 20 см хэмжээтэй байдаг. Хэргийн газрын үзлэгээр цагаан зураас арилсан, байхгүй байгаа нөхцөл харагддаг. Энэ замын нөхцөл байдлыг тодорхойлоогүй байж миний үйлчлүүлэгчийн унаж явсан тээврийн хэрэгсэл цагаан зураас нэвтэрч зогссон гэж үзсэн. Хэрэг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцах боломжгүй, дээрх тогтоогдоогүй нөхцөл байдал байсаар байхад миний үйлчлүүлэгчийг яллах нь шударга бус гэж үзэж байна. Ослын дохиог асаасан боловч аккумлятор суусан, ослын тэмдэг тавьсан гэдгийг гэрчүүд мэдүүлсэн бөгөөд ослын тэмдэг алга болсон. Үүнийг алга болно гэж миний үйлчлүүлэгч мэдээгүй. Мөн анхан шатны шүүхээс тээврийн хэрэгслийг нэн даруй холдуулах боломжтой байсан гэж дүгнэсэн. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтээр тээврийн хэрэгсэл зайлшгүй зогсолт буюу араандаа ороод гацсан болох нь тогтоогдсон. Тээврийн хэрэгслийн өөрийн жин 20 гаруй тонн бөгөөд 20 гаруй тонны ачаа ачсан байсан. Үүнийг хэрхэн, яаж холдуулах байсан юм бэ. Шороон далан руу орж зогссон байсан ба 40 гаруй тонн жинтэй, араа гацсан тээврийн хэрэгслийг чирэхэд гулсаж, шороон далан нурах аюултай. Үүнд прокурор огт дүгнэлт хийгээгүй. Хориглосон газар биш гэж өмнөх өмгөөлөгч нар болон миний үйлчлүүлэгч хэлсээр ирсэн. Хориглосон газар гэж тэмдэг, тэмдэглэгээ байгаагүй. Иймд анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн учир хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч Ж.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийн гаргасан тайлбартай санал нэг байна. Тухайн зам дээр хориглосон тэмдэг байгаагүй. Цагаан зураасыг даваад зогссон. Ослын тэмдгийг 15, 16 алхам зайд тавьсан байсан. Тухайн өдөр шөнийн 00 цаг өнгөрөөд харахад ослын тэмдэг байж байсан. Тэрнээс хойш хэзээ алга болсныг нь мэдэхгүй байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ж.М-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ дээд шатны прокурор Т.Баярсайханы бичсэн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 37 дугаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн  нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Прокуророос Ж.М-ыг “2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Магнай трейд” шатахуун түгээх газрын баруун замд “Howo ZZ 4257” загварын ... -улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад тээврийн хэрэгслийн эвдрэлийн улмаас зайлшгүй зогсолт хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-т заасан “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлөөгүйгээс 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 04 цаг 00 минутын орчим тус замаар зорчиж явсан “Nissan terrano загварын ... -улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч В.Г-нь “Howo ZZ 4257” загварын ... -улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, амь нас хохирсон” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Ж.М-ыг Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Магнай трейд” шатахуун түгээх газрын баруун замд “Howo ZZ 4257” загварын ... -улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад тээврийн хэрэгслийн эвдрэлийн улмаас зайлшгүй зогсолт хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-т заасан “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлөөгүйгээс 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 04 цаг 00 минутын орчим тус замаар зорчиж явсан “Nissan terrano загварын ... -улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч В.Г-нь “Howo ZZ 4257” загварын ... -улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, амь нас хохирсон хэмээн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /мэдээлэл/-ийн дагуу 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, дараах нотлох баримтуудыг хэрэгт цуглуулж, бэхжүүлжээ.

Үүнд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-ийн “... Улаанбаатар хотоос 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гараад Өвөрхангай аймгийн нутаг “Өгий нуур” гэх газар очиж 2 хоноод 29-ний өдөр буцаад Улаанбаатар хот руу 11 цагийн үед гарсан байх. Талийгаач нөхөр В.Г- машин жолоодож явсан. Замдаа Хархорин сум дээр очиж хоол идчихээд 17 цаг болж байхад хөдлөөд шууд явсаар байгаад “Урьхан” гэх зоогийн газар ирж хоол унд идээд, тэгээд хөдлөөд товчоогоор орж ирж байснаа санаж байна. Тэрнээс хойш би санахгүй, унтсан байх. Товчооноос гараад нэлээд явж байгаад миний нуруу өвдөөд байхаар нь өвгөндөө хэлсэн чинь за чи хойшоо жаахан хажуулдаад амар гэсэн санагдаж байна. Манай зээ хүү Сэдэд 24 настай, хойд суудал дээр унтаад явж байсан. .. Урьхан хүртэл бараг 7 цаг явсан. Замдаа хоёр удаа бие зассан. Тэгээд амралтгүй явсаар байгаад Урьхан зоогийн газар дээр миний хүү н.Ганцог талийгаач аавдаа та ядраад байвал манай машинд ороод суучих. Би таны машиныг бариад явъя гэж хэлсэн чинь манай талийгаач нөхөр “зүгээр, өөр хүнээр машинаа бариулахгүй, жолоогоо шилжүүлээд хэрэггүй” гэсэн. Манай нөхөр 72 настай, ер нь хөгшин хүмүүс чинь орой үдэш даралтын эм уудаг. Тэр өдөр манай нөхөр өглөө нэг каптопирил гэх нэртэй 0,25 доозтой даралтын эм нэг ширхэг уугаад “Урьхан” зоогийн газар орохын өмнө бас нэгийг уусан. Өөр эм тариа хэрэглээгүй. Ямар нэгэн хууч өвчин байхгүй. Хааяа нэг даралт нь ихсэж багасдаг. ...” /1хх 25-26/,

гэрч Н.Т-ын “ ... 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Ж.М- “хот руу орж ирж байна” гэж 15 цагийн үед надтай утсаараа ярьсан. .. би орой хоол идэх гээд 22 цагийн үед хуучин 22-ын товчооны тэнд зам дагуу хоолны газарт хоол идэх гээд ортол Ж.М- ах хоол захиалаад сууж байсан. Би мэнд мэдээд юу хийж байгаа талаар асуухад “машин Эмээлтийн замд эвдрээд зогссон, араандаа орохгүй байна. Яасныг нь сайн мэдэхгүй байна. Очоод үзээд өгөөч гэсэн. Би харанхуй шөнө яаж үзэх вэ дээ, маргааш үзэж өгье, одоо ядраад байна гэж хэлсэн. Яриан дундуураа замаа чөлөөлсөн үү гэхэд чөлөөлсөн. 4 эгнээ замын захын цагаан зураасыг даваад чөлөөлөөд тавьсан. Хажуугаар баруунаас зүүн тийш явах урсгалын 2 эгнээ бүрэн чөлөөтэй байгаа гэж хэлсэн. Би ослын зогсолтын тэмдэг тавьсан уу гэхэд тавьсан, хөлөөрөө 15 алхаад тавьсан гэж хэлж байсан. Мөн манай дүү Н.Т- 2021 оны 07 дугаар сарын 29-30- нд шилжих шөнө 01 цагийн үед баруун тийш явах замд Цанын бааз орж ачааны машиндаа түлш авч өгчхөөд буцаад явж байхдаа Ж.М-ын машин ослын зогсолтын тэмдэг тавьчихсан, Эмээлтийн замд зам чөлөөлөөд зогсож байсантай таарсан гэж надад маргааш нь ярьсан. Мөн Булган аймаг руу н.Т-ын ачааг ачсан жолооч н.Баагий гэх ах ачаагаа ачаад явж байхдаа ослын зогсолтын тэмдэг тавьсан байсныг харсан гэсэн. Ер нь том ачааны автомашины жолооч нар ослын зогсолтын тэмдэг байнга тавьдаг юм. Хол замд явж байхдаа осол, хэрэгтэй их таардаг учир урьдчилан сэргийлэх зорилгоор байнга тэмдэг тавьдаг. ...” /1хх 32/,

гэрч Н.Т-ын “... Би М-ыг танина. ... Би 2021 оны 07 дугаар сарын 29-ний орой цанын бааз руу шөнийн 00 цаг дөхөж байх үед ганцаараа явсан юм. Би Булган аймаг руу ачаа ачсан байсан том оврын ачааны автомашиндаа “Зам зуур”  гэх гэрээтэй шатахуун түгээх станцаас түлж авч өгөх зорилгоор явсан. Би баруун тийшээ явахдаа М-ын автомашин зогсож байсныг анзаараагүй.  Түлш авч өгчхөөд хот руу буцаж явах үед Эмээлтийн замд М-ын автомашин зорчих хэсгийг чөлөөлөөд ослын зогсолтын тэмдэг тавьсан байсныг харсан. ... Хойноо ослын зогсолтын  тэмдэг 1 дүгээр эгнээний баруун гар талд хөвөө хэсэгт тавьсан байсан. Ослын зогсолтын тэмдэг нь холоос бүрэн харагдаж байсан, ойролцоогоор 20 орчим метр газарт тавьсан харагдсан.  ...” /1хх 35/,

гэрч Г.С-ийн “ ... 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 11 цаг 00 минутын орчим би эмээ, өвөөтэй цуг “Nissan terano” маркийн 7538 УБХ улсын дугаартай автомашинтай Архангай аймагт байрлах Өгий нуур дээр амрахаар гарсан. Бас манай ах н.Ганцог эхнэр хүүхдийн хамтаар Тоуоta Prius маркийн автомашинтай явсан. Өгий нуур дээр 2021 оны 07 дугаар сарын 27-ны 18 цагийн орчим очиж амарч байгаад 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 14 цагийн орчим буцаж Улаанбаатар хот орох зорилгоор хөдлөөд явсан. Тэгээд замдаа явж байгаад 2021 оны 07 дугаар сарын 29-ний 21 цагийн орчим Элсэн тасархай дээр бөөнөөрөө зогсоод ах н.Ганцог “бөөнөөрөө хоноод өглөө явъя” гэхэд өвөө одоо явна гэхээр нь ах “машиныг чинь би бариад явъя” гэхэд өвөө үгүй гээд өөрийнхөө машиныг бариад хөдөлсөн. Тэгээд би замдаа унтаж байгаад миний утсанд 23 цагийн үед дуудлага ирэхэд би хальт сэрчхээд утсаа хараад, дараа нь өвөөг хартал эвшээж байхаар нь нээх юм бодоогүй буцаад унтаад өгсөн. ...” /1хх 49/,

гэрч Б.У-ын “... би 2021 оны 07 дугаар сарын 30-ны шөнө 03 цагийн үед Нарны хорооллоос гэрээсээ Говь-Алтай явахаар манай нөхөр, 6 хүүхэд ...- УНД улсын дугаартай “Hammer H3” маркийн автомашинтай бид хэд Эмээлтийн замаар бензин колонк арай ороогүй явж байтал гэнэт юм тэсрэх чанга дуу гарсан. Тэгээд колонк өнгөрөөд явж байтал нэг том машин замын урд зогсож байгаа харагдсан. Хойд хэсэгт очиход нэг машин том машины хойд хэсгийг мөргөсөн, машинаас нь утаа гараад, зогсоо зайгүй сигнал чихэгдсэн байх дуугараад, өөр ямар нэгэн дуу чимээ байхгүй, машины гадна хүн харагдаагүй. Тэгээд бид хэтэрч яваад буцаж эргэсэн. Тухайн замд урдаас машины хөдөлгөөн ихтэй байсан. Бид нар мөргөсөн цагаан өнгийн машины ард талд нь ирж зогсоод машин дотроосоо би өөрийн 99060625 дугаарын утсаар 04 цаг 11 минутын үед эхлээд 103 дуудаад, хэсэг байж байгаад цагдаа дуудаад байж байтал ... 30 гаран минутын дараа 103 түргэн тусламж ирээд нөгөө хүнийг нас барсан байна гээд цуг явсан эмээд эм өгөөд тайвшруулсан. Тэнд байсан хүмүүс “том машины жолооч нь машин дотроо байсан байна” гэж ярилцаж байгааг сонссон, жолоочийг нь хараагүй, тэгж байтал цагдаа ирээд бид өөрсдийгөө тэмдэглүүлээд цаашаа хөдөө Говь-Алтай аймаг явсан. ...” /1хх 46/,

гэрч Г.Ц-ийн “... хурдны хайрцгийн араа салах, дамжуулагч татуурга мултарсан үед аль нэг араанд орохгүй бөгөөд ямар араатай явж байсан тэр араатайгаа залгаатай үлддэг учир цааш явах боломжгүй байдаг. Жишээ нь уг машин ачаатай  хөнгөн араатай явж байгаад хүнд араанд залгах боломжгүй болох тул замаас ирэх ачаалал болон бусад ачаалал даахгүй, ачаатай хүнд тул уг залгаатай байсан араатайгаа хөдөлгөөнөө үргэлжлүүлэх боломжгүй. ...” /1хх 108-109/,

яллагдагчаар Ж.М-ын өгсөн: “ ... 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 10 цагийн үед Хово маркийн ... -дугаартай ачааны автомашиныг жолоодон Хөвсгөлөөс Улаанбаатарын чиглэлд гарсан. 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 15 цагийн орчим Эмээлтэд орж ирээд явж байтал миний автомашины араа ажиллахгүй болоод араандаа орохгүй болоод замын хашлаганд шахаад зогссон. Би таньдаг хүмүүс рүүгээ залгаад машин болохгүй байгаа талаар ярьж асуухад яг харахгүй болохоор мэдэх зүйл байхгүй байна гэсэн. Би орой харанхуй болж байх үед машинаасаа ослын зогсолтын тэмдэг гаргаж ойролцоогоор 15 алхаад зам дээр тавьсан. Ослын гэрлээ мөн орой асааж байгаад аккумлятор муудчих байх гээд гэрлээ унтраасан. Унтраах үед багцаагаар 22 цаг болж байсан. Би ослын тэмдэг тавьсан учир гэрлээ унтраасан. Би 00 цагийн үед автомашиндаа орж унтсан. Унтаж байх үед машины хаалга хүн онгойлгоод хаахаар нь сэрээд хартал хойно машин зогсчихсон машины гэрэл харагдсан. Би буугаад очтол осол гарсан байсан. Миний машины араас суудлын жийп автомашин мөргөсөн байдалтай зогсож байсан. Онцгой байдлын хүмүүс, эмнэлэг ирсэн байсан. Би гарч ирээд осол гарсныг хараад балмагдаад зарим зүйлийг сайн санахгүй байна. 1 эмэгтэй хүн уйлаад байсныг санаж байна. Удалгүй цагдаа нар ирж хэргийн газарт үзлэг хийсэн. ...     Шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцсан. Би техникийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний автомашин тухайн үед зайлшгүй зогсолт хийсэн бөгөөд би боломжтой бүх аргаар асааж замаас хөдөлгөх гэж үзсэн. Миний машин дээр 17 тонн ноос ачаатай байсан бөгөөд машин өөрөө 20 тонн орчим байдаг тул замаас гаргах ямар ч боломжгүй юм. Нийт 40 орчим тонн ачааг чирээд засмал замаас гаргаад шороон зам руу оруулах боломж маш бага шүү дээ. Би замыг бүрэн чөлөөлсөн. Ослын газрын баруун талд миний чөлөөлж зогссон хэмжээнд үргэлжилсэн цагаан шугамтай хөвөө байсан бөгөөд би хөвөөг давж зогссон. Тэр хэсэгтээ хөвөө нь арилсан байсан. Миний машин замаа бүрэн чөлөөлж зогссон байхад хэтэрхий нэг талыг баримтлан зам чөлөөлөөгүй байсан мэтээр дүгнэлт гаргаж яллагдагчаар татсанд гомдолтой байна. Осол гарах үед тэр автомашин 2 дугаар эгнээгээр явж байгаад 1 дүгээр эгнээ рүү дарж мөргөсөн буюу согтуу, үнэмлэхгүй, ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн хамгийн хүнд заалт буюу согтуу, эрхгүй этгээдтэй адилтган зүйлчилдэг “ядарсан үедээ” гэсэн заалтыг зөрчсөн нь тогтоогдоод байхад намайг буруутгаж байгаад гомдолтой байна. Намайг хэлмэгдүүлж байна. ...”                                     /1хх 144-145/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1520 дугаартай “...Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын орой, суурт хэсэг, хамарсан аалзан хальсны доорх тархмал цус харвалт, тархины эдийн голомтлог няцрал хоёр нүдний ухархайн дээд хана, хамар яс, дээд доод эрүү яс, өвчүү ясны далд хугарал, сэмж, чацархайн цус хуралт, толгойн хуйх, нүүр, цээж, дээд доод мөчид цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, үхэлд шууд хүргэх гэмтэл болно. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин эмгэг тогтоогдсонгүй. Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ ...”  гэх /1 хх 53-63/,

Техникийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 9/13 дугаартай “... Хариулт 2. HOWO-ZZ-4257 маркийн ... -улсын дугаартай автомашины жолооч Ж.М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10 дугаар заалт буюу “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байна. Хариулт 3. HOWO-ZZ-4257 маркийн ... -улсын дугаартай автомашин зорчих хэсгийг бүрэн чөлөөлж зогсоогүй байна. Хариулт 4. HOWO-ZZ-4257 маркийн ... -улсын дугаартай автомашинд үүссэн гэмтлийн улмаас шууд хөдлөх боломжгүй байж болно. Гэвч өөр автомашинаар чирж зайлуулах боломжтой. Хариулт 5. HOWO-ZZ-4257 маркийн ... -улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.М- нь 14.10 дугаар заалт, Nissan Terrano маркийн ... -улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч В.Г-нь 3.7а заалтыг тус тус зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон байна. ...” гэх /1хх 116-117/ дүгнэлтүүд, 

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэмжилтийн бүдүүвч /1хх 7-17/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 19-21/,

Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 120-123/ зэрэг баримтууд авагджээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн “ ... шүүгдэгч Ж.М-ыг “хориглосон газарт” зайлшгүй зогсолт хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул түүнийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-д заасан “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Харин эсрэгээрээ жолооч В.Г-нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан “ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох” гэсэн заалтыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнөө үргэлжлүүлсний улмаас замын хажууд хориглоогүй газарт зайлшгүй зогсолт хийсэн том оврын тээврийн хэрэгслийн араас мөргөж, улмаар өөрийнхөө амь насыг хохироосон ...” гэх дүгнэлтийг хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Ж.М-тхолбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Тодруулбал, шүүх хуралдаанаар судалж, хянан хэлэлцээд ямар нотлох баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг гагцхүү шүүх шийдвэрлэх бөгөөд шүүгдэгчийн гэм бурууг тогтоож нотлох хэмжээний хангалттай баримт цугларсан тохиолдолд түүнд үндэслэн гэм бурууг тогтоодог.

Дээд шатны прокурор Т.Баярсайханаас “... шүүгдэгч Ж.М- тээврийн хэрэгсэл нь эвдэрсний улмаас удаан зогсолт хийхдээ “замыг аль болох чөлөөлсөн, ослын зогсолтын тэмдэг тавьсан боловч алга болчихсон байсан, тээврийн хэрэгсэл хүнд ачаатай байсан болохоор чирэх боломжгүй байсан” гэж мэдүүлдэг ч тэрээр машинаа замын зорчих хэсгээс бүрэн чөлөөлөөгүй, зайлшгүй зогсолтын тэмдэг нь алга болсон байсан ч бусад арга хэмжээ аваагүй, “унтаж байсан” зэрэг хайхрамжгүй байдлаас үүдэн зам тээврийн осол болсон үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэх агуулга бүхий эсэргүүцлийг гаргажээ.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дүгээр зүйлд “Анхааруулах дохио ба тээврийн хэрэгслийн таних тэмдгийг жолооч өөрийн хийж буй үйлдэл, тээврийн хэрэгслийнхээ онцлогийг бусад хөдөлгөөнд оролцогчдод мэдэгдэж, аюул, осол үүсгэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ дүрэмд заасны дагуу хэрэглэнэ.”, 9.5 дугаар зүйлд “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байршуулна” гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан гэрч Н.Т-ын “ ... Ж.М- ах “машин Эмээлтийн замд эвдрээд зогссон, араандаа орохгүй байна, очоод үзээд өгөөч” гэсэн. Би харанхуй шөнө яаж үзэх вэ дээ, маргааш үзэж өгье гээд замаа чөлөөлсөн үү гэхэд чөлөөлсөн, 4 эгнээ замын захын цагаан зураасыг даваад чөлөөлөөд тавьсан. Хажуугаар баруунаас зүүн тийш явах урсгалын 2 эгнээ бүрэн чөлөөтэй байгаа, ... ослын зогсолтын тэмдэг ... тавьсан, хөлөөрөө 15 алхаад тавьсан гэж хэлсэн. Мөн манай дүү Н.Т-2021 оны 07 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө 01 цагийн үед ... Ж.М-ын машин ослын зогсолтын тэмдэг тавьчихсан, Эмээлтийн замд зам чөлөөлөөд зогсож байсантай таарсан гэж надад маргааш нь ярьсан. ...” /1хх 32/, гэрч Н.Т-ын “... Би М-ыг танина. ... Би 2021 оны 07 дугаар сарын 29-ний орой цанын бааз руу шөнийн 00 цаг дөхөж байх үед ... Булган аймаг руу ачаа ачсан байсан том оврын ачааны автомашиндаа ... түлш авч өгөх зорилгоор явсан. ... Эмээлтийн замд М-ын автомашин зорчих хэсгийг чөлөөлөөд ослын зогсолтын тэмдэг тавьсан байсныг харсан. ... Хойноо ослын зогсолтын  тэмдэг 1 дүгээр эгнээний баруун гар талд хөвөө хэсэгт тавьсан байсан. Ослын зогсолтын тэмдэг нь холоос бүрэн харагдаж байсан, ойролцоогоор 20 орчим метр газарт тавьсан харагдсан.  Машин нь замаа бүрэн чөлөөлчихсөн, би приус 30 машинтай тухайн машины хажуугаар гарахдаа 1 дүгээр эгнээгээр гарч явахад ямар нэгэн хүндрэлгүй байсан...” /1хх 35/, гэрч Г.Ц-ийн “... хурдны хайрцгийн араа салах, дамжуулагч татуурга мултарсан үед аль нэг араанд орохгүй бөгөөд ямар араатай явж байсан тэр араатайгаа залгаатай үлддэг учир цааш явах боломжгүй ... замаас ирэх ачаалал болон бусад ачаалал даахгүй, ачаатай хүнд тул уг залгаатай байсан араатайгаа хөдөлгөөнөө үргэлжлүүлэх боломжгүй. ...” /1хх 108-109/, гэх мэдүүлгүүдээс тус тус дүгнэхэд шүүгдэгч Ж.М-ын “... миний автомашины араа ажиллахгүй болоод араандаа орохгүй болоод замын хашлаганд шахаад зогссон. Би орой харанхуй болж байх үед машинаасаа ослын зогсолтын тэмдэг гаргаж ойролцоогоор 15 алхаад зам дээр тавьсан. Ослын гэрлээ мөн орой асааж байгаад аккумлятор муудчих байх гээд гэрлээ унтраасан. ...” /1хх 144-145/ хэмээн түүний яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь үндэслэлтэй байх бөгөөд тэрээр өөрийн унаж явсан HOWO-ZZ-4257 маркийн ... -улсын дугаартай автомашины овор хэмжээ, даац зэргийг тохируулан замын зорчих хэсгээс хангалттай хэмжээнд зайлшгүй зогсоох арга хэмжээ авч, ослын зогсолтын тэмдгийг байршуулсан болох нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.М- нь аюул, осол үүсгэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт буюу хөдөлгөөнд оролцогчдод мэдэгдэж байршуулсан буюу тухайн саадыг урьдчилан анхааруулсан байх тул дээд шатны прокурорын гаргасан “... шүүгдэгчийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.3, 9.4, 9.5 дугаар зүйлд заасан заалтуудыг хэрэгжүүлж, арга хэмжээ аваагүй ... машинаа замын зорчих хэсгээс бүрэн чөлөөлөөгүй, зайлшгүй зогсолтын тэмдэг нь алга болсон байсан ч аюулгүй байдлыг хангах бололцоотой бусад арга хэмжээ аваагүй ...” гэх агуулга бүхий эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн HOWO-ZZ-4257 маркийн ... -улсын дугаартай автомашиныг зогсоон байршуулсан газрыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан хориглосон газарт хамаарахгүй буюу түүнийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-д заасан “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчөөгүй хэмээн дүгнэж шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэснийг буруутгахааргүй байна. 

Мөн хэрэгт авагдсан техникийн шинжээчийн 09/13 дугаартай дүгнэлтийн  “... HOWO-ZZ-4257 маркийн ... -улсын дугаартай автомашины жолооч Ж.М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10 дугаар заалт буюу “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн...” гэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглоно.” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэж, тус дүгнэлтийг хэсэгчлэн дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

Гэм буруу нь гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог бол “нотлогдоогүй бол гэм буруугүй” гэсэн зарчмыг хэрэглэх нь гол нөхцөл билээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь гэмт буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчлан тогтоосон.

Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд гэмт этгээд нь өөрийн үйлдэл эс үйлдэхүйг нийгэмд аюултай хор уршигт хүргэсэн гэдгийг сайтар ухамсарлаж, үүнийг урьдаас мэдэж байснаар тухай хор уршигт хүргэхгүй, гаргахгүй хэмээн бүрэн итгэж найдсан эсхүл хор уршиг учирсныг урьдчилан мэдэх бодит боломжтой байсан боловч хайхрамжгүй байдлаасаа болж уг боломжийг ашиглаагүйн улмаас тэрхүү хор уршиг учирсан бол түүнийг гэм буруутайд тооцдог.

Хэргийн нөхцөл байдлын хувьд тээврийн хэрэгсэл зогсолт хийхээс өмнө техникийн хувьд бүрэн бус эсхүл эвдрэл гэмтэлтэй байсан нь нотлогдоогүй бөгөөд зам тээврийн хөдөлгөөнд оролцон явахдаа цаашид юу тохиолдох, ямар үйл явдал өрнөхийг урьдчилан мэдэх боломж байгаагүй буюу араа солих механизм гэмтсэний улмаас зогсолт хийхэд хүргэхийг мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч хайрамжгүй хандсаны улмаас мэдээгүй гэж буруутгах үндэслэлгүй байна.

Замын хөдөлгөөнд оролцож буй хэн нэгэн дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчөөгүй тохиолдолд осолд тухайн хүний үйлдлийн шалтгаанд холбоо тасрах бөгөөд хэн аль нь дүрэм зөрчсөнөөс гарсан ослыг шалтгаант холбоосын хувьд шууд эсвэл нөлөөлөх төдий гэж үзэх боломж тун хомс юм. Гагцхүү тухайн жолоочоос үл хамаарах нөхцөл байдлыг үүнд хамааруулж болно.

 Иймд прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Ж.М-ыг тээврийн хэрэгслийг жолоодож яваад тээврийн хэрэгслийн эвдрэлийн улмаас зайлшгүй зогсолт хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-д “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Nissan terrano загварын ... -улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч В.Г-нь “Howo ZZ 4257” загварын ... -улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, амь нас хохирсон гэмт хэрэгт буруутган яллах үндэслэл болгосон нотлох баримтууд нь түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэх байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй нотолж чадаагүй байх бөгөөд Ж.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... , шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг..., шүүгдэгч, ...-д ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Т.Баярсайханы бичсэн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 37 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна.”, мөн 5 дахь хэсэгт “Шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана.” гэж тус тус хуульчилсан.

            Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүгдэгч Ж.М-ыг цагаатгасан атлаа шийдвэрээ “шийтгэх тогтоол” хэлбэртэйгээр гаргасан нь дээрх хуулийн шаардлагад нийцээгүй, мөн шүүгчдэгч Ж.М-ын нэрийг “М” гэж зөрүүтэй байдлаар бичсэн зэрэг алдаа гаргаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна. 

Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, давж заалдах шатны шүүхэд хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй тул анхан шатны шүүх энэ төрлийн алдааг дахин гаргахгүй байхыг анхааруулвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1209 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Т.Баярсайханы бичсэн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 37 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.МӨНХӨӨ

                                    ШҮҮГЧ                                                              Л.ДАРЬСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                              Н.БАТСАЙХАН