Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 152/ШШ2024/00477

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах, .......... улсын бүртгэлийн дугартай, ........ регистрийн дугаартай, Увс дулааны станц ХХК-ийн,

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах, Ж клубад холбогдох,

Дулааны төлбөр 20,376,455 төгрөг, алданги 10,188,228 төгрөг, нийт 30,564,683 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Увс дулааны станц ХХК-ийн Ерөнхий захирал Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Увс дулааны станц ХХК нь Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт Дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагаа явуулдаг онцгой объект бөгөөд Увс аймгийн Улаангом сумын ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагад дулаан үйлдвэрлэж, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааг хэвийн явуулж, дулаанаар хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсээр ирсэн. Хариуцагч Ж клуб нь 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар дулааны эрчим хүч хэрэглэсэн 20,376,455 төгрөгийг төлөхгүй байгаагаас шалтгаалж Увс дулааны станц ХХК нь цахилгаан эрчим хүч, татвар, нийгмийн даатгалын шимтгэл, нүүрс, дизель түлшний их хэмжээний өрөнд орж цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй нөхцөл байдал үүсч байна. Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 6 дугаар зүйлийн 6.1.11-д халаалтын улирал эхлэх, дуусах огноог тогтоон гэж тус тус хуульчилсан. Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 170 дугаартай “Халаалтын улирал эхлэх, дуусах хугацааг тогтоох тухай” тушаалын б/ Увс аймгийн халаалтын улирал эхлэх хугацааг тухайн оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөр, дуусах хугацааг дараа оны 5 дугаар сарын 15-ны өдрөөр тогтоосон. Нэхэмжлэгч Увс дулааны станц ХХК нь дулаан үйлдвэрлэх, түгээх хангах үйл ажиллагаа хуулийн дагуу хугацаандаа явуулсан. Увс дулааны станц ХХК нь Увс аймгийн Улаангом сумын Ж клубыг хариуцан ажиллуулдаг н.Бд 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 1/41 дугаартай “Албан мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хүргүүлж 2024 оны 4 дүгээр сарын 15-ны дотор дулааны эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө төлөхийг хүсэж шаардсан боловч өнөөдрийг хүртэл дулааны төлбөр төлөөгүй байна. Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5% хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна” гэж хуульчилсан. Иймд Хариуцагч Ж клубээс 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх төлөгдөөгүй дулааны төлбөр 20,376,455 төгрөг, алданги 10,188,228 төгрөг, нийт 30,564,683 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж клубын захирал Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Увс дулааны станц ХХК-ийн миний биед холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан Ж клубын байр нь Цэнгийн зам ХХК-ийн өмч бөгөөд миний нөхөр Н.Сайнбаяр 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэрээ байгуулан түрээсийн гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байсан. Тус гэрээ нь Цэнгийн зам ХХК-ийн захирал М.Батдорж, Хөрөнгө бадрах ХХК-ийн захирал Н.Сайнбаяр нарын хооронд байгуулагдсан гэрээ бөгөөд миний зүгээс уг гэрээнд оролцсон зүйл байхгүй. Мөн Ж клуб нь Хөрөнгө бадрах ХХК-д олгогдсон спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж байсан. Миний бие дээрх түрээсийн гэрээний нэг тал болох Хөрөнгө бадрах ХХК-д хамааралгүй бөгөөд тус компани Увс дулааны станц ХХК-тай ямар гэрээ байгуулж, хэрхэн дулаанаар хангахаар тохирсон эсэхийг мэдэхгүй тул өөрийгөө энэ хэргийн жинхэнэ хариуцагч биш гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үүгэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагч Ж клубын захирал Д.Б нар шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлд заасан эрх үүргийн дагуу нэхэмжлэгч Увс дулааны станц ХХК-ийн захирал Д.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э би, хариуцагч Ж клубын захирал Д.Б бид дараахь нөхцлөөр эвлэрлийн гэрээ байгуулж байна.

Нэг: Хариуцагч Ж клуб нь 2022 оны төлөгдөөгүй дулааны төлбөр 1,640,210 төгрөг, 2023 оны төлөгдөөгүй дулааны төлбөр 16,212,845 төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны төлөгдөөгүй дулааны төлбөр 2,523,400 төгрөг, нийт 20,376,455 төгрөг, алданги 310,773 төгрөг, нийт 20,687,228 төгрөгийг 2 сарын хугацаанд буюу 2024 оны 10 дугаар сард 10,343,614 төгрөг, 2024 оны 12 дугаар сард 10,343,614 төгрөгийг Увс дулааны станц ХХК-ийн Хаан банкны 5800037626 тоот данс руу үл маргах журмаар шилжүүлнэ.

Хоёр: Нэхэмжлэгч Увс дулааны станц ХХК-ийн захирал Д.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э би хариуцагч Ж клубаас 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх төлөгдөөгүй дулааны төлбөрийн алданги 9,877,455 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

Гурав: Хэрэв дээрх эвлэрлийн гэрээг хариуцагч Ж клуб”нь хугацаандаа буюу эхний сардаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Ж клуб нь зөвшөөрсөн болно.

Дөрөв: Дээрх эвлэрлийн гэрээг талууд хэн нэгний дарамт шахалтгүй сайн дурын үндсэн дээр байгуулсан болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Увс дулааны станц ХХК нь хариуцагч Ж клубад холбогдуулан дулааны төлбөр 20,376,455 төгрөг, алданги 10,188,228 төгрөг, нийт 30,564,683 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагч Ж клубын захирал Д.Б нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага болох дулааны төлбөр 30,564,683 төгрөгөөс алданги 9,877,455 төгрөгийг хасаж, үлдэх 20,687,228 төгрөгийг хариуцагч Ж клуб нь 2 хувааж 2024 оны 10 дугаар сард 10,343,614 төгрөг, 2024 оны 12 дугаар сард 10,343,614 төгрөгийг Увс дулааны станц ХХК-д төлөхөөр эвлэрсэн болох нь зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна. Уг гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагч нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч Увс дулааны станц ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310,774 төгрөгөөс 155,387 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 155,387 төгрөг, хариуцагч Ж клубаас зохигчдын эвлэрсэн хэмжээ буюу 20,687,228 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 261,386 төгрөгийн тал хувь буюу 130,693 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Увс дулааны станц ХХК-д олгох нь зүйтэй.

Тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1694 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг хангаж, хариуцагч Ж клубын дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн буюу 30,564,683 төгрөгийн хэмжээгээр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар зогсоож шийдвэрлэсэн. Зохигчид эвлэрсэн тул дээрх шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд тус тус заасныг үндэслэн

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагч Ж клубын захирал Д.Б нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага болох дулааны төлбөр 30,564,683 төгрөгөөс алданги 9,877,455 төгрөгийг хасаж, үлдэх 20,687,228 төгрөгийг хариуцагч Ж клуб нь 2 хувааж 2024 оны 10 дугаар сард 10,343,614 төгрөг, 2024 оны 12 дугаар сард 10,343,614 төгрөгийг Увс дулааны танц” ХХК-д төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Увс дулааны станц ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310,774 төгрөгөөс 155,387 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 155,387 төгрөг, хариуцагч Ж клубаас 130,693 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Увс дулааны станц ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1694 дүгээр “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. 

 

 

                                   ШҮҮГЧ                           Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ