Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 152/ШШ2024/00485

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

   зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

            Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

Нэхэмжлэгч: Увс аймаг,.... сум, ... дүгээр багт оршин суух, регистрийн дугаар ......, Т ургийн овогт С-ын С-ын,

Хариуцагч: Увс аймаг, Сагил сум, ... дугаар багт оршин суух, регистрий дугаар ......., Т ургийн овогт Д-гийн Б-т холбогдох,

Гэм хорын хохирол 8,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Б бид хоёр нэг нутгийн, найз нөхдийн холбоотой хүмүүс юм. Тэрээр миний суудлын жижиг тэрэг болох Fгееmо загварын машиныг түр ашиглахаар 2023 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-ны өдөр шилжих шөнө явсан билээ. Надаас машиныг маань авахдаа эрүүл, согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Тэрээр тус шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ жолоо барин зорчиж, Улаангом сумын Center house-ын өмнөх замын хашлагыг мөргөж зам тээврийн осол гаргасан. Тухайн үед зам тээврийн цагдаа арга хэмжээ авч, журмын дагуу шийдвэрлэсэн бөгөөд тус өдрөөс хойш 30 хоног хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгагдсан байдаг. Тухайн үед Д.Б нь Сагил сумын олон нийтийн хэв журам сахиулах цагдаагийн албыг хашиж байсан бөгөөд төрийн албанаас халагдахыг хүсэхгүй байгаагаа учирлан хэлж машинд гарсан гэмтлийг засварлаж өгөхөө амласан тул тэр үед би иргэний гомдол гаргаж, шүүх цагдаагаар яваагүй буюу хоорондоо тохиролцож хохирлоо барагдуулахаар шийдсэн. Машинд маань учирсан нийт хохирлын хэмжээ нь 7,000,000 гаруй төгрөг гарсан бөгөөд одоогоор миний машин нь эвдэрсэн байдалтайгаар Аз кузов засварын гражид түрээсэлж тавьсан байгаа. Нэг сарын түрээс нь 300,000 төгрөг бөгөөд нийт 5 сарын хугацаанд 1,500,000 төгрөгийн тооцоо гарчихсан байна. Ингээд нийтдээ 8,500,000 төгрөгийн хохирлыг надад учруулаад байна. Гомдол буцаагдсан тэр өдрөөс хойш 1 жил, 7 хоног буюу 373 гаруй хоног өнгөрч байхад миний машиныг засварлаж өгөөгүй. Би машинаа засуулж авахаа сар бүр хэлж, шаардлага тавьсаар байсан боловч Д.Б нь үл ойшоож, утсаа авахгүй, надтай огт холбогдохгүй хариуцлагаа хүлээхгүй байгаа билээ. Иймээс Д.Боос машины засварт гаргасан 7,000,000 төгрөг, мөн гражын 5 сарын төлбөр 1,500,000 төгрөг, нийт 8,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.Сын нэхэмжлэлтэй танилцлаа. С.Сын нэхэмжилсэн 8,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. С.Сын нэхэмжилсэн 8,500,000 төгрөгийг 2025 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгч С.С шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Бийн хариу тайлбартай танилцлаа. Миний нэхэмжилсэн 8,500,000 төгрөгийг Д.Б 2025 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хариу тайлбар гаргасныг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.С нь хариуцагч Д.Бт холбогдуулан гэм хорын хохирол 8,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.Сын гэм хорын хохирол 8,500,000 төгрөгийг 2025 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн дотор төлж барагдуулахаа хариуцагч Д.Б илэрхийлсэн ба тухайн хугацааг нэхэмжлэгч С.С хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагч Д.Б нь нэхэмжлэгч С.Сын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Хариуцагч Д.Б нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,950 төгрөгийн тал хувь болох 75,475 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 75,475 төгрөг, хариуцагч Д.Боос 75,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Сад олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч С.Сын гэм хорын хохирол 8,500,000 төгрөгийг 2025 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн дотор төлж барагдуулахыг хариуцагч Д.Б хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 75,475 төгрөг, хариуцагч Д.Боос 75,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Сад олгож, 75,475 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. 

 

 

 

ШҮҮГЧ                              Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ