| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2024/00545/и |
| Дугаар | 152/ШШ2024/00486 |
| Огноо | 2024-11-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 152/ШШ2024/00486
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ... дүгээр хороо, Парисийн гудамж, Ай си тауэр 13 давхар ... тоотод оршин байрлах, регистрийн дугаар ..., Инвескор хэтэвч ББСБ ХХК-ийн,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын ... дугаар багийн .... тоотод оршин суух, регистрийн дугаар: ...., Б ургийн овогт Т-ын С-д холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1,875,396.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Т.С нь манай компанитай 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Б26600554 дугаартай “Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулсан бөгөөд гэрээнд “Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг” гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно” гэж заасны дагуу зээлдэгч Т.Сгийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас: 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 7800498877 дугаартай зээлийн дансны дугаартай, 1,034,000.00 /нэг сая гучин дөрвөн мянга/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5800773225 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд: 1. 2023 оны 6 дугаар сарын 27-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл: 1,034,000.00 /нэг сая гучин дөрвөн мянга/ төгрөг, шимтгэл: 20,680.00 /хорин мянга зургаан зуун ная/ төгрөг, үндсэн хүү: 685,329.54 /зургаан зуун наян таван мянга гурван зуун хорин есөн төгрөг тавин дөрвөн мөнгө/, нэмэгдүүлсэн хүү: 127,887.39 /нэг зуун хорин долоон мянга найман зуун наян долоон төгрөг гучин есөн мөнгө/ төгрөг, нийт: 1,867,896.93 /нэг сая найман зуун жаран долоон мянга найман зуун ерөн зургаан төгрөг ерөн гурван мөнгө/ төгрөг шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: Нотариатын зардал 7,500.00 /долоон мянга таван зуу/ төгрөг. Иймд хариуцагч Т.Сгаас нийт 1,875,396.93 /нэг сая найман зуун далан таван мянга гурван зуун ерөн зургаан төгрөг ерөн гурван мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.С шүүхэд гаргасан тайлбартаа: Инвескор хэтэвч ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,875,396.93 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Тус байгууллагын нэхэмжилсэн 1,875,396.93 төгрөгийг 3 хувааж 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөг, үлдэгдэл дүн болох 875,396.93 төгрөгийг 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Т.С нь нэхэмжлэлийн үнийн дүнг 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөг, үлдэгдэл дүн болох 875,396.93 төгрөгийг 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор буюу нийт 3 сарын хугацаанд төлж барагдуулах хүсэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Намуун-Орших миний бие маргах зүйлгүйгээр хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ХХК нь хариуцагч Т.Сд холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1,875,396.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Инескор хэтэвч ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1,875,396.93 төгрөгийг 3 хувааж 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөг, үлдэгдэл дүн болох 875,396.93 төгрөгийг 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулахаа хариуцагч Т.С илэрхийлсэн ба тухайн хугацааг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагч Т.С нь нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Т.С нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,956.35 төгрөгийн тал хувь болох 22,478.175 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 22,478.175 төгрөг, хариуцагч Т.Сгаас 22,478.175 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ХХК -д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1,875,396.93 төгрөгийг 3 хувааж 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөг, үлдэгдэл дүн болох 875,396.93 төгрөгийг 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулахыг хариуцагч Т.С хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 22,478 төгрөг, хариуцагч Т.Сгаас 22,478 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ХХК-д олгож, 22,478 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ