| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2024/00533/и |
| Дугаар | 152/ШШ2024/00490 |
| Огноо | 2024-11-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 152/ШШ2024/00490
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, ... дугаар ... айлын ... тоотод байнга оршин суух, Улаангом сумын ... дүгээр баг, Хөгжил хотхон ... тоотод түр оршин суух, регистрийн дугаар ...., Б ургийн овогт М-ын Г-гийн,
Э.Гийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Э.Гтэй 2016 онд танилцаж, 2017 онд Г.Ц, 2021 онд Г.Э, 2023 онд Г.Г нарыг төрүүлсэн ба хамт амьдарч байх хугацаанд буюу 2020 онд хуримаа хийсэн. Э.Г нь 3 дахь охин Г.Г-г төрөөд 10 хоногтой байхаас тус тусдаа амьдарч эхэлсэн. Тухайн үеэс хойш хааяа нэг чат бичиж, Улаанбаатар хотод манай аавын гэрт ирж уулзсан ч оршин суугаа хаяг, эрхэлсэн ажлаа хэлдэггүй байсан ба тусдаа амьдраад олон жил болж байна. Гэрлэлтээ цуцлуулах гэхээр оршин суугаа хаяг нь тодорхойгүй тул шүүхэд хандаж байна. Иймд Э.Гийн хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, охин Г.Ц, Г.Э, Г.Г нарын төрсний бүртгэлийн лавлагаа, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 877 дугаар тодорхойлолт зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Шүүхээс Э.Э-ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 639, 10 дугаар сарын 22-ны өдрийн 654 дүгээр тодорхойлолт, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1/135 дугаар тодорхойлолт зэрэг баримтуудыг нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М.Ггийн Э.Г-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийн эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул М.Г-гийн Э.Г-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
М.Г, Э.Г нар 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдөр охин Г.Ц, 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр охин Г.Э, 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр охин Г.Г нар төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн болон төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
М.Г, Э.Г нар 2023 оны 8 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа ба нэхэмжлэгч М.Г нь шүүхэд гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргах гэсэн боловч Э.Г нь байнга оршин суух хаягтаа оршин суудаггүй, хаяг тодорхойгүй гэх шалтгаанаар түүнийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Дээрх үйл баримтаас үзэхэд Э.Г иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн байна.
Нэхэмжлэгчээс Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 877 дугаар Улаангом сумын 3 дугаар багийн иргэн Эрдэнэдэлгэр овогтой Г нь тус багийн 115 дугаар байрны ... тоот хаягт оршин суудаг боловч 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс хойш тухайн хаягтаа оршин суудаггүй болохыг тодорхойлов гэх тодорхойлолтыг ирүүлсэн байна. Улмаар шүүхээс Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Э.Г-ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг гаргуулахад Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 7 дугаар гудамжны 7-4 тоот хаягт оршин суудаг талаарх лавлагааг ирүүлсэн тул тус багийн Засаг даргаас Э.Г тухайн хаягт оршин суудаг эсэхийг тодруулахад Тус хаягт бүртгэлгүй, амьдардаггүй гэх хариуг ирүүлжээ. Дахин Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газраас Э.Г-ийн оршин суугаа газрын хаягийг тодруулахад Э-ийн Г нь Улаангом сумын 3 дугаар баг, Галданбошигт-2 хорооллын ... дугаар байрны 1-37 тоотод оршин суудаг болног гэх тодорхойлолтыг ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч М.Г нь нэхэмжлэлдээ Э.Г-ийн эх н.Чандманы утасны дугаарыг бичсэн байсан ба түүнээс хүү Э.Г-ийн оршин суугаа хаягийг тодруулахаар удаа дараа залгасан боловч дуудлагыг хүлээн аваагүй болно.
3. Э.Г нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн байх бөгөөд байнга оршин суух хаягтаа оршин суудаггүй, хаяг тодорхойгүй болох нь нэхэмжлэгчийн хүсэлт, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 877 дугаар тодорхойлолт, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1/135 дугаар тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
4. Иймд 1994 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ......, Г- ургийн овогт Э-ийн Г-ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэлээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч М.Г-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсгүүдэд зааснаар 1994 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ........., Улаангом сумын 3 дугаар баг, Галданбошигт-2 хорооллын ......... дугаар байрны .......... тоотод оршин сууж байсан, Г ургийн овогт Э- ийн Г-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Э.Гийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг тогтоох ажиллагааг Увс аймгийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч М.Г-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ