Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 117/ШШ2024/0003

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч,

Гуравдагч этгээд: ******* ХХК нарын хоорондын Мандал ХХК-ийн өмчлөлд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багт байршилтай 2 давхар 4*******.6 м.кв талбайтай дэлгүүр, 364 м.кв агуулахын барилгыг миний тушаал, шийдвэргүйгээр бүртгэсэн 2000 оны 05 сарын 10-ны өдрийн үйлдлийг хууль бус байсныг тогтоолгож, ******* дугаарт бүртгэгдсэн ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг: Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгч ******* нь анх Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “******* ХХК-ийн өмчлөлд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багт байршилтай 2 давхар 4*******.6 м.кв талбайтай дэлгүүр, 364 м.кв агуулахын барилгыг бүртгэсэн 2000 оны 05 сарын 10-ны өдрийн үйлдэл хууль бус байсныг тогтоож, хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа гарган маргасан.

1.2. Хэрэг  хянан  шийдвэрлэх  ажиллагааны  явцад  буюу  2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ... миний тушаал, шийдвэргүйгээр бүртгэсэн 2000 оны 05 сарын 10-ны өдрийн үйлдлийг хууль бус байсныг тогтоолгож, ******* дугаарт бүртгэгдсэн ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгуулахгэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. 

Хоёр: Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Дундговь аймгийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар 2000 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ******* ХХК-ийг Сайнцагаан сумын 7-р багт орших дэлгүүрийн зориулалт бүхий 2 давхар 4*******.6 м.кв талбайтай, 22684000 төгрөгийн үнэтэй тоосгон барилга, агуулахын зориулалт бүхий 364 м.кв талбайтай 1000000 төгрөгийн үнэтэй чулуун барилгын хууль ёсны өмчлөгч мөн гэж үзээд улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн ******* тоот гэрчилгээ олгосон байна. /1-р хавтаст хэргийн 101-р хуудас/

2.2.Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр *******ын дэлгүүрийн талбайн хэмжээг шинэчлэх, хаягийн өөрчлөлт хийлгэх эд хөрөнгийн улсын бүртгэлийн мэдүүлэгт үндэслэн улсын бүртгэлийн Ү-0814000325 дугаарт шинэчилсэн бүртгэл хийж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн  гэрчилгээ олгожээ. /2-р хавтаст хэргийн 32-р хуудас/

2.3.Иргэн ******* нь 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст лавлагаа гаргуулах өргөдлийг өгч, тус хэлтсээс 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 4/588 дугаар, мөн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2/412 дугаар албан бичгүүдээр хариуг өгсөн байна. /1-р хавтаст хэргийн 6,8, 2-р хавтаст хэргийн 12-р хуудас/

2.4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 330 дугаар тогтоолоор Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 017 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******ийн гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэжээ. /3-р хавтаст хэргийн 193-223-р хуудас/

2.5. Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд ******* Сайнцагаан сумын 7-р багт байрлах ******* ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй 2 давхар 4*******,6 м.кв талбайтай дэлгүүрийн барилга, 364 м.кв талбайтай агуулахын барилгын өмчлөгч болохыг тогтоож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргаж, улмаар 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 1991 оны 11 сарын 15-ны өдрийн худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний ******* ББХХ-тай хамтран байгуулсан иргэд хоорондын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэж нэхэмжлэлийн  шаардлагаа  нэмэгдүүлж,   2020  оны  5  дугаар  сарын  27-ны   өдөр Сайнцагаан сумын 7-р багт байрлах ******* ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй 2 давхар 4*******,6 м.кв талбай дэлгүүрийн барилга, 30  м.кв талбайтай уурын зуухны барилга, 62 м урттай тоосгон хашааны үнэ болох 500000000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг өөрчилсөн байна.

2.6. Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 484 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2374 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 1225 дугаар тогтоолоор дээрх иргэний хэргийг шийдвэрлэсэн. /1-р хавтаст хэргийн 212-233-р хуудас/

2.7. Мөн нэхэмжлэгчээс “*******ийг төрөөс ыг 1991 онд худалдаж авахад *******, нар өмч хувьчлалд ягаан тасалбар нийлүүлж, оролцоогүй болохыг тогтоолгох, ******* ХХК-ийн хөрөнгийн бүртгэлд *******ийг эзэмшигчээр бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, тус шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 385 дугаар шийдвэр, Дундговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 20 дугаар магадлалаар тус тус шийдвэрлэжээ. /2-р хавтаст хэргийн 168-190-р хуудас/

2.8.Нэхэмжлэгчийн зүгээс ыг төрөөс 598 ширхэг хувьцаагаар худалдаж авсан. Үүнд эдгээр хүмүүс оролцоогүй, хоршоог худалдаж авахад би оролцсон. Эдгээр хүмүүс хувьцаа бол нийлүүлсэн. 282, ******* 450 ширхэг хувьцаа өгсөн. Бусад хувьцааг би гаргасан. Өмчлөгчийн гэрчилгээ албан ёсоор миний нэр дээр гарсан байдаг. Бүх юм миний нэр дээр гарчихсан байхад надаас зөвшөөрөл авахгүйгээр, миний визгүйгээр, ямар нэгэн тушаал шийдвэргүйгээр улсын бүртгэлд бүртгүүлсэн нь гомдол дагуулж байна. 2000 онд ******* ХХК-ийг бүртгүүлэхдээ надаас албан ёсны зөвшөөрөл авах ёстой байсан. Гэвч улсын бүртгэлийн байгууллага мөнгө тушаасан баримт, өргөдөл, байшингийн хэмжээг гаргасан зураг, газрын гэрчилгээ зэрэг дөрөвхөн баримтыг хараад л бүртгэчихсэн. Энэ хүмүүс 2000 онд улсын бүртгэлд бүртгүүлэхдээ одоо хэрэгт авагдсан байгаа ******* хоршоотой холбогдох баримтуудыг өгөөгүй нь хуйвалдсан байхыг үгүйсгэхгүй. Хэрэв өгсөн бол намайг дуудаж асуух байсан байх. Бүртгэл хүчингүй болсноор бид анхны шигээ инээж уулзана, өөр арга байхгүй. Улсын бүртгэлийн газар 1997 оны Үл хөдлөх эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-ийн  1-т тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг нотлох бичиг баримт гэж заасныг зөрчиж бүртгэсэн ... гэх зэрэг агуулгаар маргана.

2.9.Хариуцагчийн зүгээс ******* ХХК-ийн 2000 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэрт байрлах 2 давхар 4*******.6 м.кв талбайтай дэлгүүр, 364 м.кв талбайтай агуулахын барилгын өмчлөх эрхийг баталгаажуулахаар гаргасан №399 тоот мэдүүлэг нь 1997 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн үл хөдлөх эд  хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 9.5-д заасан холбогдох нотлох баримтын шаардлага хангасан байх тул “*******” ХХК-ийн өмчлөлд бүртгэж улсын бүртгэлийн Ү-0814000325 дугаар олгосон. Энэ нь хуулийг зөрчөөгүй гэх зэрэг агуулгаар маргана.   

2.10.Гуравдагч этгээд ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нарын зүгээс тухайн үед хоршооны даргаар ******* ажиллаж байсан учраас хувьчлалын тасалбарууд цуглуулж, өмч хувьчлалын комисст тушааж гэрчилгээ авсан байдаг юм. Бүгдээрээ хөдөлмөрлөөд л олсон орлогынхоо үр дүнгээр энэ ягаан тасалбарын үнийг төлсөн. Дүрэмдээ ч хувь тэнцүү дундын хөрөнгийг эзэмшинэ гэж заасан. Хоршооны үйл ажиллагаа яваад 2 жил болсны дараа ******* хоршооноос гарна гэсэн өргөдлийг өгсөн. Өргөдөл өгсөн өдөр хоршооны гишүүд хуралдаад эд ны үндсэн хөрөнгө, 250 метр агуулахын хөрөнгийг ногдуулж өгсөн. Ингээд ******* үлдсэн 3 гишүүнд үлдсэн. Бид 2000 онд хуулийн дагуу ******* ХХК-ийг улсын бүртгэлд бүртгүүлсэн гэх зэрэг агуулгаар маргана. 

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ыг төрөөс 598 ширхэг хувьцаагаар худалдаж авсан. Үүнд эдгээр хүмүүс оролцоогүй. Хувьцааг бид гаргасан гэх нотлох баримт өнөөдрийг хүртэл байхгүй. 3 дугаар хавтаст хэрэгт Дундговь аймгийн Сайнцагаан сумын хөрөнгө оруулалтын эрхийн бичгийг иргэдээс авч ашиглах мэдээлэл гэсэн зүйл байгаа. Энэ мэдээлэл дээр 201 хүний хувьцааг авчээ гээд овог нэртэй, регистрийн дугаартай, их хувьчлалаа хаана нийлүүлсэн гэдэг мэдээлэлтэйгээ байгаа юм. 4 хүн үүнийг гаргасан гэвэл нэг хүнд 150 орчим ногдох юм. Гэтэл гэрчүүд мэдүүлэг өгсөн байдаг. Зарим нь мэдэхгүй гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Яг *******эд өгсөн гэх мэдүүлэг нь 254 хүн буюу 254 хүний ягаан тасалбарыг ******* авсан гэсэн ийм мэдээлэл өгснийг шүүх албан ёсоор хууль сануулаад мэдүүлэг авчихсан байдаг. 598 ширхэг хувьцааг  4-т хуваахад нэг хүнд 150 орчим ногдохоор байна. Гэтэл одоо амьд байгаа хүн нь 254 ширхгийг *******эд өгсөн гэж мэдүүлэг өгсөн байдаг. Эдгээр нөхдүүд хувьцааг зөв байна уу, энэ регистрийн дугаартайгаа хүн нь тохирох нь уу, үгүй юу гэдгийг улсын архивд байгаа материалд шүүгчээр үзлэг хийлгэсэн юм. *******ж  үзлэг  хийлгэхэд  зөрүүтэй  хүн  гараагүй. Шүүх хуралдаан дээр ******* тайлбарладаг. Бид хувьцаан дээр маргаан байхгүй гэж 3 дугаар хавтаст хэрэгт байгаа тэмдэглэлд бичигдсэн. хоршоо, ыг аваад хоршоо байгуулахаар болсон. Бид үйл ажиллагаа явуулсан. Би дуудлага худалдаанд ороод албан ёсоор авсан. Албан ёсоор хувьцааг нь аваад тушаасан. Албан ёсоор гэрчилгээг нь сүүлд сая татаж авсан байх. Албан ёсоор өмчлөгчийн гэрчилгээг өмч хувьчлалын газраас авсан. Улсын бүртгэлд бүртгүүлэхэд заавал тогтоол, шийдвэр гаргах учиртай. ******* тогтоол үйлдье гэж ирсэн. Би үйлдэхгүй, та нар албан ёсны бүх юмаа үнэл гэсэн. Анх өргөдлийг хэлэлцсэн протоколд байгаа. Албан ёсны тогтоол байхгүй, албан ёсны тушаал байхгүй, албан ёсны шилжсэн гэсэн бичиг байхгүй. Ийм юмыг Улсын бүртгэлд бүртгүүлээд ичихгүй миний юм, би бүхэлд нь эзэмшинэ гээд олон хувьцаа нийлүүлж нэр төрөөрөө хохирсон юм шиг юм ярих дэмий байх гэж бодож байна. Улсын бүртгэлийн газарт материал өгөхдөө газрын гэрчилгээ, өргөдөл, мөнгө тушаасан баримт, байшингийн хэмжээг тогтоосон зураг ийм дөрөвхөн юм өгсөн байгаа юм. Улсын бүртгэлд иймхэн юмаар бүртгүүлсэн нь хуулийг зөрчсөн. Бүх юм миний нэр дээр гарчихсан байхад надаас зөвшөөрөл авахгүйгээр, миний визгүйгээр миний ямар нэгэн тушаал, шийдвэргүйгээр Улсын бүртгэлд нууцаар үйлчлүүлсэн нь гомдол дагуулж байгаа юм. Бүртгэл хүчингүй болохоор 1991 онд бид анх уулзаж байсан шигээ инээж уулзана, өөр арга байхгүй. Уг нь 1992 оны сүүлээр гарах гэж байсан юм. Гэвч уурын зуух бариулж байж гаргана гээд хойшлуулсан. Ямар ч харьцаатай байсан гаръя гэсэн сэтгэгдэл төрсөн. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийг яагаад зөрчсөн гэж яриад байна гэхээр Улсын бүртгэлийн газар мэдүүлэг авах ёстой. Мэдүүлэг авахдаа Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг Улсын бүртгэгч анхаарч хараагүй. Барьсан юм уу, худалдаж авсан юм уу, шилжүүлсэн юм уу, үе дамжуулсан юм уу үүнийг бүртгэлийн газар анхаараагүй. Шударга байсан бол ******* протоколоо өгөхгүй яасан юм. *******тэй цуг ажиллаж байгаад ******* ингээд гарчихсан протокол нь энэ байна гээд өгчихгүй яасан юм. Протоколыг нь үзсэн мөрдөгч бол *******ийг дуудна биз дээ. ******* хоршоог байгуулахад 4 хүн байгуулсан. ******* ер нь ямар ч хамаагүй гээд тайлбарлаж өгөхгүй яасан юм. Чухал бичиг баримтуудаа Улсын бүртгэлийн газарт өгөөгүй байгаа нь хуйвалдсан байхыг үгүйсгэхгүй гэсэн хардлага төрүүлчихсэн. Хувьцаа эзэмшигчдийн хурал хийгээд албан ёсны шийдвэр гарах ёстой.. Протоколоор хөрөнгө хуваах ёс байхгүй, тушаалаар юм уу, тогтоолоор хуваагдана, тогтоолоо гаргаагүй. Хэрэв энэ шүүхэд гаргаж өгсөн зүйлээ Улсын бүртгэлийн хэлтэст өгчихсөн бол Улсын бүртгэлийн хэлтэс тогтоол юм уу, тушаал аваад ир гэж нэхэх юм уу, нэг  үйлдэл хийх байсан байх. Тийм учраас нуугаад Улсын бүртгэлийн газарт өгөөгүй байна. Улсын бүртгэлийн хэлтсээс ирсэн материал дээр тулгуурлаж би хэлж байна. Тэгээд албан ёсоор ******* ХХК-ийн эзэмшилд бүрэн шилжсэн гэсэн тушаал, шийдвэр өнөөдрийг хүртэл байхгүй. Улсын бүртгэлийн хэлтсээс өгсөн 2 албан бичгийг хэзээ авсан он, сар, өдрөө санахгүй байна. ... Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ бүрэн дэмжиж байна гэв.

3.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын бүртгэлийн байгууллагад ******* ХХК нь 2000 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 2 давхар 4*******,6 м.кв талбайтай дэлгүүр, 364 м.кв талбайтай агуулахын барилгын өмчлөх эрхийг баталгаажуулахаар 399 тоот мэдүүлэг гаргасан.  399 тоот мэдүүлгийг гаргахдаа ******* ХХК-ийн захирал албан хүсэлтээ гаргаж, гарын үсэг зурсан байдаг. Тус хуулийн этгээд нь нэг гишүүнтэй буюу эцсийн өмчлөгч нь гэсэн хүн гарын үсгээ зурж, манай байгууллагад албан ёсны үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг бүртгүүлэх мэдүүлгийг гаргаж хүсэлт гаргасан байдаг юм. Энэ хүсэлт мэдүүлгийг хүлээн авч Улсын бүртгэлийн байгууллага тухайн үеийн 1997  онд хүчин төгөлдөр анх батлагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан нотлох баримтуудыг нотлох баримтын шаардлагыг хангуулж, бүрэн авсан. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д зааснаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийн оршин байгаа бүртгэлийн байгууллагад хүсэлтээ гаргасан. Тус хуулийн 9.3-т үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хэсгээр өмчилж байгаа өмчлөгч тус бүр өөрт ногдох хэсгээ бүртгүүлэхээр бол бие даасан мэдүүлэг гаргана.  4-т нэг зориулалттай, нэгдмэл байдалтай ашиглах цогцолбор, үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэхэд нэг мэдүүлэг гаргана гэж зааснаар ******* ХХК нь нэг эцсийн өмчлөгч буюу захирал нь манайд албан ёсоор мэдүүлгээ гаргасан.  Манай байгууллагын хувьд 9 дүгээр зүйлийн 5, 6-д заасан баримтуудыг бүрэн шаардлага хангуулж авсан. Нэхэмжлэгч 5-ийн 1-д заасан тухайн үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийг нотлох бичиг баримтыг ярьж байна. Энэ нь ******* ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ, ******* ХХК нэг эцсийн өмчлөгчтэй, гуайн гаргасан албан хүсэлт. Хоёрдугаарт нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, үнэлгээг тогтоосон эрх бүхий байгууллагын бичиг байна. Гуравдугаарт газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ мөн адил байна. Өмчлөгчийн кадастрын зураг энэ шинээр нэмэлтээр орсон заалт байгаа. Эцэст нь мөнгө тушаасан баримт. Уг баримт нь авагдсан байдаг. Ингээд тухайн  байгууллагын  план  зураг,  фото   зурагтайгаа  авагдсан.  Мэдүүлгийг  бүрэн хүлээн авч, тухайн үеийн хуулийн 9.6-д зааснаар нотариатаар гэрчлүүлсэн байсан. Энэ ирүүлсэн баримтыг үндэслээд тухайн үед улсын бүртгэгч хийж байсан гуай 1997 оны хуулийн дагуу нотлох баримтын шаардлага хангуулж, тухайн бүртгэлийг хийж, улсын бүртгэлийн Ү-0814000325 дугаарт бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон юм. 2000 онд ******* ХХК-иас 1994 оны 1 сарын 10-ны өдрийн *******эд өмч өгч гаргасан тухай тэмдэглэл, хоршоог төрөөс худалдаж авсан тухай болон ******* хоршоог байгуулсан тухай мэдээллийг өгөөгүй боловч сүүлд 2020 онд шинэчилсэн бүртгэлийг хийлгэхдээ нөхөн өгсөн. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар нөхөн авч болно. Дээрх нотлох баримтаас харахад нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэрэгсэхгүй болгох хүсэлтэй байна

3.3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1991 онд Монгол Улс зах зээлд шилжиж өмч хувьчлал болсон. Энэ өмч хувьчлал болоход хоршоо, ыг худалдаж авахаар , *******, , ******* гэсэн 4 хүн харилцан тохиролцож, энэ дөрвөн хүнийг төлөөлж ******* дуудлага худалдаанд оролцсон. Дуудлага худалдаанд оролцсон учраас дээрх объектуудыг худалдан авсан, авахдаа бид нар бага хувьчлалын тасалбараар авсан. Бага хувьчлалын тасалбарыг  хүмүүсээс цуглуулаад хоршоо байгуулахаар ярьсан байсан. Хоршооны даргаар ******* ажиллаж байсан учраас ******* хувьчлалын тасалбарууд цуглуулж, өмч хувьчлалын комисст тушааж гэрчилгээ авсан байдаг юм. Тэгээд бид нар хоршоо байгуулаад байгуулсан хоршооныхоо дүрэмдээ бүгдээрээ хувь тэнцүүлэн хөрөнгө оруулж ажиллана гэж тохироод ******* дарга, манай гэр бүлээс *******ийг төлөөлж би, даргыг төлөөлж гэр бүлийн хүн болох , бид дөрөв хоршоондоо нэрээ албан ёсоор оруулж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Энэ үйл ажиллагааныхаа үр дүнгээр олсон орлогоороо ягаан тасалбарын үнийг дараа нь хүмүүст төлж өгсөн байдаг. Тийм болохоор тэр энэ илүү авсан, тэр дутуу өгсөн гэсэн асуудал байхгүй. Бүгдээрээ хөдөлмөрлөөд л олсон орлогынхоо үр дүнгээр энэ ягаан тасалбарын үнийг төлсөн. ******* хоршооны хавсралт дээр оруулсан хөрөнгийн хэмжээг нэг хүн 562000 төгрөг гэж оруулсан. Нийтдээ 2248000 төгрөг оруулсан. Нэг хүн 25 хувь эзэмшинэ гэж хоршооныхоо хувь хэмжээг ******* дарга батлаад нотариатаар батлуулаад татварын албанд бүртгүүлснээс энэ хоршооны үйл ажиллагаа явагдсан. Тэгээд хоршооны үйл ажиллагаа яваад 2 жил болсны дараа ******* дарга хоршооноосоо гарна гэсэн өргөдлөө өгсөн байдаг юм. Өргөдлийн хуулбар    хавтаст   хэрэгт    авагдсан    байгаа.   Өргөдөл  дээрээ  бид   нар   хамтран ажилласан, цаашид хамт ажиллаж чадахгүй, анх нийлүүлсэн хувьцаандаа ногдох хэмжээний хөрөнгийг тасдаж авъя, тэгээд яахаа шийдье гээд биччихсэн өргөдөл нь байгаа. Тэгээд тэр өргөдөл бичсэн өдрөө хоршооны гишүүд хуралдаад ******* дарга гарахаар болсон. ******* даргад ногдох хөрөнгийг нь хуваая. Үүнд үндсэн хөрөнгийг хуваахдаа хөрөнгөө 4 хуваагаад үүнээс хойш бий болсон эргэлтийн хөрөнгийн 43,8 хувийг хувааж өгье гэж тохиролцоод дөрвүүлээ гарын үсгээ зураад хоршоогоо хуваасан байдаг. Үүнтэй холбоотой баримтууд хавтаст хэрэгт байгаа. ны үндсэн хөрөнгө, 250 метр агуулахын хөрөнгө. Ийм хоёр үл хөдлөх хөрөнгийг ******* даргад өгөөд үлдсэн ******* компанийн 2 давхар дэлгүүрийг үлдсэн 3 гишүүн нь аваад  үлдсэн. Өнөөдөр энэ ******* компанийн өмчлөгч хэн бэ гэхэд энэ өмчлөх эрх ******* даргад үүсэхгүй байгаа. Энэ талаар үүсгүүлэхээр 2 дахин шүүхэд хандсан. 3 шатны шүүхээр авч хэлэлцээгүй. Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолыг би хууль хэрэглээг тайлбарлаж байгаа эцсийн шийдвэр гэж ойлгодог. Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 12 сарын 06-ны өдрийн 1125 тоот тогтоол дээр тодорхой тайлбарласан. Тухайн үед Дундговь аймгийн хэмжээнд үнэлгээ хийх эрх бүхий хүн нь байсан учраас тэр хүнээр *******ын хөрөнгийг үнэлүүлж, тэр албан ёсоор үнэлсэн материалыг нь Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн байгаа юм. ******* дарга тэр компанийн хөрөнгөд хөндлөнгөөс нь өмчлөгч болох гэдгийг би ерөөсөө ойлгохгүй байна. Тийм учраас Улсын бүртгэлийн хэлтэс тухайн үеийн хуулийн дагуу шаардлагатай материалыг нэхэж авч үнэн зөвөөр бүртгэсэн гэж үзэж байна гэв.

3.4.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ББХ хоршоог 4 хүн хувь тэнцүү 562000 төгрөгийн хөрөнгө оруулж байгуулаад Улсын бүртгэлд бүртгүүлж, албан ёсны аж ахуйн нэгж болсон. Энэ хүн өөрөө өргөдөл өгөөд гарсан. Энэ хүнд 13,780,000 төгрөгийн хөрөнгөтэй ******* хоршооны хөрөнгийг 4 хуваагаад өгөх юм бол нэг хүнд 3,445,000 төгрөг ногдох байсан. Гэтэл гишүүд нь хуралдаад үндсэн хөрөнгөө 4, эргэлтийн хөрөнгөний 43,8 хувийг *******эд өгье гэж шийдвэрлэснийхээ дагуу 4,802,329 төгрөгийн хамаагүй их хөрөнгийг энэ хүнд салгаж өгсөн. Нөгөө үлдсэн 3 хүнд нь нэг хүнд 2,970,000 төгрөг ногдож байгаа. Энэ илүү авсан хүн. Өнөөдөр ингээд нэхэмжлээд сууж байх учиргүй. Хуулийн үүднээс ч байхгүй. Тайлан баланс, бүх юмнууд, татварын байгууллага, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газраар бүртгэгдчихсэн байдаг. 2000 оны 05 сарын 10-ны өдөр Улсын бүртгэлд үл хөдлөх хөрөнгө бүртгүүлэх үед Баян-Уул компанийн 3 давхар барилгыг энэ хүн мөн бүртгүүлээд сууж байсан хүн. Тэр 2010 он. Түүнээс хойш 23 жил болж байна уу? Энэ хүний яриад байгаа 4*******м.кв дэлгүүрийн барилга чинь бид дөрвийн хөрөнгө байсан. Харин 364 м.кв агуулах нь энэ хүнээс салснаас хойш 1996 онд Мандалговь импекс компаниас компани худалдаж авсан байдаг нь баримтаар нотлогдоод энэ хүн шүүх дээр  нэхэмжлэлээсээ татгалзаж, 30 метр хашаа, 60 метр уурын зуухны барилга гэж өөрчилж байсан. Энэ чинь залилан. Огт хамаагүй юмыг хүртэл нэхэж байгаа юм. Өөрөөс нь гарсан баримт ер нь бараг байдаггүй. Дандаа бид нар бүх баримтыг гаргаж өгч байгаа. Энэ бүртгэл буруу, надаас асуугаагүй гэдэг. Асуух ёсгүй. Энэ хүний шаардсаны дагуу бид өөрт байсан бүх материалуудаа хувилж Иргэний хэргийн 3 шатны шүүхэд гаргаж өгсөн. Анх эхлээд тэр хөрөнгийг худалдаж авсан хувьцаануудын мөнгийг хүмүүст өгөхдөө ******* хоршооны дундын хөрөнгөнөөсөө өгсөн. Энэ хүн 1 дүгээр гарын үсгийг нь зурж, ******* 2 дугаар гарын үсгийг нь зурж олгох шийдвэр гарч дундын хөрөнгөнөөс өгсөн учраас энэ хөрөнгөнд 4 эзэн байсан. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг тухайн үеийн хуулийн дагуу бүртгэсэн. Тухайн үеийн хуулиар гишүүд хуралдаж шийдвэрээ гаргадаг. Шийдвэр тэмдэглэлээр баталгааждаг. Хууль, дүрэмд тогтоол гаргана гэсэн үг байхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч *******ийн 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн өргөдөлд  Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 4/588 дугаар, 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2/412 дугаар албан бичгүүдээр  хариуг тус тус өгөхдөө албан ёсоор гардуулсан баримт үйлдээгүй байна. /2-р хавтаст хэргийн 51-р хуудас/,

2.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 330 дугаар тогтоолоор *******ээс Дундговь аймгийн Улсын бүртгэлд холбогдуулан гаргасан энэ нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь буруу гэж дүгнэн шийдвэрлэсэн, мөн хариуцагчаас иргэн *******ийн 2018 оны 09 сарын 04-ний өдөр гаргасан өргөдлийн хариуг 2018 оны 09 сарын 10-ны өдрийн 4/588 албан тоотоор өөрт нь гардуулсан бөгөөд журнал, бүртгэл байхгүй гэх тайлбарыг ирүүлсэн /2-р хавтаст хэргийн 51-р хуудас/,  шүүх  хуралдаанд  нэхэмжлэгчээс  2018  оны  9  дүгээр сарын 10-ны өдрийн 4/588 дугаар, 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2/412 дугаар албан бичгүүдийг авсан он, сар, өдрөө санахгүй гэж мэдүүлсэн, хариуцагч болон гуравдагч этгээдийн төлөөлөгч нараас шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаатай холбогдуулан маргаагүй болно.

2.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан хугацааг хэтрүүлээгүй гэж үзлээ.

3. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн /1997 оны/ 9 дүгээр зүйлийн 5-д Мэдүүлэгт энэ хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлүүдийг тусгах бөгөөд дараахь бичиг баримтыг хавсаргана. Үүнд: 1/тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг нотлох бичиг баримт, 2/тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, үнэлгээг тогтоосон эрх бүхий байгууллагын бичиг баримт, 6-т мэдүүлэгт хавсаргах бичиг баримтыг нотариатаар батлан гэрчлүүлсэн байна гэж тус тус заасан байна. 

4. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 1-д “Бүртгэлийн байгууллага нь мэдүүлгийн бүрдэл дутуу, эсхүл мэдүүлэг гаргах үед тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч буюу эзэмшигчийн талаар маргаантай байвал уг мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж болно”, 11 дүгээр зүйлийн 2-т “Улсын бүртгэгч мэдүүлгийг хянаж, энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзвэл түүнийг улсын бүртгэлд бүртгэх шийдвэр гаргах бөгөөд мэдүүлэг авсан өдрөөр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэнэ”, 13 дугаар зүйлийн 1-т “Үл  хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэж, тухайн этгээд нь түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг өмчлөгчид олгоно” гэж тус тус заажээ.

5. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл аливаа этгээд үл хөдлөх эд хөрөнгийн хувьд үүссэн өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлж, баталгаажуулахдаа Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн /1997 он/ 9 дүгээр зүйлийн 5-д заасан материалыг бүрдүүлж өгөх бөгөөд улсын бүртгэгч энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1-д заасан мэдүүлэг авахаас татгалзах үндэслэл байгаа эсэхийг хянаж, улмаар тийм үндэслэл тогтоогдохгүй бол мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 2,  13 дугаар зүйлийн 1-т зааснаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэж, баталгаажуулахаар зохицуулсан байна. 

6. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбар зэргийг дүгнэхэд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлгийн улсын бүртгэлийн регистрийн № хэсэгт 2012278 гэж тусгагдсан, мөн хавсаргах бичиг баримтын жагсаалтын 1-т тоот, 2-т үнэлгээ, 3-т газар эзэмших эрхийн гэрчилгээ, 4-т улсын бүртгэлийн гэрчилгээ, 5-т план зураг гэж жагсаасан байх бөгөөд эдгээр нь Дундговь аймгийн Мандалговь сумын худалдаа үйлдвэрлэлийн “” /ББХК/-ийн 2000 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаартай албан бичиг, 2012278 регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, Хөрөнгийн үнэлгээний төвийн Дундговь аймаг дахь салбарын 2000 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 04 дугаартай албан бичиг, ******* ХХК-ийн үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ хийсэн тухай тайлан, 1999 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 081 дугаартай газар эзэмших гэрчилгээ, барилгын 1, 2 давхрын зохион байгуулалт зэрэг баримтууд байна. /2-р хавтаст хэргийн 87-102-р хуудас/

7. Гуравдагч этгээд “******* ” ХХК-иас бүрдүүлсэн баримтуудыг улсын бүртгэгч хүлээн аваад  Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн /1997 оны/ 10 дугаар зүйлийн 1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 2, 13 дугаар зүйлийн 1-т заасны дагуу тус компанийн хүсэлтэд үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг баталгаажуулсан үйл ажиллагаа нь хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэлээ. 

8. Тодруулбал нэхэмжлэгчээс шүүх хуралдаан дээр “газрын гэрчилгээ, өргөдөл, мөнгө тушаасан баримт, байшингийн хэмжээг гаргасан зураг ийм дөрөвхөн юмаар бүртгэсэн нь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн /1997 он/ 9 дүгээр зүйлийн 5-ийн 1-д заасныг зөрчсөн” гэж тайлбарлах боловч гуравдагч этгээд ******* ХХК-иас үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлгийн жагсаалтдаа дурдаж, хавсарган өгсөн баримтууд нь тус компанийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг нотолно.

9. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч *******ээс “ыг төрөөс 598 ширхэг хувьцаагаар худалдаж авахад эдгээр хүмүүс оролцоогүй. Мөн хоршоог төрөөс худалдаж авахад би оролцсон. Эдгээр хүмүүс хувьцаа бол нийлүүлсэн. 282, ******* 450 ширхэг хувьцаа өгсөн. Бусад хувьцааг би гаргасан. Бүх юм миний нэр дээр гарчихсан байхад надаас зөвшөөрөл авахгүйгээр, миний визгүйгээр, ямар нэгэн тушаал шийдвэргүйгээр улсын бүртгэлд бүртгүүлсэн нь гомдол дагуулж байна ...” гэж, гуравдагч этгээд ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас  “тухайн үед хоршооны даргаар ******* ажиллаж байсан учраас хувьчлалын тасалбарууд цуглуулж, өмч хувьчлалын комисст тушааж гэрчилгээ авсан байдаг юм. Бүгдээрээ хөдөлмөрлөөд л олсон орлогынхоо үр дүнгээр энэ ягаан тасалбарын үнийг төлсөн. Дүрэмдээ ч хувь тэнцүү дундын хөрөнгийг эзэмшинэ гэж заасан. *******  хоршооноос  гарна  гэсэн өргөдлийг өгсөн. Тус өдөр хоршооны гишүүд хуралдаад эд ны үндсэн хөрөнгө, 250 метр агуулахын хөрөнгө, эргэлтийн хөрөнгийн 43.8 хувийг хуваарилж өгсөн. Ингээд ******* үлдсэн 3 гишүүнд үлдсэн ...” гэж тус тус маргаж, мэтгэлцэнэ.

10. Гэвч Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 484 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2374 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 1225 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн маргаж буй хөрөнгийн өмчлөх эрх нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар хариуцагч “*******” ХХК-д шилжсэн, улсын бүртгэл үнэн зөв бөгөөд хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэл байхгүй тул гэж дүгнээд нэхэмжлэгч *******ийн хариуцагч ******* ХХК, ******* нарт холбогдуулан гаргасан 1991 оны 11 сарын 15-ны өдрийн худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний ******* ББХХ-тай хамтран байгуулсан иргэд хоорондын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багт байрлах ******* ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй 2 давхар 4*******,6 метр квадрат талбайтай дэлгүүрийн барилга, 30  метр квадрат талбайтай халаалтын зуухны барилга, 62 метр урттай тоосгон хашааны үнэ 500000000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн байна.

11. Мөн Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 385 дугаар шийдвэрээр  *******ийг төрөөс ыг 1991 онд худалдаж авахад *******, нар өмч хувьчлалд ягаан тасалбар нийлүүлж, оролцоогүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “*******” ХХК-ийн хөрөнгийн бүртгэлд *******ийг эзэмшигчээр бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

12. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн /1997 оны/ 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1, 2, 11 дүгээр зүйлийн 2, 13 дугаар зүйлийн 1-т заасныг   тус   тус  баримтлан  нэхэмжлэгч  *******ийн  нэхэмжлэлтэй,   Дундговь  аймгийн  Улсын бүртгэлийн хэлтэст хариуцагдах “*******” ХХК-ийн өмчлөлд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багт байршилтай, 2 давхар 4*******.6 метр квадрат талбайтай дэлгүүр, 364 м.кв агуулахын барилгыг миний тушаал, шийдвэргүйгээр бүртгэсэн 2000 оны 05 сарын 10-ны өдрийн үйлдлийг хууль бус байсныг тогтоолгож, ******* дугаарт бүртгэгдсэн ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ