Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 01728

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.А, Э.О нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Нармандах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/01510 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ч.А, Э.О нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н газарт холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 56 тоот шинжээч томилох тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 29-ний өдрийн 183/ШШ2019/01238 тоот шийдвэрээр Э.О, Ч.А нараас 240 418 515 төгрөгийг гаргуулж “Жи эс би капитал ББСБ”-д олгуулахаар шийдвэрлэсэн.

Уг шийдвэрт шийдвэр гүйцэтгэх газраас гүйцэтгэх ажиллагааг явуулж байх үедээ төлбөр төлөгч Э.Огийн өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 19 хороо, Цайз, Да Хүрээ гудамж, 39/4 тоот хаягт байрлах, үйчилгээний зориулалттай улсын бүртгэлийн Ү-2204090734 дугаарт бүртгэлтэй, 180 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг “Баян модот” ХХК-аар үнэлгээ гаргуулсан бөгөөд тус байгууллага 209 232 200 төгрөгөөр хөрөнгийг үнэлсэн. Тус үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн ханш одоогийн байдлаар 750 000 000-800 000 000 төгрөг хүрэх байтал хэт доогуур, бодит үнээс 4 дахин багаар үнэлсэн. Хариуцагч байгууллага “Жи эс би капитал ББСБ” ХХК-д илт давуу байдал олгохыг завдсанд гомдолтой байна.

Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгө маань байршил, чанар байдал, ашиглах зориулалтын хувьд бидний өгсөн үнийн санал болох 800 000 000 төгрөгийн үнэд дүйцэхүйц хэмжээний үл хөдлөх хөрөнгө байсан.

Иймд 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шинжээч томилсон тогтоолыг хүчингүй болгож, үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2019/01238 дугаартай шийдвэрээр Ч.А, Э.О нараас 240 418 515 төгрөгийг гаргуулж “Жи эс би капитал ББСБ” ХХК-д олгуулах, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Э.Огийн өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 19 хороо, Цайз, Да Хүрээ гудамж, 39/4 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн.

 Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас төлбөр төлөгч нарт удаа дараа шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэх мэдэгдэл гардуулсан боловч шийдвэрийг биелүүлээгүй тул дээрх хөрөнгийг битүүмжлэн, хураасан. Төлбөр төлөгч Э.О, Ч.А нарт үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналаа 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс өмнө ирүүлэхийг мэдэгдсэн мэдэгдлийг баталгаат шуудангаар 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүргүүлсэн. Төлбөр төлөгч нар заасан хугацаанд үнийн саналаа ирүүлээгүй тул хөрөнгө үнэлгээний “Баян модот” ХХК-ийг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 56 дугаартай тогтоолоор томилоход 209 332 200 төгрөгөөр үнэлсэн.

Шинжээчийн үнэлгээний талаарх тайланг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 4/1240 дугаартай албан бичгээр Ч.Ад биечлэн, мөн Э.Од дамжуулан өгөхөөр хүлээн авсан нь шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн тэмдэглэлээр нотлогдож байгаа. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тусгай мэдлэг, ур чадвар шаардагдсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шинжээчийг томилсон. Тухайн томилогдсон шинжээчийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хуваарилдаг тул хуваарийн дагуу энэ үнэлгээн дээр “Баян модот” ХХК таарсан.

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.О, Ч.А нар манай компанитай 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 150 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 3,5 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлдэгч нар төлбөрөө хугацаандаа төлж барагдуулаагүй тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2019/01238 дугаар шийдвэрээр хариуцагч Э.О, Ч.А нараас 238 995 388 төгрөг гаргуулж “Жи Эс Би Капитал ББСБ” ХХК-д олгох, шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз 13291 Да хүрээ гудамж, 39/4 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204090734 дугаартай 180 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн.

Тус шүүхийн шийдвэрийн дагуу Н газарт 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ажиллагааг эхлүүлсэн. Барьцаа хөрөнгийн үнэлгээг талууд тохиролцож чадаагүй тул хуульд заасан журмын дагуу 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 56 дугаар тогтоолоор шинжээч томилсон. Шинжээч С.Цэвээнролом нь тусгай зөвшөөрөл бүхий мэргэшсэн шинжээч болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа бөгөөд тус эд хөрөнгийг 209 232 200 төгрөгөөр үнэлсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан бөгөөд нэхэмжлэгч өөрийн эд хөрөнгийн зах зээлийн ханшийг 800 000 000 төгрөг гэж байгаа хэдий ч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй. Төлбөр төлөгч нар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш өнөөдөр хүртэл төлбөр төлөөгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатай саад учруулж, хугацаа авч байгаа тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломж олгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг баримтлан хариуцагч Н газарт холбогдуулан гаргасан шинжээч томилсон 2020 оны 01-р сарын 13-ны өдрийн 56 дугаартай тогтоол, “Баян модот” ХХК-ний 2020 оны 01-р сарын 22-ны өдрийн тайлангаар тогтоосон Баянзүрх дүүрэг, 19 хороо, Цайз /13291/, Да Хүрээ гудамж, 39/4 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204090734 дугаарт бүртгэгдсэн, 180 м.кв талбайтай, үйчилгээ зориулалттай, зоорийн давхарын үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Ч.А, Э.О нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т заасныг баримтлан тус шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШЗ2020/02657 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь огт ойлгомжгүй, тодорхойлох, үндэслэх болон тогтоох хэсэг нь өөр хоорондоо зөрчилдсөн гэж үзэхээр байна. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “...үнэлгээг хүчингүйд тооцуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилсон шийдвэр гүйцэтгэгчийн 56 тоот тогтоолыг хүчингүйд тооцуулахаар нэмэгдүүлсэн шаардлага гаргасан байна” гэсэн атлаа уг шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсан байна.

Анхан шатны шүүх мөн шийдвэрийнхээ тодорхойлох нь хэсэгт нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг зөвхөн үндсэн нэхэмжлэлийн шаардлага буюу үнэлгээг хүчингүйд тооцуулах шаардлага гаргасан мэтээр бичсэн, шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч нарын төлөөлөгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг огт хэлэлцүүлээгүй мэтээр шийдвэртээ тусгасан байна.

Мөн нэхэмжлэлийн шаардлага түүнийг нотлох баримтыг нэхэмжлэгч өөрөө гаргаж өгөх үүрэгтэйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хуульчилсан байдаг. Гэтэл шүүгч шийдвэртээ “....нэхэмжлэлийн шаардлага нь тухайн үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлдэг тул нэхэмжлэлд нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг нотлох баримтын талаар тусгасан байхыг шаардахаас заавал хавсаргаж ирүүлэхийг шүүх шаардахгүй.... ” гэсэн нь нотлох баримтын талаархи хуулийг буруу тайлбарласан гэж ойлгогдохоос гадна шүүгч шийдвэртээ Иргэний хуулийн 3 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 62 дугаар зүйл, 71 дүгээр зүйлийн холбогдох хэсгүүдийг тус тус тайлбарласан нь ямар ач холбогдолтой дүгнэлт болох нь огт ойлгогдохгүй байна.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлох баримтаа гарган өгсөн бөгөөд нэхэмжлэлээсээ өөр зүйлийг хүсэж шүүхээр шийдвэрүүлэхийг шаардаагүй байхад “...нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй юм.

Шинжээч томилсон тогтоолд гомдол гаргасан болох нь түүнийг шийдвэрлүүлсэн болох нь хэргийн үйл баримтаар мөн нотлогдон тогтоогдохгүй байна....” гэсэн дүгнэлт нь нэхэмжлэгч нарыг үндэслэлгүйгээр буруутгасан үйл баримт гэж үзэхээр байна.

Тусгай мэдлэг бүхий этгээд болох “Баян модот” ХХК-ийг шинжээчээр томилсон нь буруу гэж шүүхэд нэхэмжлэл гаргаагүй бөгөөд харин шинжээч томилох нөхцөл байдал үүсээгүй байхад хариуцагч нь санаачлагаараа хууль бусаар шинжээч томилон илт үндэслэгүй үнэлгээ хийсэн учир үнэлгээг хүчингүйд тооцуулах үйл баримтын талаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх зорилго нэхэмжлэгч нарт байсан.

Гэтэл хэрэгт авагдсан баримтаар талууд үл хөдлөх хөрөнгийн үнийн талаар тохиолцоогүйг нотлох баримт авагдаагүй байхад шүүх хэрэгт авагдсан болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй дүгнэлт болсон байна. Талуудын үнэлгээний талаар тохиролцоогүй асуудал нь шүүхийн хэлэлцүүлгийн тайлбараар нотлогдох үйл баримт биш. Талууд бичгээр үнийн санал өгч байж тохиролцсон эсэх асуудал нотлогдох учиртай.

Нөгөө талаар нэхэмжлэлийн шаардлагуудтай холбоотой хангалтгай нотлох баримтууд хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт бүхэлд нь шинжлүүлэн судлуулсан байтал шүүх шийдвэртээ “баримтаар нотлогдоогүй” гэсэн нь мөн ойлгомжгүй байна.

Түүнчлэн шүүх нэмэгдүүлсэн шаардлагыг заавал шийдвэрлэх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлата гаргасан тухайд ч шийдвэртээ заагаагүй, мөн шийдвэрлэлгүйгээр орхигдуулсан нь ойлгомжгүй төдийгүй хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхгүй орхигдуулсан нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдөж хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх язгуур эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Ч.А, Э.О нар хариуцагч Н газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон шинжээч томилсон шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 56 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2019/01238 дугаартай шийдвэрээр Ч.А, Э.О нараас 238 995 388 төгрөгийг гаргуулж “Жи Эс Би Капитал ББСБ” ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Цайз /13291/, Да Хүрээ гудамж, 39/4 тоот хаягт байрших, улсын бүртгэлийн Ү-2204090734 дугаарт бүртгэлтэй, 180 м.кв талбай бүхий үйчилгээ зориулалттай, зоорийн давхарын үл хөдлөх эд хөрөнгийг хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн ба гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч байгууллага 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. /хх 22-25, 27/

 

Н газар нь Э.Огийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2204090734 дугаартай, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 19 дүгээр хороо, Цайз /13291/, Да Хүрээ гудамж, 39/4 тоот хаягт байрших, 180 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай зоорийн давхарын үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр битүүмжилж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хураан авах ажиллагаа явуулсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон ба уг ажиллагаанд талууд гомдол гаргаагүй байна./ хх82-85/

 

Н газар төлбөр төлөгч Э.О, Ч.А нарт барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах доод үнийн саналыг 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дотор ирүүлэхийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 4/29148 тоот албан бичгээр мэдэгдэхэд, тэрээр тогтоосон хугацаанд үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч “Жи Эс Би Капитал ББСБ” ХХК 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20/31 тоот албан бичгээр шинжээч томилуулах хүсэлт гаргасныг үндэслэн хариуцагч байгууллага 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 56 тоот тогтоолоороо шинжээч томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэг болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцжээ. /хх89-91/

 

Барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах доод үнийн саналыг төлбөр төлөгч Ч.А нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 900 000 000 төгрөг гэж, төлбөр төлөгч Э.О нь 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мөн 900 000 000 төгрөг гэж тус тус үнийн санал гаргасан байх бөгөөд хариуцагч байгууллагын үнийн санал ирүүлэх 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 4/29148 тоот мэдэгдэлд 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хэтрүүлсэн байх тул хариуцагч байгууллагын төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн шинжээч томилсон ажиллагааг буруутгах боломжгүй.

 

Иймд нэхэмжлэгчийн шинжээч томилсон тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Н газраас томилогдсон шинжээч “Баян модот” ХХК уг үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 209 232 200 төгрөгөөр үнэлсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч өөрийн хөрөнгийг дээрх үнээс багагүй үнээр 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулах саналыг мэдэгдэл хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор гаргах эрхтэй болохыг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 4/22470 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч Ч.Ад мөн өдрөө гардуулж, Э.Од тус мэдэгдлийг дамжуулан өгөхийг шийдвэр гүйцэтгэгч Ч.Ад даалгахад “за ойлголоо” гэснээр тус мэдэгдлийг гардуулан өгсөн талаар тэмдэглэл үйлджээ.

 

Төлбөр төлөгч Ч.А, Э.О нар нь барьцааны зүйл болох 180 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ нь 750 000 000-800 000 000 төгрөг байхад шинжээч хэт доогуур буюу 206 232 200 төгрөгөөр үнэлж, бодит хүрэх үнээс даруй 4 дахин багаар үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй ба уг үүргээ биелүүлээгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/01510 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                    ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                                                           Э.ЗОЛЗАЯА