Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2023/ДШМ/13

 

 

          2022             12              22                               2023/ДШМ/13                           

 

Л.Ж, Л.Д-нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ууганцэцэг, 

шүүгдэгч, хохирогч Л.Ж, түүний өмгөөлөгч П.Гансүх,

шүүгдэгч, хохирогч Л.Д, өмгөөлөгч Д.Ганбат,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан, 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/1300 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, хохирогч Л.Ж-ын гаргасан давж заалдах гомдлоор Л.Ж, Л.Д-нарт холбогдох 2208022361395 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

0,

Л.Д-нь 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн дүү болох Л.Ж-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “хашааны хаалга хаасангүй” гэх шалтгаанаар маргалдан зодож, эрүүл мэндэд нь “зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн өвдөгт зулгаралт, баруун шуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Л.Ж- нь 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 2 дугаар гудамжны 1 тоотод хашаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн ах Л.Д-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож, эрүүл мэндэд нь “духанд няцарсан шарх, хамрын үзүүрт зулгаралт, баруун тохой шуунд цус хуралт, баруун гуянд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Л.Д, Л.Ж- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Л.Д, Л.Ж нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д-д 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ж-д 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг модон иштэй хүрзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.Ж- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/1300 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхээс намайг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгуулийн ял оноож байгаа нь хэргийн бодит байдлыг үнэн зөв тогтоож чадаагүй, хууль ёсны байх хуулийн шаардлагыг биелүүлээгүй гэж үзэж байна.

Хэргийн бодит байдал нь Л.Д намайг яаж зодож байсанг гэрч мэдүүлэгтээ хэлсэн. Намайг босож чадахааргүй үсдэж, дарж зодож байхад би урдаас нь эсэргүүцэх ямар ч боломжгүй байсан. Намайг Л.Д хүрзээр хөмсгийг нь цохисон гэж байгаа юм. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрз ойролцоогоор 2-3 кг жинтэй. Хэрэв энэ хүрзээр хүн цохивол хүний биед ямар гэмтэл учрах вэ гэдэгт дүгнэлт хийх ёстой байсан. Л.Д-нь шүүхийн хэлэлцүүлэгт худал мэдүүлэг өгсөн, өөрт учирсан гэмтлээ намайг учруулсан гэж мэдүүлснээс бусад нотлох баримтгүйгээр намайг яллаж байгаад гомдолтой байна. Гэрчийг шүүх хуралд оруулахыг хүсэж байна.

Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Л.Ж-ын өмгөөлөгч П.Гансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь судалж, бодитой дүгнэлт гаргаж чадаагүй. Анхан шатны шүүх хуралдаанд хэргийн үйл баримтыг гэрчийн мэдүүлгээр нотолж, ярилцсан. Иймд давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

Шүүгдэгч Л.Д-ийн өмгөөлөгч Д.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Л.Ж- давж заалдах гомдолдоо “би зодоогүй, зодох боломжгүй” гэж дурдсан байна. Хэрэгт ганцхан гэрч байдаг бөгөөд гэрч хэргийн үйл баримтын талаар бүгдийг мэдүүлсэн. Гэрч шүүгдэгч Л.Ж-ыг хүрз барьж ах руугаа дайрч байсныг болон хөмсөгнөөс цус гоожиж байсан талаар мэдүүлсэн. Мөн давж заалдах гомдолд Л.Д-ийг шүүхийн шатанд худал мэдүүлэг өгсөн гэж дурдагдсан байна. Миний үйлчлүүлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үе шатанд тогтвортой мэдүүлсээр ирсэн. Хэрэгт авагдсан мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсээр Л.Ж- гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна. Анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргасан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Ууганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт нотлогдвол зохих байдлууд хангалттай нотлогдсон, хэргийн бодит байдал хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж гарсан. Хэрэг авагдсан нотлох баримтуудаас үзэхэд гэмт хэрэг үйлдэгдэх үед тухайн газарт гэрч Баясгалан, шүүгдэгч, хохирогч Л.Ж-, шүүгдэгч, хохирогч Л.Д-нараас өөр хүн байгаагүй. Гэрч Баясгалан яг цохиж байхыг нь хараагүй ч Л.Ж- хүрз бариад зогсож байхад Л.Д-ийн хөмсөгнөөс цус дусалж байсан талаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн. Л.Д-ийн мэдүүлэг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9411 дугаартай дүгнэлтээр давхар нотлогддог. Энэ дүгнэлтийг анхан шатны шүүх хуралдааны явцад бүрэн эхээр нь уншиж танилцуулсан. Шүүгдэгч, хохирогч Л.Ж- байнгын хүчирхийлэлд байдаг гэж мэдүүлж байсан тул түүний гаргасан хүсэлтийн дагуу Л.Д-ийг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй зөрчилд холбогдож байсан эсэхийг шалгахад гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага, мэдээлэл бүртгэгдэж байгаагүй болох нь тогтоогдсон учир хувийн таарамжгүй харилцааны улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж яллах дүгнэлт үйлдсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Сонгинохайрхан дүүргийн прокуророос Л.Д-нь 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .. гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн дүү болох Л.Ж-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “хашааны хаалга хаасангүй” гэх шалтгаанаар маргалдан зодож, эрүүл мэндэд нь “зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн өвдөгт зулгаралт, баруун шуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Л.Ж- нь 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 2 дугаар гудамжны 1 тоотод хашаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн ах Л.Д-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож, эрүүл мэндэд нь “духанд няцарсан шарх, хамрын үзүүрт зулгаралт, баруун тохой шуунд цус хуралт, баруун гуянд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн ба анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Л.Ж-ыг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэл тогтоогдсон болно.

Хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болох:

“...Л.Д-ийн биед духанд няцарсан шарх, хамрын үзүүрт зулгаралт, баруун тохой шуунд цус хуралт, баруун гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 9411 дугаартай /хх 54-55/,

“...Л.Ж-ын биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн өвдөгт зулгаралт, баруун зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 9403 дугаартай /хх 61-62/ шинжээчийн дүгнэлтүүд,

Хохирогч Л.Д-ийн“... 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр би гэртээ ганцаараа 2 лааз пиво уучихаад цонхоороо хартал хашааны хаалга онгорхой орхисон байхаар нь дүүтэйгээ хамт ажилладаг зүс таних 40 орчим насны эмэгтэй дээр очоод “хашааны хаалга хаахгүй бол манай нохой хашаанаас гараад хүн урчихаж магадгүй” гэж хэлэхэд тухайн эмэгтэй “би мэдэхгүй байна, та хариуцсан хүнтэй нь ярь” гээд тоохгүй байсан ба яг тэр үед манай төрсөн дүү Л.Ж- гаднаас машинтайгаа орж ирээд над руу “яагаад манай ажилтанг загинаад байгаа юм” гээд дайраад эхэлсэн. Тэгээд над руу хашаанд байсан хүрз аваад дайрахаар нь хүрзийг нь булааж аваад үснээс нь гараараа бариад газар нэдэрч унагаад, хашаанд байсан саваа модоор нуруу руу нь хоёр удаа цохиод холдоод явах гэтэл манай дүү араас хүрз бариад миний зүүн хөмсөгний дээд талд болон хамар дээр 1 см зүссэн. Мөн баруун гарын тохой, баруун хөлний гуяны гадна хэсэгт тус бүр нэг удаа хүрзээр цохиод гүйгээд явчихсан. ...” /хх 22-24/,

хохирогч Л.Ж-ын “... Би Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 2-1 тоотод байрлах Милео кашмер нэртэй ноос ноолуур үйлчилгээний байран дээрээ ирээд 13 цаг 30 минутын орчимд Баянхошууны эцэсээс ажилчдын хоолоо авахаар хашаан дотор байсан өөрийн тээврийн хэрэгслээ унаад хашааны том хаалга онгорхой орхиод явсан. Тэгээд буцаад ирэхэд хашааны хаалга хаалттай байхаар нь хашаанд ороход ажлын үүдэн дээрЛ.Д-манай ажилтан Баясгалан руу хараалын үгээр дайрч давшлаад байхаар нь “чи одоо гэр рүүгээ яв, яах гээд байгаа юм” гэж хэлчихээд хашааны хаалга онгойлгоод машинаа оруулах гэтэл намайг “муу ги... минь юу гээд байгаа юм бэ” гээд миний хойноос машины дугуй шидээд, газраас тармур аваад толгойны зүүн дээд хэсэгт хэд хэдэн удаа цохьсон. Тэгээд үснээс зулгааж 2 метр орчим чирсэн. Манай ажилтан Б гарч ирээд Л.Д-ийг татаж авах гээд дийлэхгүй, би арай хийж гарнаас нь үсээ татаж аваад бид хоёр зайгаа авах гээд түлхэх үед өөдөөс дайраад байсан. Бид хоёр хэсэг түлхэж зайгаа аваад араас ирж магадгүй гэж бодоод хүрз бариад зогсож байгаад хүрзээ хашаан дотор үлдээчихээд Б-тай хамт Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр ирсэн. ...” /хх 33-34/,

гэрч Б.Б-ийн “...Би 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 12 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоончулуутын 2-1 тоотод байрлах ажил дээрээ ирээд байж байтал манай захирал Л.Ж Баянхошууны эцэс рүү хоол авч ирэх гээд машинаа унаад явсан. Ойрхон явсан учир хашааны том хаалга онгорхой орхиод явсан. Л.Ж-ыг яваад удаагүй байтал ах Л.Д- орж ирээд “хаалга хаасангүй, заавал хааж бай” гээд над руу үгээр дайраад байхаар нь “тэгвэл тэр дүүдээ хэл” гээд зогсож байтал Л.Ж- орж ирээд тэр хоёр хаалга хаасангүй гэх шалтгаанаас болж хоорондоо маргалдаад байхаар нь би ажил руугаа орсон. Удалгүй 5-10 минутын дараа тэр хоёрын дуу нь өндөрсөөд зодолдож байгаа юм шиг сонсогдохоор нь гараад харсан чинь Д, Ж-г модон иштэй төмөр савараар толгой руу нь хэд хэдэн удаа цохисон. Дараа нь үснээс нь зулгааж доош нь дараад гараараа хэд хэдэн удаа толгой хэсэг рүү нь цохисон. Би очиж Д-ийг арай хийн салгаж “гэртээ ор” гэхэд “Ж-г ална” гээд дайраад байсан. Би “гэртээ ор” гэж түлхээд зогсож байтал миний цамцан дээр цус дуслаад хартал Д-ийн зүүн хөмсөгний дээд хэсгээс цус гарч байсан. Би сандраад Л.Ж- руу харахад хүрз бариад зогсож байсан. Тэгээд би Л.Ж-ыг дагуулаад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр ирсэн. ...” /хх 44-45/ мэдүүлгүүд зэргээс дүгнэхэд Л.Д-нь Л.Ж-ын эрүүл мэндэд нь “зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн өвдөгт зулгаралт, баруун шуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байна.

Хүмүүс хоорондын харилцаанд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахуун, зан заншлын хэм хэмжээг зөрчиж,  хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан, бусдын амь нас, эрүүл мэндэд аюултай аргаар довтлох нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус үйлдэл бөгөөд халдагч этгээдийн нийгэмд аюултай, хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор хариу довтолгоон, эсрэг дайралт хийхийг хууль тогтоогч хүлээн зөвшөөрч, тухайн довтолгооноос зайлсхийж зугтах, бусдаас тусламж авах, идэвхгүй хамгаалалт хийх зэрэг боломж нөхцөлөөс үл хамааран хамгаалалт хийх эрхийг хуульчлан тогтоосон.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэхэд Л.Д-нь хашааны хаалга хаасангүй хэмээн маргаан үүсгэж өөрийн төрсөн дүү Л.Ж-тай маргалдан довтолсноор “...үснээс нь зулгааж гараараа бариад газар нэдэрч унагаад хашаанд байсан саваа модоор нуруу руу нь 2 удаа цохьсон. ...” /Л.Д-ийн мэдүүлэг хх 22-24/, Л.Ж- нь өөрийгөө хамгаалах үйлдэл хийж Л.Д-ийн биед хөнгөн хохирол учруулсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогджээ.

Л.Д-“... Л.Ж- ... над руу хашаанд байсан хүрз аваад дайрахаар нь хүрзийг нь булааж аваад ...” гэж мэдүүлсэн боловч түүний мэдүүлэг хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар нотлогдоогүй.

Хэргийн ганц гэрч болох Б.Б-ийн мэдүүлэг, Л.Ж-ын хохирогч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудыг харьцуулан шинжлэвэл Л.Д-ийн хууль бус довтолгооноос өөрийгөө хамгаалж, түүнийг хүрзээр цохьсон нь тогтоогджээ.

Л.Ж-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн нэг шинж болох үйлдэл, түүний үр дагавар, хор уршигийг агуулж байх боловч гэм буруугийн /субъектив шинж/ хэлбэрийг агуулаагүй буюу тэрээр хуулиар зөвшөөрөгдсөн үйлдэл хийж өөрийн амь нас, эрүүл мэндэд тулгарсан довтолгооныг эсэргүүцэх үедээ бусдад хөнгөн хохирол учруулсан байх тул түүний энэхүү үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй.

Иймд Л.Ж-ын үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжийг бүрэн агуулсан байх тул Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Л.Д-ийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Л.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Түүнчлэн, анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Д.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй төдийгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулан бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Ж-ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/1300 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс шүүгдэгч Л.Ж-д холбогдох заалтуудыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд зааснаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Л.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                       

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.МӨНХӨӨ

 

                                  ШҮҮГЧ                                                              Л.ДАРЬСҮРЭН

                                  ШҮҮГЧ                                                              Н.БАТСАЙХАН