Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 129/ШШ2024/00471

 

 

 

 

 

 

                                        

 

 

                                                      129/ШШ2024/00471

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ....тоот хаягт оршин суух Т.Бын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А аймгийн А сумын Ардын намд холбогдох

“А аймгийн А сумын Ардын намыг өөрийн өмчлөлийн эд хөрөнгөөс албадан чөлөөлүүлэх тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.У, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн төлөөлөгч нарийн бичгийн дарга А.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч А аймгийн А сумын Ардын намд холбогдуулан “А аймгийн А сумын Ардын намыг өөрийн өмчлөлийн эд хөрөнгөөс албадан чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэл гаргажээ. 

 

1.1 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Нэхэмжлэгч Т.Бын өмчлөлийн эд хөрөнгө болох А аймгийн А сумын .... тоот хаягт байх байршилтай 357.2 м.кв талбайтай хувийн орон сууц, үйлчилгээ, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Б.М-с худалдаж авсан. А аймгийн А сумын Ардын нам нь миний өмчлөлийн эд хөрөнгөнд байрлаж, үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд суллаж өгөхийг удаа дараа шаардсан соловч суллаж, чөлөөлж өгөхгүй би өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө чөлөөтэй эзэмшиж, ашиглах эрхээ хэрэгжүүлж чадахгүй байна. Иймд А аймгийн А сумын 6-р баг Тамир гүнж 205 тоот хаягт байх байршилтай 357.2 м.кв талбайтай хувийн орон сууц, үйлчилгээ, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнөөс А аймгийн А сумын Ардын намыг албадан чөлөөлөх шийдвэр гаргаж өгнө үү...” гэжээ.

 

1.2. Хариуцагч А аймгийн А сумын Ардын нам шүүхэд гаргасан хариу тайлбартаа “Т.Б-н нэхэмжлэлтэй, А аймгийн А сумын ... тоот хаягт байх байршилтай 357,2 мкв талбайтай хувийн орон сууц, үйлчилгээ, автомашины дулаан байрны зориулалттай үл хөдлөх эд А аймгийн А сумын Монгол Ардын Намын хорооны байрыг албадан чөлөөлөх хүсэлт бүхий нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь аймгийн А сумын Монгол Ардын Намын хороо нь өөрийн хөрөнгө болох 11х6 хэмжээтэй 66 мкв талбай бүхий намын байрандаа 2004 оноос хойш одоог хүртэл тасралтгүй 20 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа болно” гэжээ.

 

2.1 Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул гэрч асуулгах хүсэлтээсээ татгалзаж байна...” гэжээ.

2.2 Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ч.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч А аймгийн А сумын Ардын намд холбогдуулан “А аймгийн А сумын Ардын намыг өөрийн өмчлөлийн эд хөрөнгөөс албадан чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэл гаргажээ.

 

            Хариуцагч А аймгийн А сумын Ардын нам нь нэхэмжлэгч Т.Бын “А аймгийн А сумын Ардын намыг өөрийн өмчлөлийн эд хөрөнгөөс албадан чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн боловч шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрч байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй, хариуцагч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үр дагаврыг ойлгосноо шүүх хуралдаанд илэрхийлсэн тул хариуцагч А аймгийн А сумын Ардын намын зөвшөөрлийг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А аймгийн А сумын Ардын намаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Бт олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.Бын хариуцагч А аймгийн А сумын Ардын намд холбогдуулан гаргасан “А аймгийн А сумын Ардын намыг өөрийн өмчлөлийн эд хөрөнгөөс албадан чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А аймгийн А сумын Ардын нам хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А аймгийн А сумын Ардын намаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Б-д олгосугай.

 

             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч А аймгийн А сумын Ардын нам сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ч.ЖАРГАЛАН