| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2024/00335/И |
| Дугаар | 129/ШШ2024/00474 |
| Огноо | 2024-10-28 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 129/ШШ2024/00474
129/ШШ2024/00474
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Жаргалан даргалж, ерөнхий шүүгч Д.Байгалмаа, шүүгч Г.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: А аймгийн ...тоотод оршин суух Т овогт Д.Ө нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А аймгийн ...тоотод оршин суух Б овогт М.П /ИБД::::/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Д.Ө
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.М
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.А
Иргэдийн төлөөлөгч: Ц.О
Гэрч: Б.Г, Ж.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Х
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Ө нь хариуцагч М.Пид холбогдуулан “8,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргажээ.
1.1 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Миний бие Оёдолчны холбоонд оёдолчноор ажилладаг, М.Поос такси үйлчилгээ авдаг байсан. Ингээд М.П жолооч надад хамтран ажиллах санал тавьж хамт 2 жил ажилласан. Гэтэл сүүлдээ гэр орон ажлын байранд байнга дарамталж сүүлдээ зодож 2 шүдийг цөм цохисон. Тухайн үедээ цагдаа шүүхэд хандахгүйгээр тохиръё шүдийг чинь төлнө гээд тохиролцсон. Эхлээд хиймэл шүд хийлгэе дараа нь суулгаж шүд хийлгэхээр тохирсон. Гэтэл одоо уг М.П нь утсаа ч авахаа больсон. Суулгаж хийх шүд нэг ширхэг нь 4 сая төгрөг, 2 шүд 8 сая төгрөг болсон. Ингээд уг хүн төлж өгөхгүй байгаа тул гомдол гаргаж байна. Гомдлыг нь барагдуулж өгнө үү” гэжээ.
1.2. Хариуцагч М.П шүүхэд гаргасан хариу тайлбартаа “...Д.Ө нь 2022 онд таксинд явж байтал тосч сууж ярилцаад манай оёдлын 5, 6 эмэгтэй хамтран гутал хийдэг юм. Манайд жолоочоор ажиллахгүй юу гэснээр тэр эмэгтэйчүүдтэй хамтран ажилласан юм. Эхний үеүдэд таксины мөнгө төлөөд Бортолгой, Наранбулаг, Цогт-Уул, Арслан цохио худалдааны төвүүдээр гутлын хэв материал солилцох, авах өгөх, ажлуудыг хийсэн. Д.Ө аймгийн 100 жилээр манай оёдлын эмэгтэйчүүд хоёр хоёр сая төгрөг гаргаж материал авч оёдол хийж орлого олно. Маш их орлого ордог юм. Чи хоёр сая төгрөг гаргачих гэж удаа дараа шаардаж байгаад надаас 2 сая төгрөг авсан юм. Оёдолчид нь мөнгөө өгөөгүй юм байна лээ. Үндсэндээ намайг залилаж мөнгө авсан. Дараа нь би мөнгөө авъя гэсэн. Мөнгөгүй тул 1 гутал сая төгрөгөөр ав гэхээр нь авч охиндоо өгсөн. Тэгээд 1 жил надтай мөнгөтэй, мөнгөгүй таксидах хугацаанд шүдний талаар юу ч яриагүй. Энэ жил юм хийх гэсэн юм мөнгө байхгүй гээд байхаар нь 2 удаа 100,000 төгрөг өгсөн. Буцааж өгөөгүй. Д.Ө нь мөнгө төгрөг авах болохоор маш сайхан ааш зан гаргаад мөнгөгүй болохоороо харааж зүхэж цохиж авах зэрэг арга зальтай архинд маш дуртай. Барьцгүй хүн байгаа юм. Мөнгөний хэрэгтэй болоод хүнээр заалгаж надаас мөнгө нэхсэн байна. Д.Ө нь хүний үгэнд их оромтгой зан харьцааны доголдолтой архи их уудаг, болсон болоогүй хүнтэй мөнгөтэй л бол холбогддогийг н ь аймгийн таксины жолооч нар андахгүй юм билээ. 4 сард надад өгөх 1,200,000 төгрөгөө өгч чадахгүй ямар нэг асуудал гаргахгүй ингээд цэглэе гээд гар барьж тохирсон. Саяхан архи уусан үедээ намайг дуудаад явж байгаад надад ажил гарсан тул гэртээ буучих гэсэн чинь уурлаад цайныхаа саваар машины урд цонхыг хагалж би цагдаад аваачиж өгсөн. Мөнгөгүй тул би өөрөө 500,000-аар шилжүүлсэн. Иймд Д.Өы нэхэмжилж байгаа 8 сая төгрөгийг төлөх ямар ч үндэслэлгүй юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Д.Ө нь 2023 оны 06 сард намайг таксинд явж байхад хүрээд ир таксинд явъя гэсэн юм. Намайг яваад ортол хэл амаар асар их доромжилж, түлхэн хөөж туусан. Би чи л намайг дуудаа биздээ гэтэл чи гадуур банзалдаж яваад ирээ биз хар гуйлгачин гэх мэт аймаар муухайгаар гутаасан юм. Би тэсэхэээ байгаад гарынхаа араар 1 удаа алгадсан. Шүд ам руу цохиогүй. Тэгээд маргааш нь зөв зүгээр надтай таксидаад хүмүүстэй уулзаад явсан. 1 жил гаруй шүдний талаар огт яриагүй байж байгаад гэнэт мөнгө төгрөг нэхэж байгаа нь надад ойлгомжгүй байна. Д.Ө нь гэрлийн мөнгөгүй боллоо, утас сунгаад өгөөч гэхээр нь тухай бүрт нь мөнгө өгдөг байсан. Өмнө нь Д.Ө байнга шүдний модоор урд 2 шүдээ ухдаг байсан. Суларсан шүдээ эмчид үзүүлж авахуулаад шүд хийлгэнэ гэж ярьж байснаас мөнгө төгрөг огт ярьдаггүй байсан. Д.Ө нь Тариат сумын Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуур, Цэцэрлэг сумын Туулант, Чулуут баг, Эрдэнэмандал сумдаар явахдаа энэ талаар огт яриагүй зүв зүгээр идэж уугаад л явсан. Би Д.Өы нэхэмжилсэн 8 сая төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Биологийн насны онцлогоор өмнө нь хөдөлж суларсан шүдээ авахуулахгүй бол төвөгтэй юм гэж авахуулчихаад одоо намайг цохиж унагаасан мэтээр гүтгэж байгаа нь хүнээс мөнгө салгах арга гэж бодож байна. Д.Ө нь хүнтэй харьцах харьцаа муутай, хүнтэй дандаа хэрэлдэж байдаг маш их зальтай өр шир ихтэй хүнээс байнга мөнгө нэхдэг хүн юм. Би энэ хүнээс мөнгөний авцаатай болохоос биш мөнгө өгөх асуудал байхгүй. Ийм учир хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэжээ.
2.1 Нэхэмжлэгч Д.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Анх 06 дугаар сард М.Пийг цохиход нь би өөрийн эгч дүү нартаа хэлээгүй. Хамт ажилладаг төрөл Оюунцэцэгт хэлж байсан. М.П гуай 2,000,000 төгрөг нийлүүлээд манай ажлынхантай хамт 100 жилээр юм хийхээр болсон. Гэнэт нэг өдөр гадаа юм гагнуулаад сууж байтал хөлөөрөө тангарчихсан. Энэ үед шүд маань нэлээн доргичихсон байх. Дараа нь цохихдоо М.П балай юмны том шүд бөгж хугалчихлаа гэж хэлж байсан. Мөн дараа нь бөгжөө гагнуулж байгаа гэж хэлж байсан. Тэгээд би эхнэр рүү нь залгаад танай нөхрийн мэдрэл зүгээр үү, нэг юм байх шиг байна, утсаа авахгүй байна гээд цохчихлоо, галзуу юм биш биз, та мэддэг үү гэж асууж байсан. Гэтэл эхнэр нь цагдаад өг гэж хэлж байсан. Би хамтарч ажиллаж байгаа болохоор цагдаад мэдэгдэж чадаагүй. М.П цагдаад битгий хэлээрэй, манайханд битгий хэлээрэй гэж гуйгаад байсан болохоор би цагдаад мэдэгдээгүй. Ингээд намар болтол мөнгө өгөөгүй. Тэр жил мөсний баяр болох гээд би нүүдлийн соёл тайлбарладаг тул ярих гэхээр шүд байхгүй эвгүй, хүмүүс миний яриаг ойлгохгүй байсан. Тэгээд би мөсний баяр болохоос өмнө шүдээ хийлгэе гэж бодоод М.Поос мөнгөө нэхэхэд М.П 1,000,000 төгрөг суутгачихъя гэж байсан. Сүүлд нь нэг ирэхээр нь би айгаад цүнхтэй мөнгөө хаяад зугтаачихсан. Цагдаа 2 хүүхдийн хамт миний цүнхийг олж өгсөн. Бид нар мөнгө нийлүүлж хийсэн ажлынхаа ашгийг хуваах гэж бөөн юм болсон. М.Пийн 2,000,000 төгрөгийн оронд зүү ороох оёдлоор оёсон гутал өгсөн. Энэ ажил ер нь ямар ч ашиггүй байсан. Би олон зүйл яримаар байгаа хэдий ч шүдний асуудлаа л тодруулъя. М.Пийн өгсөн 1,000,000 төгрөгөөр нь би уян шүд хийлгэсэн. Гэтэл шүд нь таарахгүй байсан тул дахиж Улаанбаатар явж авахуулсан, эмчилгээ хийлгэсэн. Ингэж нааш цаашаа яваад 1,000,000 төгрөг нь дуусчихсан. Шүд хийлгэх мөнгөнийхөө талаар М.Пид хэлэхээр за гэчихээд яваад байсан тул би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргасны дараа М.П чи нэхэмжлэлээ авчих, шүд хийлгэхэд 3,000,000 төгрөг болдог гэж байна, би чамд 6,000,000 төгрөг өгье гэж хэлж байсан. Тэгээд төлөөлгүй. Өмгөөлөгч аваад өөрөө шүүх хуралдаанд оролцохгүй, би цохиогүй гээд хэлчихээр болчихно гэж бодсон байх. Би худлаа ярьж хүнээс мөнгө авах санаагүй байгаа. Би хүмүүст юм оёхыг заадаг. Надад заль мэх байхгүй..., Охиндоо авч өгөх санаа байсан гэж ойлгоод ав гээд хэлчихсэн юм. Тэгээд би нэг шүд 4,000,000 төгрөг гэж байна гэхэд 1,000,000 төгрөгөөр ямар ч байсан шүд хийлгэчих, манайханд битгий хэлээрэй гэж хэлж байсан..., 2023 оны 06 сард Улаанбаатар хотоос ирж байхад утас руу залгасан байсан. Би утсаа унтраагаад унтчихсан юм. Тэгээд гэртээ ирээд унтаж байтал М.П орж ирээд гутлаараа өшиглөсөн. Тэгэхэд нэлээн цус гарсан. Тухайн үед миний шүд хөдөлсөн байх. Намайг 2,3 удаа цохиж байсан. Би өнөөдөр ганцхан шүд цохисон талаар л ярьж байгаа. Бусад зүйлийг нь ярихгүй байгаа..., Нэг нь уначихсан. Нөгөө нь байсан. Энэ шүд нь хөдлөөд байхаар нь эмнэлэгт үзүүлтэл авахаас өөр аргагүй. Авч байж шүд хийнэ гэж хэлсэн. ” гэжээ.
2.2 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Д.Ө шүүхэд нэхэмжлэл гаргахдаа М.П миний хоёр шүдийг цөм цохиж унагасан. Тухайн үед цагдаа шүүхэд хандахгүйгээр тохиръё гээд өнөөдрийг хүртэл явж байгаа. Би 1 шүдээ 4,000,000 төгрөгөөр үнэлж, 2 шүдний 8,000,000 төгрөг нэхэмжилж байна гэсэн. Нэхэмжлэлийг гардаж аваад хариуцагч хариу тайлбар өгсөн. Хариуцагч хариу тайлбартаа би шүд рүү нь цохисон асуудал байхгүй, энийг би хариуцахгүй, хамтарч юм хийгээд 2,000,000 төгрөг өгөөд буцааж авч чадаагүй. 1,000,000 төгрөгөнд нь гутал авсан. Ингээд 1,000,000 төгрөг үлдсэн. Дараа нь Д.Ө 100,000 төгрөгөөр 2 удаа надаас мөнгө зээлсэн. Д.Ө надад 1,200,000 төгрөгийн өртэй. Би сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй ч Д.Өаас авах авлагатай хүн. Тэрнээс биш надад мөнгө төгрөг өгөх асуудал байхгүй гэсэн тайлбар бичгээр гаргасан байгаа. Мөн хариуцагч Д.Өы гуйлтаар таксинд явсан. Нэг өдөр яваад очтол хаагуур банзалдаад яваад ирэв, хар гуйлгачин минь гэх мэтээр хараагаад байсан болохоор нь гарынхаа алгаар хацар луу нэг удаа алгадсан. Алгадахдаа шүд рүү цохиогүй. Үүнээс хойш зүгээр ингээд ажлаа хийгээд явдаг байсан. Тэгсэн хэр нь шүүхэд нэхэмжлэл гаргаад мөнгө нэхээд байгааг нь ойлгохгүй байна. Нэхэмжлэгч 8,000,000 төгрөг нэхэмжлээд байгаа боловч нэхэмжлэгчийн эрүүл мэндэд нь ямар гэмтэл учирсан юм бэ, гэм хор учруулсан зүйл байгаа юм уу, ямар хор уршиг гарсан юм бэ гэдэг нь нотлогдон тогтоохгүй байгаа. Нэхэмжлэгч олон зүйлийн талаар ярьж, янз янзаар тайлбар гаргадаг хэдий ч нэхэмжлэлийн шаардлага болон яриад байгаа зүйлээ нотолсон баримт шүүхэд өгөөгүй буюу энэ талаар баримт хавтаст хэрэгт байхгүй. Өөрөөр хэлбэл хоёр шүдийг нь унагаж гэм хор учруулсан, хиймэл шүд хийлгэсэн талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олон гэрч асуулгах хүсэлт гаргаж, хэрэгт ач холбогдолгүй нотлох баримт цуглуулах хүсэлт гаргаж байсан. Тэр болгоныг нь шүүх хангаж шийдвэрлэсэн. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр л гэхэд 2 гэрч асуулгана гээд аваад ирчихсэн байна. Д.Өы шүдэн тус газар нь буюу шүд рүү нь хариуцагч цохисон зүйл байхгүй. Энэ нь нотлогдон тогтоогдохгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн нэхэмжлэгч тал шүд ямар хүчин зүйлийн улмаас, хэзээ унасан, хэний, юуны буруутай үйлдэл, эсвэл байгалийн жамаараа унасан юм уу гэдгийг тогтоолгохоор шинжээч томилуулсан шинжээчийн дүгнэлтээр Д.Өы хоёр шүд унасан талаар тухайн үеийн эмнэлгийн баримт бичиг байхгүй учраас шүд хэзээ унасныг, яаж унасныг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч зүгээр л миний 2 шүдийг М.П цөм цохисон гэж яриад байгаа хэр нь үүнийгээ нотолж чадахгүй байна. Мөн нэхэмжлэгч 2024 оны 01 дүгээр сард Тана арцад гэдэг эмнэлэгт 30,000 төгрөгийн төлбөр төлөөд 1 шүдээ авхуулчихсан байна. Төлбөрөө Должинсүрэн гэдэг касс дээр төлсөн байна. Цохиулсан гэж яриад байгаа өдрөөсөө хойш бараг хагас жилийн дараа яваад хагас жилийн дараа дахиад нэг шүдээ авахуулсан байна. Мөн саяхан энэ 09 дүгээр сард амбулаторийн шүдний эмч дээр очиж ёзоороо авахуулсан байна. Үүнээс харахад 2 шүдийг нь цөм цохиж унагаасан зүйл байхгүй байна. Мөн хариуцагч хэлэхдээ Д.Ө өөрөө шүдээ оролдоод байсан байдаг гэж хэлдэг. Ингээд нэхэмжлэгч шүдээ өөрөө зургаан сарын хугацаатай авахуулчихсан байна. Нэхэмжлэгч хэзээ болсон үйл явдал гэдгийг ч мэддэггүй. Цохисон гээд л яриад байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр өмнөх тайлбаруудаасаа өөр буюу орой унтаж байхад утсаа авсангүй гээд гутлаараа цохисон гэсэн тайлбар гаргаж байна. Д.Ө М.Пийг эхнэрээс нь илүү харааж, зүхдэг. Хамтран амьдраад байгаа юм уу, хамтарч ажиллаад байгаа юм уу. Үүнийгээ ялгадаггүй. Мөн нэхэмжлэгч орой үдэш согтуу залгаад миний амьдрал ахуй доройтоод байвал та нараас болж байгаа шүү, та нараас болж миний амьдрал хэцүүдэж байна гэх мэтээр залгаж дарамталдаг гэж гэрч Гүнжидмаа мэдүүлэгтээ хэлсэн байдаг. Үүнээс харахад нэхэмжлэгч ямар ч хамааралгүй хүнээс амандаа орсон тоогоо хэлээд мөнгө нэхээд шүүхэд нэхэмжлэл гаргачихсан юм биш үү гэсэн хардлага төрүүлэхээр тайлбар гаргаж байна. Тухайн үедээ шүдээ цохиулаад цус гараад хугараад уначихсан юм бол эмнэлгийн байгууллагад хандахгүй яасан бэ. Эмнэлгийн байгууллагад хандсан гэсэн баримт хэрэгт аваагдаагүй байгаа. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлттэй байна” гэжээ.
3. Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримт:
-Гэрч Б.Ггийн мэдүүлэг,
-2024 оны 09 дүгээр 26-ны өдрийн 368 дугаар шинжээчийн дүгнэлт, Д.Өы амбулаторийн карт,
- 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн бөгжинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл,
-Эд мөрийн баримтаар авагдсан мөнгөн бөгж-1 ширхэг
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Өы хариуцагч М.Пид холбогдуулан гаргасан “8,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
1. Нэхэмжлэгч Д.Ө дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие Оёдолчны холбоонд оёдолчноор ажилладаг, М.Поос такси үйлчилгээ авдаг байсан. Ингээд М.П жолооч надад хамтран ажиллах санал тавьж хамт 2 жил ажилласан. Гэтэл сүүлдээ гэр орон ажлын байранд байнга дарамталж сүүлдээ зодож 2 шүдийг цөм цохисон. Тухайн үедээ цагдаа шүүхэд хандахгүйгээр тохиръё шүдийг чинь төлнө гээд тохиролцсон. Эхлээд хиймэл шүд хийлгэе дараа нь суулгаж шүд хийлгэхээр тохирсон. Гэтэл одоо уг М.П нь утсаа ч авахаа больсон. Суулгаж хийх шүд нэг ширхэг нь 4 сая төгрөг, 2 шүд 8 сая төгрөг болсон. Ингээд уг хүн төлж өгөхгүй байгаа тул гомдол гаргаж байна. ...Анх 06 дугаар сард М.Пийг цохиход нь би өөрийн эгч дүү нартаа хэлээгүй. Хамт ажилладаг төрөл Оюунцэцэгт хэлж байсан. М.П гуай 2,000,000 төгрөг нийлүүлээд манай ажлынхантай хамт 100 жилээр юм хийхээр болсон. Гэнэт нэг өдөр гадаа юм гагнуулаад сууж байтал хөлөөрөө тангарчихсан. Энэ үед шүд маань нэлээн доргичихсон байх. Дараа нь цохихдоо М.П балай юмны том шүд бөгж хугалчихлаа гэж хэлж байсан. Мөн дараа нь бөгжөө гагнуулж байгаа гэж хэлж байсан. ... Би хамтарч ажиллаж байгаа болохоор цагдаад мэдэгдэж чадаагүй. М.П цагдаад битгий хэлээрэй, манайханд битгий хэлээрэй гэж гуйгаад байсан болохоор би цагдаад мэдэгдээгүй. ... Шүд хийлгэх мөнгөнийхөө талаар М.Пид хэлэхээр за гэчихээд яваад байсан тул би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргасны дараа М.П чи нэхэмжлэлээ авчих, шүд хийлгэхэд 3,000,000 төгрөг болдог гэж байна, би чамд 6,000,000 төгрөг өгье гэж хэлж байсан. Тэгээд төлөөлгүй. Өмгөөлөгч аваад өөрөө шүүх хуралдаанд оролцохгүй, би цохиогүй гээд хэлчихээр болчихно гэж бодсон байх. Би худлаа ярьж хүнээс мөнгө авах санаагүй байгаа. Би хүмүүст юм оёхыг заадаг. Надад заль мэх байхгүй. ...2023 оны 06 сард Улаанбаатар хотоос ирж байхад утас руу залгасан байсан. Би утсаа унтраагаад унтчихсан юм. Тэгээд гэртээ ирээд унтаж байтал М.П орж ирээд гутлаараа өшиглөсөн. Тэгэхэд нэлээн цус гарсан. Тухайн үед миний шүд хөдөлсөн байх...” гэжээ.
2. Хариуцагч М.П, түүний төлөөлөгч М.Алтанчимэг нар дараах үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэсэн. Үүнд: Д.Ө нь 2022 онд таксинд явж байтал тосч сууж ярилцаад манай оёдлын 5, 6 эмэгтэй хамтран гутал хийдэг юм. Манайд жолоочоор ажиллахгүй юу гэснээр тэр эмэгтэйчүүдтэй хамтран ажилласан юм. Эхний үеүдэд таксины мөнгө төлөөд Бортолгой, Наранбулаг, Цогт-Уул, Арслан цохио худалдааны төвүүдээр гутлын хэв материал солилцох, авах өгөх, ажлуудыг хийсэн. ...Д.Ө нь 2023 оны 06 сард намайг таксинд явж байхад хүрээд ир таксинд явъя гэсэн юм. Намайг яваад ортол хэл амаар асар их доромжилж, түлхэн хөөж туусан. Би чи л намайг дуудаа биздээ гэтэл чи гадуур банзалдаж яваад ирээ биз хар гуйлгачин гэх мэт аймаар муухайгаар гутаасан юм. Би тэсэхэээ байгаад гарынхаа араар 1 удаа алгадсан. Шүд ам руу цохиогүй. Тэгээд маргааш нь зөв зүгээр надтай таксидаад хүмүүстэй уулзаад явсан. 1 жил гаруй шүдний талаар огт яриагүй байж байгаад гэнэт мөнгө төгрөг нэхэж байгаа нь надад ойлгомжгүй байна. Д.Ө нь гэрлийн мөнгөгүй боллоо, утас сунгаад өгөөч гэхээр нь тухай бүрт нь мөнгө өгдөг байсан. Өмнө нь Д.Ө байнга шүдний модоор урд 2 шүдээ ухдаг байсан. Суларсан шүдээ эмчид үзүүлж авахуулаад шүд хийлгэнэ гэж ярьж байснаас мөнгө төгрөг огт ярьдаггүй байсан. Д.Ө нь Тариат сумын Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуур, Цэцэрлэг сумын Туулант, Чулуут баг, Эрдэнэмандал сумдаар явахдаа энэ талаар огт яриагүй зүв зүгээр идэж уугаад л явсан. Би Д.Өы нэхэмжилсэн 8 сая төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Биологийн насны онцлогоор өмнө нь хөдөлж суларсан шүдээ авахуулахгүй бол төвөгтэй юм гэж авахуулчихаад одоо намайг цохиж унагаасан мэтээр гүтгэж байгаа нь хүнээс мөнгө салгах арга гэж бодож байна. Д.Ө нь хүнтэй харьцах харьцаа муутай, хүнтэй дандаа хэрэлдэж байдаг маш их зальтай өр шир ихтэй хүнээс байнга мөнгө нэхдэг хүн юм. Би энэ хүнээс мөнгөний авцаатай болохоос биш мөнгө өгөх асуудал байхгүй..., ... Нэхэмжлэгч 8,000,000 төгрөг нэхэмжлээд байгаа боловч нэхэмжлэгчийн эрүүл мэндэд нь ямар гэмтэл учирсан юм бэ, гэм хор учруулсан зүйл байгаа юм уу, ямар хор уршиг гарсан юм бэ гэдэг нь нотлогдон тогтоохгүй байгаа. Нэхэмжлэгч олон зүйлийн талаар ярьж, янз янзаар тайлбар гаргадаг хэдий ч нэхэмжлэлийн шаардлага болон яриад байгаа зүйлээ нотолсон баримт шүүхэд өгөөгүй буюу энэ талаар баримт хавтаст хэрэгт байхгүй. Өөрөөр хэлбэл хоёр шүдийг нь унагаж гэм хор учруулсан, хиймэл шүд хийлгэсэн талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олон гэрч асуулгах хүсэлт гаргаж, хэрэгт ач холбогдолгүй нотлох баримт цуглуулах хүсэлт гаргаж байсан. Тэр болгоныг нь шүүх хангаж шийдвэрлэсэн. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр л гэхэд 2 гэрч асуулгана гээд аваад ирчихсэн байна. Д.Өы шүдэн тус газар нь буюу шүд рүү нь хариуцагч цохисон зүйл байхгүй. Энэ нь нотлогдон тогтоогдохгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн нэхэмжлэгч тал шүд ямар хүчин зүйлийн улмаас, хэзээ унасан, хэний, юуны буруутай үйлдэл, эсвэл байгалийн жамаараа унасан юм уу гэдгийг тогтоолгохоор шинжээч томилуулсан. Шинжээчийн дүгнэлтээр Д.Өы хоёр шүд унасан талаар тухайн үеийн эмнэлгийн баримт бичиг байхгүй учраас шүд хэзээ унасныг, яаж унасныг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч зүгээр л миний 2 шүдийг М.П цөм цохисон гэж яриад байгаа хэр нь үүнийгээ нотолж чадахгүй байна...” гэжээ.
3. Нэхэмжлэгч Д.Ө нь хариуцагч М.Поос шүд рүү цохиж шүд унагаасан үндэслэлээр хиймэл шүд хийлгэх төлбөр 8,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.
Нэхэмжлэгч Д.Ө нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “миний 2 шүдийг цөм цохисон”, “...тэгээд гэртээ ирээд унтаж байтал М.П орж ирээд гутлаараа өшиглөсөн, тэгэхэд нэлээн цус гарсан, тухайн үед миний шүд хөдөлсөн байх”, “...Гэнэт нэг өдөр гадаа юм гагнуулаад сууж байтал хөлөөрөө тангарчихсан. Энэ үед шүд маань нэлээн доргичихсон байх...” гэж мэдүүлсэн, харин хариуцагч М.П шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...Би тэсэхээ байгаад гарынхаа араар 1 удаа алгадсан. Шүд ам руу цохиогүй. Тэгээд маргааш нь зөв зүгээр надтай таксидаад хүмүүстэй уулзаад явсан. 1 жил гаруй шүдний талаар огт яриагүй байж байгаад гэнэт мөнгө төгрөг нэхэж байгаа нь надад ойлгомжгүй байна. ...Биологийн насны онцлогоор өмнө нь хөдөлж суларсан шүдээ авахуулахгүй бол төвөгтэй юм гэж авахуулчихаад одоо намайг цохиж унагаасан мэтээр гүтгэж байгаа нь хүнээс мөнгө салгах арга гэж бодож байна...” гэж маргаж байна.
Шүүхээс нэхэмжлэгч талын хүсэлтээр Б.Г, Ж.О нараас гэрчийн мэдүүлэг авч, нэхэмжлэгч Д.Өы дээд үүдэн 2 шүд нь хэзээ унасан, шүд нь ямар нэг хүчин зүйлийн үйлчлэлээр унасан эсэх зэргийг тогтоолгохоор А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан мөн нэхэмжлэгчийн үүдэн 2 шүдийг цохиход гарт нь байсан гэх хариуцагч М.Пийн бөгжийг эд мөрийн баримтаар шаардан авч, үзлэг хийсэн.
А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 368 дугаар шинжээчийн дүгнэлтээр “Д.Өы дээд үүдэн 2 шүд унасан талаарх тухайн үеийн эмнэлгийн баримт байхгүй тул шүд хэзээ гэмтэж унасныг тогтоох боломжгүй байна” гэсэн, шүүхээс хариуцагч М.Пийн бөгжийг эд мөрийн баримтаар шаардан авч, үзлэг хийсэн боловч нэхэмжлэгч Д.Ө “миний шүдийг цохиход зүүж байсан бөгж биш” гэж тайлбарласан.
Гэрч Б.Г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “...Би шүд цохиж унагаасан талаар мэдэхгүй, ...М.П Д.Өы шүдийг цохичихлоо гэж хэлж байгаагүй...” гэсэн, харин шүүх хуралдаанд гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж, мэдүүлэг өгөхөөс татгалзсан.
Гэрч Ж.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “...2024 оны зун Д.Ө эгч над руу залгаад шүд рүү цохичихлоо, шүд хөдлөөд байна гэж хэлж байсан..., 100 жилийн наадмаас хойш очиход шүд нь уначихсан байсан..., Шүд хийлгэнэ гэж байсан. Унах болчихсон, бараг л унах гэж байсан. ... Зодуулсныхаа дараа утсаар ярьсан. 100 жилийн ой болсон зун 6 сард...” гэж мэдүүлсэн. Уг мэдүүлгээс дүгнэвэл гэрч Ж.О нь хариуцагч М.П нэхэмжлэгч Д.Өы шүд рүү цохьсон эсэхийг биш, нэхэмжлэгч Д.Өы утсаар ярьсан үйл баримтыг гэрчилж байна. Гэрч Ж.Оийн мэдүүлэг нь хэргийн үйл баримтыг шууд нотлохгүй, дамжмал эх үүсвэрээс сонссон зүйлээ мэдүүлж байх тул түүний мэдүүлэг М.П нь Д.Өы шүд рүү цохисон, цохисны улмаас шүд унасан гэдгийг нотлохгүй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч нь “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нэхэмжлэгч Д.Өы шүд унасан болон хариуцагч М.П шүд рүү нь цохисоны улмаас шүд болон зөөлөн эдэд гэмтэл учирсан талаар эмнэлэгт үзүүлсэн баримтгүй, цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгагдсан баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч Д.Өы шүд рүү хариуцагч М.П цохисон болон цохисны улмаас шүд нь унасан гэдэг нь нотлох баримтаар тогтоогдсонгүй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “...Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж , 505 дугаар зүйлийн 505.1-т “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй“ гэж тус тус заасан.
Иймд хариуцагч М.Пийн үйлдлийн улмаас нэхэмжлэгч Д.Өы эрүүл мэндэд гэмтэл учирч шүд нь унасан гэж тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Д.Өы хиймэл шүд хийлгэх 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийг “иргэний эрх зүйн чадамжтай эсэхийг тогтоох” болон “нэхэмжлэгчийн шүдийг авсан онош гэмтлийн улмаас эсвэл насжилтын улмаас үүссэн эсэхийг тогтоох” шинжээчийн дүгнэлт гаргуулах, хариуцагч М.Пийн “фейсбүүк аккаунтад үзлэг хийлгэх тухай” хүсэлтүүдийг гаргасан. Шүүх бүрэлдэхүүн уг хүсэлтүүдийг хангах үндэслэлгүй гэж үзсэн. Учир нь:
Нэхэмжлэгчийг “иргэний эрх зүйн чадамжтай эсэхийг тогтоох” шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийн тухайд: Нэхэмжлэгчийг өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй байгаа, энэ талаар эмнэлгийн хяналтад байдаг гэх баримт авагдаагүй, шинжээч томилох шаардлагатай гэсэн үндэслэл нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Иймд уг хүсэлтийг хангахаас татгалзах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 сарын 26-ны өдрийн 368 дугаартай дүгнэлт хэрэгт авагдсан. Уг дүгнэлтэд нэхэмжлэгчийн шүд хэзээ гэмтэж унасаныг тогтоох боломжгүй гэж дүгнэсэн бөгөөд хариуцагч М.П нэхэмжлэгчийн шүдийг цохисон гэж нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул уг ёзоор саатах онош ямар ямар үйлчлэлээр үүссэнийг тогтоох шинжээчийн дүгнэлт гаргуулах, хариуцагч М.Пийн мөнгөн бөгж зүүсэн зурагтай “фейсбүүк аккаунтад үзлэг хийлгэх тухай” хүсэлт нь хэрэгт ач холбогдолгүй юм. Иймд уг хүсэлтийг хангахаас татгалзаж байна.
5. Иргэдийн төлөөлөгч бичгээр гаргасан дүгнэлтдээ” Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй” гэсэн бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч М.Пийн үйлдлийн улмаас нэхэмжлэгч Д.Өы биед гэмтэл учирсан, шүд унасан гэж тогтоогдоогүй тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзсэн болно.
6. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан хариуцагч М.Пийн мөнгөн бөгж 1 ширхэгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хариуцагчид буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Өы хариуцагч М.Пид холбогдуулан гаргасан 8,000,000 (найман сая)төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60.1, 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 118 дугаар зүйлийн 118.5-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан мөнгөн бөгж 1 ширхэгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хариуцагчид буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Г.ЭНХ-АМГАЛАН