Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 129/ШШ2024/00480

 

                          

    

 

 

 

 

 

 

                       

                 129/ШШ2024/00480   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ...онд төрсөн, ... настай, эрэгтэй, ...гэх газар оршин суух Т овогт А.Д /Иргэний бүртгэлийн дугаар: ..../

            “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ч нар оролцов. Хүсэлт гаргагч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан түүний эзгүйд шийдвэрлэсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч А.Д нь “ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. 

 1.1 Хүсэлт гаргагч А.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ “...А.Д миний бие 1962 онд төрсөн. Би 7-р ангиа төгсөөд сургуулиасаа гарч 16 нас хүрээд 1979 оны 01-р сарын 01-ний өдрөөс А аймгийн Т сумын Я нэгдлийн Ц бригадад малчнаар ажилд орж хугацаат цэргийн албанд татагдах хүртлээ буюу 1980 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ажилласан. 1983 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хугацаат цэргийн албаа хааж ирээд үргэлжлүүлэн тухайн бригаддаа үхэрчнээр нэгдэл тарах хүртэл  ажилласан. Нэгдэл тарж хувьчлагдах үед би Я компанид хуваарилагдаж 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар тасралтгүй ажилласан. Миний энэ ажиллаж байсан байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн ба ажиллаж байсан талаарх баримтаа Аймгийн архив шүүлгээд орсон гарсан тушаал нь гарахгүй зөвхөн цалин гарсан тул Нийгмийн даатгалын байгууллага нь улсад ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн учир өндөр насны тэтгэвэрт орох зорилготой улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Я компанийн Нийгмийн даатгал төлж байсан талаарх баримтыг нийгмийн даатгалын байгууллага нь хувь хүнд өгөх боломжгүй шүүхээр дамжуулан авахыг зөвлөсөн учир хавсаргах боломжгүй байна. Иймд А.Д миний А аймгийн Т сумын Я нэгдэлд 1979 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл, 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, А аймгийн Т сумын Я компанид 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус тус малчнаар тасралтгүй ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.

1.2 Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Г.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...А.Д нь 1962 онд төрсөн, 07 дугаар анги төгссөн, 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс А аймгийн Т сумын Я нэгдлийн Ц багт малчнаар ажилд орсон. Хугацаат цэргийн албанд татагдах хүртэл буюу 1980 оны 06 сарын 14-ний өдрийгхүртэл ажилласан. 1983 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хугацаат цэргийн албанаас халагдаж үргэлжлүүлэн Я нэгдэлд ажилласан. Нэгдэл тараад хувьчлал болох үед Я компанид хувиарлагдаж 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01 өдөр хүртэл малчнаар тасралтгүй ажилласан. Ажилласан байдлын талаар бичсэн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, ажиллаж байсан талаарх баримтаа А аймгийн архиваас шүүлгэхэд орсон гарсан тушаал нь гараагүй. Мөн цалингийн мэдээлэл гарсан. Нийгмийн даатгалын байгууллага урьд ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор улсад ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Я компани нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан талаарх баримтыг байгууллага нь хувь хүнд гаргаж өгөх боломжгүй гэсэн хариу өгч хавсаргах боломжгүй талаар шүүхэд тайлбар өгсөн. Хүсэлт гаргагч А.Дын улсад ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтэд авагдсан бичгийн нотлох баримт, архивын лавлагаа, ХААТР маягт, гэрчийн мэдүүлэг зэрэг нь А.Дыг тухайн цаг хугацаанд ажиллаж байсан үйл явдлыг нотлож чадсан баримтууд байх тул хүсэлтийг бүрэн хангуулах хүсэлттэй байна...” гэжээ.

 

2. Хэрэгт дараах нотлох баримт авагдсан. Үүнд:

 

            2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд:

            -Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа,

            -А аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 453 дугаар цалингийн тодорхойлолтод “...А.Д, Т сумын Ц багт малчнаар ажиллаж байсан үеийн цалин: 1986,1987,1989 онд цалин авч байсан бичилттэй”,

            - А аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 514 дугаар цалингийн тодорхойлолтод “...А.Д, Т сумын Ц багт малчнаар ажиллаж байсан үеийн цалин: 1988 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар дуустал цалин авч байсан бичилттэй”,

            -Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 08/133 дугаар лавлагааны хуулбарт “...А.Д нь А аймгаас НАХЯ-ны сайдын 1980 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 451 дүгээр тушаалаар цэргийн албанд татагдаж, 0184 дүгээр ангид алба хаагаад мөн сайдын 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 516 дугаар тушаалаар 06 дугаар сарын 19-ний өдрөөс цэргийн албанаас халагджээ” гэх,

           

2.2 Хүсэлт гаргагчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд

      

           -Гэрч Б.М-ын шүүхэд өгсөн “...Би 1981 онд цэргээс халагдаж ирээд нэгдэл хувьчлагдаж компани болох хүртэл ажиллаж байсан. Би Ц бригадын Хөх толгойн фермд тугалчин байсан..., ... А.Д нь цэрэгт явахаасаа өмнө Я нэгдлийн Ц бригадын Сөртийн фермд тугал харж байсан. 2 жил орчим тугал малласан байх. Тэгээд 1980 онд цэрэгт яваад 1983 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд А аймгийн Т сумын Ц бригадын Сөртийн фермд тугалчнаар ажиллаж байгаад сүүлдээ тус фермд үхэрчин болсон байсан. 1992 онд ажлаас гарахад А.Д үхэрчнээр ажиллаж байсан. А.Дыг хэдэн онд ажлаас гарсныг нь мэдэхгүй байна.  Сөртийн фермийн дарга Жамсранжав, Сангаа гэж хүмүүс байсан. Сөртийн фермд үхэрчнээр Мягмарсамбуу, Нямбаа гуай зэрэг хүмүүс ажиллаж байсан, саальчнаар хэн хэн ажиллаж байсныг сайн санахгүй байна. Би Я компанид ажиллаж байгаагүй” гэх мэдүүлэг,

 

          -Гэрч Ж.М-ын шүүхэд өгсөн “...Би 1988 оноос 1990 он хүртэл Я нэгдлийн мал эмнэлгийн тасагт жолооч, 1990-2000 он хүртэл Я компанийн мал эмнэлгийн тасагт жолоочоор тус тус ажиллаж байсан. ... А.Д нь 1980 онд цэргийн албанд татагдаж, 1983 онд цэргээс ирсэн. 1983 оны 08 дугаар сард цэргээс халагдаж ирээд А аймгийн Т сумын Я нэгдлийн Ц бригадын Сөртийн фермд тугалчнаар ажилд орж 2 жил ажиллаад тус фермдээ үхэрчнээр ажиллаж эхэлсэн ба 1995 он хүртэл үхэрчнээр ажилласан. Сөртийн фермийн дарга Шагдаржав гэж хүн байсан. Сөртийн фермд А.Д нэртэй өөр хүн ажиллаж байгаагүй. Олон жил өнгөрсөн болохоор Сөртийн фермд үхэрчнээр, саальчнаар хэн хэн ажиллаж байсныг сайн санахгүй байна. А.Д нь Я компанид 1990-1995 он хүртэл ажилласан, 1995 оноос хойш ажиллаагүй, Хорго баг руу шилжсэн. Я нэгдэл нь 1990 онд хувьчлагдаж, Я компани болсон гэв. Я компанийн захирал Бадамсамбуу гэж хүн байсан” гэх мэдүүлэг,

 

          2.3 Шүүхийн санаачилгаар бүрдүүлсэн нотлох баримтууд:

 

            -Үндэсний төв архивын 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 03-02/4047 дугаар лавлагаа болон 1989 оны хүн ам, орон сууцны тоологын баримтад “...А аймгийн Т сум, өрхийн тэрүүлэгч А.Д, эрхэлдэг ажил үхэрчин...” гэх,

            -А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/605 дугаар албан бичигт “...А.Д нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх мэдээлэл байхгүй бөгөөд тэтгэвэр тогтоолгож байгаагүй болно...” гэх,

            -А.Дын ХААТР-1 маягтын хуулбарт “...А аймгийн Т сум, А.Д, Т сумын Я нэгдэл Ц бригадад 1978 оноос үхэрчнээр ажиллаж эхэлсэн ...” гэх,

            -А.Дын хаягийн хуудас маягтын хуулбарт “...А.Д, А аймгийн Т сумын Ц бригадад малчин, хуудас бичсэн: 1988.02.19...” гэх,

            -А аймгийн Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 81 дугаар албан бичгээр ирүүлсэн Т сумын Я нэгдлийн өмч хувьчлалын материалд “...А аймгийн Т сумын Гэрэлт зам нэгдлийн хувьчлагдсан хөрөнгийн дэлгэрэнгүй тооцоо, 398. А.Д, авсан хөрөнгийн хэмжээ: 12,628 төгрөг...” гэх,

            -Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 08/2518 дугаар лавлагаанд “...А.Д нь А аймгаас НАХЯ-ны сайдын 1980 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 451 дүгээр тушаалаар цэргийн албанд татагдаж, 0184 дүгээр ангид алба хаагаад мөн сайдын 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 516 дугаар тушаалаар 06 дугаар сарын 19-ний өдрөөс цэргийн албанаас халагджээ” гэх,

            -Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 08/476 дугаар албан бичигт “...Хилийн ба ДЦ-ийн 0184 дүгээр ангийн 1980-1983 оны цэргийн анкетыг тус архивт шилжүүлж ирүүлээгүй болно” гэх,

            -Д.О-ийн ХААТР-11 маягтад “...эцэг А.Д, Хорго багт малчин, бүртгэсэн 1999.09.22” гэх,

            -Д.Лхагвабаярын ХААТР-11 маягтад “...бүртгэсэн А аймаг, Т сум, эцэг А.Д, Хорго багт малчин ...” гэх

           

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч А.Дын А аймгийн Т сумын Я нэгдэлд 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 14, 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, А аймгийн Т сумын Я компанид 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995  оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан:

-А аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 453 дугаар цалингийн тодорхойлолт,

- А аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 514 дугаар цалингийн тодорхойлолт,

-Үндэсний төв архивын 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 03-02/4047 дугаар лавлагаа болон 1989 оны хүн ам, орон сууцны тоологын баримт,

- А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/605 дугаар албан бичиг,

- А.Дын ХААТР-1 маягтын хуулбар,

            -А.Дын хаягийн хуудас маягтын хуулбар,

            -А аймгийн Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 81 дугаар албан бичгээр ирүүлсэн Т сумын Я нэгдлийн өмч хувьчлалын материал,

            -Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 08/2518 дугаар лавлагаа,

            -Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 08/476 дугаар албан бичиг,

            -Д.Отгончимэгийн ХААТР-11 маягтын хуулбар,

            -Д.Лхагвабаярын ХААТР-11 маягтын хуулбар,

- Худал мэдүүлвэл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлэн баталгаа гаргасан гэрч Б.М, Ж.М нарын мэдүүлэг зэрэг баримтаар хүсэлт гаргагч А.Дын А аймгийн Т сумын Я нэгдэлд 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 14, 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, А аймгийн Т сумын Я компанид 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995  оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

 

          2. Хүсэлтийн шаардлагыг ханган шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч А.Дын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.   

   

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Т овогт А.Дын А аймгийн Т сумын Я нэгдэлд 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 14, 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, А аймгийн Т сумын Я компанид 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995  оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ч.ЖАРГАЛАН