| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2024/00622/И |
| Дугаар | 129/ШШ2024/00504 |
| Огноо | 2024-11-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 129/ШШ2024/00504
|
|
129/ШШ2024/00504
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: А аймгийн Ө сумын . багт оршин суух Ө овгийн Л.З
Нэхэмжлэлийн шаардлага: Мал маллаж байснаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Л.З
Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Г.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чанцал
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Л.З нь мал маллаж байснаа тогтоолгох нэхэмжлэл гаргасан.
Хүсэлт гаргагч, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- Би 1995-2000 онд мал маллаж байсан байдлаа тогтоолгохоор Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд хандахад 1995, 1997 онд мал маллаж байсан байдлыг тогтоосон боловч нотлох баримт хангалтгүй гэсэн үндэслэлээр 1998-2000 онд мал маллаж байсныг тогтоох боломжгүй гэж шийдвэрлэсэн. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгохын тулд мал маллаж байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргаж байна. Иймд миний Архангай аймгийн Хотонт суманд 1998 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдал тогтоож өгнө үү гэв.
2. Хүсэлт гаргагчаас:
- Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 5 сарын 21-ний өдрийн 512 тоот тодорхойлолт
- Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн Засаг даргын 2024 оны 9 сарын 18-ны өдрийн 239 тоот тодорхойлолт
- Хүн ам, орон сууцны 1989, 2000, 2010 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 7 сарын 05-ны өдрийн 03-08/3873, 03-08/3880, 03-02/3882 тоот лавлагаа/
- Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 6 сарын 21-ний 04/09,14/03 дугаар тогтоол,
- Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 9 сарын 25-ны өдрийн 32/63 дугаар тогтоол зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
3. Хүсэлт гаргагч Л.З-н хүсэлтээр Д.Б, Д.С нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
4. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу
- ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 10 сарын 31-ний өдрийн 01/766 тоот лавлагаа
- Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн Засаг даргын 2024 оны 11 сарын 04-ний өдрийн 195 тоот тодорхойлолт
- Архангай аймгийн Хотонт сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 11 сарын 05-ны өдрийн 02/44 тоот тодорхойлолт
- 2000 он хүн ам, орон сууцны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 11 сарын 01-ний өдрийн 03-01/5840 тоот лавлагаа/
- Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 сарын 18-ны өдрийн 105 тоот тодорхойлолт зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Л.З-н нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авах зорилгоор Архангай аймгийн Хотонт суманд 1998 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 5 сарын 21-ний өдрийн 512 тоот тодорхойлолт, Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн Засаг даргын 2024 оны 9 сарын 18-ны өдрийн 239 тоот тодорхойлолт, хүн ам, орон сууцны 1989, 2000, 2010 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 7 сарын 05-ны өдрийн 03-08/3873, 03-08/3880, 03-02/3882 тоот лавлагаа/, Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 6 сарын 21-ний 04/09,14/03 дугаар тогтоол, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 9 сарын 25-ны өдрийн 32/63 дугаар тогтоол, ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 10 сарын 31-ний өдрийн 01/7666 тоот лавлагаа, Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн Засаг даргын 2024 оны 11 сарын 04-ний өдрийн 195 тоот тодорхойлолт, Архангай аймгийн Хотонт сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 11 сарын 05-ны өдрийн 02/44 тоот тодорхойлолт, 2000 он хүн ам, орон сууцны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 11 сарын 01-ний өдрийн 03-01/5840 тоот лавлагаа/, Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 сарын 18-ны өдрийн 105 тоот тодорхойлолт, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Д.Б, Д.С нарын мэдүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.
3. “Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Хотонт сумын Бургалтай багийн 1997-2000 онуудын малын А дансыг шүүн үзэхэд Л.З-д холбогдох баримт гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна” гэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 5 сарын 21-ний өдрийн 512 тоот тодорхойлолт хэрэгт авагдсан бөгөөд Л.З-г 1998-2000 онд малчнаар ажилласнаар тооцох боломжгүй гэж Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөл тус тус шийдвэрлэжээ.
Хүсэлт гаргагч Л.З нь 1998-2000 онд мал маллаж байснаа тогтоолгохоор Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд тус тус хандаж шийдвэрлүүлснийг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх талаар хуульд заасан журмыг хэрэглэсэн гэж үзнэ.
Хүсэлт гаргагчийн 1998 оноос 2000 онд мал маллаж байсан талаарх нотлох баримт төрийн байгууллагад хадгалагдаагүйн улмаас дээрх үйл баримтыг шүүхээр тогтоолгохоор хүсэлт гаргасан нь онцгой ажиллагааны журмаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг төрөл болох эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг сэргээн тогтоолгох хүсэлт юм.
5. Хүсэлт гаргагч Л.З-н мал маллаж байсан талаар тодорхойлсон “1998-2000 онд Л.З нь Бургалтай багт мал маллан амьдардаг байсан болохыг тодорхойлов” гэсэн Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн Засаг даргын 2024 оны 11 сарын 04-ний өдрийн 195 тоот тодорхойлолт, “Л.З 1998-2000 он хүртэл Хотонт сумын Бургалтай багт мал маллаж амьдарч байсан нь үнэн болно” гэсэн Архангай аймгийн Хотонт сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 11 сарын 05-ны өдрийн 02/44 тоот тодорхойлолт, “хүн ам, орон сууцны 2000 оны тооллогоор Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай баг, хөдөөд оршин суугч Л.З тэргүүлэгч өөрөө, 1969 оны 01 сард төрсөн, нас-30, эрэгтэй, эрхэлдэг ажил-малчин” гэж тоологдсон Үндэсний төв архивын 2024 оны 11 сарын 01-ний өдрийн 03-01/5840 тоот лавлагаа, гэрч Д.Б-н “Л.З нь миний төрсөн эгч З-тай 1988, 1989 оны үед гэр бүл болсон. Эднийх Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багт гэр бүл болсон цагаасаа 2015 он хүртэл амьдарч, мал малласан. 2015 оноос малын бэлчээр дагаж Хотонт сумаас Өгийнуур сум руу шилжсэн. Одоо Л.З, З нар Өгийнуур сумын Дойт багт нутаглаж, хувийн малаа маллаж байна. 1992 онд нэгдэл хувьчлагдаж тарсны дараа Л.З, З нар Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багт хувийн малаа маллаж эхэлсэн бөгөөд одоог хүртэл хувийн малаа тасралтгүй маллаж байна. Мал маллахаас өөр ажил хөдөлмөр хийж байгаагүй. Одоо нэг хүүхэд нь аав ээжтэйгээ малаа маллаж байдаг. Бусад хүүхэд нь хот хүрээнд ажиллаж амьдардаг” гэх мэдүүлэг, гэрч Д.С-н “Л.З Хотонт суманд 8 дугаар анги төгссөн. Л.З нь З-тай гэр бүл болж Хотонт сумын Цацрал нэгдэлд мал маллаж байсан. 1990 онд нэгдэл хувьчлагдсаны дараа Л.З нь эхнэр З-хаа хамт Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багт нутаглаж 1990 оноос 2000 он хүртэл хувийн малаа малласан. Л.З-н хадам аав, ээж нь Өгийнуур суманд амьдардаг байсан учраас 2000 оноос хойш Х сумаас Өгийнуур сум руу шилжсэн. Одоо Л.З, З нар Өгийнуур суманд амьдарч, хувийн малаа малладаг. Эднийх Хотонт сум руу шилжих хүртлээ тасралтгүй л хувийн малаа малласан. Өгийнуурт ч морь уяад малаа маллаж байгаа гэж сонсогддог юм. Хотонтод мал маллаж байхдаа манайх эднийхтэй ойролцоо нутагладаг байсан” гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр Л.З-н Архангай аймгийн Хотонт суманд 1998 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан нь тогтоогдож байна.
Иймд Л.З-н Архангай аймгийн Хотонт суманд 1998 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
Хэрэгт авагдсан хүн ам, орон сууцны 1989, 2010 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 7 сарын 05-ны өдрийн 03-08/3880, 03-02/3882 тоот лавлагаа/ нь хүсэлт гаргагчийн мал маллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Ө овгийн Л.З-н Архангай аймгийн Хотонт суманд 1998 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА