| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2017/0045/Э |
| Дугаар | 116 |
| Огноо | 2017-10-06 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Н.Цогтбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал
Шүүгдэгч: Ү.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ү-ийн Б холбогдох ,,,дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Ү. Б
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ү.Б нь ялтай байхдаа, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар ашиг хонжоо олох зорилгоор 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ,, дугаар баг, ,,оршин суух иргэн Б.Г-ын гэрт нэвтэрч, 32 инчийн ЛСД телевизорыг хулгайлж, иргэн Б.Г-дод 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд ,,дугаартай эрүүгийн хэргээс:
Хохирогч Б.Г-ын мэдүүлсэн: ...2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт байх манай гэрт Б гэх зүс таних залуу ирсэн. Тэгээд бид хоёр бид хоёр манай гэр нэг шил архи уучихаад хамт гараад явсан. Тэгээд аймгийн “Нийтийн худалдааны төв”-д ирээд Б надаас салаад явсан бөгөөд би 24 дүгээр байранд байдаг ахындаа очсон. Тэгээд орой 17 цагийн үед гэртээ очиход манай зурагт байхгүй болчихсон байсан. Гэрийн хаалгаар орсон юм байна лээ, манай гэрийн цоож эвдэрчихсэн, гараар татахад онгойчихдог байсан. 32 инчийн ЛСД зурагт, хар өнгөтэй, Самсунг гэсэн бичигтэй зурагт байгаа. Би алдсан зурагтаа Архангай аймгийн “Крокус” төвөөс 500.000 төгрөгөөр 2013 онд анх авч байсан юм. Надад сэжиглэж байгаа хүн байгаа, Б гээд архи хамт уусан залууг сэжиглэж байна. Би энэ хэргийн улмаас 500.000 төгрөгийн хохиролтой байна. Учирсан хохирлоо буцаан аваагүй байгаа ба одоо 500.000 төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/
Гэрч П.А-ийн мэдүүлсэн: ...Би хамгийн сүүлд саяхан Г-той зах дээр нэг удаа уулзахад манай гэрээс зурагт хулгайлчихсан гэж ярьж байсан. Г надад ярихдаа манай гэрт таньдаг хүн ороод хулгай хийчихсэн байна гэж ярьж байсан. Би өмнө нь гэрт нь нэг удаа орж байсан, тэгэхэд хар өнгийн байсан байхаа, би өнгийн сайн санахгүй байна, ямар ч байсан ЛСД зурагт байсан. Би Г-оос хэн хулгайлсан талаар асуусан бөгөөд таньдаг хүн гээд нэрийг нь хэлж байсан, би одоо санахгүй байна, бас энэ аймгаар архи уугаад яваад байдаг хүн гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/
Гэрч Ү.М-ны мэдүүлсэн: ...Б нь сургууль төгсөөгүй, 5-р ангиасаа гарсан. Ажил төрөл хийдэггүй, гэртээ байдаг. Хааяа гадуур хар бор ажил гарвал хийчхээд гэртээ л байж байдаг хүн байгаа юм. Манай ах дүү наймуулаа амьдардаг бөгөөд эцэг, эх байхгүй, өнчин өрөөсөн хүүхдүүд байгаа юм. Б өмнө нь хориход сууж байгаад ирсэн. Согтуу байхдаа өөрийн төрсөн дүүтэй маргалдаад түлээ хөрөөдөж байсан хөрөөгөөр дүүгийнхээ зузаан гуяыг нь хөрөөдчихсөн юм. Б ааш зангийн хувьд хэвийн, хүнд тусархуу, хар ажилд сайн хүүхэд байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/
Гэрч Б.Б-ын мэдүүлсэн: ...Би өмнө нь Г-ын гэрт орж гарч л байсан бөгөөд нилээн хэдэн жилийн өмнө аймгаас авч байсан зурагт байгаа юм. Хар өнгөтэй ЛСД зурагт байсан санагдаж байна. Би Г-ын гэрт хулгай орсон талаар сайн мэдэхгүй, тухайн үед би Төвшрүүлэх суманд ажилтай явж байсан юм, дараа нь надад нэг тиймэрхүү юм ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/
Гэрч Д.Ц-ын мэдүүлсэн: ...2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр би ажил дээрээ байсан юм. Хэрэг болсноос хойш манай ажил дээр цагдаа нар ирээд 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хяналтын камерын бичлэгийг шүүж үзэх хэрэгтэй байна гээд бичлэгийг ухрааж үзсэн юм. Тэгээд 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16 цаг 07 минутад манай хяналтын №7 камерын бичлэгт нэг хүн цаашаа хараад зурагт тэвэрчихсэн явсан дүрс байсан. Тэгээд цагдаа нар тухайн бичлэгийг надаас хуулбарлан авсан. Би хэрэг гарсан өдөр тэр хүнийг зурагт тэврээд явж байхыг хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 05 хуу/
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 06 хуу/
Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 07 хуу/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 08-09 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10 хуу/
2017 оны 02 сарын 02-ны өдрийн 20 дугаартай хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 24 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 38 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 41 хуу/ зэрэг болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ,,дугаар баг, ,,тоотод оршин суух иргэн Б.Г-ын гэрээс 32 инчийн ЛСД телевизор хулгайлагдсан нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Ү.Б нь 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ,,дугаар баг, ,,, тоотод оршин суух иргэн Б.Г-ын гэрт нэвтэрч, 32 инчийн ЛСД телевизорыг хулгайлж, иргэн Б.Г-дод 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь: орой 17 цагийн үед гэртээ очиход манай зурагт байхгүй болчихсон байсан, гэрийн хаалгаар орсон юм байна лээ, манай гэрийн цоож эвдэрчихсэн, гараар татахад онгойчихдог байсан. Надад сэжиглэж байгаа хүн байгаа, Б гээд архи хамт уусан залууг сэжиглэж байна гэж мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Г-ын мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 12-13/, Г надад ярихдаа манай гэрт таньдаг хүн ороод хулгай хийчихсэн байна гэж ярьж байсан гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч П.А-ийн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/, хэрэг болсноос хойш манай ажил дээр цагдаа нар ирээд 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хяналтын камерын бичлэгийг шүүж үзэх хэрэгтэй байна гээд бичлэгийг ухрааж үзсэн юм. Тэгээд 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16 цаг 07 минутад манай хяналтын №7 камерын бичлэгт нэг хүн цаашаа хараад зурагт тэвэрчихсэн явсан дүрс байсан. Тэгээд цагдаа нар тухайн бичлэгийг надаас хуулбарлан авсан гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Ц-ын мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 05/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 06/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 08-09/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай байна гэж үзэв.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ү.Б-ыг Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэснийг Архангай аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 56 дугаартай магадлалаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг эдлүүлэхээр өөрчилж шийдвэрлэсэн ба Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 128 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 74 дүгээр зүйлийн 74.3.2 дахь хэсэгт зааснаар Ү.Б-ы эдлээгүй үлдсэн 1 жил 4 хоногийн хорих ялыг хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хянан харгалзагдсан. Иймд Ү.Б-ы эдлээгүй үлдсэн 1 жил 4 хоногийн хугацаагаар хорих ял нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 6.1.7-д зааснаар түүний эдлээгүй үлдсэн 1 жил 4 хоногийн хугацааг өршөөлд хамрагдсан, харин ялгүй болгох хугацаа нь өршөөгдөөгүй гэж үзэж Ү.Б нь ялтай байхдаа хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлж, яллаж байгаа боловч ялтан Ү.Б-ы “хянан харгалзагдсан хяналтын хувийн хэрэгт” өршөөл үзүүлсэн тухай зохих тэмдэглэгээг хийсэн баримт хэрэгт авагдаагүй байх тул 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-т заасан “ялтаныг энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлж, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамруулна” гэсэн заалтыг үндэслэн Ү.Б-д тус Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 6.1.1-т зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг өршөөлд хамрагдсан гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б овогт Ү-ийн Б-ыг бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ү.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Ү.Б-аас хохиролд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар 350.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Г-дод олгож, шүүгдэгч Ү.Б-ы цагдан хоригдсон 62 хоногийг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий сиди нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэг хадгалж, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 1.5, 1.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ү-ийн Б-ыг бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Ү-ийн Б-ыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Б-ны эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар шүүгдэгч Ү.Б-ны цагдан хоригдсон 62 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Б-аас 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Б.Ганболдод олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал уг хэрэгт үлдээсүгэй.
7. Хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ү.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ