Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Цэнд-Очир |
Хэргийн индекс | 118/2024/0012/З |
Дугаар | 118/ШШ2024/0037 |
Огноо | 2024-07-01 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 118/ШШ2024/0037
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “.................” ХХК
Хариуцагч: Завхан аймгийн Алдархаан сумын Засаг дарга
Нэхэмжлэгч компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлах эсэхтэй холбогдох маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “...........” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж............. /онлайнаар/, Ж............. /онлайнаар/, хариуцагч Алдархаан сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж............, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Пүрэвдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн Алдархаан сумын нутагт байрших "*******" нэртэй ашигт малтмалын хайгуулын ******* дүгээр тусгай зөвшөөрлийн талбайд "*******" ХХК-с 2023, 2024 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа Алдархаан сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг төлөвлөгөөг батлахыг даалгуулах гэжээ.
2. Хэргийн нөхцөл байдал: Завхан аймгийн Алдархаан сумын нутагт орших “*******” нэртэй ******* дүгээр 5632.00 га хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 257 дугаар шийдвэрээр “*******” ХХК-д олгосон байна. Тус компани Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар 2023 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулахаар Алдархаан сумын Засаг даргад 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1/4300, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1/4368 дугаар албан бичгүүдээр тус тус хандсан боловч хариу өгөөгүй байна.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас манай компани Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу 2023 он, 2024 онуудын байгаль орчны хамгаалах төлөвлөгөөгөө батлуулахаар Алдархаан сумын Засаг даргад хандсан боловч ямар нэгэн хариу өгөхгүй байгаа гэж, хариуцагч талаас Алдар багийн иргэдийн Нийтийн Хурлаас уул уурхайтай холбоотой ямар нэгэн үйл ажиллагааг дэмжихгүй гэж хэлэлцэж шийдвэрлэсэн учраас байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахаас татгалзсан гэж тайлбарлаж байна.
4. Нэхэмжлэгч нь “*******" нэртэй ашигт малтмалын хайгуулын ******* дүгээр тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг Алдархаан сумын Засаг дарга батлахгүй байгаа талаарх гомдлоо Завхан аймгийн Засаг даргад 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 01/4470 дугаартай албан бичгээр гаргасан боловч хариу өгөөгүй учир 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
5. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...“*******” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газраас зарласан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцож шалгарснаар Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 257 дугаартай шийдвэрээр Завхан аймгийн Алдархаан сумын нутагт байрших "*******" нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг өөрийн эзэмшилд авсан. “*******” ХХК Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1-т заасан үүргээ биелүүлж ашигт малтмалын хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийн 2023 онд хэрэгжүүлэх хайгуулын ажлын төлөвлөгөөг Ашигт малтмал, газрын тосны газарт хуулийн хугацаанд хүргүүлж батлуулсан. Үүний дараа мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан хугацаанд ******* дүгээр тусгай зөвшөөрлийн талбайд дээр 2023 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулахаар 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1/4300 тоот албан бичгээр Алдархаан сумын Засаг даргад хүргүүлсэн боловч уг төлөвлөгөөг баталж өгөхгүй өнөөдрийг хүрээд байна. Тухайн үед Алдархаан сумын Засаг дарга чөлөөлөгдөөд удаагүй байсан бөгөөд тус сумын Засаг даргын орлогч Ж.*******той уулзахад удахгүй сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шинээр Засаг даргыг томилох асуудал хэлэлцэнэ. Та нар хүлээ, тэгээд ч надад танай төлөвлөгөөг батлах эрхгүй байхгүй гэсэн. Бид төлөвлөгөө батлах асуудал удааширсан тул Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5-т "Засаг даргыг хугацаанаас нь өмнө чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг бүрэн хүлээнэ” гэж заасан байх тул манай төлөвлөгөөг баталж өгөхийг дахин хүссэн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 01/4368 тоот албан бичгийг Алдархаан сумын Засаг даргын орлогч Ж.*******од хүргүүлсэн боловч манайд хариу ирүүлээгүй. Энэ шалтгаанаас үүдэн ашигт малтмалын хайгуулын ******* дүгээр тусгай зөвшөөрлийн талбайд хайгуул хийхэд шаардлагатай бусад зөвшөөрлийг холбогдох төрийн эрх бүхий байгууллагаас авч чадахгүйгээс болж бид хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Засгийн газрын өөрт хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд буюу Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-д "геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын болон энэ хуулийн 24.1-т зааснаас бусад тохиолдолд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх" гэж заасны дагуу зарласан сонгон шалгаруулалтын талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулах эрхийг манайд олгосон боловч сумын Заcar дарга хууль бус эс үйлдэл гаргаж байна. Бид үүний өмнө дээр дурдсан нөхцөл байдлын талаар Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа Ашигт малтмал, газрын тосны газарт хандан дэмжлэг хүссэн хүсэлтийг гаргасан бөгөөд тус газар хүсэлтийг хянаж үзээд 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 15/5974 тоот албан бичгээр Засгийн газраас зарласан талбайд Ашигт малтмалын тухай хуульд заасан болзол нөхцөлийг “*******” ХХК хангасан тул энэ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т заасныг хэрэгжүүлж ажиллахыг Алдархаан сумын Засаг даргад мэдэгдсэн боловч бас л манай төлөвлөгөөг батлаагүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т "Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ" гэж заасан хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй байсаар байна. “............” ХХК нь Алдархаан сумын Засаг даргын орлогчийн уг төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотой гомдлыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/4470 тоот албан бичгээр тус аймгийн Засаг даргад гаргасан боловч өнөөдрийг хүртэл бичгээр хариу манайд өгсөнгүй. Иймд Завхан аймгийн Алдархаан сумын нутагт байрших "*******" нэртэй ашигт малтмалын хайгуулын ******* дүгээр тусгай зөвшөөрлийн талбайд "............." ХХК-аас 2023 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа тус сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож уг төлөвлөгөөг батлахыг даалгаж өгнө үү гэв.
6. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...Завхан аймгийн Алдархаан сумын нутагт байрших “*******” нэртэй ашигт малтмалын хайгуулын ******* дүгээр тусгай зөвшөөрлийн талбайд “...............” ХХК-ийн 2023 он болон 2024 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө батлахгүй байгаа тус сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг төлөвлөгөөг батлахыг даалгах гэжээ.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1/4300 тоот албан бичгээр 2023 оны байгаль орчныг хамгаалах, хайгуулын ажлыг хийх, булаг шандаа хамгаалах менежментийн төлөвлөгөөний хамт 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргын Тамгын газарт өөрийн биеэр хүргэж өгсөн байгаа. Харин 2024 оны байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг шуудангаар Завхан аймгийн Алдархаан сумын Засаг дарга руу хүргүүлсэн байгаа. 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 01/4548 гэсэн албан бичгээр 2024 оны хайгуулын ажлын хүрээнд байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг шуудангаар хүргүүлсэн гэв.
8. Хариуцагч Алдархаан сумын Засаг дарга Ю. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...“*******” ХХК байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулахаар ирүүлсэн байдаг. Үүнээс өмнө иргэд өөрсдөө мэдээлэлтэй учир тус нутаг дэвсгэрт уул уурхайтай холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа дэмжихгүй гэдэг байр сууриа байнга илэрхийлэг бөгөөд багийн иргэдийн Нийтийн Хурлаа хийж албажуулж ирүүлсэн. Иймд “*******” ХХК-ийн 2023 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг дэмжих боломжгүй байна гэжээ.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: ...”*******” ХХК ашигт малтмалын хайгуулын ******* дүгээр тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар 2023 оны 8 сард одоо энэ хүмүүс надад байгаль орчин менежментийн төлөвлөгөө авчирч өгсөн ба надтай хоёр удаа төлөөлөгчид нь ирж уулзсан. Тэр үед манай Засаг дарга огцроод Засаг даргагүй байсан. Засаг даргын одоо эзгүйд орлогч дарга нь шууд үйл ажиллагаа хариуцах ёстой гэж байх шиг байна. Тамга тэмдгийг нь хүлээлцээгүй байсаар байгаад 09 дүгээр сарын дундуур аймгийн Тамгын газраас тамга тэмдэг хүлээж авч байсан. Тухайн үед Засаг даргыг түр орлож байсан ба тухайн ирсэн хүмүүст нутгийн иргэдийн зүгээс татгалзаж байгаа тул та бүхэн тус нутагт нутагладаг ард иргэдтэй нь уулзаж тайлбар өгөх, материалаа тарааж өгөх талаар ярилцсан. 2023 онд манай суманд Засаг дарга шийдэгдэхгүй байсаар байгаад 2024 он гарсан. Тэгээд 2024 он гараад манай сумын Засаг дарга томилогдоход нь би ийм учиртай зүйл болоод байгаа гэдгийг тайлбарлаж өгсөн. 2024 оны 01 дүгээр сар гарангуут энэ хүмүүс шүүхэд өгсөн байгаа юм. 2024 оных нь менежментийн төлөвлөгөө бол ингээд явсаар байгаад өнгөрчхөж байгаа юм. 2024 оных нь менежментийн төлөвлөгөө бол 2023 оныхоо менежментийн төлөвлөгөөг шүүхэд өгсний дараа манай дээр ирсэн. Тэгэхээр нь шүүхээр яаж шийдэгдэх юм, тэрний дараа хариу тайлбарыг нь өгье өө гэсэн байр суурьтай байгаа. “*******” ХХК-ийн нэмэлт тайлбарт тухайн багийн ИНХ-ын шийдвэрийг оролцогч биш сумын Засаг дарга дангаар шийдвэрлэнэ” гэсэн байна. Сумын Засаг дарга нь сумын нийт иргэдийн олонхын саналаар томилогддог улс төрийн албан хаагч, сумын болон багийн иргэд Нийтийн Хурлын шийдвэрийг харгалзан үзэх үүрэгтэй албан тушаалтан мөн. Багийн ИНХ-ын шийдвэрийг хэрэгсэхгүй байх үндэслэл байхгүй. Монгол Улсын Үндсэн хуульд Монгол улсад Засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ гэж заасан байдгийг онцлон дурдах нь зүйтэй гэв.
10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. шүүхэд гаргасан тайлбартаа: ...”*******” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХҮ-022504 дүгээр тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх 2023, 2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар сумын Засаг даргад хүргүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2023 оны 10-р сарын 09-ний өдрийн Багийн ИНХ-аар ард иргэд 100 хувь эсэргүүцсэн хурлын тэмдэглэл нь сар өдрийн зөрүүтэй байгаа нь Сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Б. андуурсан байх тул "*******" ХХК нь манай багийн ард иргэдтэй уулзаж тайлбар өгөх буюу материалаа тарааж үйл ажиллагааны тухай танилцуулж багийн ИНХ-ын шийдвэрийг дагаж ард иргэдийн санал бодлыг сонсох шаардлагатай байна. Тиймээс дээрх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч нь Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргад холбогдуулан “Алдархаан сумын нутагт байрших ******* нэртэй ашигт малтмалын хайгуулын ******* дүгээр тусгай зөвшөөрлийн талбайд “*******” ХХК-с 2023 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг төлөвлөгөөг батлахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа “Алдархаан сумын нутагт байрших ******* нэртэй ашигт малтмалын хайгуулын ******* дүгээр тусгай зөвшөөрлийн талбайд “*******” ХХК-с 2024 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа тус сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож уг төлөвлөгөөг батлахыг даалгах” гэж нэмэгдүүлсэн байна.
3. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
4. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд: Нэхэмжлэгчийн “эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, даалгах” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.3-т “захиргааны байгууллагын татгалзсан шийдвэр, эс үйлдэхүй нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол захиргааны зохих акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах” гэж зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдах хууль зүйн үндэслэлтэй байна.
4.1 Нэхэмжлэгч нь Алдархаан сумын Засаг даргын дээд шатны Засаг дарга буюу Завхан аймгийн Засаг даргад 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр албан бичгээр гомдол гаргасныг 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан боловч хуульд заасан 30 хоногийн хугацаанд шийдвэрлээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар уг хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах журмын дагуу 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй байна.
5. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан нэхэмжлэгч компанийн 2023 оны Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлаагүй хариуцагчийн эс үйлдэхүйн тухайд: Нэхэмжлэгч “*******” ХХК-д Завхан аймгийн Алдархаан сумын нутаг дэвсгэрт байрлах “*******” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын .................. дүгээр тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 257 дугаар шийдвэрээр 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр олгосон байна.
5.1 Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараах үүрэг хүлээнэ” гээд 38.1.1-д “тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах”, 38.1.3-т “энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах”, 38.2-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж заажээ.
5.2 Нэхэмжлэгч компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан 30 хоногийн хугацаанд ашигт малтмалын хайгуулын ........ дүгээр тусгай зөвшөөрлийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг боловсруулж мөн хуулийн 38.1.3-т зааснаар батлуулахаар 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* Алдархаан суманд биечлэн очиж 01/4300 дугаар албан бичиг, “*******” хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 2023 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг тус сумын Засаг даргын орлогчид гардуулж өгсөн болох нь тэдгээрийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
5.3 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч компанийн Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан 2023 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлаагүй эс үйлдэхүйн үндэслэлээ хайгуулын талбай оршин буй нутаг дэвсгэр болох Алдархаан сумын Алдар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдааны 01 дүгээр тогтоол, тэмдэглэлээр багийн иргэд эсэргүүцсэн гэж тайлбарлаж байна.
5.4 Алдархаан сумын Алдар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тэмдэглэл, ирцийн баримтыг хариуцагч сумын Засаг даргаас тус шүүхэд ирүүлсэн бөгөөд тус тэмдэглэл нь 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн огноотой, тэмдэглэл хэсэгт 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хуралдаж “*******” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөлд холбогдох асуудлыг хэлэлцсэн гэх боловч тус хурлын ирцийн баримт нь 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөр огноолсон 3 нүүр баримт байх ба Алдар багийн Засаг даргын шүүхэд гаргасан тайлбараар тухайн хуралдааны огноог андуурч бичсэн. Хуралдаан 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хуралдсан гэж тайлбарлаж тус өдрийн хуралдааны тэмдэглэл, тогтоолыг шүүхэд ирүүлсэн боловч Алдархаан сумын Засаг дарга болон Алдар багийн Засаг даргаас ирүүлсэн хуралдааны тэмдэглэл хэлбэрийн зөрүүтэй байх тул үнэн зөв гэж үнэлэх боломжгүй байна.
5.5 Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-д зааснаар “геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын …тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх” Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15, 20 дугаар зүйлд зааснаар сонгон шалгаруулалтад шалгарсан хуулийн этгээдэд олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх мөн хуулийн 38.1.1-д заасан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг мөн хуулийн 38.1.3-т зааснаар сумын Засаг даргад хүргүүлж батлуулах, сумын Засаг дарга Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3-т заасан төлөвлөгөөг 38.2-т зааснаар хянан батлахаар байх ба хуульд заасан үндэслэлгүйгээр буюу багийн иргэдийн Нийтийн Хурлаас тухайн төлөвлөгөөг батлахаас татгалзсан гэх хууль бус үндэслэлээр татгалзах эрхгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан нэхэмжлэгч компанийн 2023 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлаагүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус байна.
6. Нэхэмжлэгч компанийн 2024 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлаагүй хариуцагчийн эс үйлдэхүйн тухайд: Нэхэмжлэгч компани нь 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 01/4548 дугаар албан бичиг, “*******” хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 2024 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг тус сумын Засаг даргын Тамгын газарт шуудангаар хүргүүлсэн гэж тайлбарлаж байх бөгөөд тухайн төлөвлөгөөтэй сумын Засаг дарга, Засаг даргын орлогч нар танилцсан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сумын Засаг даргын орлогчийн тайлбараар тогтоогдож байх ба хэргийн оролцогчид энэхүү асуудлаар маргаагүй болно.
6.1 Хариуцагч Алдархаан сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч компанийн 2024 оны төлөвлөгөөг батлахаас татгалзсан эс үйлдэхүйн үндэслэлийг 2023 оны төлөвлөгөөг батлах эсэх асуудал шүүхийн маргаантай байгаа тул 2024 оны төлөвлөгөөг авч хэлэлцэх боломжгүй гэж тайлбарлаж байх ба тус шүүхээс нэхэмжлэгч компанийн 2023 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлаагүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, батлахыг даалгаж шийдвэрлэсний эрх зүйн үр дагавраар 2024 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, батлахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
6.2 Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах болон нөхөн сэргээлт хийх журам, аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага … батална”, 9.8-д “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага төсөл хэрэгжүүлэгчийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг жил бүрийн 12 дугаар сард багтаан хүлээн авч дараа оны төлөвлөгөө болон түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, зардлын хэмжээг батална” гэжээ.
6.3 Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/618 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын 1.2-т “Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэж Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.8-д заасан төлөвлөгөөг ойлгоно”, 2.1-д “Төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчныг хамгаалах хууль тогтоомж, батлагдсан байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тодорхойлсон сөрөг нөлөөг бууруулах, арилгах арга хэмжээний зөвлөмж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг үндэслэн жил бүрийн 12 дугаар сард багтаан дараа оны тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулна”, 3.5-д “…ашигт малтмалын хайгуулын төслийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг тухайн төслийг хэрэгжүүлж буй сум, дүүргийн байгаль орчны улсын байцаагчаар хянуулан, Засаг даргаар батлуулж, аймаг, нийслэлийн байгаль орчны газарт нэг хувийг хүргүүлнэ” гэж зааснаас үзвэл төсөл хэрэгжүүлэгч хуулийн этгээд жил бүр байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлуулах үүрэгтэй байна.
6.4 Тодруулбал, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө гэдэг нь хайгуулын үйл ажиллагаа явуулсны улмаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, арилгах, нөхөн сэргээх зорилгоор тухайн жилд хийгдэх нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, хүрээлэн байгаа орчны бохирдолтыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, эвдэгдсэн газрыг булах, тэгшлэх, ургамалжуулах замаар цаашид нийтийн хэрэгцээний зориулалтаар ашиглаж болохоор нөхөн сэргээх арга хэмжээг тусгасан баримт бичгийг ойлгох бөгөөд Ашиг малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Ашигт малтмалын асуудлаар сумын Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 12.2.5-д “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянах” эрхийг олгосон тул дээрх бүрэн эрхийг сумын Засаг дарга хуульд заасан журмаар хэрэгжүүлэх, хуульд заасан үндэслэлгүйгээр хянан батлахаас татгалзах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3, 38.2, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.8 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан “Алдархаан сумын нутагт байрших ******* нэртэй ашигт малтмалын хайгуулын ******* дүгээр тусгай зөвшөөрлийн талбайд “*******” ХХК-с 2023, 2024 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, эдгээр төлөвлөгөөг батлахыг хариуцагч Алдархаан сумын Засаг даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч “*******” ХХК-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР