| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 104/2024/00550/И |
| Дугаар | 104/ШШ2024/00491 |
| Огноо | 2024-10-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 104/ШШ2024/00491
2024 10 08 104/ШШ2024/00491
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/
Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,******* тоотод оршин суух, овогт ын /РД:/
Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,******* тоотод оршин суух, овогт ийн /РД:/
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 7.240.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Ё.*******,
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хишигжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ё.******* нь Б., А. нарт холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 7.240.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...би 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн 76.2 м/кв байрыг 2.000.000 төгрөгөөр тооцож 152.400.000 төгрөгөөр худалдахаар болсон. Уг худалдан авах хүнд банкны зээлийн нөхцөлөөр 1.800.000 төгрөгөөр тооцож 137.160.000 төгрөгийн зээл гарах байсан тул зөрүү болох 15.240.000 төгрөгийг 2023 оны 11 сард багтаан өгнө гэж харилцан тохиролцоод худалдах, худалдан авах гэрээ байгуулж Хаан банкны зээлээр надаас худалдан авсан. 2023 оны 11 дүгээр сард зөрүү мөнгөө өгөх байсан боловч өгөлгүй 2024 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 8.000.000 төгрөг өгсөн. Иймд харилцан тохиролцсон хүрээнд үлдэгдэл мөнгөө удаа дараа шаардсан боловч өнөөг хүртэл өгөөгүй байгаа. Үлдэгдэл мөнгө болох 7.240.000 төгрөгийг гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ё.******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би өөрийн эзэмшилийн орон сууцыг 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс хойш Фэйсбүүк хуудасны Налайхчуудын нээлттэй групп дээр худалдана гэсэн зар тавьсан ба тус зарын дагуу Б., А. нар манай байрыг ирж үзээд болж байна, боломжийн үнэтэй байна гээд орон сууцаа худалдах, худалдан авах хэлцлийг эхлээд аман байдлаар тохиролцсон. А., Б. нар нь банкнаас зээл гаргуулах хүсэлтэй байгаагаа хэлж, хэрэв банк зээл шийдвэрлэх боломжтой гэх юм бол байрыг чинь худалдаж авна гээд зээл ч бүтсэн байрыг худалдаж авсан. Миний бие худалдах, худалдан авах гэрээ хийж А., Б. хоёрт гэрээгээ танилцуулан байрны маань анхны үнэ болох 1 м/кв-ыг нь 2.300.000 төгрөгөөр тооцсон боловч уг хүмүүстэй ярилцаад 1 м/кв-ыг нь 2.000.000 төгрөгөөр тооцож худалдахаар болсон. 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ хийж байраа зарсан. Тухайн үед нэг зөрүүтэй байсан зүйл нь гэвэл А., Б. нарт банкнаас зээл гаргах мөнгөн дүн, миний байрны тохиролцсон үнэ хоёр зөрүүтэй байсан. Байрны тохиролцсон зарах үнэ 154.200.000 төгрөг болсон ба банкнаас А., Б. нарт 137.160.000 төгрөгийн зээл гарсан, А., Б. нар нь банкнаас шийдвэрлэсэн 137.160.000 төгрөгийг 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр над руу шилжүүлсэн үүний дараа 2024 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 8.000.000 төгрөгийг шилжүүлж, нийт 145.160.000 төгрөгийг надад шилжүүлсэн. Үлдэгдэл 7.240.000 төгрөгийг төлөөгүй байгаа. А. нь тухайн үед би том тэрэг барьдаг 2023 оны 11 дүгээр сард үлдэгдэл мөнгийг өгөх боломжтой гэж хэлсэн. Би 2023 оны 12 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн Б.ийн утас руу зурвас бичин нэг удаа гэрт нь очиж уулзахад нөхөр болох А. нь үлдэгдэл мөнгөө төлөх боломжгүй, уг эрсдэлийг тооцоолоогүй байна гэсэн. Удаа дараа сард 1-2 удаа утсаар дуудлага хийж зурвасаар харилцахад юм хэлээгүй, анх байр худалдаж авахад ямар ч алдаа дутагдалгүй, зөрчилгүй гэсэн атлаа тус байранд 5-6 сар байранд амьдарчихаад үлдэгдэл мөнгөө өгөх болохдоо шалтаг гарган байр чинь асуудалтай байна гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Би үлдэгдэл мөнгө болох 7.240.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Б. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Анх нөхөр бид хоёр уг байрыг зарна гэсэн зарыг олж харсан уг зар дээр тоот байрыг зарна, ингэхдээ гал тогооны тавилга дагалдуулж өгнө гэсэн зар байсан. Би нөхөртэйгөө, ээжтэйгээ гурвуулаа зарын дагуу явж очсон. Ё.******* нь 119 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан ба миний таньдаг хүн байсан тул нэг удаа байрыг очиж үзээд байр асуудалгүй гэсэн үгэнд нь итгэсэн. Тухайн үед тавилгатай байсан тул байрны асуудлыг анзаараагүй. Нэг л удаа байраа үзээд шууд банкнаас зээл хөөцөлдөж эхэлсэн. Анх байрыг 1 м/кв-ыг нь 1.950.000 төгрөгөөр худалдаж авна гэж ярилцсаны үндсэн дээр банкны зээл 137.200.000 төгрөг гарч үлдэгдэл 11.400.000 төгрөгийн зөрүү үлдлээ дээ гэж бодож байтал улирал солигдон өвөл болоход байрны цонхны булангууд нь цантаад, цонхнууд нь овойж мөстөөд уг мөснүүд нь цонхоо дагаж урсаад байсан. Ё.******* нь гал тогооныхоо тавилгыг дагалдуулж өгнө гэж байсан атлаа тавилгаа аваад явчихсан. Тухайн үед би юу ч хэлээгүй, хэл ам ч хийгээгүй. Надад Ё.******* гал тогооны тавилгаа 4-5 сая төгрөгөөр худалдаж авах юм уу гэхэд нь би хүний хуучин юм надад хэрэггүй гэж хэлээд өгөөд явуулсан. Би байрны үлдэгдэл мөнгөний зөрүүндээ уг тавилгаа авчихаж байгаа юм байна гэж ойлгосон. Тэгтэл аваад явчихсан. Түүний дараа мөстөх асуудлууд гарч ирэхэд харзнасан боловч бороо ороод эхлэнгүүт шууд ус нь урсаад байрандаа засвар хийхгүй байхын аргагүй болсон учир засвар хийсэн. Дахиад л ус нь урсаад ороод ирж байсан. Ё.******* нь хүүхдүүдийн маань сургуульд нийгмийн ажилтан хийдэг байсан хүний хувьд мэддэг учир үгэнд нь итгээд манай байр ямар ч асуудал байхгүй, маш дулаахан гэхэд нь би 4 хүүхэдтэй дахиад дээрээс нь миний дүүгийн 4 хүүхэд над дээр цуг байгаа, нийтдээ 8 хүүхэдтэй учраас би сургууль руу ойртоод хажууд нь байр авч байгаа шүү, таньдаг хүний хувьд танд итгэж байна гэж хэлээд би уг байрыг хөөцөлдөөд авсан. Гэтэл өнөөдөр ийм л байдалтай байж байна. Байрны үлдэгдэл мөнгө миний тооцоогоор 3.400.000 төгрөг байгаа. Гэтэл би байрандаа худалдаж авснаасаа хойш засвар хийсэн. Одоо ч би тэр хоёр цонхоо сольж чадаагүй байгаа. Бид 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Гэрээ хийчихсэн юм чинь байраа суллаж өгөөч гэхэд байр суллах боломж байхгүй, тавилгаа тавих газар алга гэх шалтгааны улмаас байр суллаагүй. Байр суллаж өгөөгүй байх хугацааний зээлийг бид төлсөн учир үлдэгдэл мөнгийг өгөхгүй гэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгч талаас Ё.*******ын тоот Хаан банкны дансны хуулга, 2023.08.10-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ зэрэг баримтыг ирүүлсэн ба нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Ё.*******ын дугаараас хариуцагчийн дугаар руу харилцсан зурваст үзлэг хийж тэмдэглэл үйлдэж баталгаажуулсан байна.
Хариуцагчаас: 2023.08.28-ны өдрийн орон сууцны зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2023.08.28-ны өдрийн дугаартай барьцааны гэрээ, 2024.02.26-ны өдрийн Вендо ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр би өөрийн өмчлөлийн 76.2 м/кв байрыг 1 м/кв-ыг нь 2.000.000 төгрөгөөр тооцож нийт 152.400.000 төгрөгөөр А., Б. нарт худалдахаар амаар тохиролцож хариуцагч нар уг байрыг банкны зээлийн нөхцөлөөр 1 м/кв-ыг нь 1.800.000 төгрөгөөр тооцож 137.160.000 төгрөгийн зээл гарсан. Тохиролцсон 152.400.000 төгрөгийн зөрүүг 2023 оны 11 сард багтаан өгнө гэж харилцан тохиролцоод худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. 2023 оны 11 дүгээр сард зөрүү мөнгөө өгөх байсан боловч өгөлгүй 2024 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 8.000.000 төгрөг өгсөн. Иймд үлдэгдэл санхүүжилт 7.240.000 төгрөгийг төлөөгүй талаар тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс Ё.*******ын тоот Хаан банкны дансны хуулга, 2023.08.10-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, 2024.10.08-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтыг үндэслэн А., Б. нараас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 7.240.000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлж байна.
3. Хариуцагч Б., Б. нар ...гэрээний үлдэгдэл төлбөр 3.400.000 төгрөг байх ёстой, худалдагч анх байраа худалдахдаа гал тогооны тавилгыг дагалдуулж өгнө гэж зар тавьсан байсан, байр нь чанарын шаардлага хангахгүй цонхноосоо дулаан алдаж мөстдөг үүний улмаас ус гоождог байр байсан учир бид орсноосоо хойш их зардал гаргаж засвар хийсэн учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. 2023.08.10-ны өдөр Ё.******* нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Налайх дүүргийн*******, м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 137.160.000 төгрөгөөр А., Б. нарт худалдахаар харилцан тохиролцсон байна.
4.2. Гэрээнд үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 8 дугаар сарын 20-ны дотор хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна.
4.3. Зохигчдын хэн алин нь 2023.08.10-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээнд заасан 137.160.000 төгрөгийн үнэ бодит байдалд нийцээгүй, банкнаас зээл авах зорилгоор гэрээнд уг үнийг заасантай маргадаггүй, харин талуудын маргааны зүйл нь гэрээний төлбөрийн үлдэгдэл бүрэн төлөгдсөн эсэхээс үүссэн бөгөөд нэхэмжлэгч байраа 1 м/кв-ыг нь 2.000.000 төгрөгөөр тооцож, нийт 152.400.000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон гэж, хариуцагч байрыг 1 м/кв-ыг нь 1.950.000 төгрөгөөр тооцож, нийт 148.629.000 төгрөгөөр худалдан авсан, 145.160.000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 3.469.000 төгрөгийг гал тогооны тавилгад суутгаж авсан, байр анхнаасаа чанарын шаардлага хангаагүй, худалдагч байраа хугацаандаа суллаж өгөөгүйгээс бид 9 сарын орон сууцны зээлийн төлбөрийг төлсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байна.
4.4. Талуудын хооронд 2023.08.10-ны өдрийн үл хөдлөх худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэрээнд талууд гарын үсэг зурсан байх бөгөөд шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр гэрээ байна гэж дүгнэв.
4.5. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй барааг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид гэрээгээр тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
5. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ, мөн хуулийн 251.2 дахь хэсэгт Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний 4.7-д худалдагч үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх үед түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан бол худалдан авагч тал шаардлага гаргах эрхтэй, 5.1-д үл хөдлөх эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль аль нь гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол зардлыг хариуцахаар тохиролцсон байна.
5.1. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхийн хэлэлцүүлэгт ...байр анхнаасаа чанарын шаардлага хангаагүй, цонхноосоо цантаж ус гоожсны улмаас засвар хийсэн гэж тайлбарлах боловч уг доголдлыг арилгуулах, эсхүл гэрээг цуцлуулах талаар худалдан авагч тал худалдагч талд гомдлын шаардлага гаргаагүй, барааг доголдолтой гэж үзсэн бол Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгийн доголдлыг арилгуулахаар шаардлага гаргах эрхтэй, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар дээрх шаардлагыг гаргаагүй бол доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардах эрхтэй гэж заасан бөгөөд хариуцагч доголдлыг арилгахад гарсан нэмэлт зардлын хэмжээгээр орон сууцны үнийг бууруулахаар шаардлага гаргаагүй байна.
5.2. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар орон сууцыг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор дээрх шаардлагыг гаргах эрхтэй байна. Гэвч хариуцагч тал энэхүү шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул хариуцагчийн энэ үндэслэлээр маргааны үйл баримтыг татгалзаж буй тайлбар нь үндэслэл бүхий байж чадаагүй тул хариуцагчийн тайлбар, татгалзлыг шүүх хүлээн авах үндэслэлгүй.
6. Нэхэмжлэгч гэрээний үнэ, үлдэгдэл төлбөр 7.240.000 төгрөгийг төлөх үндэслэлтэй талаар тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтын үндэслэлээ нотлуулахаар үзлэг хийлгэх хүсэлт гаргасны дагуу хэрэгт үзлэг хийж бэхжүүлсэн талуудын гар утасны мессежээр харилцсан зурвасаар орон сууц худалдах, худалдан авах гэрээний нийт үнэ 152.400.000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 145.160.000 төгрөгийг хасч тооцсон тооцоо бүхий нэхэмжлэгчийн зурваст хариуцагч хариу тооцоо гаргаагүй, уг тооцоонд маргаагүй байх учир талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үнэ 152.400.000 төгрөгөөр тохиролцсон болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтаар тогтоогдож байна.
6.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Хариуцагч Б., А. нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, татгалзаж буй байдлаа баримтаар нотлоогүй тул хариуцагч нарын тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
6.2. Иймд нэхэмжлэгч гэрээний зүйлийг худалдан авагчид шилжүүлсэн, хариуцагч нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй нь хэрэгт цугларсан бичгийн баримт, зохигчдын тайлбараар нотлогдсон тул худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 7.240.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130.790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А., Б. нараас 130.790 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А., Б. нараас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 7.240.000 /долоон сая хоёр зуун дөчин мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ё.*******од олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ё.*******оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130.790 /нэг зуун гучин мянга долоон зуун ерэн/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А., Б. нараас 130.790 /нэг зуун гучин мянга долоон зуун ерэн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ё.*******од олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигчид, тэдгээрийн төлөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ