Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 01730

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Бмаа нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Нармандах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2020/01407 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.Бмаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нгазарт холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2019/01081 дүгээр захирамжаар талууд үүргийн гүйцэтгэлийг 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 20-ны дотор хэсэгчлэн төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсоныг баталж, хариуцагч Ц.Бмаагаас нийт 65 985 450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Тгалд олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх захирамжийн дагуу Нгазраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж Ц.Бмаагийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2202006709 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуур 16 дугаар гудамж, 338 тоот хаягт байрших, 66 мкв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г- 2202001239 дугаарт бүртгэлтэй газрыг битүүмжилж, хураасан. Улмаар талууд эд хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээч томилж эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон.

Гэтэл Нгазрын томилсон “Виннэр Вэй” ХХК нь тус хувийн сууц, газрыг 56 983 000 төгрөгөөр үнэлсэн байна. Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн болон өмчлөгчийн өгсөн үнэлгээ ба шинжээчийн тогтоосон үнэлгээний үнийн зөрүү нь хэт их, үнэлгээний компани үл хөдлөх эд хөрөнгийг бодитой үнэлээгүй байна.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-д хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх гэж заасан байдаг. Гэтэл дээрх компанийн үнэлгээний тайлангаас тодорхой зүйл харагдахгүй байгаа ба үнэлгээ бодитой бус гэж үзэж байна. Иймд үнэлгээг хүчингүй болгож, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2019/01081 дүгээр захирамжаар Ц.Бмаагаас 40 985 450 төгрөг гаргуулж Н.Тгалд олгох, барьцааны хөрөнгө болох Ц.Бмаагийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Г-2202001239 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуурын 16 дугаар гудамж, 338 тоотод байрлах 358.66 м.кв талбайтай газар, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2202006709 дугаарт бүртгэлтэй, 66 м.кв талбайтай хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн ба гүйцэтгэх баримт бичгийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Ц.Бмаагийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Г-2202001239 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуурын 16 дугаар гудамж, 338 тоотод байрлах 358.66 м.кв талбайтай газар, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2202006709 дугаарт бүртгэлтэй, 66 м.кв талбайтай хувийн сууцыг битүүмжлэн, хураасан.

Үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2 дахь заалтыг үндэслэн шинжээч томилон 56 983 000 төгрөгөөр үнэлсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж “Виннер Вей” ХХК-ийн шинжээч өртгийн хандлагын арга, орлогын хандлагын арга, зах зээлийн жишиг үнийн хандлагын аргуудыг хэрэглэн хөрөнгийг 56 983 000 төгрөгөөр үнэлсэн нь бодитой байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох барьцаа хөрөнгийн үнэлгээний тайлангаар үнэлэгдсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Ц.Бмаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2020 оны 03 сарын 06-ний өдрийн 02394 дугаар захирамж нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг хөндөгдөж, зөрчигдсөн, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй болох нь тогтоогдож байхад анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас нь зөв үнэлж дүгнээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна.

Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “...үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээний тайлан нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь барьцаа хөрөнгийн үнийг 56 983 000 төгрөг байхаар тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд нийцсэн байна” гэжээ. Гэтэл Нгазрын томилсон “Виннэр Вэй” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг гаргахдаа дээрх хуулийн заалтуудыг зөрчиж гаргасан болох нь хэрэгт авагдсан үнэлгээний тайлан болон гэрчийн мэдүүлгээс тодорхой харагддаг.

Өөрөөр хэлбэл “Виннэр Вэй” ХХК нь үнэлгээний тайланг гаргахдаа “Өртөгийн, орлогын, зах зээлийн жишиг үнийн хандлагын аргыг хэрэглэсэн гэж тайлбарлах боловч үнэлгээний үндэслэл, тооцоолол нь тодорхойгүй, хоорондоо зөрүүтэй, хууль тогтоомжоор тогтоосон журмыг зөрчсөн байхад дээрх үнэлгээг хууль зөрчөөгүй гэж үзсэнд гомдолтой байна.

 “Виннэр Вэй” ХХК нь хөрөнгийг үнэлэхдээ Барилга, хот байгуулалтын яамнаас гаргасан журмын хүрээнд дүгнэлтийг гаргасан, Сангийн яамнаас баталсан аргачлалыг хэрэглээгүй, өртөгийн хандлагаар хөрөнгийг үнэлгээг тогтоохдоо Барилга байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээ Барилга, хот байгуулалтын яамны 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар хашаа болон гаражийг үнэлэх ёстой байтал үнэлээгүй, мөн цахилгаан дамжуулах шугам үнэлээгүй, барилгын хийц бүтээцийг буруу тодорхойлсон. Сангийн сайдын 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн аргачлал батлах тухай 207 дугаар тушаалд зааснаар дээрх барилгад ногдох нэгж хүчин чадлын жишиг үнэлгээ нь 428 400 төгрөг, гэтэл үнэлгээний тайланд нэгж хүчин чадлын үнэлгээг Барилга, хот байгуулалтын яамнаас гаргасан журмыг баримталж 420 000 төгрөгөөр тооцсон байдаг.

Мөн орлогын хандлагыг хэрэглэхдээ ижил төстэй обьектуудын өнөөгийн зах зээл дээрх түрээсийн нэгжийн үнэ, мөн тэдгээрийн татварын дараах сарын дундаж цэвэр мөнгөн урсгалыг тооцсон гэх боловч түрээсийн үнэ буюу анхны үнийг хэрхэн тодорхойлсон, ямар баримтад үндэслэсэн нь тодорхойгүй. Эдгээр баримтыг тайланд хавсаргаагүй.

Зах зээлийн хандлагаар харьцуулж буй обьектууд нь хийц бүтээцийн хувьд ялгаатай /харьцуулсан обьектууд палкаар барьсан байх ба манай обьектын хувьд мод, төмөр холимог бүтээцтэй/, үнэлгээний тайландаа үнэлэгдэж буй обьектоос 200 метрийн радиус дотор байрлах хийц, зориулалтын хувьд ижил жишигдэхүйц обьектуудын үнийн мэдээллийг цуглуулж харьцуулалт хийж тооцсон гэх боловч харьцуулалт хийсэн обьектууд нь уг радиуст хамаарахгүй зөрүүтэй байдаг.

Мөн харьцуулж буй обьектуудын эзэдтэй уулзах, утсаар холбогдох, фото зургийг харах зэргээр судалсан гэх боловч энэ талаар баримт тайланд хавсаргаагүй Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.8-д заасныг зөрчсөн, газрын зэрэглэлийн бүсийг 3-р зэрэглэлийн бүсэд хамруулсан үндэслэл тодорхойгүй зэрэг үнзлгээний тайлангийн үндэслэл, тооцоолол тодорхойгүй.

Зах зээлийн жишиг үнийн хандлагыг хэрэглэхдээ хэлцлийн үнэ, бодит үнэ гээд үнүүдийг тогтоохдоо бодит үнүүдийг зөвхөн байшингийн метр квадратад хуваагаад 1 м.кв-ын үнэ гаргаж ирээд, дараа нь 3 хувааж дундажийг нь гаргаж ирсэн байдаг.

Гэтэл хэлцлийн үнийг хаанаас, хэзээ, ямар үнээр зарагдсан гэдэг эх үүсвэр буюу эх сурвалж нь тодорхойгүй, тайланд энэ талаар тусгаагүй байдаг. Анхны эх сурвалжаа тодорхойгүй хийсвэр тоог үндэслэж бүх тооцоог гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд хуульд заасан журмын дагуу хөрөнгийн үнэлгээг тогтоосон гэж үзэх үндэслэлгүй.

Дээр дурдсанаар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо хуульд заасан журмыг буюу Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар Сангийн яамнаас баталсан аргачлалыг хэрэглээгүй, үнэлгээний үндэслэл, тооцоолол, эх сурвалж, баримт нотолгоо тодорхойгүй. Иймд үнэлгээг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Бмаа нь хариуцагч Нгазарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 сарын 11-ны өдрийн 01081 дугаар захирамжаар Ц.Бмаагаас 65 500 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 485 450 төгрөгийн хамт гаргуулж Н.Тгалд олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2202006709 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, нуур 16 дугаар гудамж, 338 тоот хаягт байрших, 66 м.кв талбай бүхий хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн ба гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. /хх5-6, 30/

 

Нгазар нь Ц.Бмаагийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2202006709 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, нуур 16 дугаар гудамж, 338 тоот хаягт байрших, 66 м.кв талбай бүхий хувийн сууцыг тус хаягт орших улсын бүртгэлийн Г-2202001239 дугаарт бүртгэлтэй 358.6 м.кв талбай бүхий газрын хамт 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр битүүмжилж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хураан авах ажиллагаа явуулсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх10-13/

 

Шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хувийн сууцыг худалдан борлуулахаар тусгасан боловч Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт зааснаар хувийн сууц нь газраас салгаж үл болох тул шийдвэр гүйцэтгэх байгууллагаас уг хувийн сууц оршин байгаа газарт ашиллагаа явуулж байгааг буруутгах боломжгүй юм.

 

Хариуцагч байгууллага нь эд хөрөнгийг хураан авсанаас хойш 3 хоногийн дараа буюу 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “Виннэр Вэй” ХХК-ийг шинжээчээр томилсон, шинжээч тус үл хөдлөх эд хөрөнгө болох хувийн сууц, газрын зах зээлийн үнэ цэнийг 56 983 000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд шийдвэр гүйцэтгэгч 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 4/1289 тоот албан бичгээр тус үнэлгээний талаар төлбөр төлөгч Ц.Бмаад мэдэгдсэн байна. /хх 14/

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар талууд тохиролцоогүйгээс шинжээч томилсон ажиллагаанд нэхэмжлэгч гомдол гаргаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь шинжээчийн дүгнэлт хуульд нийцээгүй гэж маргажээ. Иймд анхан шатны шүүхээс талуудын гаргасан үнийн санал, тэдгээрийн үнийн санал зөрүүтэй байгаа талаар гомдлоор хянан хэлэлцэх маргааны хүрээнд холбогдох нотлох баримтыг цуглуулах ажиллагааг дутуу явуулсныг дурдаж, энэ нь шийдвэрт нөлөөлөхгүй гэх үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах шаардлагагүй гэж дүгнэлээ.

 

Зах зээлийн жишиг үнийн аргыг буруу хэрэглэснээс үнэлгээ буруу тогтоогдсон гэх тайлбараа нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй ба уг үүргээ хэрэгжүүлээгүй байна. Нэхэмжлэгч тал ийнхүү нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд шинжээчийн дүгнэлтээр харьцуулалтын аргыг ашиглаж хөрөнгийн үнэлгээ тогтоосныг буруу гэж дүгнэхгүй юм.

 

Учир нь шинжээчийн дүгнэлтэд эд хөрөнгийг өртөгийн хандлага, орлогын хандлага, болон зах зээлийн жишиг үнийн аргаар тооцож, эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн жижиг үнийн аргыг сонгож хөрөнгийн үнэлгээг тогтоосныг буруутгах боломжгүй. Шинжээчийн дүгнэлтэд заасан өртөгийн хандлагын аргаар тодорхойлоход хөрөнгийн үнэлгээ 41 569 000 төгрөг, орлогын хандлагын аргаар тодорхойлоход хөрөнгийн үнэлгээ 29 351 000 төгрөг, зах зээлийн жишиг үнийн аргаар тодорхойлоход 56 983 000 төгрөг болсон бөгөөд уг үнээс илүү үнээр үнэлгээ тодорхойлогдох байсан гэх тайлбараа нэхэмжлэгч хуульд заасан журмаар мөн нотлоогүй байна.

 

“Виннэр Вэй” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг гаргахдаа барилгын хийц бүтээцэд “...2 автомашины гарааштай зүүн зүгрүү харсан 4 ширхэг цонхтой” гэж тодорхойлсон байх тул үнэлгээний тайланд гараашийн үнийг тооцон оруулсан байна. Түүнчлэн тус байгууллагын үнэлгээчин Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 тоот тушаалын 3 дугаар хавсралтын 1-д жижиг барилгууд гэсэн нэр төрлийн мод, тоосго, блокон холимог ханатай барилгын 1 м.кв-ыг 420 000 төгрөгөөр тооцон нэгж хүчин чадлын жишиг үнэлгээгээр тогтоосон байх тул нэхэмжлэгчийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээ нь 428 400 төгрөгөөр тооцох ёстой гэх давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2020/01407 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                    ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                                                           Э.ЗОЛЗАЯА