Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямын Амарзаяа |
Хэргийн индекс | 118/2024/0030/З |
Дугаар | 118/ШШ2024/0038 |
Огноо | 2024-07-02 |
Маргааны төрөл | Бусад, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 118/ШШ2024/0038
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа би тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б................... 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ............ дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий прокурорын дүгнэлттэй хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Б............. шүүхэд гаргасан дүгнэлтдээ: ...тус аймгийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.............. нь иргэн Я.******* "Завхан аймгийн Яруу сумын Өргөн багийн нутаг дэвсгэр, "Хөх тэнгэр" гэдэг газарт хууль бусаар загас тээвэрлэсэн байна" гэх зөрчлийн БОГ-14/ГМ-388 дугаартай материалыг хүлээн авч шалгаад, 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зөрчилд холбогдогч Я.............д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар №........... дугаартай шийтгэлийн хуудсаар гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ. Материалд цугларсан баримтуудаар дүгнэхэд уг зөрчил 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гарч, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ........... дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бөгөөд хэрэг бүртгэлтийн ажиллагааг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл явуулж, тус прокурорын газраас 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 19 дугаартай прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
Мөн эрх бүхий албан тушаалтан нь 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №.............. дугаартай шийтгэлийн хуудсаар зөрчилд холбогдогч Я.............д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан "Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн..." гэж үзэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Учир нь Я............д холбогдуулан шалгасан зөрчил нь материал авагдсан нотлох баримтуудаар 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гарсан гэж үзэхээр байна. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т "энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн ... бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй" гэж зааснаас үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа нь 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр дууссан байна.
Эрх бүхий албан тушаалтан Б........... нь уг материалыг хүлээж аваад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан "Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн" гэсэн үндэслэлээр зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай шийдвэр гаргах ёстой байтал Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан "Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн..." гэж үзэж иргэн Я.............г гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Түүнчлэн эрх бүхий албан тушаалтан Б................ нь хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэхдээ холбогдогчоос мэдүүлэг аваагүй, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл үйлдээгүй буюу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан "зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол" гэсэн хуулийн заалтыг хангаж ажиллаагүй, шийтгэлийн хуудсанд холбогдогчоор гарын үсэг зуруулаагүй байгааг дурдах нь зүйтэй байна.
Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.............ын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №............ дугаартай шийтгэлийн хуудсаар зөрчилд холбогдогч Я..............д оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.
Хариуцагч Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.............н шүүхэд гаргасан тайлбартаа: ...уг материалыг хүлээн өвөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээх авахаас татгалзах шийдвэр гаргах байтал зөрчилд холбогдогч Я...............д ........ дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Завхан аймгийн аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б................нь Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан "Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн..." гэх зөрчлийг үйлдсэн хэмээн үзэж, 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ............ дугаар шийтгэлийн хуудсаар зөрчилд холбогдогч Ч...............д торгох шийтгэл оногдуулсан байна.
Завхан аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Б................ нь дээрх 2024 оны ........... дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий дүгнэлтийг шүүхэд гаргасан бөгөөд дүгнэлтийнхээ үндэслэлийг “...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан "Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн", холбогдогчоос мэдүүлэг аваагүй, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл үйлдээгүй хуулийг буруу хэрэглэсэн гэж тодорхойлжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгаль орчны хяналтын улсын байцаагч Б............... дээрх прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байна.
Торгууль оногдуулсан эрх бүхий албан тушаалтан нь өөрийн гаргасан шийдвэрийг хууль зөрчсөнийг хүлээн зөвшөөрч, хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлттэй маргахгүй байх ба энэ нь гуравдагч этгээдэд ашигтай, эрхийг нь хамгаалсан шийдвэр тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчилд холбогдогч Я...........г гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагагүй гэж үзсэн болно.
Хариуцагч эрх бүхий албан тушаалтан болох байгаль орчны хяналтын улсын байцаагч нь Я...........д зөрчил үйлдсэн гэх нөхцөл байдлыг бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад шийтгэл оногдуулсан талаараа тайлбарлаж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай прокурорын дүгнэлтийг бүрэн хүлээн зөвшөөрсөн байна.
Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь шийтгэл хүлээсэн гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Завхан Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.............а нь 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ............. дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай Завхан аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Б..............ийн дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Прокурор нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА