Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2022/ДШМ/48

 

 

 

 

 

 

А.Х- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, тус шүүхийн шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж шийдвэрлэсэн, 2022 оны  9 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/130 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч А.Х-, М.Ха, М.Г-нарт холбогдох эрүүгийн 2013000870135 дугаартай, 5 хавтастай хэргийг шүүгдэгч М.Г-, шүүгдэгч М.Хаы өмгөөлөгч С.Нургайып нарын давж заалдах гомдлоор 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Дорждэрэм, шүүгдэгч А.Х-, М.Г-, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, Я.Сьезд,  С.Нургайып, Н.Оюунчимэг /цахим сүлжээгээр/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Арманбек нар оролцов.  

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, ** оны ** дүгээр сарын **-ны өдөр Баян-Өлгий аймгийн Толбо суманд төрсөн, ** настай, эмэгтэй, ** боловсролтой, ** мэргэжилтэй, тус аймгийн ** ажиллаж байсан, одоо өндөр насны тэтгэвэрт, ам бүл ** хүнтэй, нөхөр хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн *** оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй М.Ха /РД:**********/;

 

2. Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, **настай, эрэгтэй, ** боловсролтой, ** мэргэжилтэй, тус аймгийн ** ажиллаж байсан, одоо өндөр насны тэтгэвэрт, ам бүл **хүнтэй, эхнэр хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн **** оршин суух хаягтай, урьд  Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/64 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар төрийн албан тушаал эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан А.Х- /РД:**********/;

 

3. Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, **оны ** дугаар сарын **-ны өдөр Баян-Өлгий аймгийн Толбо суманд төрсөн, ** настай, эмэгтэй, ** боловсролтой, *** мэргэжилтэй, тус аймгийн *** ажилтай, ам бүл ** хүнтэй, нөхөр хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн **** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй М.Г-/РД:**********. 

 

4. Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч М.Ха нь Баян-Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлэгт ээлжид гарч байх хугацаандаа буюу 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр эх Х.Б-гийн хүүхдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас иргэн Х.Б-гийн төрүүлсэн нярайн гарт нь тавьсан уян зүүний халдвар хүндэрч нас барсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт,

2. Шүүгдэгч А.Х- нь Баян-Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлэгт 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр амаржсан эх Х.Б-гийн нярайн биеийн байдлыг эмнэлгийн байнгын хяналтад байлгаагүй, нярайд эмчилгээ хийсэн эх баригч, эмнэлгийн ажилтнуудыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаагүй буюу хууль, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй, ажилдаа хайнга хандсаны улмаас иргэн Х.Б-гийн нярайн гарт уян зүүний халдвар орсны улмаас нас барсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт,

3. Шүүгдэгч М.Г-нь Баян-Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлэгт 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр амаржсан эх Х.Б-гийн хүүхдэд эмчилгээ хийх явцад хүүхдийн гарын сарвуунд тавьсан уян зүүний халдварыг оройтож оношилсноос эмчилгээ, үйлчилгээ оройтож, хүүхдийн гарт тавьсан уян зүүний халдвар хүндэрч нас барсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

5. Прокурорын 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 26 дугаартай яллах дүгнэлтээр шүүгдэгч М.Хаы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч А.Х-н эс үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч М.Г-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

6. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/130 дугаар шийтгэх тогтоолоор:

1. Шүүгдэгч М.Ха, М.Г-нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барж “Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2. Шүүгдэгч А.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эмнэлгийн ажилтан шуурхай, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирч “Хайнга хандах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

3. Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 заалт, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Х-г өршөөн хэлтрүүлж,

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ха, М.Г-нарын эмнэлгийн мэргэжилтнээр ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ха, М.Г-нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б-гийн гэмт хэргийн хор уршиг болох замын зардалд 939.156 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б- нь сэтгэл санааны хохиролд шүүгдэгч М.Ха, М.Г-, А.Х- нараас нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

8. Шүүгдэгч М.Ха, М.Г-, А.Х- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж,

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 69 дугаартай шүүгдэгч А.Х-гийн 2 тооны адууг, шүүгдэгч М.Хаы Баян-Өлгий аймгийн Д сумын 09 дүгээр багт байрлах 109 м.кв талбайтай, Ү-********* улсын бүртгэлийн дугаартай өвлийн сууцыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож,

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Ха, М.Г-нарт оногдуулсан 2 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж шийдвэрлэжээ.

 

7. Шүүгдэгч М.Г-гийн давж заалдах гомдлын агуулга: 

1.  М.Г-би уг нярайн уян зүүний халдварыг оройтож оношилсноос эмчилгээ оройтуулсан, эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүйгээс нярайн бие хүндэрч нас барсан байна гэж шүүхээс буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь: нярайн үжлийг оношлоход тодорхой заагдсан удирдамж онош эмчилгээний алгоритмыг үндэслээд оношлох ёстой. Үжил гэдэг өвчнийг нүдээр хараад үжил гэж оношлох боломжгүй өвчин. “Нярайн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд, онош эмчилгээний алгоритм” номын 107-117-р хуудсанд “Нярайн үжил” гэсэн оношийг тавих шалгууруудыг баримтлаад би оношийг тавих ёстой байсан. Уг шалгуурт эмнэл зүйн шалгуур лабораторийн өөрчлөлтийг үндэслээд үжил гэдэг оношийг тавих ёстой байдаг.

2. Эмнэлгийн шинжлэх ухаанд эмнэл зүйн шалгуур 5 шинжийг агуулсан байна. Халуурах 38-аас дээш эсвэл дулаан буурах 36-аас доош, амьсгалын тоо 1 минутад 60-аас дээш олшрох, зүрхний цохилтын тоо 1 минутад 180-аас дээш эсвэл 100-аас доош болох, орчны харьцаа суларч хөхөндөө дургүй ноомой болох эсвэл татах, шингэн сэлбэх эмчилгээ хангалттай хийж байхад шээсний гарц бага байх 0,5мл/кг/цаг-аас бага байх.

3. Лабораторийн шинжилгээнд 5 өөрчлөлт гарах ёстой. Хүнд хэлбэрийн бодисын солилцооны хүчилшил. Лейкоцитоз эсвэл лейкопени, нейтрофилёз эсвэл нейтропени, лимфоцитопени анеми, ялтаст эс цөөрөх, улаан цогцсын тунах хурд 15мм/ц их болох. Үрэвслийн маркераас идэвхт уураг прокальцитонин, интерлейкин ихсэх. Гипергликеми 6,6ммоль/л-ээс ихсэх гиперкалиеми 5,5ммоль/л-ээс ихсэх трансаминаземи креатинин ихсэх 97мкмоль//л-ээс ихсэх.

4. Үжлийн оношилгоонд: Эрсдэлт хүчин зүйлээс 2 ба түүнээс дээш илэрсэн, эмнэл зүйн шалгуур, лабораторийн өөрчлөлтөөс 4 шинж илэрсэн бол үжил гэж оношилдог. Х.Б-гийн нярайд дээрх эмнэл зүйн өөрчлөлт илрээгүй, нярай халуураагүй, амьсгал, зүрхний цохилтын тоо 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нэмэгдээгүй байсан. Уг нярайд лабораторийн шинжилгээ хийлгэх боломжгүй байсан тухайн үед сумын эмнэлэгт цусны анализатор, косын шинжилгээний аппарат байхгүй байсантай холбоотой. Ер нь косын шинжилгээний аппарат 3-р шатлалынх Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв байдаг. Эмнэлзүйн шалгуурыг хангаагүй байхад би үжил гэдэг оношийг тавих боломжгүй. Өөрөөр хэлбэл үжил, уян зүүний халдвар гэсэн ойлголт хоёр өөр ойлголт. Харин уян зүүний халдварыг практикт нүдээр харьж уян зүү тавьсан газар эргэн тойрон улайж хавдсан байвал уян зүүний халдвар байж магадгүй гэж таамагладаг. Уг нярайн гар нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний шөнийн 22 цагт очиж 24 цаг хүртэл эмнэлэгт байж нярайг үзэхэд гар нь хавдаагүй байсан. Харин маргааш нь 2020 оны 02 дугаар сарын 01-ний амралтын өдөр байсан. Өглөө 09 цагт М.Ха нь шөнө ээлжид хоносон эх баригчаас уян зүү хэвийн ажиллаж байна гэж ээлжээ хүлээн авсан. Өдөр нь нярайд баруун гарт тавигдсан уян зүүгээр эмчилгээ хийж, орой 17 цагт эх баригч И.У-д ээлж хүлээлгэж өгөх байснаа ээлжээ хүлээлгэж өгөхгүйгээр 17 цагаас өмнө ажлаас буусан байсан. Энэ өдрийн орой 18 цагийн үед оройн эх баригч И.У- нярайн уян зүүтэй гар нь хавдсан талаар М.Г-надад мэдээлсэн. Би ахлах сувилагч А.Р-тай хамт яаралтай нярай хүүхдийг очиж үзээд энэ гараас халдвар авч болзошгүй гэж сэжиглээд нярайн өвчний түүхэнд тэмдэглэл хийгээд зохих арга хэмжээнүүдийг тухайн үед авч байсан. Ер нь уг нярай нь маш дутуу бага жинтэй, нойтон даавууны шинж илэрсэн, хүчилтөрөгчийн хамааралтай аппаратаас салгах боломжгүй биеийн байдал маш хүнд байсан дээр нь гар нь хавдсан учир шөнийн цагаар тээвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Шөнө дунд өвлийн хүйтэнд хүчилтөрөгчгүй донсолгоотой фургон машинаар хүнд нярайг тээвэрлэсэн тохиолдолд ЭМС-ын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/545 тушаалын тээвэрлэлтийн журмыг зөрчсөнд тооцогддог. Тийм учраас эдгээр эрсдэлүүдийг харгалзан үзэж өглөө бүх бэлэн байдлыг хангаж, “land-200” маркийн жийп машинаар аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт өөрийн биеэр 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 15 цагийн үед хүргэж өгсөн. Гэтэл уг нярайд мэргэжлийн эмч нар сумын эмнэлэгт хийгдэж байсан эмчилгээг үргэлжлүүлэн хийж 1 хоног, 6 цаг буюу 30 цагийн дараа мэс заслын ажилбарыг мэс заслын эмч Хо хийсэн. Хэрвээ нярайг хүлээн авсны дараа шууд мэс заслын ажилбар хийх зэрэг нэн тэргүүнд хийх ёстой эмчилгээнүүдийг хийсэн бол нярайн амь насыг аврах боломжтой байсан болов уу гэж бодож байна. Иймд бүх хариуцлагыг над руу тохож байгааг зөвшөөрөхгүй байна. Бодит байдалд уг нярайн бие маш хүнд байсан.

5. Надад тохож буй эрүүгийн хэргийн үйл баримтын тухайд: Нярай нь 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн. 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Д сумын ерөнхий эмч А.Х-н хамт тус аймгийн нэгдсэн эмнэлгийн хүчилтөрөгчтэй, жип машинтай нярайн эмчид дуудлага өгсөн. 2020 оны 01 дүгээр сарын 30, 31-ний өдрүүдэд аймгийн нэгдсэн эмнэлгээс хүчилтөрөгчтэй жип машин эвдэрсэн гэсэн хариу өгсөн тул уг нярайг үргэлжлүүлээд 2 хоног Д сумын эмнэлэгт өөрөөс шалтгаалах бүх эмчилгээнүүдийг хийсэн. 2020 оны 02 дугаар сарын 01-ний амралтын өдөр байсан ба тэр өдөр М.Ха нь нярайн гар нь хавдсан тухай надад ямар нэг мэдээлэл өгөөгүй, харин орой 18 цагт нярайн уян зүүтэй гар нь хавдсаныг анх И.У- мэдээлсэн. Үүнийг хавтаст хэрэгт авагдсан 6 гэрчийн хэд хэдэн удаа өгсөн мэдүүлгүүд нотолж байгаа. Тухайлбал: 1ХХ-ийн 192,199 хуудсанд эх Х.Б-гийн мэдүүлэг, 205, 219 дүгээр хуудсанд ахлах сувилагч А.Р-гийн мэдүүлэг, 207, 217 дугаар хуудсанд эх баригч И.У-гийн мэдүүлэг, 213 дугаар хуудсанд нярайн аав З.М-ийн мэдүүлэг, 248 дугаар хуудсанд тухайн өдрийн ээлжийн сувилагч Ш.Ж-ийн мэдүүлэг, 210 дугаар хуудсанд болон 3 ХХ-ийн 80-81 дүгээр хуудсанд хүүхдийн их эмч М.Г-миний мэдүүлгүүд баталж байна.

6. Баян-Өлгий аймгийн Д суманд эмчлүүлж байсан нярайн түүхийн 2020 оны 02 дугаар сарын 01-ний 19 цагийн үзлэгт 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн өглөө 09 цагийн үед анх баруун гарын шууны гадна 1-1,5 см орчим хөхрөлт үүсэж эхэлсэн байх тухай дурдагдсан. Үүнийг эрүүгийн хавтаст хэргийн материалын суманд эмчлүүлж байсан нярайн түүхийн 2020 оны 02 дугаар сарын 02-ны өглөөний 10 цагийн үзлэгт, мөн 1 ХХ-ийн 100 дугаар хуудсанд аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан хүүхдийн өвчний түүхэнд 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 16 цаг 40 минутад М.Г-би хүргэж өгөөд нэг цагийн дараа эмчлэгч эмч М.Б дуудлагаар ирж үзлэг хийж уг үзлэгт 1*2см орчим 0,7*1 см орчим гэж тэмдэглэл үйлдсэнээр баталж байна. Өөрөөр хэлбэл энэ нь нярайг би баруун гар нь бүхэлдээ хөхрөлт явагдах хүртэл сумын эмнэлэгт байлгаагүй гэдгийг дээрх материалууд нотолж байна. Иймд гар нь хавдаад 10 хэдэн цаг хөхрөлт үүсээд 2 цагийн дотор аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн учир би оношилгоог оройтуулаагүй, авах ёстой бүхий л арга хэмжээг авсан, уян зүүний халдварыг оройтож оношилсноос эмчилгээ оройтож, эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүй гэдэг нь үүгээр үндэслэлгүй болох нь нотлогдож байна.

7. Уг нярайд Д сумын эмнэлэгт нийт 5 хоног эмчилгээ хийгдсэн ба миний тухайн үед тавьсан онош, хийгдсэн эмчилгээ зөв хийгдсэн, ажил үүргээ зохих ёсоор зөв биелүүлж байсныг тус аймгийн нэгдсэн эмнэлгийн мэргэжлийн эмч нарын мэдүүлэгт нотолсон байна. Тухайлбал: 2 дугаар ХХ-ийн 152-153 хуудсанд нярайн эмч А-ийн өгсөн мэдүүлэг, 157-158 дугаар хуудсанд эмчлэгч эмч М.Б-ийн мэдүүлэг, 162-163 дугаар хуудсанд гэрч Х.Ай-ийн мэдүүлгүүд тус тус нотолсон байна.

8. 1ХХ-ийн 185 дугаар хуудсанд эмнэл зүй ба эмгэг судлалын шинжилгээний дүгнэлт авагджээ. Тухайлбал. ...зүүн тал бөмбөлгийн духны хэсэгт 02-0,3 см цус харвалтуудтай......уушгины хөгжил дунд, дэлбэнгүүд бүрэн салаагүй... гэж бичсэн байна. Энэ нь эмнэл зүйд:   Хүчилтөрөгч цусан хангамжийн дутагдлаас үүссэн тархины эмгэгшил гэж онош тавьж эмчилж байгаа нь зөв гэдгийг харуулж байна. Мөн нярай хүчилтөрөгчийн хамааралтай гэж хүчилтөрөгчийн аппаратад оруулж нярайн түүхэнд бичээд байгаа нь уушгины хөгжил дунд, дэлбэнгүүд бүрэн салаагүй гэдгийг харуулж байна. Жишээ нь: Цус харвалтыг 72 цаг байгаа газраас тээвэрлэж болохгүй гэдгийг хүн бүхэн мэднэ. Мөн өнөөдөр сэхээн амьдруулах тасагт ухаангүй орсон хүн маргааш хөл дээрээ босож явахгүй. Түүнтэй адилхан өнөөдөр биеийн байдал маш хүнд хүчилтөрөгчийн хамааралтай тархины цус харвалттай, уушгины хөгжил дунд нярайг маргааш тээвэрлэх боломж байдаггүй. Хамгийн багадаа 5-7 хоног тэгшитгэх биеийн байдлыг тогтворжуулах эмчилгээ хийж байж тээвэрлэх ёстой гэдгийг тушаалаар заасан байдаг. Уг нярайд эмчилгээ хийхэд хүүхдийн биеийн байдлаас шалтгаалж өвчнийг журмын дагуу хоног эмчилж байсан болохоос биш зөвхөн нярайн гарын хавдрыг 5 хоног эмчилж байсан гэсэн үг биш юм. Нярайн гар нь хавдаад эхлэхэд шууд аймгийн 2 дугаар шатлалын эмнэлэгт хүргэх арга хэмжээг өөрийн биеэр санаачлан авсан.

9. Шүүх шинжилгээний дүгнэлт эргэлзээтэй гарсан гэж үзэж байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтэд оношилгоо оройтуулсан гэж дүгнэлт гаргах нь хавтаст хэргийн материалд авагдсан он сарын буруу зөрүүгээс болж, 1 сар гаруй хугацаанд сумын эмнэлэгт оношлоогүй эмчлээгүй байсан мэтээр ойлгож ийм дүгнэлт гаргах болсон гэж үзэж байна. Иймд гар нь хавдаад 10 хэдэн цаг хөхрөлт үүсээд 2 цагийн дотор хүргэхэд оношилгоо оройтох үндэслэлгүй. Аймгийн төвөөс 150 км алслагдсан сум, зөөврийн хүчилтөрөгчтэй тоноглогдсон жип машин байхгүй, нярайн биеийн байдал маш хүнд дутуу бага жинтэй тархины цус харвалттай уушгины хөгжил дунд хүчилтөрөгчийн хамааралтай нярайг үүнээс хурдан тээвэрлэх боломж байхгүй байсан.

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтэд сувилагчийн буруутай үйл ажиллагаа гэж гарсан байхад уг нярайд өдий хүртэл эмчилгээ хийсэн эмч намайг буруутгаж байгаач миний тавьсан онош эмчилгээ зөрөөгүй. 2 дугаар шатлалын эмч нарын тавьсан онош эмчилгээ, эмгэг судлалын шинжилгээний дүгнэлтээр гарсан онош зөрүүгүй байгааг анхаарч үзэхийг хүсье. Сувилагчийн гаргасан алдааг хүний их эмчид тохож байгаа асуудалд гомдолтой байна. Би эмчийн хийх ёстой ажиллагааг бүрэн гүйцэд тухайн үед хийсэн гэж үзэж байна.

11. Шинжээчийн хоёр удаагийн дүгнэлт нь эргэлзээтэй, эргэлзээтэй дүгнэлтийн зөрүүг гэмт хэрэг гараад 2 жил болсон гэсэн үндэслэлээр арилгаагүй байгаа явдалд гомдолтой байна. Тухайлбал шинжээчийн хоёр удаагийн дүгнэлтээр сувилагчийн буруутай үйл ажиллагаа гэж гарсан, сувилагчийн тариа хийхэд баримталдаг түгээмэл үйлдлийн стандарт, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А\539 дугаартай тушаалын судасны гуурстай \уян зүүтэй\ холбоотой халдвараас сэргийлэх түүнийг тандах зааврыг сувилагч зөрчсөн гэж гарсан байхад хүний их эмчийг буруутгаж байгааг зөвшөөрөхгүй байна. Тухайн нярайд тариа хийсэн сувилагч нь дипломтой, сувилах эрхийн лиценз буюу зөвшөөрөлтэй учраас гаргасан алдаа оноог тухайн сувилагч өөрөө хариуцах нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна.

12. Шүүгдэгч М.Г-би гэмт хэрэг үйлдээгүй учраас уг эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж, шат шатны прокурорт удаа дараа хүсэлт, гомдол гаргаж байсан боловч нэг ч хүсэлт, гомдлыг хангаагүй байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байгаа явдалд гомдолтой байна.

13. М.Г-надад холбогдох гэмт хэргийг тус аймгийн Прокурорын газраас хоёр удаа гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байсныг шүүхээс анхаарч үзээгүй явдалд гомдолтой байна.

14. М.Г-би Баян-Өлгий аймгийн Д сумын сум дундын эмнэлэгт ажиллаж буй мэргэжлийн эмчийн хувьд Х.Б-гийн 7 сартай дутуу төрсөн хүүхдийн амь насыг аврахын тулд өөрөөс хамаарах шаардлагатай бүх арга хэмжээг тухайн үед авсан гэж үзэж байна. Энэ нь дээр дурдсан эрүүгийн хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. М.Г-би нярай хүүхдэд эмчилгээ үзүүлэх ажиллагаанд чин сэтгэлээсээ, ухамсарлан хандаж, аймгийн төв хүртэл хүргэж өдөр шөнөгүй ажиллаж ирсний хувьд өнөөдөр гэмт хэрэгтэн болж байгаа явдалд харамсаж байна. Гэхдээ анхан шатны шүүх уг үйл баримтын талаар бодитой хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна.

15. М.Г-би уг нярайг аймгийн нэгдсэн эмнэлэгт буюу 2 дугаар шатны эмнэлэгт шуурхай хүргэх арга хэмжээг авсан ба тухайн үед аймгийн нэгдсэн эмнэлэгт ашиглаж байсан хөдөө дуудлагын 2 автомашинд хүчил төрөгчийн аппарат байгаагүй гэдгийг түргэний жолооч К.С-ийн 4 ХХ-ийн 127 дугаар талд өгсөн мэдүүлэг, 4 ХХ-ийн 129 дүгээр талд аймгийн нэгдсэн эмнэлгийн түргэний жолооч, гэрч Д.Ал-ний мэдүүлгээр тухайн үед аймгийн нэгдсэн эмнэлгээс хүчил төрөгчтэй автомашин надаас үл шалтгаалах хэлбэрээр очих боломжгүй байсныг нотолж байна.

16. Тухайн үед Д сумын сум дундын эмнэлгээс аймгийн нэгдсэн эмнэлэгт нярайн дуудлага өгч байсан нь 4 ХХ-ийн 142 дугаар талд авагдсан “Алсын дуудлага бүртгэх журналын 2020.01.28-ны өдрийн 29-д байгаа бүртгэлээр нотлогдож байна.

17. 2002 оны Эрүүгийн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан “хүндэтгэх шалтгаангүйгээр” гэж эрүүл мэндийн байдал, ар гэрт нь гачигдал гарсан, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан бусад гамшиг тохиолдсон, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлагатай эм, тариа, багаж, тоног төхөөрөмж байгаагүй зэрэг хувь хүнээс өөрөөс нь үл хамаарах бусад нөхцөл байдлыг хэлнэ” гэж заасны дагуу нярайн гар хавдсан үед нярайг аймгийн 2 дугаар шатлалын эмнэлэгт шууд тээвэрлэх боломж хомс өөрөөр хэлбэл шууд тээвэрлэх тоног төхөөрөмж байгаагүй нь надаас үл хамаарах асуудал байсан гэдгийг анхаарч үзэхийг хүсье.

18. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хууль зүйн үндсийг хянан үзээд шүүгдэгч М.Г-надад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон намайг цагаатгаж өгөхийг хүсье.

 

8. Шүүгдэгч М.Хаы өмгөөлөгч С.Нургайыпын давж заалдах гомдлын агуулга: 

1. Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 3-т заасан “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэдэгт эх баригч М.Хаыг гэм буруутайд тооцсон нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь М.Ха нь эх баригч бөгөөд түүний ажлын байрны тодорхойлолт хэрэгт авагдсан байгаа. Ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүргийг түүнд хийлгүүлж байсан бөгөөд түүнийг тухайн ажил үүргийг зохих ёсоор биелүүлээгүй хэмээн буруутгаж байгаа нь хууль бус шаардлага юм.

2. Яллах дүгнэлтийн 10 дугаар хуудсанд “яллагдагч М.Ха нь Баян-Өлгий аймгийн Д сумын сум дундын эмнэлэгт эх баригчаар буюу эмчлэгч эмчээр томилогдож ажиллах хугацаандаа...” хэмээн түүний хувийн байдлыг буруу тодорхойлж эрх зүйн байдлыг доордуулсан.

3. Хэрэгт нотлох баримтаар авагдсан судасны гуурстай холбоотой халдварыг тандах хуудаснаас М.Хаы тавьсан уян зүүнээс ямар нэгэн улайлт, өөрчлөлт тогтоогдоогүй тул уян зүүний халдвар нь М.Хаы тавьсан уян зүүнээс болсон хэмээн үзэх боломжгүй.

4. ШШҮХ-ийн 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 1095 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 10-т “Нярайн судасны уян зүүний битүүрэл, нянгийн халдварын улмаас үүссэн баруун гарын тархмал үхжилт үрэвслийг Д сумын эрүүл мэндийн төвийн эмч нар оройтож оношилсноос эмчилгээ хожимдож, нярай үжлээр хүндрэн, олон эрхтний дутагдалд орж нас баржээ” хэмээн үхлийн шалтгааныг тодорхойлсон. Эх баригч М.Ха нь онош тогтоох эмч биш байхад түүнийг нярайг эрт оношлоогүй хэмээн гэм буруутайд тооцож байгаа нь үндэслэлгүй. Энэ талаарх шүүгдэгчийн өмгөөлөгчид бидний өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, дүгнэлтийг шийтгэх тогтоолдоо няцаан үгүйсгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан шаардлагыг зөрчсөн.

5. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянахгүйгээр зөвхөн яллах талын судлуулсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

6. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, М.Хад холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү.

 

9. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэд:

1. Амь хохирогч хүүхэд дутуу төрсөн хүүхэд. Ийм хүүхдэд тавих хяналт онцгой байх ёстой. Холбогдох заавар журмуудад заасан үүргүүд биелэгдээгүй нөхцөл байдал байгаа. Тухайн хүүхдэд оливийн тостой жин тавьсан жишээтэй. Энэ нь хүндрэл үүсэх болсон шалтгаан байхыг үгүйсгэхгүй.

2. Шүүгдэгч М.Г-гийн зүгээс би тухайн хүүхдийг аймгийн төв хүргүүлэх машин олж, хүүхдийг аймгийн төвд хүргүүлсэн гэж байгаа. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нөхөр н.Муратын мэдүүлэгт хүүхдийг аймгийн төвд хүргүүлэх н.Билимханы машиныг би олж өгсөн гэж мэдүүлсэн байдаг. Тиймээс эдгээр нөхцөл байдлуудыг шүүх шийдвэр гаргахдаа анхаарч үзэхийг хүсье.

3. Шүүгдэгч М.Хаы хувьд эх баригч мэргэжлээр ажилладаг боловч хохирогч хүүхдэд 2 удаа уян зүү тавьсан асуудал яригддаг. Эрүүл мэндийн сайдын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/539 дүгээр тушаалаар батлагдсан Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар илрүүлэн тандалтын нэгдсэн заавард заасан амь хохирогч нярайн биед илэрсэн шинж тэмдгийг эх баригч, эмч нар харах боломжтой байсан. Мөн тухайн журмын 3 дугаар зүйлд заасан хариу арга хэмжээнүүдийг аваагүй байдаг. Энэ хэргийн хувьд журмын дээрх заалтууд биелэгдээгүй гэж үзэж байна.

4. Шүүгдэгч А.Х-н хувьд хүнд байгаа хүүхдийг аймгийн төв рүү хүргүүлэх ажлыг зохицуулах, удирдлагаар хангах үүргээ биелүүлээгүй тул хайнга хандах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул  Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/130 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

10. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч М.Г- болон шүүгдэгч М.Хаы өмгөөлөгч С.Нургайып нарын гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж, давж заалдах гомдлуудыг дараах үндэслэлээр  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

11. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

 

12. Шүүгдэгч М.Ха нь Баян-Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлэгт эх баригч эмчээр ажиллаж, ээлжид гарч байх хугацаандаа буюу 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр эх Х.Б-гийн хүүхдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, тодруулбал ажлын байрны тодорхойлолтод тусгаагүй, тусгай зөвшөөрлөөр эзэмшээгүй ажлыг буюу сувилахуйн ажлыг зохих ёсоор хийгээгүйгээс эх Х.Б-гийн нярайд уян зүү тавьж, уг уян зүүнээс улбаатай халдвар хүндэрч нярай нас барсан нь: 

- Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 48, 69-74 дэх тал/,

- Баян-Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлгийн эх баригч ажилтай М.Хаы “Эх баригч бага эмч мэргэжлээр эмчлэх үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг 2005 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс хугацаагүй олгосон тухай” гэрчилгээний хуулбар /1 дэх хавтаст хэргийн 48, 52 дахь тал/,

- Баян-Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлгийн “Судсанд тавьсан зүүг хянах бүртгэл”-ийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 76-80 дахь тал/,

- Баян-Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлгийн ээлжийн сувилагч нарын ээлж хүлээлцэх бүртгэлийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 101-104 дэх тал/,

- Баян-Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2006 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 21 дугаартай “М.Хаыг ажилд томилох тухай” тушаал, төрийн албан хаагчийн анкет, эх баригчийн ажлын байрны тодорхойлолтын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 157-164 дэх тал/,

- Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эмгэг судлалын шинжилгээний А-04.2020 дугаартай протокол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 182-188 дахь тал/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 191-193, 195-196, 198-199, 3 дах хавтаст хэргийн 174, 209-210 дахь тал/,

- Гэрч И.У-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 207-208, 244-245 дэх тал/,

- Гэрч А.Р-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 219, 241-242 дахь тал/,

- Гэрч И.С-ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 221 дэх тал/,

- Гэрч Ш.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 248-249 дэх тал/,

- Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 293 дугаартай албан бичгээр ирсэн иргэн Х.Б-гийн нярайн эндэгдлийн шалтгааныг хэлэлцсэн эмнэлзүйн хурлын тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 75-80 дахь тал/,

- Гэрч О.Лхагважавын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 150-151 дэх тал/,

- Гэрч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 157-158 дахь тал/,

- Гэрч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 165 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч ажилтай Б.Ундармаа, Н.Туяа, Ч.Эрдэмболор, Эрүүл мэндийн яамны Хүүхэд судлалын салбар зөвлөлийн дарга ажилтай Б.Баясгалантай, Эрүүл мэндийн яамны Сувилахуйн мэргэжлийн салбар зөвлөлийн дарга ажилтай Г.Хулан нарын 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1095 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 175-186 дахь тал/,

- Гэрч Х.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 214 дэх тал/,

- Гэрч М.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 221 дэх тал/,

- Яллагдагч А.Х-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 65-66 дахь тал/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн тогтоогджээ.

 

13. Шүүгдэгч А.Х- нь Баян-Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлэгт 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр амаржсан эх Х.Б-гийн нярайн биеийн байдлыг эмнэлгийн байнгын хяналтад байлгаагүй, эмнэлгийн хэмжээнд халдвар хамгааллын дэглэмийг зохих журмын дагуу сахиулаагүй, нярайд эмчилгээ хийсэн эх баригч, эмнэлгийн ажилтнуудыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаагүй буюу хууль, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй, эх баригч эмч М.Хад түүний ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй нярайд сувилахуйн ажил үүргийг  хариуцуулж ажилдаа хайнга хандсаны улмаас иргэн Х.Б-гийн нярайн гарт уян зүүний халдвар авч нас барсан нь:

- Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч О.Лхагважав, С.Арман нарын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн шалгалт хийсэн тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

- Баян-Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлгийн эх баригч ажилтай М.Хаы “Эх баригч бага эмч мэргэжлээр эмчлэх үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг 2005 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс хугацаагүй олгосон тухай” гэрчилгээний хуулбар /1 дэх хавтаст хэргийн 48, 52 дахь тал/,

- Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 48, 69-74 дэх тал/,

- Баян-Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлгийн “Судсанд тавьсан зүүг хянах бүртгэл”-ийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 76-80 дахь тал/,

- Нярайн түүх №05, БЖ20212832 /1 дэх хавтаст хэргийн 90-100 дах тал/,

- Баян-Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлгийн ээлжийн сувилагч нарын ээлж хүлээлцэх бүртгэлийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 101-104 дэх тал/,

- Баян-Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/19 дугаартай хүүхдийн их эмч М.Г-, ээлжийн эх баригч М.Ха, ахлах сувилагч А.Р-, ээлжийн эх баригч И.У-, И.С, Н.Д нарт сахилгын шийтгэл оногдуулсан тушаалын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 126 дахь тал/,  

- Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаартай “А.Х-г ажилд томилох тухай” тушаал, Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн ажлын байрны тодорхойлолтын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 141-145 дэх тал/,

- Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эмгэг судлалын шинжилгээний А-04.2020 дугаартай протокол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 182-188 дахь тал/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн  мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 191-193, 195-196, 198-199, 3 дах хавтаст хэргийн 174, 209-210 дахь тал/,

- Гэрч А.Р-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 219, 241-242 дахь тал/,

- Гэрч И.С-ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 221 дэх тал/,

- Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 293 дугаартай албан бичгээр ирсэн иргэн Х.Б-гийн нярайн эндэгдлийн шалтгааныг хэлэлцсэн эмнэлзүйн хурлын тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 75-80 дахь тал/,

- Гэрч О.Л-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 150-151 дэх тал/,

- Гэрч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 165 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч ажилтай Т.Амартүвшин, Б.Ариунзул, Ө.Сарангэрэл нарын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 492 дугаартай Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 167-174 дэх тал/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч ажилтай Б.Ундармаа, Н.Туяа, Ч.Эрдэмболор, Эрүүл мэндийн яамны Хүүхэд судлалын салбар зөвлөлийн дарга ажилтай Б.Баясгалантай, Эрүүл мэндийн яамны Сувилахуйн мэргэжлийн салбар зөвлөлийн дарга ажилтай Г.Хулан нарын 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1095 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний  дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 175-186 дахь тал/,

- Гэрч М.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 221 дэх тал/,

- Яллагдагч М.Хаы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 71-72 дахь тал/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон.

 

14. Шүүгдэгч М.Г-нь Баян-Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлэгт 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр амаржсан эх Х.Б-гийн нярайд эмчилгээ хийх явцад хүүхдийн гарын сарвуунд тавьсан уян зүүний халдварыг оройтож оношилсон буюу эмнэлгийн тусламжийг зохих ёсоор үзүүлээгүйн улмаас эмчилгээ, үйлчилгээ оройтож, хүүхдийн гарт тавьсан уян зүүний халдвар хүндэрч нас барсан нь:

- Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 48, 69-74 дэх тал/,

- Эх Х.Б-гийн төрөлтийн түүхийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 82-88 дахь тал/,

- Нярайн түүх №05, БЖ20212832 /1 дэх хавтаст хэргийн 90-100 дах тал/,

- Баян-Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/50 дугаартай “М.Г-г ажилд томилох тухай” тушаал, төрийн албан хаагчийн анкет, хүүхдийн их эмчийн ажлын байрны тодорхойлолтын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 151-156 дахь тал/,

- Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эмгэг судлалын шинжилгээний А-04.2020 дугаартай протокол, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 дэх хавтаст хэргийн 182-188 дахь тал/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн  мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 191-193, 195-196, 198-199, 3 дах хавтаст хэргийн 174, 209-210 дахь тал/,

- Гэрч И.У-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 207-208, 244-245 дэх тал/,

- Гэрч К.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 211-212 дахь тал/,

- Гэрч Т.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 215 дахь тал/,

- Гэрч И.С-ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 221 дэх тал/,

- Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 293 дугаартай албан бичгээр ирсэн иргэн Х.Б-гийн нярайн эндэгдлийн шалтгааныг хэлэлцсэн эмнэлзүйн хурлын тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 75-80 дахь тал/,

- Гэрч Х.Харигийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн  мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 164 дэх тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч ажилтай Т.Амартүвшин, Б.Ариунзул, Ө.Сарангэрэл нарын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 492 дугаартай дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 167-174 дэх тал/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч ажилтай Б.Ундармаа, Н.Туяа, Ч.Эрдэмболор, Эрүүл мэндийн яамны Хүүхэд судлалын салбар зөвлөлийн дарга ажилтай Б.Баясгалантай, Эрүүл мэндийн яамны Сувилахуйн мэргэжлийн салбар зөвлөлийн дарга ажилтай Г.Хулан нарын 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1095 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний  дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 175-186 дахь тал/,

- Яллагдагч М.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 80-81 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                15. Шүүгдэгч А.Х-, М.Г-, М.Ха нарт холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэт авч хэрэгжүүлсэн байна. Мөн энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинж чанар, шүүгдэгч нарт оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хуульд нийцсэн, анхан шатны шүүхээр хянан хэлэлцсэн, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

16. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан үнэлэхэд прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч М.Хаы Баян-Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлэгт эх баригч эмчээр ажиллаж, ээлжид гарч байх хугацаандаа буюу 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр эх Х.Б-гийн хүүхдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, тодруулбал ажлын байрны тодорхойлолтод тусгаагүй, тусгай зөвшөөрлөөр эзэмшээгүй ажлыг буюу сувилахуйн ажлыг зохих ёсоор хийгээгүйгээс эх Х.Б-гийн нярайд уян зүү тавьж, уг уян зүүнээс улбаатай халдвар хүндэрч нярай нас барсан үйлдлийг;

Шүүгдэгч М.Г-гийн Баян-Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлэгт 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр амаржсан эх Х.Б-гийн нярайд эмчилгээ хийх явцад хүүхдийн гарын сарвуунд тавьсан уян зүүний халдварыг оройтож оношилсон буюу эмнэлгийн тусламжийг зохих ёсоор үзүүлээгүйн улмаас эмчилгээ, үйлчилгээ оройтож, хүүхдийн гарт тавьсан уян зүүний халдвар хүндэрч нас барсан үйлдлийг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн тусламж /зохих ёсоор/ үзүүлэхгүй байх гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэж,

Шүүгдэгч А.Х-н Баян-Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлэгт 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр амаржсан эх Х.Б-гийн нярайн биеийн байдлыг эмнэлгийн байнгын хяналтад байлгаагүй, эмнэлгийн хэмжээнд халдвар хамгааллын дэглэмийг зохих журмын дагуу сахиулаагүй, нярайд эмчилгээ хийсэн эх баригч, эмнэлгийн ажилтнуудыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаагүй буюу хууль, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй, эх баригч эмч М.Хад түүний ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй нярайд сувилгаа, асаргаа хийх ажил үүргийг  хариуцуулж ажилдаа хайнга хандсаны улмаас иргэн Х.Б-гийн нярайн гарт тавьсан уян зүүний халдвараас нас барсан эс үйлдэхүйг мөн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн ажилтан шуурхай, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон буюу хайнга хандах гэмт хэргээр тус тус зүйлчилсэн нь хууль ёсны зарчимд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

17. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хайнга хандах гэмт хэрэг үйлдсэний улмаас хүний амь нас хохирсон гэж гэм буруутайд тооцож, түүнд холбогдох хэргийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг хэрэглэж өршөөн хэлтрүүлсэн, М.Ха, М.Г-нарыг мөн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан буюу эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрийн тус бүрд мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эмнэлгийн мэргэжилтнээр ажиллах эрхийг нь нэг жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан М.Ха, М.Г-нарт оногдуулсан хоёр жилийн хорих ялаас хоёр жилийн хорих ялыг хасаж шийдвэрлэсэн нь гэм буруугийн зарчимд болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх, чөлөөлөх үндэслэл журамд нийцсэн байна.

 

18. Шүүгдэгч М.Ха нь эх Х.Б-гийн төрүүлсэн нярайд өөрийн буюу эх баригч эмчийн ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй, тусгай зөвшөөрлөөр эзэмшээгүй нярайн сарвуунд уян зүү тавих эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлсэн буюу эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, шүүгдэгч М.Г-нь эх Х.Б-гийн нярайд эмчлэгч эмчийн хувьд эмчилгээ хийх явцад хүүхдийн гарын сарвуунд тавьсан уян зүүний халдварыг оройтож оношилж, зохих эмчилгээг хийгээгүй буюу эмнэлгийн тусламжийг зохих ёсоор үзүүлээгүйн улмаас эмчилгээ, үйлчилгээ оройтож, хүүхдийн гарт тавьсан уян зүүний халдвар хүндэрч нас барсан, шүүгдэгч А.Х- нь сум дундын эмнэлгийн эрхлэгч, ерөнхий эмчийн хувьд эх Х.Б-гийн нярайн биеийн байдлыг эмнэлгийн байнгын хяналтад байлгаагүй, эмнэлгийн хэмжээнд халдвар хамгааллын дэглэмийг зохих журмын дагуу сахиулаагүй, нярайд эмчилгээ хийсэн эх баригч, эмнэлгийн ажилтнуудыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаагүй буюу хууль, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй, эх баригч эмч М.Хад түүний ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй нярайд сувилахуйн ажил үүргийг хариуцуулж ажилдаа хайнга хандсаны улмаас иргэн Х.Б-гийн нярайн гарт тавьсан уян зүүний халдвараас нас барсан үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч нар эмнэлгийн тусламжийг зохих ёсоор үзүүлээгүй, хайнга хандсан санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэсэн тул тэдгээрийг гэм буруугийн холимог хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэх үндэслэлтэй.

 

19. Шүүгдэгч М.Ха, М.Г-нарт шүүхийн шийтгэх тогтоолоор хуульд зааснаар эмнэлгийн мэргэжилтнээр ажиллах эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн арга, нөхцөл байдалд тус тус тохирсон, түүнчлэн  Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж шүүгдэгч А.Х-н үйлдсэн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.Ха, М.Г-нарт оногдуулсан хоёр жилийн хорих ялаас хоёр жилийн хорих ялыг өршөөн хассан нь хуул ёсны зарчмыг хангасан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

20. Иймээс дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон тул шүүгдэгч М.Г-болон шүүгдэгч М.Хаы өмгөөлөгч С.Нургайып нарын тус тус гаргасан “гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, М.Г-болон М.Ха нарыг цагаатгаж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/130 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Г- болон шүүгдэгч М.Ха-ы өмгөөлөгч С.Нургайып нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

ШҮҮГЧ                                                                        Д.КӨБЕШ