Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 476

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй,

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                Х.Батсүрэн

Шүүгчид:                   Г.Банзрагч

                                    Б.Мөнхтуяа

                                    Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:         Д.Мөнхтуяа

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг,

Нэхэмжлэлийн шаардлага: ““Г” ХХК-ийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн бүртгэл, “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувь хэмжээнд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн бүртгэлүүдийг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0413 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2018/0491 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч Б.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Шинэбаяр, өмгөөлөгч Ц.Загдсүрэн,

Гуравдагч этгээд Ж.Э, Б.Г, Б.Г, Н.Л, Т.М, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч С.Б нар,

Гуравдагч этгээд нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0413 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.2, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Б.Б-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувь хэмжээнд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн  2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн  бүртгэлийг хүчингүй болгож “Г” ХХК-ийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2018/0491 дүгээр магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0413 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.1, 11.5.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.2, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Бын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Г” ХХК-ийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн бүртгэл “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувь хэмжээнд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн бүртгэлийг тус тус хүчингүй болгосугай“ гэж өөрчлөн, нэхэмжлэгч Б.Б-ын давж заалдах гомдлыг хангаж, гуравдагч этгээд  Б.Г, Ж.Э, Т.М-О, Н.Л, Б.Г нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Гуравдагч этгээд нарын гомдол: “... анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.2, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Б.Баас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувь хэмжээнд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож ...”, давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэл, дүгнэлтийг эс зөвшөөрч байна.

4. Гомдлын үндэслэл: давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн талаар, 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс гаргасан гомдлыг хэлэлцэж нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, гуравдагч этгээдээс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн билээ. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэхдээ Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус асуудлыг шийдвэрлэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн нь дараах үндэслэлээр тогтоогдож байна.

5. Магадлалын 11 дэх талын эхний догол мөрөнд “.... улсын бүртгэгч уг баримтуудыг хүлээн авч бүртгэхдээ тус компанийн дүрмийн өөрчлөлт нь Компанийн тухай хууль, компанийн дүрэмд нийцэж байгаа эсэхийг, тухайлбал “Гангүүр” ХХК-ийн дүрмийн 6.3, Компанийн тухай хуулийн 59.4, 59.5, 77.2 дахь хэсэгт заасны дагуу тус компани хувьцаа эзэмшигчдийн хурал тухайн жилийн зарлан хуралдуулсан эсэх, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд шинээр сонгогдсон эсэхийг, мөн бүртгэлийн улмаас тухайн хуралд оролцоогүй хувьцаа эзэмшигч Б.Б-ын эрх зөрчигдөх эсэхэд анхаарал хандуулаагүй эдгээрийг хянаагүй нь хууль бус, тус бүртгэлийн улмаас хувьцаа эзэмшигч нэхэмжлэгч Б.Б-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна” гэжээ.

6. Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан Захиргааны хэргийн шүүх нь дагнасан шүүхийн статустай бөгөөд Монгол Улс дахь төрийн болон нийтийн эрх зүйн хуулийн этгээд, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээдийн  зөрчигдсөн  болон  зөрчигдөж болзошгүй  эрх,  хууль  ёсны  ашиг сонирхлыг хамгаалах, сэргээн эдлүүлэх чиг үүргийг хүлээдэг.

7. Энэхүү дагнасан шүүхийн үйл ажиллагааг зохицуулж буй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж зааснаас тодорхой харж болно.

8. Түүнчлэн тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж заасан.

9. Дээрх хуулийн заалтуудаас үзвэл Захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд иргэн, хуулийн этгээд нэхэмжлэгч байх боломжтой бөгөөд иргэн, хуулийн этгээд хариуцагч байх боломжгүй байдаг. Өөрөөр хэлбэл иргэн, хуулийн этгээдийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хэргийн шүүх хянан шийдвэрлэдэг нь шүүхийн харьяаллын үндсэн зарчим юм.

10. Гэтэл магадлалын дээрх дүгнэлтээс үзвэл “Г” ХХК нь хувьцаа эзэмшигч, нэхэмжлэгч Б.Бын эрх ашгийг зөрчсөн гэх үйлдлийг Захиргааны шүүх тогтоосны үндсэн дээр бүртгэлийн байгууллагын бүртгэлийг хүчингүй болгосон гэж ойлгогдож байна. Энэ нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн бүртгэлийн үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг хянах чиг үүргээс хальж, иргэн хуулийн этгээдийн хоорондын эрх зүйн маргааныг шийдвэрлэж Захиргааны хэргийн шүүхийн дагнасан шүүхийн чиг үүргийг гажуудуулсан байна.

11. Мөн дээрх магадлалын дүгнэлтийг үзвэл бүртгэлийн байгууллага нь бүртгэл хийгдэж буй хуульд заасан бүхий л баримт бичгийн үнэн зөвийг хянахаас гадна тус бичиг баримтуудын агуулга нь иргэн, хуулийн этгээдийн хоорондын ашиг сонирхолд нийцэж байгааг хянах ёстой гэсэн агуулгаар тайлбарласан байна.

12. Үүнээс үзвэл, Монгол Улсад хийгдэж буй иргэний, хуулийн этгээдийн, үл хөдлөх хөрөнгийн бүхий л бүртгэлийн үйл ажиллагааг Улсын бүртгэлийн ерөнхий газар процессын хувьд бус материаллаг эрх зүйн хэм хэмжээний буюу агуулгын хувьд хянах ёстой гэж бүртгэлийн байгууллагын чиг үүргээс гажсан, ямар ч хэрэгжих боломжгүй үйл ажиллагааг бүртгэлийн байгууллагад ногдуулж буй хэрэг юм. Тухайлбал давж заалдах шатны шүүхийн дүгнэлтээс үзэхэд хоёр иргэн, хуулийн этгээдийн хооронд байгуулж буй бүртгэгдэх ёстой гэрээний агуулга хуульд нийцсэнийг хүртэл бүртгэлийн байгууллага хянах ётсой гэсэн логик дүгнэлт гарч байна.

13. Гэтэл манай улсын бүртгэлийн байгууллага нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хууль, Иргэний бүртгэлийн тухай хууль, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тухай хуульд заасан процессын буюу бичиг баримтын бүрдүүлбэр хуульд нийцсэн эсэх хүрээнд хянан баталгаажуулж, бүртгэлийн үйл ажиллагааг гүйцэтгэх ёстой гэдгийг давж заалдах шатны шүүх буруу тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Гуравдагч этгээд болох “Г” ХХК-ийг Захиргааны ерөнхий хуулийн 5.1-т заасан захиргааны байгууллага гэж үзэж, тус компаниас гаргасан дүрэмд өөрчлөлт оруулах тухай хувьцаа эзэмшигчдийн шийдвэр нь иргэн Б.Бын эрх ашгийг зөрчсөн захиргааны акт гэж үзэж, улмаар иргэн Б.Бын эрх ашгийг зөрчиж шийдвэрлэсэн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллага бүртгэх ёсгүй байсан буюу Компанийн тухай хуулийн 59.4, 59.5, 77.2 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэж компани болон иргэн хоорондын дунд үүссэн харилцааг дүгнэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

14. Иймд, давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хийсэн дүгнэлт нь үндэслэлгүй бөгөөд “Гангүүр” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч Б.Бын эрх ашгийг зөрчсөн гэх дүрмийн өөрчлөлт оруулсан үйлдэл нь бүртгэлийн байгууллага болон Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх харьяаллын маргаан биш хувийн эрх зүйн харилцаанд хамаарах маргаан болно.

15. Түүнчлэн магадлалын 12 дахь талын эхний догол мөрөнд “компанийн хувьцаа эзэмшигчийн хувьцаа худалдах асуудлыг хувьцаа эзэмшигчид мэдэгдээгүй гэх үндэслэлтэй холбогдуулан компаний дүрэмд хувьцаа эзэмшигч хувьцааг худалдах, хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах, хувьцаа эзэмшигчид хурлын зар хүргэх журам тогтоосон асуудлаар компанийн дүрэмд өөрчлөлт оруулсан байхад хариуцагч компанийн дүрэмд оруулсан эдгээр өөрчлөлтийн улмаас хувьцаа эзэмшигчийн эрх зөрчигдөж болзошгүй байхад Компанийн тухай хууль, компанийн дүрэмд нийцсэн эсэхийг хянаагүй нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.1, 11.5.3-т заасантай нийцээгүй байна” гэсэн.

16. Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.1 “улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг нотлох баримт, тайлбар, лавлагааг холбогдох албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах”, 11.5.3-т “энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэсэн заалтууд нь улсын бүртгэлийн байгууллага бүртгэлтэй холбоотой нотлох баримт нь үнэн зөв эсэх, бүрдүүлэх бичиг баримтууд нь хуульд заасан бүрдүүлбэрийн шаардлагыг хангасан байхыг ойлгодог.

17. Өөрөөр хэлбэл дээр дурдсанчлан улсын бүртгэлийн байгууллага нь бичиг баримтын агуулга нь материаллаг хэм хэмжээг зохицуулж буй хуульд нийцсэн эсэх тухай агуулгыг хянах тухай заалт биш бөгөөд хэрэв дүрмийн агуулга нь Компанийн тухай хуульд нийцээгүй, хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг зөрчсөн бол Иргэний шүүхээр тус зөрчлийг тогтоолгох ёстой.

18. Гэтэл Хуулийн этгээдийн улсын бүртгэлд компанийн дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэхэд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т заасан 6 төрлийн бичиг баримт болон Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журмын 4.2-т заасан 7 төрлийн бичиг баримтыг бүрдүүлэн өгсөн. Эдгээр бичиг баримт нь Компанийн тухай хууль 59.4, 59.5, 77.2 дахь хэсгийг зөрчсөн зүйл огтоос байхгүй атал ямар үндэслэлээр хууль зөрчиж байгаа нь тодорхойгүй. Дүгнэж хэлбэл мөн л хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байдаг.

19. Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

20. Давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар, магадлалын 10 дахь талын 2 дахь догол мөрөнд “Улсын буртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.1 “улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг нотлох баримт, тайлбар, лавлагааг холбогдох албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах”, 11.5.3 “энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэж, Компанийн тухай хуулийн 59.4-т “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор хуралдуулна”, 59.5-д “энэ хуулийн 59.4-т заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагуй бол төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно”, 77.2-т “Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа дараа жилийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдах өдрөөр дуусгавар болох бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг улируулан сонгож болно” гэж тус тус заажээ” гэсэн.

21. Мөн магадлалын 11 дэх талын эхний догол мөрөнд “... улсын бүртгэгч уг баримтуудыг хүлээн авч бүртгэхдээ тус компанийн дүрмийн өөрчлөлт нь Компанийн тухай хууль, компанийн дүрэмд нийцэж байгаа эсэхийг, тухайлбал “Гангүүр” ХХК-ийн дүрмийн 6.3, Компанийн тухай хуулийн 59.4, 59.5. 77.2 дахь хэсэгт заасны дагуу тус компани хувьцаа эзэмшигчдийн хурал тухайн жилийн зарлан хуралдуулсан эсэх, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд шинээр сонгогдсон эсэхийг, мөн бүртгэлийн улмаас тухайн хуралд оролцоогүй хувьцаа эзэмшигч Б.Бын эрх зөрчигдөх эсэхэд анхаарал хандуулаагүй эдгээрийг хянаагүй нь хууль бус, тус бүртгэлийн улмаас хувьцаа эзэмшигч нэхэмжлэгч Б.Бын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна” гэжээ.

22. Дээрх дүгнэлтүүдээс үзвэл шүүх нэхэмжлэгчийн гомдлыг хангахдаа “Гангүүр” ХХК-ийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын №02 дугаарт “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдуулах тухай” шийдвэрийг Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 59.5, 77.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзсэн байна.

23. Гэтэл Компанийн тухай хуулийн 59.4 дэх заалтад хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор хуралдуулна гэсэн заалтыг зөрчсөн тухайд компанийн төлөөлөн удирдах зөвлөл ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй бөгөөд тухайн үед Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр улсын бүртгэлтэй холбоотой маргаан үргэлжилж байсан тул тус шүүхийн шийдвэрээр маргаан шийдвэрлэгдсэний дараа компанийн дүрэмд хувьцаа эзэмшигчдээр бүртгэгдсэн эрх бүхий хувьцаа эзэмшигчдийн дунд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулах нь хууль журамд нийцэхээр байсан. Өөрөөр хэлбэл шүүхээр хувьцаа эзэмшигчдийн бүртгэлтэй холбоотой маргаантай байхад компанийн хууль ёсны хувьцаа эзэмшигч гэж хэн хэнийг оролцуулах, хувьцаа эзэмшигчид ямар саналын эрхтэй оролцох зэрэг асуудал тодорхойгүй байсан.

24. Түүнчлэн Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д “Энэ хуулийн 59.4-т заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно” гэж заасан байдаг. Үүнээс дүгнэвэл компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хувьцаа эзэмшигчдийн хурал зарлан хуралдуулах бүрэн эрх дуусгавар болохгүй ба “Гангүүр” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд нь мөн л Хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах эрхийнхээ дагуу хурлыг хуралдуулсан.

25. Энэ талаар давж заалдах шатны шүүх хурлын үеэр хариуцагч, гуравдагч этгээдийн зүгээс удаа дараа тайлбарлаж хэлсэн бөгөөд хуралдааныг даргалагч шүүгчээс мөн энэхүү асуултыг асуусан байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлд Компанийн тухай хуулийн 59.4, 59.5 дахь заалтын талаар асуусан даргалагч шүүгчийн асуулт, харуицагч, гуравдагч этгээдийн хариулт огт тусгагдаагүй байсныг гуравдагч этгээдийн зүгээс шүүгчийн туслахад шаардлага тавьсны үндсэн дээр засвар оруулж байсныг дурдах нь зүйтэй.

26. Түүнчлэн гуравдагч этгээдийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосон хэсэгт үндэслэл бүхий гомдлыг гаргасаар байтал шүүх гуравдагч этгээдийн гомдолд ямар ч хууль зүйн дүгнэлт хийгээгүйгээр гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй байх шаардлагыг хангахгүй байна.

27. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн дугаар 221/МА2018/0491 дүгээр магадлал нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргах гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

28. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байх талаар, анхан шатны шүүхийн 128/ШШ2018/0413 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Энэ хуулийн 19.1-д заасны дагуу улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тохиолдолд өргөдөл гаргагч нь зөрчлийг арилгасны дараа бүртгүүлэх хүсэлт дахин гаргаж болно” гэж зааснаар өргөдөл гаргагч нь зөрчлийг арилгасны мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2-т заасан баталсан маягтын дагуу өргөдөл гаргаж бүртгүүлэхээр байна” гээд мөн үндэслэх хэсгийн 11 дэх догол мөрөнд “Гэтэл оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар нь бүртгэхээс татгалзсан өргөдөл буюу 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн өргөдлийг үндэслэн хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр бүртгэсэн нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд шинээр байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг дараах тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана”, 19.1.1-д “Улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу” гэж заасныг зөрчсөн гэсэн дүгнэлт хийн шийдвэрлэсэн. Энэ нь дараах байдлаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг дутуу үнэлсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болоогүй гэж үзэж байна.

29. Улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу гэсэн дүгнэлтийн тухайд, дээр дурдсанчлан 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 “хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг хүргэх журам, хугацааг компанийн дүрмээр тогтооно” гэж заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах зар хүргэх журмыг компанийн дүрэмдээ нарийвчлан тусгаж, өөрчлөлт оруулсан дүрмээ улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн.

30. Компанийн хувьцаа эзэмшигч М.Э хувьцаагаа худалдах эрхээ хэрэгжүүлэхэд нь компанийн дүрэмд заасны дагуу Хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах шийдвэр гаргаж, хурлын зарыг хувьцаа эзэмшигчдэд бүгдэд нь дүрмээр тогтоосон журмын дагуу бүх хувьцаа эзэмшигчдэд хүргүүлсэн. Хувьцаа эзэмшигч Б.Бд дүрмээр тогтоосон журмын дагуу зохих ёсоор хурлын зар, хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудал зэргийг хүргүүлсэн боловч мөн л Б.Б нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд оролцоогүй.

31. Иймд Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын хүчинтэй байх ирц хүрсэн тул хувьцаа эзэмшигчдийн эзэмшлийн хувь хэмжээ өөрчлөгдсөн өөрчлөлтийг дүрэмдээ оруулж баталсан.

32. Энэхүү дүрмийг анхан шатны шүүх хүчин төгөлдөр гэж үзсэн тул хувьцаа эзэмшигчдийн хувьцаа шилжүүлсэн үйлдэл хүчин төгөлдөр бөгөөд түүнийг бүртгэсэн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн бүртгэл мөн хүчин төгөлдөр.

33. Өөрөөр хэлбэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон Хууль зүйн сайдын 2015 оны А/39 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Хуулийн этгээдийн бүртгэл хөтлөх журам”-д заасан бичиг баримтын бүрдлийг хангаж бүртгэл хийгдэх ёстой.

34. “Г” ХХК-ийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар хувьцаа эзэмшигчдийн өөрчлөлтийг бүртгүүлэх бичиг баримтууд нь Хуулийн этгээдийн улсын бүртэглийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-ээс 23.3.5-д заасан 5 төрлийн бичиг баримт, Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журмын 4.2 дахь хэсэг, мөн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн сайтад заасан 7 төрлийн бичиг баримтыг бүгдийг хууль, журмын дагуу бүрдүүлж өргөдөл гаргасан.

35. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, Хуулийн этгээдийн бүртгэл хөтлөх журмын 4.2-т “Хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ” гээд 23.3.1 баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл /хх 488/, 23.3.2 эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр /хх 480/, 23.3.3 дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт /хх 433-441/, 23.3.4 Иргэний хуульд заасан холбогдох гэрээ /хх 460-469/, 23.3.5 улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтуудыг   бүрдүүлэхээр заасан бүрдлүүдийг хангаж хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг бүртгүүлсэн тул хууль зөрчсөн үйлдэл байхгүй болно.

36. Түүнчлэн анхан шатны шүүхээс 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосон үндэслэлээ “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Энэ хуулийн 19.1-д заасны дагуу улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тохиолдолд өргөдөл гаргагч нь зөрчлийг арилгасны дараа бүртгүүлэх хүсэлт дахин гаргаж болно” гэж зааснаар өргөдөл гаргагч нь зөрчлийг арилгасны дараагаар мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2-т заасан баталсан маягтын дагуу өргөдөл гаргаж бүртгүүлэхээр байна” гэсэн дүгнэлт хийсэн.

37. Гэтэл Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан “хүсэлт”, 23 дугаар зүйлийн 23.1.2-т заасан “баталсан маягтын дагуу өргөдөл” нь ижил утга агуулгатай албан бичгүүд биш гэдгийг шүүх ялган авч үзээгүй. Өөрөөр хэлбэл 19 дүгээр зүйлийн 19.2-т заасны дагуу дахин хүсэлт гаргах ойлголт нь дахин баталсан маягтын дагуу өргөдөл гаргах бус бүртгэхээс татгалзсан татгалзал үндэслэлгүй байх, татгалзлыг үгүйсгэх нотлох баримтыг бүрдүүлж бүртгэл хийхийг хүссэн хүсэлт юм.

38. “Г” ХХК-ийн хувьд анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны үеэр ч энэ тайлбараа хангалттай тайлбарласан бөгөөд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2-т заасан баталсан маягтын дагуу өргөдөл гаргахгүй гэдгийг хариуцагч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлсэн.

39. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан “хүсэлт” нь 23 дугаар зүйлд заасан “өргөдөл”-өөс ялгаатай хуульчилах болсон үндэслэл нь бүртгүүлэх өргөдөл гаргасан өргөдөл гаргагч мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т заасан бүртгүүлэх хугацаа хэтрүүлэх үйлдэлд тооцогдохгүй байх зарчмаар ийнхүү зохицуулсан.

40. Өөрөөр хэлбэл, өргөдөл гаргагчийн бүртгүүлэх өргөдлийг улсын бүртгэгч бүртгэхээс татгалзсан хариу өгсөн тохиолдолд дахин бүртгүүлэх өргөдөл гаргах нь 11 дүгээр зүйлийн 11.3-т заасан бүртгүүлэх хугацаа хэтрүүлснээс Зөрчлийн тухай 15 дугаар зүйлийн 15.23.1-д заасан үүргээ биелүүлээгүйд тооцогдож шийтгэл ногдуулахаас сэргийлж хүсэлт гэдгээр тусад нь ялгамжтайгаар хуульчилсан байдаг.

41. Үүний дагуу “Г” ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэгчийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 17/46 тоот “Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл”-д дурдсан үндэслэлүүд нь хууль зүйн үндэслэлгүй болох тайлбарыг хийж, хүсэлтээ гаргасны үндсэн дээр 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хууль ёсны бүртгэлийг хийлгэсэн.

42. Гэтэл анхан шатны шүүх энэхүү ялгаа заагийг гаргахгүйгээр дахин Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2-т заасан баталсан маягтын дагуу өргөдөл гаргана хэмээн хуулийг буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн.

43. Түүнчлэн улсын бүртгэгч “... Б.Б-ыг хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцуулах, хуралд оролцох боломжгүй бол хурлын зарыг хүргэж бичгээр хариу авах шаардлагатай байна. ... Иймд холбогдох хуульд заасны дагуу баримт бичгийг хуульд нийцүүлэн ирүүлсэн тохиолдолд бүртгэл хийх боломжтойг мэдэгдье” гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан байсан.

44. Гэтэл Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн байгууллага өргөдөл гаргагчаас энэ хуулийн 23.1-д зааснаас бусад баримт бичгийг шаардахгүй” гэсэн заалтыг зөрчиж, хурлын зарыг хууль болон компанийн дүрмийн дагуу хүргүүлсээр байтал санаатайгаар хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцохгүй байгаа хүнээс бичиг авчрахыг шаардаж байгаа нь өөрөө улсын бүртгэгч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23.2 дахь хэсгийг зөрчсөн үйлдэл болсон. (Хувьцаа эзэмшигч Б.Б-д хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг хууль болон компанийн дүрмээр тогтоосон журмын дагуу хүргүүлсэн нотлох баримтыг 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн өргөдөлд хавсаргасан бөгөөд Хуулийн этгээдийн улсын бүртгэлээс захиргааны хэргийн шүүхийн хавтаст хэрэгт бүх нотлох баримтыг хүргүүлсэн болно.)

45. Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдал, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг дутуу үнэлж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д заасныг зөрчсөн байна гэсэн буруу дүгнэлтийг хийсэн байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн шаардлагыг хангахгүй байна.

46. Эцэст нь анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хавтаст хэрэг дэх нотлох баримтыг бүрэн, бодитой үнэлээгүйгээс 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгон шийдвэрлэснээс Компанийн тухай хууль, Компанийн хүчин төгөлдөр дүрмийн дагуу хийгдэж хувьцаа худалдан авсан бусад хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг ноцтойгоор хохироож байгааг хяналтын  шатны  шүүх анхааран үзэхийг хичээнгүйлэн хүсье.

47. Хавтаст хэрэг дэх бүх нотлох баримт болон өнөөдрийг хүртэлх процессоос үзэхэд хувьцаа эзэмшигч, нэхэмжлэгч Б.Б нь “Г” ХХК-ийн үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад хийх замаар компанид хохирол учруулж байгааг дурдах нь зүйтэй.

48. Иймд, дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0413 дугаар шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэсэн хэсэг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2018/0491 дүгээр магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн бүртгэл хүчин төгөлдөр болохыг тогтоож өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

            49. Анхан болон давж заалдах шатны шүүх тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай (2015) хуулийн холбогдох заалтуудыг маргааны үйл баримтуудад холбогдуулан буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

            50. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр “Г” ХХК-ийн дүрэмд “... 3.11, 3.14, 3.15 заалтуудыг тус тус нэмсэн” өөрчлөлтийг,  2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “... хувьцаа эзэмшигч М.Э хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс хасагдах, ... хувьцаа эзэмшигч Б.Г, Т.М-О, Н.Л, Ж.Э нарын хувьцааны эзэмшлийн хувь өөрчлөгдөх, Б.Г хувьцаа эзэмшигч болох, хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнтэй холбоотойгоор дүрэмд орсон...” өөрчлөлтийг тус тус бүртгэсэн, нэхэмжлэгчээс уг бүртгэлүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... хууль ёсны хувьцаа эзэмшигч надад хуулиар олгогдсон хувьцаа худалдан авах давуу эрхийг олгоогүй гаргасан компанийн шийдвэрийг бүртгэж, миний эрх ашгийг хохироосон, мөн хувьцаа эзэмшигчийн хууль ёсны эрхүүдийг илтэд боогдуулсан хууль зөрчсөн дүрмийн заалт шинээр оруулсан дүрмийн нэмэлт өөрчлөлтүүдийг бүртгэж, хувьцаа эзэмшигч намайг илтэд хохироосон ...” гэж маргажээ.

            51. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл “Г” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хурлын 02 дугаар тогтоолоор тус компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хуралдуулахаар шийдвэрлэж, хурлын товыг нийтэд зарласан, улмаар 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр компанийн Хувьцаа эзэмшигчдийн хуралд нийт 7 хувьцаа эзэмшигчийн 6 нь оролцож, “... компанийн 2016 оны ажлын тайлан, санхүүгийн тайлан, хяналтын зөвлөлийн тайлан, ... компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах” асуудлуудыг хэлэлцсэн, уг хурлаас тус компанийн дүрэмд 3.11, 3.14, 3.15 заалтуудыг тус тус нэмэхээр шийдвэрлэж, 01 дугаартай тогтоолоор “... үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг холбогдох байгууллагад бүртгүүлэхийг С.Б-т...” даалгасан, үүний дагуу С.Б-аас  2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хандаж, “хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл” УБ-05 маягтаар гаргаж, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хурлын 02 дугаар тогтоол, Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 01 дүгээр тогтоол, итгэмжлэл, хувьцаа эзэмшигчдэд хурлын зар хүргэсэн баримтууд зэргийг хавсаргажээ.

            52. Түүнчлэн “Г” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2017 оны 06 дугаар сарын 19-ны өдөр хуралдуулахаар, уг хурлаар “... компанийн хувьцаа эзэмшигч М.Э-ын хувьцаа худалдах” саналтай холбоотой асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн, 2017 оны 06 дугаар сарын 19-ны өдөр хуралдсан Хувьцаа эзэмшигчдийн хуралд мөн 7 хувьцаа эзэмшигчийн 6 нь оролцож, “... хувьцаа эзэмшигч М.Э өөрийн эзэмшлийн 21.6 хувийн  85 ширхэг хувьцааг хувьцаа эзэмшигч Б.Г-т 35 ширхэг, Н.Л-д 13 ширхэг, Ж.Э-д 13 ширхэг, Т.М-О-т 12 ширхэг, /хувьцаа эзэмшигч биш/ менежер Б.Г-т 12 ширхэгийг тус тус худалдсантай холбоотойгоор М.Э-ыг хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс хассаныг /баталж/, ... компанийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг холбогдох байгууллагад бүртгүүлж, ... хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд зохих өөрчлөлт хийлгэхийг Б.Г-т /даалгаж/” шийдвэрлэсэн, үүний дагуу Б.Г-ээс 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хандаж, “хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл” УБ-05 маягтаар гаргаж, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг зарласан 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн зар, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаар тогтоол, Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэл, мөн хурлын 02 дугаар тогтоол, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хувьцаа эзэмшигчдэд хурлын зар хүргэсэн баримтууд, хувьцаа худалдах, худалдан авсантай холбоотой баримтууд зэргийг хавсаргасан байжээ.

            53. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай (2015) хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “...хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд ... /баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, … үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр, … үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт, ... итгэмжлэл, ... улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/ ... хавсаргах”-аар заасан, мөн зүйлийн 23.2-т “... улсын бүртгэлийн байгууллага өргөдөл гаргагчаас энэ хуулийн 23.1-д зааснаас бусад баримт бичгийг шаардахгүй” гэж заасан, тухайн тохиолдолд “Г” ХХК-иас үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэхээр хандаж гаргасан өргөдөл, холбогдох бусад баримтууд нь дээрх хуулийн заалтуудад нийцсэн байх тул хариуцагч Улсын бүртгэлийн байгууллага бүртгэхээс татгалзах үндэслэлгүй, Улсын бүртгэлийн ерөнхий хууль (2009)-ийн 11 дүгээр зүйлийн 11.5.2-т “.../улсын бүртгэгч/ бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах”-аар заасны дагуу “Г” ХХК-ийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн бүртгэл “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувь хэмжээнд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн бүртгэлүүд нь дээрх хуулийн заалтуудыг зөрчөөгүй байна.

            54. Тодруулбал, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай (2015) хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд шинээр байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг ... /улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу, ... үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй, ... өргөдөл гаргагч хууль тогтоомжид заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлснийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоосон/ тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”-аар заасан, тухайн тохиолдолд “Г” ХХК-иас хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр өргөдөл гаргахдаа Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай (2015) хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д тусгайлан заасан баримт бичгүүдийг бүрэн бүрдүүлсэн, өргөдөл гаргагчийн бүрдүүлэн ирүүлсэн баримт бичгүүд нь “хуурамч, эсхүл хуурамчаар бүрдүүлснийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоосон” гэх асуудлаар маргаагүй, түүнчлэн, 1996 онд үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж байгаа тус компанийн “үүсгэн байгуулах баримт бичиг нь хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй” гэж үзэх үндэслэлгүй тул маргаан бүхий бүртгэлүүдийг хийсэн хариуцагч захиргааны байгууллагын үйл ажиллагаа  Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай (2015) хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй, нэхэмжлэгч Б.Бын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

            55. “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн,  2017 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн хурлын зарыг тус компанийн нийт хувьцааны 21.8 хувийг эзэмшдэг нэхэмжлэгч Б.Б-д зохих ёсоор мэдэгдсэн, Б.Б уг хурлуудад оролцоогүй,  уг үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй байх тул  “Г” ХХК-ийн нийт 7 хувьцаа эзэмшигчийн 6 нь оролцож, “78.2 хувийн ирцтэй” хуралдаж, гаргасан шийдвэрийг үндэслэж “хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлт”-ийг улсын бүртгэлд бүртгэснийг буруутгах үндэслэлгүй, хувьцаа эзэмшигчид олонхоороо хуралдаж, олонхийн саналаар компанийн дүрэмд өөрчлөлт оруулсан “3.11, 3.14, 3.15 заалтууд” нь “хууль ёсны эсэх” асуудал нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамааралгүй  байхад давж заалдах шатны шүүх “... компанийн дүрмийн өөрчлөлт нь Компанийн тухай хууль, компанийн дүрэмд нийцэж байгаа эсэхийг ... анхаараагүй” гэж буруу дүгнэлт хийсэн, анхан шатны шүүх уг асуудлаар үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

            56. Өөрөөр хэлбэл “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 05 дугаар сарын 31, 2017 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн хурлууд, уг хурлаар хэлэлцсэн асуудлууд, гаргасан шийдвэрүүд нь “компанийн тухай хуульд нийцсэн эсэх”, хувьцаа эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх асуудлыг захиргааны хэргийн шүүх дүгнэхгүй, уг асуудлаар хувьцаа эзэмшигч Б.Б иргэний шүүхэд хандаж, гомдол нэхэмжлэл гаргах эрхтэй, ийнхүү иргэний шүүхэд маргасан талаарх болон эрх бүхий этгээдээс тогтоосон “… баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн” талаарх баримтгүй, иргэний шүүхээс дээрх асуудлуудаар эцэслэн дүгнэлт гараагүй байхад уг асуудлыг “хянах”, “дүгнэлт хийх” эрхийг улсын бүртгэлийн байгууллагад хуулиар олгоогүйг давж заалдах шатны шүүх анхаараагүй, “... “Г” ХХК-ийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.3, Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 59.5, 77.2 дахь хэсэгт заасны дагуу тус компани хувьцаа эзэмшигчдийн хурал тухайн жилийн зарлан хуралдуулсан эсэх, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд шинээр сонгогдсон эсэхийг, мөн тус бүртгэлийн улмаас тухайн хуралд оролцоогүй хувьцаа эзэмшигч Б.Б-ын эрх зөрчигдөх эсэхэд анхаарал хандуулаагүй эдгээрийг хянаагүй нь хууль бус, тус бүртгэлийн улмаас хувьцаа эзэмшигч нэхэмжлэгч Б.Б-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн” гэх зэргээр үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй, энэ талаарх гуравдагч этгээдүүдийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй байна.

            57. Түүнчлэн, хэрэгт авагдсан “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигч М.Э өөрийн хувьцаагаа худалдах болсноор түүний хувьцааг Б.Г, Н.Л, Ж.Э, Т.М-О, Б.Г нар худалдан авахаар тохиролцож, хувьцаа эзэмшигчдийн бүртгэлд орсон өөрчлөлтийг бүртгүүлэхээр 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан өргөдөлд улсын бүртгэлийн байгууллага татгалзсан “Г” ХХК-иас уг "... татгалзал илт хууль бус болохыг тогтоолгож “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн дүрэм .../-ийг/ бүртгэхийг ... даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б.Б гуравдагч этгээдээр оролцсон, тус шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 307 дугаартай шийдвэрээр “... хувьцаа эзэмшигч Б.Б-д хувьцаа худалдахтай холбоотой асуудлыг мэдэгдсэн баримт байхгүй байна, ... компанийн хувьцааг нэн тэргүүнд худалдан авах Б.Бын эрхийг хангаагүй” гэх зэрэг үндэслэл дурдаж, нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн баримтуудаас үзэхэд, 2017 оны 06 дугаар сарын 19-ны өдөр “хувьцаа эзэмшигч М.Э хувьцаагаа худалдах гэж байгаа” талаар нэхэмжлэгч Б.Б “мэдээгүй байсан” гэж үзэх боломжгүй, маргаан бүхий “... хувьцаа эзэмшигч М.Э хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс хасагдах, ... хувьцаа эзэмшигч Б.Г, Т.М-О, Н.Л, Ж.Э нарын хувьцааны эзэмшлийн хувь өөрчлөгдөх, Б.Г хувьцаа эзэмшигч болох, хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнтэй холбоотойгоор дүрэмд орсон...” өөрчлөлтийг бүртгэсэн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн бүртгэлийн улмаас нэхэмжлэгч Б.Б-ын “хувьцаа эзэмшигчийн эрх хөндөгдсөн”, “компанийн хувьцааг нэн тэргүүнд худалдан авах эрхийг хангаагүй” гэж үзэх боломжгүйн зэрэгцээ, уг бүртгэлийн улмаас нэхэмжлэгч Б.Б-ын эзэмшдэг 21.8 хувийн хувьцааны эзэмшил дүнд өөрчлөлт ороогүйг дурдах нь зүйтэй.

            58. Анхан болон давж заалдах шатны шүүх уг асуудлаар буруу дүгнэлт хийсэн, “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.1.1-д заасныг зөрчсөн” гэх дүгнэлт хийхдээ мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан заавал бүрдүүлбэл зохих баримт бичгийн аль нь дутуу байсныг нэрлэн заагаагүй, түүнчлэн, Улсын бүртгэлийн ерөнхий хууль (2009)-ийн 11 дүгээр зүйлийн 11.5.1-д “улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг нотлох баримт, тайлбар, лавлагааг холбогдох албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах”, 11.5.2-т “... бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах”, 11.5.3-т “энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэснийг зөрчсөн гэж дүгнэхдээ “...компанийн дүрэмд оруулсан эдгээр өөрчлөлтийн улмаас хувьцаа эзэмшигчийн эрх, зөрчигдөж болзошгүй байхад Компанийн тухай хууль, компанийн дүрэмд нийцсэн эсэхийг хянаагүй” гэх үндэслэл дурдаж, бүртгүүлэхээр ирүүлсэн өргөдөлд хавсаргасан ямар нотлох баримт нь “зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн” талаар тодорхой дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалтуудыг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.  

59. Эдгээр үндэслэлээр, гуравдагч этгээд нарын хяналтын журмаар гаргасан “... шүүх хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн бүртгэлийн үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг хянах чиг үүргээс хальж, иргэн хуулийн этгээдийн хоорондын эрх зүйн маргааныг шийдвэрлэсэн”, “...компани болон иргэн хоорондын дунд үүссэн харилцааг дүгнэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “... хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх гомдлыг хангах үндэслэлтэй, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

60. Хяналтын шатны шүүхийн энэхүү тогтоол нь нэхэмжлэгч Б.Б-ын “хувьцаа эзэмшигчийн эрх зөрчсөн” гэх асуудлаар иргэний шүүхэд хандаж “Г” ХХК-ийн дүрэмд оруулсан өөрчлөлтүүд нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн эсэх талаар маргахад саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хууль (2009)-ийн 11 дүгээр зүйлийн 11.5.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай (2015) хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2-т заасныг тус тус баримтлан нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0413 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2018/0491 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Б-ын “Г” ХХК-ийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн бүртгэл “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувь хэмжээнд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн  бүртгэлүүдийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц-аас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА