Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2023/ДШМ/01

 

                           

 

 

 

Б.А-ад холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЗ/296 дугаар шүүгчийн захирамжтай, яллагдагч Б.А-ад холбогдох эрүүгийн 2213001660150 дугаартай, 2 хавтастай хэргийг прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэж 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Дорждэрэм, яллагдагч Б.А-, түүний өмгөөлөгч С.Нургайып, А.Кадирбек /цахим сүлжээгээр/ хохирогчийн өмгөөлөгч С.Алтай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Айгерим нар оролцов. 

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, **оны ** дугаар сарын **-ний өдөр Баян-Өлгий аймгийн Алтай суманд төрсөн, ** настай, эрэгтэй, ** боловсролтой, ** мэргэжилтэй, Т Банк-ны *** ажилтай, ам бүл ** хүнтэй, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн ** оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй Б.А- /РД:********/ нь Т Банк-ны Баян-Өлгий салбарын харьяа Алтай тооцооны төвийн захирлаар ажиллаж байхдаа 2021 оны 10 дугаар сарын 06, 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд тухайн банкны харилцагч, хохирогч Х.Ж-ын 106300105177 дугаарын дансны мэдээллийг хууль бусаар олж авч, өөрийн дүү Б.Б-д дамжуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

2. Прокурорын 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 126 дугаар яллах дүгнэлтээр Б.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн  2022/ШЗ/296 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгож, Б.А-ад холбогдох эрүүгийн 2213001660150 дугаартай хэрэгт дараах үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаажээ. Үүнд:  

3.1. Т Банк-ны Бүтээгдэхүүн үйлчилгээний журам, Мэдээллийн аюулгүй байдлын үйл ажиллагааны цогц журам, Теллерийн системийн багц журмууд нь яллагдагчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хэрэг маргааны үйл баримтыг сэргээн тогтооход хамааралтай, шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадах мэдээллийг өөртөө агуулсан баримтууд учир хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт хавсаргах,

3.2. Хохирогчийн дансны мэдээллийг дамжуулж авсан гэх иргэн Б.Б-гийн хувийн байдлыг тогтоосон буюу яллагдагчтай төрөл, садангийн холбоотой эсэх талаарх лавлагаа, мөн хохирогч нь яллагдагчийн үйлдлээс болж гэрлэлт цуцлуулах асуудал үүссэн талаар удаа дараа мэдүүлсэн байх тул иргэн Б.Б-гийн хохирогч Х.Ж-ад холбогдуулан гаргасан нэхэмжлэл, уг нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхээс шийдвэрлэсэн шийдвэрүүдийг хэрэгт хавсаргах гэжээ.

 

4. Прокурорын эсэргүүцэлд: 

4.1. Шүүгчийн захирамжийн “ТОДОРХОЙЛОХ нь” хэсгийн 5-д “Дээрх журмуудыг мөрдөгчөөс зөвшөөрөл олгосон хугацаанд хэрэгт цуглуулж бэхжүүлээгүй байхад прокурор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт нотлох баримтаар тооцуулах саналтайгаар гаргаж өгсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцээгүй гэж үзлээ.”, 6, 7-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсгүүдэд нотлох баримтыг хэрхэн авах, яаж баталгаажуулж ирүүлэх талаар хуульчилсан байхад хяналтаараа уг асуудлыг илрүүлээгүй, хэрэгт ач холбогдолтой нотлох баримт гэж үзвэл яллах дүгнэлт үйлдэх үедээ яллах болон цагаатгах талын нотлох баримтаар үнэлэх эсэхээ шийдвэрлэх атал хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлээгүй баримтуудыг нотлох баримтад тооцуулах санал гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.” гэснийг эс зөвшөөрч байна. Учир нь прокуророос шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт уг журмуудыг шүүхэд гаргаж өгсөн боловч нотлох баримтаар тооцуулахаар хүсэлт гаргаагүй байхад гаргасан мэтээр дүгнэж захирамжид тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дүгээр бүлэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах нийтлэг үндэслэлийг хуульчилж, уг бүлгийн 22.1, 22.2, 22.3, 24.5 дугаар зүйлд прокурорын зөвшөөрлийг хэрхэн авах, түүнд юу багтах талаар зааж өгсөн бөгөөд 24.5 дугаар зүйлд “Мэдээлэл, баримт бичиг гаргуулах авах”-даа уг зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч төрийн нууц, хувь хүний эрүүл мэнд, захидал харилцааны нууцтай холбоотой эрүүгийн хэрэгт ач холбогдол бүхий мэдээлэл, баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтан, хүнээс прокурорын зөвшөөрлөөр гаргуулан авна.” гэж заасны дагуу Т Банк-ны холбогдох албан тушаалтнаас “Бүтээгдэхүүн үйлчилгээний журам”, “Мэдээллийн аюулгүй байдлын үйл ажиллагааны цогц журам”, “Теллерийн үйл ажиллагааны журам”-ыг гаргуулан авах прокурорын зөвшөөрлийг мөрдөгчид олгосон ч мөрдөгчөөс зөвшөөрөлд заагдсан хугацаанд журмуудыг гаргуулан авч чадалгүй, хугацаа алдсанаар 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх тухай санал гарган, прокурорт ирүүлсний дараа уг зөвшөөрлийн хариу ирсэн. Мөрдөгчийн зүгээс нэгэнт мөрдөн шалгах ажиллагаа дуусгавар болсон байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу уг журмуудын хуулбарыг тэмдэглэл үйлдэн авах эрх зүйн үндэслэлгүй. Иймд прокурорын зөвшөөрлийн дагуу ирсэн журмуудыг прокурорт ирүүлснийг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр гаргаж өгсөн. Гэхдээ прокуророос шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт уг журмуудыг нотлох баримтаар тооцуулах мөн шинжлэх судлуулах нотлох баримтад оруулах талаар хүсэлт гаргаагүй болно.

4.2. Түүнчлэн захирамжийн 8, 9-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу хэрэг шүүхэд шилжсэний дараа эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг гаргаж өгч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нотлох баримтаар тооцуулах эрх зөвхөн оролцогчид хамаатай бөгөөд мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.10-т заасан “ ...шинжлэн судлуулах нотлох баримтын талаарх прокурорын санал”-д яллах дүгнэлт үйлдэх үед хэрэгт цугларсан, эсхүл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нотлох баримтаар тооцогдсон баримттай хамаатай санал, хүсэлт хамаарах юм. Иймээс Т Банк-ны уг журмууд нь яллагдагчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хэрэг маргааны үйл баримтыг сэргээн тогтооход хамааралтай, шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадах мэдээллийг өөртөө агуулсан баримтууд учир хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт хавсаргах” гэснийг эс зөвшөөрч байна. Учир нь: прокуророос яллах дүгнэлтийн хавсралтад “...Б.А-ад холбогдох эрүүгийн 2213001660150 дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцохдоо хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлуулна...” гэж буюу шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нотлох баримтуудаа дурдсаар байхад уг журмуудыг шинжлэн судлуулах нотлох баримтаар тооцуулах мэтээр захирамждаа дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 7, 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.10-т заасан үндэслэлд хамааруулахаар прокурор санал гаргасан нь уг зохицуулалтад хамааралгүй гэж дүгнэж байгаа нь хэргийн бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй байна.

4.3. Түүнчлэн уг журмуудын хэрэгжилт, яллагдагчийн зөрчсөн зөрчлүүдийг хавтаст хэргийн 11-12 дугаар хуудсанд авагдсан Т Банк-ны дотоод хяналт, шалгалтын газрын 22/11А/037 дугаартай илтгэх хуудсанд тодорхой дурдсан бөгөөд прокурорын зүгээс уг илтгэх хуудсыг яллах талын нотлох баримтаа болгохоор яллах дүгнэлтийн хавсралтдаа дурдсан бөгөөд харин журмууд нь дурдагдаагүй болно. Мөн шүүгчийн захирамжид Т Банк-ны уг журмууд нь хэрэг маргааны үйл баримтыг сэргээн тогтооход хамааралтай гэж дүгнэсэн байх бөгөөд эрх бүхий байгууллагаас буюу Т Банк-наас батлан тогтоосон эрх зүйн хэм хэмжээний акт нь хэрэг маргааны үйл баримтыг сэргээн тогтоох чадвар бүхий мэдээллийг агуулахгүй юм.

4.4. Шүүгчийн захирамжийн “ТОДОРХОЙЛОХ нь” хэсгийн 10, 11-д “Гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн сэдэлт зорилго зэрэг нотолбол зохих байдлыг нотлоход шаардлагатай нотлох баримтууд хэрэгт цуглараагүй байна. Тодруулбал, хохирогчийн дансны мэдээллийг дамжуулж авсан гэх иргэн Б.Б-гийн хувийн байдлыг тогтоосон буюу яллагдагчтай төрөл, садангийн холбоотой эсэх талаарх лавлагаа, мөн хохирогч нь яллагдагчийн үйлдлээс болж гэрлэлт цуцлуулах асуудал үүссэн талаар удаа дараа мэдүүлсэн байх тул иргэн Б.Б-гийн хохирогч Х.Ж-ад холбогдуулан гаргасан нэхэмжлэл, уг нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхээс шийдвэрлэсэн шийдвэрүүдийг хэрэгт хавсаргах” гэсэн үндэслэлүүдийг дурдсаныг эс зөвшөөрч байна. Учир нь хавтаст хэргийн 68, 70, 72 дугаар хуудсанд авагдсан хохирогч Х.Ж-ын мэдүүлэг, 76 дугаар хуудсанд авагдсан гэрч Б.Б-гийн мэдүүлэг, 98-99 дүгээр хуудсанд авагдсан яллагдагч Б.А-ын мэдүүлэг, 106-110 дугаар хуудсанд авагдсан яллагдагчийн хувийн байдлыг тодорхойлсон баримт зэрэг бичгийн нотлох баримтуудаар иргэн Б.Б-, яллагдагч Б.А- нар нь төрсөн ах дүү, гэрч Б.Б- хохирогч Х.Ж- нар нь урьд гэр бүлийн харилцаатай байсан эхнэр, нөхөр, уг гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэрэг нь тодорхой байхад үндэслэлгүйгээр хэргийг прокурорт буцааж байгааг эсэргүүцэж байна.

4.5. Тухайлбал хохирогч Х.Ж-ын “...манай хадам ах болох Бейбитийн А- нь миний нэр дээр бүртгэлтэй, Т Банк-ны харилцах дансны гүйлгээг миний зөвшөөрөлгүйгээр үзэж хараад, дансны мэдээллийг төрсөн дүү нь болох /эхнэр/ Б.Б-д дамжуулсан байна..., ...Б.А-ын дээрх үйлдлээс болж эхнэр Б.Б- бид хоёрын хооронд гэр бүлийн маргаан үүссэн..." гэх мэдүүлгээс яллагдагч, хохирогч, гэрч нарын хоорондын харилцан хамаарал, гэмт хэргийн шалтгаан нөхцөл үүсэх болсон үйл явдлыг тодорхойлж болохоор байдаг.

4.6. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн өмгөөлөгч А.Кадирбекээс гэрч Б.Б-г гэм буруугийн шүүх хуралдаанд оролцуулах талаар санал гаргасныг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа захирамжид “...иргэн Б.Б-гийн хохирогч Х.Ж-ад холбогдуулан гаргасан нэхэмжлэл, уг нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхээс шийдвэрлэсэн шийдвэрүүдийг хэрэгт хавсаргах...” гэсэн үндэслэлийг заасан нь хэргийг шуурхай шийдвэрлэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилттой нийцэхгүй байна. Учир нь үнэхээр дээрх нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай гэж шүүхээс үзсэн бол гэрч Б.Б-г гэм буруугийн шүүх хуралдаанд оролцуулахад хохирогч Х.Ж-тай иргэний журмаар маргалдаж байгаа асуудал нь тодорхой болох байхад уг нөхцөл байдлыг анхаарч үзээгүй байна.

4.7. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЗ/296 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.

 

5. Хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:  

5.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтад зааснаар “Теллерийн үйл ажиллагаатай холбоотой” гэх дээрх маргаан болоод буй бичмэл баримт нь эд мөрийн баримт мөн бөгөөд хохирогч эсвэл улсын яллагч нь шүүх хурлаас өмнө урьдчилан хэлэлцүүлэгт гаргаж өгсөн байгаа ба эд мөрийн баримтыг шүүхэд гаргаж өгч болохгүй гэж хориглосон хуулийн зүйл заалт байхгүй.

5.2. Шүүх нь эд мөрийн баримтыг урьдчилсан хэлэлцүүлэгт аваад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-д зааснаар өөрийн дотоод итгэлээр үнэлэх ёстой буюу үүрэгтэй байсан.

5.3. Яллагдагч Б.А- нь шунахай сэдэлтээр, өөрийн болон өөрийн талд хамаарал бүхий этгээд болох нэг эцэг эхээс төрсөн эмэгтэй дүү Б.Б-гийн эрх ашгийг хамгаалах үүднээс түүний болон өөрийн ашиг сонирхлын зөрчил, мөн Т Банк-ны “Бүтээгдэхүүн үйлчилгээний журам”, “Мэдээллийн аюулгүй байдлын үйл ажиллагааны журам”, “Теллерийн үйл ажиллагааны журам” зэрэг банкны тухай хууль дотооддоо дагаж мөрдөх журмуудыг өөрийн банкны салбарын захирлын албан тушаалын байдлыг санаатайгаар зориуд зөрчин байж хүргэн дүү Х.Ж-ын банканд хадгалсан мөнгө банктай харилцах данснууд дахь мөнгөний дүнг эрээ цээргүй сүлжээнээс нээж үзэж, улмаар олшруулан хуулбарлан авч охин дүү Б.Б-д дамжуулсан үйлдэл хийсэн нь яллагдагч Б.А-ын өөрийн мэдүүлэг болон Т Банк-ны удирдлагын хяналт шалгалтаар мөн бусад нотлох баримтаар хангалттай нотлогдсон байдаг. Тодруулбал: Б.А- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан бусдад дамжуулсан, гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн” нь тогтоогдсон байна.

5.4. Гэтэл шүүгч нь захирамждаа "‘Дансны мэдээллийг авсан гэх Б.Б-гийн хувийн байдлыг тогтоох, яллагдагчтай төрөл садны холбоотой эсэх, хохирогч нь яллагдагчийн үйлдлээс болж гэрлэлт цуцлуулах асуудал үүссэн эсэх иргэний энэ хэргийн шийдвэрийг хэрэгт хавсаргах” шаардлагатай гэжээ. Шүүгч нь хуулийг ноцтой зөрчиж төгс үйлдэгдсэн гэмт хэргийг өөр иргэний маргаантай хэрэг шийдвэрлэж дууссаны дараа шүүх хурал хийнэ, гэр бүлийн тэр маргаантай хэрэг шийдвэрлэгдээгүйгээс болж эрүүгийн энэ хэрэг шийдвэрлэгдэх боломжгүй, гэрлэлтийг хэн цуцлуулах гэж байгааг тодруулах гэх мэтээр хэрэгт ямар ч ач холбогдолгүй элдэв тайлбар гаргаад хэргийг буцаасан нь шүүгчийн шүүгдэгчид ашигтай байдал гаргаж, нэг талыг баримталж хэргийг дур мэдэн прокурорт шилжүүлж хуулийг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна. Тодруулбал: яллагдагч Б.А-ын төрсөн эмэгтэй дүү Б.Б- нь төрсөн ах Б.А-аас Х.Ж-ын банк дахь харилцах данснаас түүний мөнгөний шилжилт хөдөлгөөнийг мэдсэний дараа буюу 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд гэрлэлтээ цуцлах нэхэмжлэл гаргасан. Тэр өдөр гэр орноос Х.Ж-ын мебель ор хувцас, эд хогшлыг гаргаж ачаад аав ээжийнх нь хашаанд буулгаж хаясан. Түүнээс гадна Х.Ж-ын дансанд их хэмжээний мөнгө байгааг ах Б.А-аас мэдэнгүүтээ Х.Ж-аас 40,000,000 төгрөгийг нь элдэв байдлаар гаргуулж авсан. Түүний 20,000,000 төгрөгөөр нь “Тоуоtо sаi” маркийн машиныг 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр худалдан авсан ба одоо түүнийг унаж байгаа бөгөөд аавынхаа төрсөн ах Х.С-ын нэр дээр бүртгүүлж дундын хөрөнгөө нуусан. Энэ бүгдийг Б.Б- нь төрсөн ах Б.А-тай хамт үгсэн тохирч хийсэн нь тодорхой. Тэр ч байтугай Б.Б- нь А гэгчтэй гэрлэхээр үгсэн тохирч бичлэг нь хэрэг дотор авагдсан байгаа.

5.5. Мөн нэхэмжлэлдээ “Дундын хөрөнгө болох 2 өрөө байрыг авна, хүүхдээ авна” гэж бичсэн байгааг хавсаргасан нэхэмжлэл магадлалаас уншина уу.  Анхан шатны шүүх нь 2 өрөө байрыг Х.Ж-ад үлдээснийг эс зөвшөөрч өмгөөлөгч А.Кадирбек болон Б.Б- нар нь давж заалдах шатанд гомдол гаргаж байсан ба давж заалдах шатны шүүх нь дундын хөрөнгийг дахин шийдвэрлүүлэх гэсэн үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхэд буцаасан. Өөрөөр хэлбэл: Гэрлэлт цуцлах иргэний хэрэг нь ингэж дахин анхан шатны шүүхэд очсон байгаа нь энэ хэрэг дээд шүүхэд хүртэл очоод эцсийн шийдвэр гарах хүртэл хэдэн ч жил үргэлжлэх магадлалтай байгааг харуулж байна. Эрүүгийн хэргийг иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хүлээж байх гэсэн санаа агуулж прокурорт шилжүүлсэн гэж үзэхээс өөрөөр дүгнэх боломжгүй байна.

5.6. Хохирогч Х.Ж- нь яллагдагч Б.А-ын шунахай үйлдлээс болж гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийг эхнэр нь авч, байр гэр орон дотор тавилгын хамт хөрөнгөө эхнэртээ алдаж, эхнэр Б.Б-д залилуулж 40,000,000 төгрөг, машин эд хөрөнгөө алдаж, банктай харьцдаг дансныхаа нууцлалыг алдаж хохирсон. Яллагдагч Бейбитийн А-ын гэм буруугаас болж амьдрал, гэр бүл, ахуйгаа алдаж ноцтой хохирсон байгааг Эрүүгийн хэргийг шийдвэрлэх шүүгч нь харахыг, анзаарахыг мэдрэхийг хүсэлгүй хохирогчийг хохирсон дээр нь хохироож хэргийг шийдвэрлэхгүйгээр шүүгдэгчид элдэв шалтаг хэлж тал засан хэргийг нь таслахгүй удаад хугацаа алдуулж ял завшуулж байна. Магадгүй цагаатгах гэсэн бодолтой байгаа болов уу? гэж хохирогч тал халаглаж шүүгчийн захирамжид эргэлзэж байна.

5.7. Иймд анхан шатны шүүхийн захирамжийг хүчингүйд тооцож яллагдагч Б.А-ад холбогдох 2213001660150 дугаартай Эрүүгийн хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлж өгнө үү.

 

6. Яллагдагчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

6.1. Миний бие өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй. Анх удаа энэхүү хэрэгт холбогдож байна. Т Банк-анд нийтдээ 12 жил ажиллаж байна. Цагдаагийн албан хаагч Нурбол болон прокурор Х.Өрен нарт гомдолтой байна. Өмнөх шүүх хуралдаанд А.Дорждэрэм прокурор Т Банк-ны салбарын захирал Р болон Бахытжан нарын өгсөн мэдүүлгийг үндэслээд хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар тайлбарласан. Цагдаагийн албан хаагч Нурбол, прокурор А.Дорждэрэм нарт гомдол гаргаж байсан. Х.Ж-ын дансыг хараагүй гэж хэлээгүй. Х.Ж- өөрөө залгасан тул би дансны мэдээллийг нь шалгаж өгсөн нь үнэн. Т Банк-ны дотоод журамд харилцагч гар утсаар залгасан тохиолдолд харилцагчид мэдээлэл өгч болохгүй гэсэн заалт байхгүй. Тийм журам байгаа тохиолдолд прокурор та Т Банк-ны дотоод журмыг авсан бол надад харуулчих. Би Баян-Өлгий аймгийн Алтай сумын Т Банк-ны тооцооны төвийн захирал. Нийт зээлдэгчийн тоо, хэдэн хүн хадгаламжтай, хэдэн хүн зээлтэй, зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн байна уу? үгүй юу гэдгийг шалгах эрхтэй. Т Банк-ны дотоод аудитын зүгээс хяналт шалгалт хийхдээ илтгэх хуудас бичиж өгсөн. Х.Ж-аас мэдүүлэг авах үед хохирогч надад залгаж өөрийнхөө дансны мэдээллийг харж өгөхийг хэлснээ хүлээн зөвшөөрсөн байгаа.

 

7. Яллагдагчийн өмгөөлөгч С.Нургайпын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:  

7.1. Прокурорын зүгээс хэргийг шүүхэд шилжүүлсний дараа 3 дотоод журмыг гаргаж ирүүлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дарааллыг зөрчсөн гэж дүгнэсэн. Мөн шүүхээс шүүгдэгчийн талын гаргасан саналыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хүлээн авч хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан. Прокурорын зүгээс гэм буруугийн асуудлыг хэлэлцэхээс өмнө шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буюу хэргийг шүүхэд шилжүүлсний дараа хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой гэсэн утгаар Т Банк-ны дотоод журмуудыг гаргаж ирүүлсэн. Өөрөөр хэлбэл хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой нотлох баримт мөн гэдгийг улсын яллагчийн зүгээс өөрөө хүлээн зөвшөөрсөн. Өмнө нь хэргийг хянан шийдвэрлэх явцад хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг урьд нь цуглуулах боломжтой байтал нотлох баримтыг цуглуулахгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн гэдгээ улсын яллагч өөрөө хүлээн зөвшөөрч анхан шатны шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлгийн явцад Т Банк-ны дотоод журмыг нотлох баримтаар гаргаж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл заалтыг зөрчсөн. Яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн бодит байдлыг тогтоохтой холбоотой нотлох баримтыг хууль зөрчиж нотлох баримт гаргаж өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж дүгнэсэн анхан шатны шүүгчийн захирамж хуульд нийцсэн.

7.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна” гэж заасан. Улсын яллагчийн зүгээс хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой нотлох баримт гэж гаргаж өгсөн нотлох баримт нь бичгийн нотлох баримтын шаардлагыг хангаагүй байсан. Т Банк-ны дотоод журмын эх хувийг гаргаж авах боломжгүй талаар прокурор дурдсан байгаа. Энэхүү гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл байдал, хохирогч Х.Ж- яагаад төрсөн хадам ахыгаа гэмт хэрэгт холбогдуулан гомдол гаргасан асуудалтай холбоотой хохирогч, гэрч Б.Б- нарын шийдвэрлэгдээгүй иргэний хэргийн маргаанаас зайлшгүй нотлох баримтыг гаргаж авах нөхцөл байдлыг үнэн зөвөөр нь тогтоох ёстой гэж үзэж байгаа вэ гэхлээр хохирогч Х.Ж- шүүхэд гомдлыг хэзээ гаргасан бэ? Гэр бүлийн маргаан гарахаас өмнө юм уу? дараа юм уу? гэдэг асуудлыг тодруулах шаардлагатай. Хохирогчийн өмгөөлөгч С.Алтайн тайлбарлаж байгаагаар Б.А- хохирогчийн дансны мэдээллийг эхнэрт нь задруулсны дараа гэр бүл салах болсон, хүүхэд өнчрөх нөхцөл байдал бий болсон гэж байна. Бодит байдалд шүүхэд нэхэмжлэл гаргаж эвлэрүүлэн зуучлагчид хүртэл хандаж эд хөрөнгийн маргаан үүссэний дараа хохирогч Х.Ж- эд хөрөнгийг надад өг, өгөхгүй бол би чиний ахыг хэрэгт холбогдуулан шалгана гэх асуудал гарсан. Улсын яллагчийн зүгээс хохирогч, гэрч Б.Б- нарын гэр бүлийн асуудлын талаар мэдээгүй байна. Талуудын гэрлэлт цуцлагдаагүй. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй. Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. Иймд хохирогч, гэрч Б.Б- нарын хоорондох гэр бүлийн маргаан эхэлж гарсан уу? Б.А- хохирогчийн Т Банк-ны дансны мэдээллийг Б.Б-д задруулсан асуудал эхэлж гарсан уу гэдгийг тогтоох шаардлагатай.

 

7. Яллагдагчийн өмгөөлөгч А.Кадирбекийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 

7.1. Прокурорын эсэргүүцэлтэй холбоотой дараах тайлбарыг гаргаж байна. Нэгдүгээрт анхан шатны шүүхээс хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаасан. Харин улсын яллагчийн зүгээс миний гаргаж өгсөн нотлох баримтыг нотлох баримтаар тооцуулах санал гаргаагүй байхад анхан шатны шүүхээс тухайн нотлох баримтуудыг нотлох баримтаар тооцохгүй хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй гэж прокурорын эсэргүүцэл бичсэн байна. 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хэрэг шүүхэд шилжиж ирсний дараа шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргасан. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд дарааллын дагуу эхлээд би хүсэлт гаргасан. Би хүсэлтээ гаргахдаа улсын яллагчийн дурдаж байгаа Т Банк-ны 3 дотоод журмыг нотлох баримтаар хавтаст хэрэгт тусгуулъя гэсэн миний хүсэлтээр шүүгдэгч Б.А-ад холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа гэж үзэж байна. Яагаад энэхүү Т Банк-ны 3 дотоод журам шаардлагатай вэ гэхлээр 1 дүгээр хавтаст хэргийн 11-12 дугаар талд авагдсан Т Банк-ны дотоод хяналт шалгалтын 22/11А37 дугаартай илтгэх хуудас дээр Т Банк-ны 3 дотоод журмын талаар дурдсан. Жишээ нь: Б.А- нь Т Банк-ны бүтэгдэхүүн үйлчилгээний журмын 3.3.1.8 заалт, мэдээлэл аюулгүй байдлын журмыг хэрэглээгүй тохиолдолд хэрэглэгч болон харилцагч нарын хооронд үл ойлголцол үүссэн байна. Хоёрдугаарт: хавтаст хэргийн 65 дугаар талд авагдсан Т Банк-ны 3 дотоод журмыг мөрдөн байцаалтын шатанд авах тухайн улсын яллагч зөвшөөрөл өгсөн. Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх Т Банк-ны дотоод журам ирээгүй. Дараа нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр би хүсэлт гаргасны дараа прокурор дээрх Т Банк-ны 3 дотоод журмыг гаргаж өгсөн. Гэхдээ тухайн үед улсын яллагчийн гаргаж өгсөн Т Банк-ны дээрх дотоод журам нь нотлох баримтын шаардлага хангаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна” гэж зааснаар анхан шатны шүүхээс нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй шаардлагатай нотлох баримт тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар авхуулах шаардлагатай гэж үзэн анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлтэй.

7.2. Хэргийн хугацаа дууссан, нотлох баримтыг хугацаанд нь авч чадаагүй тул хэргийг шүүхэд шилжүүлсний дараа Т Банк-ны дотоод журам ирсэн гэж улсын яллагчийн зүгээс тайлбарласан байна. Хүний эрх, эрх чөлөө хүний хувь заяаг хэргийн хугацаанаас үнэтэй биш юм. Хохирогч болон түүний өмгөөлөгчийн тайлбартай холбоотой С.Нургайып өмгөөлөгч тайлбар хэлсэн тул нэмж хэлэх тайлбар байхгүй.

7.3. Иймд хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            8. Давж заалдах шатны шүүх хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгч С.Алтайн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр, хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянаж үзлээ.

 

            9. Хэрэгт цугларсан нотлох баримтуудад, тухайлбал 2022 оны 5 дугаар сарын 22, мөн оны 6 дугаар сарын 06-ны өдөр, 7 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Х.Ж-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 68, 70, 72 дахь тал/, мөн оны 7 дугаар сарын 19-ний өдөр яллагдагч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд /1 дэх хавтаст хэргийн 98, 99 дэх тал/, 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гэрч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 76 дахь тал/ зэргээс хохирогчийн дансны мэдээллийг дамжуулж авсан гэх Б.Б- нь яллагдагч Б.А-ын төрсөн дүү болох нь хангалттай тогтоогдсон.

Иймээс шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 10, 11 дэх заалтад заасан ажиллагааг буюу “иргэн Б.Б-гийн хувийн байдал, яллагдагчтай төрөл садны холбоотой эсэхийг тогтоох” болон “иргэн Б.Б-гийн хохирогч Х.Ж-ад холбогдуулан гаргасан нэхэмжлэл, уг нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхээс шийдвэрлэсэн шийдвэрүүдийг хэрэгт хавсаргах” зэрэг ажиллагааг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар гүйцэтгэх  шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв. Эдгээр ажиллагаа нь яллагдагч Б.А-ын хувьд түүний холбогдсон хэргийн бодит байдлыг тогтооход шууд хамааралгүй ба энэ талаарх прокурорын эсэргүүцлийн үндэслэлийг хүлээж авах нь зүйтэй.

 

            10. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд прокуророос Т Банк-ны  “Бүтээгдэхүүн, үйлчилгээний журам”, “Мэдээллийн аюулгүй байдлын үйл ажиллагааны цогц журам”, “Теллерийн үйл ажиллагааны журам” зэрэг 51 хуудас нотлох баримтыг “...хэрэг шүүхэд шилжиж явсны дараа прокурорт ирсэн учраас ... шүүх хуралдааны явцад гаргаж өгье” хэмээн гаргаж өгсөн нь хуульд нийцэхгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хуралдаанаас прокурорын эсэргүүцэлд дурдсанчлан үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

           

11. Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 30/3598 дугаартай “Эрүүгийн 2213001660150 дугаартай хэрэгт танай банкны “Бүтээгдэхүүн, үйлчилгээний журам”, “Мэдээллийн аюулгүй байдлын үйл ажиллагааны цогц журам”, “Теллерийн үйл ажиллагааны журам” зэрэг баримтууд шаардлагатай байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу баталгаажуулан ирүүлж, хамтран ажиллана уу” гэж Т Банк-ны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал Д.Р-д хандан гаргасан албан бичгийн дагуу 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Нурбол нь дээрх нотлох баримтуудыг 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд гаргуулан авах саналыг аймгийн прокурорын газрын хяналтын прокурорт гаргаж байжээ. /1 дэх хавтаст хэргийн 63, 64 дэх тал/

Хяналтын прокурор А.Дорждэрэмийн 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 89 дугаар прокурорын зөвшөөрлөөр Т Банк-ны  “Бүтээгдэхүүн, үйлчилгээний журам”, “Мэдээллийн аюулгүй байдлын үйл ажиллагааны цогц журам”, “Теллерийн үйл ажиллагааны журам” зэрэг нотлох баримтыг Төрийн  банкны холбогдох албан тушаалтнаас гаргуулахаар зөвшөөрөл олгожээ. Уг зөвшөөрөлд “прокурорын зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 17 цагаас 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 17 цаг хүртэл үргэлжилнэ” гэж тухайлан заасан бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.8 дахь заалтад заасан шаардлагад нийцсэн байна. /1 дэх хавтаст хэргийн 65 дахь тал/

           

12. Прокурор Т Банк-ны  “Бүтээгдэхүүн, үйлчилгээний журам”, “Мэдээллийн аюулгүй байдлын үйл ажиллагааны цогц журам”, “Теллерийн үйл ажиллагааны журам” зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангуулан хэрэгт авах шаардлагатай гэж үзэн зөвшөөрөл олгосон боловч прокурорын зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд болон 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх тухай санал гаргаж, прокурор 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 126 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд шилжүүл хүртэл хугацаанд уг баримтуудыг мөрдөгч хэрэгт хуульд заасан журмаар бэхжүүлэн хавсаргаагүй байна. /1 дэх хавтаст хэргийн 210 дахь тал/

 

            13. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсний дараа прокурорын 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 89 дүгээр зөвшөөрлөөр 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 17 цагаас 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 17 цаг хүртэл хугацаанд хуульд заасан шаардлагыг хангуулж, бэхжүүлэн хэрэгт хавсаргах байсан байгууллагын нууцад хамаарах зарим баримт бичгийг зөвшөөрөлд заасан хүчинтэй хугацааг хэтрүүлж Т Банк-ны 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн огноотой албан бичигт хавсаргаж ирүүлснийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд прокуророос хэрэгт гаргаж өгснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх шаардлагыг хангасан гэж үзэхгүй.

Мөн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахих үүрэгтэй ба мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

            14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно. Прокуророос мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн зөвшөөрлийн дагуу, уг зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд хэрэгт хуульд заасан журмаар бэхжүүлж, хавсаргавал зохих, хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримтыг зохих журмын дагуу бэхжүүлж, хэрэгт хавсаргаагүй атлаа яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсний дараа, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд прокуророос гаргаж өгсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх шаардлагыг зөрчсөнөөс гадна өмгөөлөх талын тухайн нотлох баримттай холбоотой тайлбар өгөх, үгүйсгэх, тухайлбал яллагдагчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “хууль зүйн туслалцаа үзүүлэхэд шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг мөрдөгч, прокурорт гаргаж өгөх, түүнийг хавтаст хэрэгт бэхжүүлж тусгуулах, мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлт гаргах, энэ хуульд заасан журмын дагуу оролцох” зэрэг эрхээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан гэж үзэх үндэслэлтэй.

 

            15. Түүнчлэн прокуророос шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн, Т Банк-ны 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 47/478 дугаар албан бичигт хавсаргаж ирүүлсэн 51 хуудас баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна”, 4 дэх хэсэгт “Энэ хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлнэ” гэж заасан шаардлагыг хангаагүйг тэмдэглэх нь зүйтэй ба тухайн баримтат мэдээллийг хуульд заасан шаардлагыг хангуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан тодорхой үндэслэл, журмын дагуу цуглуулан хэрэгт хавсаргах талаар мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа явуулахаар хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн дүгнэлт, үндэслэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох зарчмуудад тус тус нийцсэн. Энэ талаарх гаргасан прокурорын эсэргүүцлийн үндэслэл хуульд нийцээгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            16. Хохирогч Х.Ж-ын өмгөөлөгч С.Алтайн “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцааж өгнө үү” гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй тул дээрх үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЗ/296 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч С.Алтайн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, прокурорын эсэргүүцлийн зарим үндэслэлийг хүлээж авсугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлэх бөгөөд мөн хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай. 

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.КӨБЕШ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Н.ТУЯА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ӨМИРБЕК