Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2022/ДШМ/44

 

 

 

     Б.Е- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/125 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч  С.Б-, Ш.А-, Б.Е-, Х.М- нарт холбогдох эрүүгийн 2113000750064 дугаартай, 16 хавтастай хэргийг прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Байгонак, Д.Айбек, Х.Зулхаш, шүүгдэгч Б.Е-, шүүгдэгч Х.М-, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах гомдлоор 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Баярмагнай, шүүгдэгч С.Б-, Ш.А-, Б.Е-, Х.М-, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, Х.Бакен, Х.Зулхаш, Т.Байгонак, Д.Эрдэнэчимэг /цахим сүлжээгээр/,  Г.Ганбат /цахим сүлжээгээр/, Б.Батмөнх /цахим сүлжээгээр/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Ердос нар оролцов.  

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц суманд төрсөн, ** настай, эрэгтэй, ** боловсролтой, ** мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн ** ажилтай, ам бүл ** хүнтэй, эхнэр хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн ** оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б.Е- /РД:**********/,

 

2. Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, ** оны **дугаар сарын **-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц суманд төрсөн, **настай, эрэгтэй, ** боловсролтой, **мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн ** ажилтай, ам бүл ** хүнтэй, эхнэр хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн ** суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш.А- /РД:********/,

 

3. Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц суманд төрсөн, ** настай, эрэгтэй, ** боловсролтой, ** мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ тус аймгийн ** ажилтай байсан, одоо тус сумын ** ажилтай, ам бүл ** хүнтэй, эхнэр хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн ** оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, С.Б- /РД:**********/,

 

4. Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц суманд төрсөн, ** настай, эрэгтэй, **боловсролтой, ** мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ тус аймгийн ** ажилтай байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **хүнтэй, эхнэр хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн ** оршин суух хаягтай, урьд Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял, мөн Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан Х.М- /РД:**********/. 

 

5. Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

 

5.1.Шүүгдэгч Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын орлогч С.Б-, тус сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Е-, ахлах нягтлан бодогч Ш.А- нар нь бүлэглэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус сумын Засаг даргаар ажиллаж байсан Х.М-ийг 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал тархины цус харвалт өвчний учир үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй, ажиллаагүй байхад түүнийг ажилласан мэтээр цагийн бүртгэлийг хөтлүүлж, 2018 оны 11,12 дугаар сард нийт 2.329.600 төгрөгийн цалин олгосон, 

мөн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тус сумын Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурлыг хийж, Засаг дарга Х.М-ийг эдгэртэл нь цалинг хэвээр олгох шийдвэр гаргаж, 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал нийт 17.098.368 төгрөгийн цалинг тус тус олгож, түүнд давуу байдал бий болгож, Ц сумын Засаг даргын Тамгын газрын цалингийн санд нийт 19.427.968 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт,

5.2. Шүүгдэгч Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Е- нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаас 2018 онд батлагдсан Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын дараалалд тусгагдсан 5.600.000 төгрөгийн үнийн дүнтэй “Хогийн цэгийн менежментийг зохицуулах ажлын гэрээ”-г 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр иргэн М.Ж-тэй байгуулсан мэтээр өөрөө үйлдэж, Ц сумын Засаг даргын Тамгын газраас иргэн М.Ж-ийн Хаан банк дахь **** дугаартай дансанд 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 3.320.800 төгрөгөөс 1.820.800 төгрөгийг бэлнээр гаргуулан өөрөө авч, өөртөө давуу байдал бий болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт,

5.3. Шүүгдэгч Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Е- нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаас 2019 онд батлагдсан Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын дараалалд тусгагдсан 5.171.300 төгрөгийн үнийн дүнтэй “Хогийн цэгийн менежментийг зохицуулах ажлын гэрээ”-г 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр иргэн М.Е-тай байгуулсан мэтээр өөрөө үйлдэж, Ц сумын Засаг даргын Тамгын газраас иргэн М.Е-гийн Төрийн банк дахь **** дугаартай дансанд 4 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 4.940.000 төгрөгөөс 3.900.000 төгрөгийг бэлнээр гаргуулан өөрөө авч, өөртөө давуу байдал бий болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт,

5.4. Шүүгдэгч Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Е- нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаас 2020 онд батлагдсан Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын дараалалд тусгагдсан 5.000.000 төгрөгийн үнийн дүнтэй “Хогийн цэгийн менежментийг зохицуулах ажлын гэрээ”-г 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хогийн цэгийн манаач М.Е-тай байгуулсан мэтээр өөрөө үйлдэж, Ц сумын Засаг даргын Тамгын газраас иргэн М.Е-гийн Төрийн банк дахь **** дугаартай дансанд 3 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 4.850.000 төгрөгөөс 3.635.000 төгрөгийг бэлнээр гаргуулан өөрөө авч, өөртөө давуу байдал бий болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт,

5.5. Шүүгдэгч Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б Е- нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2018 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлсэн тус сумын Засаг даргын Тамгын газрын байрны 2 дугаар давхрын засварын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тухай үнэлгээний хороог 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/11 дугаартай тушаалаар байгуулж, уг ажлын захиалагчийг төлөөлсөн атлаа тендерт оролцсон гэх “Ажилчин бүлэг”-ийн материалыг өөрөө бүрдүүлж тендер сонгон шалгаруулах үнэлгээний хороонд өгсөн, үнэлгээний хороонд нөлөөлж хуралдаан хийлгэхгүйгээр “Ажилчин бүлэг”-ийн материалыг шалгаруулж, 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын дээд давхрын конторуудыг засварлах ажлыг гүйцэтгэх” тухай гэрээг “Ажилчин бүлэг”-ийн ахлагч Х.А-тэй байгуулсан мэтээр үйлдэж, барилгын ажлын засварын материалыг худалдан авч, Засаг даргын Тамгын газарт нийлүүлэх байдлаар өөртөө давуу байдал бий болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт,

5.6. Шүүгдэгч Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Е- нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2019 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлсэн тус сумын Засаг даргын Тамгын газрын байрны 1 дүгээр давхрын засварын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тухай үнэлгээний хороог 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн А/09 дугаартай тушаалаар байгуулж, уг ажлын захиалагчийг төлөөлсөн атлаа тендерт оролцсон гэх “Ажилчин бүлэг”-ийн материалыг өөрөө бүрдүүлж тендер сонгон шалгаруулах үнэлгээний хороонд өгсөн, үнэлгээний хороонд нөлөөлж хуралдаан хийлгэхгүйгээр “Ажилчин бүлэг”-ийн материалыг шалгаруулж, 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр “Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын дээд давхрын конторуудыг засварлах ажлыг гүйцэтгэх” тухай гэрээг “Ажилчин бүлэг”-ийн ахлагч Х.А-тэй байгуулсан мэтээр үйлдэж, барилгын ажлын засварын материалыг худалдан авч, Засаг даргын Тамгын газарт нийлүүлэх байдлаар өөртөө давуу байдал бий болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт,

5.7. Шүүгдэгч Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн дарга Х.М- нь “Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Е- албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2018 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлсэн тус сумын Засаг даргын Тамгын газрын байрны 2 дугаар давхрын засварын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тухай үнэлгээний хороог 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/11 дугаартай тушаалаар байгуулж, уг ажлын захиалагчийг төлөөлсөн атлаа тендерт оролцсон гэх “Ажилчин бүлэг”-ийн материалыг өөрөө бүрдүүлж тендер сонгон шалгаруулах үнэлгээний хороонд өгсөн, үнэлгээний хороонд нөлөөлж хуралдаан хийлгэхгүйгээр “Ажилчин бүлэг”-ийн материалыг шалгаруулж, 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын дээд давхрын конторуудыг засварлах ажлыг гүйцэтгэх” тухай гэрээг “Ажилчин бүлэг”-ийн ахлагч Х.А-тэй байгуулсан мэтээр үйлдэж, барилгын ажлын засварын материалыг худалдан авч Засаг даргын Тамгын газарт нийлүүлэх байдлаар өөртөө давуу байдал бий болгосон” гэх хэрэгт албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа Б.Е-тай үйлдлээрээ санаатай нэгдэж, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Е-ын тендер сонгон шалгаруулалтад оролцохоор бусдын нэрээр бүрдүүлж өгсөн “Ажилчин бүлэг”-ийн материалыг хүлээн авсан атлаа үнэлгээний хорооны гишүүдээр хэлэлцүүлж сонгон шалгаруулалт явуулахгүйгээр “Ажилчин бүлэг”-ийн материалыг шалгаруулан гэрээ байгуулах зөвшөөрлийг олгож, бусдад давуу байдал бий болгосон шийдвэр гаргаж, гэмт хэргийн гүйцэтгэгчээр хамтран оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт,

5.8. Шүүгдэгч Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн дарга Х.М- нь “Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Е- албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2019 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлсэн тус сумын Засаг даргын Тамгын газрын байрны 1 дүгээр давхрын засварын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тухай үнэлгээний хороог 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн А/09 дугаартай тушаалаар байгуулж, уг ажлын захиалагчийг төлөөлсөн атлаа тендерт оролцсон гэх “Ажилчин бүлэг”-ийн материалыг өөрөө бүрдүүлж тендер сонгон шалгаруулах үнэлгээний хороонд өгсөн, үнэлгээний хороонд нөлөөлж хуралдаан хийлгэхгүйгээр “Ажилчин бүлэг”-ийн материалыг шалгаруулж, 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр “Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын дээд давхрын конторуудыг засварлах ажлыг гүйцэтгэх” тухай гэрээг “Ажилчин бүлэг”-ийн ахлагч Х.А-тэй байгуулсан мэтээр үйлдэж, барилгын ажлын засварын материалыг худалдан авч Засаг даргын тамгын газарт нийлүүлэх байдлаар өөртөө давуу байдал бий болгосон” гэх хэрэгт албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа Б.Е-тай үйлдлээрээ санаатай нэгдэж, Засаг даргын тамгын газрын дарга Б.Е-ын 2018 онд тендер сонгон шалгаруулалтад оролцохоор бусдын нэрээр бүрдүүлж өгсөн “Ажилчин бүлэг”-ийн материалыг хүлээн авсан атлаа үнэлгээний хорооны гишүүдээр хэлэлцүүлж сонгон шалгаруулалт явуулахгүйгээр, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр дахин “Ажилчин бүлэг”-ийн материалыг шалгаруулан гэрээ байгуулах зөвшөөрөл олгож, бусдад давуу байдал бий болгосон шийдвэр гаргаж, гэмт хэргийн гүйцэтгэгчээр хамтран оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт,

5.9. Шүүгдэгч Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн дарга Х.М- нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Е-ын 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/13 дугаартай тушаалаар “Сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” үнэлгээний хорооны даргаар томилогдон ажиллахдаа, үнэлгээний хороог хуралдуулж, тендер сонгон шалгаруулалт явуулахгүйгээр өөрийн хүү М.Н-ийн “Малчин бүлэг”-ийг сонгон шалгаруулсан мэтээр баримт бүрдүүлж, “Малчин бүлэг”-тэй гэрээ байгуулах зөвшөөрлийг 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр тус сумын Засаг даргад хүргүүлж, бусдад давуу байдал бий болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

6. Прокурорын 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 58 дугаартай яллах дүгнэлтээр шүүгдэгч  С.Б-, Ш.А-, Б.Е-, Х.М- нарын дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

7. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/35 дугаар шийтгэх тогтоолоор:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ш.А-, С.Б- нарт Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж,

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар цагаатгагдсан этгээд Ш.А-, С.Б- нарт холбогдох хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, 

3. Шүүгдэгч Б.Е-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг зохион байгуулж үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Х.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Е-ын нийтийн албанд томилогдох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, 18.000 (арван найман мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 18.000.000 (арван найман сая) төгрөгөөр торгох ял, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М-ийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 8.000 (найман мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 (найман сая) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Е-, Х.М- нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 (хоёр) жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Е-, Х.М- нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Е- нь гэмт хэргийн хохирол 28.783.768 төгрөгийг  Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын тамгын газрын Төрийн санд төлж өгсөн болохыг дурдаж, 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-аас шүүгдэгч Б.Е-, Х.М- нараас гэмт хэргийн хохирол 40.000.000 төгрөг, шүүгдэгч Х.М-ээс гэмт хэргийн хохирол 18.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийн хэсгийг нотлох баримтгүй тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Е-, Х.М- нараас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох шинжээчийн хөлс 1.500.000 төгрөгийг тэнцүү хувааж гаргуулан шинжээч “Ашид билгүүн” ХХК-д олгож,

10. Шүүгдэгч Б.Е-, Х.М-, цагаатгагдсан этгээд С.Б-, Ш.А- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэргийн хамт хураан ирүүлсэн болон эд мөрийн баримтаар тооцсон зүйлгүй, шүүгдэгч нарын хувийн бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй зэргийг тус тус дурдаж,

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 17, 16 дугаартай, шүүгдэгч Б.Е-ын эзэмшлийн ** БӨА улсын дугаартай “Toyota land cruiser-80” загварын, шүүгдэгч Х.М-ийн эзэмшлийн ** БӨА улсын дугаартай “Уаз-31512” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг тус тус хэвээр нь үлдээж, мөн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 14, 15 дугаартай, цагаатгагдсан этгээд С.Б-ийн эзэмшлийн ** БӨҮ улсын дугаартай “Toyota ist-XP60” загварын, цагаатгагдсан этгээд Ш.А-ын эзэмшлийн ** БӨТ улсын дугаартай “Toyota land cruiser-80” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгож,

12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Е-, Х.М- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээж, цагаатгагдсан этгээд С.Б-, Ш.А- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож,

13. Цагаатгагдсан этгээд С.Б-, Ш.А- нар нь хохирлоо нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

8. Прокурорын эсэргүүцлийн агуулга: 

8.1. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолын “ТОДОРХОЙЛОХ нь” хэсэгт шүүгдэгч Б.Е-, Ш.А-, С.Б- нарын гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас төрийн байгууллагад хохирол учруулахад хэн хэн хүргэсэн болох, шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр, шүүгдэгч Ш.А-, С.Б- нарыг цагаатгасан бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийн нотлох баримтын агуулгыг тодорхой тусгаж, хууль ёсны үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

8.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.М ” ... Х.М-т ...2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал нийт 14 сар бүтэн ажилласнаар цалин олгож, тус сумын цалингийн санд 19.427.971 төгрөгийн хохирол учруулсан байна. Дээрх мөнгө тус сумын цалингийн төсвөөс гарч түүнд олгогдсон байна” гэх мэдүүлэг, гэрч К.Н- /Ц сумын ЗДТГ-т Санхүүгийн албаны дарга/ “...Х.М- дарга тухайн цаг хугацаанд ажилласнаар цалин авсан. Тэр талаар тамгын газрын нягтлан бодогч Ш.А-, тамгын газрын дарга Б.Е- нар сайн мэдэх байх. Тухайн үед би Ш.А-аас асуухад тамгын дарга Б.Е- аймгийн дарга нарт хэлсэн юм шиг байна лээ. Түүний цагийн бүртгэл хөтлөгдөөд яваад байсан. ...Тамгын газрын нягтлан бодогч Ш.А- нь Х.М-ийн цалинг бодоод аваад ирдэг. Тэр хэлэхдээ цагийн бүртгэл хөтлөгдсөн байгаа. Тамгын газрын дарга Б.Е- цалинг нь олго гэж хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Р.Т- “...Манай санхүүгийн албанаас 2020 оны 4 дүгээр сард Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын тамгын газрын 2018, 2019 оны санхүүгийн баримтад төлөвлөгөөт шалгалт хийж байсан. Уг шалгалтыг явуулан шалгалтын дүнг сумын Засаг дарга Х.М-т танилцуулах гэхэд тамгын газрын дарга Б.Е- нь сумын Засаг дарга Х.М- нь цус харвасан эмнэлэгт өвчтэй байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хүнтэй уулзах гэсэн чинь түүнийг маш муу, эмнэлэгт хэвтэж байгаа гэж нягтлан бодогч Ш.Абил, Е- нар хэлсэн” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Л-гийн өгсөн “...би Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай “Засаг даргын Тамгын газрын дотоод журмаар зарим асуудлыг асуудлыг зохицуулах тухай” хурлын тэмдэглэлийг хөтөлж байсан. Уг хурал болох гэж байгаа хурлын тэмдэглэл хөтөл гэж Е- дарга хэлсэн. Нийгмийн даатгалын байцаагч Ц.Г хурал эхлэх үед сууж байгаад гараад явсан. Түүний дараа М- даргад цалин олгох асуудлыг ярьсан. Тухайн өдөр Б.Е-, С.Б-, Ш.А-, Х.М- нар хуралдаж шийдвэр гаргасан” гэх мэдүүлэг, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 1/364 дугаартай “Х.М- нь нийгмийн халамжийн сангаас 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 22-ны хүртэл асаргааны тэтгэмж авч байгаа ба өөр ямар нэгэн тэтгэвэр, тэтгэмж аваагүй болно” гэх албан бичиг, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, Х.М-ийг 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласнаар цагийг нь бүртгэж, цалин олгосон талаарх баримтын хуулбар, Ц сумын Засаг даргын дэргэдэх зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдааны тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын зөвлөлийн хуралдааныг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хуралдуулсан болох нь тодорхой байхад яллах талын энэхүү нотлох баримтууд нь хэрхэн үгүйсгэгдэж байгаа үндэслэлийг дурдаж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна.

8.3. Ц сумын Засаг даргын орлогч С.Б-, ЗДТГ-ын дарга Б.Е-, ЗДТГ-ын нягтлан бодогч Ш.А- нар нь Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар тус сумын Засаг дарга Х.М-т цалин олгох эсэх асуудлыг хэлэлцэж, түүнийг эдгэртэл нь цалинг нь хэвээр олгох шийдвэр гаргасан нь тогтоогдсон. Гэмт хэрэг хамтран үйлдэх талаар урьдчилан үсгэн тохиролцсон хоёр буюу түүнээс дээш этгээдийг урьдчилан үсгэн тохиролцсон бүлэг гэж тодорхойлдог. Урьдчилан үгсэн тохиролцсон бүлэг гэдэгт гэмт хэрэг үйлдэж эхлэхээс өмнө тодорхой гэмт хэрэг үйлдэхээр тохиролцсон байх бөгөөд цаашид өөр гэмт хэрэг үйлдэх санаа зорилго агуулаагүй байхыг ойлгодог.

Үүнээс үзэхэд Ц сумын Засаг даргын орлогч С.Б-, ЗДТГ-ын дарга Б.Е-, ЗДТГ-ын нягтлан бодогч Ш.А- нар нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг мөрдөж ажиллахгүйгээр Засаг дарга Х.М-т ажилласнаар цалин олгох шийдвэр гаргахаар Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хуралдааныг хийж, тухайн хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зарж албажуулж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, түүнд давуу байдал бий болгох гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцох бүлэглэн үйлдсэн гэж үзнэ.

8.4. Гэтэл анхан шатны шүүх шүүдэгчийн гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хуралдааны явцад гэрчээр оролцсон Б.Л- нь зориуд худал мэдүүлэг өгсөн байдалд ерөөсөө дүгнэлт хийгээгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийн алийг нь үнэлсэн болохыг тодорхой болгохгүйгээр ерөнхий байдлаар гэрчийн мэдүүлэг эргэлзээтэй гэх дүгнэлтийг хийж шүүгдэгч С.Б-, Ш.А- нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй шийдвэр болсон байна. Үүнээс үзэхэд гэрчийн мэдүүлэг эргэлзээтэй гэх ганцхан үндэслэлийг гаргаж, бусад нотлох баримтуудыг үнэлэхгүй байгаа нь нэг талыг барьсан шийдвэр гэж үзэх бөгөөд шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг тодорхой гаргаж дүгнэж чадаагүй байна гэж дүгнэлээ.

8.5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж заасан. Гэрч Б.Л- нь Ц сумын Засаг даргын зөвлөл 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хуралдсан болохыг мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөвөөр мэдүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэрч Б.Л-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрчийн мэдүүлгийг үнэлэхгүйгээр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг нь үнэлж, гэрчийн мэдүүлэг эргэлзээтэй байна гэх дүгнэлтийг гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Учир нь гэрч Б.Л- нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд зориуд худал мэдүүлэг өгсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан “Худал мэдүүлэх” гэмт хэргээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй эргэлзээ үүсгэсэн гэж үзэх бөгөөд цаашид гэрч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд урьд өгсөн мэдүүлгээ өөрчлөх, зориуд худал мэдүүлэг өгч болох буруу жишиг тогтох нөхцөл байдал үүсэж болзошгүй гэдгийг дурдах нь зүйтэй.

8.6. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Ц сумын Засаг дарга Х.М-ийг өвчний учир албан үүргээ гүйцэтгэх боломжгүй байхад түүнд эдгэртэл нь цалин олгох асуудлыг Ц сумын Засаг даргын орлогч С.Б-, ЗДТГ-ын дарга Б.Е-, ЗДТГ-ын нягтлан бодогч Ш.А- нар нь хамтаараа шийдвэрлэх нөхцөл байдалд хүрсэн, дангаараа шийдвэрлэж чадахгүй байсан болох нь тодорхой байсныг дурдах нь зүйтэй. Иймд Б.Е-, С.Б-, Ш.А- нар нь эрх нөлөөтэй албан тушаалтны хувьд албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдлийг хийсэн гэж үзнэ.

8.7. Ц сумын Засаг даргын орлогч С.Б-, ЗДТГ-ын дарга Б.Е-, ЗДТГ-ын нягтлан бодогч Ш.А- нар нь Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хуралдааныг хийж, Засаг дарга Х.М-т эдгэртэл нь цалин олгохоор шийдвэр гаргаж байгаа үйлдэл нь гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан гэж үзнэ. Хэдийгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй боловч Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалагдсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулдаг. Үүнээс үзэхэд Б.Е-, С.Б-, Ш.А- нар нь Засаг дарга Х.М-ийг өвчний учир албан үүргээ гүйцэтгэж чадахгүй байхад түүнд эдгэртэл нь цалинг нь олгох шийдвэр гаргаж байгаа үйлдэл нь тус сумын ЗДТГ-ын цалингийн санд хохирол, хор уршиг зориуд учруулахад хүргэсэн гэж үзнэ.

Гэтэл анхан шатны шүүх Ц сумын Засаг даргын орлогч С.Б-, ЗДТГ-ын-ын нягтлан бодогч Ш.А- нарын Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах үүргээ хэрэгжүүлэхгүйгээр төрийн байгууллагад зориуд хохирол, хор уршиг учруулж байгаа гэм буруугийн санаатай хэлбэрт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

8.8. Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын орлогч С.Б-, Засаг даргын тамгын газрын дарга ажилтай Б.Е-, Засаг даргын тамгын газрын нягтлан бодогч Ш.А- нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус сумын Засаг даргаар ажиллаж байсан Х.М-ийг тархины цус харвалт өвчний учир үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй, ажиллахгүй байхад 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурлыг хийж түүнийг эдгэртэл нь буюу 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал сар бүр цалин олгож байхаар шийдвэрлэж, сар бүр ажилласнаар цалинг нь олгож байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдэж байгаа нөхцөл байдал юм.

8.9. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийдвэрлэхдээ Х.М-т 2019 оны 01, 02, 03, 04, 05, 06, 07, 08, 09, 10, 11, 12 дугаар саруудад тус тус цалин олгосон үйлдлийг нь үргэлжилсэн нэг гэмт хэрэг мөн эсэхэд ч дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

8.10. Шүүхийн шийтгэх тогтоолын хууль зүйн үндэслэлээс үзэхэд шүүгдэгч С.Б-, Б.Е-, Ш.А- нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн байхад зөвхөн Б.Е-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа нь эрүүгийн хуулийн зорилго, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилттой нийцээгүй, шударга ёсны зарчим алдагдсан гэж үзэж байгаа тул хэргийн бодит байдалд нийцээгүй анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэлт хийж өгнө үү.

8.11. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын ТОГТООХ нь хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар цагаатгагдсан этгээд Ш.А-, С.Б- нарт холбогдох хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай гэж заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3-д “Энэ зүйлийн 1.1-д заасны дагуу шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаана” гэж заасан. Дээрх хуулийн заалт нь гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдсон, гагцхүү тухайн гэмт хэргийг шүүгдэгч үйлдсэн болох нь тогтоогдохгүй байгаа тохиолдолд шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоолгохоор хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах зохицуулалт байтал шүүх хуулийн тодорхой заалтыг буруу ойлгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж байгаа нь үндэслэлгүй юм.

8.12. Иймд анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-д заасныг ноцтой зөрчиж, шүүгдэгч Ш.А-, С.Б- нарт холбогдох хэргийг илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх тул Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив.

 

9. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Байгонак, Д.Айбек, Х.Зулхаш нарын давж заалдах гомдлын агуулга: 

9.1. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д зааснаар Засаг даргын “Эрүүл мэндийн болон бусад хүндэтгэн үзэх байдлын улмаас үүрэгт ажлаас чөлөөлөх эрх нь дээд шатны Засаг дарга буюу аймгийн Засаг даргын бүрэн эрхэд хадгалагдсан. Гэтэл Ц сумын Засаг дарга асан М-ийг эрх бүхий албан тушаалтан ажлаас чөлөөлсөн эрхийн акт гараагүй, Ц сумын Засаг даргын орон тоонд өөр хүн томилогдоогүй тул Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу М-т цалин хөлс олгосон явдалд Ц сумын ЗДТГ-ын дарга Б.Е-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох боломжгүй.

9.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3, 83.5 дахь хэсгүүдэд зааснаар ажлаас чөлөөлөх шийдвэр гарч, ажлыг хүлээлгэн өгөх эцсийн өдөр хүртэл цалин хөлсийг хэвээр олгож байхаар заасан тул Ц сумын Засаг дарга М-т ажлаас чөлөөлөх шийдвэр гараагүй, ажлыг хүлээж аваагүй байхад олгосон цалин хөлсийг төсвийн шууд захирагч Б.Е-ын зүгээс давуу байдал олгосон гэж үзэх үндэслэл байхгүй. 

9.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.7 дахь хэсэгт зааснаар цалин, хөлс, олговрыг хүндэтгэн үзэх шалтгаангүй олгохгүй байх, хугацаанд нь олгохгүй байх, эсвэл буруу тооцож олговол Зөрчлийн тухай хууль, бусад хууль тогтоомжоор зөрчилд тооцох учир ЗДТГ-ын дарга Б.Е- нь М-ийг ажлаас чөлөөлсөн шийдвэр гараагүй байхад цалин хөлс олгохгүй байх нь зөрчил болох юм.

9.4. М-т цалин олгох талаар ЗДТГ-ын дарга Б.Е- эрхийн акт гаргаагүй, харин цалин олгож байх талаар аймгийн Засаг дарга нь Б.Е-ад амаар чиглэл өгснийг Б.Е- Ц сумын Засаг даргын зөвлөлд танилцуулснаар ЗД-ын зөвлөл нь олгож байх шийдвэр гаргасныг шүүх хуралд оролцсон зарим хүн урьд мөрдөн байцаалтын шатанд өгч байсан мэдүүлгээс зөрүүд өөрчилснийг шүүх анхаараагүй.  

9.5. “Хогийн цэгийн менежментийг зохицуулах гэрээ”-г 2018, 2019 онуудад иргэн М.Ж-, Т.Е- нартай тус тус байгуулж, Ц сумын төвийн хогийн цэгт овоорсон хогийг түрж зайлуулах, бөөгнүүлэн овоолох, газар булах, өнгөлөн далдлалт хийх зэрэг гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэхэд зориулалтын машин механизм шаардлагатай байсан учир тус сумын хэмжээнд ганц байгаа Б.Е-ын эзэмшлийн Ковш маркийн машин механизмыг ашиглаж, техникийн тусламжтайгаар тухайн ажлыг гүйцэтгэсэн байна.Өөр орон нутаг, аймгийн төвөөс зориулалтын техник хэрэгсэл хөлслөн авах нь зардлын хувьд маш их өндөр өртөгтэй эрсдэлтэй болох нь тодорхой. Ингэж гарцаагүй нөхцөл байдлын улмаас Б.Е-ын эзэмшилд байгаа ажлын ковш, трактор буюу машин механизмыг ашиглаж, тухайн ажлыг гүйцэтгэсэн тул ашигласны хөлс, зардал төлүүлж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гарцаагүй байдалд хохирол учруулах үйлдэл учир гэмт хэрэгт тооцох боломжгүй гэж үзээд гомдол гаргаж байна.

9.6.Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д “Хувийн багаж хэрэгсэл, эд зүйл ашигласны төлбөр авахыг хуулиар зөвшөөрсөн учир Б.Е-ын хувьд ажлыг зайлшгүй шаардлагаар “Хогийн цэгийн менежментийг зохицуулах гэрээ”-ний хүрээнд өөртөө байгаа “Ковш” тракторыг ашиглуулсан зардал, хөлсийг хувьдаа авсан нь өөртөө давуу байдал бий болгосон, албан тушаалын бүрэн эрхийг урвуулан ашигласан үйлдэл гэж үзэх боломжгүй. 

9.7. Шүүгдэгч Б.Е-ын тус сумын “Хогийн цэгийн менежментийг зохицуулах гэрээ”-г 2018 онд иргэн М.Ж-тэй, 2019 онд иргэн Т.Е-тай тус тус байгуулсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.5-д заасан “Хамаарал бүхий этгээд" буюу хуульд заасан “эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч эсвэл бусад нэгдмэл сонирхолтой этгээд” биш байх тул мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан “Албан үүргээ гүйцэтгэхтэй холбоотой хориглолтыг зөрчсөн” гэж дүгнэх боломжгүй. “Хогийн цэгийн менежментийг зохицуулах гэрээ”-ний биелэлтийг сумын Засаг даргын захирамжаар томилогдсон комисс хүлээн авч чанартай хийгдсэн гэж дүгнэлт гаргасан байгаа. Мөн хог дээр ажилласан ковш, тракторын бензин шатахууны үнэ болон жолоочийн хөлсийг Б.Е- ковшийн хөлсөнд гарсан хөлсөөр төлсөн байсан. Энэ талаар нотлох баримт хавтаст хэрэгт хангалттай байгаа. Хог дээр ковш ажиллахгүй бол хог зайлуулах ажил хийгдэхгүй гэдгээ, мөн ямар нэгэн хохирол гараагүй гэдгийг шүүх анхаараагүй. Харин хохирол ковш элэгдсэнээр Б.Е-ад гарсан.

9.8. Ц сумын ЗДТГ-ын барилгын засварын тендер сонгон шалгаруулалт явуулах комиссыг холбогдох журмын дагуу байгуулж, тухайн комисс нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж, хараат бус байдлаар “Ажилчдын бүлэг”-ийг сонгон шалгаруулсан болох нь нотлох баримтаар тогтоогдсон.

9.9. Шүүгдэгч Б.Е- нь “Тендер сонгон шалгаруулалт” явуулахад ямар нэгэн байдлаар оролцсон болох нь нотлогдон тогтоогдоогүй.  Ц сумын ЗДТГ-ын барилгын засварын ажиллагаанаас болж ямар нэгэн хохирол, хор уршиг учраагүй тул гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй. 

9.10. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Е-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

 

10. Шүүгдэгч Б.Е-ын давж заалдах гомдлын агуулга: 

10.1. ... мөрдөгч болон прокуророос нэг талыг баримталж Б.Е- намайг яллаж, гэмт хэрэгтэн болгох зорилго агуулан шударга ёсыг гуйвуулан дүгнэсэн ч шүүх хуралдаанаас ялгаж салгаж чадаагүй.

10.2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, “Төрийн албаны тухай хуулийн 9.2-т заасныг харгалзаж үзэх шаардлагатай.

10.3. Х.М-т өвчтэй байхад нь цалинг олгосонд дараах нөхцөл байдлуудыг харгалзаж үзэх хэрэгтэй. Энэхүү үйлдлийг бид урьдаас санаачлан төлөвлөж санаатайгаар хийгээгүй. Х.М- нь тархиндаа цус харваад нийгмийн даатгалын санд хандаж өвчтэй байсан үед нь тахир дутуугийн тэтгэмж авах хүсэлт гаргаж байгаагүй ба гаргах боломжгүй байсан. Төрийн албаны тухай хуульд зааснаар Х.М- өвдчихлөө гэхэд түүний цалинг олгохгүй байх эсвэл бууруулах асуудал яригдахад түүнийг ажлаас нь халагдах эсвэл чөлөөлөгдөөгүй байхад ямар ч нөхцөлд түүний цалинг бууруулах буюу түр зогсоож болохгүй гэж хуульчилсныг мөрдөгч, прокурор, шүүгч нар анхаарч үзээгүй. Хөдөлмөрийн тухай хуульд энэхүү хуулиар зохицуулагдаагүй асуудлыг байгууллагын дотоод журмаар зохицуулна гэж заасныг бид мөрдөж дотоод журмаар зааж, зохицуулж Х.М-ийн цалинг олгосныг мөн мөрдөгч, прокурор, шүүгч нар анхаарч үзээгүй. Төрийн албаны тухай хуулийн 59.1.4-т төрийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байхад бие махбодод нь гэмтэл учруулсан буюу эрүүл мэндийг нь бусад хэлбэрээр хохироосноос хөдөлмөрийн чадвараа тур алдсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон бол түүний авч байсан цалин, тэтгэвэр, тэтгэмжийн зөрүүг хөдөлмөрийн чадвараа тур алдсан буюу тахир дутуугийн тэтгэвэр авч байсан нийт хугацаанд нөхөн олгож, хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх гэж заасан нь нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авч байсан ч гэсэн авч байсан цалингийн зөрүүг олгоно гэж хуульчилсан байна. Х.М- ухаангүй, хэлгүй, хөлгүй туслан дэмжиж харгалзах хүн нь хамт явж байснаас Нийгмийн даатгалын байгууллагад 2019 оны сүүл хүртэл хандаж чадаагүй учир хуулийн хүрээнд түүнд зөрүүгүй цалин олгож байсан нь хууль зөрчсөн үйлдэл болох үндэслэлгүй. Төрийн албан хаагчийн Үндсэн хуулиар зааж Төрийн албаны хуулиар давхар баталгаажуулж зааж өгсөн энэ хуулийн 1.1, 9.2, 59.1.4 дэх заалтуудыг үндэслэж Хөдөлмөрийн тухай хуулиар зааж өгсөн дотоод журмыг хэрэгжүүлж ажилласан бидний шийдвэр буруу биш гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ гэж эрүүгийн хуульд заасан.

10.4. Тэхлээр биднийг гэм буруутайд тооцоход хүргэж байгаа Х.М- засаг даргын тархинд цус харвасан үйлдэл бол ирээдүйд нийгэмд хохирол учруулж болохуйц нөхцөлтэй гэдгийг мэдэх боломжгүй, тохиолдлын зүйл байсан учир энэ бол гэм буруутай үйлдэл биш гэж үзэх ёстой. Бусдад гэм хоргүйгээр учруулсан хохирол гэхээр эцсийн хэрэглэгч М-т олгогдсон тэтгэлгийн мөнгийг буцааж Иргэний журмаар нөхөн төлүүлж төрийг хохиролгүй болгох боломжтой гэж үзэхээр байгааг шүүхээс анхаарч үзэхийг хүсэж байна.

10.5. Төрийн албаны тухай хуулийн 9.3-т хуульчилсны дагуу энэхүү асуудлыг төрийн аудит шалгасан нь хавтаст хэрэгт байгаа. Гэвч хууль зөрчсөн гэж акт тавиагүй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл биш гэж үзсэнтэй холбоотой бөгөөд ямар ч хохирол учраагүй гэдгийг нотолж байна.Тэхлээр гэм хоргүй бөгөөд хэрвээ хохирол гэж үзсэн ч гэм хоргүйгээр учирсан хохирол байна гэж үзэх үндэслэлтэй. М- өвчтэй хэвтэрт байсан үед тэтгэмж, цалинг яах эсэх асуудлыг би аймгийн засаг даргаас асуухад аймгийн засаг дарга асан А.Гылымхан нь “М- нь тахир дутуугийн группт гарах эсвэл бие нь сайжрах асуудал шийдвэрлэтэл цалинг хэвээр нь олгож байх чиглэл өгснийг би Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулснаар засаг даргын зөвлөлөөс М-ийн батлагдсан цалинг өгч байхаар шийдвэр гаргасан байсан бөгөөд би ганцаараа М-т цалин олгож байх талаар тушаал шийдвэр гаргаж байгаагүй. Шүүх үүнийг харж үзэж зөв дүгнэлт хийгээгүй.

10.6. Х.М-т олгож байсан цалин бол сумын ИТХ-аас баталж өгсөн зөвхөн засаг даргад өгөх ёстой цалин байсан. Энэхүү цалинг өөр хэн ч аваагүй бөгөөд Х.М-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлж оронд нь хүн томилоогүй хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоогүй байсан. Х.М-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал нь аймгийн засаг дарга эсвэл сумын ИТХ-аас шийдвэрлэх хуулийн зохицуулалттай асуудал байсан.

10.7. Х.М- өвчтэй байхад олгосон цалингаас болж Ц сумын ЗДТГ-ын нэг ч ажилтан албан хаагч цалин авалгүй хохирсон үйлдэл гараагүй. Иймд аймгийн төрийн сангийн хэлтсийн ажилтан Маргуланыг хохирогчийн төлөөлөл болгож хэргийн оролцогч болгосон нь хууль бус. Маргулан нь Ц суманд ирж ЗДТГ-ын 2018, 2109 онуудад цалингийн хүрэлцээ ямар байсныг үзэж, шалгаж байсан удаагүй. Сумын ЗДТГ гэдэг бол төсвөө сумын ИТХ-аар батлуулдаг бие даасан байгууллага. Өөрөөр хэлбэл 2018, 2019 онуудад Ц сумын ЗДТГ-ын цалингийн санд нэг ч төгрөгийн хохирол учраагүй бөгөөд үүнийг тухайн онуудад аудит хийсэн төрийн аудитын байгууллагын зөрчилгүй гэсэн дүгнэлтүүд мөн адил нотолж байгаа болно.

10.8.Төрийн албаны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д, 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3-т, 59 дүгээр зүйлийн 59.1.4-т, 59.1.7-д байгаа заалтуудыг Төрийн албан хаагчдад зориулж гаргасан бол мөрдөгч, прокурор, анхан шатны шүүх үүнийг яагаад харгалзаагүй юм вэ. Энэхүү үйлдлээрээ тэд Монгол Улсын Үндсэн хуулийн 14, 16, 17 дугаар заалтуудыг ноцтой зөрчсөн байна.

Иймд Эрүүгийн хуулийн “Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэснийг үндэслэж, холбогдох хууль, дүрэм, журмын дагуу М-т олгосон тэтгэлэг, тусалцааг ЗДТГ-ын дарга Б.Е- намайг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх нь үндэслэл бүхий хууль ёсны шийдвэр биш гэж үзэхээр байгаа учраас энэхүү гэм буруутай гэж тогтоосон шүүхийн тогтоолыг хүчингүйд тооцож шийдвэрлэж өгнө үү. 

10.9. Улсын яллагч нь шүүх хуралдаанд анх удаагаа намайг хогийн менежментээс нийт 9.355.800 төгрөгийг бэлнээр гаргуулан авсан гэж дүгнэлтээ хэлсэн. Энэ талаар миний бие мөрдөгч надад яллах дүгнэлт гардуулж өгөх үеэр л уншиж танилцсан. Үүний учир утгыг тайлж, үнэн мөнийг тогтоох талаар би 3 шатны прокурорт гомдол гаргахад нэгийг нь ч хүлээж аваагүй миний эрхийг зөрчсөн. Тэрээр намайг гэмт хэрэг хийсэн гэж үзэж байгаа бол мөрдөх ажиллагааны үеэр нийт 9.355.800 төгрөгийг авсан эсэх, яагаад авсан, авсан бол хаана авсан, хэн өгсөн, авсан чинь үнэн үү, яагаад авсан гэх мэт мөрдөн шалгах ажиллагааг хийж, тэр нь хууль зөрчиж байна уу, үгүй юу гэж тогтоох байтал шүүхийн өмнө намайг айлган сүрдүүлсэн мэт аашилж ял тулгах үйлдлийг хийсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

10.10. Прокурор, мөрдөгч нарт хэргийн бодит байдлыг тогтоохыг хуулиар үүрэг болгосон. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан баримтат мэдээллийг цуглуулахдаа Монгол хэл мэддэггүй хүнээс мэдүүлэг авч, тэднийг олон хүнтэй хамт байлгаж байгаад мэдүүлэг авч, урьд өмнө хуулийн байгууллагад мэдүүлэг өгч үзээгүй, айж сандарсан нөхцөл байдалтай үед байцаан мэдүүлэг авч, нэг хүнээс авсан мэдүүлгийг тэр чигээр нь хуулбарлан авч нөгөө мэдүүлэг өгч байгаа хүний хариултад нь хариулт болгож тавьж хариуцлагагүйгээр хандаж, мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлэх ажиллагааг ноцтой зөрчиж нотлох баримт бүрдүүлсэн нь шүүх хуралдааны үеэр гэрчүүдийн өгсөн мэдүүлгээр ил болсон. Анхан шатны шүүх хуралдаанаас үүнд зөв дүгнэлт гаргаж чадаагүй.

10.11. 2018, 2019, 2020 онуудад хогийн цэгийн менежментийг зохицуулах ажлын гэрээ нь хууль журмын дагуу хийгдэж, гарын үсэг зурагдаж, тухай бүр хийгдсэн ажлуудад ковш трактор ажилласан цагийг бүртгэж тодорхойлж байсан баримтууд, 3 жил дараалан уг ажлыг хийж дуусгаад ажлын хэсэг байгуулж хүлээж авсан ажлын комиссын акт зэрэг бүх баримт хавтаст хэрэгт бүрэн байгаа.

10.12. 2018, 2019, 2020 онуудад Хогийн цэгийн менежментийг зохицуулах ажлыг хийж гүйцэтгэхэд нийт 97 удаа төрийн албан хаагчид гарын үсэг зурж ажил хийлгүүлж, уг ажлыг хүлээж авсан байна. Тэхлээр тэд бүгд надтай хуйвалдаж хийгээгүй ажлыг хийсэн болгож төрийн ажлыг хуурамчаар хийсэн гэж дүгнэх боломжгүй зүйл юм. Асуудлын үнэн мөнийг тогтоохын тулд энэхүү ажилд хамаарагдаж гарын үсэг зурсан бүх оролцогчийг шалгаж, нэг ч хүнээс мэдүүлэг аваагүй байж яллах дүгнэлт үйлдсэн нь хууль бус байна. Эдгээр асуудалд мөрдөгчөөс нэг ч анхаарал хандуулалгүй мөрдөх ажиллагааг дутуу хийж хууль зөрчсөн үйлдэл хийснийг прокуророос харгалзаж үзэлгүй улмаар төрийн албан хаагч намайг хэлмэгдүүлж байгаа.

10.13. Хохирогч гэж байгаа аймгийн төрийн сангийн мэргэжилтэн Маргулан нь энэхүү хогийн цэг Ц сумын аль зүгт байгааг мэдэхгүй төдийгүй энэ асуудлаар Ц суманд очиж байгаагүй. Иймээс ямар ч бодит байдалд нийцүүлэлгүй хуулийн үндэслэлгүй хохирогч тогтоосон нь буруу байна.

10.14. Хогийн менежментийг зохицуулах ажлыг заавал техник хэрэгслээр, трактороор түрж, ачиж цэвэрлэхгүй бол гараар хийнэ гэсэн ойлголт байхгүй. Энэхүү ажилд миний ковшийг гуйсаар байгаад ажиллуулсныг Б.Е- өөртөө давуу байдал бий болгосон гэдгийг зөвшөөрөхгүй. Энэ нийгэмд төр нь иргэдээ, иргэд нь төрөө хардаж, сэрдэж байвал улс орон маань яаж хөгжих юм. Нийгмийн ийм зарим нэг асуудлыг ялгаж салгах хэрэгтэй байна.

10.15. Суманд өөр ковш байхгүй болохоор хаяа нэг тохиолддог гамшгийн төрлийн ажил болон яаралтай хог цэвэрлэх ажлуудад миний ковшийг гуйж сумын удирдлагууд ажиллуулдаг байсан. Ингэж ажиллуулахдаа сумын зарим санхүү төсөв хагас жилээс хойш санхүүжиж ирдэг тул зөвхөн түлш хийж өгч зээлээр ажиллуулдаг байлаа. Хогийн менежмент зохицуулах ажилд хэрэглэсэн ковшийн шатахууны үнэ болон жолоочийн хөлсийг ковшийн хөлсөөр авсан мөнгөөр төлсөн. Хэрэв жолоочийн хөлс төлөхгүй, ковшид шатахуун хийхгүй бол энэ ажил хийгдэхгүй гэдэг нь тодорхой. Үүнд шүүх хуралдаанаас зөв дүгнэлт хийгээгүй. Ямар ч хохирол гараагүй гэдгийг шүүх ойлгож үзээгүйд гомдолтой.

10.16. Сумын нэн шаардлагатай ажлуудад хэрэгтэй үед иргэн миний ковшийг дайчлан ажиллуулдаг атлаа сумын иргэдийн ариун цэврийг сахин хамгаалах нэн шаардлагатай ажил болох хогийн отвалыг цэвэрлэх, янзлах ажилд миний ковшийг хөлсөөр ажиллуулахад түүнийг өөртөө давуу байдал олгосон гэж гомдол гаргаж байгаа иргэдийн үгийг зөвшөөрөхгүй. Бид тухайн хогийн отвалыг цэвэрлэж янзлуулж байхад тэдний хэн нь ирж надад ковш байна, би энэ ажлыг хийе гэж өргөдөл, хүсэлт гаргасан бэ. Хэрэв бид өөрсдөө ковш олж санаачилж хогийн отвалыг янзалъя гэвэл бид ажиллуулах боломжтой байсан.

10.17.Төрийн албаны тухай хуулийн 38.1.7-д төрийн жинхэнэ албан хаагч “хууль тогтоомжоор хориглоогүй, албан тушаалын ашиг сонирхолд харшлахгүй арга хэлбэрээр хувийн аж ахуй эрхлэх, аж ахуйн нэгжийнхээ үйл ажиллагааг өөрийн итгэмжлэгдсэн хүнээр хөтлүүлэх зэргээр орлого олох” эрхтэй гэж заасан байдаг тул энэхүү суманд нэн шаардлагатай ажлуудад миний ковш тракторыг хөлсөлж ажиллуулсан нь ямар ч хууль зөрчсөн үйлдэл болохгүй гэж үзэж байна. Нөгөөтээгүүр төрийн албан хаагчдын эзэмшилд байгаа техник хэрэгсэл, механизмыг ямар нэг ажилд иргэд хөлсөлж авч болохгүй гэж хориглосон хууль байхгүй бөгөөд Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гэж заасан....хуулийн 3 дугаар заалтад ...иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй ...Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө мөн хуулийн 4-т.... ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй гэж зааснаас харахад миний хувийн ковш тракторыг итгэмжлэгдсэн хүнээр бариулж байсныг хогийн отвалыг гэрээгээр ажиллуулахаар авсан хүн хөлсөөр ажиллуулсныг төрийн албан хаагч Б.Е- өөртөө давуу байдал бий болголоо гэж үзэж байгааг хэрхэвч зөвшөөрөхгүй бөгөөд энэ бол үндсэн хууль зөрчиж буй хэрэг гэж үзнэ.

10.18. Иргэн Ж- нь сумын ЗДТГ-тай гэрээ хийж хогийн отвалыг цэвэрлэх, янзлах ажлыг тухай бүр хийж хогийг цэвэрлэж ажиллан иргэдэд зохих ёсоор хөлсийг олгож сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр дугаар А/163 тоот ажил хүлээж авах комисс байгуулсан захирамжаар дээрх ажлыг чанартай сайн гүйцэтгэсэн гэж хүлээж авч 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дүгнэлт гаргасан байна. Энэхүү ажлыг дээрх хэсгийн дүгнэлтээр улсын комисс хүлээж авсан байхад иргэн Б.Е- улсад 5,0 сая төгрөгийн хохирол учруулсан гэж прокуророос үзэж гүтгэж байгааг Монгол Улсын Үндсэн хууль холбогдох бүх хуулийг зөрчиж дүгнэлт гаргаж байгаа үйлдэл гэж хүлээн зөвшөөрөхгүй болно. 2019 онд хогийн отвалыг иргэн М.Е- сумын Засаг даргатай гэрээ байгуулж 5,1 сая төгрөгөөр мөн дээрх хогийн отвалыг тухай бүр ковш трактор хөлсөлж цэвэрлүүлж ажиллаж байсан. Иргэн М.Е- тухайн үед ковшийн жолооч Х.С-ыг хөлсөлж жолооч Н.Д-т 43 удаа хог ачуулах зэрэг ажлуудыг хийж ажлын тайланг нэг бүрчлэн гаргаж, 15 хуудас бүхий материалаар ажил хийсэн тайлан материалуудаа бүрдүүлж 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/163 тоот сумын Засаг даргын ажлын хэсэг дээрх ажлыг шаардлагын дагуу хийгдсэн гэж дүгнэлт гаргуулж ажилласныг төрийн жинхэнэ албан хаагч Б.Е- улсад 5,1 сая төгрөгийн хохирол учруулж өөртөө давуу байдал бий болгосон гэж прокуророос үзэж байгааг хэрхэвч зөвшөөрөхгүй. 2020 онд мөн иргэн М.Е- сумын ЗДТГ-тай гэрээ байгуулж хийсэн ажлын тайланг нэг бүрчлэн гаргаж, 27 хуудас бүхий материалаар ажил хийсэн тайлан материалуудаа бүрдүүлж, мөн ковшийн жолооч Х.С-той тохирч удаа дараа цэвэрлэгээний ажил хийснийг БОХ-ын Улсын байцаагч Д.Талгатбек, И.Хуантай нар болон бусад холбогдох хүмүүсээр шалгуулж сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/188 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг энэхүү ажил зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан гэж үзээд дүгнэж хүлээж авсныг төрийн албан хаагч Б.Е- улсад 5.0 сая төгрөгийн хохирол учруулж өөртөө давуу байдал бий болгосон гэж прокуророос дүгнэснийг хэрхэвч зөвшөөрөхгүй.

10.19.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжид заасан хориглолт, хязгаарлалтад зааснаар гэрээгээр ажиллаж буй өөр иргэн нийгмийн зайлшгүй шаардлагын үүднээс миний тракторыг түрээсээр ажиллуулсан нь хууль зөрчсөн үйлдэл биш.Энэхүү заалтыг улсын яллагч болон анхан шатны шүүхээс буруу үнэлсэн байна. Өөрөөр хэлбэл энэхүү хуулийн хориглолт, хязгаарлалтад хамаарагдаагүй иргэнд төрийн албан хаагчийн аль нэг талаар хамтарсан тохиолдлыг хориглосон, хууль зөрчсөн гэж үзнэ гэж заагаагүй байна. Энэ хуулийн 22.1-д Албан тушаалтан өөрийн албан үүргийн дагуу авах цалин хөлснөөс гадна энэ хууль, бусад хуулиар хориглоогүй бусад ажил, алба, гэрээний урамшуулал, мөн хуулиар хориглоогүй аж ахуйн үйл ажиллагааны орлого олж болно гэж заасан нь дээрх нөхцөл байдлыг хууль зүйн талаас хүлээн зөвшөөрснийг харуулж байна. Миний тракторыг дээрх иргэд хөлсөөр ажиллуулсан явдал бол төр байгууллагын хууль ёсны эрх ашгийг хамгаалахын тулд нийгэмд ашигтай зорилгын үүднээс хийсэн үйлдэл тул энэ нь гэмт хэрэг болохгүй юм. Иймд 2018, 2019, 2020 онуудад тус суманд хийгдсэн хогийн менежментийг зохицуулах ажилтай холбоотой надад тулгаж буй яллах дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

10.20. Б.Е- намайг 2018, 2019 онуудад Ц ЗДТГ-ын конторуудын дээд, доод давхруудыг засварлах ажлын гүйцэтгэх тухай гэрээг “Ажилчин” бүлгийн ахлагч Х.А-тэй байгуулсан мэтээр өөрөө үйлдэж барилгын ажлын засварын материалыг худалдан авч нийлүүлэх байдлаар өөртөө давуу байдал бий болгож гэмт хэргийг зохион байгуулж үйлдсэн болон Х.М- нь Б.Е-тай үйлдлээрээ санаатай нэгдэж Б.Е-ын тендер сонгон шалгаруулалтад оролцохоор бусдын нэрээр бүрдүүлж өгсөн” Ажилчин бүлгийн” материалыг хүлээн авсан атлаа үнэлгээний хорооны гишүүдээр хэлэлцүүлж сонгон шалгаруулалт явуулахгүйгээр “Ажилчин бүлэг”-ийг шалгаруулан гэрээ байгуулах зөвшөөрлийг олгож бусдад давуу байдал бий болгосон нь нотлох баримтуудаар эргэлзээгүй тогтоогдсон учир гэм буруутай байна гэдгийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Энэхүү ажлууд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зохих заалтуудыг үндэслэж хууль журмын хүрээнд хийгдсэн ажил юм. Энэ хуулийн 46.1.1-д заасны дагуу үнэлгээний хороог байгуулж сонгон шалгаруулалт явуулах зарлал өгөхөд нэг ч компани оролцож хийх хүсэлт ирүүлээгүй байсан. Сүүлдээ олон нийтийн оролцооны аргаар хийхээр болж дахиж зарлахад мөн хэн ч оролцоогүйн улмаас ЗДТГ-ын зарим ажилчид нэгдэж “Ажилчин “гэх бүлгийг байгуулж ажил гүйцэтгэх санал тавихад үнэлгээний хорооноос та нар төрийн албан хаагч учраас болохгүй гэснээр уг “Ажилчин” бүлэгт засвар хийх болсон иргэн Х.А-ийг оролцуулж ажил хийгдсэн байдаг.

10.21. Үнэлгээний хороонд төрийн албан хаагч нар ажилладаг. Тэдгээр иргэдийн үнэлгээний хороонд ажиллах үеэр нэг нь байсан, нөгөөдөх нь сүүлд орж ирсэн гэх мэт асуудал яригддаг. Тэр бол үнэлгээний хорооны гишүүдийн дотоод асуудал. Төрийн албан хаагчийн хувьд хийх ёстой ажлаа хийх л ёстой. Гэтэл Б.Е- намайг “Ажилчин” бүлгийн материалыг өөрөө бүрдүүлж оруулж ирж үнэлгээний хороонд нөлөөлж бусдад давуу байдал бий болгосон тухай мэдүүлэг өгсөн нотлох баримт хаана байна. Гаргаад надад үзүүлж чи ингэж хууль зөрчсөн байна гэж хэрэг хүлээлгэх ёстой биз дээ.

10.22. Үнэн худал нь мэдэгдэхгүй ямар ч нотолгоо, баримт байхгүй бичиг цаас гаргаж ирээд энгийн төрийн албан хаагчдад яагаад ял тулгаж байгаа юм. Энэ хуулийн байгууллага юу болж байна. Ямар нэг өш хонзон өвөртөлсөн иргэдийн гар хөл болж ял тулгадаг байгууллага болсон юм уу гэж эргэлзээ төрүүлэхэд хүргэж байна. Мөрдөгчийн энэхүү тендер сонгон шалгаруулалтын талаар авсан мэдүүлгүүдэд Б.Е- нөлөөлсөн гэж нэг ч үг өгүүлбэр байхгүй. Зүгээр нэг таамгаар нөлөөлсөн гэж болохгүй бөгөөд энэхүү үйлдлээрээ мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлэх ажиллагааг ноцтой зөрчиж байна. Харин анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэхдээ “мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх засварын мөнгөнөөс шүүгдэгч Б.Е-, Х.М- нар чухам хэдэн төгрөгийг гэрч Х.А-ээс бэлнээр гаргуулан авсан эсэх, улмаар хямд үнэтэй, эсвэл чанар муутай барилгын материалыг ЗДТГ-ын дээд, доод давхрын байрны засварын ажилд зориулж нийлүүлсэн эсэх нь, гэмт хэрэг үйлдэж хэдэн төгрөгийн орлого олсон эсэх нь тус тус нотлох баримтуудын хүрээнд тогтоогдоогүй байна гэсэн нь үнэн зөв дүгнэлт болжээ.

10.23. Засварлуулсан дээд, доод давхруудад хийсэн засварын ажлыг шинжээч “Ашид билгүүн” ХХК үнэлгээ хийж ( 12 хавтасны 9-17 тал) дүгнэлт хийхдээ бүх хийх ажлуудаа хийх ёстой хэмжээнээсээ илүү хийсэн байна гэж дүгнэсэн байна. Ийнхүү ЗДТГ-т их засвар хийснээр сүүлийн жилүүдэд тэнд үйл ажиллагаа явуулдаг 33 төрийн албан хаагч аятай тухтай дулаан газарт сэтгэл санаа өөдрөг сайн ажиллаж байгаа бөгөөд энэ засварын талаар нэг ч удаа гомдол хийгээгүй болно. Үүнээс үзэхэд би эрүүгийн хариуцлага хүлээх биш төрд сайн ажил хийснээр зохих хэмжээнд шагнал, урамшуулал авах хүн гэж үзэж байгааг энэ дашрамд дурдах нь зүйтэй гэж бодож байна.

10.24. ЗДТГ-ын дарга Б.Е- би энэхүү конторын барилгыг анх 2000 онд засаг дарга байхдаа Ц сумын ЗДТГ орон байргүй байхад нь иргэдээс санаачилга гаргаж, маш их идэвх зүтгэл гаргаж гуйж байж хоёрхон сая төгрөгөөр худалдаж авч өгч Төрийн байгууллагыг орон байртай болгож эх оронч үзэл гаргаж ажиллаж байв.

10.25. Одоо энэхүү байр нь 4 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх байх. Би хэзээ ямагт төр ард түмний төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж ирсэн ахмад төрийн албан хаагч бөгөөд дээрх иргэдийн хардаж, атаархаж, миний төр ард түмний төлөө хийж буй олон ажлуудыг үзэн ядаж буй улс төржсөн явцуу үзэл бодолтой иргэдийн үзэл бодол болохыг эрхэм шударга шүүгч нар үнэн сэтгэлээсээ тунгаан бодож болгооно уу. Дээрх 3 хэрэг гэж буй хэрэгт улсад нэг ч төгрөгийн хохирол учраагүй бөгөөд миний бие нэг ч төгрөгийг хувьдаа ашиглаж завшаагүй нь хавтаст хэрэгт бүрэн байгаа. Дээрх гэмт хэрэг гэж буй үйлдлүүдийн нэгийг ч миний бие санаачлан, хууль бус үйлдэл хийгээгүй. Зөвхөн төр ард түмний төлөө идэвхтэй ажиллаж, болж бүтэхгүй ажлуудыг хурдан шуурхай, зоримог зохион байгуулж хийх ёстой хэмжээнээс илүү хийлгүүлж, зовж зүдэрч хүнд байдалд орсонд нь хуулийн хүрээнд тусалсан хэрэг билээ. Энэхүү хэрэг нь намайг атаархаж үгүй хийх, энэхүү албан тушаалаас зайлуулах үүднээс ямар дутагдал олох вэ гэж хийж буй зарим иргэдийн үйлдэл тул бодит байдлыг тунгаан судалж энэхүү хэргийг эрхэм шүүгч та бүхэн бүхэлдээ хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. 

 

11. Шүүгдэгч Х.М-, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах гомдлын агуулга: 

11.1. Шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасан бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлага болох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тухайн сумын Засаг дарга, түүний ажлын алба болох Засаг даргын тамгын газрын аливаа үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжид нийцсэн байхыг хуульчилсан байна.

11.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж заасан байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн хорин хоёрдугаар бүлэгт заасан гэмт хэргийн субъектийг “нийтийн албан тушаалтан” гэж тодорхойлсон бөгөөд А-гын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлийн /а/-д “Нийтийн албан тушаалтан” гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдсон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ”. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2 дахь заалтад тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд шүүгдэгч Б.Е- нь Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын тамгын газрын даргын хувьд, Х.М- нь тус сумын Засаг даргын тамгын газрын Мал эмнэлгийн тасгийн даргын хувьд тус тус хамаарна.

11.3 Шүүгдэгч Х.М- нь тухайн цаг хугацаанд Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын тамгын газрын Мал эмнэлгийн тасгийн даргаар ажиллаж байсан байх ба тус сумын Засаг даргын тамгын газрын даргын гаргасан шийдвэрийн дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар тендер шалгаруулалтыг зохион байгуулах зорилгоор захиалагчийн байгуулсан ажлын хэсэг болох “Үнэлгээний хорооны дарга”-аар томилогдож ажилласныг нийтийн албан тушаалтанд хамааралгүй гэж үзэх үндэслэлгүй.” гэж эрх зүйн дүгнэлт хийсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

11.4. Шүүх Х.М-ийг “Нийтийн албан тушаалтан” гэж үзэж байгаагаа эрх зүйн үүднээс тайлбарлаж, үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй. “Мөн шүүгдэгч Х.М- нь тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Е-ын 2019 оны 8 дугаар сарын 30-ын өдрийн А/13 дугаартай тушаалаар “Сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” үнэлгээний хорооны даргаар томилогдон ажиллахдаа төрсөн хүү М.Н- нь уг тендерт оролцохоор материал ирүүлсэн тул ашиг сонирхлын зөрчил үүссэн тухайгаа мэдэгдсэн, уг тендер сонгон шалгаруулалтын ажиллагаанд оролцоогүй гэж мэдүүлсэн нь Үнэлгээний хорооны 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Е-ад “Малчин” бүлэгтэй 18.0 сая төгрөгөөр гэрээ байгуулахыг зөвшөөрсөн зөвшөөрөл, гэрч К.Н-, Э.Лаура, Ш.М, М.Б, Х.А-ын нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгээр няцаагдаж байна.” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

11.5. “Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч Б.Е-, Х.М- нарын шунахайн сэдэлт, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох гэм буруугийн шууд санаа зорилго нөлөөлсөн гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хянан үзэж бодит байдалд нийцсэн шударга шийдвэр гаргаж өгнө үү.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

12. Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч Б.Е-, түүний өмгөөлөгч Т.Байгонак, Д.Айбек, Х.Зулхаш, шүүгдэгч Х.М-, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 3 дахь заалт, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолд энэ үндэслэлээр өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн зарим заалтыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, шүүгдэгч болон өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

13. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

 

14. Анхан шатны шүүх  шүүгдэгч Ш.А-, С.Б- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж, шүүгдэгч Б.Е-, Х.М- нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Е-ын нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж 18.000  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 18.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Х.М-ийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 8.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, шүүгдэгч Б.Е-, Х.М- нараас гэмт хэргийн хохирол 40.000.000 төгрөг, шүүгдэгч Х.М-ээс гэмт хэргийн хохирол 18.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийн хэсгийг нотлох баримтгүй тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

 

15. Цагаатгагдсан этгээд С.Б-, Ш.А- нарын холбогдсон хэргийн талаар:

15.1. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын орлогч С.Б-, тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Е-, ахлах нягтлан бодогч Ш.А- нар нь бүлэглэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус сумын Засаг даргаар ажиллаж байсан Х.М-ийг 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал тархины цус харвалт өвчний учир үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй, ажиллаагүй байхад түүнийг ажилласан мэтээр цагийн бүртгэлийг хөтлүүлж, 2018 оны 11, 12 сард нийт 2.329.600 төгрөгийн цалин олгосон, мөн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тус сумын Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурлыг хийж, Засаг дарга Х.М-ийг эдгэртэл нь цалинг хэвээр олгох шийдвэр гаргаж, 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал нийт 17.098.368 төгрөгийн цалинг тус тус олгож, түүнд давуу байдал бий болгож, Ц сумын Засаг даргын Тамгын газрын цалингийн санд нийт 19.427.968 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргээс шүүгдэгч Ш.А-, С.Б- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

15.2. Хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-ны  мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 131-135 дахь тал/, гэрч К.Ө-ийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 36 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 0329474 дугаартай иргэн Х.М-ийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /1 дэх хавтаст хэргийн 94-96 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын төрийн албан хаагч нарын 2018 оны 11, 12 дугаар сар, 2019 оны 01-12 дугаар сарын цагийн бүртгэлийн тодорхойлолт, цалин олгосон талаарх санхүүгийн баримтын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 135-161 дэх тал/, Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг дарга ажилтай Х.М-ийн Хаан банк дахь ***** дугаартай дансанд сар бүр цалинг шилжүүлж байсан дансны дэлгэрэнгүй хуулга /5 дахь хавтаст хэргийн 51-55 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргаар ажиллаж байсан Х.М- нь 2018 оны 11 дүгээр сараас эхлэн тархины цус харвалт өвчний улмаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болж, албаны үүргээ гүйцэтгээгүй байхад Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газраас 2018 оны 11, 12 дугаар сард, 2019 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал хугацаанд нийт 19.427.968 төгрөгийн цалин олгосон үйл баримт тогтоогджээ.

15.3.  Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Төсвийн байгууллага нь түүний үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцах үүрэг бүхий төсвийн шууд захирагчтай байна.”, 16.4-т “Дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна:” 16.4.15. “аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргын Тамгын газрын төсвийн;”, 16.5-т “Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 16.5.1.”төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах;” гэж  тус тус хуульчилснаас үзэхэд шүүгдэгч Б.Е- нь Ц сумын Засаг даргын Тамгын газрын төсвийн шууд захирагч байна.

Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын дарга шүүгдэгч Б.Е- нь төсвийн шууд захирагчийн хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу Тамгын газрын бичиг хэргийг хөтөлж, төрийн албан хаагч нарын ажлын цагийн бүртгэлийг үнэн зөв, бодит байдлаар нь бүртгэж, баталгаажуулсны эцэст тухайн албан хаагчийн цалинг олгох, эсхүл хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг тооцож олгосны үндсэн дээр төсвийн байгууллагын үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцах үүрэгтэй. Шүүгдэгч Б.Е- нь Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллахдаа хуулиа мөрдөж ажиллаагүй, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Засаг даргын зөвлөлийн хурлаар шийдвэрлэсэн гэж Ц сумын Засаг даргаар ажиллаж байсан Х.М-т давуу байдал бий болгож, 2018 оны 11, 12 сард нийт 2.329.600 төгрөгийн,  2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал нийт 17.098.368 төгрөгийн, нийт 19.427.968 төгрөгийн  цалин олгож байсанд цагаатгагдсан этгээд Ш.А-, С.Б- нарыг шүүгдэгч Б.Е-тай бүлэглэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, түүнд давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

15.4. Шүүгдэгч Ш.А-, С.Б-, Б.Е- нарыг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурал хийж, тус сумын Засаг дарга Х.М-ийг эдгэртэл нь цалинг хэвээр олгох шийдвэр гаргаж, 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал нийт 17.098.368 төгрөгийн цалинг тус тус олгож, бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэлгүй. Учир нь шүүгдэгч Б.Е- нь цалин олгох эсэх асуудлыг Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар шийдвэрлэсэн гэж тайлбарлах боловч  Засаг даргын дэргэдэх зөвлөлийн бүрэн эрх, чиг үүрэг нь тодорхойгүй, зөвлөлийн хурал болсон, болоогүй нь энэ хэрэгт ач холбогдолгүй юм. Ажилтанд цалин олгох төсвийн шууд захирагчийн чиг үүрэг, бүрэн эрхийг холбогдох хуулиудаар зохицуулсан, Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар шийдвэрлэх асуудал биш бөгөөд Төсвийн тухай хуулиар Ц сумын Засаг даргын тамгын газрын төсвийн шууд захирагч шүүгдэгч Б.Е- байх ба С.Б- нь тухайн үед Ц сумын Засаг даргын орлогч, Ш.А- нь Ц сумын Засаг даргын Тамгын газрын ахлах нягтлан бодогч ажилтай байсан, тэрээр төсвийн шууд захирагч биш бөгөөд төсөв захирах эрхгүй байна.  

Иймд шүүгдэгч С.Б-, Ш.А- нар нь  шүүгдэгч Б.Е-тай бүлэглэж Ц сумын Засаг даргаар ажиллаж байсан Х.М-ийг 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд тархины цус харвалт өвчний учир үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй, ажиллаагүй байхад түүнийг ажилласан мэтээр цагийн бүртгэлийг хөтлүүлж, 2018 оны 11, 12 сард нийт 2.329.600 төгрөгийн, 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал 17.098.368 төгрөгийн цалинг тус тус олгож, түүнд давуу байдал бий болгосон үйлдэл тогтоогдоогүй байна. Энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй.

15.5. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 6.13 дахь мөрөнд шүүх С.Б-, Ш.А- нарын гэм буруугүй талаар дүгнэлт хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг үндэслэл болгосон нь хууль хэрэглээний хувьд алдаатай болжээ. Учир нь цагаатгагдсан этгээд С.Б- болон Ш.А- нарын хувьд хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай” эсэх талаар болон “хуулийг тайлбарлах, хэрэглэх талаар” тус тус эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд С.Б-, Ш.А- нарын холбогдсон хэрэг учралын үйл баримт хангалттай, эргэлзээгүй тогтоогдсон, тэдгээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх нь нотлогдон тогтоогдоогүй, мөн тэдгээрт холбогдуулан Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэхэд эргэлзээ гараагүй тул анхан шатны шүүхийн тухайн зүйл, хэсгийг үндэслэл болгосон байдал нь хууль ёсны зарчимд нийцээгүйг давж заалдах шатны шүүхийн магадлалд тэмдэглэж байна.

 

16. Шүүгдэгч Б.Е-ын холбогдсон хэргийн талаар:

16.1. Шүүгдэгч Б.Е- нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус сумын Засаг даргаар ажиллаж байсан Х.М-ийг 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал тархины цус харвалт өвчний улмаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй, ажиллаагүй байхад түүнийг ажилласан мэтээр цагийн бүртгэлийг хөтлүүлж, 2018 оны 11, 12 сард нийт 2.329.600 төгрөгийн цалин олгосон, мөн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тус сумын Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурлыг хийж, Засаг дарга Х.М-ийг эдгэртэл нь цалинг хэвээр олгох шийдвэр гаргаж, 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал нийт 17.098.368 төгрөгийн цалинг тус тус олгож, Төсвийн тухай хуулийг илэрхий зөрчиж бусдад давуу байдал бий болгож, Ц сумын Засаг даргын Тамгын газрын цалингийн санд нийт 19.427.968 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

16.2. шүүгдэгч Б.Е- нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2018 онд баталсан 5.600.000 төгрөг, 2019 онд баталсан 5.171.300 төгрөг, 2020 онд 5.000.000 төгрөгөөр батлагдсан Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын дараалалд тусгагдсан нийт 15.771.300 төгрөгийн үнийн дүнтэй “Хогийн цэгийн менежментийг зохицуулах ажлын гэрээ”-г иргэн М.Ж-тэй 2018 онд, иргэн М.Е- 2019, 2020 онд тус тус байгуулсан мэтээр өөрөө үйлдэж, Ц сумын Засаг даргын Тамгын газраас иргэн М.Ж-, М.Е- нарын дансанд шилжүүлсэн 13.110.800 төгрөгөөс 9.355.800 төгрөгийг бэлнээр гаргуулан авч, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт,  

16.3. шүүгдэгч Б.Е- нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2018 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлсэн тус сумын Засаг даргын Тамгын газрын байрны 2 дугаар давхрын засварын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тухай үнэлгээний хороог 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/11 дугаартай тушаалаар байгуулж, 2019 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлсэн тус сумын Засаг даргын Тамгын газрын байрны 1 дүгээр давхрын засварын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тухай үнэлгээний хороог 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн А/09 дугаартай тушаалаар байгуулж, уг ажлын захиалагчийг төлөөлсөн атлаа тендерт оролцсон гэх “Ажилчин бүлэг”-ийн материалыг өөрөө бүрдүүлж тендер сонгон шалгаруулах үнэлгээний хороонд өгсөн, үнэлгээний хороонд нөлөөлж хуралдаан хийлгэхгүйгээр “Ажилчин бүлэг”-ийн материалыг шалгаруулж, 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр, 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр “Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын конторуудыг засварлах ажлыг гүйцэтгэх” тухай гэрээг “Ажилчин бүлэг”-ийн ахлагч Х.А-тэй байгуулсан мэтээр үйлдэж, барилгын ажлын засварын материалыг өөрөө худалдан авч Засаг даргын Тамгын газарт нийлүүлэх байдлаар, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг нь тус тус хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

17. Шүүгдэгч Х.М-ийн холбогдсон хэргийн талаар:

17.1. Шүүгдэгч Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн дарга Х.М- нь Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Е-ын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2018, 2019 онд Ц сумын Засаг даргын Тамгын газрын 1, 2 дугаар давхрыг засварын ажилтай холбоотой үйлдсэн дээрх   хэрэгт албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа Б.Е-тай үйлдлээрээ санаатай нэгдэж, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Е-ын тендер сонгон шалгаруулалтад оролцохоор бусдын нэрээр бүрдүүлж өгсөн “Ажилчин бүлэг”-ийн материалыг хүлээн авсан атлаа үнэлгээний хорооны гишүүдээр хэлэлцүүлж сонгон шалгаруулалт явуулахгүйгээр “Ажилчин бүлэг”-ийн материалыг шалгаруулан гэрээ байгуулах зөвшөөрлийг 2018, 2019 онд тус тус олгож, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг,

17.2. Шүүгдэгч Х.М- нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Е-ын 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/13 дугаартай тушаалаар “Сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” үнэлгээний хорооны даргаар томилогдон ажиллахдаа, үнэлгээний хороог хуралдуулж, тендер сонгон шалгаруулалт явуулахгүйгээр өөрийн хүү М.Н-ийн “Малчин бүлэг”-ийг сонгон шалгаруулсан мэтээр баримт бүрдүүлж, “Малчин бүлэг”-тэй гэрээ байгуулах зөвшөөрлийг 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр тус сумын Засаг даргад хүргүүлж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг нь тус тус хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 18. Шүүгдэгч Б.Е-, Х.М- нарт холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэт авч хэрэгжүүлсэн ба тухайлбал, шийтгэх тогтоолд дурдсан гэрч Т.А, К.Н-, Д.А, М.Е-, З.Б, Х.Б, М.Ж-, Х.А-, Ж.Е, Х.Ж, М.Б,Т.Д, Х.А, Ш.М, Э.Л нарын мэдүүлэг,

- Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/56 дугаартай “Ц сумын Засаг даргын албан тушаалын үүргийг хавсран гүйцэтгэж буй сумын Засаг даргын орлогч С.Б-эд албан тушаалыг нь хавсран гүйцэтгэсний үндсэн цалингийн 40 хувийн нэмэгдэл хөлс олгох тухай” захирамж /4 дэх хавтаст хэргийн 161 дүгээр тал/,

- Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 1/364 дугаартай “Х.М- нь нийгмийн халамжийн сангаас 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэл асаргааны тэтгэмж авч байгаа ба өөр ямар нэгэн тэтгэвэр, тэтгэмж аваагүй болно” гэх албан бичиг, байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 89-90 дахь тал/,

- Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 0329474 дугаартай иргэн Хинаятын М-ийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /1 дэх хавтаст хэргийн 94-96 дахь тал/,

- Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын ажилчдын цагийн бүртгэлийн тодорхойлолт, тус сумын Засаг дарга Х.М-ийг 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласнаар цагийг бүртгэж, цалин олгосон талаарх баримтын хуулбарууд /1 дэх хавтаст хэргийн 135-161 дэх тал/,

- Х.М-ийн Хаан банк дахь ***** дугаартай дансанд сар бүр цалинг шилжүүлж байсан депозит дансны дэлгэрэнгүй хуулга /5 дахь хавтаст хэргийн 51-55 дахь тал/,

- Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай “Засаг даргын тамгын газрын дотоод журмаар зарим асуудлыг зохицуулах тухай” хурлын тэмдэглэлийн хуулбар,

- Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Е-, тус сумын иргэн М.Ж- нарын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Хогийн менежментийг зохицуулах” ажлыг гүйцэтгэхээр 5.600.000 төгрөгийн төсөвтэй байгуулагдсан гэрээний хуулбар /7 дахь хавтаст хэргийн 114-115 дахь тал/,

- Гэрээний дагуу мөнгийг Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын тамгын газраас шилжүүлсэн төлбөрийн хүсэлтүүд /7 дахь хавтаст хэргийн 55-56 дахь тал/,

- М.Ж-ийн Хаан банк дахь **** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /7 дахь хавтаст хэргийн 237-238 дахь тал/,

- Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Е-, тус сумын иргэн М.Е- нарын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр “Хогийн менежментийг зохицуулах” ажлыг гүйцэтгэхээр 5.171.300 төгрөгийн төсөвтэй байгуулагдсан гэрээний хуулбар /7 дахь хавтаст хэргийн 99-100 дахь тал/,

- Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Е-, тус сумын иргэн М.Е- нарын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “Хогийн менежментийг зохицуулах” ажлыг гүйцэтгэхээр 5.000.000 төгрөгийн төсөвтэй байгуулагдсан гэрээний хуулбар /7 дахь хавтаст хэргийн 75-76 дахь тал/,

- Гэрээний дагуу мөнгийг Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газраас шилжүүлсэн төлбөрийн хүсэлтүүд Ц сумын хогийн цэгт, Б.Е-ын “Ковш” тракторт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7 дахь хавтасны хэргийн 44-74 дэх тал/,

- Иргэн Х.Б-ийн Хаан банкны ***** дугаартай дансанд 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр, 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тус тус Ц сумын Орон нутгийг хөгжүүлэх сангаас мөнгө шилжүүлсэн тухай дансны хуулга /7 дахь хавтаст хэргийн 234 дэх тал/,

- Иргэн М.Е-гийн Төрийн банк дахь **** дугаартай дансны хуулга /7 дахь хавтаст хэргийн 242-243 дахь тал/,

- Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг дарга Б.Е-, иргэн Х.А- нарын хооронд 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан “Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын тамгын газрын дээд давхрын конторуудыг засварлах ажлыг гүйцэтгэх” гэрээний хуулбар /8 дахь хавтаст хэргийн 250 дахь тал/,

- Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/145 дугаартай ажил хүлээн авах комисс байгуулах тухай захирамж /9 дэх хавтаст хэргийн 07 дахь тал/,

- Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын тамгын газрын ажлын хэсгийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн комиссын дүгнэлт /9 дэх хавтаст хэргийн 04-06 дахь тал/, 

- Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Е-ын 2018 оны 3 дугаар сарын 09-ны өдрийн А/11 дугаартай “Засаг даргын Тамгын газрын байрыг засварлах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” үнэлгээний хороог байгуулсан тушаал, Ц сумын Засаг даргын тамгын газрын конторын засвар, цалин хөлсний тооцоо, Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын тамгын газрын дээд давхрын конторуудыг засварлах ажилд оролцогчдын ирүүлсэн тендерийн бүртгэл /9 дэх хавтаст хэргийн 08-28 дахь тал/,

- Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын тамгын газрын конторын засварын ажлын төсөв /9 дэх хавтаст хэргийн 29-33 дахь тал/,

- Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын тамгын газраас 2018 онд иргэн Х.А-ийн Хаан банкин дахь ***** дугаартай данс  руу засварын 19.416.305 төгрөгийг шилжүүлсэн тухай дэлгэрэнгүй хуулга /9 дэх хавтаст хэргийн 103-107 дахь тал/,

- Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Е-ын 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн А/09 дугаартай “Засаг даргын тамгын газрын байрыг засварлах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” үнэлгээний хороог байгуулсан тушаал /12 дахь хавтаст хэргийн 23 дахь тал/,

- Ц сумын Үнэлгээний хорооны 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн зөвшөөрөл /9 дэх хавтаст хэргийн 36 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Е-, иргэн Х.А- нарын хооронд 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан “Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын тамгын газрын доод давхрын конторуудыг засварлах ажлыг гүйцэтгэх” гэрээний хуулбар /9 дэх хавтаст хэргийн 57 дахь тал/,

- Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын тамгын газрын ажлын хэсгийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай 2018 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн комиссын дүгнэлт /12 дахь хавтаст хэргийн 61-63 дахь тал/,

- Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын тамгын газраас 2019 онд иргэн Х.А-ийн Хаан банк дахь ***** дугаарын данс руу засварын 18.500.000 төгрөгийг шилжүүлсэн тухай дансны дэлгэрэнгүй хуулга /9 дэх хавтаст хэргийн 112-116 дах тал/,

- Иргэн Х.А-ийн Хаан банк дахь ***** дугаартай дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /11 дэх хавтаст хэргийн 246-250 дахь тал/,

- Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Е-ын 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/13 дугаартай “Сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” үнэлгээний хороог байгуулсан тушаал /13 дахь хавтаст хэргийн 20 дахь тал/,

- Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Е-, иргэн М.Н нарын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан “Баян-Өлгий аймгийн Ц сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх” ажлыг гүйцэтгэх гэрээний хуулбар /13 дахь хавтаст хэргийн 19 дэх тал/,

- Ц сумын Үнэлгээний хорооны 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдааны тэмдэглэл, Үнийн санал авах урилга, Тендерийн материал хүлээн авсан тэмдэглэл, Сумын өвс тэжээлийн аюулгүй нөөц бүрдүүлэх ажил гүйцэтгэгч сонгон шалгаруулалтын хурлын тэмдэглэл, Үнэлгээний хорооны 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Е-ад “Малчин” бүлэгтэй 18.0 сая төгрөгөөр гэрээ байгуулахыг зөвшөөрсөн зөвшөөрөл /13 дахь хавтаст хэргийн 21-57, 102 дахь тал/,

- Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын тамгын газрын 2019 оны 10 дугаар сарын 03, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн төлбөрийн хүсэлт /13 дахь хавтаст хэргийн 101, 103 дахь тал/, зэрэг нотлох баримтууд нь Б.Е-, Х.М- нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хангалттай үндэслэл болсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар тодорхой тусгаж, хэргийн бодит байдалтай нийцсэн үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

 

19. Мөн энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинж чанар, шүүгдэгч нарт оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хуульд нийцсэн байна.

 

20. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчилжээ. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь, харьцуулан үнэлэхэд шүүгдэгч Б.Е-, Х.М- нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд тэдгээрт холбогдох хэргийг зөв зүйлчилсэн, Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

21. Шүүгдэгч Х.М- нь тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Е-ын 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/13 дугаартай тушаалаар “Сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” үнэлгээний хорооны даргаар томилогдон ажиллахдаа төрсөн хүү М.Н нь уг тендерт оролцохоор материал ирүүлсэн тул ашиг сонирхлын зөрчил үүссэн тухайгаа мэдэгдсэн, уг тендер сонгон шалгаруулалтын ажиллагаанд оролцоогүй гэж мэдүүлсэн нь Үнэлгээний хорооны 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Е-ад “Малчин” бүлэгтэй 18.0 сая төгрөгөөр гэрээ байгуулахыг зөвшөөрсөн зөвшөөрөл олгох тухай баримтад гарын үсэг зурснаар үгүйсгэгджээ.

Шүүгдэгч Х.М- нь өөрийн хүү М.Н-тэй гэрээ байгуулахыг зөвшөөрсөн зөвшөөрлийн баримтад танилцсан гэж гарын үсэг зурсан гэж тайлбарлах боловч /13 дахь хавтаст хэргийн 43 дахь тал/  хэрэгт авагдсан шүүгдэгч Х.М-ийн гарын үсэгтэй, танилцсан гэх бичигтэй зөвшөөрөл олгох тухай баримтыг 2022 оны  01 дүгээр сарын 20-ны өдөр Ц сумын Засаг даргын Тамгын газрын дарга шүүгдэгч Б.Е- нь нотариатаар баталж хуулбар үнэн тэмдэг дарсан ба /13 дахь хавтаст хэргийн 102 дахь тал/ шүүгдэгч Х.М-ийн гарын үсэг зурсан танилцсан гэх бичиггүй зөвшөөрөл олгох тухай баримтад Ц сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан баримт байх тул шүүгдэгч Х.М-ийн “зөвшөөрөл олгох тухай баримтад танилцсан гэж гарын үсэг зурсан гэх” тайлбар нь уг баримтаар няцаагдаж байна.

 

22. Анхан шатны шүүхийн шүүгдэгч Б.Е-ад шүүхийн шийтгэх тогтоолоор хуульд зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, 18000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 18.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Х.М-ийн нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 8.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь тус тус шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч Б.Е- нь хохирол төлбөрийг сайн дураараа төлж барагдуулсан байдал, шүүгдэгч нарын гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн арга, нөхцөл байдалд тус тус тохирсон, шүүгдэгч нарт  шүүхээс оногдуулсан торгох ял мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

23. Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд, тухайлбал шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтаар цагаатгагдсан этгээд Ш.А-, С.Б- нарт холбогдох хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаан  шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг шүүх буруу тайлбарлан хэрэглэжээ. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд, гэмт хэрэг үйлдэгдсэн нь тогтоогдсон, харин тухайн гэмт хэргийг яллах дүгнэлтэд заасан шүүгдэгч үйлдсэн болох нь нотлогдоогүй үед хэргийг хэрэгсэхгүй болгож, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох зорилгоор хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах тухай зохицуулалт юм. Энэ хэргийн хувьд Ш.А-, С.Б- нар гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдоогүй, харин яллах дүгнэлтэд заасан үйл баримт бүхий гэмт хэргийг шүүгдэгч Б.Е- үйлдсэн гэм буруутай болох нь анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаанаар тогтоогдсон тул хэргээс Ш.А-, С.Б- нарт холбогдох хэсгийг хэрэг бүртгэлтэд буцаах хууль зүйн үндэслэлгүй болно. Иймд дээрх үндэслэлээр гаргасан прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгох нь зүйтэй.

 

24. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Е-, Х.М- нарын 2018, 2019 онд Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын дээд, доод давхрын конторуудыг засварлах ажлын хүрээнд учруулсан хохирол гэх нийт 40.000.000 төгрөгийг гаргуулах тухай, мөн шүүгдэгч Х.М-ээс 2019 онд “Сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” ажлын хүрээнд учруулсан хохирол гэх 18.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийн хэсгийг тус тус нотлох баримтгүй тул хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

24.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг мөн боловч уг гэмт хэргийн улмаас учруулсан материаллаг хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулж, улсын төсвийг хохиролгүй болгох нь шударга ёсны зарчимд нийцнэ. Ц сумын Засаг даргын Тамгын газрын 1, 2 давхрын конторуудыг засварлах ажил, 2019 онд “Сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” ажлуудыг гүйцэтгэлээр тухайн үедээ хийж гүйцэтгэсэн, Засаг даргын захирамжаар байгуулагдсан комисс дээрх 1, 2 давхрын конторуудыг засварлах ажлыг хүлээн авч одоо ашиглаж байгаа, 2019 онд  өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх ажлын гүйцэтгэлийг сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан комисс хүлээн авч Ц сумын багуудад хувааж тараасан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

24.2. 2018, 2019 онуудад Ц сумын Засаг даргын Тамгын газрын дээд давхрын конторуудыг засварлах ажлыг хийж гүйцэтгэсэн Х.А-т Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газраас 2018 онд 19.416.305 төгрөг, 2019 онд 18.500.000 төгрөгийг, 2019 онд өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэн М.Н-т 17.700.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан төлбөрийн хүснэгт болон тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн Х.А-, М.Н- нарын дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогджээ.

24.3. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлогыг ойлгох ба шүүгдэгч Б.Е-, Х.М- нар нь 2018 онд Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын дээд давхрын конторуудыг засварлах ажилд төсөвлөсөн  20.000.000 төгрөг, 2019 онд төсөвлөсөн 20.000.000 төгрөг, 2019 онд Сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх ажил төсөвлөсөн 18.000.000  төгрөгөөс  тус тус хэдэн төгрөгийг өөртөө авч ашиг олсон, эсхүл төсөвт хэдэн төгрөгийн хохирол учруулсан нь хангалттай тогтоогдоогүй байна. Харин Ц сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Б.Е-, тус Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн дарга бөгөөд тендер сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны дарга Х.М- нар нь 2018, 2019 оны тус сумын Тамгын газрын байрны засвар ажлыг хийлгэх тендер сонгон шалгаруулалтыг явуулахдаа бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үйлдлээрээ нэгдэж, тендер сонгон шалгаруулалтыг хууль, журмын дагуу явуулахгүйгээр бусдад давуу байдал олгосон, Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн дарга бөгөөд тендер сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны дарга Х.М- нь 2019 онд өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх ажлыг хийж гүйцэтгэх сонгон шалгаруулалтыг явуулахдаа бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хамаарал бүхий этгээд болох өөрийн хүү М.Н-т давуу байвал бий болгосон үйлдэлдээ гэм буруутайд тус тус тооцогдож эрүүгийн хариуцлага хүлээсэн болно. Иймд тэдгээрийн хууль бусаар, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байвал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүйн улмаас улсын төсөвт буюу Ц сумын Засаг даргын Тамгын газрын санхүүд дээр дурдсанчлан 2018 онд 20.000.000 төгрөг, 2019 онд 20.000.000 төгрөг, 2019 онд Х.М-ийн үйлдлийн улмаас 18.000.000 төгрөгийн хохирол учирсан нь хангалттай нотлох баримтаар тогтоогдоогүй, гүйцэтгэлийн ажлын үр дүнг эрх бүхий комисс хүлээн авсан, түүнчлэн Б.Е-, Х.М- нар тухайн гэмт хэргийг үйлдэж хөрөнгө, орлого олсон гэх үндэслэл хэргээс тогтоогдоогүй байна.

24.4. Хууль, журмын дагуу явагдаагүй тендер сонгон шалгаруулалтын үр дүнд төсвийн байгууллагын санхүүжилтээр гүйцэтгэсэн дээрх 3 ажлын гүйцэтгэлийг эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр байгуулсан комисс хүлээн авсан нөхцөл байдлыг үнэлээд шүүгдэгч Б.Е-, Х.М- нараас  2018, 2019 онд Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын 1, 2 давхрын конторуудыг засварлах ажлын хүрээнд учруулсан хохирол гэх нийт 40.000.000 төгрөгийг, шүүгдэгч Х.М-ээс 2019 онд “Сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” ажлын хүрээнд учруулсан хохирол гэх 18.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэгч Б.Маргуланы иргэний нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

25. Шүүгдэгч Б.Е-ын өмгөөлөгч Т.Байгонак, Д.Айбек, Х.Зулхаш нарын “...шүүгдэгч Б.Е- нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй хохирол учраагүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Е-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх агуулга бүхий гомдол,

шүүгдэгч Б.Е-ын “...Дээрх гэмт хэрэг гэж буй үйлдлүүдийн нэгийг ч миний бие санаачлан, хууль бус үйлдэл хийгээгүй. Зөвхөн төр ард түмний төлөө идэвхтэй ажиллаж, болж бүтэхгүй ажлуудыг хурдан шуурхай, зоримог зохион байгуулж хийх ёстой хэмжээнээс илүү хийлгүүлж, зовж зүдэрч хүнд байдалд орсонд нь хуулийн хүрээнд тусалсан хэрэг билээ. Энэхүү хэргийг эрхэм шүүгч та бүхэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...” гэх гомдлуудыг хянан үзэхэд:

25.1. Шүүгдэгч Б.Е- нь Ц сумын Засаг даргаар ажиллаж байсан Х.М-ийг 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал тархины цус харвалт өвчний учир үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй, өвчтэй байхад 2018 оны 11, 12 сард нийт 2.329.600 төгрөгийн цалин олгосон, 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал нийт 17.098.368 төгрөгийн цалинг тус тус олгож, түүнд давуу байдал бий болгож, Ц сумын Засаг даргын Тамгын газрын цалингийн санд нийт 19.427.968 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг нь шүүгдэгч Б.Е- нь хуулиар өөрт олгогдсон төсвийн шууд захирагчийн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, Ц сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа тус сумын Засаг даргаар ажиллаж байсан өөрийн эхнэрийн дүү болох Х.М- нь 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тархиндаа цус харваж Засаг даргын үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй, өвчтэй байгаа үед түүнийг ажилласан мэтээр цагийн бүртгэлийг хөтлүүлж, 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал  цалин олгож, бусдад давуу байдал бий болгож, төсөвт 19.427.968 төгрөгийн хохирол учруулсан идэвхтэй үйлдэл нь бусдын ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдалд хор уршиг учруулсан байх тул эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

25.2. Шүүгдэгч Б.Е- нь тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 онд баталсан 5.600.000 төгрөг, 2019 онд баталсан 5.171.300 төгрөг, 2020 онд 5.000.000 төгрөгөөр батлагдсан Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын дараалалд тусгагдсан нийт 15.771.300 төгрөгийн үнийн дүнтэй “Хогийн цэгийн менежментийг зохицуулах ажлын гэрээ”-г иргэн М.Ж-тэй 2018 онд, иргэн М.Е- 2019, 2020 онд тус тус байгуулсан мэтээр өөрөө үйлдэж, М.Ж-, М.Е- нарын дансанд шилжүүлсэн 13.110.800 төгрөгөөс 9.355.800 төгрөгийг бэлнээр гаргуулан авсан идэвхтэй  үйлдэл нь хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор, төрийн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа тендерийн үр шимийг шударгаар хүртэх байсан иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хууль ёсны ашиг сонирхол, түүнчлэн дээрх харилцааг зохицуулахад чиглэсэн төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдлыг алдагдуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. 

25.3. Шүүгдэгч Б.Е- нь 2018, 2019 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлсэн тус сумын Засаг даргын Тамгын газрын байрны 1, 2 дугаар давхрын засварын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тухай үнэлгээний хороог тус тус  байгуулж, уг тендер сонгон шалгаруулалтад оролцох “Ажилчин бүлэг”-ийн материалыг өөрөө бүрдүүлж, үнэлгээний хороонд өгч, үнэлгээний хороо нь хуралдаан хийлгэхгүйгээр “Ажилчин бүлэг”-ийн материалыг шалгаруулж, улмаар 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр, 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр “Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын конторуудыг засварлах ажлыг гүйцэтгэх” тухай гэрээг “Ажилчин бүлэг”-ийн ахлагч Х.А-тэй байгуулсан мэтээр үйлдэж, барилгын ажлын засварын материалыг  өөрөө худалдан авч Засаг даргын Тамгын газарт нийлүүлэх байдлаар бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон. Энэ талаарх анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй тул шүүгдэгч Б.Е-, түүний өмгөөлөгч Т.Байгонак, Д.Айбек, Х.Зулхаш нарын гаргасан шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаарх давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

26. Шүүгдэгч Х.М-, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын “...Шүүх Х.М-ийг “Нийтийн албан тушаалтан” гэж үзэж байгаагаа эрх зүйн үүднээс тайлбарлаж, үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, Х.М- нь тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Е-ын 2019 оны 8 дугаар сарын 30-ын өдрийн А/13 дугаартай тушаалаар “Сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” үнэлгээний хорооны даргаар томилогдон ажиллахдаа төрсөн хүү М.Н- нь уг тендерт оролцохоор материал ирүүлсэн тул ашиг сонирхлын зөрчил үүссэн тухайгаа мэдэгдсэн, уг тендер сонгон шалгаруулалтын ажиллагаанд оролцоогүй гэж мэдүүлсэн нь Үнэлгээний хорооны 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Е-ад “Малчин” бүлэгтэй 18.0 сая төгрөгөөр гэрээ байгуулахыг зөвшөөрсөн зөвшөөрөл, гэрч К.Н-, Э.Л, Ш.М, М.Б, Х.А-ын нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгээр няцаагдаж байна.” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна....” гэх гомдлыг хянан үзэхэд:

26.1. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар анхан шатны шүүх шүүгдэгч Х.М-ийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргээр зүйлчилж, дүгнэн эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь гэм буруугийн болон хууль ёсны байх зарчимд нийцжээ. Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дах хэсэгт "албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах" гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, 3.1.4 дэх хэсэгт "давуу байдал" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгохоор тус тус заажээ. Тодруулбал,  Х.М- нь өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд үнэлгээний хорооны даргаар томилогдон ажиллахдаа 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Е-ад “Малчин” бүлэгтэй 18.0 сая төгрөгөөр гэрээ байгуулахыг зөвшөөрсөн зөвшөөрөл олгох тухай баримтад гарын үсэг зурсан, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Е-ын тендер сонгон шалгаруулалтад оролцохоор бусдын нэрээр бүрдүүлж өгсөн “Ажилчин бүлэг”-ийн материалыг хүлээн авсан атлаа үнэлгээний хорооны гишүүдээр хэлэлцүүлж сонгон шалгаруулалт явуулахгүйгээр “Ажилчин бүлэг”-ийн материалыг шалгаруулан гэрээ байгуулах зөвшөөрлийг олгосон идэвхтэй үйлдэл нь  “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

26.2. Түүнчлэн Х.М-ийн тухайн үед хашиж байсан албан тушаал, тендер сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргын албан тушаалыг давхар хашиж байсан хүний хувьд энэ нь нийтийн албан тушаалтанд хамаарах талаар анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлтийг хийсэн байна.

 

27. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 8 дахь заалтуудыг хүчингүй болгож, 7 дахь заалтад өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг нь хүлээн авч, шүүгдэгч Б.Е-, түүний өмгөөлөгч Т.Байгонак, Д.Айбек, Х.Зулхаш, шүүгдэгч Х.М-, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/125 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 8 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож,

 

7 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Е- нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 28.783.768 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн дансанд төлж барагдуулсныг дурдаж, шүүгдэгч Б.Е-, Х.М- нараас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол гэх 40.000.000 төгрөг, шүүгдэгч Х.М-ээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол гэх 18.000.000 төгрөгийг тус тус  гаргуулах тухай иргэний нэхэмжлэгч Б.М-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Е- түүний өмгөөлөгч Т.Байгонак, Д.Айбек, Х.Зулхаш, шүүгдэгч Х.М-, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангасугай. 

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

 

                                    ШҮҮГЧ                                                                      Д.КӨБЕШ