Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Цэнд-Очир |
Хэргийн индекс | 118/2024/0035/З |
Дугаар | 118/ШШ2024/0042 |
Огноо | 2024-07-08 |
Маргааны төрөл | Бусад, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 118/ШШ2024/0042
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир би Хүнс, хөдөө аж ахуйн газрын хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Н.*******гийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх шаардлага бүхий прокурорын дүгнэлттэй хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Б.******* шүүхэд гаргасан дүгнэлтдээ: ... тус аймгийн Хүнс хөдөө аж ахуйн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Н.******* нь “...******* ХХК нь дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй...” гэсэн утга бүхий зөрчлийн ХХААГ-01 дугаартай материалыг хүлээн авч шалгаад, 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр зөрчилд холбогдогч “*******” ХХК-ний захирал Л.*******д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1.2-т зааснаар №******* дугаартай шийтгэлийн хуудсаар “торгуулийн” гэж шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.
Материалд цугларсан холбогдогч “*******” ХХК-ний захирал Л.*******гийн мэдүүлэг, 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 08-00-02/03 дугаартай шалгалтын тэмдэглэл, 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 07 дугаартай улсын байцаагчийн акт, хадгалах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүний жагсаалт зэрэг бусад нотлох баримтуудаар “*******” ХХК болох хуулийн этгээд нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй...” гэсэн зөрчил үйлдсэн болох нь тогтоогдож байна.
Эрх бүхий албан тушаалтан Н.******* нь 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №******* дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч “...........” ХХК-нд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар торгох шийтгэл оногдуулж, ...нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах ёстой байтал шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь: хэсгийн 1 дэх хэсэгт заасан ...Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1.2-т... гэж Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн, торгох шийтгэлийн хэмжээг хуульд зааснаар бичээгүй буюу “торгуулийн” гэж буруу бичсэн зэрэг нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т заасан "зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг энэ хуулиар тогтооно" гэсэн хууль ёсны зарчимд нийцээгүй байна.
Иймд шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдож байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Н.*******гийн холбогдогч “..........” ХХК-ний захирал Л.*******д шийтгэл оногдуулсан 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №******* дугаартай шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь: хэсгийн 1 дэх хэсэгт заасан “...Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1-2 ... гэснийг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 гэж, “торгуулийн” шийтгэл оногдуулсугай” гэснийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай...” гэж өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив гэжээ.
Хариуцагч Хүнс, хөдөө аж ахуйн газрын хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Н.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...холбогдогч “*******” ХХК-д Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулахдаа шийтгэлийн хуудасны шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх хэсэгт заасан Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1.2-т гэж Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн, торгох шийтгэлийн хэмжээг хуульд зааснаар бичээгүй буруу бичсэн нь үнэн болно. Иймд прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Н.******* нь Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2-д заасныг үндэслэн “... дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй ...” гэх зөрчлийг үйлдсэн хэмээн үзэж, 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар зөрчилд холбогдогч “*******” ХХК-д торгох шийтгэл оногдуулсан байна.
Завхан аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Б.******* нь дээрх 2024 оны ******* дугаар шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх шаардлага бүхий дүгнэлтийг шүүхэд гаргасан бөгөөд дүгнэлтийнхээ үндэслэлийг “...эрх бүхий албан тушаалтан болох хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн, шийтгэлийн хуудсанд торгох шийтгэлийн хэмжээг хуульд зааснаар бичээгүй...” хэмээн тодорхойлжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Н.******* дээрх прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байна.
Зөрчилд холбогдогч “*******” ХХК нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан "дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй..." гэх зөрчлийг үйлдсэн болох нь зөрчлийн хэргийн материалд авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгох шийтгэлийг хүлээж, уг торгуулийг Төрийн сангийн зохих дансанд төлж барагдуулсан тул байх тул прокурорын дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Н.*******гийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Н.******* нь 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх тухай Завхан аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Б.*******ийн дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Прокурор нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР