| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 104/2023/00776/И |
| Дугаар | 104/шш2024/00583 |
| Огноо | 2024-11-11 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 104/шш2024/00583
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, ******* ******* тоотод оршин суух, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 0*******, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******гийн *******ад холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 20,925,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч итгэмжлэгдсэн төлөөлөгч О., хариуцагч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Туяажаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК-тай иргэн Б.******* нь 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр евро хашаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэрт өөрийнх нь эзэмшлийн газар дээр бүх хашааг нь барьж өгсөн. Б.*******аас гэрээний дагуу 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Хоёр айлын 0,5 га газрыг 12,000,000 төгрөгөөр тооцож газрыг шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөр 13,959,000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 20-ны дотор график гарган шилжүүлэн өгөхөөр тохиролцон боловч одоо хүртэл төлбөрөө барагдуулаагүй байна. Гэрээнд зааснаар төлбөрийг хожимдуулсан хоног тутамд төлбөрийн дүнгийн 0,5 хувийн алданги төлнө гэсний дагуу хариуцагч Б.*******аас гэрээний үүргийн төлбөр 13,950,000 төгрөг, алданги 6,975,000 төгрөг нийт 20,925,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
2.Хариуцагч шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр фейсбүүк дээрээс ХХК-ийн мэдээллийг хараад утсаар холбогдсон. 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдөр М., н., өмгөөлөгч гуравтай хашаа хийлгэж бариулах газар уулзсан. Би 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр урьдчилгаа 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Хашааг 4 хоногийн дотор барьж өгнө гэсэн гэрээ хийсэн. 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хоёр залуу 5, 6 цагийн үед ирээд 5 ширхэг хашаа буулгаад, машинаар 10 ширхэг хашаа авч ирж буулгасан. Хашаагаа барилгүй явсан. Тэгээд 5, 6 хоног утасдаад утсаа авахгүй алга болсон. Хэд хоногийн дараа хоёр хүн ирээд үлдсэн хэдэн хашаагаа угсарч өгөөд дахин хашаа авчирч үлдээгээд яваад өгсөн. Хойноос нь 6 дугаар сарын 20-д гарлаа 4 хоногийн дотор хашаагаа барьж өгнө гэсэн яасан бэ гээд залгахад утсаа авахгүй өөр хүний утсаар залгахад утсаа авдаг байсан. Тэгээд ажилтай байна, маргааш нөгөөдрөөс хоёр талаас нь хөөгөөд бариад өгнө гэдэг байсан. Увуулж, цувуулж хашаа буулгасаар байгаад нийт 81 ширхэг хашаа авчирч ХХК-ий ажилчид өөрсдөө барьж өгсөн. 132 хашаа үлдсэн. 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс хойш би машиндаа хоноод энэ хүмүүсийг 2021 оны 7 дугаар сар гартал хүлээсэн. М. руу залгахад ажиллах хүч байхгүй байна, өөрөө хүн олоод хашаагаа бариулчих гэхэд нь би Налайх дүүргийн фэйсбүүк групп дээр зар тавиад 7,8 хүн өөрийн мөнгөөр ажиллуулаад үлдэгдэл 132 хашаагаа бариулсан. Сүүлийн хашааг 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр барьж дууссан.
2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн гэрээг нэхэмжлэгч тал ярьж байна. Яагаад энэ гэрээг надад авчирч өгсөн бэ гэхээр 2021 оны 6 дугаар сарын 24-өөс 28-ны өдрүүдийн хооронд хийсэн гэрээ байдаг боловч би ээжийндээ орхиод олохгүй байсан тул нэхэмжлэгч талд хандаад дахин гэрээг авсан байгаа. М. н. хоёр намайг тооцоогоо дуусга, хугацаа хэтэрлээ гэдэг байсан. Би надад мөнгө нь байгаа, танайх хашаагаа хурдан бариад өгчих гэдэг байсан.
ХХК-ийн захирал М.той анх 2 метр урттай, 2 метр өргөнтэй хашаа барина гэж тохирсон. Хоёр дахь гэрээ гээд байгаа 10 дугаар сарын гэрээ нь болохоор намайг Сүхбаатар аймаг руу найзуудтайгаа яваад ирсний хойно машиндаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үед авчирч гарын үсэг зуруулсан. Хуучин гэрээг канондоод аваад ирлээ чи гэрээгээ алга болгосон гэсэн гээд гарын үсэг зуруулаад явсан. Тэгээд би согтуудаа уг гэрээн дээр нь гарын үсэг зурсан. 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр манай хашаа бүрэн баригдаад дууссан байсан. Хамгийн гол мөнгөө өгөхгүй байсан асуудал нь ХХК хашаа 2 м урт, 2м өргөн гэсэн хэдий ч хашаа 1,85 метр байсан. 10 ширхэг хашаанаас 1 ширхэг хашаа илүү баригдаад байгаа юм. 2 метр хашаагаар хашаагаа барьсан бол 195 ширхэг хашаа орох байсан боловч 18 ширхэг хашаа илүү авсан. 132 ширхэг хашааг би хүн хөлсөлж, нэг ком хашааг 25,000 төгрөгөөр бодож, нэмээд хоол, ундаа, тамхины мөнгийг гарган, нэг нүхийг 5,000 төгрөгөөр ухуулан байж өөрийн хөрөнгөөр хашааг бариулсан. Хоёрдугаар гэрээг би хүлээн зөвшөөрөхгүй. Тогийн асуудал бас байдаг. Хоёр хашаа руу хамтарч тог татъя гээд ХХК-ийн зүгээс бетон шон авчирч өгсөн. Надаас 4,000,000 төгрөг гарсан байдаг. Төлбөр тооцоогоо нийлүүлээд харах юм бол уг тогийн асуудал дээр 1,000,000 төгрөг нэхэмжлэгч талаас гаргуулах ёстой байгаа. Нийт 33,150,000 төгрөг өгөх ёстой байснаас хашаагаа бүрэн бүтэн бариулж чадалгүй өөрийн хөрөнгөөс 29,950,000 төгрөгийг гаргасан тул үлдэгдэл 3,200,000 төгрөгийг л би өгөхийг зөвшөөрч байна гэв.
3.Хэрэгт нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* ХХК шинэчилсэн дүрэм, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ, төлбөр барагдуулах тухай 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 026/019, 2022 оны10 дугаар сарын 17-ны өдрийн 026/022 дугаартай албан бичиг, 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ,
4. Хариуцагчаас 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ, 5 ширхэг гэрэл зураг, Б.*******ын ХААН банкны дансны хуулга, зарлагын баримт, хариуцагчийн хүсэлтээр үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн болно.
Хэрэгт авагдсан баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
5.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.*******ад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 20,925,000 төгрөгийг нэхэмжилсэн, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 19,425,000 нэхэмжилсэн байна.
6.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, ******* ХХК Б.******* нар харилцан тохиролцож гэрээ байгуулж 35,950,000 төгрөгийн өртөг бүхий хашааг Налайх дүүргийн ******* МТ шатахуун түгээх станцын зүүн талд гэрээнд заасан хугацаанд барьж өгсөн. Гэрээний дагуу Б.******* 10,000,000 төгрөг, 2 айлын 0,5 га газрыг 12,000,000 төгрөгөөр тооцон шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөр 13,950,000 төгрөгийг алданги 6,975,000 төгрөг нийт 20,925,000 төгрөгийг нэхэмжилсэн. 1,000,000 төгрөгийг М. захирлын дансанд хийсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгийг хасаж, 12,950,000 төгрөг алданги 6,475,000 төгрөг гаргуулна гэж тайлбар гаргасан.
7.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “нэхэмжлэгчтэй худалдах, худалдан авах” гэрээ байгуулж, ******* ХХК нь 195 ширхэг ком хашааг 2021 оны 6 дугаар сарын 24-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд 4 хоногийн дотор хашааг авчирч барьж дуусахаар тохирсон. 2 метр урттай, 2 метр өргөнтэй стандарт хэмжээтэй хашааг 33,150,000 төгрөгөөр бариулахаар тохирсон.
******* 81 хашааг увуулж цувуулж авчирч барьсан. Үлдсэн 132 хашааг өдөрт 10, 15 ширхэгийг буулгасан тул 2021 оны 7 дугаар сарын 26-нд хашааг барьж дуусгасан. Гэрээний дагуу урьдчилгаа 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Мөн 1 га газрыг 12,000,000 төгрөгт тооцож ******* ХХК-д шилжүүлсэн. Мөн захирал М.гийн дансанд 1,000,000 төгрөг 2022 оны 01 дүгээр сарын 20-нд шилжүүлсэн. Хашаагаа барьж дуусгахын тулд би 6 хүн олж нэг хашааны барих хөлсийг 25,000 төгрөгөөр бодож 4,000,000 төгрөгний ажлын хөлсийг өөрөөсөө гаргаж бариулсан. Шонгийн модны 100 нүхийг 5,000 төгрөгөөр ухуулан 500,000 төгрөгийн зардал гарсан. Захирал М. нийлээд тог татуулъя гэсний үндсэн дээр хамт зардлаа гаргасан. Зөрүү зардал нь 2,000,000 төгрөг болсон. Тийм учраас 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулна. Нийт 29,950,000 төгрөг надаас гаргасан байдаг. 33,150,000 төгрөгөөс 29,950,000 төгрөгийг хасаад 3,200,000 төгрөгийг төлөх боломжтой гэж маргаж байна.
8.Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад үйл баримт, нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
9. ******* ХХК нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 28-ны хооронд евро хашааг өөрийн материалаар барьж захиалагч Б.*******ад хүлээлгэн өгөхөөр, гэрээний урьдчилгаа төлбөрт захиалагч Б.******* 10,000,000 төгрөгийг шилжүүлэхээр тохирч 2021 оны 6 дугаар сарын 14-нд худалдах, худалдан авах гэрээ гэж нэрлэсэн гэрээг бичгээр байгуулсан байна.
10. 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг талуудаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн.
11.Талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэж нэрлэсэн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн гэрээнд гүйцэтгэгч тал ******* ХХК евро хашааг захиалагчийн заасан Улаанбаатар хот Налайх дүүрэг МТ колонкийн зүүн талд өөрийн хөрөнгөөр барьж өгөх, захиалагч тал урьдчилгаанд 10,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ.
12.2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн гэрээний 3.1-д нийт үнийн дүн 33,150000 төгрөг , өнгөгүй стандарт 195 ширхэг, нэмэлт багана 0 гэж гараар бичснийг талуудаас тодруулахад хариуцагч Б.******* би надад байсан гэрээнд сүүлд нь гараар нэмж бичсэн гэж тайлбарлаж байх ба нэхэмжлэгчэс энэ гэрээг байгуулсан гэхдээ гэрээний төлбөр нийт хэд болох нь тодорхойгүй учир нь газар дээр хашааг барьсны дараа хэдэн ком хашаа орсон болох нь тодорхой болох тул 2 дахь гэрээг байгуулсан гэж тайлбар гаргасан.
13.******* ХХК, Б.******* нар харилцан тохиролцож ******* ХХК өөрийн хөрөнгөөр евро хашааг Б.*******ын захиалсан газарт барьж өгөх, урьдчилгаанд 10,000,000 төгрөг Б.*******аас төлөхөөр тохиролцож гарын үсэг зурсан гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний зохицуулттай нийцсэн байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
14.Гэрээний дагуу захиалагч тал урьдчилгаа 10,000,000 төгрөг гүйцэтгэгч талд шилжүүлсэн, гүйцэтгэгч тал ******* ХХК гэрээнд заасан евро хашааг өөрийн хөрөнгөөр 2021 оны 7 дугаар сарын 28-нд барьж дуусгасан нь талуудын тайлбараар тогтоогдсон.
15.Гүйцэтгэгч тал ******* ХХК нь 81 евро хашаа авчирч барьж өгсөн, 132 хашааг авчирч буулгасан барьж өгөөгүй тул захиалагч Б.******* өөрийн зардлаар хүн ажиллуулж хашааг бариулсан, энэ зардалыг хасаж тооцно гэж маргаж байх боловч нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй.
16.Гэрчээр шүүх хуралдаанд оролцсон Л.Бат нь “нэг ком хашааг 25,000 төгрөгөөр бодож Б.******* 6-8 хүн ажиллуулсан. Нэг шонгийн нүхийг 5,000 төгрөгөөр ухуулж байсан. Бид ойролцоогоор 130-д хашаа барьсан. Би төлбөрийг бэлнээр авсан гэж” мэдүүлэх боловч эх сурвалжаа заагаагүй буюу гэрчийн мэдүүлгийг нотлох баримт өөр хэрэгт авагдаагүй.
Өөрөөр хэлбэл Б.******* нь 132 ширхэг хашааг авчирч буулгаж орхисон тул өөр хүн ажиллуулж хашаагаа барьсан гэж хариуцагчаас тайлбар гаргаж байгаа боловч хашаа бариулахад гарсан зардлаа нотлох баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй, анх нэг ком хашааний хэмжээ урт 2 метр, өргөн 2 метр байхаар тохирсон боловч 1,85м стандарт бус хашаа барьсан гэж тайлбар гаргаж байх ба стандарт бус хашаа, урт, өргөн 2 метр, 2 метр байхаар тохирсон нь хэрэг авагдсан баримтаар нотлогдохгүй байна.
Иргэний хуулийн 349 дүгээр зүйлд зааснаар ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагаа хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш 6 сарын дотор гаргана.
Захиалагч тал доголдолтой холбоотой гомдлын шаардлага гаргаагүй байна.
17.Гүйцэтгэгч тал гэрээний дагуу захиалагч талд ажлыг гүйцэтгэн хүлээлгэн өгсний дараа тооцоо гарган гэрээний дагуу захиалагчийн төлөх төлбөрийг тохиролцож, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэрээ байгуулж гэрээний төлбөрт 35,950,000 төгрөг төлөх, гэрээний төлбөрт урьдчилгаа 10,000,000 төгрөг, 1 га газрыг 12,000,000 төгрөг тооцон шилжүүлсэн үлдэгдэл 13,950,000 төгрөгийг хугацаа тохирч төлөхөөр тохирч талуудаас гаргаж өгсөн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн гэрээнд Б.******* гарын үсгээ зурсан байх ба энэ гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байна гэж үзлээ.
18.Хариуцагчаас намайг согтуу байхад энэ гэрээнд гарын үсэг зуруулсан гэж маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар татгалзах үндэслэлээ нотлох баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй.
19. Гэрээний дагуу хашааг барьж гүйцэтгэсэн, хашаа хариуцагч Б.*******ын эзэмшилд ашиглаж байгаа болох нь талуудын тайлбар, шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байх ба 2022 оны 6 дугаар сарын 10-нд, 10 дугаар сарын 17-нд ******* ХХК-аас төлбөр барагдуулах талаар Б.*******аас шаардсан шаардлагыг албан бичгээр хүргүүлсэн байна. /хх 34-35 тал/
20.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд Б.*******аас М.гийн дансанд 1,000,000 төгрөг шилжүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгийг хасаж байна гэж тайлбар гаргасан.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл 12,950,000 төгрөг, алданги 6,475,000 төгрөг нэхэмжилсэн. 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн гэрээнд төлбөрийг хожимдуулсан хоног тутамд 0,5 хувиар алданги төлөхөөр тохирчээ. Алданги шардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцсэн.
23. Хариуцагчаас ******* ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 28-нд хашаандаа тог татахад тог цахилгааны болон бусад зардал гарсан зардлыг хасаж тооцуулна гэж тайлбарлаж 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн зарлагын баримт гаргаж өгчээ. Энэ нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний маргаанд хамааралгүй байна.
24. Хашааны нэг хавтанг 170,000 төгрөгөөр тохирсон гэж хариуцагч тайлбар гаргаж хэрэгт гэрэл зураг хавсаргасан байх боловч нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй, нэг ком хашааг 170,000 төгрөгөөр тохирсон болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.
25. Зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн бөгөөд гүйцэтгэгч тал ******* ХХК нь гэрээнд заасан ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн байх тул захиалагч талаас хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.*******аас ажил гүйцэтгэх гэрээний дагуу хөлсөө шаардах эрхтэй.
Иймд хариуцагч Б.*******аас гэрээний үүргийн гүйцэтгэлд 12,950,000 төгрөг, алданги 6,475,000 төгрөг нийт 19,425,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “*******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамж 255,075 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Б.*******аас үүргийн гүйцэтгэлд 12,950,000 төгрөг, алданги 6,475,000 төгрөг нийт 19,425,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэлх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасны дагуу нэхэмжлэгч “*******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамж 255,075 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3.Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА