Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2022/ДШМ/43

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2022         11             25                                         2022/ДШМ/43                                                

 

 

 

 

К.Ө-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЗ/279 дүгээр шүүгчийн захирамжтай, яллагдагч К.Ө-т холбогдох эрүүгийн 2213000130104 дугаартай, 3 хавтастай хэргийг яллагдагчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэж 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина, яллагдагч К.Ө-, яллагдагчийн өмгөөлөгч С.Нургайып, А.Серикжан, Х.Даваахүү /цахим сүлжээгээр/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С-, түүний өмгөөлөгч Б.Хосбаяр, иргэний нэхэмжлэгч Д.Б-, орчуулагч Б.Жанерке, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Арманбек нар оролцов. 

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, ** оны ** дугаар сарын **-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, ** настай, эрэгтэй, ** боловсролтой, мэргэжилгүй, “Б” ХХК-д жолооч ажилтай, ам бүл ** хүнтэй, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын **оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй К.Ө /РД:**********/ нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын 3 дугаар багийн нутагт 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ **ХОА улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/ “...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 12.4 “Тээврийн хэрэгслийн хурдыг ...суурин газрын гадна 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэх заалтыг тус тус зөрчиж, замын хажууд зогсож байсан **БӨА улсын дугаартай Тоуоta pruis-20, **БӨҮ улсын дугаартай “Тоуоtа аlliоn” загварын тээврийн хэрэгслүүдийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас дээрх хоёр тээврийн хэрэгслийн дунд зогсож байсан хохирогч Ц.М-ийн амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

2. Прокурорын 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 94 дүгээр яллах дүгнэлтээр К.Ө-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн  2021/ШЗ/279 дүгээр шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.2 дахь заалт, 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгож, К.Ө-т холбогдох эрүүгийн 2213000130104 дугаартай хэрэгт дараах үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаажээ. Үүнд:

3.1. Д.Б-, С.Бу- нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх замаар тогтоох шаардлагатай гэжээ.

 

4. Яллагдагчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн давж заалдах гомдлын агуулга: 

4.1. Тухайн хэрэгт дурдаж байгаа зам тээврийн ослын хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, фото зургийн үзүүлэлт болон 1 дүгээр хавтаст хэргийн 18 дахь талд байгаа зам тээврийн ослын тэмдэглэлд **БӨҮ дугаартай тээврийн хэрэгсэл огт авагдаагүй, тэмдэглэгдээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

4.2. Үүнээс гадна **БӨҮ дугаартай тээврийн хэрэгсэл хохирогчийг эмнэлэгт хүргэж өгсөн гэдэг боловч С.Бу- үзлэгт тээврийн хэрэгсэлгүй оролцсон байдаг бөгөөд хяналтын прокурор Я.Дина үзлэгт биечлэн оролцсон байж ямар учраас **БӨҮ дугаартай тээврийн хэрэгслийг бодит байдлаар оролцуулаагүй нь анхаарал татаж байна. Иймд хэргийн газрын нөхөн үзлэгийг хийж, бодит байдлыг тогтоох нь чухал гэж үзэж байна.

4.3. К.Ө-ийг яллагдагчаар татаж мэдүүлэг авахдаа тулгаж мэдүүлэг авсан байх бөгөөд орчуулагч оролцуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15, 10.10 дугаар зүйлийн 7-г ноцтой зөрчиж мэдүүлэг авсан.

4.4. Шинжээч нарын дүгнэлтүүд өөр хоорондоо зөрж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчиж гарсан гэх мэт шүүгчийн хэргийг прокурорт буцаасан заалтыг дэмжиж байгаа бөгөөд дээрх ажиллагааг нэмж хийлгэх хүсэлттэй байна.

 

5. Прокурорын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Яллагдагч К.Ө-т холбогдох эрүүгийн 2213000130104 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Баян-Өлгий аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус хэргийг хянан хэлэлцээд 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 279 дүгээр шүүгчийн захирамжаар прокурорт  буцааж шийдвэрлэсэн. Энэхүү шүүгчийн захирамжид прокуророос болон дээд шатны прокуророос эсэргүүцэл бичээгүй. Шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийх шаардлагатай юм байна гэж мөрдөгч болон прокурорын зүгээс үзсэн. Яллагдагчийн өмгөөлөгч нараас давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт мэтгэлцсэн. Энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрах болсон шалтгаан нь хэргийн оролцогчдоос анх хийсэн шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч шинжээчдийн багаар дахин шинжилгээ гаргуулсантай холбоотой. Энэхүү шинжээчийн дүгнэлт нь хэргийн 83-84 дугаар хуудаст авагдсан. ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн “Тээврийн салбар”-ын гаргасан дээрх дүгнэлтэд тухайн үед Замын хөдөлгөөний дүрмийг ямар этгээд хэрхэн зөрчсөн болох нь тодорхой тусгагдсан.

5.2. Яллагдагчийн өмгөөлөгч Х.Даваахүү болон бусад өмгөөлөгч нараас 3 тээврийн хэрэгсэл зам тээврийн осолд холбогдсон байхад зөвхөн 2 тээврийн хэрэгслийг оролцуулж хэргийн газрын үзлэг хийсэн гэж маргаж байгаа. Гэтэл дахин шинжээч томилохдоо энэхүү хэргийн материалд авагдсан гэрч нарын мэдүүлэг болон холбогдох бусад нотлох баримтуудыг бүрэн хүргүүлсэн. Гэрч нар 3 дахь тээврийн хэрэгсэл буюу **БӨҮ улсын дугаартай “Toyota allion” загварын тээврийн хэрэгсэл ямар байрлалд байсныг тодорхой хэлж мэдүүлсэн. Хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгүүдээр **БӨА улсын дугаартай Toyota pruis-20 маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрөхгүйгээр зам дагуу зогсож байхад **БӨҮ улсын дугаартай “Toyota allion” загварын тээврийн хэрэгсэл урсгал сөрөөд  **БӨА улсын дугаартай Toyota pruis-20 маркийн хэрэгслийн урд зогсож тухайн тээврийн хэрэгслийг асаах үйлдэл хийж байхад дээрх хоёр тээврийн хэрэгслийн дунд хохирогч Ц.М- зогсож байсан нь тогтоогдсон. Шинжээчдийн баг зөвхөн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийг үндэслээд дүгнэлт гаргаагүй, хэрэгт авагдсан холбогдох бусад нотлох баримтуудыг үндэслээд дүгнэлт гаргасан.

5.3. Яллагдагчийн өмгөөлөгч нарын зүгээс хэргийн газрын үзлэгийг дахин хийх шаардлагагүй, 3 дахь тээврийн хэрэгслийг буюу **БӨҮ улсын дугаартай “Toyota allion” загварын тээврийн хэрэгслийн байрлалыг тогтоолгох хүсэлттэй байна гэж маргаж байгаа. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд **БӨҮ улсын дугаартай “Toyota allion” загварын тээврийн хэрэгсэл хаана байсан нь тогтоогдсон. **БӨҮ улсын дугаартай “Toyota allion” загварын тээврийн хэрэгслээр зам тээврийн осолд өртсөн хохирогчийг аймгийн төвд эмнэлгийн тусламж хүргүүлэхээр аваад явсан тул тус тээврийн хэрэгслийг хэргийн газрын үзлэгт оролцуулахгүйгээр үзлэг хийсэн. Тиймээс яллагдагчийн өмгөөлөгч нарын “анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт прокурорын дахин хэргийн газрын үзлэг хийснээр ямар нэгэн өөрчлөлт гарахгүй гэсэн тайлбарыг үндэслээд бидний дахин хэргийн газрын үзлэг хийлгэх тухай хүсэлтийг шүүх хангаагүй” гэсэн тайлбар нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан бүх нотлох баримтуудыг үнэлээд яллагдагчийн өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Шүүх Д.Б-, С.Бу- нарын үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох шаардлагатай гэж үзээд хэргийг прокурорт буцаасан.

5.4. Мөн шинжээчид эрх үүрэг тайлбарлахдаа хүчингүй болсон хуулийг тайлбарлаж өгсөн гэж маргаад байгаа боловч миний бие прокурорын хувиар шинжээчид эрх үүрэг тайлбарлахдаа хүчингүй болсон хууль сануулсан тохиолдол байхгүй. Практикт хүний биед гэмтэл учирсан гэмт хэргүүдэд дахин шинжээч томилсон тохиолдолд хамгийн сүүлд гарсан шинжээчийн дүгнэлтийг харгалзан тухайн хүний биед учирсан гэмтлийн зэргийг авч хэлэлцэж үздэг. Үүнтэй утга адил хамгийн сүүлд гарсан ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн “Тээврийн салбар”-ын мэргэшсэн багш нарын дүгнэлт гарсан байх тул прокурорын зүгээс дахин шинжээч томилох шаардлагагүй гэж үзсэн. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 279 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр нь үлдээж, давж заалдах журмаар гаргасан яллагдагчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэсэн тайлбартай байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            6. Давж заалдах шатны шүүх хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ уг захирамжийн үндэслэлд нэмэлт заалт оруулах буюу “мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх” тухай яллагдагчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр, хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянан үзлээ.

 

            7. Хэрэгт цугларсан нотлох баримтуудад, тухайлбал 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд, түүн дээрх тэмдэг, тэмдэглэгээ, хэргийн газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, мөн өдрийн зам тээврийн осол дээр тогтоосон акт зэрэг нотолгооны эх сурвалжуудад хэрэг учрал болсон үед С.Бу-н унаж явсан **БӨҮ улсын дугаартай Аллион маркийн тээврийн хэрэгслийн байрлал, хөдөлгөөний талаар тодорхой тусгагдсан, энэ талаар гэрч Ц.Б, С.Бу-, Д.Б-, К.Е, М.Б нарын мэдүүлэг зөрүүгүй зэрэг нөхцөл байдлуудыг үнэлэхэд, яллагдагчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн “зам тээврийн ослын тэмдэглэлд **БӨҮ дугаартай тээврийн хэрэгсэл огт авагдаагүй, тэмдэглэгдээгүй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Иймээс хэргийн газрыг үзлэгийг дахин хийлгэх тухай яллагдагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах тодорхой ажиллагааг дахин явуулах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй.

 

            8. Хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан тул яллагдагчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн “яллагдагчаас мэдүүлэг авахдаа тулгаж асуулт тавьсан, мөн орчуулагч оролцуулах үед баримтлах хуульд заасан журмыг зөрчсөн” гэсэн агуулгатай гомдолд давж заалдах шатны шүүх хуралдаанаас урьдчилж дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд яллагдагчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан дээрх нотлох баримтуудын нотлох баримт болохуйц чанар, нотлох баримтаар тооцох эсэх асуудлыг анхан шатны шүүхэд хэргийг хянан шийдвэрлэх үед хуульд заасан журмаар шийдвэрлэх бүрэн боломжтой.

 

            9. Хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн шийдэл хууль ёсны байх шаардлагыг хангасан боловч С.Бу-н үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах хууль зүйн болон бодит үндэслэл бүхий нөхцөл байдал хэргээс тогтоогдоогүйг тэмдэглэх нь зүйтэй.

Учир нь, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр шинжээчийн дүгнэлтэд “**** БӨҮ улсын дугаартай, Аллион маркийн тээврийн хэрэгслийн жолооч С.Бу- нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ийн “а”, 11.3, 14.1-г зөрчсөн ба 14.1-г зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн, 3.7-ийн “а”-г зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлөөгүй” гэсэн боловч дахин шинжилгээ хийсэн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 04/04 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “** БӨҮ улсын дугаартай, Аллион маркийн тээврийн хэрэгслийн жолооч С.Бу- нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. а/ заалтыг зөрчсөн боловч осол гарах агшинд тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцоогүй тул уг осол гарахад нөлөөлөөгүй” гэх дүгнэлт нь хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг болон бусад нотолгооны хэрэгслүүдэд  тусгагдсан баримтат мэдээлэлтэй ноцтой зөрүүгүй байна. (2 дахь хавтаст хэргийн 45, 83 дахь тал)

 

            10. Харин 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр шинжээчийн дүгнэлтэд “** БӨА улсын дугаартай, Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.Б- нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.5, 11.3-т заасныг тус тус зөрчсөн ба энэ нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн” гэж, дахин шинжилгээ хийсэн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 04/04 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “** БӨА улсын дугаартай, Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.Б- нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/, 9.5 дахь заалтыг  зөрчсөн, тэрээр Замын хөдөлгөөний дүрмийн 9.5 дахь заалтыг зөрчиж эхний ээлжид ослын зогсолтын тэмдгийг зохих журмын дагуу байрлуулаагүй нь уг осол гарахад зохих хэмжээгээр нөлөөлсөн” гэж тус тус дүгнэсэн нөхцөл байдал тогтоогдсон тул хэрэг учрал болох үед ** БӨА улсын дугаартай, Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Б-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхэд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд хуульчилсан хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

11. Дээрх үндэслэлээр хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн “Хэргийг прокурорт буцаах тухай” 2022/ШЗ/279 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагч К.Ө-ийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК