Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 104/ШШ2024/00513

 

2024 10 15 104/ШШ2024/00513

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, ******* тоотод байрлах, ******* ХХК /РД:*******/,

Хариуцагч: Улаанбаатар хот, *******, 2 дугаар хороо, ******* ******* тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо ,,, тоотод түр оршин суух, овогт ын /РД:/

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 11.237.124 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.

Хариуцагч: С.

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаБ.Хишигжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь С.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11.237.124 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: С. нь 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ******* ХХК-тай 11.800.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, улсын дугаартай Toyota Prius 30 маркийн машин барьцаалан сарын 3.5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрийг нэхэмжлэл гаргах өдөр хүртэл төлөөгүй бөгөөд манай байгууллагаас хугацаа хэтэрсэн тул зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг 113 хоногоор хэтрүүлсэн байна. Иймд үндсэн зээл 8.554.591 төгрөг, хүү 2.333.574 төгрөг, 113 хоногийн алданги 348.959 төгрөг, нийт 11.237.124 төгрөгийг С.аас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С. нь 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр манай компанитай 11.800.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, уг мөнгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар Toyota Prius 30 маркийн автомашин барьцаалан зээл авсан. Тус зээл нь 36 сарын хугацаанд хүү, үндсэн зээлтэйгээ нийлээд 20.890.000 төгрөг болж төлөгдөх байсан. Үүнээс хариуцагч 9.549.900 төгрөгийг төлсөн ба одоо үлдэгдэл 11.237.124 төгрөгийг төлөөгүй учир төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан гэв.

 

3. Хариуцагч С. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр би ******* ХХК-аас 11.800.000 төгрөгийн зээлээр Toyota Prius 30 маркийн автомашин зээлээр авсан. Би төлөлтөө хийж байсан боловч хувийн шалтгаанаас болоод төлж чадахгүй болсон. Зээлээ төлж чадахгүй болсон хугацаандаа ******* ХХК-д зээлийн хүү болон алдангийг зогсоолгох, үндсэн зээлийн үлдэгдэл 8.000.000 төгрөгийг гэрээ дуусах хугацаанд 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл төлж барагдуулна гэх хүсэлтийг тавьсан боловч зээлдэгч татгалзсан. Би зээлийн хүү, алданги нийлээд 11.237.124 төгрөг болж байгааг ойлгож байгаа, үүнтэй маргахгүй. Харин миний орлого муу, одоогийн нөхцөл байдлыг харгалзаад зээлийн хүү, алдангийг бууруулж өгөөч гэсэн хүсэлтийг тавьж байна гэв.

 

4.Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгч талаас 2022.07.08-ны өдрийн 1167130112000043 тоот автомашин лизингийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2022.07.08-ны өдрийн 1167130112000043 тоот фидуцийн гэрээ, Toyota Prius 30 маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, зээл хүсэгчийн анкет, С.ын эргэн төлөлтийн хуулга зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: С. нь 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ******* ХХК-тай 11.800.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, улсын дугаартай Toyota Prius 30 маркийн машин барьцаалан сарын 3.5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрийг нэхэмжлэл гаргах өдөр хүртэл төлөөгүй бөгөөд манай байгууллагаас хугацаа хэтэрсэн тул зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг 113 хоногоор хэтрүүлсэн. Иймд хариуцагчаас үндсэн зээл 8.554.591 төгрөг, хүү 2.333.574 төгрөг, 113 хоногийн алданги 348.959 төгрөг, нийт 11.237.124 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлж байна.

3. Хариуцагч С. нь ...зээл авсан нь үнэн, орлого муу одоогийн нөхцөл байдлыг минь харгалзаад зээлийн хүү, алдангийг багасгаж өгөөч гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Нэхэмжлэгч ******* ХХК, С. нарын хооронд 2022.07.08-ны өдөр автомашины лизингийн гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр С. нь автомашин зээлээр худалдан авах зорилгоор 11.800.000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж авсан, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцож, зээлийн гэрээнд С. зээлдэгчээр гарын үсэг зурсан байна.

4.2. 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ******* ХХК, С. нар нь улсын дугаартай Toyota Prius 30 маркийн автомашиныг 11.800.000 төгрөгөөр үнэлэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулсан байна.

5. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт заасан зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан хэлцэл хүчин төгөлдөр байна.

5.1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу ******* ХХК нь С.аас үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөр, алданги шаардах эрхтэй байна.

6. Талуудын хооронд 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан фидуцийн гэрээ нь бичгээр хийгдсэн, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.5 дахь хэсэгт заасантай нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл байна.

6.1. Гэвч нэхэмжлэгч фидуцийн гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангах шаардлага гаргаагүй, нэхэмжлэгч автомашинаа өгөхгүй, зээлийн үлдэгдэл төлбөрийг төлнө гэж тайлбарлаж байна. 

7. Хариуцагч С. тайлбартаа ...би ******* ХХК-аас нэхэмжилсэн 11.237.124 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа ч миний одоогийн нөхцөл байдлыг харгалзаад гэрээний хүүгийн төлбөр, алдангийг багасгах талаар тайлбарладаг. Хариуцагч үндсэн зээл 8.554.591 төгрөг, зээлийн хүү 2.333.574 төгрөг төлөх үндсэн үүргийг хүлээн зөвшөөрч байх тул уг гэрээний үүргийг биелүүлээгүйн улмаас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй алданги төлүүлэх талаарх гэрээнд заасан үүргийг төлөх нь хуульд нийцнэ гэж шүүх үзлээ.

7.1. Нэхэмжлэгч гэрээний зүйлийг зээлдэгчид хүлээлгэн өгсөн, хариуцагч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй нь хэрэгт цугларсан бичгийн баримт, зохигчын тайлбараар нотлогдсон тул нэхэмжлэлийн шаардлага болох 2022.07.08-ны өдрийн 1167130112000043 тоот автомашин лизингийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 8.554.591 төгрөг, хүүгийн төлбөр 2.333.574 төгрөг, алданги 348.959 төгрөг, нийт 11.237.124 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

8. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 194.750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч овогт ын аас зээлийн гэрээний үүрэгт 11.237.124 /арван нэгэн сая хоёр зуун гучин долоон мянга нэг зуун хорин дөрвөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194.750 /нэг зуун ерэн дөрвөн мянга долоон зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.аас 194.750 /нэг зуун ерэн дөрвөн мянга долоон зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ