Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2022/ДШМ/46

 

 

 

 

 

 

 

Т.А-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/154 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Т.А-т холбогдох эрүүгийн 2213001300125 дугаартай, 7 хавтастай хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлоор 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Өрен, шүүгдэгч Т.А-, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Бакен, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н- /цахим сүлжээгээр/ шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Айгерим нар оролцов.  

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Баян-Өлгий аймгийн Т суманд төрсөн, ** настай, эмэгтэй, ** боловсролтой, *** мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Т тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байсан, ам бүл ** хүнтэй, нөхөр хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн ** оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй Т.А- /РД:**********/. 

 

2. Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

2.1. Шүүгдэгч Т.А- нь Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Т тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байхдаа 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл харилцагч Б.Л-, Б.А-, Х.Б-, Б.Е-, Т.Ер-, А.Г-, Ш.Е-, С.К- нарын Х банкин дахь харилцах данснаас 31 удаагийн үйлдлээр 87,390,000 төгрөгийн бэлэн бус гүйлгээ хийж, хувьдаа завшсан,

2.2. Тооцооны төвийн эрхлэгчийн албан тушаалын байдлаа ашиглаж 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд харилцагч Б.Б, Б.Б, Б.Л-, Б.Т-, С.Х, А.Г-, С.А, Се.А, О.Ж, С.З нарын тус банк дахь хадгаламжийг барьцаалан 14 удаагийн үйлдлээр 269.800.000 төгрөгийн хадгаламж барьцаалсан цахим  зээл авч, завшсан,

2.3. 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр харилцагч Х.К-ийн нэр дээр 4.800.000 төгрөгийн, 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр харилцагч К.Т-ны нэр дээр 15.000.000 төгрөгийн малчны зээл гаргуулан авч 5,000,000 төгрөгийг, нийт 9.800.000 төгрөгийг өөртөө авч завшсан буюу албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу нийт 366,990,000 төгрөгийг хувьдаа завшиж, их хэмжээний хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт,

2.4. Шүүгдэгч Т.А- нь Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Т сумын тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байхдаа 2021 оны 11 дүгээр сарын 11-ний  өдөр хохирогч Б.П-д тус аймгийн Т сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах тус банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Т сумын тооцооны төвийн 70 м.кв бүхий хуучин барилгыг “худалдана” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж 14.000.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

3. Прокурорын 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 117 дугаартай яллах дүгнэлтээр шүүгдэгч  Т.А-ын дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/154 дүгээр шийтгэх тогтоолоор:

1. Шүүгдэгч Т.А-ыг “Хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн”, “залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2. Шүүгдэгч Т.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 4 (дөрөв) жилийн хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Т.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус оногдуулсан хорих ялаар нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялыг 6 (зургаа) жилийн хугацаагаар тогтоож,

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

5. Шүүгдэгчийн давж заалдах гомдлын агуулга: 

5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж хуульчилсан.

5.2. Миний бие хувийн байдлын хувьд ам бүл **, нөхөр, ** хүүхдийн хамт амьдардаг. Том охин Н.А 2014 оны 02 дугаар сарын 06-нд төрсөн, 8 нас 9 сартай, дараагийн охин Н.Д 2015 оны 8 дугаар сарын 14-нд төрсөн, 7 нас 2 сартай, хүү Н.О 2021 оны 3 дугаар сарын 10-нд төрсөн, 1 нас 8 сартай, Н.О нь тархины даралттай, таталт өгдөг, байнга эмчийн хяналтад байдаг. Би өөрөө 4 сартай жирэмсэн байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарч цагдан хоригдсоноос хойш хордлого өгөөд байнга бөөлжиж, хоол унд идэж чадахгүй хүнд нөхцөлд байна.

5.3. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд би өөрөө дээрх мөнгөний тодорхой хэсгийг гадаадын иргэний дансанд шилжүүлж залилуулсан. Энэ нь хэдийгээр миний хариуцлагагүй байдалтай холбоотой ч шүүх ял оногдуулахдаа өөрөө давхар хохирогч болсон асуудлыг анхаарч үзэх ёстой байсан.

5.4. Мөн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэж, ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заагдаагүй нөхцөл байдал болох их хэмжээний хохирол учруулсан нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон нь мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй гэж хуульчилсантай зөрчилдөж, миний эрх зүйн байдлыг доордуулсан гэж үзэхээр байна. Анхан шатны шүүх надад хорих ял оногдуулахдаа миний хувийн байдал, ар гэрийн ахуй амьдрал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзээгүй, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох ёсгүй нөхцөл байдлыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон нь миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна.

5.5. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэж, хохирлын асуудлыг шийдвэрлэхдээ Т.А- надаас 201,763,255 төгрөгийг гаргуулан Х банк (Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбар)-д олгохоор шийдвэрлэсний зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие тухайн үйлдсэн хэргийн асуудал анх сөхөгдөх үед айж сандрахдаа Улаанбаатар хот руу явсан. Энэ үед миний ах болох Т.Ж миний араас Улаанбаатар хотод очиж надтай уулзаж, аймагт авч ирсэн. Бид нарыг Улаанбаатар хотод байхад Х банкны хуулийн ажилтан миний ах Т.Ж-тай уулзаж, миний хохиролд тооцно гэж 18,000,000 /арван найман сая/ төгрөгийг Х банкны **** тоот дансанд шилжүүлэхийг шаардсан байдаг. Үүний дагуу ах Т.Ж өөрийн Х банк дахь ****тоот данснаас 18,000,000 төгрөгийг 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Х банкны **** тоот дансанд “Ainuriin hohirol tuluh” гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Гэтэл энэ 18,0 сая төгрөг хохирлын тооцоонд огт ороогүй байна. Иймд дээрх 18,0 сая төгрөгийг миний Х банк (Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбар)-д төлөх 201,763,255 төгрөгөөс хасаж тооцох ёстой.

5.6. Иймд миний гомдлыг дээрх үндэслэлүүдийн дагуу хянан шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр өөрчлөлт оруулж, надад анхан шатны шүүхээс оногдуулсан 6 жилийн хорих ялын хэмжээг багасгах, төлөх хохирлын хэмжээнд өөрчлөлт оруулах шийдвэр гаргаж өгнө үү.

 

6. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэд:

6.1. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Өрен би шүүгдэгч Т.А-т холбогдох эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүх хуралдаанд дараах тайлбарыг гаргаж байна. Т.А-ын үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ба шүүх мөн зүйл заалтаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн.

6.2. Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 6 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанарт учруулсан хохирол, хор уршгийн хэмжээнд нийцсэн. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Хохирогч Б.П, Т нарт 5.000.000, 14.000.000 төгрөгийг төлсөн боловч Х банканд учирсан иргэний нэхэмжлэгчээс нэхэмжилж буй 201,0 сая төгрөгийн хохирлыг барагдуулж өгөөгүй байгаа нь тогтоогдож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий шүүгдэгчийн хувийн байдал, хэргийн нөхцөл байдлыг үндэслэж үндэслэл бүхий шийдвэр гаргасан тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            7. Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэртэй холбогдуулан гаргасан шүүгдэгч Т.А-ын давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

8. Шийтгэх тогтоол “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин “үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлыг бүрэн тогтоож,  шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн дүгнэлт өгсөн байдлыг ойлгоно.

9. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчил тогтоогдоогүй болно.

10. Шүүгдэгч Т.А- нь  (1) Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Т тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байхдаа 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд харилцагч Б.Л-, Б.А-, Х.Б-, Б.Е-, Т.Ер-, А.Г-, Ш.Е-, С.К- нарын 8 хүний Х банк дахь харилцах данснаас харилцагчийн зөвшөөрөлгүйгээр интернэт банк үйлчилгээг нээх, харилцагчийн нууц үгийг олж авах зэргээр албан тушаалын байдлаа ашиглаж нийт  31 удаагийн үйлдлээр 87.390.000 төгрөгийн бэлэн бус гүйлгээ хийж, хувьдаа завшсан,

            (2) 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд харилцагч Б.Болат, Б.Бахыт, Б.Л-, Б.Т-, С.Х, А.Г-, С.А, Се.А, О.Ж, С.З нарын 10 хүний зөвшөөрөлгүйгээр, банканд бүртгэлтэй утасны дугаарыг өөрчлөн, интернэт банк үйлчилгээг нээх, үйлчилгээг бүртгэх, сэргээх, цахим зээлийн эрх шинээр үүсгэх,  харилцагчийн нууц үгийг олж авах зэргээр Х банк дахь хадгаламжийг нь барьцаалах, цахим зээл гаргах зэргээр банкны тооцооны төвийн эрхлэгчийн албан тушаалын байдлаа ашиглаж нийт 14 удаагийн үйлдлээр 269.800.000 төгрөгийг цахим  зээл авч, завшсан,

(3) Банкнаас зээл олгох зохих журмыг мөрдлөг болгохгүйгээр харилцагчтай тохиролцох, өөрөө шууд зээл судлан олгох, шийдвэрлэх зэргээр тооцооны төвийн эрхлэгчийн албан тушаалын байдлаа ашиглаж 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр харилцагч Х.К-ийн нэр дээр зээл гаргаж 4.800.000 төгрөгийг, 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр харилцагч К.Т-ны нэр дээр 15.000.000 төгрөгийн малчны зээл гаргаж 5.000.000 төгрөгийг, нийт 9.800.000 төгрөгийг өөртөө авч завшсан буюу албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө нийт 366.990.000 төгрөгийг хувьдаа завшиж, банканд их хэмжээний хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад хамаарах гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмаар цугларсан, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бичмэл нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон байна.

Түүнчлэн шүүгдэгч Т.А- нь (4) Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Т сумын тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байхдаа 2021 оны 11 дүгээр сарын 11-ний  өдөр хохирогч Б.П-ыг “тус аймгийн Т сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Т тооцооны төвийн 70 м.кв талбай бүхий хуучин барилгыг худалдана, худалдаж авахад хөрөнгө оруулалт шаардлагатай буюу өөрийн хөрөнгөтэй нийлүүлэх замаар худалдаж авна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, банкны тооцооны төвийн эрхлэгчийн албан тушаалын байдлаа ашиглаж хохирогчийг итгүүлэн, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 14.000.000 төгрөгийг нь өөртөө шилжүүлэн авч, залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар бүрэн, хангалттай тогтоогджээ.

11. Прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.А-ын дээрх 3 төрлийн үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар тус тус зүйлчилж, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан журмаар үнэлж болж өнгөрсөн үйл явдлыг сэргээн тогтоосон дүгнэлт нь эрүүгийн эрх зүйн хууль ёсны хийгээд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн хэргийн бодит байдлыг тогтоох зарчмуудад тус тус нийцсэн байна.

12. Анхан шатны шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Т.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж их хэмжээний хохирол учруулж үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, албан тушаалын байдлаа ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль ёсны болон гэм буруугийн зарчмыг бүрэн хангасан байна.

Шүүх шүүгдэгч Т.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар дөрвөн жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж шүүгдэгчид оногдуулсан дөрөв болон хоёр жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялын хэмжээг зургаан жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.А-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгч Т.А-ын үйлдсэн гэмт хэргүүд, залилах болон завших гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирлын хэмжээ, гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруугийн хэлбэр, албан тушаалын байдлаа ашиглаж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн арга, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд тус тус нийцсэн, шударга ёсны зарчмыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

13. Шүүгдэгч Т.А-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Х банканд нийт 366.990.000 төгрөгийн их хэмжээний хохирол /гүйлгээ тус бүрийн нийт хэмжээ/, хохирогч Х.К-д 4.800.000 төгрөг, К.Т-д 5.000.000 төгрөгийн, хохирогч Б.П-д 14.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэх явцад болон гэмт хэрэг үйлдсэний дараа, мөрдөн шалгах ажиллагааны явцад банканд учруулсан их хэмжээний хохирлоос төлж барагдуулсан байдлыг хасаж тооцоход, Т.А-ын банканд учруулсан бодит хохирол нийт 205.888.954 төгрөг дээр 14.400.000 төгрөгийг нэмэхэд нийт хохирлын хэмжээ 220.288.954 төгрөг гарч байгаа бөгөөд үүнээс банк Т.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад хохиролд төлсөн 18.525.699 төгрөгийг хасаж тооцоод, үлдсэн 201.763.255 төгрөгийг банкнаас авлага үүсгэж, нийт 12 харилцагчийн нэр дээрх зээлийн дансанд 13 удаагийн шилжүүлгээр төлж барагдуулсан байна.

Иймээс анхан шатны шүүх шүүгдэгчийн Х банканд учруулсан бодит хохирлыг хэрэгт цугларсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бөгөөд иргэний нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтуудыг хуульд заасан журмаар үнэлж зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зүйл, хэсгийг баримтлан шүүгдэгчээс нийт 201.763.255 төгрөг гаргуулан Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хуульд нийцжээ.

14. Шүүгдэгч Т.А-ын “банканд учруулсан хохирлыг зөв тооцоолоогүй буюу  мөрдөн шалгах ажиллагааны явцад төлсөн 18.000.000 төгрөгийг хохирлоос хасаагүй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Хэргийн 7 дугаар хавтасны 18 дахь талд авагдсан баримтаар Т.А-ын банканд учруулсан бодит хохирол нийт 205.888.954 төгрөг дээр 14.400.000 төгрөгийг нэмэхэд нийт хохирлын хэмжээ 220.288.954 төгрөг болж байгаа бөгөөд үүнээс банк Т.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад хохиролд төлсөн 18.525.699 төгрөгийг хасаж тооцоод, үлдсэн 201.763.255 төгрөгийг авлага үүсгэж, нийт 12 харилцагчийн дансанд төлсөн нь нотлогдсон ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдааны үед энэ талаарх давж заалдах гомдлоосоо татгалзсан хэдий хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлдээ хянаж буй тул давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ талаар тэмдэглэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

15. Хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэж шийтгэх тогтоол гаргах үед шүүгдэгч Т.А- нь хохирогч К.Т-нд 5.000.000 төгрөгийн, хохирогч Б.П-ад 14.000.000 төгрөгийн хохирол төлбөртэй байсан бөгөөд хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэх үед тэрхүү хохирол төлбөрүүдийг тус тус төлж барагдуулсан нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн нотлох баримтуудаар тогтоогдсон тул энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахгүйгээр давж заалдах шатны шүүх хуралдааны магадлалд тусгах замаар тэмдэглэх нь зүйтэй байна.

16. Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг удирдлага болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зургадугаар бүлэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг тогтоосон хэрэглэвэл зохих зүйл, хэсгийг баримталж шүүгдэгчийг хуульд заасан төрөл хэмжээний дотор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар дөрвөн жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж шүүгдэгчид оногдуулсан дөрөв болон хоёр жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялын хэмжээг зургаан жилийн хугацаагаар тогтоож, эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад  эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн учраас шүүгдэгчийн ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

    ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/154 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж, шүүгдэгч Т.А-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Шүүгдэгч Т.А- нь хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэх үед хохирогч К.Т-нд  учруулсан 5.000.000 төгрөгийн, хохирогч Б.П-ад учруулсан  14.000.000 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсныг тэмдэглэж, тэрээр хохирогч К.Т болон Б.П нарт төлөх хохирол төлбөргүйг дурдсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Т.А-ын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор цагдан хоригдсон нийт 61 /жаран нэг/ хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК