Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 138/ШШ2024/00837

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Жаргалтуяа би,

Нэхэмжлэгч: Дорнод аймаг оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******н ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******н *******т холбогдох,

Түрээсийн гэрээний үүрэгт 1,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.******* /утас / шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Хэрлэн сумын 7 дугаар баг, 78 дугаар байрны 19 тоот өөрийн өмчлөлийн 2 өрөө байрыг нэг сарын 500,000 төгрөгөөр түрээслэхээр, түрээсийг сар бүр төлөхөөр, сар бүр түрээсийн төлбөрөө хийхдээ хэрэглээ ашиглалтын зардлыг хариуцаж байхаар Б.*******тай амаар тохиролцож, Б.******* нь 2023 оны 6, 7 дугаар сард тус орон сууцанд амьдарсан. Түрээсийн төлбөрөө өгөөгүй учир 8 дугаар сараас гаргасан. Амьдарч байх хугацаандаа гал тогооны крантыг эвдэлсэн байсан ба ус, цахилгааны төлбөрийг төлөөгүй. Энэ талаар өөрт нь удаа дараа мэдэгдэж байсан ба тохиролцсон үүргээ биелүүлээгүй. Иймд Б.*******аас түрээсийн гэрээний үүрэгт 1,000,000 төгрөг, хэрэглээ ашиглалтын зардалд 500,000 төгрөг, нийт 1,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү  гэжээ.

Хариуцагч Б.******* /утас / шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие С.******* гаргасан нэхэмжлэлийн шаардлага 1,500,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Үүнийг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны дотор төлж барагдуулна гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Б.*******т холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 1,500,000 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн түрээсийн гэрээний үүрэгт 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Б.******* нь түрээсийн гэрээний үүрэгт 1,500,000 төгрөгийг нэхэмжлэгч С.*******д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийн 50 хувь болох 19,475 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 19,475 төгрөгийг, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 19,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.*******д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Г.ЖАРГАЛТУЯА