Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2024/04953

 

 

 

 

 

 

 

   2024 оны 10 сарын 29 өдөр                         Дугаар 102/ШШ2024/04953                         Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.М нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.А 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М, хариуцагч Э.А, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Б.Цэлмэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид хоёр 2019 онд танилцаад, 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ батлуулж, гэр бүл болсон. Тэгээд 2 нас 7 сартай байхад хотод авчраад байранд орсон. Энэ хүн гэр бүлээс гадуурх харилцаа үүсгээд, 2023 оны 07 дугаар сар хамт амьдрахаа болсон. Энэ хүн гэр бүлтэй болоод одоо жирэмсэн 09 сартай. Тиймээс гэрлэлтийг цуцалж, хүүхдийг миний асрамжид үлдээж өгнө үү” гэв.

2. Хариуцагч хариу тайлбартаа: “Салах шалтгаан бол энэ хүн өөрөө шийдвэр гаргах чадваргүй, дандаа эцэг эх нь өмнөөс нь шийдвэр гаргадаг.  Аав ээж нь гэр бүлийн асуудалд байнга оролцдог. 2 дүүтэй нь хамт амьдардаг байсан бөгөөд харилцаа муутай байсан. 2 дүүгээс нь болоод бид хоёр үргэлж маргалддаг байсан. 4 жилийн хугацаанд энэ хүний гэр бүлийнхний дарамтад амьдардаг байсан. Тэгээд би салъя гэж хэлээд 2023 оны 06 дугаар сард хүүхэдтэйгээ хөдөө ээж аав руугаа явсан. Тэгээд явсны дараа энэ хүний ээж над руу элдэв бусаар доромжилсон мессеж явуулаад, хүүхдээ аваад ир гээд байхаар нь 06 дугаар сарын 12-ны өдөр би очсон. Хүүхдийнхээ төрсөн өдрийг хамт тэмдэглээд маргааш нь намайг ажилд явсан хойгуур аваад явсан байсан. Дахиж ээж аавдаа өгч явуулахгүй гэж надад хэлчхээд аваад явсан байсанд нь би маш их гомдсон. Тэр үед 2023 оны 06 дугаар сард хүүхэд маань 3 настай байсан. Тэр үеэс хэрүүл тасрахаа байсан бөгөөд хариуцагч өөр харилцдаг хүнтэй байсан. Манай ажлын эгч гэж байсан хүн нь байсан. Намайг 3 жил хүүхэдтэй маань хамт аав ээж дээрээ байлгасан. Нэг жил нь хүүхдийг хариуцагч аав ээж рүүгээ явуулсан. Хүүхдийн талаар ярилцах гэхээр надтай огт холбоо барьдаггүй ээжээр дамжуулж холбоо барьдаг. Гэрлэлт цуцлалтыг хүлээн зөвшөөрч байгаа, хүүхдийн асрамжийг аавд үлдээхийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

3. Нэхэмжлэгчээс гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх 6/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх 8/, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх 7/, сургуулийн тодорхойлолт /хх 9/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 10/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн тэмдэглэл /хх 11/ шүүхэд гарган өгчээ.

          ҮНДЭСЛЭХ нь:

4. Б.М болон Э.А нар 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр гэр бүл болсныг эрх бүхий байгууллага бүртгэж гэрлэлтийн гэрчилгээ олгосон ба гэрлэгчдийн дундаас 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүү М.М төржээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гарган шүүхэд хандахдаа “бид зан харьцаа болон бусад таарамжгүй байдлын улмаас цаашид хамт амьдрах боломжгүй болсон” гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

 

5. Шүүх гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох, мөн гэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс талуудыг эвлэрүүлэхэд анхаарах үүрэгтэй.

 

6. Гэрлэгчид Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасны дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч тэднийг эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болсон болох нь 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Талууд гэр бүл цуцлахыг харилцан зөвшөөрсөн нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд цаашид хамт амьдрах хүсэлгүй нөхцөл байдлыг үндэслэж шүүхийн зүгээс нэхэмжлэгч болон хариуцагч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 132.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгүүдэд заасны дагуу эвлэрүүлэх арга хэмжээг дахин авалгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн зэргийг харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.

 

Хариуцагч хүүхдийг эцгийн асрамжид үлдээхэд татгалзахгүй гэсэн тул хүүхдийг эцгийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.М, Э.А нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү М.М-г эцэг Б.М-н асрамжид үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ