Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2022/ДШМ/45

 

 

 

 

 

Т.Б-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, тус шүүхийн шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/151 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Т.Б-д холбогдох эрүүгийн 2213001610166 дугаартай, 2 хавтастай хэргийг хохирогч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Дорждэрэм, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хохирогч С.Т-, хохирогчийн өмгөөлөгч Я.Сьезд,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Арманбек, орчуулагч Т.Баршагүл нар оролцов.  

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, *** оны ** дугаар сарын **-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ц суманд төрсөн, ** настай, эрэгтэй, ** боловсролтой, ** мэргэжилтэй, тус аймгийн *** ажилтай, ам бүл ** хүнтэй, эхнэр хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн *** оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т.Б- /РД:********/. 

 

2. Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

2.1. Шүүгдэгч Т.Б- нь Баян-Өлгий аймгийн Ц сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр өөрийн эзэмшлийн ****БӨТ улсын дугаартай УАЭ-31512 загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 15.8 дахь заалтыг зөрчиж, улсын дугааргүй “Sanуа” маркийн мотоциклийг жолоодож явсан С.Т-ыг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч С.Т-ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

3. Прокурорын 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 132 дугаартай яллах дүгнэлтээр шүүгдэгч  Т.Б-ы дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/151 дүгээр шийтгэх тогтоолоор:

4.1. Шүүгдэгч Т.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

4.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

4.4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-аас 459.600 /дөрвөн зуун тавин есөн мянга зургаан зуу/ төгрөг гаргуулан хохирогч С.Т-д олгож, илүү нэхэмжилсэн 12.800.000 /арван хоёр сая найман зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

4.5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч С.Т- нь эрүүл мэндээ эмчлүүлэхэд цаашид гарах зардал байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж, жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Хохирогч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: 

5.1. Анхан шатны шүүхээс хохирогч С.Т-д гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг болох 12.800.000 /арван хоёр сая найман зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосон явдалд гомдолтой байна.

5.2. Эрүүгийн хавтаст хэрэгт шүүгдэгч Т.Б-ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид дараах нөхцөл байдал буюу гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан байна үзэж байна. Хохирогч С.Т- нь авто осолд орохоос өмнө эцэг Р.С-ийн хамт хувиараа хөдөлмөр эрхэлж, тухайлбал хувь хүмүүсийн амины сууц барьж, тодорхой хэмжээний мөнгөөр амьдралаа залгуулж байсан нь эрүүгийн хавтаст хэргийн 76 дугаар талд авагдсан гэрч К.Ө-ийн мэдүүлэг, 79 дүгээр талд авагдсан гэрч С.М-ийн мэдүүлэг, 81 дүгээр талд авагдсан Х.Т-ын мэдүүлэг, 83 дугаар талд авагдсан гэрч Р.С-ийн мэдүүлэг, 204 дүгээр талд авагдсан иргэн М.К-ийн тодорхойлолт, 205 дугаар талд авагдсан иргэн С.А-ын тодорхойлолт, 218 дугаар талд авагдсан иргэн Е.Д-ын нөхөр Б.Т-ын тодорхойлолт, 219 дүгээр талд авагдсан иргэн Б.А-ийн тодорхойлолт, 220 дугаар талд авагдсан Е.Ж-ийн тодорхойлолт, иргэн С.Е-аы тодорхойлолт, Баян-Өлгий аймгийн Ц сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2022.08.17-ны өдрийн тодорхойлолт, банкны депозит дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар батлагдсан.

5.3. Хохирогч С.Т-ы зүүн талын хөлийн шилбэ 5 газарт хугарсан ба тэрээр 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн хөдөлмөр чадвар алдалтыг 50 хувиар алдсан болох нь тогтоогдсон.

5.4. Хохирогч С.Т- нь монгол хэл мэдэхгүй учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3. Өмгөөлөгч оролцуулах ... өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрх үүсэж өмгөөллийн хөлсөнд 500.000 төгрөг төлсөн.

5.5. Хохирогч С.Т-ы хөл нь 5 газарт хугарсан учир тэрээр хуучин шиг хөдөлмөр эрхлэх боломжгүй, хоёр суга таягтай, хэвтрийн байдалд орсон, түүний ам бүл 4, эхнэр нь ажилгүй, 2 бага насны хүүхэдтэй.

5.6. 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр болсон эрүүгийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон Д.Дуламжаваас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Т.Б-аас 3,000,000 /гурван сая/ төгрөг гаргуулах тухай санал гаргаж байсан.

5.7. 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр болсон эрүүгийн шүүх хуралдаанд улсын яллагч Д.Дуламжав гэмт хэргийн улмаас бодит хохиролд 959,600 төгрөгийг шүүгдэгчид төлүүлэх саналтай байсан гэсэн боловч анхан шатны шүүх улсын яллагчийн санал болгосон 959,600 төгрөгөөс 459,600 төгрөгийг төлүүлж, үлдсэн 500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон.

5.8. 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр, 2022 оны 10 дугаар 10-ны өдөр явагдсан эрүүгийн шүүх хуралдааны үеэр шүүгдэгч Т.Б- нь анхан шатны шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг төлүүлэх тухай шийдвэр гаргавал миний бие уг хор уршгийн төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй гэж мэдүүлж байсан.

5.9. Иймээс анхан шатны шүүх эрүүгийн хэрэгт авагдсан дээр дурдсан нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэт судлаагүй, ирээдүйд орох орлогыг гаргах боломжгүй гэж дүгнэлт хийж, гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт нэг ч төгрөг төлүүлэхгүй байгаа явдалд гомдолтой байна. Энэ бол шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна.

5.10. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хууль зүйн үндсийг хянан үзээд уг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад өөрчлөлт оруулж, шүүгдэгч Т.Б-аас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 12.800.000 /арван хоёр сая найман зуун/ төгрөг гаргуулан хохирогч С.Т-д олгох тухай шийдвэр гаргаж өгөхийг хүсэж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр нь үлдээж өгөхийг хүсье.

 

6. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэд:

6.1. Тайлбар дүгнэлтээ хамт гаргая. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан.

6.2. Шийтгэл тогтоолын 4, 5 дахь заалтуудад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж заасан.

6.3. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий, хууль хэрэглээний алдаагүй гарсан байх тул  Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/151 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч, түүний өмгөөлөгчийн хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

7. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан хохирогч С.Т-, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын  давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянахад, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

            8. Шүүгдэгч Т.Б- нь Баян-Өлгий аймгийн Ц сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр өөрийн эзэмшлийн ****БӨТ улсын дугаартай УАЭ-31512 загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 15.8 дахь заалтыг зөрчиж, улсын дугааргүй “Sanуа” маркийн мотоциклийг жолоодож явсан С.Т-ыг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч С.Т-ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн тогтоогджээ.

 

            9. Хэрэгт цугларсан мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлүүд, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, гэрчийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, хохирогч С.Т-ы өвчний түүх, хохирлын үнэлгээний дүгнэлтүүд болон баримтууд зэрэг бичмэл нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан үнэлэхэд, шүүгдэгч Т.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон байна.

 

            10. Шүүгдэгч Т.Б-ы  дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, мөн зүйлд зааснаар шүүгдэгч Т.Б-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм бурууд нь тохирсон, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцжээ.

 

11. Шүүгдэгч Т.Б-ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Т-ы биед зүүн шаантын дунд 1/3 сэлтэрхийтэй, зөрөөтэй битүү хугарал, зүүн тахилзуур ясны дунд хэсгийн хугарал, тархины доргилт, зүүн духны хэсгийн, зүүн гарын зүсэгдсэн  буюу хүндэвтэр ангиллын зэрэгт хамаарах гэмтэл учирсан бөгөөд шийтгэх тогтоолоор түүнд 459,600 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж, илүү нэхэмжилсэн 12,800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, цаашид эрүүл мэндээ эмчлүүлэхэд гарах зардал байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогчоос “...авто осолд орохоос өмнө эцэг Р.С-ийн хамт хувиараа хөдөлмөр эрхэлж, тухайлбал хувь хүмүүсийн амины сууц барьж, тодорхой хэмжээний мөнгөөр амьдралаа залгуулж байсан бөгөөд олох байсан орлого 12.300.000 төгрөг, өмгөөллийн хөлсөнд төлсөн 500,000 төгрөг, нийт 12.800.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” тухай давж заалдах гомдол гаргажээ.

 

12. Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “....бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхийг баталгаажуулсан. Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрхийг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн хохирол, хор уршгийн ялгааг нарийвчлан тодорхойлжээ.  Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж тус тус хуульчилсан.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална" гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг баталсан ба тус журмын 2.6.6-д “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр тооцно” гэж заажээ.

 

14. Хохирогч С.Т-ы хувьд хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэхдээ өөрөө хүсэж, сонгож авсан өмгөөлөгчтэйгөө харилцан тохиролцож төлсөн өмгөөллийн хөлс нь 500.000 төгрөг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

 

15. Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан хохирогчид учирсан хохирол болон хор уршгийг арилгахтай холбоотой гарсан зардал, төлбөрийн баримтуудыг судлан үзэхэд, хохирогч С.Т-ы эмчилгээний зардалд 2,685,000 төгрөг, мотоциклыг засуулахад гарах төлбөрт 188,500 төгрөг нийт 2,873,500 төгрөгийг төлсөн /1 хх-ийн 40-54 дэх тал/,  мөн хавтаст хэргийн материалтай танилцах болон шүүх хуралдаанд такси хөлсөлж ирэхэд гарсан зардал 459,600 төгрөгийг шүүгдэгч төлж өгөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгчээс 459.600 төгрөгийг гаргуулан хохирогч С.Т-д олгохоор, мөн түүнчлэн хохирогчийн хууль зүйн туслалцаа авахад төлсөн өмгөөлөгчийн хөлс 500,000 төгрөг, өвчтэй байх хугацаанд олох байсан орлого 12.300.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан журмаар үнэлж, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

16. Хохирогч С.Т-ы гомдолд дурдсан “эрүүгийн хавтаст хэргийн 76 дугаар талд авагдсан гэрч К.Ө-ийн мэдүүлэг, 79 дүгээр талд авагдсан гэрч С.М-ийн мэдүүлэг, 81 дүгээр талд авагдсан Х.Т-ын мэдүүлэг, 83 дугаар талд авагдсан гэрч Р.С-ийн мэдүүлэг, 204 дүгээр талд авагдсан иргэн М.К-ийн тодорхойлолт, 205 дугаар талд авагдсан иргэн С.А-ын тодорхойлолт, 218 дугаар талд авагдсан иргэн Е.Д-ийн нөхөр Б.Т-ын тодорхойлолт, 219 дүгээр талд авагдсан иргэн Б.А-ийн тодорхойлолт, 220 дугаар талд авагдсан Е.Ж-ийн тодорхойлолт, иргэн С.Е-ны тодорхойлолт, Баян-Өлгий аймгийн Ц сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2022.08.17-ны өдрийн тодорхойлолт, банкны депозит дансны хуулга” зэрэг нотлох баримтуудаар түүний авто осолд орохоосоо өмнө хувийн амины сууц барьж, хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан гэх үйл баримтыг нотлох боловч түүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учрахаас өмнө олж байсан нэг сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг шууд тогтоох боломжгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв. 

 

            17. Хохирогчид учирсан хохирол болон хор уршгийг арилгуулахтай холбоотой гарсан  төлбөрийн хэмжээг хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд нарийвчлан тооцож, бодитой тогтоож, хохирогчийн нэхэмжилсэн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх” зорилтод нийцсэн, шударга ёсны зарчмыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/151 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч С.Т-, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧ                                                                 М.НЯМБАЯР

 

ШҮҮГЧ                                                                 Д.КӨБЕШ