Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 01786

 

 

 

 

Б.Ннэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2020/01513 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Нхариуцагч Улсын Ерөнхий прокурорын газарт холбогдуулан гаргасан нэг удаагийн буцалтгүй тэтгэмж 86 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Өлзийбат нь Говь-Алтай аймгийн Прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор ажиллаж байсан ба 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байгаад нас барсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, тус аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагчийн тайлбар, Говь-Алтай аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Ганбаатарын 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 1/227 дугаартай албан бичиг зэргээр өвчний улмаас нас бараагүй, үхлийн шалтгаанд орсон хам шинжүүд нь үндсэн өвчинд огт ордоггүй, урьдчилан харах боломжгүй гэнэтийн үйл тохиолдлоос шалтгаалан ажил үүргээ гүйцэтгэж байгаад гэнэт нас барсан. Б.Өлзийбат нь 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ажлын байрнаас эмнэлэгт очиж, эмнэлэгт үзүүлэхээр очиж тэндээ нас барсан нь түүнийг ажил үүргээ гүйцэтгэж яваад нас барсан гэх үндэслэлтэй тул 36 сарын албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тэтгэмж 86 400 000 төгрөгийг олгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говь-Алтай аймгийн прокурорын газарт хяналтын прокуророор ажиллаж байсан Б.Өлзийбат нь Улсын Ерөнхий прокурорын 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Б/274 дугаартай тушаалаар хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор томилогдсон. Б.Өлзийбат нь 2017 оны 5 дугаар сарын 03-ны өглөө 08 цаг 30 минутад гэрээсээ Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт очиж шинжилгээ өгч эмчилгээ хийлгэн улмаар биеийн байдал нь муудан сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаад тус өдрийн 19 цаг 35 минутанд удаан дарагдлын хам шинжийн хүндрэл болон олон эрхтний дутагдал, цус түгээмлээр бүлэгнэх хам шинжийн улмаас нас барсан болох нь Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тогтоогдсон тул 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 197 дугаартай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Б.Өлзийбат нь тухайн үед ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг ажлын болон ажлын бус цагаар гүйцэтгэж байгаагүй, өвчний учир нас барсан тул хуульд заасан тэтгэмжийг олгох үндэслэлгүй. Иймд Б.Ннэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Прокурорын байгууллагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасанд хамаарахгүй тул Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас нэг удаагийн буцалтгүй тэтгэмж 86 400 000 төгрөг гаргуулах тухай Б.Ннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурьдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Б.Өлзийбат нь 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ажлын бус цагаар гэрээс эмнэлэгт өөрийн эрүүл мэнд буюу биеийн зовиурыг үзүүлэх зорилгоор гэрээсээ 7 цагийн үед гарсан. Тухайн өдөр ажилдаа очоогүй, мөн албан үүргээ гүйцэтгэж байгаагүй..." гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй. Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2017 оны 5 дугаар сарын цагийн бүртгэл, гэрч Б.Ганбаатарын мэдүүлэг, Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 32 дугаар магадлал зэрэг баримтуудаар Б.Өлзийбат нь ээлжийн амралт эдлэлгүйгээр 2 жил орчим хугацаанд тасралтгүйгээр ажил үүргээ гүйцэтгэж байсан болох нь тогтоогдсон. Тэрээр нас барах өдрөө ажилдаа очихоор албаны байдлаар хувцасласан байсан бөгөөд ажил эхлэхээс өмнө эмнэлэгт үзүүлэхээр өглөө эрт 7 цагт гарсан болох нь гэрч Б.Арсланбаатарын "...Шинжилгээ өгөөд шууд ажилдаа очно гэж байсан. Костюм, пиджактай гадуураа өвдөгнөөс дээгүүр татсан хүрэмтэй байсан, надтай “Маргааш шинжилгээ өгчихөөд ажилдаа явмаар байна. Өглөө ирээд намайг аваач" гэж ярьсан..." гэсэн", гэрч Л.Гантөмөрийн "...Костюм, пиджактай, зангиатай гадуураа цувтай байсан" гэсэн мэдүүлгүүдээр нотлогдсон. Анхан шатны шүүх уг маргаанд хамаарах холбогдох хуулийг хэрэглээгүй, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн. Прокурорын байгууллагын тухай хууль (2002 оны) 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасан прокурор албан үүргээ гүйцэтгэж байхдаа гэснийг хэрхэн ойлгох талаар нарийвчилан зохицуулсан хуулийн хэм хэмжээ байхгүй. Харин Засгийн газрын 2019 оны 8 дугаар тогтоолоор батлагдсан төрийн үүрэгт хамаарах бусад байршилд гүйцэтгэх, мөн гэрээс ажлын байр, ажлын байрнаас гэртээ харих, явцыг хамааруулан үзэхээр зохицуулсан байдаг.

Дээрх журмын зохицуулалтыг Б.Өлзийбатын амь нас хохирсон үйл явдалд хэрэглэх нь Иргэний хуулийн 4 дүгээр зүйлинн 4.2 дахь хэсэгт заасан “...төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээ байхгүй бол тухайн харилцааг иргэний эрх зүйн агуулга, зарчим, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд ннйцүүлэн зохицуулна..." гэсэнд нийцэх тул тэрээр ажлдаа явахдаа эмнэлэгт очиж тэндээ нас барсныг прокурорын ажил үүргээ гүйцэтгэж байсанд хамааруулан үзэх боломжтой. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж талуудын хооронд үүссэн маргаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

            Нэхэмжлэгч Б.Наранцэцэг нь хариуцагч Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт холбогдуулан нэг удаагийн буцалтгүй тэтгэмж 86 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөгч эс зөвшөөрч албан үүргээ ажлын болон ажлын бус цагаар гүйцэтгэж байгаагүй өвчний улмаас нас барсан тул тэтгэмж олгох үндэслэлгүй гэж маргажээ.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... миний нөхөр Б.Өлзийбат нь Говь-Алтай аймгийн прокурорын газарт хяналтын прокурорын ажил үүргээ гүйцэтгэж байгаад гэнэт нас барсан тул 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тэтгэмж 86 400 000 төгрөг гаргуулна” гэх агуулгаар тодорхойлсон байна.

            Б.Өлзийбат нь Говь-Алтай аймгийн прокурорын газарт ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор ажиллаж байсан бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт удаан дарагдлын хам шинжийн хүндрэл олон эрхтний дутагдал, цус түгээмлээр бүлэгнэх хам шинж өвчний улмаас нас барсан үйл баримт хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар тогтоогджээ. /хх 7, 6-8/        

Прокурорын байгууллагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт “Прокурор албан үүргээ гүйцэтгэж байхдаа амь насаа алдсан буюу албан үүрэгтэй нь холбогдуулан амь насыг нь хохироосон бол түүний ар гэрт 36 сарын албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгоно” гэж заажээ.

Хэрэгт авагдсан Говь-Алтай аймгийн прокурорын газрын ажилчдын цагийн бүртгэл, тус аймгийн нэгдсэн эмнэлэгийн өвчний түүх нээсэн тухай баримт, гэрч Б.Арсланбаатар, Л.Гантөмөр нарын мэдүүлэг зэргээр үзэхэд Б.Өлзийбат нь 2017 оны  5 дугаар сарын 03-ны өдөр ажил дээрээ очоогүй, мөн өдрийн 07 цаг өнгөрч байхад гэрээсээ шууд эмнэлэгт очсон буюу нас барах үедээ ажил дээрээ байгаагүй болох нь тогтоогдсон. Ажилдаа ирэх явцдаа нас барсан гэж дүгнэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. /хх-81-93, 97-101, 119-131/      

Иймд нэхэмжлэгчид хариуцагч байгууллагаас  нэг удаагийн буцалтгүй тэтгэмж 86 400 000 төгрөг гаргуулах үндэслэлгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.          

Дээрх дурьдсан үндэслэлээр “анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн” нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2020/01513 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАТЗОРИГ

                                                   ШҮҮГЧИД                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                    Д.БАЙГАЛМАА