| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2023/01197/И |
| Дугаар | 102/ШШ2024/02065 |
| Огноо | 2024-04-19 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2024/02065
2024 оны * сарын * өдөр Дугаар * Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч *даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн * дүгээр хороо, * дугаар байрны * тоотод оршин суух * овогт * *-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн * дүгээр хороо, * дугаар байрны * тоотод оршин суух * овогт * *-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдийн асрамж тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *, хариуцагч *, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга * нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие * онд * танилцаж, хамтран амьдарч эхэлсэн. Бид * оны * дугаар сарын *-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ батлуулж, гэрлэлтийн * дугаартай гэрчилгээ авсан. Бидний хүү *, 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр төрсөн. Сүүлийн 4 жилийн хугацаанд сар бүр давтамжтай намайг олон удаа хуурсны улмаас байнгын гэр бүлийн маргаантай болон 4-5 удаа биед минт гэмтэл учруулж, хүүхдийн хажууд хэрэлдэж амьдарч байна. Цаашид би *тай хамтран амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид үлдээж, эцгээс нь тэтгэлэг гаргуулах шаардлага гаргаж байна. Хамтран өмчлөн дундын эд хөрөнгө хуваах шаардлагаасаа татгалзаж байна. гэв.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Гэрлэлт цуцлах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн асрамжийг өөр дээрээ авахаар сөрөг нэхэмжлэл гаргасан тул бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.
3. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний хувьд 2017 онд танилцаж, 2017 оны намраас хамт амьдарсан бөгөөд бидний дундаас хүү * нь 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр төрсөн. Бидний тусдаа амьдрах болсон шалтгаан нь 2022 оны 11 дүгээр сараас эхэлсэн бөгөөд хоорондын үл ойлголцол, хардалт зэргээс үүдэлтэй маргаан гарсаар 2023 оны 01 дүгээр сараас эхлэн тусдаа амьдарч байна. Одоо эхнэр маань * гэх залуутай дотно харилцаа үүсгэж, хамт амьдардаг гэж бодож байна. Өмнө нь бас энэ залуутай харилцаатай байсан. 2023 оны 3 дугаар сарын 27-ны орой хүү *-ий төрсөн өдрөөр * ирж, хаалга балбаж, агсам тавьсан. Мөн 2023 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүүгээ хүргэж өгөөд гарч авахад орцонд *таарч сүх барьж дайрч, хүмүүс ирж салгасан. Энэ үед эхнэр хажууд байсан. Мөн эхнэрийг энэ залуу уруу татан мансууруулах төрлийн бодис хэрэглүүлдэг байж болзошгүй гэж үзэж байна. Хүүгээ дээрх харгис, балмад этгээдийн хажууд өсгөхгүй, хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлнө гэж үзэж өөрийн асрамжид авах шаардлага гаргаж байна. гэв.
4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хүүхдээ би өөрөө дээрээ авна. Бид өөр хүнтэй хамт амьдраагүй. Эрдэнэтэд аав, ээж дээрээ байж байгаад хотод ирсэн. Энд ажил хийж байгаа. Энэ бүхэн чамаас л болсон. Чи л эхлүүлсэн. Яаж хүүхдээ ээжээс нь авна гэж бодож байгааг ойлгохгүй байна. Би төгссөн цагаасаа эхлэн тогтмол ажиллаж байгаа. гэв.
5. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 3, 10/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх 5, 11/, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх 6,12/, хүүхдийн эрүүл өсөж байгаа тодорхойлолт /хх 4/, фото зураг /7-8/, хариуцагчаас Таван толгой түлш ХХК-ийн цалингийн тодорхойлолт /хх 41/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх 42/, хажуу өрөө хөлслүүлэх гэрээ /хх 43-48/ тус тус шүүхэд гарган өгчээ.
Шүүх хариуцагчийн хүсэлтээр хийсэн сиди бичлэг болон гар утсанд үзлэгийн тэмдэглэл үйлджээ. /хх 60-61/
ҮНДЭСЛЭХ нь:
6. * болон * нар * оны * дугаар сарын *-ний өдөр гэр бүл болсныг эрх бүхий байгууллага бүртгэж гэрлэлтийн гэрчилгээ олгосон ба гэрлэгчдийн дундаас * оны * дугаар сарын *-ны өдөр хүү * төржээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гарган шүүхэд хандахдаа бид зан харьцаа болон бусад таарамжгүй байдлын улмаас цаашид хамт амьдрах боломжгүй болсон гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.
7. Шүүх гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох, мөн гэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс талуудыг эвлэрүүлэхэд анхаарах үүрэгтэй.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн * оны * дугаар сарын *-ны өдрийн * дугаартай захирамжаар гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн боловч тэднийг эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болсон болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн * оны * дугаар сарын *-ны өдрийн тэмдэглэлээр тогтоогдож байна.
8. Нэхэмжлэгч хариуцагчтай эвлэрэх боломжгүй нь түүний шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд цаашид хамт амьдрах хүсэлгүй нөхцөл байдлыг үндэслэж шүүхийн зүгээс гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн зэргийг харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр * дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийг шинжээчээр томилсон боловч хариуцагч шинжээч ажиллуулахаас татгалзсаны улмаас дүгнэх гаргах боломжгүй болж, шинжээчийн дүгнэлт гарахаас татгалзжээ.
Шүүхээс * оны * дугаар сарын *-ны өдөр хүү *нь * настай, төрсөн цагаасаа эхлэн ээжээсээ холдоогүй, төрж өссөн гэртээ ээжтэйгээ хамт байдаг, тухайн орчиндоо цэцэрлэгт хамрагддаг байдлаас үзвэл хүүхдийг эхийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч нэхэмжлэгчийг мансууруулах бодис хэрэглэдэг, бусадтай хамтран амьдарч байгаа, ажилгүй гэсэн боловч энэ талаар хөтөлбөргүй нотлоогүй ба цаашид эхийн зүгээс хүүхдийн хүмүүжил, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөх нөхцөл бүрдвэл асрамжийг солиулах эрх нээлттэй байдаг.
Түүнчлэн нэхэмжлэгч *нь өөр хүнтэй хамт амьдраагүй талаараа шүүх хуралдаанд тайлбарласан бөгөөд *гэх хүнтэй хамт амьдардаг байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул түүний зан байдал хүүхдэд хэрхэн нөлөөлөх талаар дүгнэлт хийх шаардлагагүй юм.
10. Хүүхдүүд эхийн асрамжид үлдэж байгаатай холбоотойгоор хуульд заасан хугацаа болон хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг эцгээс нь гаргуулж хүүхдүүдэд олгохоор шийдвэрлэх нь хүүхдийн эрх ашиг болон Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасантай нийцнэ.
11. Иймд нэхэмжлэгчийн гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Төнхөн овогт *, * овогт *-ын * нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Э.Энхгүнийг эх Д.Билгүүний асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг баримтлан 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү * 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшний хэмжээгээр тэтгэлгийг сар болгон эцэг * гаргуулан хүүхдэд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэг зааснаар нэхэмжлэгч *нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гаргуулах шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан зохигчоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ *