Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2022/ДШМ/62

 

 

2022          11           21                                      2022/ДШМ/62

                   О.Ц-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд прокурор Д.Пүрэврагчаа, шүүгдэгч О.Ц, түүний өмгөөлөгч М.Мөнхөө, шүүх хуралдааны бичгийн дарга Ц.Баттулга нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж явуулсан шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/160 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн О.Ц-т холбогдох, 2235000000103 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... өдөр Увс аймгийн .. төрсөн, .. настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мал аж ахуйн фермер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Увс аймгийн ... оршин суух хаягтай, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, нийт 3 жилийн хорих ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1302 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, биечлэн эдэлж байсан, Л ургийн овогт О-ын Ц.

1. Шүүгдэгч О.Ц нь 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт насанд хүрээгүй хохирогч А.Д-ын эзэмшлийн Самсунг А-52 загварын, 700.000 төгрөгийн үнэ бүхий гар утас, насанд хүрээгүй хохирогч Х.А-гийн эзэмшлийн 20.000 төгрөгийн үнэ бүхий куртка зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаагаас шүүгдэгч О.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

3. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/160 дугаар шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч Л ургийн овогт О-ын Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц-т гурван жил хоёр сар хорих ял шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц-т оногдуулсан гурван жил хоёр сар хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 43 (дөчин гурав) хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

- шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ц-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг өнөөдрөөс буюу 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тоолж,

- энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн тусгаарласан хэрэг байхгүй  болохыг тус тус дурдаж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч О.Ц-аас гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого 200.000 (хоёр зуун мянга) төгрөгийг түүний хувьд ногдох эд хөрөнгөөс албадан гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ. 

4. Шүүгдэгч О.Ц давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”Надад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тухайн үед дүү нартай харилцан ярилцахдаа дээрэлхсэн, тэг ингэ гэж дарамталж хэлсэн зүйл байхгүй. Миний гаргасан үйлдэл нь дээрэмдэх гэмт хэргийн шинж байхгүй гэж бодож байна. Би тэд нарын утсыг ах нь маргааш аваад ирье гэж хэлээд авч явсан. Надад дээрэлхсэн, дээрэмдсэн зүйл байхгүй. Иймд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

5. Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт, тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн О.Ц-т холбогдох эрүүгийн 2235000000103 дугаартай хэргийн шүүх хуралдаанд оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна.

Шүүгдэгч О.Ц нь давж заалдсан гомдолдоо өөрийн дээрмийн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Харин айлгаж дарамталсан, сүрдүүлсэн зүйл байхгүй. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдээгүй гэж гомдол гаргасан. Хэрэгт авагдсан баримтуудаар тухайн үед насанд хүрээгүй 2 хохирогчийг зогсоогоод нэгнээс нь гар утас, нөгөөгөөс нь куртик авсан үйл явдал болсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүч хэрэглэхээр заналхийлсэн гэдэг тодорхойлолт нь зөвхөн заналхийлсэн үйлдлээр илрэхгүй. Тухайн хохирогчийн сэтгэл зүйд нөлөөлж байгаа. Мөн тухайн хохирогч нараас биеэр том, насанд хүрснээрээ айлган сүрдүүлж сэтгэл зүйд нь айлгах дарамтыг үүсгэсэн. Насанд хүрээгүй хохирогч Д-ыг архи согтууруулах ундаа аваад ир гэж дэлгүүр лүү явуулахдаа тусгай болзол шалгуур тавьж заасан хугацаанд авч ирэхгүй бол утсыг чинь авна гэж айлгаж сүрдүүлж байгаа нь тухайн шүүгдэгч О.Ц-ын айлган сүрдүүлэлтэд орж ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэхгүйгээр утас болон куртик өгсөн үйл явдал тогтоогддог.

Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүч хэрэглэхээр заналхийлж гэдэг шинжийг бүрэн хангасан. Тийм учраас анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 160 дугаар шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий, хэргийн үйл баримтад нийцсэн дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 160 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

6. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон саналдаа: “Шүүгдэгчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна.

Шүүгдэгч нь өөрийнхөө хүсэл зоригийг илэрхийлэхдээ юуг илэрхийлж байгаа гэвэл ерөнхийдөө надад ямар нэгэн байдлаар айлган заналхийлэх, сүрдүүлэгт автуулах гэсэн хүсэл зориг байгаагүй. Би энэ сургуулийг төгссөн учраас дүү нар хамгаалалтад аваарай гэсэн ийм байдлаар өөрийгөө илэрхийлсэн гэдгээ мэдүүлэгтээ өгсөн байдаг. О.Ц гэдэг хувь хүн нь ямар хүн вэ гэхээр өөрийгөө илэрхийлэхдээ бүдүүлэг үг хэллэг ашигладаг гэж харагдсан.

Бүдүүлэг үг хэллэгийг зөвхөн дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ биш, байнга өдөр тутмын үйлдэлдээ ашигласнаараа ямар хандлагатай харагддаг вэ гэхээр дээрэнгүй харагдахаар байна. Мөн хөдөлмөр эрхэлж амьдралаа авч явдаг. О.Цын хувьд энэ хүүхдүүдийг айлган сүрдүүлье, заналхийлье гэсэн хүсэл зоригийг илэрхийлээгүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн өгсөн мэдүүлэгт байдаг.

Давж заалдах гомдол гаргахдаа насанд хүрээгүй хохирогч нарыг айлган сүрдүүлэх, заналхийлэх нөхцөл байдал байхгүй, дээрмийн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, ийм учраас хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэсэн агуулгаар гаргасан. Шүүгдэгч ямар нэгэн айлгаж дарамтлах санаа зорилгыг агуулаагүй учраас хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэсэн шүүгдэгчийн гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь :

1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/160 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч О.Ц-ын давж заалдах гомдлыг үндэслэн, түүнд  холбогдох, 2235000000103 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэхдээ гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2. Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаагаас: яллагдагч О.Цыг нь 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт насанд хүрээгүй хохирогч А.Д-ын эзэмшлийн Самсунг А-52 загварын, 700.000 төгрөгийн үнэ бүхий гар утас, насанд хүрээгүй хохирогч Х.А-гийн эзэмшлийн, 20.000 төгрөгийн үнэ бүхий куртка зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн, анхан шатны шүүхээс түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэрэгт цугларсан нотолох баримтаар тогтоогдсон хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэв.

3. Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд болох хохирогч А.Д-ын : “...2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр би Улаангом политехник коллежийн хичээлийн 2 дугаар байранд хичээлдээ ороод 13:00 цагийн үед хичээл завсарласан. Тэгээд би ангийн хүүхэд болох А, М, Ө нарын хамтаар сургуулийн үүдээр гарахад сургуулийн ар талын жорлонгийн хажуунаас урьд өмнө нь харж байгаагүй 23-24 орчим насны саарал өнгийн биеийн тамирын өмд, малгайтай саарал цамц, цагаан өнгийн пүүзтэй нэг эрэгтэй бид дөрвийг дуудсан. Тэгээд яваад очиход тэр эрэгтэй Аг утсаа гаргаад ир гэхээр нь А өөрийнхөө гар утсыг гаргаж тэр эрэгтэйд өгсөн. Тухайн хүн А-гийн утсаар нэг хүн рүү залгаад нэлээд удаан ярьсан...Тэгээд тэр ах баруун гараа атгаад эгц урагшаа болгоод зангидсан гарыг нь мөргө гээд байсан, бид дөрөв Ц гэгч тэр ахын зангидсан гарыг өөрсдөө дух хэсгээрээ нэг нэг удаа мөргөсөн. Тэгчихээд тэр ах бид дөрвийг дагуулаад сургуулийн хашаанаас гарсан. Бид нарыг сургуулийн хашаанаас гарч байхад Ц нь Ад хандаж наад куртикаа тайлаад өгөөтөх гэж хэлсэн. Тэгээд А куртикаа тайлж Цд өгсөн. Тухайн үед Ц нь өөрөө гадуураа куртикгүй явж байсан учир А-ийн хүрэн бор өнгийн куртикийг цамцан дээрээ өмссөн...Тухайн үед Ц нь А-ийн утсыг аваад хүнтэй ярьж дуусчихаад буцааж өгөхгүй, дээрээс нь Аптанхүүгийн куртикийг нь аваад өмсчихөөд яваад байсан учир бид нар дагаад явцгаасан юм...Тэгээд Ц нь А-ийн гар утсаар дахин хүнтэй утсаар яриад нөгөө пивоо уугаад байсан. Ц нь хүнтэй утсаар ярьж байхдаа надад утсаа гаргаад ир, энэ дугаар луу залгаадах гэж хэлээд нэг дугаар хэлсэн тэр үед нь би өөрийн самсунг А52 загварын гар утсыг гаргаж ирээд тухайн дугаарыг хийж залгахад холбогдохгүй байсан. Тэгчихээд Ц нь миний утсыг авчихаад надад өөрөө 5000 төгрөг гаргаж өгөөд надад хандаж "дэлгүүрээс нэг пиво аваад ир" гэж хэлсэн...Би хариу эргээд нөгөө газарт очоод Ц-д "дэлгүүрүүд өгөхгүй байна" гэж хэлэхэд Ц нь надад чи одоо дахиад гүйгээд 5 минутын дотор авч ирэхгүй бол утсыг чинь авна шүү гэж хэлсэн. Тэгээд би дахин дэлгүүрлүү гүйж Хишигт хүнсний дэлгүүрт ороод нэг ширхэг лаазтай пиво авсан, тэгчихээд нөгөө газарт очсон. Тэгээд очингуут Ц нь надад "хоёр минут хоцорлоо" гэж хэлээд миний самсунг А52 загварын гар утсыг авчихаад буцааж өгөөгүй. Тэгээд Агээс Ц нь "чи 5 минутанд амжаад пиво аваад ирэх байсан уу" гэж асуухад нь А нь чадна гэж хэлсэн. Тэгтэл Ц нь А-д утсыг нь буцааж өгсөн юм. Тэгээд авч очсон пивыг Ц нь намайг задал гэж хэлэхээр нь би пивыг задалсан, тэгэхэд Ц нь надад хандаж "наадхаа нэг балгачих” гэж хэлээд над руу уурласан. Тэгэхээр нь би уг пивонаас нэг балгасан юм. Тэгээд Ц нь пиво ууж байхдаа А, М, Ө нарт хандаж "та гурав цагдаад хэлж болохгүй, хэлвэл би доороо олон дүү нартай, миний дүү нар ч гэсэн доороо олон дүүтэй гэсэн зүйл ярьсан. Тэгээд Ц нь А-д хандаж маргааш сургууль дээр чинь очно 14:00 цагт, маргааш та нар тав таван мянган төгрөг авч ирээд энэ куртикаа аваарай гэж хэлээд явуулсан...Ц нь надад хандаж маргааш 20.000 төгрөг авч ирээд утсаа аваарай, эсхүл өнөөдөр 50.000 төгрөг өгчихөөд ав гэсэн зүйл ярьсан бөгөөд Ц нь надад хэлэхдээ цагдаад хэлж болохгүй, өөр хүн амьтанд хэлж болохгүй шүү" гэж хэлсэн. Тэгээд Цнь миний самсунг А52 загварын гар утсыг аваад үлдсэн, тэгээд надад 4000 төгрөг өгөөд таксидаад хариарай гэж хэлсэн юм. Тэгээд би гэртээ харьсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал);

- насанд хүрээгүй хохирогч Х.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.....Би ангийн хүүхэд болох Д, М, Ө нарын хамтаар сургуулийн үүдээр гарахад сургуулийн ар талын жорлонгийн хажуунаас урьд өмнө нь харж байгаагүй, 25 орчим насны саарал өнгийн биеийн тамирын өмд, малгайтай саарал цамц, цагаан өнгийн пүүзтэй нэг ах бид дөрвийг дуудсан. Тэгээд яваад очиход тэр ах намайг утсаа гаргаад ир гэхээр нь би өөрийнхөө гар утсыг гаргаж тэр ахад өгсөн. Тэр ах жаахан уучихсан гэмээр байдалтай архи үнэртэж байсан. Тухайн хүн миний утсаар хүнтэй яриад байсан бөгөөд хэнтэй ярьсныг нь мэдээгүй...Тэгчихээд тэр ах миний утсыг өгөхгүй бид дөрвийг дагуулаад сургуулийн  хашаанаас гарсан. Бид нарыг сургуулийн хашаанаас гарч байхад Ц гэгч тэр ах надад хандаж "наад куртикаа тайлаад аваад ир" гэж хэлсэн, тэгээд би тэр ахаас айгаад өөрийн өмсөж явсан хүрэн бор өнгийн куртикаа тайлж Ц гэгч тэр ахад өгсөн. Тухайн үед Ц нь өөрөө гадуураа куртикгүй явж байсан ба миний куртикийг "ёоо гоё таарч байна" гэж хэлээд өмсчихсөн...Ц нь хүнтэй утсаар ярьж байхдаа Д-ын гар утсыг гаргаад ир гэж хэлээд түүний гар утсыг авсан. Тэгчихээд миний гар утсыг буцаагаад өгсөн бөгөөд миний утасны цэнэг нь дуусчихсан юм. Тэгчихээд Ц нь Д-ын утсыг авчихаад 5000 төгрөг гаргаж Дт өгөөд пивонд явуулсан. Д дэлгүүр орж ирээд худалдагч өгөхгүй байна гэхэд Ц нь "чи миний итгэлийг алдлаа даа, чи одоо 5 минутын дотор авчирж өгөхгүй бол утсыг чинь авлаа" гэж хэлсэн. Тэгээд Д дахиад дэлгүүр гүйгээд 7 минутын дараа гүйж ирсэн. Тэгээд Ц нь 2 минут хоцорсон гээд маргааш 20.000 төгрөг өгч байж утсаа аваарай гэж Дт хэлээд утсыг нь авчихсан юм. Д-ын гар утас нь цэнхэр өнгийн А52 загварын гар утас байсан. Тухайн үед Ц нь маргааш сургууль дээр чинь хичээл тарахаар чинь очно, 20.000 төгрөг өгөөд аваарай гэж хэлсэн. Тэгээд би Цгоос куртик өгчихөөч ахаа гэхэд " маргааш та нар нийлээд 20.000 төгрөг өгчихөөд утастайгаа хамт аваарай" гэж хэлээд Д-ын утас болон миний куртикийг өмсөөд явчихсан. Тэгээд Мөнхбаяр, Ө бид гурвыг явуулчихаад Дтай юм яриад үлдсэн юм. Тэгээд энэ талаар тэр орой Ө бид хоёр сургуулиасаа харих гээд сургуулийн урд явж байтал ангийн багш Нандинцэцэгтэй таарч, багшид болсон зүйлийн талаар хэлсэн юм. Тэр өдрөөс хойш Ц нь дахин сургууль дээр ирээгүй бөгөөд Д-ын утас болон миний куртикийг өгөөгүй юм..." гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 24-25 дахь тал);

- насанд хүрээгүй гэрч Т.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр манай хичээл 13:00 цагийн үед завсарлаж хичээл тарсан юм. Тэгээд би ангийнхаа Д, М, А нарын хамтаар сургуулийн үүдээр гарахад сургуулийн ар талаас нэг эрэгтэй хүүхэд биднийг дуудсан. Тэгээд яваад очиход нэг танихгүй ах А-ийн гар утсыг аваад түүний гар утсаар хүнтэй яриад байсан...Ц гэгч ах бид дөрвийг дагуулаад сургуулийн хашаанаас гарсан. Бид нарыг сургуулийн хашаанаас гарч байхад Ц гэгч Ад хандаж "наад куртикаа тайлаад аваад ир" гэж хэлсэн, тэгээд А куртикаа тайлаад өгөхөд тэр куртикийг "ёоо гоё таарч байна" гэж хэлээд өмсчихсөн...Ц нь хүнтэй утсаар ярьж байхдаа Дыг гар утсыг гаргаад ир гэж хэлээд түүний гар утсыг авсан. Тэгчихээд А-ийн гар утсыг буцаагаад өгсөн. Ц нь Д-ын утсыг авчихаад 5000 төгрөг гаргаж Дт өгөөд пивонд явуулсан. Д дэлгүүр орж ирээд худалдагч өгөхгүй байна гэхэд Ц нь "чи миний итгэлийг алдлаа даа, чи одоо 5 минутын дотор пиво авч ирж өгөхгүй бол утсыг чинь авлаа" гэж хэлсэн. Тэгээд Д дахиад дэлгүүр гүйгээд 7 минутын дараа гүйж ирээд пиво авч ирж өгсөн. Тэгээд Ц нь 2 минут хоцорсон гээд нэг минутыг нь 10.000 төгрөгөөр тооцоод маргааш 20.000 төгрөг өгч байж утсаа аваарай, эсхүл одоо 50.000 төгрөг өгөөд утсаа аваарай гэж Дт хэлээд утсыг нь авчихсан юм. Д-ын гар утас нь цэнхэр өнгийн А52 загварын гар утас байсан. Ц нь маргааш хичээл тарахаар сургууль дээр чинь очно, 20.000 төгрөг өгөөд аваарай гэж хэлсэн. Тэгээд А Цгоос өөрийн куртикаа авах гэхэд "маргааш та нар нийлээд 20.000 төгрөг өгчихөөд куртка, утастайгаа хамт аваарай" гэж хэлээд Д-ын утас болон А-ийн куртикийг өмсчихөөд өгөхгүй байсан. Тэгээд Мөнхбаяр, А бид гурвыг явуулчихаад Дтай юм яриад үлдсэн юм. Тухайн үед Ц гэгч нь бид нарыг цагдаад хэлбэл дэмий шүү, би гараад л ирнэ шүү гэж хэлсэн тул бид нар айгаад цагдаад мэдэгдээгүй. Тэгээд тэр орой А бид хоёр сургуулиасаа харих гээд сургуулийн урд явж байтал ангийн багш Нандинцэцэгтэй таарсан. Тэгээд би энэ болсон явдлын талаар ангийн багш болох Нандинцэцэгт хэлсэн юм “ гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч О.Ц нь хохирогч А.Д-ын эзэмшлийн гар утас, хохирогч Х.А-ийн эзэмшлийн куртка зэргийг хүч хэрэглэхгүйгээр илээр, хууль бусаар авсан нь  нотлогдон тогтоогдсон байхад дээрэмдэх гэмт хэгийн хүндрүүлэх шинжээр гэм бурутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан дээрэмдэх  гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь хохирогчийн  амь биед нь аюултайгаар хүч хэрэглэсэн эсхүл хүч хэрэглэхээр  заналхийлж довтолсон аливаа идэвхитэй үйлдэл байхыг шаардах бөгөөд уг довтолгооны үр дагаварт хохирогчийн эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулахуйц эсвэл учруулсан үйлдэл хийсэн байхыг шаарддаг бол  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх “ гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглээгүй, хүч хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч хохирогчоос зайлсхийсэн шинжтэй үйлдэл хамаардаг.

5. Шүүгдэгч О.Ц хохирогч Х.Ад хандаж "наад куртикаа тайлаад аваад ир" гэж хэлээд түүний  куртикийг авч өмссөн, мөн хохирогч А.Д-ын гар утсыг эхлээд хүнтэй ярих зорилгоор авч, дараа нь  "чи миний итгэлийг алдлаа, 5 минутын дотор пиво авч ирж өгсөнгүй” гэх зүйл ярьж, маргааш 20.000 төгрөг өгч байж гар утсаа аваарай, эсхүл одоо 50.000 төгрөг өгөөд гар утсаа аваарай гэж хэлээд түүний гар утсыг өөртөө авсан үйл баримт  тус тус тогтоогдсон байх бөгөөд уг үйлдэл  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Харин хэрэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон үйл баримт тогтоогдоогүй, хохирогч А.Д, Х.А нарын эрүүл мэндэд ямар нэгэн хохирол, хор уршиг учраагүй, учирч болзошгүй нөхцөл байдал үүсээгүй болох нь хохирогч, гэрчүүдийн өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдсон байна.

6. Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт тогтоогдсон үйл баримтад үндэслэн прокуророос шүүгдэгч О.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэлээ. 

7. Шүүгдэгч О.Цыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэм буруутайд тооцож, ял шийтгэхдээ түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн  өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байсан хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулахаар заасан ялын төрлүүдээс хорих ялыг сонгож, ялын хэмжээг нэг жил зургаан сараар  тогтоох нь түүний гэм бурууд тохирно гэж дүгнэв. 

8. Хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх талаар гаргасан шүүгдэгч О.Цын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ. 

9. Шүүгдэгч О.Цын анхан шатны шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 55 / тавин тав/ хоногийг түүний эдлэх хорих ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/160 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан шүүгдэгч О.Ц-т Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй гэсэн нэмэлт,

- шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг : Шүүгдэгч Л ургийн овогт О-ын Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэж,

- шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн  2 дугаар заалтыг: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Ц-т нэг жил зургаан сар хорих ял шийтгэсүгэй  гэж,

- шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтын: гурван  жил хоёр сар гэснийг нэг жил зургаан  сар гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй .

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч О.Ц-ын 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 55 / тавин таван/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.АЛТАН

                        ШҮҮГЧ                                                           Н.МӨНХЖАРГАЛ

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН