Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2024/02043

 

 

 

2024 оны * сарын * өдөр                              Дугаар *                                             Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч *даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн * дугаар хороо, амины орон сууц * тоотод оршин суух * овогт * нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн * дугаар хороо, амины орон сууц * оршин суух * овогт * холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *, хариуцагч *, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга * нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Ажил ойрхон болохоор Баянгол дүүрэгт байр түрээслэн амьдардаг. Машинаа авч үлдэх хүсэлтэй байгаа. Хүүхдийн тэтгэмж гаргуулахгүй. Зан ааш нь асуудал байхгүй. Нэг асуудал байгаа нь архины хамааралтай болсон. Эхний удаа лам бөөгөөр яваад, эм уугаад нэмэр болоогүй. Уух хэмжээ нь байнга нэмэгддэг болсон. Хүүхэд болон бидний сэтгэл санаа тогтворгүй болсон. Би эрүүл мэндийн хувьд асуудалтай болсон. Гэрт тайван байхаа байсан. Өөрөө яагаад байгаагаа ч мэдэхгүй болсон. Согтсон л бол бүх хувцсаа нүцгэлдэг болсон. Шөнө нэг оронд унтаж байтал хүүхдээ хохироож ч мэднэ. Гадуур гутал хувцсаа тайлах тохиолдол их гарч байна. Би юмаа нууж тавьдаг болсон. Нэг гэрт байхад түгшүүртэй байдаг болсон. Хүнтэй харддаг болсон. Тэгээд өөрөө ажил хийсэн ч архинд мөнгөө зарцуулдаг. Архи ууж байвал цаашдаа яах нь хамаагүй. Одоогоор 16 жил болоход өөрийн гэсэн орон гэргүй байна. Хоёулаа амьдрах хүсэл байхгүй байна. Хүүхдийнхээ хажууд буруу хүмүүжил үзүүлэхгүй баймаар байна. Нэг боломж өгье гэж бодож байгаа. Би цаашид хүнтэй ч суухгүй. 5 жил архи уухгүй, гэр оронтой болчхоод бидэн дээр ирвэл хүлээж авахад бэлэн байгаа. Мөнгө төгрөг нэхэхгүй, машинаа л үлдээхийг хүсэж байгаа. Өгчих байх гэж бодоод нэхэмжлэлээр шаардлага гаргаагүй. гэв.

 

2. Хариуцагч хариуц тайлбартаа: Манай эхнэрийн ярьж байгаа бүгд үнэн. Архитай л холбоотой. Машинаа өгөхөд татгалзах зүйлгүй. Анх авч байхдаа эхнэрийн нэр дээр машин авч байсан. Хүүхдийн тэтгэлэг нэхэхгүй гэж байна. Би сар болгон тодорхой хэмжээний мөнгө байнга өгч болно. Ядаж байрны түрээсийн төлбөр сар, сардаа хийгээд явах мөнгө өгч болно. гэв.

 

3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 4/, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 5/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх 6/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх 7/, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх 8/, сургуулийн тодорхойлолт /хх 9-10/, өрийн эмчийн тодорхойлолт /хх 11/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн тэмдэглэл /хх 12/ зэргийг шүүхэд гарган өгчээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. * болон *нар 2008 оны 5 дугаар сарын 28-ны өдөр гэр бүл болсныг эрх бүхий байгууллага бүртгэж гэрлэлтийн гэрчилгээ олгосон ба гэрлэгчдийн дундаас 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүү *, 2009 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүү * нар төржээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гарган шүүхэд хандахдаа бид зан харьцаа болон бусад таарамжгүй байдлын улмаас цаашид хамт амьдрах боломжгүй болсон гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

 

5. Шүүх гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох, мөн гэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс талуудыг эвлэрүүлэхэд анхаарах үүрэгтэй.

 

6. Гэрлэгчид Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасны дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч тэднийг эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болсон болох нь 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 51 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэлээр тогтоогдож байна.

Талууд гэр бүл цуцлахыг харилцан зөвшөөрсөн нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд цаашид хамт амьдрах хүсэлгүй нөхцөл байдлыг үндэслэж шүүхийн зүгээс нэхэмжлэгч болон хариуцагч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 132.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгүүдэд заасны дагуу эвлэрүүлэх арга хэмжээг дахин авалгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

 

7. Нэхэмжлэгч болон хариуцагч нар хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон байдлыг харгалзан 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн * 2009 оны 8 дугаар сарын 10-ны өдөр төрсөн * нарыг эхийн асрамжид үлдээх нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заасантай харшлахгүй юм.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан *овогт **, Чонос овогт ** нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2009 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү *, 2012 оны 12 дугаар сарын 20-ний өдөр төрсөн хүү * нарыг эх * асрамжид үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

                                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      *