| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 182/2024/00423/И |
| Дугаар | 102/ШШ2024/01895 |
| Огноо | 2024-04-11 |
| Маргааны төрөл | Зуучлал, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2024/01895
2024 оны * сарын * өдөр Дугаар * Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч *даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, * дүгээр хороо, * дүгээр *-н мянгат гудамж, * дүгээр байр, * тоот хаягт оршин суух, * * нэхэмжлэлтэй
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, * дугаар хороо, * дугаар байр, * тоот хаягт байрлах*-д холбогдох
* төгрөг гаргуулах тухай тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга * нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Би урьд нь *-ын элчин сайдын яамд виз мэдүүлээд хоёр удаа буцаж байсан. 2023 оны 5 дугаар сарын 21-ний өдөр * нь * руу аяллын группээр нэгдсэн журмаар урилга авч, визэнд материал бэлдэж, нийтдээ 1,763,580 төгрөг болно гэхээр нь төлбөр шилжүүлсэн. Мөн * нь нэгдсэн групп ярилцлага ороход туслалцаа үзүүлээгүй учир виз гараагүй юм. Энэ * долларын урилга гээд байгаа бичиг нь аяллын төлөвлөгөө байсан бөгөөд хэн ч бичиж болно. Албан ёсоор аялж байгаа бол цахим маягт дээр АНУ-ын компанийн код бичигддэг юм. Ярилцлагад яагаад унасан шалтгаан нь албан ёсны аяллын компани биш гэж татгалзсан. Тосож авах хүмүүс нь албан ёсны хүмүүс биш гэдгээр татгалзсан. Иймд гэрээнд зааснаар виз гараагүй бол гэрээг цуцлах эрхтэй зааснаар буцаалт хийсэн 262,500 төгрөгийг хасаж, үлдэгдэл 1,605,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Түүнчлэн хариуцагч аялаад үлдэж болно, үлдсэн тохиолдолд амьдрах газар олж өгнө, тусална гэсэн учир гэрээ байгуулсан.” гэв.
2. Хариуцагч хариу тайлбартаа: “* аяллын компани хоёрыг ялгах хэрэгтэй. * элчин ийм шалтгаанаас болоод татгалзсан гэж талаар тайлбар тавьдаггүй. Хүмүүс бидэнтэй холбогдоод яваад ирж байгаа. Урилга бол хүчин төгөлдөр, урилгын төлбөрөөс виз гараагүй бол тодорхой хэмжээгээр буцааж өгдөг. Виз гараагүй гэснээс хойш нэхэмжлэгч биеийн байдал болон янз бүрийн ааш авир гаргасан. Өмнө 2 удаа ороод татгалзсан байсан. Бидний хувьд үйлчилгээгээ үзүүлсэн гэж үзэж байна.” гэв.
3. Нэхэмжлэгчээс *-ын Элчин сайдын яамны төлбөрийн зааварчилгааны баримт /хх 8/, * хаан банкны депозит дансны хуулга /хх 9/, урилга /хх 12, 19/, аяллын төлөвлөгөө /хх 13, 20/, консулын цахим маягтын баталгаажуулалт /хх 14, 21/, аяллын гэрээ /хх 15-18/, орчуулгын төлбөр төлсөн баримт /хх 22/, захиалгын хуудас /хх 23/, виз мэдүүлэгчийн дансны хуулганы хураангуй /хх 24/, танилцуулга /хх 25, 30-36/, хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 56/, компанийн дүрэм /хх 57-58/ тус тус шүүхэд гарган өгчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
5. Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж 1,605,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үүргээ биелүүлсэн гэж маргажээ.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч * нь *-ын виз гарсан тохиолдолд аялах зорилгоор хариуцагч * аар визний мэдүүлэг харилцан тохиролцсон болох нь аяллын гэрээ, захиалгын хуудас дахь тэмдэглэл, *хаан банкны депозит дансны хуулгаар тогтоогджээ.
Хариуцагч *нь визийг зохих журмын дагуу мэдүүлсний улмаас **-ын визний ярилцлагад орсон болох нь *-ын Элчин сайдын яамны төлбөрийн зааварчилгааны баримт, * компанийн урилга, консулын цахим маягтын баталгаажуулалт, энэ талаар үгүйсгээгүй нэхэмжлэгчийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Зохигч үйлчилгээний хөлсийг * ам.доллароор тохиролцсон бөгөөд виз гараагүй тохиолдолд тал төлбөрийг буцаан олгоно гэсний дагуу * төгрөг буцаан авсан талаар маргахгүй гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь виз гараагүй тохиолдолд *-ын Элчин сайдын яамны ярилцлагад ороход төлсөн 160 ам.доллар, урилганы төлбөр 200 ам.доллар, үйлчилгээний хөлсийг бүхэлд нь буцаан авна гэсэн татгалзлаа баримтаар баримтаар нотлоогүй байна.
7. Нэхэмжлэгч *нь *-ын виз гарсан тохиолдолд аялах зорилгоор визийг зохих журмын дагуу мэдүүлэхэд шаардлагатай үйлчилгээ, урилга, ярилцлагын төлбөр төлж, хариуцагч *нь визийг зохих журмын дагуу мэдүүлж өгөх, зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр тохиролцсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагджээ.
Энэхүү гэрээний хэлбэрийн талаар хуульд тусгайлан заасан зохицуулалт байхгүй бөгөөд визийг зохих журмын дагуу мэдүүлэхтэй холбоотой харилцаа нь хөлсөөр ажиллах гэрээний зохицуулалтад илүү нийцнэ. Өөрөөр хэлбэл талууд виз гаргахад шаардлагатай урилга илгээгчийг олох, ярилцлагын төлбөр төлөх, ярилцлагад анхаар асуудлаар зөвлөгөө, үйлчилгээ авахаар тохиролцсоноос бус виз гаргах талаар тохиролцоогүй байна.
8. Энэхүү гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг гэрээний талууд шаардах эрхтэй байдаг.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримт, талуудын тайлбараар хариуцагч *нь гэрээний үүргээ биелүүлээгүй, үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзэхэд нэхэмжлэгч нь биелэгдсэн гэрээнээс татгалзаж, үйлчилгээний хөлсөө буцаан шаардсан гэж үзэхээр байна.
Хөлсөөр ажиллах гэрээний хувьд бусад үүргийн эрх зүйн харилцааны нэгэн адил хуульд тусгайлан заагаагүй бол энэхүү харилцааныхаа агуулгыг талууд гэрээгээр тодорхойлдог бөгөөд гэрээний 3.3-д визний баталгааг *хариуцахгүй талаар тохиролцсон нь хөлсөөр ажиллах гэрээний агуулгатай нийцжээ.
Иймд АНУ-ын виз гараагүйд *-ийг буруутгах, түүний хөлсөөр ажиллах гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн 1,605,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй болжээ.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгох үндэслэлтэй болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар *-д холбогдох 1,605,000 төгрөг гаргуулах тухай *нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ *