| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2024/00273/И |
| Дугаар | 102/ШШ2024/02926 |
| Огноо | 2024-06-04 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2024/02926
| 2024 оны * сарын * өдөр | Дугаар * | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч *даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн * дугаар хороо, Нарны хороолол, * дугаар байрны * тоотод байрлах *-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн * дугаар хороо, Парко ревера центр * давхар, * тоотод байрлах Оршилконстракшн ХХК-д холбогдох,
10,423,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол болон дахин засварлах зардалд 40,711,489 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *, хариуцагчийн өмгөөлөгч *, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга * нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: * нь *-ийн * оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээгээр Баянгол дүүргийн * дүгээр хороо Тээвэрчдийн гудамж * эмнэлгийн барилгын урд байрлах үйлчилгээний орон сууцны хотхон бүхий * төслийн * блок барилгын *, техникийн давхрын хана шавардах ажлыг 1 м.кв талбайг 18,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Гэрээний 2.2.1-т зааснаар нийт төлбөрийн үнийн дүнгийн 5 хувийг ажлын чанарын баталгаа болгон гэрээт ажлуудыг 100 хувь хүлээлгэн өгснөөс хойш 1 жилийн хугацаанд барьцаа болгон суутгуулах ба тухайн хугацаанд гүйцэтгэсэн ажилд чанарын доголдол илэрсэн тохиолдолд гүйцэтгэгч өөрийн зардлаар доголдлыг арилгах үүрэг хүлээж, зөрчилгүй тохиолдолд барьцаат төлбөрийг буцаан авахаар тохирсон. Хариуцагч нь тухай бүрийн ажлын үр дүнг "гүйцэтгэлийн маягтаар" хүлээн авч байсан бөгөөд манай компанийн зүгээс гүйцэтгэлд ямар нэгэн алдаа, доголдолгүй 100 хувь хүлээлгэн өгсөн. Гэрээнд заасны дагуу 1 жилийн хугацаа дууссан бөгөөд *нь ажлын гүйцэтгэлийн барьцаанд авсан нийт үнийн дүнгийн 5 хувийг одоог хүртэл олгоогүй байх тул нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй байна. *ийн гүйцэтгэлийн маягтуудыг хуулбараар шүүхэд гаргаж өгч байгаа бөгөөд уг баримтын эх хувь нь *д хадгалдагдаж байгаа болно. * болон *ийн хооронд байгуулагдсан 2022 оны 06 сарын 06-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.1 дэх хэсэгт зааснаар суутгагдсан төлбөр буюу гэрээний нийт үнийн дүн 208,406,016 төгрөгийн хувь болох 10,423,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа. Хожим доголдол илэрсэн бөгөөд гарсан зардал нь баталгаанаас их гарсан тул доголдол арилгах боломжгүй гэж үзэж байна. Өнөр харш болон Оршин нарын хооронд ганц шаврын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй. Ханын өрлөгийн ажил, өрлөг, 3 давхрын айл өрхүүдийн шавардлагын ажлын гэрээнүүд байгуулагдсан. Ажлын тоо хэмжээ, үнэ нь өөр өөр байсан. Шаврын ажлын гүйцэтгэл 5 хувь шаардаад байдаг. 3 ажлын гүйцэтгэл 10,080,000 төгрөг болсон. Зөвхөн 6 сарын 6-ны гэрээтэй холбоотой бол түүнийгээ тодруулах хэрэгтэй. 3 гэрээнд заасан шавардлага болон өрлөгийн ажлыг чанарын өндөр түвшинд хийж өгөх үүрэг хүлээсэн. Захиалагчийн зүгээс 1 м.кв шавардлагын ажлыг 18,000 төгрөг, өрлөгийн ажлыг 20,000 төгрөгөөр тооцсон учир ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Хүчин төгөлдөр гэрээ байгаа. Гэрээнд заасан тоо хэмжээтэй тохирч байвал доголдолгүй гэж үзнэ гэж зааж өгсөн. Шавардлага буюу өрлөг нь тэгш байх шаардлагатай байсан. Доголдол буюу ханын хагарал нь хожим илрээд байна. Тиймээс сөрөг нэхэмжлэлээр шаардаж маргаж байгаа. Барилга хот байгуулалтын яамны 31.10.05 дүрмээр хуурай ба нойтон шавардлага дотор заслын ажилд хамаарна гэж зааж өгсөн. Барилгын тухай хуульд 14.3, 14.6, хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна. Гарсан зөрчлийг буруутай этгээд арилгана гэсэн. *-ийн гүйцэтгэсэн ажил дээр баталгаат хугацаа зааж өгсөн. 4 жилийн хугацаанд хариуцна гэдгийг зааж өгсөн. *-ийн хийсэн ажлын ханын шавар нь хөндийрч, цууралт өгсөн доголдол илэрсэн тул энэхүү доголдлыг засварлаж, доголдлыг арилгасны дараа чанарын баталгааны 5 хувь буюу 10,089,1857-ийг буцаан олгож болох тухай манай компанийн дээрх төслийг хариуцсан инженер мэдэгдсэн ч гүйцэтгэгчээс уг доголдлыг өнөөдрийг хүртэлх хугацаанд арилгаагүй. Иймд *-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: *-тай 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдөр * тоот "Ажил гүйцэтгэх гэрээ" байгуулсан бөгөөд энэхүү гэрээний дагуу 209,889,700Т-ийн ажил гүйцэтгүүлж, нийт гэрээний төлбөрийн 5 хувь болох 10,089,185 төгрөгийн барьцаа төлбөрийг гэрээний 2.2.1-т зааснаар баталгаа болгон үлдээж, гэрээний 2.2.2-т зааснаар ажлын гүйцэтгэл нь 1 жилийн дараа доголдолгүй эсхүл илэрсэн зөрчил, доголдлыг гүйцэтгэгч өөрийн зардлаар арилгасан тохиолдолд барьцаа төлбөрийг буцаан авах тохиролцоотойгоор гэрээ байгуулан ажилласан. Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуульд заасан суурь зарчимд нийцсэн буюу талуудын сайн дурын хүсэл зоригийн хүрээнд гэрээний гол нөхцөл, агуулгыг өөрсдөө тодорхойлсон, талуудын тэгш эрх, гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцүүлэн байгуулагдсан, хуульд харшлаагүй, хүчин төгөлдөр гэрээ бөгөөд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Иргэний хуульд гэрээнээс үүдэлтэй үүрэг болон гэрээний бус үүрэг буюу хуулийн дагуу үүсэх үүргийн харилцааг ялгамжтай зохицуулахдаа гэрээнээс үүдэлтэй үүргийн тухайд талуудын гүйцэтгэх үүрэг, үүрэг гүйцэтгэх хугацаа болон гэрээний нэг тал үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал, үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлэх, үүргээ зөрчих, түүнээс үүсэх хариуцлагын талаар гэрээний харилцаанд тусгайлан болон нийт гэрээний харилцаанд хэрэглэгдэх ерөнхий байдлаар тусгасан. Гэтэл *-ийн Ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэсэн ажилд доголдол илэрч, барилгын 9-14 давхар, техникийн давхрын нийтийн эзэмшлийн хана цуурсан энэхүү доголдлыг өөрийн зардлаар арилгах гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүдэн тухайн гэрээт ажлын доголдлыг засварлахад 5,000,000 зардал буюу хохирол учраад байна. Иймд гэрээний нэг тал болох ажил гүйцэтгэгч *-ийн зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлж, доголдлыг засварлаагүйгээс үүссэн 5,000,000 төгрөгийн хохирлыг *-иас гаргуулж өгнө үү гэсэн сөрөг шаардлага гаргасан боловч түүнийг 35,711,489 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 40,711,489 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.
4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: * болон *ийн хооронд байгуулсан 2022 оны 06 сарын 06-ны өдрийн * дугаартай ажил гүйцэтгэх гэрээгээр Баянгол дүүргийн * дүгээр хооронд хэрэгжүүлж буй төслийн Д блок барилгын*дүгээр давхар болон техникийн давхар зэрэгт ханын шавар хийх ажлыг гүйцэтгэсэн. Гэрээний 6.5 дах хэсэгт зааснаар ажлын гүйцэтгэлийг давхар бүрээр акт үйлдэж хүлээн авч, аливаа биет байдлын доголдлыг тухай бүрд засаж сүүлийн ажлыг 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн актаар доголдолгүй хүлээлгэн өгсөн. Хүлээлгэн өгснөөс хойш 1 жил гаруй хугацаа өнгөрч байгаа ч өнөөдрийг хүртэл манай талд доголдол илэрсэн талаар мэдэгдэл ирүүлээгүй. Гэтэл барьцаа төлбөрөө авах гэхэд доголдол илэрсэн хэмээн 2024 оны 2 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа дурдсан байна. Үнэхээр алдаа, доголдолтой байсан бол улсын комисс хүлээж авахгүй байсан. Улсын комисс хянан шалгаж холбогдох бичиг баримт, актыг талууд үйлдэж хүлээлгэн өгч барилга ашиглалтад орсон. Ажил гүйцэтгэх гэрээний 2.2.2-т 1 жилийн хугацаанд зөрчил, гүйцэтгэлийн чанарын доголдол илрээгүй эсхүл илэрсэн зөрчил, доголдлыг гүйцэтгэгч өөрийн зардлаар арилгасан тохиолдолд барьцаа төлбөрийг буцаан авна хэмээн заасан. Гэрээгээр заасан ажлыг гүйцэтгэн, хүлээлгэн өгснөөс хойш 2 жил гаруй болж байхад хариуцагч талаас ямар нэгэн мэдэгдэл ирүүлээгүй байж төлбөрөө авахаар шүүхэд хандахад зөрчил илэрсэн гэж байгаа нь учир дутагдалтай хэмээн харж байна. Иймд манай талаас гаргасан алдаа доголдол биш манайх хариуцахгүй учир сөрөг нэхэмжлэлд тусгасан засварын зардал нь үндэслэлгүй байна. гэв.
5. Нэхэмжлэгчээс итгэмжлэл /хх 6/, * болон *-ийн хооронд байгуулагдсан * оны * дугаар сарын *-ны өдрийн * төслийн орон сууцны зориулалт бүхий Д блокийн барилгын 9-14 давхар, техникийн давхрын шавардлагын ажил гүйцэтгэх гэрээ /хх 8-11, 143-146/, *-ийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн албан бичиг /хх 12/, хариуцагчаас итгэмжлэл /хх 33/, фото зураг /хх 82-98/, засварын ажлын төсөв /хх 134-141/, зөвлөх инженерийн дүгнэлт /хх 142/, *болон *-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн *төслийн орон сууцны зориулалт бүхий Д блокийн барилгын 9-14 давхрын өрөө тусгаарлах хана болон шахтны хэсгийн ханийн өрлөгийн ажил гүйцэтгэх гэрээ /хх 147-150/, *болон *-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн *төслийн В блокийн барилгад өрлөг, шавардлагын ажил гүйцэтгэх гэрээ /хх 151-154/, *болон *-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн *төслийн В блок барилгын 1-4 давхар /дутуу гүйцэтгэлтэй/, 5-6 давхар, техникийн давхар, дээвэр, гаражийн ханийн өрлөг, шавардлагын ажил гүйцэтгэх гэрээ /хх 155-158/, *болон *-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн * төслийн орон сууцны зориулалт бүхий Д блокийн барилгын 9-11 давхрын засал, 9-14 давхар, техникийн давхрын шатны чулуу С,Д блокийн зоорийн давхарт заслын ажил ажил гүйцэтгэх гэрээ /хх 159-162/, заслын ажил хүлээлцсэн акт /хх 164-181/, *болон * хооронд байгуулагдсан 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн * төслийн орон сууцны зориулалт бүхий Д блокийн барилгын 12,13,14 давхарт заслын ажил гүйцэтгэх гэрээ /хх 182-185/, Гүйцэтгэлийн маягт /хх 186-197/, *болон Тусгалт хайрхан дэвжих ХХК-ийн хооронд байгуулагдсан 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн * төслийн орон сууцны зориулалт бүхий А блокийн барилгын 3 давхрын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ /хх 198-201/, гүйцэтгэлийн маягт /хх 202-214/, орон сууц захиалгын гэрээ /хх 230-234/, гүйцэтгэлийн маягт /хх 235-241/, иргэдээс ирүүлсэн хүсэлт, гомдол /хх 242-250/, * болон тусгалт *-ийн хооронд байгуулагдсан засварын ажил гүйцэтгэх 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн гэрээ /2хх 1-4/ тус тус шүүхэд гарган өгчээ.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр цахим шуудангийн хаягт үзлэг хийж /хх 52-67/, хариуцагчаас барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт /хх 117-120/ гаргуулжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
6. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэл болон хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
7. Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний баталгаа 10,423,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, доголдол илэрсэн тул төлөхгүй гэжээ.
Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлдээ гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол болон дахин засварлах зардалд 40,711,489 төгрөг гаргуулахаар шаардсаныг нэхэмжлэгч эс зөвшөөрч, энэ талаар мэдэгдэж байгаагүй, доголдол илрээгүй учир төлөхгүй гэж маргажээ.
8. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
*болон *-ийн хооронд *төслийн орон сууцны зориулалт бүхий Д блокийн барилгын 9-14 давхар, техникийн давхрын шавардлагын ажил гүйцэтгэх, Д блокийн барилгын 9-14 давхрын өрөө тусгаарлах хана болон шахтны хэсгийн ханийн өрлөгийн ажил гүйцэтгэх, В блокийн барилгад өрлөг, шавардлагын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан болох нь *болон *-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн *төслийн орон сууцны зориулалт бүхий Д блокийн барилгын 9-14 давхар, техникийн давхрын шавардлагын ажил гүйцэтгэх гэрээ, *болон *-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн *төслийн орон сууцны зориулалт бүхий Д блокийн барилгын 9-14 давхрын өрөө тусгаарлах хана болон шахтны хэсгийн ханийн өрлөгийн ажил гүйцэтгэх гэрээ, *болон *-ийн хооронд байгуулагдсан * оны * дугаар сарын *-ний өдрийн * * төслийн В блокийн барилгад өрлөг, шавардлагын ажил гүйцэтгэх гэрээгээр тус тус тогтоогдож байна.
Зохигч нар нийт гүйцэтгэсэн ажлын хөлсийг 208,406,016 төгрөг болсон талаар маргаагүй бөгөөд энэхүү ажил нь *төслийн орон сууцны зориулалт бүхий Д блокийн барилгын 9-14 давхар, техникийн давхрын шавардлагын ажил гүйцэтгэх, Д блокийн барилгын 9-14 давхрын өрөө тусгаарлах хана болон шахтны хэсгийн ханийн өрлөгийн ажил гүйцэтгэх, В блокийн барилгад өрлөг, шавардлага гүйцэтгэх ажлууд байсан болох нь дээрх гэрээнүүдээр тогтоогджээ.
Эдгээр гэрээний дагуу ажил гүйцэтгэгдэж, Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн БА-10/2023 дүгнэлтээр барилга байгууламжийг ашиглалтад оруулсан боловч *-ийн хийж гүйцэтгэсэн ажилд доголдол илэрсэн болох нь фото зураг, засварын ажлын төсөв, зөвлөх инженерийн дүгнэлт, оршин суугчдын гомдол, талуудын тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийн гаргасан доголдолтой холбоотой баримтыг үгүйсгэж чадаагүйгээс гадна гүйцэтгэсэн ажилд доголдол илрээгүй болохоо, хариуцагч нь нэхэмжлэгчид доголдол арилгахыг мэдэгдсэн болон түүнийг арилгахын тулд *-д 40,711,489 төгрөг шилжүүлсэн болохоо тус тус баримтаар нотлоогүй байна.
9. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, 344 дүгээр зүйлийн 344.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно гэж тус тус заажээ.
Хариуцагч нь гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч ажлын хөлс төлөх үүргийг тус тус хүлээснээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
10. Зохигчид ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаар маргаагүйгээс гадна хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй бөгөөд ажил гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн эсэх нь маргааны зүйл болжээ.
Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ, 352 дугаар зүйлийн 352.2.2-т доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх, 352.4-т Ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол тэрээр энэ хуулийн 352.2-т заасан шаардлага гаргах эрхээ алдана гэж тус тус заажээ.
Хэрэгт авагдсан фото зураг, засварын ажлын төсөв, зөвлөх инженерийн дүгнэлт, оршин суугчдын гомдол, хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгэж чадаагүй бөгөөд эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч *-ийн гүйцэтгэсэн ажил биет байдлын доголдолтой байжээ.
Ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой дутуу бол захиалагч нь ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй юм.
Гэвч хариуцагч нь доголдлыг арилгуулахаар нэхэмжлэгчид мэдэгдсэн, эсхүл хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй болохоо баримтаар нотолж чадаагүйгээс гадна Тусгалт хайрхан дэвжих ХХК-д 40,711,489 төгрөг шилжүүлж, доголдлыг арилгасан байдал санхүүгийн анхан шатны баримтаар тогтоогдохгүй байна. Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэл гаргах замаар маргасныг доголдол арилгахыг мэдэгдсэн, эсхүл хугацаа тогтоосон гэж үзэхгүй.
11. Мөн зохигчид 2022 оны 6 дугаар сарын 06, 2022 оны 6 дугаар сарын 20, 2022 оны 8 дугаар сарын 29-ны өдрийн * төслийн орон сууцны зориулалт бүхий барилгад ажил ажил гүйцэтгэх гэрээний 2.2.1-д гэрээний нийт үнийн дүнгийн 5 хувийг гүйцэтгэсэн ажлын чанарын баталгаа болгон гэрээт ажлуудыг 100 хувь хүлээлгэн өгснөөс хойш 1 жилийн хугацаанд суутган тооцуулна, 2.2.2-т 1 жилийн хугацаанд зөрчил, гүйцэтгэлийн чанарын доголдол илрээгүй эсхүл илэрсэн зөрчил доголдлыг гүйцэтгэгч өөрийн зардлаар арилгасан тохиолдолд барьцаа төлбөрийг буцаан авна тус тус заасан боловч гэрээний 2.1.3-т Барилгын тухай хууль зааснаар гүйцэтгэсэн ажилдаа 4 жилийн баталгаа гаргаж байгаа болно гэж тохирчээ.
Талууд гэрээнд зааснаар баталгаат хугацааг 4 жилээр тогтоосон бөгөөд энэ хугацаанд гарсан доголдолтой холбоотой шаардлагаа хариуцагч оршин констракшн ХХК нь хуульд заасан аргаар хэрэгжүүлэх боломжтой байх тул барьцаа төлбөрийг буцаан олгохоос татгалзах эрхтэй гэж үзлээ.
12. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн 10,423,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл, хариуцагчийн гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол болон дахин засварлах зардалд 40,711,489 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар зохигчийн нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар Оршилконстракшн ХХК-д холбогдох 10,423,000 төгрөг гаргуулах тухай *-ийн үндсэн нэхэмжлэл, *-д холбогдох 40,711,489 төгрөг гаргуулах тухай *ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 181,718 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 431,457 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ *