Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 01772

 

 

 

 

 

 

 

 

 

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/01500 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М ХХК-ийн хариуцагч НШШГГ-т холбогдуулан Баянгол дүүрэг 20-р хороо Үйлдвэрийн баруун бүс, Үйлдвэрийн тойруу гудамж 109/0 тоотод байрлах 10354.54 мкв талбайтай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүрэг 20-р хороонд байршилтай 23,100 мкв талбайтай контор, аж ахуйн зориулалттай газарт хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн захирамжаар хариуцагч болох М ХХК , И ХК , хариуцагч Х.Э , О.Э нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 8 203 024 259 төгрөгийг Монгол Улсын Хөгжлийн банкинд төлөхийг хүлээн зөвшөөрч 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр эвлэрсэн ба эвлэрлийг баталсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгө болох И ХК  /2066831/-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205003909 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 20-р хороо, үйлдвэрийн баруун баруун бүс, үйлдвэрийн тойруу гудамж, 109/1 тоот хаягт байршилтай 10354.54 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, гэрчилгээний 000305908 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-2205001858 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 20-р хороонд байршилтай 23100 м.кв талбайтай контор, аж ахуйн зориулалттай газрыг үнэлүүлэхдээ үнэлгээг бодит байдалд болон хуульд нийцүүлэн хийгээгүй. 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн шүүхийн шийдвэрийн хариуцагч нь 3 хүн байдаг, барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгө нь И ХК -ийн өмчлөлийн хөрөнгө ба дээрхи хариуцагч бид хоорондоо тохиролцон тодорхой хувь хувиар хуваан төлөх учиртай, гэтэл тухайн барьцаа хөрөнгийг хэт доогуур үнэлснээс болоод манай компанийн хувьд хохиролтой байна. М ХХК -аас хөрөнгийн үнийн саналаа 15 200 000 000 төгрөгөөр, И ХК -аас 18 200 000 000 төгрөгөөр үнэлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байдаг. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилуулж үнэлгээ тогтоолгохдоо 11 457 900 000 төгрөгөөр үнэлсэн нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болон барьцаалагч компанийн хувьд өмчлөх эрхийнхээ хүрээнд эрх зөрчигдөж байна гэж үзэж эс зөвшөөрч байна. Тухайн үл хөдлөх хөрөнгө нь контор, аж ахуйн зориулалттай газар ба цаашид ч үнэ цэнээ алдахгүй байршилд байдгаараа давуу талтай, хөрөнгийн үнэлгээ гаргасан “Мөнх-Оргил трейд” ХХК нь энэ бүгдийг тооцож өгөөгүй багаар үнэлсэнд гомдолтой. НШШГГ-т “Мөнх-Оргил трейд” ХХК нь үнэлгээний тайлангаа 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүргүүлсэн ба 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр мэдэгдлийг шуудангаар ирүүлсэн. “Мөнх-Оргил трейд” ХХК нь үнэлгээг хийхдээ зах зээлийн үнийн аргаар харьцуулахдаа объектуудын зах зээлийн үнийг судалж, интернэтэд байрлах зарын сайтыг эх сурвалжаа болгож ашигласан нь хууль болон холбогдох журмыг зөрчсөн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилон “Мөнх-Оргил трейд” ХХК-иар хийлгүүлсэн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч М ХХК , “Их-Үүсгэл” ХК, Х.Э , О.Э нарт 2019 онд 157/01, 157/02, 157/02 2020 оны 157/01, 157/01, 157/01 дугаар мэдэгдлүүдээр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдэж анхааруулсан боловч төлбөрийг төлөөгүй тул шүүхийн шийдвэрт заагдсан хөрөнгийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 19281056 дугаар битүүмжпэх тогтоолоор битүүмжилж, 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 19281056/01 дугаар эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу талуудыг үнийн санал өгөхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч М ХХК  15 200 000 000 төгрөгөөр, Х.Э 5 200 000 000 төгрөгөөр, “Их-Үүсгэл” ХК 18 200 000 000 төгрөг, О.Э 18 200 000 000 төгрөгөөр Монгол Улсын Хөгжлийн банк нь тус үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэж хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ хийлгэхээр хүсэлт гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу шинжээчээр үнэлүүлэхэд 11 457 900 000 төгрөгөөр үнэлсэн. Мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 4/5017, 4/5018, 4/5015, 4/5016, 4/5027, 4/5028, 4/50264 , 4/5029, 4/5030, 4/5032, 4/5031 дугаар мэдэгдлээр хөрөнгийн үнэлгээг талуудад мэдэгдсэн. Хөрөнгийг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу талуудад эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах байсан боловч 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр мэдэгдэл хүлээн авснаас хойш 48 хоногийн дараа нэхэмжлэл гаргасан байна. Төлбөр төлөгчийн өмчлөлийн хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнэлгээг тогтоож, албадан дуудлага худалдаанд оруулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар НШШГГ-т холбогдох И ХК -ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205003909 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 20-р хороо, үйлдвэрийн баруун бүс, үйлдвэрийн тойруу гудамж, 109/1 тоот хаягт байршилтай 10354.54 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Г-2205001858 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байршилтай 23100 м.кв талбайтай контор, аж ахуйн зориулалттай газрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШЗ2020/05168 тоот захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэж заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгө болох И ХК  /2066831/-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22050039909 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 20-р хороо, үйлдвэрийн баруун баруун бүс, үйлдвэрийн тойруу гудамж, 109/1 тоот хаягт байршилтай 10354.54 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, гэрчилгээний 000305908 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-2205001858 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 20-р хороонд байршилтай 23100 м.кв талбайтай контор, аж ахуйн зориулалттай газрыг үнэлүүлэхдээ үнэлгээг бодит байдалд болон хуульд нийцүүлэн хийгээгүй, мөн үнэлгээг хийхдээ зах зээлийн үнийн аргаар харьцуулахдаа харьцуулагч объектуудын зах зээлийн үнийг судалж, интернэтэд байрлах зарын сайтыг эх сурвалжаа болгож ашигласан нь хууль болон холбогдох журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр шүүхэд хандсан болно.

Шүүхэд хандах явцдаа хөрөнгийн үнэлгээний төвд хандан дахин үнэлгээний компани томилж өгөхийг хүсэж хандсан ба хараат бус байх үүднээс 5 үнэлгээний, компани санал болгосноос “Бэсгэ” ХХК-ийг томилж, манай компани дахин үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийлгэхэд анх үнэлүүлснээс илүү үнийн дүнтэй үнэлгээ гарсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх дээрх “Бэсгэ” ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээг хэрэгт хавсаргасан хэдий ч ямар нэгэн байдлаар урьд гаргасан үнэлгээний компанийн үнэлгээтэй харьцуулалт хийх замаар үнэлж дүгнээгүй тул гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч М ХХК  нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч үнэлгээг тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэх үндэслэл зааж маргажээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2019/01274 дугаар захирамжаар хариуцагч болох М ХХК , И ХК , Х.Э , О.Э нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8 203 024 259 төгрөгийг гаргуулж Монгол Улсын Хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн ба үүргийн гүйцэтгэлийг И ХК -ийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 20-р хороо, үйлдвэрийн баруун бүс, үйлдвэрийн тойруу гудамж, 109/1 тоот хаягт байршилтай 10354.54 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүргийн 20-р хороонд байрлах 23100 м.кв талбай бүхий газар зэргийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. Хариуцагч байгууллага нь гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 19281056 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. /хх47-50, 53/

 

Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэж 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 733 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 19281056 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор И ХК -ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205003909 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20-р хороо, үйлдвэрийн баруун бүс, үйлдвэрийн тойруу гудамж, 109/1 тоот хаягт байрлах, 10354.54 м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн улсын бүртгэлийн Г-2205001858 дугаартай, дээрх хаягт байрлах 23100 м.кв талбайтай контор, аж ахуйн зориулалттай газрыг тус тус битүүмжилж, 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 19281056/01 дүгээр эд хөрөнгө хураах тухай тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг хураан авсан ба энэ талаар хуульд заасны дагуу гомдол гаргаагүй тул уг ажиллагааг хүчинтэй гэж үзнэ. /хх-45-46, 82-83 дахь тал/

 

Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч М ХХК  болон Х.Э нараас дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал авахад 15 200 000 000 төгрөг, мөн төлбөр төлөгч И ХК  болон Ц.Мянганбаяр нараас дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал авахад 18 200 000 000 төгрөг гэж, төлбөр авагч “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК нь хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн шинжээчээр тогтоолгоно гэх хүсэлтийг гаргажээ. /хх-91.95, 96/

 

Төлбөр төлөгч, төлбөр авагч нар нь дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөрөнгийн үнэлгээний “Мөнх Оргил трейд” ХХК-ийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 99 дугаар тогтоолоор шинжээчээр томилж, шинжээч нь Баянгол дүүрэг, 20-р хороо, үйлдвэрийн баруун бүс, үйлдвэрийн тойруу гудамж, 109/1 тоот хаягт байрлах, 10354.54 м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 7 643 260 100 төгрөг, мөн дээрх хаягт байрлах 23100 м.кв талбайтай контор, аж ахуйн зориулалттай газрыг 5 202 303 200 төгрөг нийт 11 457 900 төгрөгөөр үнэлсэн байна.

 

Төлбөр төлөгч “Их үүсгэл” ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон “Мөнх Оргил трейд” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг зах зээлийн ханшнаас багаар үнэлсэн гэх байдлыг нотлохоор “БЭСГЭ” ХХК-иар үнэлгээ хийлгэж нотлох баримтаар гаргасныг анхан шатны шүүх дүгнээгүй нь учир дутагдалтай болжээ. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөрт хураагдаж битүүмжлэгдсэн 23100 м.кв газрыг үнэлсэн 2 хөрөнгийн үнэлгээний компанийн үнэлгээ хоорондоо эрс зөрүүтэй байхад талуудын хэн аль нь шинжээч томилуулахаар хүсэлт гаргаагүй тул хэрэгт авагдсан хоёр хөрөнгийн үнэлгээг харьцуулан дүгнэх боломжтой.

 

Хэргийн 1 дүгээр хавтасны 128 дугаар талд “Мөнх Оргил трейд” ХХК-ийн хийсэн хөрөнгийн үнэлгээнд салаа төмөр замыг 95 м гэж, “БЭСГЭ” ХХК-ийн хийсэн хөрөнгийн үнэлгээнд эзэмшил газар дээрх салаа төмөр замыг 400 м гэж тус тус салаа төмөр замын уртыг зөрүүтэй тодорхойлж үнэлсэн байна.

 

Нөгөөтэйгүүр хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээнүүдийг харьцуулан үзвэл аль аль нь газрыг зах зээлийн үнэлгээгээр хийсэн байх бөгөөд “Мөнх Оргил трейд” ХХК нь газрын эзэмших эрхийн зах зээлийн хандлагаар “Нийтэд арилжаалагддаг жишиг зүйлсийн аргаар” үнэлэхдээ үнэлэгдэх хөрөнгөтэй аль болох ойрын ижил төстэй байршилд байгаа 3 газрын эзэмших эрхийн үнэтэй харьцуулалт хийх зарчмаар тухайн газрын зах зээлийн үнэ цэнийг харьцуулан гаргахдаа зарлагдсан үнэд тохируулга хийж тооцоолоход харьцуулж буй хөрөнгүүдийн нэгжийн тохируулагдсан үнэ нь 2, 3 дугаар хөрөнгийн хувьд ойролцоо гарсныг “1” гэж жин өгч жинлэн тооцож нэгж талбайн жигнэсэн дундаж үнэ 225 200 төгрөгөөр тооцож 23100 м.кв газрын үнийг 5 202 303 200 төгрөгөөр үнэлжээ. /хх131/

 

Харин “БЭСГЭ” ХХК нь газрыг суурь буюу өртгийн хандлагын үнээр болон зах зээлийн хандлагаар үнэлж уг 2 аргаас зах зээлийн хандлагын тооцоололыг сонгон авсан байна. Газрын зах зээлийн үнэлгээг зарагдахаар зарлагдсан зах зээлд байгаа жишиг газрын мэдээллийг байршил ойролцоо ижил төсөөтэй дараах 4 мэдээллийг вэб сайтаас сонгож, дээрх 4 газрын тохируулагдсан нэгж талбай бүрийн үнийг дундачлан тохируулагдсан нэгж талбайн жинлэсэн дундаж үнэ 305 751 төгрөгөөр тооцож 23100 м.кв газрыг 7 062 848 100 төгрөгөөр үнэлсэн байна. /2хх53/

 

Дээрх 2 хөрөнгийн үнэлгээнээс “БЭСГЭ” ХХК-ийн газрын үнэлгээг зах зээлийн үнэлгээг бодитой харьцуулан үзсэн гэж үзэх үндэслэлтэй байна. “БЭСГЭ” ХХК нь тухайн эзэмшил газар дээр “400 м төмөр замын салаа замтай нь тухайн газрын давуу тал” гэж үзсэн. Гэтэл “Мөнх Оргил трейд” ХХК нь 95 м бүхий салаа замтай гэснээс үзвэл “төлбөр төлөгч “Их үүсгэл” ХХК-ийн салаа төмөр зам 95 м эсхүл 400 м талбайн алин болох нь тодорхой бус байна. Учир нь уг газрын эзэмших эрхийн хугацаа дууссан, гэрчилгээг сунгаагүй нь үнэ буурсан гэсэн нь үндэслэл муутай болжээ. Иймээс “Мөнх Оргил трейд” ХХК-ийн үнэлгээг үндэслэлтэй зөв гэж үзэх үндэслэлгүй байх тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд үнэлгээ тогтоосон ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иймд хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээг харьцуулан дүгнэлт хийгээгүй гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул гомдлыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/01500 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын “хэвээр үлдээсүгэй” гэснийг “хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК -д олгосугай” гэж нэмж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.БАТЗОРИГ                                                                                   

                             ШҮҮГЧИД                                         Д.БАЙГАЛМАА

 

                                                                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ