Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лидагийн Одбаатар |
Хэргийн индекс | 159/2024/0032/З |
Дугаар | 159/ШШ2024/0045 |
Огноо | 2024-07-01 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 159/ШШ2024/0045
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:159/2024/0032/3
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Дүгнэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор *******
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******,
Дүгнэлтийн шаардлага: “******* холбогдох 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 0611270 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: дүгнэлт гаргагч Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Дүгнэлт гаргагч Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор ******* нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 0611270 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах дүгнэлт гаргасан.
2.Хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* ******* зохих зөвшөөрөлгүй газрын хэвлийд халдсан гэх Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ
3.Дүгнэлт гаргагч Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор ******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “…Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор ******* би, тус сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр “Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн гүн худаг 4 тоотод оршин суух хаягтай иргэн А.Дамдинрагчаа ******* нь газрын хэвлийг дур мэдэн ашиглаж 6 ширхэг шуудай буюу 25 кг-ийн 3 хуваасны 1-тэй тэнцэх хэмжээний чулууг бэлтгэсэн” гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч ******* 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг зуун тавин нэгж буюу 150.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна. Материалд цугларсан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай байгаль хамгаалагч ******* тэмдэглэл, зөрчлийг таслан зогсоож гэрэл зургаар баримтжуулсан талаарх илтгэх хуудас, гэрч ******* “Таньдаг дүү Ноён уул руу яаралтай юм авчрах гэсэн юмаа гэхээр нь хөлсөө тохироод уул руу хөдөлсөн. Ууланд ******* буулгаад зогсож байтал орой 19 цагийн орчим 5 гаран шуудай юм ачаад Мандал сумын 6 дугаар баг нутаг дэвсгэрт байрлах тээрмийн гадаа буулгах гэж байхад байгаль орчны хүмүүс ирээд саатуулсан” гэх мэдүүлэг, холбогдогч *******ийн “Миний ашигт малтмал олборлосон газар нь өмнө бичил уурхайчдын гэрээтэй байсан талбай юм одоогийн байдлаар тус газар нь зөвшөөрөлгүй байгаа гэж сонссон. Би явахдаа ямар нэгэн багажгүй явсан тухайн үед очиход нүхэн дотор осков, хүрз байсан” гэх мэдүүлэг, 6 шуудай чулуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаас үзэхэд дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр бүлэг “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг” буюу 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан” гэх үйл баримт тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулах гэдгийг эрх бүхий байгууллагаас олгосон тухай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын төрөл, зүйлийг өөрийн эзэмшилд авахад чиглэсэн хувь, хүн хуулийн этгээдийн хийсэн аливаа идэвхитэй үйлдэл юм. Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно гэж заасан байдаг. Иргэн *******ийн зохих зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдаж 6 шуудай чулуу олборлож, тээвэрлэсэн үйлдэлд илт гэмт хэргийн шинжтэй байхад Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй болжээ. Шийтгэвэрт Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөнгөн дүнг 150.000 гэж бичсэн нь торгуулийн мөнгөн дүнг буруу бичсэн байна.
Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******ын 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ******* Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 150.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн 0611270 дугаартай шийтгэврийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.
Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор *******гийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дугаар 21 дугаар дүгнэлттэй танилцлаа. Тус сумын Хэрх 4 дүгээр багийн Гүн худаг 4 тоотод оршин суух хаягтай иргэн А.Дамдинрагчаа нь газрын хэвлийг дур мэдэн ашиглаж 6 ширхэг шуудай буюу 25 кг-ийг 3 хуваасны 1-тэй тэнцэх хэмжээний чулууг олборлосон үйлдэлд нь Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* би Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг зуун тавин нэгж буюу 150.000 төгрөгөөр торгож, хууль бусаар олборлосон эд зүйлийг хурааж улсын орлого болгож шийдвэрлэсэн. Дээрх үйлдэлд Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор ******* хяналт тавьж Эрүүгийн хуулийн тусгай ангийн хорин дөрөвдүгээр бүлэг “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг” буюу 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газрын хэвлийд халдсан” гэх үйлдэл нь илт гэмт хэргийн шинжтэй байхад Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэсэн дүгнэлт гаргасан байна. Мандал сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* би тус сумын иргэн А.Дамдинрагчаа нь газрын хэвлийг дур мэдэн ашигласан гэх үйлдэлд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зургаадугаар бүлэг “Зөрчлийн хэрэг бүртгэлт” буюу 6.1, 6.2, 6.6 дугаар зүйлд заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг тус хуулийн хоёрдугаар бүлэг “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч” буюу 2.4 дүгээр зүйл “Эрх бүхий албан тушаалтан” 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтны бүрэн эрхийн хүрээнд явуулж гүйцэтгэсэн.
Тус сумын Хэрх 4 дүгээр багийн Гүн худаг 4 тоотод оршин суух хаягтай иргэн А.Дамдинрагчаа нь газрын хэвлийг дур мэдэн ашиглаж 6 ширхэг шуудай буюу 25 кг-ийг 3 хуваасны 1-тэй тэнцэх хэмжээний чулууг олборлох явцдаа ямар нэгэн байдлаар шинээр газрын хэвлийг хөндөөгүй чулуу олборлосон газар буюу Төмөр замчдын 1 дүгээр баг Ноёд гэх газар нь 2012 онд ашигт малтмал, газрын тосны газраас бичил уурхайн зориулалтаар ашиглаж болно гэсэн дүгнэлт бүхий талбай 2013 оноос хойш тус талбайд гар аргаар алт олборлогч иргэд алтны үндсэн ордыг далд хэлбэр буюу газрын хэвлийд ам /цооног/ гаргаж ашиглаж эхэлсэн талбай юм. А.Дамдинрагчаа нь эрх бүхий байгууллагаас ямар нэгэн зөвшөөрөл бичиг баримт /гэрээ/ байгуулаагүй 6 ширхэг шуудай буюу 25 кг-ийг 3 хуваасны 1-тэй тэнцэх хэмжээний чулууг олборлосон гэх үйлдэлд Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* би Зөрчлийн тухай хуулийн нэгдүгээр бүлэг “Нийтлэг үндэслэл” 1.2 дугаар зүйл “Хууль ёсны зарчим”, 1.3 дугаар зүйл “Шударга ёсны зарчим”-ыг баримтлан *******ийн “Миний ашигт малтмал олборлосон газар нь өмнө нь бичил уурхайчдын гэрээтэй байсан талбай юм одоогийн байдлаар тус газар нь зөвшөөрөлгүй байгаа гэж сонссон. Би явахдаа ямар нэгэн багажгүй явсан тухай үед очиход нүхэн дотор осгов, хүрз байсан.” гэх мэдүүлэг байгаль хамгаалагчийн илтгэх хуудас зэргээр А.Дамдинрагчаа нь шинээр газар ухаагүй харин хуучин гар аргаар алт олборлож байсан нүх /цооног/-оос чулуу, хүдрийг авсан боловч эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл бичиг баримт аваагүй нь дур мэдэн газрын хэвлийд халдсан үйлдэл тогтоогдож байна. Мөн тухайн иргэн нь өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн тул Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйл “Газрын хэвлийн тухай хууль зөрчих” 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Газрын хэвлийг дур мэдэн ашигласан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалтаар торгуулийн арга хэмжээг авч 6 ширхэг шуудай буюу 25 кг-ийг 3 хуваасны 1-тэй тэнцэх хэмжээний чулууг улсын орлого болгож арга хэмжээ авахдаа хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан ажилласан.
Тус иргэнд торгуулийн арга хэмжээг авч шийтгэвэрт мөнгөн дүнг бичихдээ нэг зуун тавин нэгжийг 1.500.000 гэж бичсэн алдааг гаргасан байна. Иймд миний бие холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зөрчлийг шалган шийдвэрлэж шийтгэл оногдуулсан гэж үзэж байгаа тул прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож, 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 0611270 дугаартай шийтгэлийн хуудсанд мөнгөн дүнг буруу бичсэн үйлдэлд залруулга хийлгэх зорилгоор зөвхөн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож дахин бичих боломжоор хангаж өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд зааснаар иргэн тусгай хамгаалалттай газар нутагт хориглосон үйл ажиллагааг явуулж болохгүй. Тухайн олборлолт хийсэн газар нь Ноён уулын тусгай хамгаалалттай газар нутаг тул тусдаа хуулиар зохицуулагддаг. Иргэн А.Дамдинрагчаа нь тус тусгай хамгаалалттай газрын хэвлийд халдаагүй. 2013 оноос хойш гар аргаар алт олборлогч иргэд алтны үндсэн ордыг далд хэлбэр буюу газрын хэвлийд цооног гаргаж ашиглаж эхэлсэн талбайд үүссэн байсан цоонгоос 6 шуудай шороо авсан. 6 шуудай шороо гэж яригдаж байгаа боловч килограммаар тооцож үзлэг шалгалт хийсэн тэмдэглэлд хэмжээг дурдсан. Эрүүгийн хуульд заасан газрын хэвлийд халдах гэмт хэрэг гэдэг нь ямар нэгэн байдлаар шинээр хөрсийг хуулж онгойлголт хийсэн тохиолдлыг хэлнэ. Тус тохиолдолд экологи, эдийн засгийн үнэлгээ, хөрсөнд учруулсан хохирол зэргийг тогтоодог. Ямар нэгэн байдлаар шинээр газрын хөрсийг хуулаагүй, зөвхөн бичил уурхайн дүгнэлттэй байсан талбайд өмнө үүссэн байсан цоонгоос шороо авсан үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан газрын хэвлийг дур мэдэн ашигласан гэх үндэслэл болно, тус тохиолдолд хохирол тооцох боломжгүй.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* нь тус сумын Хэрх 4 дүгээр багийн иргэн А.Дамдинрагчаа зохих зөвшөөрөлгүй газрын хэвлийд халдаж 6 шуудай буюу 25 кг-ийг 3 хуваасны 1-тэй тэнцэх хэмжээний хүдэр /чулуу/ олборлосон үйлдэлд зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг зуун тавин нэгж буюу 150.000 төгрөгөөр торгож, хууль бусаар олборлосон эд зүйлийг хурааж улсын орлого болгож шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор ******* прокурорын дүгнэлтдээ: Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай байгаль хамгаалагч П.Очирпүрэвийн тэмдэглэл, гэрэл зураг, гэрч, холбогдогч А.Дамдинрагчаа нарын мэдүүлэг 6 шуудай чулуунд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаас үзэхэд *******ийн үйлдэл нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн хорин дөрөвдүгээр бүлэг “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг” буюу 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан” үйл баримт тогтоогдож байх тул Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******ын 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ******* Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 150.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн 0611270 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичжээ.
Нэг: Үйл баримтын талаар
Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн иргэн А.Дамдинрагчаа 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гэгчтэй тээврийн хөлсөө тохирч тус сумын Ноёд гэх газраас ямар нэг тусгай зөвшөөрөлгүйгээр 6 шуудай буюу 25 кг-ийг 3 хуваасны 1-тэй тэнцэх хэмжээний чулуу /хүдэр/ олборлоод түүнийгээ Ц.Эрдэнэчимэг гэгчийн тээрэмд буулгасан болох нь зөрчлийн хэрэгт авагдсан холбогдогч *******ийн “Б.Гантогоо ахтай хөлсөө тохирч Ноёд гэх газар луу мөнгөний хэрэгцээ гарч байсан учраас хэдэн бондгор чулуу хийгээд ирээд Ц.Эрдэнэчимэг эгчийн тээрэмд буулгаж байхад Байгаль орчны холбогдох хүмүүс таслан зогсоож саатуулсан ... миний ашигт малтмал олборлосон газар нь өмнө нь бичил уурхайн талбай байсан одоогийн байдлаар тус газар нь зөвшөөрөлгүй байгаа ... би явахдаа багажгүй явсан тухайн үед нүхэнд очиход дотор нь осков, хүрз байсан ... миний бие зөвшөөрөлгүй байхад газрын хэвлийд халдсан нь үнэн” гэх мэдүүлэг, гэрч ******* “таньдаг дүү Ноёд уул руу яаралтай юм авчрах гэсэн юмаа гэхээр нь хөлсөө тохироод хөдөлсөн ... ууланд ******* буулгаад зогсож байтал орой 19 цагийн орчим 5 гаран шуудай юм ачаад Мандал сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах тээрмийн гадаа буулгах гэж байхад Байгаль орчны хүмүүс ирээд саатуулсан” гэх мэдүүлэг, 6 шуудайд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, 21 дугаартай прокурорын дүгнэлт, хариуцагч *******ын шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар зэргээр нотлогдож байна[1].
Хоёр: Эрүүгийн болон Зөрчлийн хэргийн харьяаллын талаар
Хариуцагч Мандал сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* тайлбартаа иргэн *******ийн Ноёд гэх газраас 6 шуудай чулуу олборлосон үйлдэлд “... Ноёд гэх газарт А.Дамдинрагчаа нь шинээр газар ухаагүй харин хуучин гар аргаар алт олборлож байсан нүх /цооног/-оос чулуу хүдрийг авсан боловч эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл бичиг баримт аваагүй нь дур мэдэн газрын хэвлийд халдсан үйлдэл тогтоогдож байх тул Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 1-д “Газрын хэвлийг дур мэдэн ашигласан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг ... төгрөгөөр торгоно” гэж зааснаар 150.000 төгрөгөөр торгож шийтгэсэн нь үндэслэлтэй прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгохыг дурджээ.
Нэхэмжлэгч Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор ******* дүгнэлтдээ “... *******ийн Ноёд гэх газраас 6 шуудай чулуу олборлосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулах гэдгийг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын төрөл, зүйлийг өөрийн эзэмшилд авахад чиглэсэн идэвхитэй үйлдэл юм. Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа Монгол улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно” гэж заасан байдаг. Иргэн *******ийн зохих зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдаж 6 шуудай чулуу олборлож, тээвэрлэсэн үйлдэл илт гэмт хэргийн шинжтэй байхад Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй ... шийтгэвэрт мөнгөний үнийн дүнг 1500000 гэж бичсэн нь торгуулийн мөнгөн дүнг буруу бичсэн байна” гэж маргажээ.
Дээрх үйл баримт, маргааныг дүгнэхэд 21 дугаартай прокурорын дүгнэлт үндэслэлтэй, харин хариуцагчийн Зөрчлийн тухай хуулиар оногдуулсан шийтгэлийн хуудас үндэслэлгүй байна.
Учир нь зөрчлийн хэрэгт холбогдогч А.Дамдинрагчаа нь Ноёд гэх ууланд очиж эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийсэн, 6 шуудай буюу буюу 25 кг-ийг 3 хуваасны 1-тэй тэнцэх хэмжээний хүдэр /чулуу/ олборлосон, тээрэмдэх зорилгоор Ц.Эрдэнэчимэг гэх эмэгтэйн тээрэмд буулгасан зэрэг үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан” гэж заасан гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд дээрх үйл баримт нь зөрчлийн хэрэгт авагдсан холбогдогч *******ийн мэдүүлэг, түүнтэй хөлсөө тохирч явсан жолооч ******* гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 1-д заасан “Газрын хэвлийг дур мэдэн ашигласан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг ... тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар 150.000 төгрөгөөр торгож шийтгэл оногдуулсан бөгөөд дээрх хуулийн заалтад газрын хэвлийг дур мэдэн ашигласан бол гэх ойлголтод газрын хэвлийг Газрын хэвлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар 4 өөр зориулалтаар ашиглуулж болох бөгөөд 10.1.2-т “Ашигт малтмал олборлох” зорилгоор мөн ашиглуулж болох боловч тухайн тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар зайлшгүй тусгай зөвшөөрөл авахыг шаардаж байна. Өөрөөр хэлбэл дээрх хуулийн зохицуулалтын хувьд газрын хэвлийг ашигт малтмал олборлох зорилгогүйгээр бусад зорилгоор дур мэдэн ашигласан тохиолдолд зөрчлийн хэрэгт холбогдуулан шийтгэл оногдуулахаар хуульд зохицуулсан гэж дүгнэхээр байна.
Мөн хариуцагч нь зөрчлийн шийтгэл оногдуулах үндэслэлээ шийтгэл хуудас болон шүүхэд гаргаж өгсөн тайлбартаа холбогдогч ******* газрын хэвлийд халдсан гэх үндэслэлээр торгосон бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 1-д газрын хэвлийд халдах гэх ойлголт байхгүй бөгөөд зөвхөн дур мэдэн ашигласан гэх үйлдэлд хамааралтай зохицуулалт юм. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан гэх ойлголтыг хуульд зохицуулжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор *******гийн дүгнэлтийг хангаж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******ын 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 0611270 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Дүгнэлт гаргагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш таван хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ОДБААТАР
[1] Хавтаст хэргийн 5-19 дүгээр тал, 30-31 дүгээр тал