Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 20022/ДШМ/63

 

2022           11           22                                      2022/ДШМ/63

Б.Б, Ж.Н, Ж.М нарт

    холбогдох эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд прокурор Д.Пүрэврагчаа, шүүгдэгч Б.Б, Ж.М, Ж.Н, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батгэрэл, Д.Дамдинсүрэн, өмгөөлөгч Б.Лхагважав, шүүх хуралдааны бичгийн дарга Н.Булгаа нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж явуулсан шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/152 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлуудыг үндэслэн Б.Б, Ж.Н, Ж.М нарт холбогдох, 2235000000120 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн И ургийн овогт Б-ийн Б, ..-ний өдөр Увс аймгийн .. төрсөн, 22 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, Увс аймгийн .. сумын нэгдүгээр багт оршин суух хаягтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг,  урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар:

Монгол Улсын иргэн Э ургийн овогт Ж-н Н, 2000 оны .. өдөр Увс аймгийн ..й суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, малчин, Увс аймгийн .. сумын   багт оршин суух хаягтай, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, урьд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хүмүүжлийн чанартай  албадлагын арга хэмжээ авагдаж байсан, регистрийн дугаар:

Монгол Улсын иргэн Д-н овогт Ж-ын М, 1996 оны .. Завхан сумын Сантмаргац суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд оршин суух хаягтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: .

1. Шүүгдэгч Б.Б, Ж.Н, Ж.М нар бүлэглэн 2022 оны 5 дугаар сарын 08-ны орой 22 цагийн үед Увс аймгийн Зүүнхангай сумын Даланбулаг багийн нутаг “Эрээн Цахир” гэх газраас тус багийн иргэн Т.Бгийн 6 тооны үхрийг машин механизм ашиглан хулгайлж, хохирогчид 5.500.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаагаас шүүгдэгч Б.Б, Ж.Н, Ж.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

3. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/152 дугаар шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч И ургийн овогт Б-ийн Б, Д ургийн овогт Ж-ын М, Э ургийн овогт Ж-ын Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бүлэглэж, бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Ж.М-д хоёр жил найман сар хорих ял, шүүгдэгч Ж.Н, Б.Б нарт тус бүрт нь хоёр жил нэг сар хорих ял тус тус шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б, Ж.Н, Ж.М нарын тус бүрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

- шүүгдэгч Ж.М, Ж.Н, Б.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Ж.М, Ж.Н, Б.Б нарын эдлэх хорих ялыг 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолж,

- Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж.М, Ж.Н, Б.Б  нараас гаргуулах хохирол, төлбөргүй болохыг дурдаж,

-  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4-д зааснаар шүүдэгч Ж.М, Ж.Н, Б.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 46-52 ЗАА улсын дугаартай, 2008 онд БНСУ-д үйлдвэрлэгдсэн, Kia Bongo маркийн хөх өнгийн тээврийн хэрэгслийг хууль ёсны өмчлөгч, ИК76102815 регистртэй, Сайннямбын Галсанбууд буцаан олгож, түүний үнэ 8.000.000 (найман сая) төгрөгийг хувь тэнцүүлэн, шүүгдэгч Ж.Мгийн хувьд ногдох хөрөнгөөс 2.666.700 (хоёр сая зургаан зуун жаран зургаан мянга долоон зуун) төгрөг, шүүгдэгч Б.Бийн хувьд ногдох хөрөнгөөс 2.666.700 (хоёр сая зургаан зуун жаран зургаан мянга долоон зуун) төгрөг, шүүгдэгч Ж.Нийн хувьд ногдох хөрөнгөөс 2.666.700 (хоёр сая зургаан зуун жаран зургаан мянга долоон зуун) төгрөг тус тус гаргуулж улсын орлогод,

- шүүгдэгч Б.Бийн хувьд ногдох хөрөнгөөс гэмт хэрэг үйлдэж олсон орлого 180.000 (нэг зуун наян мянган) төгрөг, шүүгдэгч Ж.Нийн хувьд ногдох хөрөнгөөс гэмт хэрэг үйлдэж олсон орлого 180.000 (нэг зуун наян мянган) төгрөгийг тус тус албадан гаргуулж улсын орлогод тус тус оруулж, шүүгдэгч Б.Б, Ж.Н нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, 2021 онд үйлдвэрлэгдсэн, Gold super-150 загварын, улбар шар өнгийн, 2.875.000 (хоёр сая найман зуун далан таван мянган) төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий, улсын дугааргүй мотоциклийг шүүгдэгч Б.Бээс гаргуулан улсын орлогод оруулж, уг мотоциклийг битүүмжилсэн Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаартай тогтоолыг хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээж,

- шүүгдэгч Ж.М, Ж.Н, Б.Б нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

4. Шүүгдэгч Ж.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Миний бие 2022 оны 5 дугаар сарын 8-нд Зүүнхангай сумын нутгаас Т.Бгийн 6 тооны үхэр хулгайлан авсан гэмт хэргийг Б.Б, Ж.Н нартай бүлэглэн үйлдсэн бөгөөд хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна. Хохирогчид төлөх төлбөрбайхгүй. Манай ар гэрийн байдал хүнд байна, аав, ээж хоёр Улаанбаатар хотод ээжийг эмчлүүлж байгаа. Гэр бүл болж буй бүсгүй минь одоо амаржиж байгаа байх, ар гэртэйгээ ямар нэгэн холбоо байхгүй байгаа тул санаа маш их зовж байна. Миний үйлдэл өөрт минь болон ойр дотны хүмүүст минь маш хэцүү байдал үүсгэлээ. Миний өөрийн хэнэггүй, тэнэг зангаас энэ бүхэн боллоо. Анхан шатны шүүхээс надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

5. Шүүгдэгч Ж.Мгийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж.М нь анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч гэм буруутай үйлдлээ ойлгож ухамсарласан ар гэрийн хувьд ямар байгаа гэдгээ хэлсэн. Эхнэр нь жирэмсэн. Эцэг, эх нь өвчний улмаас Улаанбаатар хотод эмчлүүлж байна. Ж.Мд хоёр жил найман сар хорих ялыг оногдуулахдаа шүүх энэ хэргийг зохион байгуулсан гэдэг үндэслэлээс гадна Ж.Мг өөрийн гэм буруугаа ойлгож ухамсарлаагүй гэж үзэж бусад шүүгдэгчдээс өндөр ял шийтгэсэн.

Ж.М нь гэм буруутай үйлдлээ ойлгож ухамсарласан учраас ялыг хөнгөрүүлж өгнө үү. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалт байдаг. Анхан шатны шүүхээс энэ заалтыг хэрэглэнэ, давж заалдах шатны шүүх хэрэглэхгүй гэх зохицуулалт байхгүй. Давж заалдах шатны шүүхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг журамлаж ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

6. Шүүгдэгч Ж.Нийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж.Н нь мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүхэд гэм буруугийн хувьд маргахгүй, үнэн зөв мэдүүлж ирсэн. Анхан шатны шүүх 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 152 дугаар шийтгэх тогтоолоор гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэдэг байдлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь, 2015 оны Эрүүгийн хуульд гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн байхыг шаарддаг. Өмгөөлөгчээс шүүгдэгчид хууль зүйн туслалцаа үзүүлэхдээ ялыг хөнгөрүүлэх, гэм буруугаа ойлгох, хохирлыг төлүүлэхээр хамтарч ажиллаж ялыг багасгах байр суурьтай оролцсон.  Анхан шатны шүүх Ж.Нийг гэм буруугаа хүлээхгүй байна гэдэг байдлаар хуулийг буруу хэрэглэж, буруу тайлбарласан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-ыг заавал хэрэглэх шаардлага байхгүй гэж хуулийг буруу тайлбарлаж, эрх зүйн байдлыг дордуулж байгаад гомдолтой байна. Ж.Н мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч ирсэн. Анхан шатны шүүхийн дүгнэлт урьд нь насанд хүрээгүй байхдаа энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан гэдэг байдлаар ялыг хүндрүүлж, ялыг хөнгөрүүлээгүй байр сууриа шүүхийн шийдвэрт тайлбарласан.

Ж.Н нь өмнөх ялаа эдлээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байдаг. Тухайн төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан гэж гэм буруугаа ойлгож, хохирогчид хохирлыг төлж орж ирсэн байгааг ийм байдлаар хүндрүүлж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх журмыг зохицуулсан ба тус зүйлийн 1-т ”Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан. Энэ нөхцлийг миний үйлчлүүлэгч хангасан. Шүүхээс тодорхой нөхцөл хангагдсан үед дээрх зохицуулалтыг заавал хэрэглэхийг хуулиар үүрэг болгож зохицуулаагүй гэж тайлбарласан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3-д заасан эрүүгийн хариуцлага нь гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг зөрчсөнд гомдолтой байна.

Шүүх хэргийн бодит байдлыг нотлох баримтад тулгуурлан үнэлээгүй, шүүгдэгчийн урьд нь гэмт хэрэгт холбогдож байсан, хэргээ бүрэн хүлээн зөвшөөрөөгүй гэж үзсэн гэдэг. Бүрэн хүлээн зөвшөөрөөгүй гэж юуг ойлгох вэ?, гэм буруугаа зөвшөөрч, хохирлоо төлсөн, хулгай хийж байгааг мэдсэн, би тусалсан гэдгээ ярьсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 4-т : гэмт хэрэг үйлдсэн хүнийг ялгаварлан гадуурхахгүй байх, хууль ёсны байх, хүнлэг бус хандахгүй байх гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Шүүгдэгчийг өөрөөр нь гэм бурууг нотлуулахыг хориглосон заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч Ж.Н гэрчээр мэдүүлэг өгсөн. Яллагдагчаар ял сонсгож мэдүүлэг өгсөн. Бүх мэдүүлэгтээ хэргээ хүлээж байсан. Ж.Н нь даруу төлөв зантай, үг дуу цөөтэй, тусархуу, хүнтэй харьцах харьцаа сайтай зэрэг байдлууд хэрэгт авагдсан байдаг.

Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдлыг нь харгалзан үзэж шүүгдэгч Ж.Нид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан хоёр жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлаж, нэг жил хорих ял болгож хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү” гэв.

8. Шүүгдэгч Ж.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Миний ялыг багасгаж өгнө үү” гэв.

9. Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж, 2 үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргасан.

 Шүүгдэгч Б.Б, Ж.Н нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, 2021 онд үйлдвэрлэгдсэн, “Super 5g Gold” маркийн, улсын дугааргүй, улбар шар өнгийн мотоциклийг шүүгдэгч Б.Бээс гаргуулан тус тус улсын орлогод оруулж шийдвэрлэсэн. Мотоциклийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдоогүй. Тухайн өдөр цаг агаарын байдлын хувьд салхитай өдөр байсан. Б.Б нь Ж.Нийн хамтаар өөрсдийн үхрээ харж, дурандаж байхдаа Даваа гэх айлын өвөлжөөний ойролцоо хэдэн тооны үхэр байхыг харсан. Энэ нь мөрдөн байцаалтын шатанд өөрийнх нь өгсөн мэдүүлгээр тогтоогддог. Ингээд тухайн оройгоо өвөлжөөнд явж очиход хашааны гадна, болон дотор талд үхрүүд байхаар нь хашааны хаалгыг хааж орхиод Ж.Мг тээврийн хэрэгсэлтэй ирэхэд нь уг хашаан дотор байсан 6 тооны үхрийг ачиж явуулсан процесс болсон.

Мотоциклийг гэмт хэрэг үйлдэх газраа хурдан очихын тулд уналга болгож ашигласан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Ж.Н, Б.Б нар явж очиход гэмт хэрэг үйлдэгдээгүй байсан. Магадгүй тэр айлын хашаа руу үхрүүд орсон байх гэдэг байдлаар очсон. Тэр үед хулгайн гэмт хэрэг үйлдэгдээгүй байсан гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Учир нь энэ хүмүүст захиран зарцуулах боломж үүсээгүй байсан. Хэдий үеэс захиран зарцуулах боломж үүссэн бэ гээд үзэхэд Ж.Мгийн тээврийн хэрэгсэлд ачиж өгч явуулж байгааг үзнэ. Тэгвэл мотоциклийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэдэг нь үгүйсгэгдэж байна.

Газар зүйн байрлалын хувьд хохирогч, шүүгдэгч нар Зүүнхангай сумын 1-р багт айл саахалт амьдардаг. Өөрийн малыг хараад явж байгаа нөхцөл байдал байна. Иймд мотоциклийг уналга болгон ашигласан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Түүний мотоциклийг улсын орлого болгож шийдвэрлэсэн нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсгүүдэд зааснаар 2 жил 1 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Бийн хувьд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэн үзэх хэд хэдэн нөхцөл байдал байдаг.  Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийн үйлдсэн гэмт хэргээ илчилсэн, айл саахалт хүний малыг хулгайлсандаа гэмшиж, “хохирогч малаа хайж байна” гэх сургаар би танай малыг хулгайлсан гэдгээ хэлж, өөрөө хохирогч дээр явж очсон. Ингээд Завхан аймгийн Ургамал сумаас өөрийн биеэр очиж хохирогчид малыг авч ирж хүлээлгэж өгсөн. Эрлийн зардалд шүүгдэгч нараас 2 сая төгрөгийг төлж барагдуулсан.

Иймд учруулсан хохирлыг төлсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бага насны 2 хүүхэд эхнэрийн хамтаар амьдардаг зэрэг хувийн нөхцөл байдал байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д “ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж болохоор хуульчлагдсан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн үйл баримтад бодитой дүгнэлт хийж Б.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 т заасны дагуу ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү.

Иймд дээрх 2 үндэслэлээр Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 сарын 21-ний өдрийн 152 дугаар шийтгэх тогтоолын холбогдох заалтуудад өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү” гэв.

10. Шүүгдэгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Миний ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

11. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Пүрэврагчаа: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдсон Б.Б, Ж.Н, Ж.М нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож дүгнэлтээ гаргаж байна.

Шүүгдэгч, өмгөөлөгч нарын зүгээс анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн агуулгаар гомдол гаргасан байна. Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч нарын зүгээс Б.Бийн эзэмшлийн мотоциклийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн үндэслэлгүй гэдэг. Анхан шатны шүүхээс Б.Б нарын үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдсон гэж үзсэн. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн.

Мөн шүүгдэгч нарын хувийн байдлын хувьд урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан, гэмт хэрэгт оролцсон оролцоо, гүйцэтгэсэн үүрэг зэргийг тал бүрээс нь харгалзан тус тус хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй байна гэж үзэж байна. Тухайн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг 2 үе шаттай явагдсан байдаг.

Хохирогч Бгийн хувьд гаргуулах хохирол, төлбөр байхгүй. Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэдэг боловч Ж.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн. Ж.Н, Б.Б нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэдэг боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд Ж.Н нь мэдүүлэхдээ “Ж.Мг таньдаггүй, Ж.М нь хулгайн үхэр гэдгийг мэдсээр байж авсан эсэхийг би мэдэхгүй”  гэх зэргээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээс зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Мөн Б.Б нь Ж.М хулгайн гэдгийг мэдээгүй гэж зөрүүтэй мэдүүлэг өгдөг.

 Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмшсэн нь шүүх хурал дээр харагддаггүй. Өмгөөлөгч нарын зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгөх хүсэлтийг гаргаж байсан. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ямар нэгэн шахалт дарамтгүйгээр өөрөө сайн дураар хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгоно.

Шүүгдэгч нар нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхгүйгээр ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нарын зүгээс мотоциклийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл гэж үзэж улсын орлого болгосон нь үндэслэлгүй гэдэг. “Машин механизмыг хэрэглэсэн” гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч нар субьектив санаа зорилгын хувьд мал хулгайлах зорилгоор урьдчилан бэлтгэсэн. Хэргийн үйл баримтаар шүүгдэгч нарын санаа зорилго мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр хохирогчийн үхэр байгаа газар очсон нь хангалттай тогтоогдсон байдаг. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар улсын орлого болгосон нь үндэслэлтэй юм. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.

Шүүгдэгч Ж.Н-ийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдлын хувьд шүүхээс түүнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд байдал тооцоогүй, харин шүүгдэгчийн хувийн байдалд тооцсон байдаг. Иймд шүүгдэгч Ж.Нийн өмгөөлөгч Б.Лхагважав, шүүгдэгч Ж.Мгийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Б.Батгэрэл болон шүүгдэгч Б.Б, Ж.Н, Ж.М нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

12. Шүүгдэгч Ж.М-гийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Ж.М урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хавтаст хэрэгт ял шалгах хуудас авагдсан байдаг. Ар гэрийн амьдралын хувьд ямар байдалтай байгаагаа шүүхэд тодруулсан. Ж.Мгийн гэмт хэрэгтээ хандаж буй хандлагыг үзэхэд Ж.М үхрийг аваад Цэцэн-Уулд хүргэн ахынхаа үхэрт хүргэсэн байсан.

3 хоногийн дараа Б.Бийн хамт буцаж туугаад Сантад хүргэж ирсэн. Өөрөөр хэлбэл үхрийг буцааж өгөх ажиллагаанд биечлэн оролцсон. Бгийн хохирлыг төлөхөд М оролцсон гэдгийг мэдүүлсэн. Шүүхээс Ж.Мг зохион байгуулсан гэж бусад шүүгдэгчээс илүү ял оногдуулж эрх зүйн байдлыг дордуулсан. Шударга ёсны зарчим алдагдсан гэж үзэж байна. Анхны саналаа дэмжиж байна” гэв.

13. Шүүгдэгч Ж.Н-ийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна. Ж.Н нь хүний үгнээс гардаггүй зөөлөн томоотой, Бгийн үхрийг хулгайлагдсан гэдгийг мэдэж, малыг буцааж хүргэж өгье гэдгийг Б.Бт хэлсэн байдаг. Малыг авч ашиглаж зарж борлуулъя гэдэг байдлыг огт гаргаагүй. Ж.Н үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч хохирогчийн малыг хохирогчид даруй буцаан өгсөн. Ж.Н насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдэж, ял хойшлуулж байсан байдал хэрэгт тогтоогдсон байдаг. Ж.Мг Ж.Н таньдаггүй байсан, Б.Бээр дамжуулж таньдаг болсон гэдгээ хэлсэн. Ж.Н нь 2 сарын хугацаанд хүмүүжиж засарч байгаа. Анхны саналаа дэмжиж байна. Ж.Нийн хувийн байдлын хувьд айлын том хүү, дүү нар нь оюутан” гэв.

14. Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн гэж үзэх боломжгүй байдлаар Б.Б мэдүүлэг өгсөн гэж хэлдэг. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 2.4-т зааснаар яллагдагчаар татаж, мэдүүлэг авсан. Яллагдагчаар өгсөн  мэдүүлэгтээ зүйлчлэлийн талаар маргадаггүй. Мөрдөн байцаалтын ажиллагаанд хэрэг илрүүлэх явцад тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлсэн.

Мөрдөн байцаагч гэмт хэрэг үйлдэхэд ашигласан өөр машиныг битүүмжлэх гэж байхад энэ гэмт хэргийг үйлдэхэд ашигласан машин биш байна гэдгийг хэлсэн. Ж.М нь хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэдгээ мэдсэн үү гэхэд мэдсэн гэдэг. Гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа байдалд хохирол, төлбөр төлж байгаа байдлыг ойлгоно. Б.Б, Ж.Н нь мэдүүлгийн зөрүүтэй байдал гаргасан гэж улсын яллагч тайлбарлаж байна. Шүүгдэгч нар нь гэм буруугаа өөрөө нотлох үүрэггүй этгээд байдаг. Гэмт хэрэг үйлдээгүй байхдаа мотоцикль унаж очсон. Ж.Мтэй холбогдсон талаараа мэдүүлсэн. Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь :

1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/152 дугаар шийтгэх тогтоолтой, 2235000000120 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Ж.Нийн өмгөөлөгч Б.Лхагважав, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нарын тус тус гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах журмаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Шүүгдэгч Б.Б, Ж.Н, Ж.М нарт холбогдох хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдохгүй байна. 

3. Шүүгдэгч Б.Б, Ж.Н, Ж.М нар бүлэглэн 2022 оны 5 дугаар сарын 08-ны орой Увс аймгийн Зүүнхангай сумын Даланбулаг багийн нутаг “Эрээн Цахир” гэх газраас тус багийн иргэн Т.Б-гийн 6 тооны үхрийг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :

- хохирогч Т.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн:  “ Манайх Зүүнхангай сумын Даланбулаг багийн нутагт мал маллаж амьдардаг. Манайх 2022 оны өдөр бэлчээрт гарсан үхрээ харж амжилгүй өнжсөн ба маргааш нь буюу 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Эрээний арын цахир гэх газарт очиж, өөрийн  үхрийг бүрэн байгаа эсэхийг үзэхэд манай үхэрнээс 6 тооны үхэр байхгүй байсан. Тэгээд манай эхнэр бид хоёр Далантүрүү баг болон сумын төвийн орчмоор, хадам аав, ээж хоёр Завхан аймгийн Сантмаргац сумын чиглэлд хэдэн өдөр үхрээ хайсан юм. Тухайн үед хадам аав Д.Д нь Завхан аймгийн Сантмаргац сумын иргэн Б.П-той уулзаж, түүнээс үхэр харсан эсэхийг асуухад “Намайг малаа хариулаад явж байхад танай үхэр бэлчиж байсан газарт бага оврын ачааны машины мөр гарсан байсан” гэж хэлсэн байсан. Тэгээд би тэр газар очиж,  мөрийг очиж үзэхэд манай үхэр бэлчиж байсан Эрээний цахир гэх газарт бага оврын ачааны машины мөр бүдэг гарсан байсан. ...Ингээд 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Зүүнхангай сумын цагдаагийн хэсэгт очиж,  өөрийн эзэмшлийн 6 тооны үхрээ хулгайд алдсан талаар бичгээр өргөдөл гаргаж мэдүүлэг өгчихөөд ойр орчмын айлуудаар явж үхрээ асууж сураглаад байж байтал манай сумын иргэн  Б.Б гэх залуу манай гэрт ирж надтай уулзаад “Би танай 6 тооны үхрийг хулгайлж авсан юм. Танай үхэр тоо ёсоороо байгаа, би танд буцааж авч ирж өгнө” гэж хэлээд уучлалт гуйгаад явсан. Удалгүй 2022 оны 5 дугаар сарын 19-ний орой манай гэрийн гадна 6 тооны үхрийг авч ирж өгсөн юм. Хулгайд алдсан 6 тооны үхрийг Б авч ирж өгөхөд манай үхэр холоос туугдаж ирсэн шинжтэй, гэдэс муутай байсан. Б нь манай үхрийг эзэнгүй өвөлжөөнд  байхад нь авсан гэж хэлсэн. Бийн гэр , манайх хоорондоо 2 км зайтай байсан. Н, Б нар нь манайхтай төрөл садан бөгөөд өвөл зунгүй байнга ойролцоо буудаг учир тэд манай үхрийг сайн таньж мэддэг ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-49-р тал),  

- гэрч Б.Пүрэвдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ Манай ойр орчмоор сэжигтэй гэх машин техник, хүн явж харагдаагүй, харин 6 хоногийн өмнө буюу өнгөрсөн ням гарагийн шөнө цас шуурч хоносон бөгөөд өглөө босоод харахад манай бэлчээрт байсан мал хоёр хэсэг тасарсан байсан. Тэгээд би бэлчээрт мотоцикльтой очиж хонио эргүүлээд явж байтал Далантүрүүгээс Завхан аймгийн Сантмаргац явдаг шороон замын баруун талын Эрээн уул руу салсан зам дээр давхар дугуйтай бага оврын ачааны машины мөр гарсан байсан. Би ямар учиртай машин явчихав, арай хэн нэгэн манай малаас юм авсан болов уу гэж бодоод уг бага оврын машины мөрийг дагаж явахад тухайн машин Эрээн уулын зүүн хойд талын ам руу орж дээш өгсөж яваад зогсож, машины хоёр талын хаалгаар  буусан хоёр хүний мөр олноор гарсан байсан. Машин уг газраас ухарч эргээд ирсэн зүг рүү буюу анх салсан зүг рүү явсан байсан, тэр машины мөр хойд зүгт буюу Зүүнхангай сумын Далантүрүү чиглэлд явсан байсан. Тэр үеэр мал хайж сурагласан хүн ирээгүй байж байтал Даваа гэх хүн ирж уулзаад “ манай хүргэний 6 тооны үхэр алга болсон тул хайж явна” гэж хэлэхэд нь би энэд ийм машины мөр гарсан талаар хэлээд явуулсан ”гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дахь тал),

- гэрч Ч.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 5 сарын 25-ны өдөр өгсөн: “Манайх 2022 оны 5 сарын 08-ны өдөр хадам аав Баянбайгалийн гэрийн гадна ямаагаа самнасан. Тухайн өдөр салхитай, цастай хүйтэн өдөр байсан тул бид нар ямаа самнах ажлаа зогсоогоод гэр гэртээ байж байтал орой Н манай гэрт ирсэн. Тэгээд Н, манай нөхөр Б 2 гарч явах гэхээр нь би хаашаа явах гэж байна гэсэн чинь манай нөхөр Б “ бид хоёр гол уруу явж морио услаад ирье” гэж хэлээд гараад явсан. Тэгээд нилээн орой би гэрийнхээ хаалга цоожилчихоод хоёр хүүхэдтэйгээ унтаж байтал хаалга цохисон, тэгтэл манай нөхөр Б, найз Н нар  орж  ирсэн.Тэр 2 манайд унтаж амарсан” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 62-р тал/,

- гэрч Ч.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 7 сарын 4-ний өдөр өгсөн:  “ ...нөхөр Б.Б нь сумын төвд цагдаад мэдүүлэг өгөөд ирэхдээ “ 5 сарын 08-ны орой мотоциклиор биш мориор явсан гэж би хэлсэн шүү, чи бас тэгэж мэдүүлэг өгөөрэй” гэж надад хэлсэн. 1-2 хоногийн дараа сумын хэсгийн төлөөлөгч дуудсанаар сумын төв дээр ирэхэд хэсгийн цагдаагийн байрны үүдэн дээр Н тааралдахдаа “ бид 2-ыг морьтой явсан гэж хэлээрэй” гэж хэлсэн. 2022 оны 5 сарын 08-ны орой Н манайд ирэхдээ морьтой ирсэн. Харин орой гарч явахдаа Б нь өөрийн  мотоциклоор явсан.  Манайх уг мотоциклийг 2022 оны хавар шинээр авсан, улбар шар өнгийн, улсын дугааргүй мотоцикль юм. Тэр 2 шөнө ирэхдээ Samsung S 8 ” загварын, саарал өнгийн утас  авч ирээд “ зарах утас шүү, авдарт хийчих гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 67-68 дахь тал/;

- гэрч М.С-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...манай нөхөр Жалба нэг өдөр мал усалж ирчихээд манай хүү Н, Б нар Б-гийн үхэр авчихсан юм шиг байна. Б очиж Б-тай уулзаад үхэр авсан гэж хэлсэн байна. Б-гийн хадам аав Д ахын гэрт очиход юм ярихгүй байна. Энэ хүүхдүүд үхрийг нь авсан байсан гэж хэлж байсан гэж хэлсэн. Тэгээд би Н-оос асуухад манай хүү Б өөрөө намайг яваад өгөөч гэж хонь хариулж байхад гуйгаад байсан, Б янз бүрийн асуудал гарвал би өөрөө даана гэж хэлсэн гэсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дахь тал);

- шүүгдэгч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2022 оны 5 дугаар сарын эхээр Ж.М над уруу залгаж 5-6 тооны үхэр хэрэгтэй байна, олоод өг гэхээр нь би юунд хэрэг болж байгаа юм гэж асуухад, ахындаа аваачиж тавина гэж хэлэхээр нь би тэгэж байгаад ярья гэж хэлээд утсаа тасалсан. ..2022 оны өдөр салхи шуургатай байсан. М нь 99564259 дугаарын утаснаас над уруу залгаж, танай наагуур чинь сонин юутай байна гэж хэлсэн. Тэгээд тэр би танайх уруу явах гэж байна гэж хэлсэн. Би утсаар ярьчихаад буцаж гэр лүүгээ явж байтал миний мотоциклийн бензин дууссан ба манай хамаатны залуу Н машинтай явж таарсан тул түүний машинд сууж, Цахирын ар гэх газар очиж өөрийнхөө болон Нийн үхрийг дурангаар харахад Б ахын үхэр Даваа гэх  айлын өвөлжөөний ойролцоо байсныг харчаад буцаж гэр лүүгээ явсан. Тэгээд намайг гэртээ очсоны дараа орой 20 цагийн үед Н морьтой ирэхээр нь бид хоёр цуг Даваа ахын өвөлжөө рүү явсан. Учир нь тухайн өдөр салхитай байсан учир Б ахын үхэр хашаа руу орсон байх гэж бодоод очиход хашааны дотор болон хашааны гадна саравчин дотор  Б ахын  6 тооны үхэр байхаар бид 2 хашааны амыг модоор хаасан.  Тэгээд би М рүү залгаж хаана байгаа талаар асуухад Даваа гэх айлын өвөлжөөний ойролцоо явж байна гэхээр нь бид хоёр зам дээр гарч утасны гэрэл тусгая гэж хэлээд утсаа тасалсан. Удалгүй машины гэрэл гараад ирэхээр нь замын тосож очоод утасны гэрэл тусгахад М нь портер машинаар ганцаараа хүрээд ирсэн. Мг бид хоёр дагуулж өвөлжөөн дээр очиж хашаан дотор байсан 6 тооны үхрийг ачиж өгөөд явуулаад Н бид хоёр манай гэрт очиж хоносон...2022 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Нийн машинтай явж, үхэр харж байхдаа орой М Сантмаргаз сумаас ирж байгаа, үхэр ачуулмаар байна гэж хэлэхэд тэгвэл хамт ачъя, харин нэг гар утас авмаар байна гэхээр нь би Мг ирэхээр нь авчих гэж хэлсэн. М нь үхэр олж өгсөнд баярлалаа гээд надад ухаалаг гар утас өгсөн, Нид бас нэг гар утас өгсөн. М нь тухайн үед хөх өнгийн вонго Ж2 загварын 46-52 ЗАА улсын дугаартай бүхээгтэй шинэвтэр машинтай ирсэн. Сүүлд цагдаагийн байгууллагад шалгагдаад хамт байж байхдаа тухайн үед Галсанбуу гэх хүний машинтай явж байсан талаар хэлсэн. 2 хоногийн дараа манайх гол уруугаа дөхөж буухад Б ахынх үхрээ хайж байна гэсэн тул би М рүү залгаж, үхрийн эзэн үхрээ хайж байна, чи буцаагаад ачаад ир гэхэд унаагүй болчихлоо, чи Нийг явуул, үхэр Цэцэн-уул суманд хүргэн ахынд байгаа гэж хэлсэн. Удалгүй Н манай гэрт ирээд “ нөгөөдөх чинь Б ахын үхэр байна, буцааж авчирж өгье гэж хэлсэн. Тэгээд би Б ахынд очиж, “танай үхрийг би авчихсан, өнөө орой явж авчирж өгье” гэж хэлсэн юм. ..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 126-127 дахь тал),

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1-р хх-ийн 5-9/,

- үхэр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн10-14/,

- мотоцикль, автомашин, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/ 1-р хх-ийн 27-36/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

4. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлж, тухайн нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ж.М, Б.Б, Ж.Н нарыг бусдын 6 тооны үхэр буюу олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 5. Шүүгдэгч нар нь хохирогч Т.Бгийн 6 тооны үхэр хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ иргэн С.Галсанбуугийн өмчлөлийн “Kia Bongo” загварын, 46-52 ЗАА улсын дугаартай, 2008 онд БНСУ-д үйлдвэрлэгдсэн автомашин, Б.Бийн эзэмшлийн, Gold super-150 загварын, улбар шар өнгийн улсын дугааргүй мотоциклийг тус тус ашигласан, шүүгдэгч Ж.Н, Б.Б нар нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж, тус бүр 180.000 төгрөгийн үнэ бүхий гар утас авсан нь  тус тус хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байна.

 Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Kia Bongo” загварын, 46-52 ЗАА улсын дугаартай автомашин нь иргэн С.Галсанбуугийн эзэмшлийнх болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул автомашиныг эзэмшигчид нь буцаан олгож, түүний үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод, мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан мотоциклийг шүүгдэгч Б.Бээс гаргуулж улсын орлогод, шүүгдэгч нарын  гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу гар утасны үнийг шүүгдэгч Б.Б, Ж.Н нараас тус тус гаргуулж, улсын орлогод оруулахаар  шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээний зохицуулалтад нийцсэн гэж үзлээ.

6. Шүүгдэгч Ж.М, Б.Б, Ж.Н нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Т.Бд 5.500.000 төгрөгийн хохирол учирсан нь хэрэгт авагдсан шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 193 дугаартай, үнэлгээ тогтоосон дүгнэлт (хавтаст хэргийн 88 дахь тал)-ээр нотлогдсон ба гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.  

7. Шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Ж.Нийн өмгөөлөгч Б.Лхагважав, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан: “Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан хөнгөрүүлж өгнө үү “ гэх агуулга бүхий гомдлууд, түүнчлэн  шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ Б.Бийн эзэмшлийн мотоцикль ашиглаагүй гэх өмгөөлөгч Б.Батгэрэлийн давж заалдсан гомдлыг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

7.1. Шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт “  хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар,  учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэх дүгнэлт хийж, хорих ял оногдуулсан нь шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, зарчимд нийцсэн байна.

7.2. Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж болохоор хуульчилсныг шүүх заавал хэрэглэх үүрэг хүлээхгүй болно.

7.3. Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах зохицуулалтын суурь үндэслэл нь шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх нөхцөл бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх шаардлага нь агуулга, онолын үзэл баримтлалын хувьд анхан шатны шүүхээр гэм буруугийн асуудал хэлэлцэгдэх үед болон түүний өмнөх шатанд хэрэгжсэн байхыг ойлгоно. 

Түүнчлэн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх гэдэг нь: 1. Гэм буруутай үйлдлээ зөвшөөрсөн байх, 2.хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн байх, 3. гэмт хэргийн улмаас үүссэн үр дагавар буюу хохирол, хор уршгийн хэр хэмжээ, тухайн гэмт хэргийг үйлдэж олсон хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгоно.  

Шүүгдэгч Ж.М нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон  давж заалдах шатны шүүхээр хэрэг хянан хэлэлцэх үед  гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж тайлбарлаж байх боловч мөрдөн шалгах ажиллагаа, анхан шатны шүүхийн  хэрэг хэлэлцэх шатанд гэм буруугийн асуудлаар маргасан нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх дээрхи шаардлагад нийцээгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нотлох баримтад тулгуурласан, үндэслэл бүхий байна. 

Шүүгдэгч Ж.Н, Б.Б нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн асуудлаар маргаагүй гэх боловч шүүгдэгч Б.Б нь өөрийн эзэмшлийн мотоциклийг гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаагүй гэж маргаж буй нь албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, мөн Ж.Н нь  Ж.Мтэй бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөөгүй байдал нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх шаардлагад нийцээгүй гэж дүгнэлээ.   

 7.4. Шүүгдэгч Б.Б, Ж.Н нар Ж.Мтэй бүлэглэн мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ мотоциклийг уналга болгон ашигласан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.  

 Б.Б, Ж.Н нар мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр тохиролцож, хохирогчийн үхэр бэлчээрлэж байсан газар буюу хэргийн газарт Б.Бийн эзэмшлийн мотоциклоор очсон, өөрөөр хэлбэл хэргийн газарт хүрэхдээ мотоцикль ашигласан нь нотлогдсон байх тул гэмт хэрэг үйлдэхэд тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар хураах үндэслэлтэй байна. Иймд энэ талаар гаргасан шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Б.Батгэрэлийн давж заалдсан гомдлыг хангах боломжгүй болно.

8. Давж заалдах шатны шүүхээс ял хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Ж.Нийн өмгөөлөгч Б.Лхагважав, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/152 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.              

9. Шүүгдэгч Ж.М, Б.Б, Ж.Н нарын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл тус тус цагдан хоригдсон нийт 62 /жаран хоёр/ хоногийг ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/152 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Ж.Н-ийн өмгөөлөгч Б.Лхагважав, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нарын давж заалдсан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ж.М, Б.Б, Ж.Н нарын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл тус тус цагдан хоригдсон 62 /жаран хоёр/ хоногийг тус тус ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧИД                                                     Н.МӨНХЖАРГАЛ

                                                                                                Л.АЛТАН