Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 182/ШШ2024/04791

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 182/ШШ2024/04791

Улаанбаатар хот

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б тоот хаягт оршин суух, Б овогт П Г /РД:***-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоот хаягт оршин байрлах, Е ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар ***/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 12,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.Г миний бие Е ХХК-тай 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Худалдах худалдан авах гэрээ байгуулан Япон улсаас 25,800,000 төгрөгийн үнийн дүнтэй Toyota Prius Alpha загварын тээврийн хэрэгсэл захиалан авчруулахаар харилцан тохиролцож урьдчилгаа төлбөрт 12,400,000 төгрөгийг бэлнээр төлсөн. Гэрээний дагуу худалдагч тал автомашиныг 90 хоногт буюу 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн дотор нийлүүлэхээр байсан боловч өнөөдрийг хүртэл буюу 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд нийлүүлээгүй байна. Гэрээний дагуу тээврийн хэрэгслийг нийлүүлэхийг удаа шаардсан боловч үүргээ биелүүлэхгүй байсан тул тээврийн хэрэгслийн төлбөрт төлсөн 12,400,000 төгрөгийг эгүүлэн авахыг хүссэн бөгөөд худалдагч тал буцаан өгнө гэдэг боловч буцааж өгөхгүй байгаа тул гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-т заасны дагуу шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр ийнхүү хандаж байна. 

Иймд хариуцагчаас урьдчилгаа төлбөрт төлсөн 12,400,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулан өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: П.Гийн нэхэмжлэлтэй, Е ХХК-д холбогдох Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 12,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч П.Г нь хариуцагч Е ХХК холбогдуулан Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 12,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 758.1-д Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ гэж зохицуулжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага болох 12,400,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эрхтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бий бичгээр гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжтой гэж үзлээ.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Мөн улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 758 дугаар зүйлийн 758.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч П.Г нь Е ХХК-д холбогдуулан Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 12,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хариуцагч Е ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь заалтыг баримтлан П.Гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 213,350 төгрөгийн 50 хувь буюу 106,675 төгрөгийг буцаан олгож, үлдэх 106,675 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 106,675 төгрөгийг хариуцагч Е ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Д.Гид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.АМАРТӨГС