Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лидагийн Одбаатар |
Хэргийн индекс | 159/2024/0030/З |
Дугаар | 159/ШШ2024/0046 |
Огноо | 2024-07-01 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 159/ШШ2024/0046
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:159/2024/0030/3
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Дүгнэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор *******
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******
Дүгнэлтийн шаардлага: “... Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай улсын байцаагчийн акт, “*******” ХХК-нд холбогдох 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 0611273 дугаар шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: дүгнэлт гаргагч Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Дүгнэлт гаргагч Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор ******* нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 05 дугаар сарын 16-ны өдрийн 0611273 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах дүгнэлт гаргасан.
2.Хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* “*******” ХХК-ийг 22 ширхэг нарс мод, модон материалыг мод бэлтгэх гэрээний нөхцөл болзол зөрчиж тээвэрлэсэн гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11 дэх заалтад зааснаар 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ
3.Дүгнэлт гаргагч Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор ******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “... Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор ******* би, тус сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* нь “*******” ХХК нь 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 14-ний хооронд ******* СБА улсын дугаартай ЗИЛ-131 загварын тээврийн хэрэгслээр 22 ширхэг нарс мод, модон материалыг мод бэлтгэх гэрээний нөхцөл болзол зөрчиж тээвэрлэсэн гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч “*******” ХХК-нд /*******/ 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 0611273 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11 дэх заалтад зааснаар 10.000.000 төгрөгөөр торгож, 4 метр урттай 22 ширхэг 12.492 мкуб нарс модыг улсын орлого болгуулахаар Засаг даргын дэргэдэх зөвлөлд шилжүүлэн хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.
Хэрэгт цугларсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, холбогдогч ******* “2024 оны 03 сард жолооч Энхболд уул руу мод бэлтгэхээр явахдаа талбай тусгаарласан газраас өөр газарт мод бэлтгэл явуулсан байна лээ” Үүнийг экологийн цагдаагийн албанаас шалгаад тусгаарлаж өгсөн талбайтай давхцалгүй буюу зохих зөвшөөрөл олгосон талбайгаас өөр газарт мод бэлтгэсэн гэж тогтоосон байна лээ” гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “*******” ХХК-ийн гэрчилгээ, ойн мэргэжлийн байгууллагын гэрчилгээний хуулбар, мод бэлтгэх талбай тусгаарлах гэрээ, мод бэлтгэлийн талбайн зураг, мод бэлтгэх эрхийн бичгийн хуулбар, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, эд мөрийн баримтаар тогтоох тогтоол зэрэг нотлох баримтуудаар иргэн ******* нь зохих гэрээ зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэж ЗИЛ-131 загварын ******* СБА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйлдэлд Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, хууль бусаар бэлтгэсэн гэх 4 метрийн урттай 22 ширхэг модыг битүүмжилсэн үйл баримт тогтоогдсон байна. Дээрх прокурорын шийдвэр нь ирээгүйн улмаас эрх бүхий албан тушаалтан ******* нь “*******” ХХК-ийн мод бэлтгэх гэрээний нөхцөл болзол зөрчиж мод бэлтгэлийн бригад ажиллуулаагүй, тусгаарласан талбайгаас гаргаж мод бэлтгэхгүй байх гэсэн заалтыг зөрчиж ойгоос мод бэлтгэн, тээвэрлэсэн гэх үйлдэлд 611273 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар 10.000.000 төгрөгийн торгууль оногдуулж, бэлтгэсэн 4 метрийн урттай 22 ширхэг модыг улсын орлого болгохоор гэмт хэргийн шинжтэй үйлдэлд, давхардуулан шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг зөрчсөн хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.
Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Мандал сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******гийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 0611273 дугаартай шийтгэлийн хуудсаар “*******” ХХК-нд Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар 10.000.000 төгрөгөөр торгох, бэлтгэсэн 4 метрийн урттай 22 ширхэг модыг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.
Дүгнэлт гаргагч хяналтын прокурор ******* шүүх хуралдаанд дүгнэлтийн шаардлагаа тодруулахдаа: “... Прокурорын дүгнэлтэд “...Арван мянган нэгжээр торгох болон бэлтгэсэн 4 метрийн урттай 22 ширхэг модыг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив...” гэсэн байгаад бөгөөд нэгэнт шийтгэлийн хуудсаар гэмт хэргийн шинжтэй үйлдэлд давхардуулж шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосонтой холбоотойгоор хөрөнгө орлогыг хураан авсан актыг мөн хүчингүй болгуулах нь зүйтэй.” гэжээ.
Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... 2024 оны 05 дугаар сарын эхэнд Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас Мандал сумын иргэн *******, “*******” ХХК нь гэрээний нөхцөл болзол зөрчин хууль бусаар мод бэлтгэсэн зөрчилд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж хариу ирүүлнэ үү гэсэн албан бичиг ирсэний дагуу тус компанийн Захирал , Инженер , жолооч ******* нараас тайлбар мэдүүлэг авч нотлох баримт цуглуулан шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад
Тус компани нь Хараагийн бүсийн сум дундын ойн ангитай мод бэлтгэх гэрээ байгуулан төлбөрийг төлөн 40 м3-ийн мод бэлтгэх эрхийн бичгийг авч гэрээт жолооч *******оор ойд мод бэлтгүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал тогтоогдсон. Тус аж ахуй нэгж байгууллагад зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.9-11 дүгээр зүйлээр шийтгэл оногдуулж 22 ширхэг модыг улсын байцаагчийн актаар улсын орлого болгож шийдвэрлэсэн. Гэтэл уг зөрчлийг 2024 оны 03 сард Экологийн цагдаагийн албанаас илрүүлэн шалгаж харьяаллаар шилжүүлэхдээ тухайн үед гэмт хэрэг эсхүл зөрчлийн аль болохыг нь тогтоолгүй нэг зөрчлийг иргэн, аж ахуй нэгжээр хоёр хэсэг болгож прокурор, Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар зэрэг 2 байгууллагад шилжүүлэхдээ хэргийг 2 хэсэг салгаж дутуу нотлох баримт хавсаргаж хүргүүлсэн нь шалган шийдвэрлэх ажиллагаанд ойлгомжгүй нөхцөл байдал үүсгэсэн хэдий ч бид уг үйлдлийг шалгахдаа тухайн мод нь зөвшөөрөл эрхийн бичигтэй эсэхийг заавал тодруулах шаардлагтай гэсэн дээд шүүхийн тайлбар болон хууль дээдлэх ёсны хуулийн дагуу шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан тул дээрхи прокурорын дүгнэлтийг эсэргүүцэн тайлбар өгч байна.
Жич: Хэрэглээний мод бэлтгэх гэрээ, эрхийн бичгийг зөвхөн хуулиар эрх үүрэг хүлээсэн аж ахуй нэгжид олгодог бөгөөд иргэнд олгодоггүй мөн зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна гэж заасан байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* “*******” ХХК-ийн гэрээт жолооч Ойн тухай хууль тогтоомж зөрчиж мод бэлтгэсэн, мод бэлтгэх гэрээний нөхцөл болзлыг зөрчсөн гэх үйлдэлд 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 0611273 дугаартай шийтгэлийн хуудсаар “*******” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11-д зааснаар арван мянган нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, мөн өдрийн ******* дугаартай улсын байцаагчийн актаар хууль бусаар олсон орлого болох 21 ширхэг 12.492 шоо метр нарсан гуалин модыг улсын орлого болгож шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор ******* прокурорын дүгнэлтдээ: “... иргэн ******* нь зохих гэрээ зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэж ЗИЛ-131 загварын ******* СБА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйлдэлд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, хууль бусаар бэлтгэсэн гэх 4 метрийн урттай 21 ширхэг модыг битүүмжилсэн үйл баримт тогтоогдсон, дээрх прокурорын шийдвэр нь ирээгүйн улмаас эрх бүхий албан тушаалтан ******* “*******” ХХК-ийг мод бэлтгэх гэрээний нөхцөл болзол зөрчиж мод бэлтгэсэн .... гэх үйлдэлд ... Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11-т зааснаар 10.000.000 төгрөгөөр торгож, бэлтгэсэн 4 метрийн урттай 22 ширхэг модыг улсын орлого болгосон нь гэмт хэргийн шинжтэй үйлдэлд давхардуулан шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг зөрчсөн тул байгаль орчны хяналтын улсын байцаагч *******гийн 0611273 дугаартай шийтгэлийн хуудас, 21 ширхэг модыг улсын орлого болгосон шийдвэрийг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж шүүхэд ирүүлжээ.
Нэг: Үйл баримтын талаар
1. “*******” ХХК-ийн захирал аас тус компанийн гэрээт жолооч ******* 20240014 дугаартай мод тээврийн хяналтын хуудас авч 2024 оны 03 дугаар сарын 08-15-ны өдрийн хооронд Мандал сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Хорлиогийн эх нэртэй газарт тухайн компанид тусгаарлаж өгсөн талбайгаас өөр газарт 21 ширхэг гуалин мод бэлтгэж Мандал сум руу тээвэрлэж явсан болох нь Экологийн цагдаагийн албаны шалгалтаар илэрчээ.
2. Экологийн цагдаагийн албаны мөрдөгч М.Мөнхзаяа 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаа явуулж Сэлэнгэ аймгийн прокурорын газрын орлогч прокурор С.Батсүхийн зөвшөөрлөөр тус компанийн эд зүйлд үзлэг хийж, Э.Хишигбаярын өмчлөлийн ******* СБА улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэл, метрийн урттай 21 ширхэг гуалин модыг мөрдөгчийн тогтоолоор мөн өдрөө битүүмжилжээ.
3. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөгч М.Мөнхзаяагийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал ирүүлсний дагуу *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2432000880047 дугаартай прокурорын тогтоол гаргажээ.
4. Экологийн цагдаагийн албанаас 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 14-5/2306 дугаартай албан бичгээр Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жулчлалын газарт “Зөрчил шалгуулах тухай” албан бичгийг /35 хуудас хавсралтын хамт/ хүргүүлсэн бөгөөд уг албан бичигт 2432000880047 дугаартай эрүүгийн хэргийг мөрдөн шалгах явцад 3741621 регистрийн дугаартай “*******” ХХК болон ******* нар нь “Ойгоос мод бэлтгэх журам” болон “Мод бэлтгэх гэрээ”-ний нөхцөл болзлыг зөрчин мод бэлтгэсэн үйлдэл тогтоогдсон тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан хамтран ажиллана уу гэжээ.
5. Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Мандал сумын Байгаль орчны хяналтын тасагт 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 298 дугаартай албан бичгээр “*******” ХХК-нд холбогдох зөрчлийг шалгуулахаар хүргүүлжээ.
6. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* “*******” ХХК-нд холбогдуулан зөрчлийн хэрэг бүртгэлт явуулж, холбогдогч “*******” ХХК-ийн захирал болон гэрч *******, , *******, нараас мэдүүлэг авч, 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр “*******” ХХК-ийг 0611273 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11-д зааснаар 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, хууль бусаар олсон эд зүйл болох 21 ширхэг 12.492 шоо метр гуалин модыг хураан авч улсын орлого болгох тухай улсын байцаагчийн акт үлджээ.
Хоёр: Гэмт хэргийн шинжтэй үйлдэлд давхардуулан шийтгэл оногдуулсан эсэх талаар
Ойн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Ойн санг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллага сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн ойн ангитай мод бэлтгэх гэрээ байгуулна” гэж зааснаар “*******” ХХК нь 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Мандал сум дахь Хараагийн бүсийн сум дундын Ойн ангийн даргатай 20240016 дугаартай “Мод бэлтгэх гэрээ” байгуулжээ[1].
Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11-д “Гэрээ байгуулахгүйгээр ойгоос мод бэлтгэсэн, эсхүл гэрээний нөхцөл, болзлыг зөрчин үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар бэлтгэсэн зүйл, олсон орлогыг хурааж ... хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан бөгөөд “*******” ХХК нь хараа бүсийн сум дундын Ойн ангийн даргатай байгуулсан 20240016 дугаартай ойгоос “Мод бэлтгэх гэрээ”-ний 4.1-т “Мод бэлтгэлийн бригад ажиллуулж, ойгоос мод бэлтгэх журмын дагуу технологийн карт боловсруулан ойн ангийн инженер техникчээр хянан батлуулж мод бэлтгэлийн ажлыг эхлүүлэх” 4.6-д “Мод бэлтгэгч нь тусгаарласан талбайгаас гаргаж мод бэлтгэхгүй байх, мод бэлтгэх эрхийн бичигт заагдсан модны нэр төрөл, зориулалт өөрчлөхгүйгээр мод бэлтгэлийн ажлыг явуулах, зөрчсөн тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авах” гэж заасан мод бэлтгэх гэрээний нөхцөл, болзлыг зөрчиж гэрээт жолооч *******ын хамт бригад ажиллуулаагүй, технологийн картыг ойн ангийн инженер техникчээр хянуулж батлуулаагүй мод бэлтгэх ажлыг эхлүүсэн, тусгаарласан талбайгаас мод бэлтгэж байгаа эсэхэд хяналт тавиагүй зэрэг нь зөрчлийн хэрэгт авагдсан “*******” ХХК-ийн захирал ******* холбогдогчоор өгсөн мэдүүлэг, ******* болон бусад гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зураг, 1226 дугаартай шинжээчийн дүгнэлт[2], зэргээр нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан.
Прокурор дүгнэлтдээ “*******” ХХК-ийн гэрээт жолооч *******ын гэмт хэргийн шинжтэй үйлдэлд “*******” ХХК-нд давхардуулан зөрчлийн шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна гэж маргасан нь буруу байна.
Учир нь жолооч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан зөвшөөрөлгүйгээр /тусгаарласан талбайгаас өөр талбайд мод бэлтгэсэн гэх үйлдэл/ ойд мод бэлтгэсэн үйлдэлд нь прокурорын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байгаа бол “*******” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11-д заасныг буюу гэрээний нөхцөл, болзлыг зөрчсөн үйлдэлд нь эрх бүхий албан тушаалтнаас шалгаж зөрчлийн шийтгэл оногдуулсан бөгөөд “*******” ХХК нь Зөрчлийн тухай хуульд заасан мод бэлтгэх гэрээний нөхцөл, болзолыг зөрчсөний улмаас дараагийн эрх зүйн үр дагавар үүсч тухайн компанийн гэрээт жолооч дур мэдэн өөрийн санаачлагаар зөвшөөрөлгүй талбайгаас мод бэлтгэсэн үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь тус тусдаа эрх зүйн зөрчил бөгөөд жолооч ******* гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан бол “*******” ХХК Зөрчлийн шинжтэй эс үйлдэхүй гаргасан байх тул нэг зөрчилд шийтгэлийг давхардуулж оногдуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн “*******” ХХК нь ойгоос мод бэлтгэх тусгай зөвшөөрөлтэй тогтмол үйл ажиллагаа явуулдаг ойн мэргэжлийн байгууллага болохын хувьд Ойн тухай хууль болон Ойгоос мод бэлтгэх журмыг дагаж мөрдөх үүрэгтэй, мод бэлтгэх гэрээгээр хүлээсэн чиг үүрэгтэй, түүнийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.
Мандал сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай “Хууль бусаар олсон орлого, эд зүйлсийг улсын орлого болох тухай” актын хувьд 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Экологийн цагдаагийн албаны мөрдөгч М.Мөнхзаяагийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоолоор битүүмжилсэн байх бөгөөд гэмт хэргийн улмаас цагдаагийн байгууллагын битүүмжилсэн эд хөрөнгө болох 21 ширхэг гуалин модыг улсын байцаагчийн актаар улсын орлого болгосон нь хуульд нийцэхгүй байх тул хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл цаг хугацааны хувьд Зөрчлийн хэргийг шалгаж эхлэхээс өмнө Экологийн цагдаагийн албанаас мөрдөн шалгаж буй гэмт хэрэгтэй холбогдуулан тухайн эд зүйлийг битүүмжилсэн байтал 2 сарын дараа тухайн эд зүйлийг улсын орлого болгож шийдвэрлэсэн нь буруу байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11, Ойн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т заасныг баримтлан дүгнэлт гаргагчийн дүгнэлтийн зарим хэсгийг хангаж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай улсын байцаагчийн актыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 0611273 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Дүгнэлт гаргагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш таван хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ОДБААТАР