| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 2101000590352 |
| Дугаар | 2022/ДШМ/65 |
| Огноо | 2022-11-23 |
| Зүйл хэсэг | 22.4.4., 22.5.2., |
| Улсын яллагч | Г.Энхмаа |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 2022/ДШМ/65
2022 11 23 2022/ДШМ/65
С.Ө, Х.Д, Я.Ц,
Х.Д нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд прокурор Г.Энхмаа /цахимаар/, шүүгдэгч Я.Ц, Х.Д нарын өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүгдэгч С.Ө, Х.Д нарын өмгөөлөгч Л.Жавзмаа /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нарыг оролцуулан,
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж явуулсан шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 2022/ШЗ/323дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн С.Ө, Х.Д, Я.Ц, Х.Д нарт холбогдох, 2101000590352 дугаартай, 7 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Яллагдагч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, математикийн багш мэргэжилтэй, Увс аймгийн ... байгаа, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймаг .., Цаг уурын 7-8 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б ургийн овогт С-гийн Ө, регистрийн дугаар: .
Монгол Улсын иргэн, ... өдөр Увс аймгийн .. төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Увс аймгийн .. байгаа, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймаг .. оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Т ургийн овогт Х-ын Д, регистрийн дугаар:
Монгол Улсын иргэн, ... өдөр Увс аймгийн .. төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, “Шижир голд майнинг” ХХК-ийн захирал, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт .. оршин суух, урьд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 158 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Шангас ургийн овогт Ядамсүрэнгийн Цэдэнбал, регистрийн дугаар:
Монгол Улсын иргэн, .. Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр замын хүнд механизмын оосорлогч, дохиочин мэргэжилтэй, Увс аймгийн .., ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймаг .. Улиастад оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, З ургийн овогт Х-гийн Д, регистрийн дугаар: .
1. Яллагдагч С.Ө нь Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа “Шижир голд майнинг” ХХК-ийн захирал Я.Ц, Өмнөговь сумын Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Х.Д нарын ашиг сонирхлын үүднээс “Бид намирын эзэд” ТББ-ын нэрийн дор “Хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн Цэрэнцэг хэмээх газарт “түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх” гэрээг байгуулахын тулд буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд Х.Дгээр дамжуулан 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 7.000.000 төгрөгийн хахууль авсан,
- яллагдагч Х.Д нь Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байх хугацаандаа “Шижир голд майнинг” ХХК-ийн захирал Я.Ц, Өмнөговь сумын Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Х.Д нарын ашиг сонирхлын үүднээс “Бид намирын эзэд” ТББ-ын нэрийн дор “Хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн Цэрэнцэг хэмээх газарт “түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх” гэрээг сумын Засаг дарга С.Өтэй байгуулахад хамтран оролцож гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийж Х.Дгээр дамжуулан 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр өөрийн Хаан банкны 5041028885 тоот дансаар 475.000 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр бэлнээр 2.000.000 төгрөг, 2021 оны 8 дугаар сард бэлнээр 2.000.000 төгрөгийн хахууль тус тус авсан,
- яллагдагч Я.Ц нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор “Бид намирын эзэд” ТББ-ын нэрийн дор “Хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн Цэрэнцэг хэмээх газарт түрж тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх” гэрээг Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга С.Өтэй байгуулахын тулд Х.Дтэй бүлэглэн Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга С.Өд 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 7.000.000 төгрөг,
- Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын орлогч Х.Дд 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр өөрийн 5810191746 тоот дансаар 475.000 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 2.000.000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын эхэн үед 2.000.000 төгрөгийн хахуулийг тус тус өгсөн,
- яллагдагч Х.Д нь Увс аймгийн Өмнөговь сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж байх хугацаандаа “Шижир голд майнинг” ХХК-ийн захирал Я.Цд болон өөртөө давуу байдал бий болгох зорилгоор “Бид намирын эзэд” ТББ-ын нэрийн дор хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн Цэрэнцэг хэмээх газарт “түрж тэгшлэх нөхөн сэргээлт хийх” гэрээг сумын Засаг дарга С.Өтэй байгуулахын тулд Я.Цтай бүлэглэн тус сумын Засаг дарга С.Өд 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 7.000.000 төгрөг,
- тус сумын Засаг даргын орлогч Х.Дд 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр өөрийн 5810191746 тоот дансаар 475.000 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн орчим 2.000.000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын эхэн үед 2.000.000 төгрөг бэлнээр тус тус дамжуулан өгсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
2. Нийслэлийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурор Г.Энхмаагаас яллагдагч С.Ө, Х.Д, Я.Ц, Х.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
3. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 2022/ШЗ/323 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжаар:
- Нийслэлийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурор Г.Энхмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ө, Х.Д, Я.Ц, Х.Д нарт холбогдох эрүүгийн 2101000590352 дугаартай хэргийг хэргийг Нийслэлийн Прокурорын газарт буцааж,
- яллагдагч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очих хүртэл хэвээр хэрэглэхээр шийдвэрлэжээ.
4. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхмаа давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэн, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцож байгаа этгээд нь хамтарсан гэмт ажиллагааны үр дүнд нийтлэг хор уршиг бий болохыг урьдаас мэдэж байдаг, бас тэрхүү хор уршиг учруулахыг шууд санаатай хүсэж байдаг.
Түүнчлэн гэмт хэрэгт хамтран оролцсон, бүлэглэн гүйцэтгэсэн этгээдүүдийн үйлдсэн гэмт хэргийн хувьд хэн нэгнийх нь гүйцэтгэсэн үүрэг дутагдсан тохиолдолд гэмт хэрэг туйлдаа хүрэхээргүй байгаа нь тэднийг нэг гэмт хэргийг хамтран үйлдсэнд тооцох агуулга, хууль зүйн үндэслэл болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Өмнөговь сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ц.Бямбажав, тэргүүлэгч Ц.Бадамгарав, Б.Эрдэнэсүрэн, Б.Цэрэннадмид, Н.Батбаяр, дарга Сайнбаяр, Э.Батболд, Ц.Дэвээ нар нь яллах дүгнэлтэд бичигдсэн хахууль өгөх, авах гэмт хэрэгт хамтран оролцсон үйл баримт тогтоогдоогүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана” гэж,
мөн зүйлийн 11 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй..”гэж тус тус хуульчилсан.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу бүрдүүлж, цуглуулсан эсэх, энэ нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр эсэхийг дүгнэх байтал анхан шатны шүүх нь нотлох баримтуудын агуулгад дүгнэлт өгч, прокурорын яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнээс гадуур хууль зүйн дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан.
Гэтэл анхан шатны шүүхээс яллагдагч С.Ө, Х.Д нарын бусдаас хахуульд авсан хөрөнгө буюу гэмт хэрэг үйлдэж олсон 11,475,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж дүгнэн, улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан нөхцөл байдлыг бүрэн тодруулах шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Иймд Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 2022/ШЗ/323 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
5. Прокурор Г.Энхмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн болон Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж эсэргүүцлийнхээ үндэслэлийг бичсэн. Тэдний гэм буруугийн асуудлыг шүүхээр бүрэн хэлэлцүүлэх боломжтой гэж улсын яллагчийн зүгээс үзэж яллах дүгнэлт үйлдсэн. Шүүгчийн захирамжид заагдсан асуудлуудыг аваад үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд асуудлыг хэлэлцэх ёстой байтал яллах дүгнэлтэд зааснаас хэтрүүлж энэ гэмт хэрэгт холбогдох хүмүүсийг оролцсон оролцоо байгаа эсэх талаар нарийвчлан шалгах шаардлагатай гэж үзсэн байна.
Улсын яллагч нь хавтаст хэргийг хүлээн авч хянахдаа тухайн үйл баримтуудыг сэргээн дүгнээд хууль зүйн дүгнэлтийг хийсэн. Х.Д болон Я.Цд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолыг үйлдэхдээ хууль зүйн дүгнэлтдээ тодорхой заасан. Я.Ц нь мэдүүлэгтээ 33.0 сая төгрөгийг өгсөн, Х.Д нь 11.0 сая төгрөгийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан боловч гэмт хэрэг үйлдэхдээ нийтдээ 33.0 сая төгрөгийг ашигласан байх боломжтой. Гэхдээ энэ нь Холбоо багийн иргэдээс дэмжлэг авах зорилгоор иргэдэд тараасан мөнгө. Энэ нь хахууль авах гэмт хэргийн шинж болох албан тушаалын байдалтай нь холбогдуулж тухайн мөнгийг өгсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэх хууль зүйн дүгнэлтийг хийгээд Х.Д, Я.Ц, С.Ө нарын үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж гэм буруугийн асуудлыг хэлэлцүүлье гэж явсан. Гэтэл үүнээс хальсан дүгнэлтийг шүүх хийсэн нь өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд яллах дүгнэлт үйлдсэн хүрээ хязгаарын дотор хэргийг шийдвэрлэнэ гэснийг шүүх зөрчсөн. Анхан шатны шүүхээс С.Ө, Х.Д нарын бусдаас хахууль авсан хөрөнгийг гэмт хэрэг үйлдэж олсон 11.475.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд бусад эрх, эрх чөлөө нийтийн болон үндэсний аюулгүй байдал ашиг сонирхолд шууд аюул учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэсэн хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
Энэ бол хохирол биш гэмт хэргийн улмаас учирсан, бий болсон хөрөнгө, гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэж байна. Тухайн гэм буруугийн хурлаар энэ асуудлыг хэлэлцээд дүгнэлтийг бүрэн өгөх боломж байсан. Гэтэл хуулийг буруу хэрэглэж хохирлыг бүрэн төлөх шаардлагатай гэж дүгнээд байгаа нь хууль ёсны шаардлагад нийцэхгүй дүгнэлтийг хийсэн гэж үзэж прокурорын эсэргүүцлээ бичсэн. Шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл тогтоогдож байгаа учраас шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
6. Шүүгдэгч Я.Ц, Х.Д нарын өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэж байна. Урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон.
Прокурор хэргээ сайн мэдэхгүй байна. Яагаад гэвэл “Шижир голд Майнинг” ХХК-ийн захирал Я.Ц, “Бид Намирын эзэд” ТББ-ын хооронд гэрээ байгуулагдсан тухай яригдаад яваад байна. Гэтэл Цэдэнбалын гэрт хийсэн үзлэгээр “Шижир голд Майнинг” ХХК-ийн холбогдолтой бичиг баримт гарч ирсэн учраас Цэдэнбалыг уг компанийн захирал гэж үзэж өөрөөс нь байцаалт авахад үнэн гэдгээ хэлсэн. Харин Өмнөговь дээр ирээд алт ухах гээд нөхөн сэргээлт хийх гээд явж байхад “Шижир голд Майнинг” ХХК-ийн тоног төхөөрөмж ирээгүй. Батболд гэдэг хүний эзэмшлийн компанийн тоног төхөөрөмж ирсэн байсан. Батболд нь энэ тухайгаа мэдүүлэг дээрээ тодорхой дурдсан. Хавтаст 189-190 дүгээр талд өгсөн мэдүүлэгтээ тухайн үед Өмнөговь суманд уурхайн тоног төхөөрөмжөө би хариуцаж байсан гэж хэлсэн.
Батболд нь мэдүүлэгтээ Я.Ц бид хоёр үүнийг сэргээгээд ажиллуулж ашиг олъё гэж нийлсэн. “Шижир голд Майнинг” ХХК энд орж ирээгүй, Батболдын ХХК орж ирсэн байхад хавтаст хэрэгт “Шижир голд Майнинг” ХХК орж ирсэн юм шиг хэргийн материал бүрдүүлсэн. Батболдын өгсөн мэдүүлэгт 2021 оны 7-р сард Өмнөговь сумд очиж Даваасүрэнтэй уулзсан. Даваасүрэнгийн машины хойд талын суудалд сууж байгаад гялгар ууттай 10 сая төгрөгийг Х.Дд өгөх гээд дунд суудал дээр тавихад Я.Ц нь аваад Х.Дд өгсөн. Я.Ц бид хоёр нэг ажлын төлөө явж байгаа болохоор бид хоёрын хэн нь ч уг мөнгийг Даваасүрэнд өгсөн ялгаа байхгүй. Бид хоёрын дунд Даваасүрэн гэрээ байгуулж нөхөн сэргээлтийн ажил хийх байсан. Цэдэнбал бид хоёр зүгээр нэг газар булаад явах биш тухайн газарт ажиллаад зарлагаа нөхөх, бага зэрэг ашиг олох бодолтой байсан гэж маш тодорхой мэдүүлэг өгсөн. Тэгтэл Батболд гэдэг хүнийг орхичихсон.
Өлзий, Давааням нарыг хахууль авсан гэж байна. Хахууль авч байгаа тохиолдолд байх ёстой нэг зүйл бол хахууль өгөгчийн ашиг сонирхлыг гүйцээхийн тулд хийх ёстой үйлдлийг хийсэн, хийх ёсгүй үйлдлийг хийсэн гэсэн шаардлага байдаг. Цэдэнбал, Батболд хоёр бол хахууль өгөгч буюу алт олборлохоор санаа нэгдсэн хүмүүс. Цэдэнбалыг хэрэгт хамааралтай гэж авч үлдээд Батболдыг нь хамааралгүй гээд хаячихсан. Энэ хоёрын өмнөөс ажлыг нь хөөцөлдөөд Өмнөговь суманд мөнгийг нь тараагаад явж байсан хүмүүс бол Х.Д, Бямбажав хоёр байдаг. Хавтаст хэргийн 159-160 дугаар тал дээр гэрч Төмөрхүүгийн мэдүүлэгт 2021 оны 8 дугаар сард эмнэлгээс гарсны дараа Ц.Бямбажав манай үүдэн дээр алт олборлохоор ирсэн хүмүүс миний таньдаг хүмүүс байна. Зохих ёсны юмыг нь аваад асуудлыг зохицуулбал яасан юм бэ гэж хэлсэн байдаг. Бямбажав нь 8.0 сая төгрөг авсан. Хүмүүст тарааж өгсөн. Үүнийг Х.Д хангалттай нотолсон. Хавтаст хэрэгт Бямбажавыг ганцхан удаа байцаасан байдаг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдалд : , гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн, хэзээ хаана үйлдсэнийг нотлох гэж заасан.
Монгол улсын Үндсэн хуульд заасны дагуу хууль шүүхийн өмнө эрх тэгш байна гэдгийг зөрчөөд прокурор өөрийн үзэмжээрээ хэрэгт хамааруулж аваад үлдсэнийг нь хаясан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийднэ гэж ярьж байна. Ийм ойлголт байхгүй. Прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд гэж байдаг болохоос яллах дүгнэлтийн хүрээнд гэж байдаггүй. Хэргийг уншихад энэ хэрэг дотор байгаа нөхцөл байдал, прокурорын яллах дүгнэлт нь хоёр өөр байгаа учраас шүүх эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Багийн иргэдийн нийтийн хурлын төлөөлөгчид нь нийтийн албан тушаалтан биш учраас эдгээр хүмүүсийг татах боломжгүй байсан гэдэг.
Хэдийгээр нийтийн албан тушаалтан гээд татах боломжгүй гэсэн ч энэ гэмт хэргийг үйлдэхэд зохион байгуулсан, хамжиж дэмжиж оролцсон. Эдгээр хүмүүсийг татан оролцуулах боломж байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2-т: эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ гэж заасан. Мөн хуулийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг улсын орлого болгоно гэж заасан. Х.Дгийн гараар бичиж өгсөн баримт хавтаст хэрэгт байдаг. Гэтэл Цэдэнбал, Батболд нар 33 сая төгрөг өгсөн гэдгээ хэлсэн. Харин яллах дүгнэлт дээр 11 сая төгрөг гэж оруулж ирсэн. Энэ зөрүүтэй асуудлыг яах вэ гэдэг асуудал байна. Шүүгчийн 2022/ШЗ/323 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамж үндэслэлтэй тул прокурорын гаргасан эсэргүүцлийг дэмжихгүй байна” гэв.
7. Шүүгдэгч С.Ө, Х.Д нарын өмгөөлөгч Л.Жавзмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Анхан шатны шүүхээс гарсан шүүгчийн захирамжийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж дүгнэж байна. Прокурор нь эсэргүүцэл бичихдээ Увс аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн2022/ШЗ/323 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа боловч яг энэ үндэслэлээ сая гаргасан тайлбартаа нотолж чадаагүй гэж үзэж байна. Хэргийн оролцогч бид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-т зааснаар хүсэлтээ гаргасан.
Гэтэл прокурор нь хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, дүгнэлт гаргасан гэж яриад байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр юу хэлэлцэх вэ гэдгээ шүүгч, хэргийн оролцогчид мэднэ. Урьдчилсан хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.15, 6.16-т заасан гомдол хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжтой байсан учраас хэрэгтэй танилцсан шүүгч, шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.15, 6.16-т зааснаар хянаж үзсэн.
Мөрдөн байцаалтын явцад байцаан шийтгэх хууль ноцтой зөрчигдсөн, Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлогдвол зохих, хийгдэх ёстой ажил бүрэн хийгдээгүй, бүрэн гүйцэт хийгдэж ирээгүй учраас 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 129 тоот яллах дүгнэлтээр хэргийг шүүхэд шилжүүлэх боломжгүй гэж дүгнэж хэргийг буцаасан нь үндэслэлтэй.
Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хахууль өгсөн хүн нь хэн бэ гэдгийг тогтоогоогүй. Я.Ц гэдэг хүнийг хахууль өгсөн гэж үзээд байдаг. Прокурор нь Батболд гэгчийг энэ хэрэгт хамааралгүй гэж үзсэн. Гэтэл Батболд нь би хахууль өгсөн гэж хүлээн зөвшөөрөөд байхад түүнийг яллагдагчаар татаагүй. Я.Ц, Батболд хоёрын мэдүүлгийн зөрүүг яагаад арилгахгүй байгааг ойлгохгүй байна. Энэ хэрэгт хахууль өгсөн хүнийг зөв тодорхойлоогүй.
С.Ө, Х.Д хоёрыг хахууль авсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар буюу хамгийн хүнд санкцтай зүйл, хэсгээр ялласан.
Мөн хуулийн 22.4-т: Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гэж заасан. Тэгэхээр Я.Цаас хахууль авсан хүн нь Х.Д. Харин Х.Д хахуульд авсан мөнгөө хэнд яаж өгсөн гэдгээ бүрэн гүйцэт нотолж, авсан мөнгөнийхөө хэмжээг тодорхойлж чаддаггүй. 30 сая төгрөгийн хахууль өгсөн гэж н.Батболд, Я.Ц нар яриад байдаг. Гэтэл Х.Дгийн тооцоогоор 40-50 сая төгрөг өгчихсөн юм шиг ярьдаг. Хэрэгт 11.475.000 төгрөг авсан гэж ялласан. Хахууль өгсөн хүн нь 30.0 сая өгсөн гэдэг, харин Даваасүрэн 48 сая авсан гээд зөрөөд байгаа тул хахуулын мөнгөний дүн тогтоох шаардлагатай байна.
Ийм эргэлзээтэй байдлыг шүүх тогтоохгүй. Хахууль авсан үйлдэлд хамтран оролцсон нь тогтоогдсонгүй гэх үндэслэлээр “ Бид намирын эзэд” ТББ-ын Дэвээ, багийн засаг дарга, Багийн ИНХ-ын төлөөлөгч зэрэг 4 хүнийг хэрэгсэхгүй болгосон . Х.Д нь авсан хахуулын мөнгөө цааш хүмүүст өгсөн байгаа. Тэгэхээр Х.Д нь хахууль өгөгч биш, тэр мөнгө нь хахуулын мөнгө боловч өгсөн эзэн нь Я.Ц гэж үзэж ялласан. Эндээс Х.Дгийн зүйлчлэл бас буруу гэж үзэхээр байна. Уг мөнгө нь Х.Дгийнх биш бол түүнийг Цэдэнбалаас хахуульд мөнгө авсан гэдгээр давхар зүйлчлэх ёстой.
Г.Энхмаа прокурор нь хэргийн материалтай бүрэн гүйцэт танилцаагүй гэдэг нь харагдаж байна. Тэдгээр хүмүүсийг гэмт хэрэгт хамтран оролцоогүй гэж прокурор үзсэн. Цэдэнбалын үйлдэлд хамтран оролцоогүй гэж үзсэн ч Х.Дгээс мөнгө авсан нь тодорхой байгаа. Дэвээ нарт өгсөн мөнгө нь хахуулын мөнгө биш, С.Ө, Давааням нарт өгсөн мөнгө нь хахуулын мөнгө болчихдог юм уу. Ийм учраас адилхан хэрэгсэхгүй болох ёстой. Прокурор эсэргүүцэлдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж байгаа боловч ямар зүйл заалтыг ноцтой зөрчсөн, яаж буруу тайлбарласан гэдгийг тодруулж хэлээгүй. Тодорхой биш учраас тайлбар гаргах боломжгүй байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай байна” гэв.
8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Энхмаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “ Гэм буруугийн холбоотой асуудлыг өмгөөлөгч нар ярьж байна. Яллах дүгнэлт үйлдэхдээ Шижир голд Майнинг ХХК-ийн захирал Я.Ц Өмнөговь сумын Цэрэнцэг хэмээх газарт нөхөн сэргээлт хийх зорилгоор “Бид намирын эзэд” ТББ-ийн нэрийн дор Цэрэнцэг хэмээх газарт нөхөн сэргээлт хийх гэрээг байгуулахын тулд хахуулын мөнгө өгсөн. Гэрээг байгуулахын тулд С.Ө нь Цэрэнцэг хэмээх газарт нутаглаж байгаа Холбоо багийн иргэдээс дэмжлэг авах шаардлагатай гэсний дагуу Х.Д за тэгье гээд Цэдэнбалтай ярьсан. Энэ үйл ажиллагаанд оролцсон хүмүүсийн ашиг сонирхол нь хахууль өгөгчийн болон авагчийн ашиг сонирхлын хамаатай нөхцөл байдал байхгүй. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж, гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж прокурор дүгнэсэн.
Гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь С.Ө, Х.Д, Цэдэнбалын хувьд яригдсан. Батболд нь хахууль өгнө гэдэг зорилгоор биш төрийн бус байгууллагын нэрийн дор нөхөн сэргээх гэрээ байгуулж болохын байна гэдгийг мэдсэн гэдгээ мэдүүлсэн. Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж дүгнэх ёстой, энэ нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцдэг асуудал биш юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг яагаад ноцтой зөрчсөн гэвэл 33.1 дүгээр зүйлийн 6 хэсэгт: шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан хэргийн хүрээнд асуудал яригдана гэж заасан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлагатай холбоотой асуудал хэлэлцэхгүй гэж заасан. Энэ бүх нотлох баримтыг үнэлж дүгнээд шүүх дотоод итгэлээрээ шийдвэрлэхэд бүрэн боломжтой. Хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн. Цугларсан нотлох баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжигдсэн, хууль зөрчиж нотлох баримтыг цуглуулсан нөхцөл байдал байхгүй.
Гэм буруутай холбоотой асуудал хэлэлцэж шүүгчийн захирамж гаргасан нь үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан. Гэтэл хуульд заасан хүрээнээс давсан ажиллагааг шүүх хийсэн. Гэмт хэргийн шинжтэй үйлдэл тэр хүмүүст байна уу, байхгүй юу гэдгийг прокурор тал бүрээс нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16-д зааснаар дотоод итгэлээрээ үнэлээд хууль зүйн дүгнэлт хийсэн. Үүнийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлгийн шатанд мэтгэлцэх зарчмыг үндэслэж шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэдэг нь гэмт хэргийн замаар олсон орлого хөрөнгийг хохиролд тооцож байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзсэн.
Шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй учраас захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн эсэргүүцэл бичсэн.
Яллагдагч С.Ө, Х.Д, Х.Д, Я.Ц нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд дараах дүгнэлтийг гаргаж байна. Увс аймаг дахь сум дундын 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 323 дугаартай шүүгчийн захирамж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн учраас хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.
9. Шүүгдэгч Х.Д, С.Ө нарын өмгөөлөгч Л.Жавзмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурор 11.475.000 төгрөгийн хохирлыг яллах дүгнэлтдээ тусгасан. Хахууль өгсөн хүн нь 33.0 сая төгрөг өгсөн гэж хэлсэн. Нийтдээ 21.525.000 төгрөгийг яах вэ, тэр хөрөнгийг эдгээр хүмүүсээс хураах юм уу гэдгийг эцэслэн тогтоогоогүй байна. Мөрдөн байцаах ажиллагааны явцад нэмэлт ажиллагаа хийлгүүлнэ гэж хүсэлт гаргасан. Бидний гаргасан хүсэлт дээр тодорхой байгаа. 2 дугаар хавтаст хэргийн 189 дүгээр талд авагдсан Батболдын мэдүүлэгт: 2021 оны 7 дугаар сард Өмнөговь суманд Цэдэнбалтай хамт очиж Х.Дтэй уулзсан. Х.Д нь ганцаараа ирсэн, түүнд 10.000.000 төгрөг өгсөн. Х.Д ирж уулзаж байгаагүй. Х.Дгээс үлдэгдэл 20.0 сая төгрөгөө авмаар байна. Тэр мөнгө нь Цэдэнбал бид хоёрын дундын мөнгө тул хувааж авмаар байна гэж хэлсэн байдаг. Энэ хүнийг хэрэгт хамааралгүй гээд байгаа юм уу, тэгвэл яах гэж энэ хүнээс мэдүүлэг авсан бэ. 2 дугаар хавтаст хэргийн 179 дүгээр талд авагдсан гэрч Цэдэнбалын мэдүүлэгт: Х.Дд 10-20 сая төгрөг өгсөн. Энэ мөнгийг Батболдод туслаарай гэж өгсөн гэж хэлсэн байгаа.
Тэгэхээр Цэдэнбал нь ашиг сонирхолгүй болоод байна. Харин Батболд нь ашиг сонирхолтой болж байна. Дээр дурдсан ажиллагаануудыг нэмж хийхээс өөр аргагүй. Дэвээ, Бямбажав, Бадамгарав, Баатаржав нарын үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй. Авлигын эсрэг хуульд: бүх шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид гэж заасан. Гэтэл эдгээр хамааралгүй гээд байгаа хүмүүс нь сумын хурлын төлөөлөгчид байдаг. Прокурор нь тайлбарлахдаа санаатай нэгдсэн, бүлэглэж үйлдсэн, хамтарсан, хор уршигтай гэж тайлбарлаж байгаа мөртлөө хатгагч хамжигчийн асуудлыг тогтоогоогүй. Тийм учраас нэмж ажиллагаа хийх хүсэлт гаргасан. Хахууль өгсөн авсан хүмүүсээ зөв тодорхойлоогүй. Нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх асуудалд хайнга хандсан.Нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоох ёстой. Энэ хэргийг анхан шатны шүүх нь яллах дүгнэлтийн хүрээнд шийдэх боломжгүй учраас урьдчилсан хэлэлцүүлгээр буцаасан захирамж гаргасан нь хууль ёсны байна” гэв.
10. Шүүгдэгч Я.Ц, Х.Д нарын өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “ Прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзсэн. Урьдчилсан хэлэлцүүлэг хийхдээ гэм буруугийн асуудал ярьсан гэж үзэж байна. Гэтэл урьдчилсан хэлэлцүүлэг хийх болсон үндэслэл нь Л.Жавзмаа өмгөөлөгчийн нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт юм. Нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэдгээ тайлбарлахдаа сая тайлбарласан. Х.Д нь би хурлын төлөөлөгч намайг хурлын төлөөлөгч учраас авлига өгөх ажлыг чи зохион байгуулсан гэж ялласан.
Бямбажав бид хоёр хамтарсан. Бямбажав нь бас адил хурлын төлөөлөгч, гэтэл яагаад зөвхөн намайг яллаад байгаа юм, яагаад ялгаад байна гэж хэлсэн. Цэдэнбал нь “ Батболд бид хоёр хамт явж байсан. Гэтэл зөвхөн манай компанийн нэрийг оруулсан байна” гэж ярьсан. Ийм асуудал яригдсан учраас нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэж үзсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд гэсэн үг үсэг байхгүй. Прокуророос шилжүүлж ирсэн хэргийн хүрээнд гэж байгаа.
Улсын дээд шүүхийн тогтоолд нэмэлт ажиллагаа хийлгүүлэх тухай тайлбарлахдаа “огт хийгээгүй ажиллагааг хийлгэх, хийсэн ажиллагаа нь буруу байгааг зөвтгүүлэх нь шүүхийн эрх” гэж заасан. Энэ хэргийг бүх талаас нь бүрэн шалгаж, эрүүгийн хариуцлага, ял нь гарцаагүй байх зарчмыг хангах ёстой. Мөн хахуулийн мөнгөний тоо, хэмжээ тодорхой бус байна. Ийм учраас шүүхээс гарах шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагдана. Шүүхийн шийдвэр нь ойлгомжтой, тодорхой, хэрэгжүүлэх боломжтой байх гэсэн шаардлагыг хангахгүй. Тийм учраас нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэж шүүх үзэж захирамж гаргасан. Прокурорын эсэргүүцлийг хүлээж авах боломжгүй. Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү ” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 2022/ШЗ/323 дугаар “ Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч С.Ө, Х.Д, Я.Ц, Х.Д нарт холбогдох, 2101000590352 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхмаагаас:
- яллагдагч С.Өг Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа “Шижир голд майнинг” ХХК-ийн захирал Я.Ц, Өмнөговь сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Х.Д нарын ашиг сонирхлын үүднээс “Бид намирын эзэд” гэх төрийн бус байгууллагын нэрээр тус сумын “Цэрэнцэг” гэх газарт нөхөн сэргээлт хийх гэрээг байгуулахын тулд Х.Дгээр дамжуулан 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 7.000.000 төгрөгийн хахууль авсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,
- яллагдагч Х.Дыг Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байх хугацаандаа “Шижир голд майнинг” ХХК-ийн захирал Я.Ц болон Өмнөговь сумын Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Х.Д нарын ашиг сонирхлын үүднээс “Бид намирын эзэд” төрийн бус байгууллагын нэрээр тус сумын “Цэрэнцэг” гэх газарт нөхөн сэргээлт хийх гэрээг сумын Засаг дарга С.Өтэй байгуулахад хамтран оролцож, Х.Дгээр дамжуулан 3 удаагийн үйлдлээр нийт 4.475.000 төгрөгийн хахууль тус тус авсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,
- яллагдагч Я.Цыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор “Бид намирын эзэд” ТББ-ын нэрээр Өмнөговь сумын “Цэрэнцэг” гэх газарт нөхөн сэргээлт хийх гэрээг Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга С.Өтэй байгуулахын тулд Х.Дтэй бүлэглэн Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга С.Өд 7.000.000 төгрөг,
- Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын орлогч Х.Дд 3 удаагийн үйлдлээр нийт 4.475.000 төгрөгийн хахууль тус тус өгсөн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
- яллагдагч Х.Дг Увс аймгийн Өмнөговь сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж байх хугацаандаа “Шижир голд майнинг” ХХК-ийн захирал Я.Ц болон өөртөө давуу байдал бий болгох зорилгоор “Бид намирын эзэд” ТББ-ын нэрээр Өмнөговь сумын “Цэрэнцэг” гэх газарт нөхөн сэргээлт хийх гэрээг сумын Засаг дарга С.Өтэй байгуулахын тулд Я.Цтай бүлэглэн тус сумын Засаг дарга С.Өд 7.000.000 төгрөг,
-тус сумын Засаг даргын орлогч Х.Дд 3 удаагийн үйлдлээр нийт 4.475.000 төгрөг тус тус хахуульд өгсөн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
3. Анхан шатны шүүх С.Ө, Х.Д, Я.Ц, Х.Д нарт холбогдох эрүүгийн хэрэгт яллагдагч Х.Д, С.Ө нарын өмгөөлөгч Л.Жавзмаагийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ:
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийг хэн үйлдсэнийг бүрэн гүйцэт нотлоогүй, мөн 1.5-т заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэрэг нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй , гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг нарийвчлан тогтоож, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрэглэх нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай гэх дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасантай нийцсэн байна.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-т : хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад хэрэгт нотолбол зохих дараах байдлыг нотолно” гэж заасан ба хэрэгт нотолбол зохих байдлууд нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотлогдоогүй, мөн гэм буруугийн шүүх хуралдааны явцад буюу талуудын мэтгэлцээний үр дүнд нотлогдох боломжгүй бол шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаах эрх хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлээр зохицуулсан.
5. С.Ө, Х.Д, Я.Ц, Х.Д нарт холбогдох эрүүгийн хэрэгт явуулсан мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэр хэмжээ зэргийг бүрэн шалгаж, хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар тогтоогоогүй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.
5.1. Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан байх бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад ач холбогдолтой юм.
5.2. Прокуророос дээрх яллагдагч нарт холбогдуулан үйлдсэн, 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 129 дүгээр яллах дүгнэлтэд яллагдагч Х.Дгийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр сэжигтнээр, 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлгийг тус тус яллах талын нотлох баримтаар үнэлж, яллагдагч С.Ө, Х.Д, Я.Ц нарыг хахууль авах, өгөх гэмт хэрэгт яллах үндэслэл болгосон байх боловч яллагдагчийн эдгээр мэдүүлэгт дурдсан зарим үйл баримтын талаар шалгах ажиллагаа явуулаагүй буюу яллагдагчийн мэдүүлгийн эх сурвалжийг магадлах аргаар шалгаагүй байна.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-т заасан “ мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох” үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болж байна.
5.3. Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хахууль өгөгчийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгод хэн хэн, ямар үйлдлээр хэрхэн оролцсон, улмаар хахууль өгөгч этгээд ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн төлөө хэнд хэдий хэмжээний эд хөрөнгө зарцуулсан / хахууль өгсөн/-ийг нарийвчлан шалгаж тогтоогоогүй. Эдгээр нөхцөл байдлыг шалгаж тогтоох нь шүүхээс хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох зарчим хэрэгжих нөхцлийг бүрдүүлнэ. Тодруулбал, шүүхээс яллагдагч нарын гэм буруутай эсэхийг тогтоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял, албадлагын арга хэмжээ /гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хураах/ хэрэглэх үндэслэл бүрдэнэ.
Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс яллагдагч нарт холбогдох хэрэгт : гэмт хэрэг хэн үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээг тус тус тогтоож, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрэглэх нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай гэх дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
6. Прокурорын “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу бүрдүүлж, цуглуулсан эсэх, энэ нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр эсэхийг дүгнэх байтал анхан шатны шүүх нь нотлох баримтуудын агуулгад дүгнэлт өгч, прокурорын яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнээс гадуур хууль зүйн дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэдэг нь гэмт хэргийн замаар олсон орлого хөрөнгийг хохиролд тооцож байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзсэн.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
6.1. Анхан шатны шүүх шийдвэртээ : яллах дүгнэлтэд яллах талын нотлох баримт болгосон яллагдагч Х.Дгийн мэдүүлгийн зарим хэсгийг прокурор үнэлэхгүй орхисон, тухайлбал түүний мэдүүлэгт тусгасан зарим үйл баримтын талаар шалгаагүй буюу хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй талаар дүгнэхдээ хэрэгт авагдсан зарим гэрчүүдийн мэдүүлгийг дурдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1дүгээр зүйлийн 11-т заасан “ шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй.
Шүүх урьдчилсан хэлэлцүүлгээс гаргасан шийдвэртээ аль нэг яллагдагчийг гэм буруутай гэж дүгнэх, улмаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар дурдаагүй, харин хэрэгт нотолбол зохих ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй нь ийм ийм байдлаар нотлогдож байгаа талаар дүгнэснийг буруутгах үндэслэлгүй юм. Түүнчлэн шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
6.2. Прокурор эсэргүүцэлдээ : “ Анхан шатны шүүхээс яллагдагч С.Ө, Х.Д нарын бусдаас хахуульд авсан хөрөнгө буюу гэмт хэрэг үйлдэж олсон 11.475.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж дүгнэн, гэмт хэргийн замаар олсон орлого хөрөнгийг хохиролд тооцож байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж дүгнэжээ.
Анхан шатны шүүх шийдвэртээ яллагдагч нарын хахуульд авсан гэх 11.475.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж дүгнээгүй байх ба харин яллагдагч Я.Цаас өөрийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхийн тулд яллагдагч Х.Дд болон түүгээр дамжуулан бусдад хахуульд өгсөн гэх эд хөрөнгө /мөнгө /-ий хэмжээг бодитой тогтоох нь шүүхээс гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх нөхцөл бүрдэнэ гэж дүгнэсэн байх бөгөөд энэхүү шүүхийн дүгнэлт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд нийцсэн гэж дүгнэлээ.
7. Иймд дээрх үндэслэлүүдээр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 2022/ШЗ/323 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 69 дүгээр прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 2022/ШЗ/323 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 69 дүгээр прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЖАМБАЛСҮРЭН
ШҮҮГЧИД Н.МӨНХЖАРГАЛ
Л.АЛТАН