Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2022/ДШМ/66

 

2022           12           12                                      2022/ДШМ/66

                                   Ц.Б, Б.Д, Г.И, Ц.Н нарт

    холбогдох эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалж, шүүгч Л.Алтан, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

Прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүгдэгч Ц.Н, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Г.И, түүний өмгөөлөгч Я.Батханд, шүүх хуралдааны бичгийн дарга Н.Булгаа нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж явуулсан шүүх хуралдааны 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/144 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудоор Ц.Б, Б.Д, Г.И, Ц.Н нарт холбогдох, 2035001400086 дугаартай, 6 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Б овгийн Ц-ын Б, ...-ны өдөр Увс аймгийн .. төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт Увс аймгийн .. оршин суудаг, урьд Увс аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар хоёр жил зургаан сар хорих ял оногдуулж, хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон, регистрийн дугаар: ..

С овгийн Б-ийн Д, .. өдөр Увс аймгийн .. төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн  багт оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар 13-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600’000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар, тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 700’000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар, мөн шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 179 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 800’000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар, мөн тус шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар гурван жил хорих ял оногдуулж, хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон, регистрийн дугаар:  

Б овгийн Г-ын И,  өдөр Увс аймгийн .. суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт Увс аймгийн .. багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар..

С овгийн Ц-ын Н, .. өдөр Увс аймгийн Хяргас суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эцэг эхийн хамт амьдардаг, Увс аймгийн . оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: .

1. Шүүгдэгч Г.И, Ц.Б, Б.Д, Ц.Н нар Увс аймгийн Малчин сумын 4 дүгээр багийн нутаг Ястын хэв гэх газраас 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Ц.Б-ийн 2 тооны, хохирогч П.Г-ын 1 тооны нийт 3 тооны үхрийг буюу бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлж, хохирогч Ц.Б-д 2 сая төгрөгийн, хохирогч П.Г-д 700.000 /долоон зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан;

мөн шүүгдэгч Г.И, Ц.Б, Б.Д, Ц.Н нар Увс аймгийн Малчин сумын 4 дүгээр багийн нутаг Хөшөөт гэх газраас 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Б.Г-гийн 2 тооны үхэр буюу бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлж, хохирогч Б.Г-д 1.900.00 /нэг сая есөн зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан;

шүүгдэгч Г.И, Ц.Б, Б.Д нар Увс аймгийн Малчин сумын 1 дүгээр багийн нутаг Хар хотгор гэх газраас 2019 оны 10 дугаар сарын 13-ны шөнө хохирогч Я.О-н 4 тооны үхрийг бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлж хохирогч Я.От 4.200.000 /дөрвөн сая хоёр зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргүүдэд холбогджээ.

2. Увс аймгийн Прокурорын газраас: Ц.Б, Б.Д, Г.И, Ц.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсгүүдэд зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

3. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/144 дүгээр шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч Б ургийн овогт Ц-ын Б, С ургийн овогт Б-ийн Д, Б ургийн овогт Г-ын И, С ургийн овогт н Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бүлэглэж бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б ургийн овогт Ц-ын Б, С ургийн овогт Б-ийн Д, Б ургийн овогт Г-ын И нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Ц.Б-ийг таван жил нэг сар хорих ялаар;

- шүүгдэгч Б.Д-г долоон жил хорих ялаар;

- шүүгдэгч Г.И-ийг зургаан жил зургаан сар хорих ялаар;

- шүүгдэгч Ц.Н-ыг зургаан жил хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар:

- шүүгдэгч Ц.Б-т энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан таван жил нэг сар хорих ял дээр тус шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр жил зургаан сар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн нэг жил таван сар зургаан хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг зургаан жил зургаан сар зургаан хоногийн хугацаагаар,

- шүүгдэгч Б.Д-д энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан долоон жил хорих ял дээр тус шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 8 дугаар захирамжаар сольсон хоёр жил хоёр сарын сар хорих ялаас эдлээгүй үлдсэн хоёр жил хорь хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг есөн жил хорь  хоногоор тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б, Г.И, Ц.Н нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Б.Дд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Б-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хээр зүсмийн нас гүйцсэн 1 тооны морийг хураан авч улсын төсөвт шилжүүлж,

шүүгдэгч Б.Д, Ц.Н нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б, Г.И нарын энэхүү хэрэгт цагдан хоригдсон 11 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, тэдгээрт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Ц.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

хэрэгт эд мөрийн баримттаар тооцогдож ирсэн си ди дискийг хэргийн хамт хадгалж, шүүгдэгч Ц.Б-ийн хээр зүсмийн нас гүйцсэн 1 тооны морийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээхээр тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

4. Шүүгдэгч Ц.Н давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Ц.Б гэх хүний худал мэдүүлгээр 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдөр бүлэглэж бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэж   анхан шатны шүүхээс дүгнэж, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  зургаан жил хорих ял оногдуулсанд гомдолтой байна.

Ц.Б гэгч нь мэдүүлэг өгөх бүрдээ өөр өөр худал мэдүүлэг өгдөг, худалч хүн бөгөөд надаас өмнө Ц.Н гэгчийг хулгай хийсэн гэж гүтгэж шалгуулсан байдаг. Яагаад түүнийг гүтгэснээ тайлбарлахдаа Г.И зааж өгсөн гэдэг.

Миний бие Ц.Б-ийг танихгүй, хэрэг шүүхэд шилжүүлэх үед түүнийг анх харсан. Түүнээс яагаад намайг гүтгээд байгаа тухай асуухад уучлаарай гэхээс өөр зүйл хэлээгүй. 2022 оны 8 дугаарсарын 01-ний өдөр аав, ээж айлын найранд явсан тул гэртээ ганцаараа малаа хараад байж байсныг айл, саахалт байсан хүмүүс гэрчилнэ. Гэтэл эдгээр хүмүүсээс гэрчийн мэдүүлэг аваагүй.

 Ц.Н намайг цагаан өнгийн машинтай гэдгээр энэ хэрэгт холбогдуулсан. Гэтэл миний бие тэр цагаан өнгийн машиныг 2022 онд худалдан авсан. Хэрэг гаргах үед Газ 66 маркийн машинтай байсан нь хавтаст хэрэгт байдаг.

Б.Д, Г.И, Ц.Б нарын дансны гүйлгээнээс харахад миний данстай холбогдсон ямар нэг гүйлгээ байхгүй. Би Г.И, Ц.Б нарыг танихгүй бөгөөд хэрэг шүүхэд очих өдөр анх харсан. Харин Б.Дг таних бөгөөд мал нь манай хажууханд байдаг учир таньдаг.

 Миний бие Б.Д-тэй нийлж хулгай хийсэн зүйл байхгүй. Ямар учраас энэ гэмт хэрэгт холбогдож байгаагаа мэдэхгүй байна. Миний ар гэрийн амьдрал маш хүнд байна. Дал гарсан өндөр настай аав, ээж 2 минь бог, бод нийлсэн хоёр мянган орчим мал маллаж чадахгүй байна.  Миний хувьд айлын мал хулгайлж ашиг харах шаардлага байхгүй, өөрийн малаа дийлэхгүй байдалтай байдаг.

Намайг Б.Д, Г.И нарын заавраар Ц.Б нь гүтгэж байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж Ц.Н намайг цагаатгаж өгнө үү” гэв.

5. Шүүгдэгч Ц.Б давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхээс Ц.Б намайг бусадтай бүлэглэж олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэж дүгнээд өмнөх эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн зургаан жил зургаан сар зургаан хоног хорих ялаар шийтгэсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 Миний бие бусдад учруулсан хохирлыг нөхөн төлж арилгасан. Надад хулгайн гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байгаагүй. Миний хамаатан болох Г.И болон Б.Д нарын дарамт, айлган сүрдүүлэг, заналхийллээс болж мал хулгайлж тэдэнд гаргаж өгдөг байсан.

Намайг дарамталж зодох гэж дайрч байсныг мэдэх хохирогч Б /2-р хх-ийн 143-146/ мөн 2-р хавтаст хэрэгт гэрчээр миний ээж Бүрэнхүү /хх-175-178/ нарын өгсөн мэдүүлгээр нотлогдоно. Иймд Ц.Б надад оногдуулсан ялыг хөнгөрүүлэн шийдэж өгнө үү” гэв.

6. Шүүгдэгч Г.И, түүний өмгөөлөгч Т.Уянга нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Г.Иийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэхдээ шүүгдэгчийн үйлдэл нь хэрэгт авагдсан гэрч С.Цэдэнбалжирын мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 189-192 дугаар хуудас/, шүүгдэгч Ц.Бийн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 184-186 хуудас /; гэрч П.Бүрэнхүүгийн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 169-170 дугаар хуудас/; Г.Иээ, Б.Дгийн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 102 дугаар хуудас /; шүүгдэгч Ц.Бийн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 145-146 дугаар хуудас/ зэрэг  баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж дүгнэсэн байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон бусад хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл зэрэгт шүүгдэгч Г.Иийг тус гэмт хэргүүдэд оролцсон талаар нотлох баримт байдаггүй. Мөрдөн байцаалтын шатанд Ц.Б П.Бүрэнхүү, С.Цэдэнбалжир нар нь удаа дараа мэдүүлэг өгсөн боловч мэдүүлгүүд нь тогтворгүй, эргэлзээ бүхий байдаг. Мөн өгсөн мэдүүлгүүдээс нь харахаар бусдын дарамтанд орж Г.Иийг тухайн гэмт хэрэгт холбоотой мэтээр хэлсэн байж болзошгүй гэж үзэх нөхцөл байдлууд байдаг.

Мөн шүүгдэгч Г.И нь гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд Увс аймгийн Малчин сумын нутаг дэвсгэрт байгаагүй, Өндөрхангай, Зүүнхангай сумын нутагт явсан талаар гэрч Х.Баянмөнхийн мэдүүлэг /хавтаст хэргийн 3-р хавтасны 89 тал/, гэрч Ц.Эрдэнэзулын мэдүүлэг/хавтаст хэргийн 3-р хавтасны 93 тал/, гэрч Д.Даваа-Очир мэдүүлэг /3- р хавтасны 95тал/, гэрч Г.Эрдэнэчимэгийн мэдүүлэг /3-р хавтасны 97 тал/, “Хөхий ээж” дэлгүүрийн дэвтэр /3-р хавтасны 99-100 дугаар тал/, гэрч Л.Баасандоржийн мэдүүлэг/3-р хавтасны 109 дүгээр тал/ зэргээр нотлогдсон байдаг. Дээрх нэр бүхий гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хуулийг сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд байхад анхан шатны шүүх ямар үндэслэлээр нотлох баримтаар үнэлээгүй талаар шийтгэх тогтоолд огт тусгаагүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын малыг хулгайлсан идэвхтэй үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр гэмт хэрэг төгсөхөөр хуульчилсан бөгөөд эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэгтэй нэгэн адил бусдын малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан байхыг шаарддаг.

Гэтэл шүүгдэгч Г.И нь хохирогч нарын малыг хулгайлах идэвхтэй үйлдэл хийгээгүй, гэмт хэрэг гарсан цаг хугацаанд тухайн хэрэг гарсан газарт очоогүй болох нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон байхад анхан шатны шүүхээс харилцан зөрүүтэй гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзэж хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/144 дүгээр шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Ит холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

7. Шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нар хамтран давж заалдах журмаар гаргасан гомдол болон өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй байна.

Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулахдаа Б.Дгийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.

Энэхүү шийтгэх тогтоолоор Б.Дд долоон жил хорих ял оногдуулж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн хоёр жил хорь хоног хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг нийт есөн жил хорь хоногоор тогтоож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-т “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 3-т “хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй” гэж тус тус заасныг зөрчиж байгаа нь хууль бус байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээ нь найман жил байхаар хуульчлагдсан байхад Б.Дд хуульд заасан дээд хэмжээнээс илүү ял оногдуулж байгаа нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэл болж байна.

Б.Д-г 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Ц.Болдын 2 тооны, хохирогч П.Ганболдын 1 тооны, хохирогч Б.Гочоосүрэнгийн 2 тооны үхэр, 2019 оны 10 дугаар сарын 13-нд хохирогч Я.Оын 4 тооны үхрийг тус тус хулгайлсан гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан.

Б.Д-г гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж буй гол нотлох баримт нь яллагдагч Ц.Бийн мэдүүлэгт үндэслэгдсэн гэрч нарын мэдүүлэг байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг Ц.Боос сонсож, түүний хэлсэн үгийг дамжуулсан шинжтэй.

Гэтэл Ц.Бийн мэдүүлэг нь тогтворгүй, зөрүүтэй байх ба тухай мэдүүлгийн эх сурвалж тодорхойгүй байна. Ц.Б хамт хулгай хийсэн гэх хүмүүсийнхээ талаар харилцан өөрөөр мэдүүлсэн байдаг. Энэ тохиолдолд гэмт хэргийн талаарх гэрч нарын мэдүүлгийг ач холбогдолтой гэж үнэлэх боломжгүй юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй”, уг зүйлийн 3-т “мэдүүл өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаара нотлох баримт болохгүй” гэж тус тус заасан байна.

Хэдийгээр хулгайлах гэмт хэрэг нь сэм далд аргаар үйлдэгддэг боловч шууд санаа, шунахайн сэдэлттэй байдаг.

Мөрдөн байцаалтын шатанд Б.Дгийн банкны дансны хуулга, түүний эзэмшиж байсан гар утасны биллүүдийг шалгасан байх ба тухайн баримтаар гэмт хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал байхгүй болох нь нотлогдон тогтоогдсон.

Анхан шатны шүүх дээрх нотлох баримтад ямар нэгэн дүгнэлт хийгээгүй.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” бол тухайн тогтоолыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болдог. Гэмт хэрэг гарах үед Б.Дгийн эзэмшиж байсан данс, ашиглаж байсан гар утасны биллүүд нь онцгой ач холбогдол бүхий нотлох баримт байх ба энэ нь өмгөөлөгчийн саналын үндэслэл болсон.

Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасны дагуу өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ шийтгэх тогтоолд тусгаагүй.

Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж дүгнэх хуулийн шаардлага хангагдаагүй гэж үзэж байна.

Иймд хэргийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж Б.Дд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

8. Шүүгдэгч Ц.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Надад хийсэн хэрэг байхгүй. Би Ц.Б, Г.И гэх хүнийг танихгүй. Надад 2020 онд цагаан өнгийн машин байгаагүй. Б.Д гэх хүнтэй хамт яваагүй. Ийм учраас хэргийг үнэн зөвөөр шийдэж намайг цагаатгаж өгнө үү” гэв.

9. Шүүгдэгч Ц.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Ц.Н гэх хүнийг танихгүй. Б цагдаа намайг дарамталснаас болж Ц.Нтай хамт явсан гэж мэдүүлсэн” гэв.

10. Шүүгдэгч Г.Иийн өмгөөлөгч Я.Батханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.И-ийн хувьд Т.Уянга өмгөөлөгчөөсөө татгалзсан. Т.Уянга өмгөөлөгч гомдлоо цагаатгах байр суурьтай бичсэн. Өнөөдөр Г.И нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэж давж заалдсан гомдлын агуулгыг өөрчилсөн байр суурьтай оролцож байна. Г.И тайлбараа гаргана” гэв.

11. Шүүгдэгч Г.И давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хулгайн гэмт хэрэгт холбогдсондоо харамсаж байна” гэв.

12. Шүүгдэгч Б.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би ах дүү хүмүүсийн хооронд юу болж байсныг мэдэхгүй. Би энэ хэрэгт холбогдолгүй. Надад тэдгээр хүмүүстэй харилцах холбогдох шаардлага байгаагүй. Бид найзлах, нөхөрлөсөн зүйл байгаагүй. Би хүнийг дарамталж хулгай хийлгээгүй. Намайг хилсдүүлж байна гэж үзэж байна” гэв.

13. Шүүгдэгч Г.И-ийн өмгөөлөгч Я.Батханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа : “Г.Иийн хувьд өөр өмгөөлөгчтэй байсан, өмгөөллийн байр суурийн хувьд гэм буруу дээр  маргаж анхан шатны шүүх хуралдаанд оролцсон.

Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Г.И гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцож байна. Хэрэгт таньж олуулах ажиллагаа хийгдсэн. Бийн мэдүүлснээр хулгайн хэрэгт оролцсон гэх Нармандах гэдэг  залуу нь гэмт хэрэг үйлдэгдэх тухайн цаг хугацаанд  Улаанбаатар хотод байсан учраас энэ хэрэгт яллагдагчаар татагдаж ирээгүй. Энэ мэт хууль зөрчсөн асуудал байна уу гэх эргэлзээ байна. Өмгөөлөгч хэргийн матеиралтай танилцахад Г.Иийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй үйлдэл харагдаад байна.

Г.И нь сүүлийн 4, 5 жил мах, мал худалдан борлуулж байсан гэдэг нь түүний  банкны дансны хуулгаас харагдаж байна. Ингээд мал, мах авахаар очиход хулгайн үхэр бэлдсэн байдаг. Г.И хулгайн үхэр гэдгийг мэдээд машинаар ачаад явж байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан мөнгө угаах гэмт хэргийн шинж байна. Ийм учраас дүгнэлтдээ нэмж ярьж байна.

Шүүхээс хохирогч Ц.Болдод хоёр сая төгрөгийн, хохирогч П.Ганболдод долоон зуун мянган төгрөгийн, хохирогч Б.Гочоосүрэнд нэг сая есөн зуун мянган төгрөгийн, хохирогч Я.От дөрвөн сая хоёр зуун мянган төгрөгийн хохирол тус тус учирсан гэж дүгнэсэн. Хохирогч Ц.Болдод 500.000 төгрөг, П.Ганболдод 175.000, Б.Гочоосүрэн 475.000, Я.От 1.050.000 төгрөгийг тус тус өгөхөөр өнөөдрийн шүүх хуралдаанд Г.И мөнгийг бэлнээр авч ирсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5-т зааснаар хохирол төлөх хүсэлттэй байна. Хэрвээ данс байдаг бол төлөөд баримтаа аваад ирсэн бол үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дээрдэх нөхцөл болно. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас хохирлыг барагдуулах нь зүй ёсны асуудал гэж үзэж байна.

Шүүгдэгч Г.И нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирол төлөхөөр мөнгөө бэлдэж ирсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг багасгаж, Өршөөлийн хуульд хамруулан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

14. Шүүгдэгч Ц.Нын өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Н нь гэмт хэрэгт оролцоогүй, яагаад ял эдэлж байгаагаа ойлгохгүй байна. Намайг цагаатгах өгнө үү гэх агуулгатай гомдлыг гаргасан байна. Миний хувьд анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй. Хавтаст хэргийн материалтай танилцаад хэд хэдэн үндэслэлээр гомдлыг тайлбарлаж байна. 3-р хавтаст хэргийн 202-р хуудсанд Увс аймгийн Прокурорын газрын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол байна.

Тогтоолд Ц.Н гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, моринд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гаргуулан авсан мэдээлэл баримт бичгүүд,  дансны мэдээллийн хуулга, үүрэн телефоны операторуудаас авсан лавлагаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзсэн. Мөн 1-р хавтаст хэргийн 115-р хуудсанд банкны тодорхойлолт авагдсан байна.

Уг тодорхойлолтод Отгонбаяр, Жигзмаа, Давааням, Сугар, Шинэбаяр, Төр-Очир, Нармандах, Сүглэгмаа, Мөнхцэцэг нарын мэдээллийг авсан. Энэ дотроос Нын мэдээллийг аваагүй. Энэ банкны хуулгыг шалгахад Н нь ямар данстай болох,  бусад хүмүүстэй харьцаж байсан эсэхийг шалгаагүй байна. Гэтэл улсын яллагч банкны хуулгаар Ц.Ныг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна гэж үзсэн .

Мөн үүрэн телефоны операторуудаас 11 хүний утасны биллийг гаргуулж мөрдөгч тэмдэглэл үйлдсэн нь  2-р хавтаст хэргийн 95-р хуудсанд авагдсан байна. Энэ тэмдэглэлд Ц.Нын мэдээлэл байхгүй. Ц.Н ямар утас барьж байсан, бусад хүмүүстэйгээ ярьж байсан уу, хоорондоо ямар хамааралтай байсан талаар шалгасан баримтгүй. Улсын яллагчийн яллагдагчаар  татсан тогтоолын дүгнэлтийн эхний хэсэг буюу гаргуулан авсан мэдээлэл баримт бичгүүд, дансны мэдээллийн хуулга, үүрэн телефоны операторуудаас авсан лавлагаа гэх хэсгүүд нь үндэслэлгүй, хүнийг хууль бусаар гэмт хэрэгт гүтгэсэн байна. Энэ бүх хүмүүсийг байцаахдаа бүх ах дүү хамаатан садны хүмүүсийн банкны лавлагааг авч шалгасан.

Ц.Н-ын банкны лавлагааг огт аваагүй. Гэмт хэрэг хэрэг гарах үед Ц.Н нь  хаана байсан  тухай маршрутыг огт шалгаагүй. Аав нь Улаанбаатар хотод хөл нь өвдөөд эмчилгээнд явсан байсан. Ээж нь 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдөр найранд явсан гэх мэдүүлэг байдаг. Энэ талаар шалгаж тодруулах, мэдүүлэг авах ажиллагаа хийгдээгүй. Өөрөөр хэлбэл прокурор цагаатгах талын нотлох баримтыг огт бүрдүүлээгүй. Зөвхөн яллах талын нотлох баримтыг бүрдүүлсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  1.7 дугаар зүйлийн 2-т хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан боловч цагаатгах талын нотлох баримтыг тогтоох ажиллагаа хийгдээгүй байна. Ц.Нын бусдын мал хулгайлсан гэх үйлдлийг эргэлзээгүй тогтоож чадаагүй.

Ц.Н-ын хувийн байдлын талаар гэрч Баярмагнай, Норов нар мэдүүлэг өгсөн. Ц.Н нь 70 гаруй настай ээж, аавыгаа асардаг. 2000 гаруй малтай. Ц.Н хулгай хийж ашиг олох, өөрийн ноогдол хувиа авах ямар ч боломж сонирхол байхгүй нь тогтоогдсон байдаг. Ц.Б нь цагдаа нар дарамталсан тул  Ц.Н-тай хамтарч хулгай хийсэн гэж  мэдүүлсэн гэдэг. Ц.Б олон удаа мэдүүлэг өгөхдөө үхрүүдийг цагаан машинд ачиж, Хяргас сумын чиглэл рүү явсан гэж мэдүүлдэг. Ц.Н цагаан машинтай гэх үндэслэлээр түүнийг яллагдагчаар татаж шалгасан. Ц.Н машинаа хулгайг гэмт хэрэг үйлдэгдсэний дараа худалдаж авсан байсан ба энэ нөхцөл байдлыг тогтоож чадаагүй тул  шүүгдэгч нарыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашиглаж үйлдсэн гэж зүйлчилсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар хөрөнгө орлого хураагаагүй. Ц.Ныг Ц.Бийн мэдүүлгийг үндэслэн гэмт хэрэгт холбогдуулсан боловч Ц.Б удаа дараа мэдүүлэг өгөхдөө зөрүүтэй зүйлийг яриад байдаг.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд Ц.Б нь Ц.Н-ыг танихгүй гэдгээ хэлж байх бөгөөд түүний өмнө өгсөн мэдүүлгүүд нь худлаа байсан.

 3-р хавтаст хэргийн 45-р хуудсанд гэрч Ц.Б-ийн өгсөн мэдүүлэг, 3-р хавтаст хэргийн 187-р хуудсанд яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдэд тус тус  авагдсан ба тэрээр 2020 оны 6 дугаар сард болсон Малчин сумын Зүмбэр хайрханы овооны баяр дээр Ц.Н нь Б.Дтэй хамт явж байхад нь уулзаж танилцсан гэж мэдүүлсэн  байна. 2020 онд Монгол улсад ковид гарсан, хөл хорионы дэглэмтэй.

Увс аймгийн Засаг даргын А/325 дугаартай захирамж гарсан. Мөн Засгийн газрын бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай 188 дугаартай тогтоол гарсан байсан үе тул овооны баяр болох боломжгүй байхад Ц.Н, Б.Д нар овооны баяр дээр явж байсан мэтээр мэдүүлсэн нь худал болох нь  нотлогдож байна.

 Мөн  таньж олуулах ажиллагаа явуулахад Ц.Б нь Ж.Наранмандах гэх хүнийг зургаар болон биеэр 2 удаа таньж олсон. Энэ бүхнээс үндэслэж Ц.Бийн мэдүүлгийг үнэлэх боломжгүй байна.

Б.Д-гээс 2021 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гэрчээр мэдүүлэг авахдаа “ Ц.Б чамайг 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Болдын 3 үхрийг Хяргасын Батнасан та хоёрт өгч явуулсан гэх мэдүүлэг өгсөн байна. Энэ үнэн үү”  гэж асуусан байсан.Гэтэл энэ 6 хавтаст хэрэгт байгаа Ц.Бийн бүх мэдүүлгийг уншихад Ц.Б ингэж мэдүүлсэн нэг ч тохиолдол байхгүй байна. Гэтэл мөрдөгч  энэ байдлаар Б.Д-гээс асуусан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчил болж байна.

Мөн Ц.Н гэх хүнийг таних уу гэж Өршөөлт гэх хүнээс гэрчийн мэдүүлэг авахдаа зургийг нь  үзүүлсэн тухай тэмдэглэл байдаг. Энэ нь хөтөлж, тулгаж байгаа зүйл мөн үү, дээрх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байна.

Шүүгдэгч нар давж заалдах гомдлоо тайлбарлахдаа цагдаа дарамталсан гэж хэлсэн. Урьд нь хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байсан Г.И нь хэргээ хүлээн зөвшөөрч, энэ хэрэгт Ц.Н оролцоогүй гэдгийг сая давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн. Урьд энэ хэрэгт Ц.Н оролцоотой байсан гэж мэдүүлсэн Ц.Б нь Ц.Н оролцоогүй гэж үнэнийг хэлсэн. Өмнөх мэдүүлэг нь худлаа гэдгийг тайлбартаа хэлсэн. Ийм учраас Ц.Нын давж заалдах гомдлыг дэмжиж байна. Түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү ” гэв.

15. Шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөгч Ө.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Б Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 144 дзүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Уг гомдлыг дэмжиж байна. Өнөөдрийн шүүх хуралдааны шинэчилсэн мэдүүлэг, тайлбартай холбогдуулж хэргийн оролцогчийн талаар гомдолдоо тусгаагүй боловч Ц.Н оролцоогүй гэх тайлбарыг гаргадаг.

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яллах дүгнэлтийн хүрээнд дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасан хамтран оролцооны байдал, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийж хариуцлага хүлээлгэсэн. Ц.Бийн хувьд болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлсэн. Ц.Б-ийн мэдүүлгээс хулгайн гэмт хэрэг илэрсэн нөхцөл байдал харагдаж байна. Шүүгдэгч нарын 3 удаагийн үйлдэлд хариуцлага хүлээлгэсэн. Энэ хариуцлага хүлээлгэхтэй холбогдуулан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулсан,  бодит үнэнийг тогтоох гэж мөрдөн шалгах ажиллагааг сайн хийсэн.

Мөн өмнөх шүүхийн хэлэлцүүлэгт Н оролцоотой талаар асуухад хэргийг оролцогчдын зүгээс танина гэж хариулж байсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд Н оролцоогүй, байгаагүй гэж 2 шүүгдэгч мэдүүлж байна. Хэн нэгэн ял завших ёсгүй, хэн нэгэн гүтгэгдэх ёсгүй учраас энэ байдалд шүүх  анхаарч өгнө үү. Шүүгдэгч Ц.Б нь шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэх агуулга бүхий гомдол гаргасан. Өмгөөлөгч хувьд үйлчлүүлэгчийнхээ гомдлыг дэмжиж байна. Ц.Бт оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

16. Прокурор Х.Энхтуул давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтээ: “...Шүүгдэгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдол тус бүрт нь тайлбараа нэгтгээд гаргая.

Шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нарын зүгээс энэ гэмт хэргийг Б.Д үйлдээгүй. Ц.Бийн мэдүүлэг тогтворгүй тул үнэлэх боломжгүй. Үндэслэлгүйгээр Б.Дд ял оногдуулсан тул түүнд холбогдох хэргийг цагаатгаж, өөрчлөлт оруулж өгнө үү гэх  гомдлыг гаргасан.

Шүүгдэгч Г.И, Ц.Б, Б.Д нарыг 3 удаагийн үйлдэлд, шүүгдэгч Ц.Ныг 2 удаагийн үйлдэлд нь ялласан. Мөрдөн байцаалтын шатанд Увс аймгийн Малчин сумын нутгаас он дамжсан, үхэр хулгайлагдсан гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Энэ мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт авагдсан цугларсан баримтаар Ц.Бийн хувьд гэмт хэрэг үйлдсэн болохоо зөвшөөрсөн. Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийгдсэн. Мөн бусад шаардлагатай нотлох баримтуудыг бэхжүүлсэн. Энэ гэмт хэргийг Г.И, Б.Д нар хамтран захиалж, тухайн малыг Ц.Боор гаргуулж байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон.

Ц.Болдын 2 тооны үхэр хулгайлагдсан учраас үхрээ хайж, Болд түүний эхнэр Батцэцэг нар нь хулгайд алдсан малаа эрж хайсан. Бид  Ц.Бийг хардсан гэх зүйлийг мэдүүлдэг. Ц.Бийн аав, ээж нартай уулзахад намайг Б.Д, Г.И нар дарамталж 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Ц.Болд, П.Ганболд, Гочоосүрэн нарын үхрүүдийг хулгайлуулсан. Эндээс өмнө нь 2019 онд иргэн Очирын үхэр хулгайлагдсан байсан. Энэ хүмүүс намайг мал гаргаж өг, өгөхгүй бол ална шүү гэж мэдүүлснээр илэрдэг.

Мөн хавтаст хэрэгт авагдсан гэрч Ц.Батцэцэг, Д.Батцэцэг нарын мэдүүлгүүд байна. Уг мэдүүлгүүдэд Болдын 2 тооны үхэр алга болсон талаар Цэдэнбалжирын гэрт яриа гарсан, тэгээд Болдын гэрт очиж энэ талаар яригдах цаг хугацаанд Б.Д нь Болд, Цэдэнбалжир нарын гэрт ирсэн. Б.Д  нь хутга барьж дайрч, та нарыг буудна, чи намайг хэрэгт гүтгэсэн.Үхрийг Г.И гаргуулсан биз дээ гэх зүйлийг ярьсан. Шүүгдэгч Ц.Бийн өгүүлсэн мэдүүлгийг үнэлэх боломжгүй гэж өмгөөлөгчид ярьдаг боловч түүний мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогддог. Ийм учраас шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нарын гаргаж байгаа гомдол үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Ц.Н болон өмгөөлөгч нарын зүгээс энэ гэмт хэргийг үйлдээгүй, цагаатгаж өгнө үү гэсэн агуулгатай гомдлыг гаргасан. Д.Дамдинсүрэн өмгөөлөгч хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад тулгуурлан тайлбар хийсэн. Ц.Ныг ганцхан Ц.Бийн мэдүүлгийг үндэслэж яллагдагчаар татаагүй. Гэрч Өршөөлт “...манайх супермаркет болоогүй байхад Алгаа буюу Д ирсэн. Хажуудаа 3 залуутай явж байсан. Тэр үед манай сумын Ц.Н билүү Ц.Батнасан хамт явж байсан” гэж мэдүүлдэг. Тухайн цаг хугацаанд Б.Дгийн данснаас 49.900 төгрөгийг зарлага гарсан гүйлгээний баримт авагдсан. Эдгээр баримтууд болон шүүгдэгч Ц.Бийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлгүүдээр  2020 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Гочоосүрэн, Болд, Ганболд нарыг үхрийг хулгайлах цаг хугацаанд Д И нар хамт явж байсан нь тогтоодсон. Тэр хоёр ирэхдээ Нтай хамт ирсэн. Би тухайн үед Ныг таньдаггүй байсан. Сүүлд таньдаг болсон гэх мэдүүлгийг өгсөн байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд Ц.Б мэдүүлэг өгөхөөс татгалзсан. Дараа нь мэдүүлэг авахад Г.И байгаагүй гэж мэдүүлсэн, харин дараа нь Д, И нар байсан гэх мэдүүлгүүдийг өгдөг. Хавтаст хэргийн хүрээнд ах дүү нарын хооронд ямар гүйлгээ хийгдэж байсан талаар ажиллагаа хангалттай хийгдсэн. Иймд Ц.Над эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн. Мөн мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Ц.Б энэ талаар  удаа дараа мэдүүлэг өгсөн байдаг.

Өнөөдрийн шүүх хуралдаанд Г.И гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй. Гэтэл түүний өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Г.И нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэхдээ Г.И нь сүүлийн хэдэн жил мал мах худалдан авах үйл ажиллагаа явуулж байсан тул мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгааг анхаарч өгнө үү гэж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэх ойлголтод хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхөөс гадна тухайн болсон үйл баримтыг хүлээн зөвшөөрөх асуудал байдаг. Ц.Бийн ээж Бүрэнхүүгийн өгсөн мэдүүлэг хэрэгт авагдсан. Г.И нь  хэдэн тооны мал бэлдэж байгаарай гэх байдлаар захиалж, Д нь  сүрдүүлдэг байсан гэж Б хэлсэн тухай мэдүүлдэг. Энэ гэмт хэргийн захиалагч зохион байгуулагч Г.И гэдэг нь харагдаж байна. Гэмт хэргийн ул мөрийг арилгах бус зохион байгуулж уриалсан. Магадгүй малыг зарж борлуулах үйл ажиллагааг хариуцдаг хүн нь Г.И байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдож тогтоогдсон.

Шүүгдэгч Ц.Нын өмгөөлөгчөөс энэ гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө орлогыг хураан авах ажиллагаа хийгээгүй гэж байна. Энэ гэмт хэргийн хувьд 2019, 2020 онд үйлдэгдсэн гэмт хэргүүд байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн машиныг ямар машин болохыг шалгасан боловч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан машин хэний машин вэ гэдгийг нотлож,тогтоож чадаагүй. Гэхдээ шүүгдэгч нар нь бусдын малыг хулгайлахдаа машин, механизм ашиглаж үйлдсэн нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл,  мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Бийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл зэргээр хангалттай тогтоогдсон. Мөн хохирогч нар хэргийн газар очиход машины мөр байсан гэж мэдүүлсэн. Энэ гэмт хэрэг нь зуны цагт үйлдэгдсэн. Хулгайлсан малуудыг тээвэрлэсэн нь хангалттай нотлогдож тогтоогдсон.

Шүүгдэгч Ц.Бийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөх ажиллагааны явцад хэнтэй хамт явсан бэ гэхэд Наранмандах гэх хүнтэй хамт явсан гэж мэдүүлдэг. Хүн, зураг таниулах ажиллагаанд Наранмандахыг заасан. Тухайн үед Нармандах нь байхгүй байсан гэдэг нь тогтоогдсон учраас яллагдагчаар татаагүй гэх асуудлыг өмгөөлөгчид ярьж байна. Боос мэдүүлэг аваад яагаад Нармандах байсан гэж мэдүүлсэн бэ гэхэд тухайн мэдүүлгийг надад Г.И зааж өгсөн. Г.И нь Наранмандах байсан гэж хэл гэсэн учраас би тэгж мэдүүлсэн гэж хэлдэг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Нармандах нь тэр үед Улаанбаатар хотод автомашин худалдаж авч байсан нь тогтоогдсон учраас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах үндэслэл байгаагүй. Ц.Ныг зөвхөн Ц.Бийн мэдүүлгээр яллагдагчаар татаагүй, гэрч Өршөөлтийн мэдүүлэгт мөн үндэслэсэн байгаа.

 Шүүгдэгч Г.И нь анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нь Ц.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд нь үнэн зөв байсан гэдэг нь нотлогдож байна.

Ийм учраас Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Шүүгдэгч, өмгөөлөгч  нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь :

1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/144 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Ц.Н, шүүгдэгч Ц.Б, шүүгдэгч Г.И түүний өмгөөлөгч Т.Уянга, шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нарын давж заалдах гомдлыг үндэслэн, Ц.Н, Г.И, Ц.Б, Б.Д нарт холбогдох, 2035001400086 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

3. Шүүгдэгч нарыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий байна.

3.1. Шүүгдэгч Ц.Б, Г.И, Б.Д нар бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 13-ны шөнө Увс аймгийн Малчин сумын 1-р багийн нутаг “Хар хотгор” гэх газраас хохирогч Я.Оын 4 тооны үхрийг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг  үйлдсэн нь :

- хохирогч Я.О-ын 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр манай багийн Нэргүй манайд ирж “ хүүхдийн үсний найранд  ирж цай уугаарай” гэж хэлсэн тул би Нэргүйгийнд 2019 оны 10 дугаар сарын 12-ны орой 19 цагийн үед очсон юм. Тэр орой цай уугаад архи дарс болоод тэр айлд хоносон юм. 2019 оны 10 дугаар сарын 13-ны өглөө гэртээ ирэхэд манай эхнэр “орой үхрээ хурааж чадаагүй, манай үхрээс дөрвөн тооны үхэр дутаж байна” гэж хэлсэн. Тэгээд би үхрээ бүртгэхэд дөрвөн тооны үхэр  дутаж байсан юм. ...Үхрийн бэлчээр дээр ирэхэд нэг машины мөр байсан, уг машины мөрийг дагаад явахад замгүй газраар яваад байсан мөр байсан, мөрөөр нь  явсаар очиход бага зэрэг эрэг буюу хонхор газар зогсож мал ачсан байдалтай газар байсан юм. ...Бид машины мөр дагаад явахад урд зүг рүү эргээд Хяргас сум уруу явдаг зам дагаад явчихсан юм. Миний алга болсон үхэр шар алаг үхэр нас гүйцсэн, эм үхэр буруу чих араас нь цөгрөг имтэй, улаан эм үхэр нас гүйцсэн буруу чих араасаа цөгрөг, хоо зүстэй 4 настай эр үхэр буруу чих араасаа цөгрөг имтэй, цагаан сүүлтэй хүрэн эм үхэр 6 настай, им адилхан, ийм 4 тооны үхэр алга болсон юм” гэх мэдүүлэг / 5 дугаар хх-ийн  84-86 дугаар тал/,

- хохирогч Я.О-н 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн :” Малчин сумын харъяат Ц.Б гэх залуу мний 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хулгайд алдсан 4 тооны үхрийг төлж өгсөн...би түүнтэй 2021 оны 12 дугаар сарын 10-ны үеэр Малчин сумын төвд байхад нь очиж уулзаад “ чи миний 4 тооны үхэр авсан юм бол төлж өг, аваагүй бол аваагүй гэдгээ хэл” гэхэд би таны үхрийг авсан төлж өгнө, би одоогоор гадагшаа гарч болохгүй, гартаа цагтай байгаа, удахгүй таны үхрийг төлж өгнө гэж хэлээд бид хоёр салсан. Дараа нь үхэр авч ирж өгөхдөө гомдол тэмцэлгүй гэж хэлээд өгөөч гэхээр нь би тэгж хэлнэ гээд бид нар салсан. Би Ц.Боос чи ганцаараа хийнэ гэж байхгүй, чи хэнтэй хулгайлсан вэ гэж асуухад Б.Д, Г.И нартай хамт хулгай хийсэн гэж хэлсэн” гэх мэдүүлэг / 5 дугаар хх-ийн 93 дугаар тал/,

- гэрч П.О-ын “...2019 оны 10 дугаар сарын 12-ны орой миний нөхөр Я.О нь Нэргүй гэх айлын цайнд явсан юм. ...Тэр орой манай үхэр гэр дээр ирж хоноогүй, Тэгээд би гэрээсээ гараад харахад үхэр бэлчээртээ байсан. Орой нар ороод харанхуй болсон тул үхрээ хурааж авч амжаагүй. 2019 оны 10 дугаар сарын 13-ны өглөө 07 цагийн орчим үхрээ харахад манай үхрийн зарим нь ирээгүй байсан юм. Би үхэр бэлчдэг бэлчээрт очоод харахад дөрвөн тооны үхэр дутсан” гэх мэдүүлэг /5 дугаар хх-ийн  94-96 дугаар тал/,

- гэрч Н.Б-ны “...Би 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Малчин сумын Өмнө сайгийн адагт өөрийн аав Нэмэхжаргалынд байж байтал айл саахалт  байдаг Ч.О гэх ахын үхэр алга болсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн машинаараа тэднийд яваад очиход  “ манай үхрээс дөрвөн тооны үхэр алга болсон байна” гэж хэлсэн. Намайг хамт яваад хайлцаад өгөөч гэхээр нь хайж явтал үхэр ачсан байж болох машины мөр оллоо гэж хэлсэн. Очоод харахад машины замгүй газар машин явсан мөр байсан бөгөөд тэгээд нэг жалга зуух шиг газар машин зогсоод мал ачсан байж болох ул мөр гарсан газар байсан” гэх мэдүүлэг (5 дугаар хх-ийн 98 дугаар тал/,

- гэрч С.Ц-ын “...2020 оны 08 дугаар сарын эхээр манай хүү Б нь манай сумын иргэн Ц.Б-ын гурван тооны үхэр хулгайлж, Б.Д болон манай өргөмөл дүү Г.Иээ нарт гаргаж өгсөн юм. Тухайн үед манай эхнэр бид хоёр яагаад хулгай хийгээд байгаа талаар асууж нэлээн шалгаасан юм. Тэгээд дахиад надад Иээ ах, Б.Д хоёрт би өнгөрсөн жил манай сумын иргэн Я.О гэх хүний дөрвөн тооны үхрийг “хар хотгор” гэх нэртэй газраас ачуулж аймаг явуулсан гэж хэлсэн. Тухайн үед Иээ, Б.Д хоёр хамт ирсэн гэж хэлсэн. ...Би түүнийг уурлаж загнаад “ яагаад хулгай хийгээд байдаг юм бэ” гэж асуухад Д, И нар намайг дарамтлаад байхаар нь би тэд нарт үхэр гаргаж өгдөг байсан гэж хэлсэн. Чи яагаад эцэг эхдээ хэлдэггүй юм гэхэд  ямар нэг юм ярихгүй,дуугүй болчихдог байсан. Манай хүү Ц.Бт мөнгөний хэрэгцээ байхгүй гэж бодож байна. Хүний дарамт ятгалгад ороод ийм зүйл хийгээд байсан байх гэж үзэж байна” гэх мэдүүлэг /5 дугаар хх-ийн  101-102 дугаар тал/,

- гэрч З.Б-ийн “...2021 оны 12 дугаар сард байх, сар өдрийг тодорхой хэлж мэдэхгүй байна, Ц.Б нь манай гэрт ирээд би Я.Оын малыг хулгайлсан , хохирлыг нь төлж өгөх ёстой гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би хамт явахаар болоод өөрийнхөө автомашинтай, Ц.Б нь хүргэн ах Амарбатын хамтаар мориор малаа туугаад Малчин сумын 3 дугаар бригадын төвийн хажуугийн дэнж дээр очиж хохирогчид малыг өгсөн.Би Ц.Боос “чи ямар хүнтэй хамтарч хулгай хийсэн юм” гэхэд “Алагаа гэгчтэй хамт тууж ачуулсан” гэж хэлсэн. Би ямар автомашинд ачуулж явуулсан юм бэ? гэхэд тэр нуугаад хэлэхгүй байсан. Би мал хулгайлж авсан гэдгээ өөрөө хэлсэн, бусдад ачуулсан, одоо хохирлыг төлж өгөхгүй бол болохгүй гэж хэлж байсан. Өөрөө дарамтад байгаа юм байна лээ, аав нь зам тээврийн ослын хэргээр шоронд явсан, ээж нь осолд ороод нас барчихсан, дээрээс нь хулгай хамтарч хийсэн хүмүүс нь янз бүрээр айлгаад байгаа юм шиг сэтгэлзүйн хувьд их дарамттай байх шиг байсан” гэх мэдүүлэг мэдүүлэг / 5 дугаар хх-ийн  112 дугаар тал/,  

- гэрч Ц.Ц-гийн  “ ...Я.О нь  мал хулгайлсан хүнээс хохирлоо төлүүлж авч байгаа, та машин бариад хамт яваад өгөөч, би малаа туух гэсэн юм гэж хэлэхээр нь зөвшөөрөөд өглөө сумын төвөөс хамт явсан. Малчин сумын 3 дугаар баригадын төвийн тэнд байх “Улаан толгой” гэх газарт З.Батсүх, Ц.Б нар 4 тооны үхэр, 5 тооны хонь авч ирсэн байсан. Я.О нь Ц.Б миний 4 тооны үхэр хулгайлсан, энэ хүүхэд хэргээ хүлээж, хохирлоо төлж өгч байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /5 дугаар хх-ийн  114 дүгээр тал /,

- мөрдөгчийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн яллагдагч Ц.Бийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны “...Ц.Б энэ газар автомашины тэвш дээрх элсийг буулгаж асгачхаад дараагийн газар буюу үхэр ачсан газар луу явсан чиглэлийг заав. Элс асгасан гэх газар нь тал газар байх бөгөөд элс асгасан хэсэг нь хонхор эрэг үүссэн газрын хөрсөн дээр улбар шар өнгийн өвсөрхөг ургамалтай, элсэрхэг хөрстэй байна. Элс ачиж буулгасан гэх газар ямар нэг овоолсон элсгүй, хоёр өөр төрлийн өнгө, онцлог шинж чанартай элс байхгүй, ерөнхийдөө ижил өнгийн чулуу хайргатай элс байлаа. Ц.Бийн хариулт Би сайн мэдэж байна энэ газар ирсэн жилийн өмнө энэ газар И, Б.Д нар цагаан өнгийн машинтай өөр газраас элс авчирсан бөгөөд элсээ энэ газар асгаад үхэр ачсан газар луу явсан. Тухайн үед элс буулгаж овоолсон байдалтай байсан түүнээс хойш шуураад алга болсон. Уг газраас баруун урд зүг рүү 2.5 км газар явж үхэр ачсан гэх газар байх ба уг газарт онцлог содон шинж тэмдэг гэх зүйлгүй. ...Уг газраас үхэр ачсан гэх бөгөөд үүнээс зүүн хойд буюу шороон замтай Хяргас, Улаангом чиглэл рүү явсан болохыг Ц.Б өөрөө гараараа зааж үзүүлэв...” гэх тэмдэглэл /5 дугаар хх-ийн 48-49 дүгээр тал/,

- яллагдагч  Ц.Бийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн:  “2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хар толгой гэх газраас Я.Оын 4 тооны үхрийг хулгайлсан. Тухайн өдрөөс 3 хоногийн өмнө тус аймгийн Малчин сумын нутаг Хар хотгор гэх газарт намайг хонио хариулж явахад Алагаа буюу Батсүхийн Д нь ганцаараа мотоциклтой ирж надтай уулзаад “3 хоногийн дараа үхэр бэлэн болго, тэгэхгүй бол чамайг ална шүү” гэж айлгаж дарамталсан. ...Хар хотгор гэх газраас Я.Оын дөрвөн тооны үхрийг хулгайлсан. Уг үхрийг 2019 оны 10 дугаар сарын 13-ны орой тус аймгийн Малчин сумын 1 дүгээр багийн нутагт Иээ, Алагаа нар нь ачааны жижиг цагаан өнгийн автомашинтай ирсэн бөгөөд ирэхдээ ачааны автомашины тэвшний хэсэгт элс ачсан байдалтай ирсэн. Намайг үхэр туугаад ирэхэд тэд нар элс буулгаж байсан. Хонхор газар автомашинаа оруулж зогсоож байгаад ачсан. Уг буулгасан элсээ үлдээгээд явсан. Тэр үед Иээ, Д нар хоёулаа байсан, өөр ямар нэгэн хүн байгаагүй. ...Түүний дараагаар Иээ үхэр гаргаж өгсөн гээд надад бэлнээр 300’000 төгрөг Малчин сумын төвд явж байгаад таарахдаа өгсөн...” гэх мэдүүлэг  /5 дугаар хх-ийн 145-146 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон.

3.2.  Шүүгдэгч Ц.Б, Г.И, Б.Д, Ц.Н  нар бүлэглэн 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Малчин сумын 4 дүгээр багийн нутаг “Ястын хэв ” гэх газраас хохирогч Ц.Болдын 2 тооны, хохирогч П.Ганболдын 1 тооны, нийт 3 тооны үхэр,  “Хөшөөт “ гэх газраас хохирогч Б.Гочоосүрэнгийн 2  тооны үхрийг  машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг  үйлдсэн нь :

- хохирогч Ц.Болдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр би өөрийн эхнэр Батцэцэгийн хамтаар хонины гэрээ эргэхээр явсан. Бид сумын төвөөс гэр лүү явах замдаа С.Цэдэнбалжир ахын гэрт очоод хонины гэр лүү явах гэж байгаа талаараа хэлсэн юм. Тэгээд  орой нь гэртээ ирсэн юм. Өглөө босоод үхрээ саахад манай 7 настай улаан эм үхэр, 5 настай буурал алаг эм үхэр, П.Ганболд ахын 3 настай эм улаан галзан үхэр байхгүй байсан. ...Бид нар хайгаад олохгүй байсан бөгөөд 2020 оны 08 дугаар сарын 02-ны өглөө Ц.Б Цахир өтгийн орой гэх газар утсаар ярьж байгаад гэнэт доошоо суучихсан. Тэгээд морьтой яваад байсан ба би мотоциклоор очиж дуут дохио өгч дуудсан. Ц.Бтой уулзаад “чи манай үхрийг ачуулчихсан юм шиг байна, хэлчих ахын дүү” гэхэд “миний урьдын хэрэг яана” гэж хэлсэн. “Тэр хамаагүй, чи ахынхаа хоёр тооны үхэр авснаа, хаашаа, хэнд өгснөө хэлчих” гэхэд Ц.Б “би аваагүй, мэдэхгүй байна” гэж хэлсэн. “Миний урьдын хэрэг яана” гэхээр нь би олон хэрэг үйлдсэн юм байна гэдгийг мэдсэн. Түүнээс хойш манай доогуур Ц.Б хонио туугаад явж байсан бөгөөд эхнэрийн хамтаар очоод “чи үхэр авснаа хэл, би чамайг мэдэж байна” гэхэд сандраад тамхиа ороож чадахгүй, салгалаад манай эхнэр лүү харж чадахгүй байсан. Тэгээд мөн аваагүй гэж хэлсэн. Уг нь манай гэрээр орж гардаг  байсан, үхэр хулгайлагдсанаас хойш манайхаар ирээгүй . Тэгээд нэг өдөр эхнэр бид хоёр сумын төв рүү ороод буцаад С.Цэдэнбалжир ахын гэрт очиход хүмүүс байсан  тул Ц.Бийг дуудаж гаргаж ирээд эхнэр Батцэцэг:  “чи үнэнээ хэлчих, тэгвэл чамайг цагдаад өгөхгүй, тэгэхгүй бол чиний урьдын бүх хулгайг чинь сөхөж, цагдаад мэдэгдэнэ” гэхэд “би танд маргааш хэлнэ” гэж хэлсэн.

 2020 оны 08 дугаар сард 10-ны үед цаг хугацааг тодорхой хэлж мэдэхгүй байна, манай гэрт ирээд би хээр зүсмийн мориор хөөж очоод Батсүхийн Алагаа буюу Дд ачуулаад Хяргас сумын жолоочтой цагаан өнгийн портер загварын автомашинаар ачуулсан, жолоочийн дугаарыг би хараад өгнө гээд өөрийн гар утсаа оролдож байгаад явчихсан. Түүнээс хойш 2 хоногийн дараа очиж уулзахад Ц.Б, Алагаа буюу Д гэгчид хүлээлгэж өгсөн, би 3 тооны үхрийг тууж гаргаж өгөөд Д ахад ачуулсан гэж хэлсэн. Би хаанаас ачуулсан талаар асуухад Тулгат гэх газар гэж хэлсэн. Би мөр мөшгөхөд Ястын хэв гэх газарт машины дугуйн мөр байсан бөгөөд ямар нэг эргэсэн зүйлгүй мөр байсан. Би Ц.Бт чи манай гэрийн ойролцоо Ястын хэв гэх газраас ачуулсан байна гэхэд тэгсэн,  хэвээс ачуулсан гэж хэлсэн. Түүний дараа манай гэрт Цэдэнбалжир, Б нар ирчихсэн байсан бөгөөд гаднаас Алагаа гэгч нь орж ирээд “миний нэрийг барьж хулгай хийдэг хэн боловоо та нар, миний нэрийг цэвэрлэж өг” гэж хэлээд Ц.Б, С.Цэдэнбалжир нарыг нэг нэг удаа цохисон. Тэгээд би салгаад манайд зодолдож болохгүй, та нарыг би дуудаагүй, хулгайч нарыг дуудаагүй, явцгаа гэхэд Ц.Бт би “хүний нэр барьж худал хэлж болохгүй, хүний нэр төр үнэтэй шүү” гэхэд Д Ц.Бийг дагуулж гараад буцаж орж ирээд Ц.Б нь Д бишээ, Иээ ах ирээд ачиж аваад явсан гэж хэлсэн. Тэгээд тэд нар бүгдээрээ явчихсан. Бүрэнтогтох эгч манай хүүхдийг айлгаж хулгай хийлгэсэн байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 143-146 дугаар тал/,

- хохирогч П.Г-ын “...2020 оны 08 дугаар сард үхэр алга болсон талаар Ц.Болд надад хэлсэн бөгөөд миний 3 настай эм, улаан галзан үхэр хулгайлагдсан байсан. Ц.Болдын хоёр тооны үхэр мөн хулгайлагдсан байсан. Сүүлд би Ц.Болдтой сумын төвд уулзахад Ц.Болд болон түүний эхнэр нар манай 3 тооны үхрийг Бүрэнхүүгийн хүү Б туугаад Алагаа гэгчид өгөөд портер загварын автомашинаар Хяргас сум руу ачуулсан байна. Автомашины жолоочийн талаар сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. Би Цэдэнбалжир, Бүрэнхүү нартай уулзахад Цэдэнбалжир, Бүрэнхүү нар нь “манай хүү Ц.Б Болдын гурван тооны үхэр аваад Алагаа буюу Д гэгчид ачуулсан байна” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 151-154 дүгээр тал/,

-хохирогч Б.Г-гийн “...2021 оны 10 дугаар сарын сүүлээр 11 дүгээр сарын эхээр байх, Цэдэнбалжирын Бийн хүргэн ах З.Батсүх, мөн Батбаян гэх хүмүүс ирж надтай уулзсан. Чиний 2 тооны үхрийг Цэдээн Б авсан байна, бид хохирлыг барагдуулах талаар ярилцахаар ирлээ гэхэд би уг нь өөрөө ирээд уулзвал болмоор юм гэхэд тэд нар ялтай, сумын төвөөс гарч чадахгүй, гартаа гавтай байгаа гэж хэлсэн. Би тэд нарт хандаж өөрөө хэргээ хүлээн зөвшөөрч хохирлоо төлж өгнө гэж байвал би үхрээ хайхад зарцуулсан зардал, 2 тооны үхрийн хохиролд нийлээд 3.000.000 төгрөг нэхэмжилж байна гэж хэлсэн юм. Тэр хүмүүс хохирлыг чинь төлнө, ээж нь нас барчихсан, өөрөө хэргээ хүлээсэн, энэ хэргээс аятайхан салмаар байна гэсэн. Бид хохирлыг чинь барагдуулж өгнө гэж хэлсэн. Тэгээд тэд нар явчихсан юм. Түүний маргааш нь хохирол төлсөн эсэхийг шалгахад төлөөгүй, 2-3 хоногийн дараа манай эхнэр Отгонсүрэнгийн дансаар 3 сая төгрөг орж ирсэн байсан. Одоо надад нэхэмжлэх зүйл гомдол, санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /4 дэх хх-ийн 160-161 дүгээр тал/,

- гэрч Д.Б-ийн “...Ц.Б хонинд явж байхад би очоод манай үхэр хулгайлсан талаар асуухад тухайн үед тиймээ, би танай 3 тооны үхэр хулгайлж гаргаж өгсөн гэж хэлсэн. Тухайн үед манай сумын Алагаа буюу Д цагаан өнгийн портер загварын автомашинтай үл таних залуугийн хамтаар ирээд “Ястын хэв” гэх газраас ачуулсан гэж хэлсэн. Би нөхрийн хамт Цэдэнбалжир ахын гэрт очоод Ц.Бийн аав, ээж нь байхад танай хүү манай гурван тооны үхрийг хулгайлж Б.Дд ачуулсан байна гэж манай нөхөр Ц.Болд хэлэхэд Ц.Бийн ээж, аав хоёр бид 5 сууж байгаад Ц.Боос аав нь асуухад Ц.Б толгой дохин, тиймээ би хулгайлсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 161-163 дугаар тал/,

 - гэрч Ц.Б-ийн “...2020 оны 09 дүгээр сарын 03-нд манай аав Цэдэнбалжирын гэрт Алагаа буюу манай сумын иргэн Б.Д, Т.Зоригоо гэх залуугийн хамтаар ирсэн юм. Тухайн үед тэр хоёр орж ирээд хоол цай болоод сууж байгаад тавагтай махан дээр байсан хутгийг Б.Д аваад манай ах Ц.Б луу хандаад “чи гөлөг минь, би чамайг нохойноос дор амьдруулж болно, чи энэ надтай хамт ирсэн залуугийн хээр зүсмийн морийг хулгайлсан биз дээ” гэж айлган сүрдүүлж байгаад хулгайлсан талаар хэлүүлсэн. Тухайн үед манай гэр бүлийнх нь юу ч хийж чадаагүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 169-170 дугаар тал/,

- гэрч П.Б-гийн “...Бид нар Бийг дуудаж асуухад тэр Ц.Болдын гурван тооны үхэр хулгайлж тууж гаргаж өгсөн болохоо хэлж хэргээ хүлээсэн. Ц.Б нь бидэнд “ гурван тооны үхрийг туугаад Алагаа буюу Д гэгчид хүргэж өгсөн. Алагаа цагаан өнгийн портер загварын автомашинтай ирээд Хяргас сум руу ачаад явсан,  ноднин жил буюу 2019 оноос хойш мал гаргуулж байгаа, ална гэж айлган сүрдүүлсэн талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 175-178 дугаар тал/,

- гэрч С.Ц-ын “...Ц.Б-ийг дуудаж “чи эдний үхэр хулгайлсан юм уу” гэж асуухад “би хулгайлсан” гэж хэлсэн. Тэр үед манай гэрт эхнэр, би хүү Ц.Б, Болд эхнэрийн хамтаар байсан. Гурван тооны үхэр тууж Алагаа буюу Малчин сумын Батсүхийн Д гэх залууд гаргаж өгсөн. Тэд нар цагаан өнгийн портер загварын автомашинаар ирээд ачаад аваад явсан. Автомашины улсын дугаар хараагүй, жолоочийг нь танихгүй гэж хэлсэн. Д буюу Алагаа гэгч нь гурван тооны үхэр гаргаж өг, тэгэхгүй бол ална гэж айлган сүрдүүлсэн учраас гаргаж өгсөн гэж хэлсэн. ...Г.Иээ ах, Алагаа буюу Д бас нэг махлагдуу шар царайтай ах хамт ирсэн” гэх мэдүүлэг (2 дугаархх-ийн 189-192 дугаар тал/,

- гэрч Ч.Ө-ийн “...Малчин сумын харьяат Алагаа буюу Д гэх залуу манай дэлгүүрээс 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр худалдаа хийсэн. Хиам, ундаа гэх мэт зүйл авсан санагдаж байна. Алагаа нь 2019 онд дэлгүүр нээсний дараа өвөл билүү, хавар билүү ирсэн. Түүнээс хойш ирээгүй. 2020 онд 1 удаа ирсэн бөгөөд 2020 оны 08 дугаар сард ирсэн. Ирэхдээ хажуудаа 3 хүнтэй хамт явсан санагдаж байна, их олуулаа явсан. Их этгээд яриатай, зэрлэгдүү яриатай нөхдүүд байсан. ...Лангуутай байхад хажуугаар орж ирээд суучих гээд байсан, хутгаа өгчих гээд хиамаа зүсэхдээ “иймэрхүү шаачих уу?” гэх мэтээр ярьж байсан. Б.Алагаатай хамт гурван хүн явсан бөгөөд миний танихаар Алагаа, тэгээд манай сумын Цэрэнжавын Н билүү, Батнасан билүү тэр залуу, өөр танихгүй, малчны бололтой 2 залуу хамт явсан. Тэр хоёр залууг би харвал сайн танихгүй, Батнасан, Алгаа нарыг танина” гэх мэдүүлэг (3 дугаар хх-ийн 23-24 дүгээр тал/,

- 2020 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн мөрдөгчийн яллагдагч Ц.Бийн мэдүүлгийг газар дээр шалгах ажиллагааны “...Ц.Б уг газар цагаан өнгийн автомашин уулын энгэрээс бууж ирсэн, налуу газар зогсож байгаад машины тэвшний хойд хэсгийг буулгаад үхрийн урд хоёр хөлийг нь өргөж тэвш дээр гаргаад араас нь түлхэхээр гарчихдаг, тэгж 3 тооны үхрийг ачсан гэв. Үхрийг ачаад уулын бэл рүү замаар явсан бөгөөд явсан гэх замыг заалаа. Уг үхэр ачсан гэх газар луу морьтой доороос нь өгсөж гарч ирсэн талаараа хэлсэн бөгөөд уг газраас хойд зүгт гэр байсан гэх газраа заалаа. Уулын энгэр лүү 300 орчим метр зайтай явсан бөгөөд хөндлөн, тод зам байх ба уг замаар автомашин зүүн урд зүг рүү явсан гэж зам байгаа газрыг заалаа” гэх тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 42-43 дугаар тал/,

- 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн мөрдөгчийн яллагдагч  Ц.Бийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны “...Уг хөшөөт гэх газрын дээд хэсгээс Гочоосүрэнгийн хоёр тооны үхрийг би оруулж ирсэн бөгөөд уулын доод хэсгээс дээш И автомашинтай Д, Хяргасын Н нартай хамт ирсэн. Тэд нар Бгийн 3 тооны үхрийг ачсан байдалтай ирсэн ба би Гочоосүрэнгийн 2 тооны үхрийг ачиж өгөөд явуулсан. Надад 300.000 төгрөг өгсөн гэв. Ачихдаа машинаа уг газрын жалганы хэсэгт ухрааж баруун талын бэл хэсэг рүү шахаж зогсоож байгаад ачсан гэж Ц.Б заалаа. Мөн үхэр ачсаны дараа тэд нар ирсэн замаараа буцаад явсан, би ирсэн замаараа хойшоо гэр байсан Цахирын ус гэх газар луу явсан. Тэд нар зам руу ороод Хяргас сумын чиглэлд явсан” гэх тэмдэглэл (4 дүгээр хх-ийн 107-108 дугаар тал/,

- хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 31-38 дугаар хуудас);

- яллагдагч  Ц.Бийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанар шинжлэн судлагдсан, тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

4. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлж, тухайн нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ц.Б, Г.И, Б.Д, Ц.Н нарыг бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн  үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэв.

5. Шүүгдэгч Ц.Н, шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нарын давж заалдах журмаар гаргасан “...хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй тул хэргийг  хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү “” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

5.1 Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо тухайн хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Б, Г.И, Б.Д, Ц.Н нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжилж, тэдгээрийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж, хэргийн бодит байдлыг үндэслэлтэй, зөв тогтоожээ.

5.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой,  хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ц.Б, Г.И, Б.Д, Ц.Н нарыг бүлэглэн, бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд заасан хууль ёсны болон гэм буруугийн зарчимд нийцсэн байна.

5.3. Яллагдагч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр өмгөөлөгч Ө.Нарантуяаг байцуулан яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ  хохирогч Ц.Болд, П.Ганболд, Б.Гочоосүрэн нарын 5 тооны үхрийг хэрхэн хулгайлсан талаараа  “...2020 оны 07 дугаар сарын сүүлээр наадмын дараа би малаа хариулаад явж байхад Б.Д нь мотоциклтой ирээд “Малчин сумаас явж байна, Г.И чамайг үхэр бэлд гэж байна” гэж хэлсэн. Хэзээ гэхэд 2-3 хоногийн дотор бэлд гэж хэлсэн. Тэгээд Б.Д буюу Алагаа нь явчихсан. Алагаа надад хэлэхдээ аль болох сувай үхэр аваарай гэж хэлсэн. 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр үдээс хойш Малчин сумын 4 дүгээр багийн нутаг “Ястын хэв” гэх нэртэй газраас Ц.Болдын буурал алаг зүсмийн эм үхэр, улаан эм үхэр, галзан 3 настай үхэр зэргийг Г.И, Б.Д, Ц.Н нарт ачуулсан. Тухайн үед Г.И нь давхар дугуйтай байсан байх автомашинтай ирээд тухайн Ястын хэв гэх нэртэй газар руу ухарч орж ирээд үхрийг аччихаад шууд гараад явчихсан. Ямар нэг байдлаар автомашинтай эргэж ул мөр үүсгээгүй. Тэр үед Г.И, Б.Д буюу Алагаа, Хяргас сумын харьяат Ц.Н нар явсан. ...Тухайн газраас дээшээ уул руу Хөшөөт гэх газар руу яваад тэндээс миний хулгайлж бэлтгэсэн Б.Гочоосүрэнгийн хоёр тооны үхрийг нэмж ачаад тэд нар Хяргас сумын чиглэлд явсан. Надад Г.И ах эхний ээлжинд гээд 300’000 төгрөг бэлнээр өгсөн. Түүнийг Б.Д, Ц.Н нар мэдэж байгаа. Автомашинаа эрэг газар руу ухарч оруулаад үхрийг тал талаас нь туугаад автомашины тэвш дээр гаргаж ачсан ...Б.Д буюу Алагаа нь намайг үхэр бэлд гэж хэлдэг, надаар хулгай хийлгэдэг, өөрсдөө ирж авч явдаг, бэлдэхгүй болохоор чамайг хөдөө хонины захад ална, зодно, аав, ээжид чинь хэлэхгүйгээр алчихна гэх мэтээр ярьж айлган сүрдүүлдэг учраас би хулгай хийж тэд нарт малыг нь тууж хүргэж өгдөг юм” гэж,

мөн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: хохирогч Я.Оын 4 тооны үхэр хулгайлсан талаараа   “...2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хар толгой гэх газраас Я.Оын 4 тооны үхрийг хулгайлсан. Тухайн өдрөөс 3 хоногийн өмнө тус аймгийн Малчин сумын нутаг Хар хотгор гэх газарт намайг хонио хариулж явахад Алагаа буюу Батсүхийн Д нь ганцаараа мотоциклтой ирж надтай уулзаад “3 хоногийн дараа үхэр бэлэн болго, тэгэхгүй бол чамайг ална шүү” гэж айлгаж дарамталсан. ...Хар хотгор гэх газраас Я.Оын дөрвөн тооны үхрийг хулгайлсан. Уг үхрийг 2019 оны 10 дугаар сарын 13-ны орой тус аймгийн Малчин сумын 1 дүгээр багийн нутагт Иээ, Алагаа нар нь ачааны жижиг цагаан өнгийн автомашинтай ирсэн бөгөөд ирэхдээ ачааны автомашины тэвшний хэсэгт элс ачсан байдалтай ирсэн. Намайг үхэр туугаад ирэхэд тэд нар элс буулгаж байсан. Хонхор газар автомашинаа оруулж зогсоож байгаад ачсан. Уг буулгасан элсээ үлдээгээд явсан. Тэр үед Иээ, Д нар хоёулаа байсан, өөр ямар нэгэн хүн байгаагүй.

...Түүний дараагаар Иээ үхэр гаргаж өгсөн гээд надад бэлнээр 300’000 төгрөг Малчин сумын төвд явж байгаад таараад өгсөн...” гэж тус тус мэдүүлсэн байх бөгөөд яллагдагчийн дээрхи мэдүүлэг нь хохирогч Я.О, Ц.Болд, П.Ганболд, Б.Гочоосүрэн, гэрч Ц.Батцэцэг, П.Бүрэнхүү, С.Цэдэнбалжир, Ч.Өршөөлт, П.Отгонбаяр, Н.Батсайхан, З.Батсүх, Ц.Цэцэнхүү нарын мэдүүлгүүд болон мөрдөгчийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны  тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдсон, яллагдагч Ц.Бийн мэдүүлэг нь  хэргийн үйл баримтыг тогтоосон бусад нотлох баримтуудтай нийцсэн байх тул түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүдийг нотолгооны ач холбогдолтой гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Нөгөө талаар, анхан шатны шүүх шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцохдоо яллагдагч Ц.Бийн мэдүүлгээс гадна хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байна.

5.4 Шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нар давж заалдах журмаар гаргасан гомдол  болон давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа” мөрдөн байцаалтын шатанд Б.Дгийн банкны дансны хуулга, түүний эзэмшиж байсан гар утасны биллүүдийг шалгасан боловч тухайн баримтуудаар гэмт хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй. Эдгээр нотлох баримтууд нь онцгой ач холбогдол бүхий нотлох баримт байх ба энэ нь өмгөөлөгчийн саналын үндэслэл болсон. Гэтэл шүүх эдгээр баримт, дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ шийтгэх тогтоолд заагаагүй нь нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлэх хуулийн шаардлага хангаагүй “ гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч гэмт хэрэг гарсан байдал, хэрэгт ач холбогдол бүхий бусад байдлыг тогтоох, тодруулах зорилгоор хүний бие, эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтан, хэрэг гарсан газарт үзлэг хийх бөгөөд шүүгдэгч Б.Дгийн дансны хуулга, гар утасны биллүүдэд үзлэг хийж буй мөрдөгчийн ажиллагаа нь мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хийгдсэн ажиллагаа байх бөгөөд уг ажиллагаагаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй явдал нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэнийг шууд үгүйсгэх үндэслэл болохгүй.

Хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Д мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон байна.

5.5. Шүүгдэгч Ц.Н “ гэмт хэрэг үйлдэх үед би гэртээ малаа маллаж байсан, гэмт хэрэг үйлдээгүй гэж маргаж байгаа боловч гэмт хэрэг гарах цаг хугацаанд Ц.Н нь шүүгдэгч Б.Д нартай хамт явж байсан болох нь гэрч Ч.Өршөөлтийн “...Малчин сумын харьяат Алагаа буюу Д гэх залуу манай дэлгүүрээс 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр худалдаа хийсэн. Хиам, ундаа гэх мэт зүйл авсан санагдаж байна. Алагаа нь  хажуудаа 3 хүнтэй хамт явсан санагдаж байна, олуулаа явсан. Их этгээд, зэрлэгдүү яриатай нөхдүүд байсан. ...Лангуутай байхад хажуугаар орж ирээд суучих гээд байсан,  хутгаа өгчих гээд аваад хиамаа зүсэхдээ “иймэрхүү шаачих уу” гэх мэтээр ярьж байсан. Б.Алагаатай хамт гурван хүн явсан бөгөөд миний танихаар Алагаа, тэгээд манай сумын Цэрэнжавын Н билүү Батнасан билүү тэр залуу, өөр танихгүй, малчны бололтой 2 залуу явсан. Тэр хоёр залууг би харвал сайн танихгүй, Н, Алгаа нарыг танина” гэх мэдүүлгээр нотлогдсон байна.

5.6. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болсон байх бөгөөд шүүгдэгч Ц.Н, Б.Д нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, гэм буруугүй гэж үзэж цагаатгах нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй болно.

6. Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Ц.Н, шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нарын “хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгөх”-ийг хүссэн давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

7. Шүүгдэгч Ц.Б ял хөнгөрүүлэхийг хүссэн, шүүгдэгч Г.И, түүний өмгөөлөгч Т.Уянга нар “ хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тухай” давж заалдах гомдол тус тус гаргасан ба давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.Иийн өмгөөлөгч Я.Батханд  давж заалдах гомдлын агуулгыг өөрчилж, шүүгдэгч Г.И нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул оногдуулсан ялыг хөнгөрүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү гэсэн санал, мөн шүүгдэгч Г.И давж заалдах шатны шүүх хуралдаанд “ мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, ялыг хөнгөрүүлж өгнө үү гэх тайлбар тус тус гаргасан болно.

  8. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан  хорих ялын хэмжээ нь шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг зарчим, зорилгод нийцээгүй, эрүүгийн хариуцлагын хэмжээг тодорхойлохдоо ялын зүй зохистой харьцааг оновчтой сонгон хэрэглэж чадаагүй байна гэж дүгнэлээ.

8.1.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулж болохоор хуульчилсан бөгөөд шүүх гэм буруутай этгээдийн  тухайн гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм бурууд нь тохирсон ял шийтгэлийг  оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ. 

8.2. Хэрэгт, шүүгдэгч Ц.Б, Б.Д нар урьд нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан,  шүүгдэгч Г.И, Ц.Н нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал болон шүүгдэгч Ц.Б  мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо сайн дураараа, дангаараа төлж, хохирол, хор уршгийг арилгасан нөхцөл байдал буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон байна.

Харин шүүгдэгч нарт  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Хэрэгт тогтоогдсон дээрхи нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс тэдэнд оногдуулсан хорих ялын хэмжээг тус тус багасгаж, шүүгдэгч Ц.Б, Б.Д, Г.И нарын удаа дараагийн үйлдлээр бусдын 9 тооны үхэр хулгайлсан гэм буруутай үйлдэлд Б.Дд дөрвөн жил хорих ял, Г.Ит гурван жил зургаан сар хорих ял, Ц.Бт гурван жил хорих ял тус тус оногдуулах,

шүүгдэгч Ц.Н нь нэг удаагийн үйлдлээр бусдын 5 тооны үхэр хулгайлсан үйлдэлд хоёр жил зургаан сар хорих оногдуулах нь шүүгдэгч нарын  гэм бурууд тохирно гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 9. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж,

мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт: “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Ц.Б, Г.И, Б.Д нар нь бүлэглэн хохирогч Я.Оын 4 тооны үхрийг 2019 оны 10 дугаар сарын 13-ны шөнө,

- шүүгдэгч Ц.Б, Г.И, Б.Д, Ц.Н  нар бүлэглэн  хохирогч Ц.Болд, П.Ганболд, Б.Гочоосүрэнгийн нарын 5 тооны үхрийг 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдөр тус тус хулгайлсан нь нотлогдсон тул тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай  хуулийн үйлчлэлд хамаарч байна.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Дд дөрвөн жил хорих, Ц.Бт гурван жил хорих ял, Г.Ит гурван жил зургаан сар хорих ял, Ц.Над хоёр жил зургаан сар хорих ял тус тус оногдуулсан тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч тус бүрт оногдуулсан  хорих ялыг мөн хугацаагаар  зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн солих хууль зүйн үндэслэлтэй байна.

10. Шүүгдэгч Ц.Б нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр жил зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас нэг жил таван сар зургаан хоногийн ял эдлээгүй ,

шүүгдэгч Б.Д нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 8 дугаартай шүүгчийн  захирамжаар зорчих эрхийг хязгаарлах ялыг сольж оногдуулсан хоёр жил хоёр сар хорих ялаас эдлээгүй үлдсэн хоёр жил хорин хоног хорих ялыг эдлээгүй үлдсэн нь тус тус хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.8 дугаар зүйлийн 2,  мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, мөн хуулийн 6.9дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Бт энэ тогтоолоор оногдуулсан гурван жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр жил зургаан сар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн нэг жил таван сар зургаан хоногийн ялыг нэмж нэгтгэн, нийт дөрвөн жил таван сар зургаан хоног зорчих эрхийг хязгаарлах ялаар, 

шүүгдэгч Б.Дд энэ тогтоолоор оногдуулсан дөрвөн жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаар “ялтан Б.Дд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих тухай” шүүгчийн захирамжаар оногдуулсан хоёр жил хоёр сар хорих ялаас эдлээгүй үлдсэн хоёр жил хорь хоног хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр  тогтоов.

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан  шүүгдэгч Ц.Бийг шүүхээс оногдуулсан дөрвөн жил таван сар зургаан хоног зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Увс аймгийн Малчин сумын нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Г.Иийг шүүхээс оногдуулсан гурван жил зургаан сар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Ц.Ныг шүүхээс оногдуулсан хоёр жил зургаан сар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий  байгууллагын хяналтад өөрийн оршин суух Увс аймгийн Хяргас сумын нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Б.Дг шүүхээс оногдуулсан дөрвөн жил зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Увс аймгийн Малчин сумын нутаг дэвсгэрээс тус тус гарахыг хориглох хягаарлалт тогтоож шийдвэрлэв.  

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т “ шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т “ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулан тооцно” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Ц.Б, Г.И, Б.Д, Ц.Н нар нь  анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл тус тус 106 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Г.И, Ц.Б нар нь анхан шатны шүүх хуралдаанаас өмнө  энэ хэрэгт 11 хоног тус тус цагдан хоригдсон байх тул шүүгдэгч нарын цагдан хоригдсон дээрхи хугацааг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Ц.Бийн биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг дөрвөн жил нэг сар есөн хоног, шүүгдэгч Г.Иийн биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг гурван жил хоёр сар гурван хоног, шүүгдэгч Б.Дгийн биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг гурван жил найман сар арван дөрвөн хоног, шүүгдэгч Ц.Нын биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг хоёр жил хоёр сар арван дөрвөн хоногоор тус тус тогтоох үндэслэлтэй байна.

13. Давж заалдах шатны шүүхээс дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь :

1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/144 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын : шүүгдэгч  Ц.Б-ийг таван жил нэг сар хорих ялаар гэснийг гурван жил хорих ял гэж, шүүгдэгч Б.Д-г долоон жил хорих ялаар гэснийг дөрвөн жил хорих ял гэж, шүүгдэгч Г.И-ийг зургаан жил зургаан сар хорих ял гэснийг гурван жил зургаан сар хорих ял гэж, шүүгдэгч Ц.Н-ыг зургаан жил хорих ял гэснийг хоёр жил зургаан сар хорих ял шийтгэсүгэй гэж тус тус өөрчилж,

- шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ц.Б-т оногдуулсан гурван жил хорих ял, Б.Д-д оногдуулсан дөрвөн жил хорих ял, Г.И-т оногдуулсан гурван жил зургаан сар хорих ял, Ц.Н-д оногдуулсан хоёр жил зургаан сар хорих ялыг тус тус мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольсугай гэсэн нэмэлт,

- шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б-т энэ тогтоолоор оногдуулсан гурван жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр жил зургаан сар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн нэг жил таван сар зургаан хоногийн ялыг нэмж нэгтгэн, нийт дөрвөн жил таван сар зургаан хоног зорчих эрхийг хязгаарлах ялаар,  

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Б.Дд энэ тогтоолоор оногдуулсан дөрвөн жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаар “ялтан Б.Д-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих тухай” шүүгчийн захирамжаар оногдуулсан хоёр жил хоёр сар хорих ялаас эдлээгүй үлдсэн хоёр жил хорь хоног хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр тус тус тогтоосугай гэж өөрчлөн,

- шийтгэх тогтоолын 4 дүгээр заалтыг хүчингүй болгож,

- шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Б-ийг шүүхээс оногдуулсан дөрвөн жил таван сар зургаан хоног зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Увс аймгийн Малчин сумын нутаг дэвсгэрээс,

шүүгдэгч Г.И-ийг шүүхээс оногдуулсан гурван жил зургаан сар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад  өөрийн оршин суух Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс,

шүүгдэгч Ц.Н-ыг шүүхээс оногдуулсан хоёр жил зургаан сар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Увс аймгийн Хяргас сумын нутаг дэвсгэрээс,

 шүүгдэгч Б.Дг шүүхээс оногдуулсан дөрвөн жил зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Увс аймгийн Малчин сумын нутаг дэвсгэрээс тус тус гарахыг хориглох хягаарлалт тогтоосугай гэсэн нэмэлт,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ц.Б, Г.И, Б.Д, Ц.Н нар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй гэсэн нэмэлт тус тус оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүгдэгч Ц.Н нарын давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 39.10 дугаар зүйлийн 3-т тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б, Г.И, Б.Д, Ц.Н нарын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл тус тус цагдан хоригдсон 106 хоног,

шүүгдэгч Г.И, Ц.Б нарын анхан шатны шүүх хуралдаанаас өмнө тус тус энэ хэрэгт цагдан хоригдсон 11 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Ц.Бийн биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг дөрвөн жил нэг сар есөн хоног, шүүгдэгч Г.Иийн биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг гурван жил хоёр сар гурван хоног, шүүгдэгч Б.Дгийн биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг гурван жил найман сар арван дөрвөн хоног, шүүгдэгч Ц.Нын биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг хоёр жил хоёр сар арван дөрвөн хоногоор тус тус тогтоосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б, Г.И, Ц.Н нарыг тус тус шүүх хуралдааны танхимаас сулласугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                           Л.АЛТАН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН