Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 01774

 

 

 

 

 

 

 

 

 

Б.С-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2020/01240 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.С-гийн хариуцагч Б ХХК-д холбогдуулан 17 923 950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч: Л.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өмгөөлөгч гаргасан тайлбартаа: Велл март худалдааны төвийн 2 дугаар давхрын үйлчилгээний зааланд 2011 оны 5 дугаар сараас эхлэн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл үйлчилгээний зааланд 2-20 дугаартай 9 м.кв талбайд бэлэн хувцас худалдаалах зориулалтаар түрээслэн ажиллаж байсан. 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хийсэн ажлын байрны түрээсийн гэрээнд талбайн сарын түрээсийн төлбөрийн хэмжээг 1 м.кв-ийг 17 000 төгрөг байхаар тооцон, нийт 153 000 төгрөг, менежментийн зардал 20 000 төгрөг, нийт 173 000 төгрөг төлөхөөр тогтсон. Үйл ажиллагаа явуулж байх хугацаанд үе үе тогны хүчдэл асуудал гарч фускатель бууж гэрэл унтардаг мөн хамер үнэртдэг байсан ба үүнийг түрээслэгч бид нар менежерт нь хэлдэг байсан. Гэтэл 2017 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Цагдаагийн гудамж, Ботаник хаягт байрлах Велл март худалдааны төвд гал гарч их хэмжээний эд зүйлс шатаж нэр бүхий 39 хохирогчид их хэмжээний хохирол учраад байна. 2-20 дугаартай 9 м.кв талбайд манай гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгө, эд хогшил зэрэг дараах үнэлгээ бүхий хувийн өмч устан шатаж, манай гэр бүлд их хэмжээний хохирол учраад байна. Тус гал түймрийн шалтгааны улмаас нэр бүхий 39 хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Б-ийн 1459, 1169, Гамшиг судлалын хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 9/34, 9/35, 9/67, 9/65, 9/63, 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 9/99, 9/100, 9/101, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 9/125, Геологийн төв лабораторийн 2413, 2410, 2412, 2401, 2402, 2403, 2404, 2405, 2406, 2407, 2408, Гамшиг судлалын хүрээлэнгийн гамшгийн туршилт, шинжилгээний төвийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 9/144, 9/145, 149, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 225/362 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн нотлох баримтуудаар Велл март худалдааны төв нь галын аюулгүй байдлыг хангуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу цахилгаан байгууламжийн дүрэм БД 43-101-03 дүрмийн 2.1.8-д заасныг зөрчсөний улмаас 2017 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө гэрлийн цахилгааны утсанд богино холболт үүсэж улмаар гал гарч нэр бүхий нийт 39 хохирогчийн эд зүйл галд шатаж 800 гаруй сая төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон байна. Надад учирсан хохирлыг Хөрөнгийн үнэлгээгээр 17 923 950 төгрөгийн хохирлыг тогтоосон. Иймд миний хувийн өмчид учирсан 17 923 950 төгрөгийн хохирлыг Б ХХК гаргуулж өгнө үү. Талуудын хооронд хамгийн сүүлд 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаартай түрээсийн гэрээ байгуулагдсан байдаг. Уг түрээсийн гэрээ нь 1 жилийн хугацаатай ч гэсэн Иргэний хуулийн 296 дугаар зүйлд зааснаар талууд түрээсийн гэрээг цуцлах, хугацаа сунгах талаар санал гаргаагүй бол энэ нөхцлөөр сунгагдаж болно гэсний дагуу түрээсийн гэрээний харилцаа нь гал гарах хүртэл үргэлжилсэн. Энэ үйл явдлыг Эрүүгийн тухай хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор Велл март худалдааны төвтэй холбоотой асуудал нь эрүүгийн хуулиар зохицуулагдахгүй болсон тул эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол гарсан байгаа. Энэхүү шаардлагыг бид гэрээнээс үүдэлтэй хохирол гэж тодорхойлж байгаа. Яагаад гэвэл талуудын хооронд 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээний 7.1-д зааснаар аль нэг тал гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй улмаас нөгөө талд хохирол учирсан бол бүрэн хариуцаж, барагдуулна гэсэн байдаг. Мөн гэрээний 4.2.4-т заасан түрээслүүлэгчийн үүрэгт түрээслэгчийн нийтийн эзэмшлийн хэсэг, ариун цэврийн өрөө болон шат, орц хэсгийн цэвэрлэгээ үйлчилгээ, хэвийн ажиллагааг хангах нөхцлийг бүрдүүлнэ гэсэн байгаа. Мөн түрээсийн гэрээтэй холбоотой шаардлагаас гадна Иргэний хуулийн 318 дугаар зүйлд түрээсийн эрх зүйн харилцаанд эд хөрөнгө хөлслөх гэрээний эрх зүйн зохицуулалт хамаарна гэж заасан байгаа. Тэгэхээр Иргэний хуулийн 288 дугаар зүйлд хөлслүүлэгчийн хүлээх үүрэгт хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг түрээслүүлнэ гэж байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч талаас хууль болон гэрээнд заасан үүргээ хариуцагч нь биелүүлээгүй гэж үзэж байгаа. Бид гэрээнээс үүдэлтэй хохирол шаардахын тулд аль нэг талын үүрэг зөрчсөн үйлдэл байх ёстой бөгөөд хариуцагчийн үйлдлийг буруутай үйл ажиллагаа гэж үзэж байгаа. Энэ нь хэрхэн тогтоогдож байгаа вэ гэхээр Гамшиг судлалын хүрээлэнгийн Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 225/362 дугаар шинжээчийн дүгнэлт зэргээр гал гарсан шалтгаан нөхцлийг тодорхой тайлбарласан байдаг. Ингэхдээ Велл март худалдааны төв нь галын аюулгүй байдлыг хангуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу Цахилгаан байгууламжийн дүрмийн 2.1.8, 3.5.06, Галын аюулгүй байдлын хууль тогтоомжийг тус тус зөрчиж, хангах ёстой байсан заалтуудыг хангаагүй байсан учраас гал гарсан гэсэн байгаа. Тэгэхээр цахилгаан утсанд богино холболт үүсэж, улмаар гал гарч түрээслэгч нарт хохирол гарсан учраас энэ гэрээний үүргийн зөрчилд хариуцагч тал буруутай байна гэж үзэж байгаа. Хариуцагч нь хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учраас нэхэмжлэгчид хохирол учирсан бөгөөд хариуцагч нь үүнийг нөхөн төлөх ёстой гэж үзэж байна. Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн даргын удирдамжийн дагуу хохирлын үнэлгээ, хохирол тооцох ажиллагаа явуулсан бөгөөд үүний дагуу хөрөнгийн үнэлгээ гарсан байдаг. Энэ үнэлгээг Монгол улсын мэргэжлийн үнэлэгч нар хийсэн бөгөөд 17 923 950 төгрөгийн хохирол гарсан байна. Хариуцагч Б ХХК нь иргэний хэргийн хариуцагч болсон учраас эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болсон үйл баримт байгаа. Тэгэхээр бид энэ хэрэгт дахин шинжээч томилуулах гэхээр 2017 онд болсон үйл явдал бөгөөд барилга нь шатаад дахин ашиглалтад орсон байгаа. Хариуцагч нь өнөөдрийг хүртэл аудитын дүгнэлтэд маргаж байгаагүй. Тийм учраас хуульд заасан үндэслэлээр түрээсийн гэрээний дагуу хариуцагч Б ХХК 17 923 950 төгрөг гаргуулж өгнө үү. Шаардлагын хувьд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 288 дугаар зүйлийн 288.1, 296 дугаар зүйлийн 296.1, Түрээсийн гэрээний 7.1, 4.2.4-т заасныг тус тус үндэслэж байгаа гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 02 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Велл март худалдааны төвд гал гарсан хэдий ч тухайн асуудалд Б ХХК-д буруутай гэсэн хууль хяналтын байгууллагын хүчин төгөлдөр шийдвэр тогтоол гараагүй буюу тус компанийг буруутай гэж үзээгүй. 2017 оны 02 дугаар сарын 06-07-нд шилжих шөнийн камерын бичлэгээс үзэхэд уг гал нь түрээслэгчийн лангуунаас эхэлж гарсан болох нь харагдах бөгөөд одоогоор тус гал түймрийг гаргасан буруутай этгээдийг олж тогтоогоогүй байгаа болно. Хөрөнгийн үнэлгээгээр иргэн Б.С-гийн түрээсэлж байсан Велл мартын төвийн 2-20 тоот 9 м.кв лангуунд нийт 3763 ширхэг бараа бүтээгдэхүүн /дотуур хувцаснаас гадна зузаан урт халаад, даавуун халаад, унтлагын өмд, зузаан өмд/ байсан гэж үзсэн нь бодит байдалд нийцэхгүй юм. Мэдээлэл, шинжлэх ухаан удирдлагын төвийн шинжээч нарын гаргасан 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 225/362 дугаар дүгнэлтэд “...хоёр дугаар давхрын барааны гол хэсэгт байрлах 2 лангууны дээд талд байрлах гэрлийн бүрхүүл нь даавуун материал дээр унасан учраас гал гарах шалтгаан бүрдсэн байна” гэж бичигдсэн байдаг. Гэтэл уг гал гарсан өдрийн камерын бичлэгт уг лангууны дээд талд гэрэл байхгүй бөгөөд гэрлийн бүрхүүл унаж байгаа нь огт бичигдээгүй байгаа. Нөгөө талаас учирсан хохирлын хэмжээний хувьд маргаантай байгаа. Яагаад гэвэл иргэн Б С-д учирсан хохиролд хийсэн хөрөнгийн үнэлгээний тайланд бидэнд хөрөнгийн байдалтай биечлэн танилцах боломж байхгүй байсан учраас хөрөнгийн үнэлгээг цагдаагийн байгууллагаас ирүүлсэн барааны жагсаалт, хэргийн материалд үзлэг хийж гаргасан гэж заасан байгаа. Өөрөөр бол уг хөрөнгийн жагсаалтыг гаргахдаа иргэн Б.С-гийн тайлбарыг үндэслэж гаргасан байдаг. Ийм учраас уг хөрөнгийн үнэлгээ нь учир дутагдалтай, эргэлзээтэй юм гэж үзэж байгаа. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д хөрөнгийн үнэлгээ хийхэд ашиглаж байгаа мэдээллийн сан болон үйлчлүүлэгчээс ирүүлсэн гомдлыг дахин хянаж, шинжилсэн байх гэж заасан боловч үүнийг хангаагүй буюу Б.С-гийн гаргасан тайлбарт үндэслэсэн байна гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэгч Б С-д учирсан бодит хохирлыг тогтоосон зүйл байхгүй байгаа. Гаалийн тухай хуульд мэдүүлэгч гаалийн хилээр нэвтрүүлж буй бараагаа мэдүүлнэ гэж заасан байгаа. Гаалийн ерөнхий газрын А83 дугаар тушаалд гаалиар нэвтрүүлж буй барааны нэр, тоо хэмжээ зэргийг мэдүүлэхээр заасан байдаг. Өөрөөр хэлбэл иргэн Б С нь Велл март худалдааны төвийн 2 давхарт түрээсэлж байсан 9 м.кв талбайд худалдаж байсан бараа материалаа Монгол улсын хилээр оруулж ирэхдээ Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3-т заасны дагуу мэдүүлсэн байх ёстой. Нэхэмжлэгчийн сүүлд гаргаж ирсэн баримтаас харахад 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хилээр гарч, 14-ний өдөр буцаж орсон байдаг. Гэтэл Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн баримтад 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Б.С-гийн нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй байна гэсэн байгаа. Иймд нэхэмжлэгч нь хилээр ямар хэмжээний, ямар төрлийн бараа оруулсан болох нь тогтоогдохгүй байгаа. Мөн нэхэмжлэгч нь Велл март худалдааны төвд хүсэлт гаргахдаа цаашид гомдолгүй учраас бэлэн 5 000 000 төгрөгийн тусламж үзүүлнэ үү гэж байсан. Тийм болохоор нэхэмжлэгчид бодитоор 17 923 950 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх боломжгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б ХХК-иас гэм хорын хохиролд 17 923 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б С-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б С-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК 247 500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б С-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн зүгээс нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй буюу хариуцагч талд мэтгэлцэх боломж олголгүй шийдвэр гаргасан. Тухайлбал, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэрээнээс үүдэлтэй шаардах эрх гэж тодорхойлж байсан бөгөөд шүүх хуралдааны явцад хариуцагч, нэхэмжлэгч талаас дахин тодруулахад гэрээний үүргээ зөрчиж, нэхэмжлэгчид хохирол учруулсан гэж тодорхойлон хэлсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагаас хальж, гэм хороос үүдэлтэй шаардах эрх үүссэн гэж дүгнэн, хариуцагч талд гэм хороос үүдэлтэй шаардах эрхийн талаар мэтгэлцэх боломж олгоогүй болно.

Мөн нэхэмжлэгч Б С болон Б ХХК нарын байгуулсан 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээ нь 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаатай гэрээ бөгөөд, тус гэрээнд тусгагдсан 2 давхрын 16 дугаартай 12 м.кв талбайд нэхэмжлэгч Б С нь гал гарах үед үйл ажиллагаа явуулж байгаагүй байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс хугацаа дууссан, өөр түрээсийн талбайн гэрээнд дүгнэлт хийж, Б.С-гийн 2017 оны 02 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө эд хөрөнгө нь байрлаж байсан Вэлл март худалдааны төвийн 2 давхарын 20 дугаартай 9 м.кв талбайг тодруулалгүй шийдвэр гаргажээ. Б.С-гийн түрээслэж байсан 9 м.кв талбайд хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдсан нийт 3144 ширхэг бараа бүтээгдэхүүн байсан гэж үзсэн нь бодит байдалд нийцэхгүй юм.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хуульд нийцээгүй дүгнэлтийг үндэслэсэн. Иргэн Б С-д учирсан хохирлыг тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д заасан хөрөнгийн үнэлгээ хийхэд ашиглаж байгаа мэдээллийн сан болон үйлчлүүлэгчээс ирүүлсэн гомдлыг дахин хянаж, шинжилсэн байх шаардлагыг хангаагүй, иргэн Б.С-гийн тайлбарт тулгуурлан гаргасан дүгнэлт юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заалтыг шүүхээс хэт нэг талыг барин тайлбарласан буюу нэхэмжлэгч тал хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдсан эд хөрөнгөө нотлох үүрэгтэй байхад хариуцагч талыг хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдсан үнийн дүн болон эд хөрөнгийг үгүйсгээгүй буюу баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь хариуцагч талаас Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3 дахь хэсэг заалт мөн Гаалийн ерөнхий газрын даргын 2016 оны А/82 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн үндсэн маягт”-ын 21-д барааны нэр, төрөл, 25, 26-д хэмжих нэгж, тоо хэмжээ /хэлцэлд заасан, ангиллын/-г бичих”-ээр заасны дагуу нэхэмжлэгч Б С нь “Велл март худалдааны төвийн 2-20 дугаартай 9 м.кв талбайд байсан бараа бүтээгдэхүүнээ Монгол улсын хилээр оруулж ирэхдээ хуульд заасны дагуу гаалийн мэдүүлгийн маягт бөглөж, уг маягтын 21-д барааны нэр төрөл, 25, 26-д хэмжих нэгж, тоо хэмжээг дэлгэрэнгүй тусгахаар байгаа тул Гаалийн ерөнхий газар болон Замын үүд дэх гаалийн газраас нэхэмжлэгч Б.С-гийн гаалийн мэдүүлэг, хавсралт баримтуудыг гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргасан. Үүний дагуу холбогдох ажиллагаа явагдаж, Гаалийн ерөнхий газрын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 01-1/447 дугаар албан бичгээр иргэн Б.С-гийн нэрээр гаалийн бүрдүүлэлт хийсэн мэдээлэл, мэдүүлгийн санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон байдаг. Нэхэмжлэгч тал хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдсан эд хөрөнгүүдийг нотлох чиг үүргээ хэрэгжүүлээгүй байхад шүүхээс нэхэмжлэгчийн нотлох чиг үүргийг хариуцагчид халдааж, үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “хариуцагч хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад хийгдсэн шинжээчийн дүгнэлт болон хөрөнгө үнэлсэн үнэлгээний тайлан зөвшөөрөөгүй бол хариуцагч нь шинжээч томилуулах талаар хүсэлт гаргаагүй ...” гэсэн нь ойлгомжгүй. Хөрөнгийн үнэлгээнд дурдагдсан эд хөрөнгүүд байхгүй, устгалд орсон, галд өртсөн обьект засварт орж, хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа тул шинжээч томилуулж, дүгнэлт гаргуулах боломжгүй юм. Нөгөө талаас анхан шатны шүүх эрүүгийн журмаар гаргасан дүгнэлтүүдэд хариуцагч маргаагүй гэж дүгнэн иргэний хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно. Иймд хариуцагчид мэтгэлцэх боломж олгоогүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б С нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан хохиролд 17 923 950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчдын хооронд 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр түрээслүүлэгч Б ХХК нь Баянзүрх дүүргийн 12-р хороо, Цагдаагийн гудамж Ботаник хаягт байрлах Веллмарт худалдааны төвийн 2-р давхрын үйлчилгээний зааланд 16 дугаартай 12 м.кв талбайг 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай түрээслүүлэх, түрээслэгч Б С нь нэг сарын түрээсийн төлбөр 1 м.кв 17 000 төгрөгөөр тооцон, нийт 204 000 төгрөг, мөн түрээсийн байрны ашиглалтын болон үйл ажиллагааны зардалд сар бүр тогтмол 20 000 төгрөг төлөхөөр тохиролцжээ. /хх108-110/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Түрээсийн гэрээний хугацаанд буюу 2017 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө түрээсийн байранд гал гарч түрээслүүлэгч Б С болон Б ХХК-ийн эд хөрөнгөнд хохирол учирсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, түрээсийн гэрээ хэрэгжих хугацаанд гал гарсны улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсныг гэрээний бус үүрэг буюу гэм хор учруулснаас үүссэн үүрэг гэж дүгнэж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1474 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн 12-р хороо, Веллмарт худалдааны төвийн 2-р давхрын үйлчилгээний зааланд 2017 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө гал гарч их хэмжээний эд зүйлс шатаж нэр бүхий 39 хохирогчид нийтдээ 800 000 000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон боловч 2002 оны Эрүүгийн хуулийн 189 дүгээр зүйлд заасан “Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих” гэмт хэргийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан 2017 оны 07 дугаар сарын 01-нээс хэрэгжиж буй Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Зөрчлийн тухай хуульд хамаарахаар тусгагдсан байх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн гэх үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн байна. /хх9-10/

 

Мөн хэргийн 11 дүгээр талд Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “2017 оны 02 дугаар сарын 06-наас 07-ны өдөр шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12-р хороо, Веллмарт худалдааны төвийн 2 давхарт их хэмжээний бараа материал шатсан” гэх зөрчлийн хэргийг шалгахад Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан Зөрчлийн хэрэг бүртгэлийн хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-11/

 

Хэргийн 7 дугаар талд Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 225/362 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “цахилгааны дамжуулалтын хүчилтөрөгч, гал түймэр гарахаас өмнө үүссэн байх ба Веллмарт худалдааны төвийн 2-р давхрын 2-34 тоот лангууны гэрэлтүүлгийн цахилгаан дамжуулагч утсанд /шилжилтийн эсэргүүцэл, хэт ачаалал, богино холбоо г.м/ үүдэн цахилгаан дамжуулах утасны холболт дээр цахилгааны богино холбоо үүссэн гал түймэр гарсан” болох нь тогтоогдсон байна.

 

Дээрх баримтууд болон талуудын тайлбарыг харьцуулан дүгнэвэл хариуцагч байгууллага галын аюулгүй байдлыг хангуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу цахилгаан байгууламжийн БД 43-101-03 дүрмийн 2.1.8-д хэсгийг, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасныг тус тус зөрчсөн хууль бус үйлдлийн улмаас 2017 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө “Веллмарт” худалдааны төвийн гэрлийн цахилгаан утсанд богино холболт үүсч гал гарснаас нэхэмжлэгч Б.С-гийн эд хөрөнгө шатаж түүнд гэм хор учирсан байна.

 

Хариуцагч байгууллага нь “Веллмарт” худалдааны төвийг өөр бусдад түрээслэхдээ хайхрамжгүй хандаж гал гарахгүй байх шаардлагыг хангаж ажиллаагүй тул гал түймэр гарсанд гэм буруутай гэж үзнэ. Хариуцагчийн гэм буруутай хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгө шатаж хохирол учирсан нь шалтгаант холбоотой байна. Иймээс нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.

 

Хэргийн 14 дүгээр талд Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3-р хэлтсийн мөрдөн байцаах тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн В17-45 дугаар Хөрөнгийн үнэлгээний тайлан авагдсан байх бөгөөд уг хөрөнгийн үнэлгээг цагдаагийн байгууллагаас ирүүлсэн шинжээч томилох тогтоол, хөрөнгүүдийн жагсаалт, хэргийн материалд үндэслэн үнэлгээг тогтоосон байгаа нь учирсан хохирлын хэмжээг бодитой тогтоосон гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь хохирлыг бодитой биш, зөвхөн хөрөнгийн жагсаалт болон хэргийн материалыг үндэслэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Мөн нэхэмжлэгч Б С нь худалдаж байсан бараа материалыг улсын хилээр оруулж ирэхдээ гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй, хилээр ямар хэмжээний, ямар төрлийн бараа оруулсан болох нь тогтоогдохгүй тохиолдолд түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь учир дутагдалтай болно. Нэхэмжлэгч нь бодитоор 17 923 950 төгрөгийн хохирол учирсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.

 

Хэргийн 60 дугаар талд Б С нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Б ХХК-д гаргасан хүсэлтдээ “...4 сая төгрөг, 1 сая төгрөгний хүнсний бараа авах ваучер санал болгосон. Би цаашид санал гомдолгүй учир 5 000 000 төгрөгийн бэлэн мөнгөний тусламж үзүүлнэ үү” гэх хүсэлт гаргажээ. Уг баримтаас дүгнэвэл нэхэмжлэгчийн Веллмарт худалдааны төвд хандаж байсан хүсэлтийг үндэслэн 5 000 000 төгрөгийг гэм хорын хохиролд гаргуулан нэхэмжлэгч Б С-д олгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

 

Иймд хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гал гарсан байх боловч хэдий хэмжээний хохирол бодитойгоор учирсан болох тоо хэмжээ хэргийн баримтаар бүрэн тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн 5 000 000 төгрөг хариуцагчаас хүсч байсан хэмжээгээр хангасан тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12 923 950 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2020/01240 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б ХХК-иас гэм хорын хохиролд 5 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12 923 950 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “247 500” гэснийг “94 950” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 570 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.БАТЗОРИГ                                                                                    

                             ШҮҮГЧИД                                         Д.БАЙГАЛМАА

 

                                                                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ