| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2017/0010/Э |
| Дугаар | 07 |
| Огноо | 2018-01-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 07
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: М.Батзаяа
Шүүгдэгч: Б.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Э-д холбогдох ,, дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Дугаар /С% Цэцэрлэг
Шүүгдэгч: Б.Э
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө 03 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ,,дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эрдэнэтбулганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ний хашааны гадна Н.О-ыг “машинд бөөлжлөө” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд ,,, дугаартай эрүүгийн хэргээс:
Хохирогч Н.Оын мэдүүлсэн: ...Би 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хамт ажилладаг О гэдэг эгчийн хамт “Од” нэртэй караокед орсон. Тэнд байхад 17 цагийн үед гаднаас 3 залуу орж ирсэн бөгөөд орж ирээд бид хоёрын сууж байсан ширээний цаад талын ширээнд сууж байсан. Удалгүй тэр гурав манай ширээн дээр ирээд хамт архи, пиво ууцгааж байгаад гарсан. Би яг хэдэн цагийн үед гарсан гэдгээ мэдэхгүй байна, тэгээд “Од” гэдэг караокегоос гараад Урд тамир голын эрэг дээр очиж тэндээ бас архи ууцгаасан. Шөнө 03 цагийн үед Эрдэнэт булган ТӨХК-ний гадаа хүрэн өнгөтэй худагийн ойролцоо О эгч, Б эхэлсэн нэртэй залуу, намайг зодсон Т гэх залуу бид 4 хамт буусан. Нөгөө залуу нь яваад өгсөн. Тэгээд машинаасаа буугаад О эгчийг дагуулаад харих гэтэл тэр Т гэдэг залуу миний баруун нүд рүү цохисон. Би тухайн үед юугаар цохисон гэдгийг мэдээгүй. Би арагшаа саваад унасан. Хамт явсан найз нь чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ гэхэд би наад гичийг чинь танина ш дээ, яасан их зантай гичий вэ гээд дахиад өшиглөсөн. Тэгээд тухайн үедээ цагдаа дуудтал тэр Төрөө гэдэг залуу зугтаагаад явсан бөгөөд хамт явсан найз нь үлдсэн. О эгч бид хоёрыг бид хоёртой үлдсэн залуу хүргэж өгсөн. Миний баруун нүд хавдаж хөхөрсөн, бас толгой их өвдөж байгаа. Намайг төрөө гэдэг залуу баруун нүд рүү нэг удаа цохиод бас өшиглөөд байсан. Би яг хэдэн удаа яаж цохисон гэдгийг санахгүй байна. Тухайн үед бүгдээрээ архи уусан байсан. О эгч бол нилээд согтсон, намайг зодуулж байхад салгах сөхөөгүй байсан. Т гэдэг залуу болон Б эхэлсэн залуу 2 гайгүй байсан. Бид нарыг хүргэж өгөөд явсан найз нь их уугаагүй, гайгүй байсан. Би одоо тэр залууг харвал танина, “Од” нэртэй караокед байхдаа танилцсан юм. Тэр Т гэдэг залуу намайг цохиж зодсон. Би тухайн үед их согтоогүй, юмаа мэдэж байсан. Тэгээд хамт явсан залуу нь манай найзыг Т гэдэг, яагаад эмэгтэй хүнийг зодож байгаа юм бэ гэж байсан. Т гэдэг нь чи яасан их зантай гичий вэ гээд зодоод байсан. Би гомдолтой байна, таньж мэдэхгүй хүн хэл амаар доромжлоод, зодсонд гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 хуу/
Гэрч Б.Мн мэдүүлсэн: ...2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 22 цагийн үед “Одод” нэртэй караокегоос Э гэдэг хүн Б болон өөр 2 эмэгтэй хамт таксидсан. Тэд нар “Одод” нэртэй караокед сууж байсан. Би тэр караоке ортол Э намайг дуудаад таксидана шүү гээд хамт сууж байгаад гарсан. Би гэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. “Одод” нэртэй караокегоос гараад би өөрийн эзэмшлийн 15-11 АРХ улсын дугаартай Королла маркийн автомашинаар Булган уулын зүүн талд байх баазад очиход гэрээ хураасан байсан тул Урд тамирын голын гүүрний хажууд байх баазын тэнд голын эрэг дээр очоод машинд архи уух гэхээр би дүргүйцэхэд Э надтай маргалдсан. Тэгээд би буцаад Архангай аймгийн төв рүү явсан. Би замдаа Эрдэнэбулган цахилгаан түгээх ТӨХК-ний хашааны ойролцоо буулгаад би гэр рүүгээ явсан. Энэ үед шөнийн 02 цаг болж байсан байхаа. Би энийг мэдэхгүй байна. Намайг байх үед Э тэр 2 эмэгтэйг цохиж зодоогүй. Би энэ эмэгтэйг танихгүй. Тэр 2 эмэгтэйн нэг нь машин дотор бөөлжихөөр нь би хэлтэл Э над руу өмөөрч дайраад байсан. Тэд нар хоорондоо бол ямар нэгэн хэрүүл маргаан хийгээгүй. Тухайн үед Э, Б болон хамт явсан 2 эмэгтэй нь байсан. Өөр хүн байгаагүй. Би хамт явсан 2 эмэгтэйг нь танихгүй юм байна лээ...гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 хуу/
Гэрч Э.Б-ын мэдүүлсэн: ...2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр би танил Этэй зах дээр тааралдсан. Тэгээд орой нь “Одод” нэртэй караокед ороод тэндээ пиво уусан. Тэгээд бас багийн танил Мтай таарсан. М таксинд явж байсан. Э “Одод” нэртэй караокед 2 эгчтэй танилцаад бид нар хамт хэсэг суусан. “Одод” нэртэй караокегоос гарахад Э нөгөө 2 эгчийг дагуулаад хамт гарч ирээд Мгийн машинд суугаад Булган уулын зүүн талд байрлах бааз дээр очиход гэр байхгүй гэсэн. Тэгээд урд тамирын голын эрэг дээр байх бааз дээр очих гэж яваад бааз дээр очилгүй голын эрэг хамт пиво ууцгааж байгаа нөгөө 2 эгч согтоод машинд бөөлжсөн. Тэгтэл М уурлаад Этэй маргалдаад М Архангай аймгийн төв рүү явсан. М бид нарыг Эрдэнэтбулганы цахилгаан түгээх ТӨХК-ний ойролцоо зам дээр буулгасан. Э бид хоёр болон тэр хоёр эгч бид 4 буугаад би харихаар түрүүлээд явсан. Э тэр хоёр эгчтэй үлдсэн. Тэгтэл тэр 2 эгчийн том биетэй эгч нь ирээд танай найз чинь намайг цохичихлоо гээд баруун шанаагаа барьчихсан ирсэн. Э зугтаагаад явсан байсан. Тэгээд би тэр хоёр эгчтэй хамт байж байгаад харьсан. Э тэр эмэгтэй яагаад цохих болсныг би мэдэхгүй, машинд байхад л машинд бөөлжлөө гээд маргалдаад явсан. Тэгтэл тэр эгч араас цохиулчихлаа гээд ирсэн. Би Эийг тэр эмэгтэйг цохиж байхыг хараагүй болохоор мэдэхгүй байна. Тэр эгчийн баруун шанаа нь хавдсан байсан. Өөр ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Тэр эмэгтэйн биед өмнө нь ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Эд цохиулчихлаа гээд ирэхэд баруун шанаа нь хавдсан байсан. Э бол их согтоогүй байсан. Эд цохиулсан гэх эгч их согтоогүй байсан. Харин хамт явсан эгч нь нилээд согтсон бололтой бөөлжөөд байсан. Би бага зэрэг согтсон байсан. Гэхдээ их согтоогүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 хуу/
Яллагдагч Б.Эийн мэдүүлсэн: ...Сонсгосон ял миний үйлдэлд тохирч байна. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж гэм буруугаа хүлээж байна. Өөр надад нэмж ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 507 дугаартай шинжээчийн дүгнэлт:
Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Н.Оын биед баруун зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 15 хуу/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 32-33 хуу/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2017 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө 03 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ,, дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эрдэнэтбулганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ний хашааны гадна Н.Отай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай гэж үзэв.
Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө 03 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ,, дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эрдэнэтбулганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ний хашааны гадна Н.О-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогч Н.Оын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн ”машинаасаа буугаад О эгчийг дагуулаад харих гэтэл тэр Т гэдэг залуу миний баруун нүд рүү цохисон. Би арагшаа саваад унасан. Хамт явсан найз нь чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ гэхэд би наад гичийг чинь танина ш дээ, яасан их зантай гичий вэ гээд дахиад өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08/, гэрч Э.Б-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Э тэр хоёр эгчтэй үлдсэн. Тэгтэл тэр 2 эгчийн том биетэй эгч нь ирээд танай найз чинь намайг цохичихлоо гээд баруун шанаагаа барьчихсан ирсэн. Тэр эгчийн баруун шанаа нь хавдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13/, яллагдагч Б.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээж мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Оын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 507 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд Б овогт Бгийн Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болохыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Бгийн Эийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ