Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 119/ШШ2024/0035

 

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: W

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Н, Б.А, Л.Э, М.Н

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.Б

                Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ

            Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороо

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Оюундарь, Ж.Отгонбаяр, Д.Цэрэнчимэд, Д.Энхчулуун, Г.Цогтгэрэл, Г.Лхагважав

Гуравдагч этгээд: “Ф” ХХК

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ш, Б.М,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Г нарын хоорондын

Нэхэмжлэлийн шаардлага: ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/2023101230 дугаар бүхий “Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажил”-ын багц №1, “Өндөр даралтын булт нунтаглагчийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, туршилт тохируулга хийх ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 04 дугаар хурлын тэмдэглэл (үнэлгээний хорооны дүгнэлт)-ийг хууль бус байсан болохыг тогтоолгох”; 

““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/2023101230 дугаар бүхий “Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажил”-ын гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерт “Ф” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох”;

““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Ф” ХХК нарын хооронд 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан №5/015-24 тоот гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох”;

““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/2023101230 дугаар бүхий “Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн багц №1, “Өндөр даралтын булт нунтаглагчийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, туршилт тохируулга хийх ажил”-д “W”-ийн ирүүлсэн тендер шаардлагад нийцсэн гэж дүгнэж, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг даалгах”-ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Л.Э, М.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюундарь, Ж.Отгонбаяр /цахимаар/, Д.Цэрэнчимэд, Д.Энхчулуун, Г.Цогтгэрэл, Г.Лхагважав, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш, Б.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. “W”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн ЭҮТӨҮГ/2023101230 дугаар бүхий тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/2023101230 дугаар бүхий “Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажил”-ын багц №1, “Өндөр даралтын булт нунтаглагчийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, туршилт тохируулга хийх ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 04 дугаар хурлын тэмдэглэл (үнэлгээний хорооны дүгнэлт)-ийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”,

            ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/2023101230 дугаар бүхий “Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажил”-ын гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерт “Ф” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах”,

            ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/2023101230 дугаар бүхий “Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн багц №1, “Өндөр даралтын булт нунтаглагчийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, туршилт тохируулга хийх ажил”-д ““W”-ийн ирүүлсэн тендер шаардлагад нийцсэн гэж дүгнэж, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн ЭҮТӨҮГ/2023101230 дугаар бүхий тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/2023101230 дугаар бүхий “Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажил”-ын багц №1, “Өндөр даралтын булт нунтаглагчийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, туршилт тохируулга хийх ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 04 дугаар хурлын тэмдэглэл (үнэлгээний хорооны дүгнэлт)-ийг хууль бус байсан болохыг тогтоолгох”; 

            ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/2023101230 дугаар бүхий “Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажил”-ын гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерт “Ф” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох”;

            ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Ф” ХХК нарын хооронд 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан №5/015-24 тоот гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох”;

            ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/2023101230 дугаар бүхий “Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн багц №1, “Өндөр даралтын булт нунтаглагчийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, туршилт тохируулга хийх ажил”-д “W”-ийн ирүүлсэн тендер шаардлагад нийцсэн гэж дүгнэж, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг даалгах” гэж өөрчилсөн. 

2. Нэхэмжлэгч нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазраас зарласан “Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажил” тендер шалгаруулалтад оролцож, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазраас “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж заасныг үндэслэн тендерт шалгараагүй тухай 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ТБ-134-12/7684 дугаартай мэдэгдэл, 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ГЁ-154-12/199 дугаартай мэдэгдлүүдийг “W”-д тус тус хүргүүлсэн. 

“W” нь захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн яам гомдлыг хянан үзээд 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03/18 дугаартай “Гомдол хянасан тухай”,  2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 03/408 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичгүүдийг “W”-д хүргүүлсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

3. Нэхэмжлэгч “W” шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь ЭҮТӨҮГ/2023101230 дугаартай, ЭҮТӨҮГ/2023101230/01/01 урилгын дугаартай “Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажил”-г гүйцэтгэгчийн тендерийг 2023 оны 10 сарын 30-ны өдөр зарласан бөгөөд уг тендерийн багц №1-д оролцсон. Энэ багцад БНХАУ-ын хуулийн этгээд болох “W” болон “Ф” ХХК нар оролцсон бөгөөд тендерийн Үнэлгээний хороо нь дээрх 2 компанийн тендерийг хянан үзээд “Ф” ХХК-ийг шалгаруулсан болохыг 2023 оны 12 сарын 14-ний өдрийн ТБ-134-12/7684 тоот албан бичгээр захиалагчаас мэдэгдсэн.

Нэг. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/2023101230 дугаар бүхий Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажил”-ын багц №1: Өндөр даралтын булт нунтаглагчийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, туршилт тохируулга хийх ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийн тухайд: Манай компани Үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 0210 тоот албан бичгээр Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд гомдлын дагуу Сангийн яам хянан үзээд Захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон 2023 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн ТБ-134-12/7683 тоот шийдвэрийг, ТБ-134-12/7684 тоот мэдэгдлийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн. Мөн Тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн. Үнэлгээний хороо нь Монгол Улсын Сангийн Яамны шийдвэрийн дагуу дахин үнэлгээ хийсэн боловч Сангийн яамнаас шаардлага хангасан гэж үзсэн хоёр үндэслэлийг үгүйсгэж манай компанийн тендерийг шаардлага хангахгүй тендер гэж татгалзсан байдаг.

Үнэлгээний хороо манай компанийг “ТШЗ 17.2(10) "нийлүүлэх тоног төхөөрөмжийн техникийн зураг, үйлдвэрлэгчийн катологи ирүүлнэ” гэж заасны дагуу “Нийлүүлэх тоног төхөөрөмжийн техникийн зургийг ирүүлээгүй нь шаардлага хангаагүй гэж татгалзсан байсан. Гэтэл өмнө Үнэлгээний хорооны энэ үндэслэлээр татгалзсаныг Сангийн яам хянаад “W”-ийн тендерт санал болгож буй тоног, төхөөрөмж схем зургийг ирүүлсэн байх тул тус компанийн ирүүлсэн тоног төхөөрөмжийн схем зураг нь тендерийн баримт бичигт заасан дээрх шаардлагад нийцсэн эсэхийг нягтлан үзэх нь зүйтэй байна” гэж шийдвэрлэсэн байдаг.  Өөрөөр хэлбэл Сангийн яам дээрх шаардлагыг хангасан гэж шийдвэрлэсэн байхад Үнэлгээний хороо нь “нийлүүлэх тоног төхөөрөмжийн техникийн зураг, үйлдвэрлэгчийн катологи ирүүлээгүй” гэж дахин татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна.

Мөн ТШЗ 18.6.1 “Тендерт оролцогч нь үйлдвэрлэгчийн гэрээт борлуулагч үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ” гэсэн шаардлагыг хангаагүй гэж татгалзсан байдаг. Гэтэл Монгол Улсын Сангийн Яам энэ шаардлагыг хангасан гэж үзсэн.  Тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 04 дугаар хурлын тэмдэглэлээр (үнэлгээний хорооны дүгнэлт) дахин үнэлэхдээ Монгол Улсын Сангийн яамны шаардлага хангасан гэсэн хоёр үндэслэлийг үгүйсгэж манай компанийн тендерийг шаардлага хангаагүй гэж үзэж шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан. Монгол Улсын Сангийн Яам хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдлыг хянан үзэхгүй гэсэн үндэслэлээр гомдлыг хянан үзээгүй. Тодруулбал, “Тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.2 болон ТШЗ 18.6.1-д заасан шаардлага, шалгууртай холбоотой асуудлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.8 дахь хэсэг болон Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалаар батлагдсан “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-д заасны дагуу захиалагчаас ирүүлсэн холбогдох баримт материалд үндэслэн хянан үзэж, хариуг захиалагч байгууллага болон танай байгууллагад 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03/18 тоот албан бичгээр хүргүүлсэн байх тул шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаана гэж заасны дагуу уг асуудлаарх гомдлыг хянан үзэх боломжгүй байна” гэсэн үндэслэлээр гомдлыг хянан үзээгүй.

Хоёр. “Ф” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баталгаа нь шаардлага хангахгүй болох тухайд: “Ф” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баталгаа нь шаардлага хангахгүй болох нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон. Өөрөөр хэлбэл “Ф" ХХК нь Худалдаа хөгжлийн банкны 404DВG/23/1071...” дугаартай 830,458,005.0 төгрөгийн үнийн дүнтэй, 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал хүчинтэй байх цахим тендерийн баталгааг ирүүлсэн байгаа нь тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангахгүй байна.

“Ф” ХХК-ийн тендерийн баталгаа нь шаардлага хангаагүй болохыг Монгол Улсын Сангийн Яам тогтоосон байдаг. Гэтэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/2023101230 дугаар бүхий “Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажил”-ын багц №1: “Өндөр даралтын булт нунтаглагчийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, туршилт тохируулга хийх ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооноос тендерийн баримт бичгийн ТШЗ 23.1-д заасан шаардлагыг хангаагүй байхад шалгаруулсан нь хууль бус байна.

Дээрхээс үзэхэд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/2023101230 дугаар бүхий “Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажил”-ын багц №1: “Өндөр даралтын булт нунтаглагчийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, туршилт тохируулга хийх ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооноос тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй “Ф” ХХК-ийг шалгаруулсан нь хууль бус тул манай ““W”-ийн ирүүлсэн тендер шаардлагад нийцсэн гэж дүгнэж, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг даалгаж шийдвэрлэх боломжтой. Иймээс нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани 4 шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. “Ф” ХХК-ийн тендерийг шалгаруулсан Үнэлгээний хорооны дүгнэлт хууль бус байсан. “Ф” ХХК-ийн гаргасан тендерийн баталгаа шаардлага хангахгүй байсан. Тендерийн баримт бичигт банкнаас гаргах тендерийн баталгааны маягт, хугацааг тодорхой заах ёстой. Баталгаа гаргахдаа банкны эрх бүхий албан тушаалтны нэр, гарын үсэг, байгууллагын тамга тэмдэг бүхий байхаар тусгаж, Үнэлгээний хороо эхний хурлаараа буюу 10 дугаар сарын 26-ны өдрийн 1 дүгээр хурлаараа баталсан байна. Үнэлгээний хороо дүгнэлтээрээ маягтын дагуу шаардлага хангаж ирүүлсэн баталгаа бус, маягтын шаардлага хангаагүй баримтыг хянан үзэж шаардлага хангасан гэж үзсэн нь үндэслэлгүй. Монгол Улсын Сангийн яамны гомдол хянасан тухай албан бичигт “Ф” компанийн гаргасан тендерийн баталгаа шаардлага хангахгүй байна. Энэ талаарх Үнэлгээний хорооны дүгнэлт үндэслэлгүй гэдэг дүгнэлтийг хийсэн. Сангийн яам гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага буюу тендерийн Үнэлгээний хорооны дээд шатны байгууллага гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу дээд шатны байгууллагын шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй. Гэтэл тендерийн Үнэлгээний хороо энэ шийдвэрийг биелүүлэхгүйгээр тодорхой үндэслэл дурдахгүйгээр “Ф” компанийн тендерийн баталгаа шаардлага хангаж байна гэдэг дүгнэлтийг хийж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4.5.1-д заасан хууль дээдлэх зарчмыг ноцтой зөрчсөн.

“Ф” компанийн тендерийн материалын албан ёсны орчуулга шаардлага хангахгүй учраас үнэлэх ёсгүй байсан. Тендерийн баримт бичигт тендерт оролцогчдын ирүүлэх тендер монгол хэл дээр байх бөгөөд өөр хэлээр үйлдсэн тендер, түүний доторх баримт бичиг, мэдээллийг зохих ёсоор орчуулсан орчуулгыг тендерт оролцогч бэлтгэн ирүүлнэ гэж заасан. Гадаад хэл дээрх баримт бичгийг баталгаат орчуулгын газраар орчуулан гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулж ирүүлнэ гэдгийг Үнэлгээний хороо санал нэгтэйгээр тендерийн өгөгдлийн хүснэгтдээ оруулж баталсан. Үнэлгээний хорооны 1 дүгээр хурлын тэмдэглэл буюу 1 дүгээр хавтаст хэргийн 245 дугаар талд байгаа. “Ф” компанийн тендерт ирүүлсэн үйлдвэрлэгчийн зөвшөөрөлтэй холбоотой баримтууд энэ шаардлагыг хангахгүй буюу орчуулгын гарын үсэггүй хэсэг баримт байгаа. Орчуулгын тамгагүй хэсэг баримт байгаа, аль аль нь байхгүй хэсэг баримт байгаа. Энийг нэхэмжлэгч талын зүгээс нотлох баримт шинжлэн судлах шатан дээр дэлгэрэнгүй судлуулна. Тендерийн өгөгдлийн хүснэгт дээр гадаад хэл дээрх баримт бичгийг орчуулж ирүүлэхгүй бол үнэлэхгүй байхаар, шаардлага хангахгүй байхаар тендерийн Үнэлгээний хороо тогтоосон мөртлөө энэ баримтуудыг үнэлээд шаардлага хангасан гээд шийдвэр гаргачихсан. Энэ шийдвэр өөрөө хууль бус буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн тендер хянан үзэхтэй холбоотой журмыг бүхэлд нь зөрчсөн хууль бус шийдвэр байгаа.

 “Ф” компанийн ижил төстэй ажлын туршлагыг хууль бусаар давуу байдал болгож үнэлсэн. Тендерийн баримт бичгийг батлахдаа тендер шалгаруулалтын зааварчилгааны 29.1-д захиалагч тендерт оролцогчийн ирүүлсэн тендер, эсвэл цахим системээр илгээсэн мэдээлэл ойлгомжгүй, тодорхойгүй зөрчилдөөнтэй гэж үзвэл зөвхөн уг асуудлыг тодруулах, тайлбар авах зорилгоор энэ зүйлд заасны дагуу тодруулгыг тендерт оролцогчоос шаардах эрхтэй гэж байгаа. Үнэлгээний хороо зөвхөн тендерт оролцогчоос л шаардах эрхтэй. Гэтэл Үнэлгээний хороо энийг урвуулж ашиглаад тендерийн материалд байхгүй, гэрээ дүгнэсэн акт болон өмнөх байгуулсан этгээд буюу өмнөх захиалагч компанийн гэрээт ажлын гүйцэтгэлийн талаар тодруулах нэрийдлээр гаргуулж авсан байгаа. Тэрийгээ тендерийн баримт бичгийн ТШЗ 18.6.4.2-т байгаа шаардлагыг хангасан гэж үнэлгээний дүгнэлтэд тусгасан нь Үнэлгээний хороо тендерт оролцогч нэг талд ирүүлээгүй буюу “Ф” компанийн тендер нээх үед тендерийн материалд нь байхгүй тендерийн материалыг шинээр авах зорилгоор тодруулгыг урвуулан ашигласан гэж үзэж байна. “Ф” компанийн тендерийн материалд байхгүй материалыг тодруулга авах нэрийдлээр нэмж бүрдүүлж үнэлж түүнийгээ тендерийн хянан үзэх шатан дээр тэнцсэн гэдэг дүгнэлт гаргасан нь хуульд үндэслэх зарчмыг зөрчиж байна.

Тендерийн баримт бичигт тавигдах шаардлагыг зөрчсөн тухайд тендерийн өгөгдлийн хүснэгтэд тухайн тендерийг монгол хэлээр ирүүлэхийг зааж, тендерийн баримт бичгийг баталсан ч өөрсдөө энэ шаардлагаа зөрчиж англи хэл дээр материал авч, түүнийгээ орчуулсан нь худалдан авах ажиллагааны журам болон хууль зөрчиж байна. Үнэлгээний хороо тендерийн баримт бичгээ батлахдаа заавал гарын үсэгтэй, тамга тэмдэгтэй, албан ёсны орчуулгыг авна шүү гээд заачихсан байгаа. Үүний дагуу оролцогчийн гадаад хэлээр ирүүлэх материалд нь баталгаат орчуулгын газраар орчуулсан байх гэсэн 1 дүгээр шаардлага, гарын үсэг зурж баталгаажуулсан байх гэсэн 2 дугаар шаардлага 3 дугаарт нь тамга тэмдэг дарж баталгаажуулсан байх гэсэн 3 шаардлагыг бүгдийг нь хангах ёстой. Гэтэл 2 дугаар хавтаст хэргийн 110 дугаар талд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ өөрийнхөө орчуулагчаар англи хэл дээрх материалыг орчуулан үнэлгээндээ ашигласан байгаа. Тендерийн баримт бичиг болоод Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийг ноцтой зөрчиж байгаа. Мөн 2 дугаар хавтаст хэргийн 109 дэх талд хэн орчуулсан нь тодорхойгүй, тамга тэмдэг, гарын үсэггүй материалыг үнэлгээндээ ашиглаад тендер шалгаруулалтыг явуулсан. 2 дугаар хавтаст хэргийн 125-128 дугаар талд байгаа 5 баримт бичиг, мэдээллийг орчуулахгүйгээр үнэлгээндээ ашигласан зэрэг өмнө дурдсан шаардлагыг зөрчсөн хууль бус үнэлгээ болсон байна.

Мөн ижил төстэй ажил гүйцэтгэсэн тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийг харах юм бол ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэсэн нэг шаардлага байгаа. Дараа нь ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэрээний гэсэн 2 шаардлага байгаа. Тендер өгөгдлийн хүснэгтийн В хэсэг буюу тендер бэлтгэх хэсгийн тендер шалгаруулалтын зааврын 18.6-д заасан сүүлийн 10 жилийн онуудын хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалтыг дараах хүснэгтээр он, сар бүрээр гаргаж ирүүлнэ гээд хүснэгтэд нь захиалагчийн мэдээлэл, төсөвт өртөг дуусах хугацаа, нийт дүн гэсэн 4 мэдээлэл бүхий хүснэгтийг ирүүлэхийг тендерийн баримт бичигт заасан. Гэрээнээс тусдаа баримт шаардахаар байгаа. Гэтэл “Ф” компанийн тендерт ерөнхий шаардлага, энэ талаарх баримт байхгүй. Маягт 5-с тусдаа баримт байж байхад ТШЗ-ийн 18.6-д холбогдох тендерийн өгөгдлийн хүснэгтэд заасан ижил төстэй ажлын жагсаалтыг хүснэгтээр баталж ирүүлсэн зүйл байгаагүй. Гэтэл энэ шаардлагыг Үнэлгээний хороо хангасан гээд дүгнэсэн.

Тендерийн баримт бичгийг олон нийтэд ил болгоход татгалзахгүй талаар мэдүүлэг шаардлага хангахгүй байгаа. Тендерийн өгөгдлийн хүснэгтэд тендерт оролцогч баримт бичгийг олон нийтэд ил болгоход татгалзахгүй талаар мэдүүлгийг ирүүлнэ гэж байгаа. Гэтэл “Ф” компани нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12.5-д дурдсан захиалагч тендерт оролцогчийн чадавхыг магадлах явцад олж мэдсэн, түүний техникийн болон бизнесийн нууцыг хадгална, мөн захиалагчийн боловсруулсан тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа бүлгийн 24.5.3-д тус тус заасны дагуу манай байгууллагын тендерт санал болгосон дээрхтэй холбогдох мэдээллийг нууцалж өгнө үү” гээд нууцалж болохгүй материалыг заагаад байхад “Ф” компани албан бичгээрээ энийг нууцалъя гээд байгаа. Гэтэл Үнэлгээний хороо энийг харгалзаж үзэхгүйгээр шаардлага хангасан байна гээд үнэлээд байгаа.

Ижил төстэй гэрээ, түүний дэлгэрэнгүй мэдээлэл шаардлага хангахгүй. Тендерийн өгөгдлийн хүснэгтэд ижил төстэй ажлаас тусдаа ажлын гэрээ ажил хүлээлгэж өгсөн акт, ижил төстэй ажилд тооцуулахаар санал болгосон гэрээний ажлын гүйцэтгэлийн талаар тодорхойлолтын хуулбарыг ирүүлнэ. Гэрээний мэдээллээ ТШЗ 18.6.4-д зааснаар маягт 7 дээр гэрээний дэлгэрэнгүй мэдүүлэг ирүүлэх ёстой байтал “Ф” компанийн ирүүлсэн гэрээнд үнийн дүн байхгүй. Гэтэл энэ гэрээний гол нөхцөл бол гэрээний үнийн дүн байдаг. Үнийн дүн байхгүй учраас гэрээний дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан маягт 7-г бөглөхгүйгээр ирүүлчихсэн байгаа. Маягт байхгүй байхад ижил төстэй гэрээний дэлгэрэнгүй мэдээлэл, шаардлага хангасан гээд Үнэлгээний хороо хууль бус дүгнэлт хийчихсэн байгаа.

Хариуцагч хариу тайлбартаа Үнэлгээний хорооны 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 4 дүгээр хурлын тэмдэглэл нь хуульд заасан Үнэлгээний хорооны үйл ажиллагааны хэлбэр болохоос захиалагч “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын бие даасан шийдвэр гэж үзэх үндэслэлгүй учраас дээрх хурлын тэмдэглэл нь эрх зүйн үр дагаврын шинжээрээ захиргааны акт биш гэж тайлбарласан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47.7-д “Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр, цаашид үнэлгээний дүгнэлт нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонх дэмжигчид гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна” гэж байгаа. Үнэлгээний хорооны дүгнэлт тухайн тендер шалгаруулалттай холбоотой асуудлаар гаргасан шийдвэр, тэрнийхээ үндэслэлийг буюу холбогдох бүх мэдээллийг тусгасан шийдвэр. Харин хэлбэрийн хувьд тэмдэглэл хэлбэртэй байгаа болохоос манай компанийг шалгаруулаагүй буюу бид нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн эрх зүйн үр дагавар бүхий зохицуулалт агуулсан захирамжилсан шинжтэй шийдвэр байна. Үнэлгээний хорооны тэмдэглэл нь захиргааны акт мөн. Захиргааны ерөнхий хуулийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг бүрэн агуулж байгаа учраас хариуцагчийн хариу тайлбар хууль зүйн үндэслэлгүй.

Үнэлгээний хороо 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 4 дүгээр хурлын тэмдэглэлээр манай компанийн ирүүлсэн тендерийг 2 үндэслэлээр шаардлага хангаагүй гэж үзсэн. Нийлүүлэх тоног төхөөрөмжийн техникийн зургийг ирүүлээгүй, үйлдвэрлэгчийн зөвшөөрөл ирүүлээгүй учраас хянан үзэх шатнаас манай тендерээс татгалзсан. Энэ нь дараах үндэслэлүүдээр хууль бус гэдэг нь нотлогдоно. Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/18 дугаар албан бичгийн 1.2-т” нэхэмжлэгч компанийн тендерт санал болгож буй тоног төхөөрөмжийн схем зургийг ирүүлсэн байх тул тус компанийн ирүүлсэн тоног төхөөрөмжийн схем зураг нь тендерийн баримт бичигт заасан дээрх шаардлагад нийцсэн эсэхийг нягтлан үзэх нь зүйтэй байна” буюу та нарын гаргасан зураг ирүүлээгүй гэдэг дүгнэлт чинь үндэслэлгүй байна гээд Тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр хүчингүй болсон. Гэтэл Үнэлгээний хороо энэ асуудлаар 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 4 дүгээр хурлын тэмдэглэл, дүгнэлтээ нягталж үзээгүй. Сангийн яамны шийдвэрийг огт биелүүлээгүй, шатлан захирах ёсны хувьд дээд шатны байгууллагын шийдвэрийг биелүүлээгүй нь хууль дээдлэх зарчмыг ноцтой зөрчихөд хүргэсэн байна. Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт энэ хуулийн 98.1 буюу Сангийн яам буюу гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллагын гаргасан захиргааны актыг холбогдох захиргааны байгууллага заавал биелүүлнэ гэж байгаа. Гэтэл Сангийн яамны гаргасан шийдвэрийг биелүүлэхгүйгээр Үнэлгээний хорооны хууль бус дүгнэлтийг дахиад гаргачихсан байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг мөн адил зөрчиж байгаа. Тиймээс Үнэлгээний хорооны дүгнэлт бүхэлдээ хууль бус.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргаж өгсөн 4 дүгээр сарын 18-ны өдрийн хариу тайлбартаа өөрөөр хэлбэл Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Т компани болон М компанийн олгосон үйлдвэрлэгчийн итгэмжлэлийн хүрээнд Монгол Улс буюу төслийг хэрэгжүүлэх бүсэд хамаарахгүй байх тул шаардлага хангаагүй гэсэн болно. Монгол Улсын Сангийн яамны гомдол хянасан албан бичгийн 1.1-д 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр олгосон итгэмжлэлийг баталгаат орчуулгын хамт ирүүлсэн байна. Тендерийн баримт бичгийг тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.6.1-д заасан шаардлагыг хангахгүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна гээд хүчингүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл Үнэлгээний хороо энэ шийдвэрийг биелүүлэхгүйгээр дахиад шаардлага хангахгүй гэж дүгнэсэн нь энэ зарчмыг мөн л зөрчинө.

Нэхэмжлэлийн 2 дугаар шаардлага бол “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын маргаан бүхий тендерт “Ф” компанитай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон өөрийн үйл ажиллагаанд баримтлах ёстой тухайн хуульд нийцүүлж гаргасан захиргааны хэм хэмжээний акт, Захиргааны ерөнхий хуулийг баримтлахгүйгээр үндэслэлгүйгээр хууль бус шийдвэр гаргасан учраас түүнийг үндэслэж гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр мөн адил хууль бус болно.

Нэхэмжлэлийн 3 дугаар шаардлагын хувьд гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг гаргасан. “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар болон “Ф” компанийн хооронд байгуулагдсан 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн гэрээ захиргааны гэрээ юм. Захиргааны гэрээ гэж Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт “захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж өөрчилж, эсвэл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно” гэж тодорхойлсон. Монгол Улсын шүүхийн практикт уг гэрээг захиргааны гэрээ гэж үзэж байгаа. Захиргааны гэрээ илт хууль бус байх нөхцөлийг Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлээр зохицуулсан. “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар болон “Ф” компанийн хооронд 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан 5/015-24 тоот гэрээ нь илт хууль бус болох 2 тохиолдолд хамаарч байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх заалт буюу захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн тохиолдолд илт хууль бус тооцогдох энэ нөхцөлийг зөрчсөн байгаа. 2 дугаарт Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.7-д заасан илэрхий алдаатай, хор уршигтай үр дагавар бүхий гэрээ илт хууль бус байх энэ нөхцөлийг мөн адил хангаж байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай 2005 оны хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2-т энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан нь илт хууль бусад тооцохоор байгаа. Эхний шаардлагад тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр захиалагчийн шийдвэр хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчсөн талаар хангалттай тодорхой тайлбарлачихсан. Тэгэхээр “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар болон “Ф” компани нарын хооронд байгуулагдсан 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн гэрээг харах юм бол хэлбэр болоод агуулгын хувьд хуулийг дагаж мөрдөөгүй, нийтээр заавал дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж үзэхээр байгаа.

Хавтаст хэрэгт тендерийн баримт бичигт заасан гэрээний нөхцөл авагдсан. “Эрдэнэт үйлдвэр” болон “Ф” компани хооронд байгуулагдсан гэрээ авагдсан байгаа. Тендерийн баримт бичгийг батлахдаа Үнэлгээний хороо гэрээний ерөнхий нөхцөлийн 6.19 дэх хэсэгт “маргааныг Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлэх” гэж оруулсан мөртлөө “Ф” компанитай байгуулсан гэрээнийхээ 15.3-д “гэрээнээс болон гэрээтэй холбоотой үүссэн маргааныг Монголын үндэсний болон Олон Улсын арбитраар шийдвэрлүүлнэ” гээд өөрсдийн баталсан тендерийн баримт бичгээ дагаж мөрдөөгүй. Сангийн сайдын баталсан захиргааны хэм хэмжээний актыг нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдөөгүй гэж байгаа юм. Нийлүүлэгч нь гэрээнд заасан баримт бичиг нийлүүлэх, турших, тохируулга хийх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн, хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1%-тай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлөх ба алдангийн нийт дүн нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 10%-иас хэтрэхгүй байхаар заасан. Гэтэл гуравдагч этгээд болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан гэрээнд алдангийн нийт дүн гэрээний төлбөрийн үнийн дүнгийн 10%-аас хэтрэхгүй ээ гээд өөрчлөлт оруулсан. Тендерийн баримт бичигт гэрээний тусгай нөхцөлийн захиалагчийн төлөх алдангид гүйцэтгэгчид төлөх ба нийт үнийн дүнгийн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 10%-аас хэтрэхгүй байна гэдгийг мөн адил алдангийн нийт дүн гэрээний төлбөрийн дүнгийн 10%-аас хэтрэхгүй байна гээд бас өөрчлөөд оруулсан.

Тендерийн баримт бичигт байгаа гэрээний нөхцөл дээр нийлүүлэгч гэрээний дагуу дагалдах үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай ажилтан, тоног төхөөрөмж зэргийг тендерт санал болгосноор оролцуулах ба гүйцэтгэлийн явцад эдгээрт өөрчлөлт орох зайлшгүй шаардлагатай нөхцөл үүссэн бол захиалагчаас урьдчилан бичгээр зөвшөөрөл авна. Мөн гэрээний ерөнхий нөхцөлийн 2.2-т заасны дагуу өөрчлөлт оруулсан тохиолдолд захиалагчийн шаардсан техникийн туршлагын шаардлагыг хангасан байх ёстой. 6.5-д туслан гүйцэтгүүлж байгаа тохиолдолд нийлүүлэгчийн ирүүлсэн тендерт заасан илүү хувийг туслан гүйцэтгэхээр гүйцэтгүүлэхгүй байх үүрэг зэргийг тендерийн баримт бичгээр баталсан гэрээний нөхцөлдөө тусгасан мөртлөө “Ф” компанитай байгуулсан гэрээн дээр нийлүүлэгч нь гэрээт ажлаа гүйцэтгэхэд туслан гүйцэтгэгч авах шаардлагатай бол түүнтэй туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулна. Өмнөх тендерийн баримт бичигт заасан хязгаар нь байхгүй болсон. Бараг өөрөө гүйцэтгэхгүйгээр бүгдийг нь туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлсэн ч Эрдэнэт үйлдвэр маргаад юу ч олохгүй. Гэрээний 9.5-д нийлүүлэгч нь түншлэгч болон туслан гүйцэтгэгчийн ажлыг захиалагчийн өмнө хариуцна гэдэг ийм өөрчлөлтүүдийг оруулчихсан. Ийм байдлаар өмнө нь баталсан гэрээний нөхцөлийнхөө дагуу гэрээ байгуулах байтал ямар ч үндэслэлгүйгээр өөр гэрээний нөхцөлөөр гэрээ байгуулсан нь захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн буюу Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх заалтад заасан захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн бол илт хууль бус болох нөхцөлийг бүрэн хангаж байгаа.

Захиргааны гэрээ илт хууль бус болох нөхцөл буюу илэрхий алдаатай, хор уршигтай үр дагавар бүхий гэрээ болсон гэж үзэж байна. Тендерийн баримт бичигт заасан гэрээний нөхцөлд гэрээний ерөнхий нөхцөл болон гэрээний тусгай нөхцөлд Эрдэнэт үйлдвэрийн эрх ашиг илт хохирол учруулахаар зохицуулалт байхгүй. Монгол Улсын Сангийн яам боловсруулаад захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээд баталчихсан. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Ф” компанийн хооронд байгуулагдсан гэрээний 12.9-ийг харах юм бол талууд ямар ч тохиолдолд олох байсан ашиг, урьдчилсан орлого, ашиглалтын аливаа гэмтэл, хохирол, үйлдвэр хаагдсан, эсхүл үйлдвэрлэл зогссон, багассанаас үүссэн хохирол, нэмэлт тоног төхөөрөмж, байгууламж болон үйлчилгээний зардал, тоног төхөөрөмжийг суурилуулах хугацаа хоцорсонтой холбоотой шууд эсхүл шууд бусаар үүссэн хохирол, эдгээр хохирол, гэмтэл нь гэрээ, баталгаа, гэм хороос үүссэн эсэхээс үл хамааран хариуцлага хүлээхгүй буюу хариуцлагаас чөлөөлөгдөнө гээд “Ф” компани өөрийгөө хариуцлагаас чөлөөлчихөж байгаа юм. Ямар нэгэн байдлаар “Ф” компани гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргахад манайх хохирох гээд байна гэдэг асуудлыг яриад байсан. Тэр хохирол чинь бодитоор бий болоход “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ яаж ч чадахгүй. Гэрээн дээрээ “Ф” компани гэрээний хариуцлагаас чөлөөлөгдсөн юм чинь яах юм. Ийм байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг илт хохироосон, илэрхий алдаатай, хор уршигтай үр дагавар үүсгэхээр гэрээний заалтыг оруулсан учраас энэ гэрээ илт хууль бус байна.

Тендерийн баримт бичигт заасан гэрээний нөхцөлд захиалагч дараах үндэслэлийн аль нэг нь хангагдсан тохиолдолд гэрээнээс татгалзах эсхүл гэрээг цуцлах эрхтэй гэж байгаа. 4 үндэслэл дурдсан байгаа. 4 үндэслэлийг шал өөр болгоод оруулаад ирж байгаа. Талуудын хооронд байгуулагдсан 15.1-д байгаа нийлүүлэгчээс гэрээгээр хүлээсэн дараах үүргийг биелүүлээгүй тохиолдолд захиалагч талын санаачилгаар цуцална. Үүнд захиалагч өгсөн ажил эхлэх тухай бичгээр өгсөн мэдэгдлийг хүлээн авснаас хойш 28 хоногийн дотор ажлаа эхлээгүй, гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил гүйцэтгэх боломжгүй болсон гэх мэтчилэн нийлүүлэгч гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй тохиолдлыг зохицуулаад, зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдлыг хасчихсан байгаа. Тэгээд ийм байдлаар Эрдэнэт үйлдвэрт илт хохирол бүхий нөхцөлтэй гэрээ байгуулсан байна. Тендерийн баримт бичигт байгаа гэрээний ерөнхий нөхцөлийн 6.15 дахь хэсэгт дараах тохиолдолд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулна. 6.15.1 гэрээний ерөнхий нөхцөлийн 2.8-д заасны дагуу хугацаа сунгагдсан. 2 дугаарт үнийн тохируулга хийсэн тохиолдолд л нэмэлт өөрчлөлт оруулахаар байгаа. Гэтэл “Ф” компани энэ гэрээг байгуулахдаа төлбөрийн нэхэмжлэх хүргүүлснээс хойш 60 хоногийн дотор төлбөр төлөөгүй бол нийлүүлэгч нь гэрээний бүхий л үүргийн гүйцэтгэлээ зогсоож болох ба хуваарийн хугацаанд автоматаар энэ хугацаагаа сунгах эрхтэй гэж байгаа. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах нөхцөл байхгүй болчихсон байгаа.

Бас нэг ноцтой зөрчил нь тендерийн өгөгдлийн хүснэгт болоод гэрээн дээр үнийн тохируулга байхгүй, тохируулахгүй тогтмол байна гээд заачихсан байхад энийг зөрчөөд талуудын хооронд байгуулсан гэрээний 4.3-д гэрээ бүрэн хэрэгжиж дуусгавар болох хүртэлх хугацаанд гэрээний төлбөрийн хэмжээ, төлбөрийн хуваарь, энэхүү гэрээний 10 дугаар зүйлийн дагуу өөрчлөлт оруулснаас бусад тохиолдолд өөрчлөгдөхгүй гэж байгаа. Энэ заалтаар гэрээний төлбөрийн хэмжээг өөрчилнө шүү гэдэг зохицуулалтыг оруулчихаж байгаа. 4.4 дэх хэсэгт захиалагчийн тавьсан шаардлагын дагуу гэрээт ажлын үзүүлэлтийг зайлшгүй нэмэгдүүлэх тохиолдолд талууд харилцан тохиролцож холбогдох хүнд энэхүү гэрээний 10 дугаар зүйлийн дагуу нэмэлт өөрчлөлт оруулна, тухайн өөрчлөлтийг гэрээнд тусгана гэсэн. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой журмыг зөрчөөд бид нар хүсвэл төлбөрийн хэмжээг өөрчилж болно гэдэг зохицуулалтыг оруулж ирж байгаа нь Эрдэнэт үйлдвэрт одоо санал болгоод байгаа гэрээний үнийн дүнгээс давсан үнийн дүнгээр гэрээг гүйцэтгэх үүд хаалгыг нээчихсэн байгаа.

Гэрээний ерөнхий нөхцөлийн 1.1 бараа гэж нийлүүлэгчээс захиалж нийлүүлэхээр тендерт ирүүлсэн хөрөнгийг дагалдах үйлчилгээ гэж бараа нийлүүлэхтэй холбоотой угсралт, суурилуулалт, сургалт, засвар үйлчилгээ болон нийлүүлэгчийн үзүүлэлт бусад үйлчилгээг ойлгоно. Гэтэл гэрээний 11.1 тус баталгаа нь эд ангийн элэгдэл болон нийлүүлэгчийн оюуны өмчийн тоног төхөөрөмж, гуравдагч ханган нийлүүлэгчийн тоног төхөөрөмж ороогүй гээд байгаа. Энэ тендерийн баримт бичгийг батлахдаа тендерт ирүүлсэн тоног төхөөрөмжийнхөө баталгааг ирүүлчихээд байгаа мөртлөө маш олон тоног төхөөрөмждөө баталгаа өгөхгүй, эвдрэх нь бид нарын асуудал биш гэдэг байдлаар гэрээ байгуулчихсан. Энэ тохиолдолд Эрдэнэт үйлдвэр өөрийнхөө мөнгөөр л энийг худалдаж авна, өөрийнхөө хөрөнгөөр энийг засуулах асуудал гарч ирнэ. Иймд хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар болон гуравдагч этгээд компанийн хооронд байгуулагдсан 5/015-24 тоот гэрээ илт хууль бус байгаа учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.7 дахь заалтад заасны дагуу гэрээний үүргийн гүйцэтгэлийг буцаах, энэ шүүхийн шийдвэр гарснаар тэр даруй зогсоох арга хэмжээ авч шүүхийн шийдвэрт тусгаж өгөхийг хүсэж байна.

Нэхэмжлэлийн 4 дүгээр шаардлагын хувьд дээрх байдлаар нэхэмжлэгч компанийн ирүүлсэн тендер шаардлагад нийцсэн болох нь Сангийн яамны шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байхад тендерийн Үнэлгээний хороо хууль бусаар нийцээгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх тул манай компанийг шаардлагад нийцсэн гэж дүгнэх бүрэн боломжтой. Энэ тохиолдолд захиргааны байгууллагын сонгох боломж хөндөгдөхгүй. “Ф” компани тендерийг хянан үзэх шатанд тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй болохыг бид нар 1 дэх шаардлагаараа хангалттай нотолчихсон. Тэгэхээр “Ф” компанийг шалгаруулсан Үнэлгээний хорооны дүгнэлт хүчингүй болчихож байгаа учраас тендерийг хянан үзэх шатнаас шаардлага хангахгүй болчихож байгаа. 2 оролцогчоос сонгох боломж нь 0 болж байгаа учраас манай компанийн тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж дүгнэх боломжтой. Шаардлагад нийцсэн тендер гэж дүгнэгдэж байгаа учраас гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг гаргахыг даалгах бүрэн боломжтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн дүгнэлтийн дагуу анхны хурлаар тендерийн баримт бичгийг баталсан. 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр цахим системд тендерийн баримт бичиг нийтэлсэн гэдэг огноонууд гарч ирж байгаа. 2023 оны 12 сарын 1-ний өдөр тендер нээсэн. Тендерт 2 компани оролцсон. Манай компанийг шалгаруулаагүй. Үүнтэй холбогдуулаад Сангийн яам буюу захиалагчийн шийдвэрт гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргасан байдаг. Гомдолтой холбоотой Сангийн яамнаас 2024 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн дуусах хүртэл хүчинтэй байгаа цахим тендерт баталгаа ирүүлсэн байна. Тендерийн баримт бичигт заасан дээрх шаардлагыг хангахгүй байхад шаардлагад нийцсэн гэж хянасан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь хавтаст хэргийн 156 дугаар талд авагдсан. Энгийнээр тайлбарлах юм бол тендер 2023 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 9 цаг 5 минутад нээсэн. Тендер хүчинтэй хугацаа 30 хоног байдаг. Энэ хугацаа дээр бид нар 28 хоног нэмнэ гэсэн үг. Тэгэхээр нийт 58 хоног болно гэсэн үг. Гуравдагч этгээдээр оролцож байгаа “Ф” ХХК-ийн тендерийн баталгаа нь 2024 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр дууссан байх ёстой. Нотлох баримт шинжлэн судлахад 2024 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөр ирүүлсэн байгаа нь тендерийн баталгаа хангахгүй байна гээд төрийн захиргааны төв байгууллага нь дүгнэчихсэн. Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар захиргааны дээд шатны байгууллагын гаргасан шийдвэрийг тухайн байгууллага биелүүлэх ёстой. Энийг биелүүлээгүй нь хэрэгт авагдсан баримтаас харагдана.

Үнэлгээний хороо шийдвэр гаргахдаа шинэ журмаа бариад байгаа юм уу, хуучин журмаа бариад байгаа юм уу гэдгээ өөрсдөө ялгахгүй, аль нь материаллаг эрх зүй юм, аль нь процессын эрх зүйгээ ч ойлгохгүй байна. Захиргааны эрх зүйн акт нэгдмэл байх зарчмыг хангадаг, нэгдмэл байна гэдэг чинь нэг нь л зөв байна гэсэн үг. Хариуцагчийн зүгээс 2.13 дахь гэдэг заалтыг байнга ярьж байгаа. Энэ дээр оролцогчоос ирүүлсэн тендер нь энэ журмын 2.3.6-д заасны дагуу цахим системтэй холбогдох талбарт оруулсан мэдээлэлтэй зөрвөл цахим системийн мэдээллийг баримтална. Тендер анхнаасаа цахимаар явагдсан цаасан материал байхгүй. Энийг уншаад үзэх юм бол энэ дээр цаасан материал гэдэг үг байхгүй. Тэгвэл 2.3.6-д энэ журмын 2.3.5-д заасан нотлох баримт, тендерийн үнэ, тендерийн хүчинтэй байх хугацаа, санал болгосон үнийн хөнгөлөлт болон холбогдох бусад мэдээллийг цахим системд холбогдох байгууллагыг бүрэн оруулж, мэргэжлийн байгууллагад гаргасан заалтын дагуу тендерийг тоон гарын үсгээр баталгаажуулан илгээнэ гэж байгаа.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15.2 дахь хэсэгт чадавхи болон туршлагын шаардлага тавих үндэслэлийг зааж өгсөн. Цахим системээр дамжуулан шалгах боломжтой. Түүнчлэн хууль тогтоомжид зааснаар эрх бүхий байгууллагаас бүрдүүлсэн мэдээллийн санд байгаа олон нийтэд нээлттэй мэдээллийг нотлох баримтаар ирүүлэхийг оролцогчоос шаардахгүй. 2.3.4 дэх хэсэгт Сангийн сайдын тушаалаар батлагдсан бүртгэл хөтлөх, мэдээлэл батлуулах журмын дагуу цахим системд баталгаажсан чадавхи болон туршлагыг нотлох мэдээлэл, баримт бичгээс шаардлагатайг сонгож тендертэй  хамт ирүүлнэ. Бүртгэл хөтлөлтийн мэдээллийг батлуулах журмаараа ахиад тендерт оролцогчийн сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан, бараа, ажил үйлчилгээ, борлуулалтын орлогын мэдээлэл, бараа, хөрөнгө, үйлчилгээний жагсаалт, хариуцах ажилтны нэр, боловсрол мэргэжлээр тухайн компанийн ерөнхий шаардлагыг бүртгэл хөтлөх мэдээллийн санд оруулчихсан байгаа. Энэ цахимаар ирсэн материал 2 зөрөх юм бол компанийн ерөнхий мэдээллийг баримтална гэсэн заалт юм.

Тэгэхээр хариуцагчийн гол баримталж байгаа 2.13 дахь заалтыг хариуцагч нар ойлгоогүй, эсхүл ойлгохыг хүсээгүй, өөрт ашигтайгаар тайлбарлах гэж зүгээр оролдсон. 2.13 дахь хэсгийг эрх зүйн үндэслэлтэй гэж үзэх юм бол тендерийн баталгааг авсан гэдэг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн заалтын дээр нь эрх зүйн зөрчилтэй акт гарчих гээд байгаа юм. Хууль дээдлэх зарчмаараа Үндсэн хууль, ердийн хуульд нийцэж байх ёстой. Ердийн хуульд бусад эрх зүйн актад нийцэж байх ёстой. Тэгвэл хууль зөрчсөн эрх зүйн акт нь өөрөө хүчин төгөлдөр бус. Тийм болохоор хариуцагч ч гэсэн хууль дээдлэх зарчмаа ч харсан, хуульд нийцэх зарчмаа ч харсан бүгдийг нь зөрчсөн байгаа юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 2 дугаар бүлгийг харвал худалдан авах ажиллагаа нь тендер нээх, тендер хянах, тендер үнэлэх, гэрээ байгуулах гэсэн шаттай. “Ф” ХХК тендер нээхэд орсон. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт зааснаар шаардлага хангаагүй нь тендерийн баталгаа, орчуулга, тамга тэмдгээс харагдана. Тендерийг үнэлэхэд шаардлага хангаагүй компанийг хянан үзээд гэрээ байгуулчихсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани Metso брэндийг зүгээр сонгоогүй. Яагаад гэвэл уг брэнд булт нунтаглагчаар хамгийн хөгшин, хамгийн том нь буюу хамгийн урт хугацаанд дэлхийд хамгийн анхны булт нунтаглагчийн технологийг нэвтрүүлсэн. Дэлхий уг брэнд нь салбартаа тэргүүлэгч гэдэг нь туршигдсан байхад бид нар энэ байдалд эргэлзээд байх нь утгагүй гэж бодож байна.

Манай санал болгосон булт нунтаглагч цахилгааны зарцуулалт бага, хамгийн гол нь булыг чичиргээнээс хамгаалсан технологийн шийдэл бүхий нэмэлт тоноглолтой. Нэмэлт тоноглол булыг чичиргээнээс хамгаалснаар булны элэгдлийг бууруулаад туршилтын хугацааг уртасгадаг. Үнийн хувьд олон давуу талтай, чанартай, илүү технологийн шийдэлтэй бүтээгдэхүүнийг “Ф” компанийн бүтээгдэхүүнээс бага үнээр санал болгож тендерт оролцсон байдаг.

Булт нунтаглагч гэдэг тоног төхөөрөмжийн хамгийн их элэгддэг солих шаардлагатай сэлбэг нь бул байдаг. Бул нь өөрөө маш үнэтэй. Манай компанийн санал болгосон булт нунтаглагч чичиргээнээс хамгаалсан нэмэлт тоноглолтой. Нэмэлт бул нь чичиргээнээс хамгаалж байгаа учраас булныхаа элэгдлийг багасгадаг. Ингэснээр ашиглагдах хугацааг уртасгадаг.

Эрдэнэт үйлдвэрийн Үнэлгээний хороо 2 өөр үндэслэлээр тэгш бус хандсан. Нэг нүд нь байхгүй материалыг байгаа болгож хараад байдаг, нөгөө нүд нь байгаа материалыг байхгүй болгож хараад байдаг. “Ф” компани гэрээ дүгнэсэн актаа огт ирүүлээгүй байхад тодруулсан мэдээллээр нөхөж аваад тендерийн материалыг нь гүйцэд болгосон. Эрдэнэт үйлдвэрийн тендерт оролцсон 2 компанийн нэгэнд нь яагаад илтэд сайхан сэтгэлээр хандаад байгаа юм бэ. Бид нарыг ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж сэжиглэхэд хүргэж байна. Үнэлгээний хорооны 2 дугаар хурлын тэмдэглэлээс харахад Үнэлгээний хорооны гишүүн хуульч н.Пүрэв-Отгон “Байхгүй байгаа актыг нөхөж авах гээд бичиг явуулсан байна. Ирүүлээгүй зүйлийг нөхөж авна гэж байхгүй шүү” гэж хэлсэн байдаг. Энэ Үнэлгээний хорооны хуульч хууль бус гэдгийг маш сайн мэдэж, бусдадаа сануулж байсныг илтгэж байгаа чухал баримт юм. Танай хорооныхон хуульчдынхаа үгийг сонссон уу.

Үүнээс гадна “Ф” компанийн цахимаар ирүүлсэн материалыг харахад тендер зарлахаас сар гарангийн өмнө бэлтгэсэн байдаг. Бэлтгэсэн байдаг нь материал дээрх он, сараас харагддаг. Зарлагдаагүй тендер байхад тухайн мэдээллийг хаанаас олж авч бэлдээд байгаа юм бэ. Ямар далдыг харсан ажилтантай юм бэ. Болоогүй тендерийг урьдчилаад мэдээд бэлдээд байдаг. 10 дугаар сарын 26-ны өдөр тендерээ баталж, 10 дугаар сарын 30-ны өдөр зарласан байдаг. Гэтэл “Ф” компанийн ирүүлсэн материал 09 дүгээр сарын 28, 29-ний өдөр, 10 дугаар сарын 27-ны өдөр боловсруулсан бичиг баримтууд байдаг.

Сангийн яам “Ф” компанийн банкны баталгааны хүчинтэй хугацаа хүрэхгүй байхад Үнэлгээний хороо шалгаруулсныг буруу гэж үзээд хуульд нийцүүлэн дахин үнэлгээ хийхийг мэдэгдсэн. Гэтэл Эрдэнэт үйлдвэрийн Үнэлгээний хороо Сангийн яамны энэ мэдэгдлийг үл тоомсорлож, “Ф” компанийг дахин шалгаруулсан байдаг. Яагаад эрх барих дээд байгууллага болох төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Сангийн яамны шийдвэрийг үл тоон уландаа гишгэж, хууль зөрчин байж, эрх мэдлийг давуулан ашигласан шийдвэрийг гаргаад байгаа юм бэ. Энэ эрхийг та нарт хэн өгөөд байгаа юм бэ. Чанарын асуудал дээр чанартай, технологийн шийдлийг сонгоогүй. Үнийн асуудал дээр чанар, технологийн шийдэл арай дутуу бүтээгдэхүүнийг өндөр үнээр худалдан авч Эрдэнэт үйлдвэрийг хохироож шийдвэр гаргасан. Ирээдүйд гарах сэлбэгийн зардал өндөр байх эрсдэлтэй бүтээгдэхүүнийг сонгосон.

Тендерийн материалыг үнэлэхдээ илт ашиг сонирхлын зөрчил гаргаж, Үнэлгээний хороо, хорооны гишүүн хуульчийнхаа хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, тендер шалгаруулах эрх барих дээд байгууллага Сангийн яамны мэдээллийг үл тоомсорлож хууль зөрчиж шалгаруулсан шалтгаануудын улмаас бид өнөөдөр шүүхэд хандсан. Иймд манай компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргааныг дүр зургаар нь харах юм бол нэгэнт тодорхой болчихсон зүйлүүдийн талаар талууд маргаж байгаа. Гэхдээ маргахаас аргагүй нөхцөл байдал үүсчихээд байна. Нэгэнт тодорхой болсон нөхцөл байдал гэдэг нь юу гэхээр талууд маргаад Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргаж, тэр гомдлыг шийдчихсэн асуудал. Үнэлгээний хороо тэр шийдвэрийг эс биелүүлж шийдвэр гаргасан учраас өнөөдөр бид маргаад байна. Гэтэл тодорхой болчихсон зүйл нь баталгаа шаардлага хангасан уу, хангаагүй юу гэж маргах нь уу, үгүй юу гэдэг илүүц болчихоод байгаа юм. Монгол Улсын Сангийн яам гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны төв байгууллага. Энэ төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт заавал дагаж мөрдөхөөр зохицуулсан. Тэгэхээр өнөөдөр Үнэлгээний хороо Сангийн яамны шийдчихсэн шийдвэрийн дагуу “Ф” компанийг хянан үзэх шатнаас хасагдчихсан юм байна гэж үзэх ёстой байсан. Өөрөөр хэлбэл баталгаа шаардлага хангахгүй байна гээд тодорхой шийдчихсэн. Тэр шаардлага хангана гээд хянан үзсэн нь өөрөө үндэслэлгүй байна гээд тодорхой заачихсан. Баталгаа шаардлага хангана гэж хянан үзсэн нь үндэслэлгүй байна гээд заасан. Хянан үзсэн нь үндэслэлгүй байна гэдэг нь хянан үзэх шатаас хасагдах байжээ гэсэн үг. Үргэлжлүүлээд үнэлье гэдэг шийдвэр чинь одоо үлдсэн нэг компаниа шалга хянан үзээд үнэлээд яв гэдэг шийдвэр гаргасан.

Тэгэхээр төрийн яам чиг үүргийнхээ хүрээнд хянаад шийдчихсэн асуудлаар бид нар дахиж маргаж байна. Нэхэмжлэгч компани техникийн зургийг ирүүлчихсэн байна гээд шийдчихсэн байхад дахиад ирүүлээгүй байна гээд шийдчихсэн. Тэгэхээр хариуцагчийн тайлбараас харахад гэрээг бид нар юу гэж нэрлэснээс үл хамаараад гэрээний агуулга нь чухал байдаг бол өнөөдөр хариуцагч шүүх хуралдааны танхимд техникийн зураг гэж нэртэй юм байхгүй байсан учраас бид нар таамаглах юм уу гэсэн. Схем зураг гээд техникийн зургаа ирүүлснийг мэргэжлийн байгууллага буюу Сангийн яам техникийн зураг мөн байна гээд тогтоочихсон. Үнэлгээний хороо чиг үүргийг хэрэгжүүлээд энийг тодруулах ёстой байсан. Энэ чинь техникийн зураг мөн үү гэдэг асуудал. 2 дугаарт нэгэнт Сангийн яам шийдчихсэн байна. Энэ бол техникийн зураг мөн юм гээд шийдчихсэн байхад дараа нь Үнэлгээний хороо хуралдахдаа мөн үү биш үү гэж эргэлзэх шаардлага байхгүй.

Энэ маргаан дээр гэрээний асуудлыг яриад байна. Эрдэнэт үйлдвэр Монгол Улсын хууль тогтоомжийг уландаа гишгэж, огт биелүүлэхгүй байгаа нөхцөл байдал ажиглагдаж байна. “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар гээд тендерийн баримт бичгээ баталчихсан. Гэрээний төслөө бас баталчихсан байгаа. Гэтэл энэ гэрээний төслөөр яваагүй. Хуульд үгсэн тохиролцоод гэрээгээ хэн нэгний талд ашигтайгаар хийчих вий дээ, боловсруулчих вий дээ, Монгол Улсын төрд ашиггүй гэрээний төсөл боловсруулах вий дээ гэдэг үүднээс Монгол Улсын төсвийн асуудал эрхэлсэн сайд батална гэж заасан. Гэрээний стандарт нөхцөлийг яах гэж ингэж хуульд заагаад байгаа юм бэ гэхээр харилцан тохиролцоод төрд ашиггүй гэрээ байгуулчих вий дээ гээд гэрээний дарааллыг баталчихаад байна. Жишиг баримт бичгээрээ батлахдаа гэрээний ерөнхий нөхцөлийн санамж байдаг. Энэ санамж дээр ерөнхий нөхцөлд өөрчлөлт оруулахгүй, зөвхөн тусгай нөхцөлөө тохироорой гэдэг. Жишиг баримт бичигтэйгээ хамт хэм хэмжээний актаар бүртгэгддэг. Тиймээс энэ гэрээний төслөөр явах ёстой байдаг. Гэтэл энэ гэрээний төслийг хэрэглээгүй, харилцан тохиролцоод ашиггүй зохицуулалтуудыг оруулж ирээд гэрээ байгуулчихсан. Энэ гэрээ хүчин төгөлдөр бус байх хангалттай үндэслэл нь ерөөсөө л энэ байгаа юм. Гэрээтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гэхээс илүүтэй Үнэлгээний хороо тендерийн хууль тогтоомжийг огт мэддэггүй юм байна, хууль мэдэхгүй байсан юм байна, эсхүл мэдсэн ч зөрччихсөн юм байна. Гэрээтэй холбоотой хариуцагч талаас харин ч манайх ашигтайгаар оруулж өгсөн юм гэж байна. Гүйцэтгэгч компанийг хариуцлагаас чөлөөлчихөөд Эрдэнэт үйлдвэрт ашигтай юм гэдэг чинь туйлын логикгүй байна. Бид нар одоо ашигтай байсан уу, ашиггүй байсан уу гэдэг дүгнэлт хийхээс илүүтэйгээр энэ гэрээгээ бариагүй учраас ашиггүй болсон. Тендерийн баримт бичгээрээ өөрсдөө баталчихаад байгаа. Гэрээний нөхцөлтэй холбоотойгоор тендерт оролцогч компаниуд чинь зөвшөөрсөн мэдэгдэл ирүүлдэг. Тэр мэдэгдэлдээ “Ф” компанийн зүгээс зөвшөөрөхгүй байна гэдэг мэдэгдэл ирүүлчихсэн байдаг. Тэгэхээр тендерээс татгалзах үндэслэл болчихож байгаа. Бид нар энэ нөхцөлөөр гэрээ байгуулна. Энэ нөхцөлөөр гэрээ байгуулах гэж байгаа учраас энийг зөвшөөрч байна уу гэдэг мэдэгдэл шаардсан байгаа юм. Тэр мэдэгдлийг ирүүлэх юм бол энэ талаар харилцан тохиролцоно. Гэрээ байгуулахгүй гээд татгалзсан байхад нь хүлээн зөвшөөрөөд шалгаруулснаас болж энэ гэрээ харилцан тохиролцохоос аргагүй байдалд орчихсон.

 ТШЗ 23 дээр 5-р бүлгийн маягт 3-ын дагуу бэлтгэж ирүүлнэ гэж байгаа. Маягт 3 дээр эрх бүхий этгээдийн гарын үсэг, байгууллагын нэр баталгаа гаргаж байгаа этгээдийн байгууллагын нэр, түүнийг төлөөлж байгаа этгээдийн гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажсан байна. Тэгэхээр энэ загвар чинь өөрөө хэм хэмжээний акт. Тендерийн жишиг баримт бичгийн нэг хэсэг нь учраас энийг чинь яг энэ загвараар ирүүлнэ гээд хэлчихсэн. Үнэлгээний хороонд хүндрэлтэй байдлыг бий болгочихоод байгаа. Банк болгон өөр өөрийн баталгааны загвар дээр гаргаад ирнэ. Энэ тендерийн жишиг баримт бичиг дээр энэ загваруудыг чинь зааж өгөөд загварын дагуу ирүүлэхийг тодорхой заагаад өгчихсөн байгаа. Цахим тендер гэдэг нь ирүүлж байгаа материал чинь цахимаар ирүүлж байгаа. Энэ ч утгаараа Монгол Улсын Сангийн яам хэрвээ тэр системд байдаг зүйлийг чинь шалгаж болдог байсан бол тэрнийг үнэлдэг байсан бол Сангийн яам өнөөдөр баталгаа шаардлага хангахгүй байна гэдэг шийдвэр гарахгүй. Тэнд байнгын гомдол хянаад сууж байгаа хүмүүс чинь өнөөдөр системээ хянаж мэдэхгүй гэдэг асуудал байхгүй. Тэгэхээр тогтсон хүрээнд тендерийн жишиг баримт бичиг дээр заасан загварыг шаардаад ирүүлсэн загварыг чинь үнэлсэн байна. Шалгаж үзээд шаардлага хангахгүй гээд үзчихсэн.

Цахим мэдээлэл цахим системд байсан бас нэг өөр баталгааны асуудал байхгүй. Тендерийн жишиг баримт бичгийнхээ шаардлагад нийцэхгүй болчихоод байгаа. Тэр хэлбэрийн шаардлагад нь нийцэхгүй нөхцөл байдал үүсэж байгаа. Нотлох баримт шинжлэн судлах үед зарим зүйлс тодорхой болно. Нотлох баримт шинжлэн судлуулахаас өмнө энэ тендер ямар будилаантай болсон юм бэ гэдэг нь харагдана. Өөрөөр хэлэх юм бол тендерийн жишиг баримт бичиг дээр тавьсан шаардлагуудаа умартсан. Орчуулгууд нь ямар ч шаардлага хангахгүй, орчуулгын тамгагүй, хэн орчуулсан нь тодорхойгүй, гарын үсэггүй орчуулгыг Үнэлгээний хороо үнэлчихсэн. Гэтэл энэ шаардлагыг техникийн жишиг баримт бичиг дээр шалгуураа тавьчихсан байгаа. Мөн тендер ямар хэл дээр явах вэ гэдгээ мартчихсан байгаа. Уг нь монгол хэл дээр явна гээд заачихсан. Техникийн зурагтай холбоотой, мөн манайх шаардлага хангасан тендер болохыг тогтоож өгөөч гэдэг шаардлага гаргасан юм бэ гэхээр техникийн зургаа ирүүлчихсэн. Монгол Улсын Сангийн яам зургаа ирүүлчихсэн байна, хянаад үз гэхээр нь дахиад л зургаар нь татгалзсан. Техникийн зураг дээр ганцхан асуудал байгаад байна. Үнэлгээний хороо нэг бол санаатай Сангийн яамны шийдсэн асуудлыг буцаагаад байна эсхүл нэрэнд нь ач холбогдол өгчихсөн юм гэсэн. Гэтэл зураг хүрээд ирсэн байна, энийг чинь тодруулчихъя гэдэг асуудал гарч ирнэ. Ямар тохиолдолд субъектив байдлаар тодруулга аваад ямар тохиолдолд тодруулга авахгүй байгаа юм. Бүх нөхцөл байдлыг дүгнэх юм бол Үнэлгээний хороо болон захиалагчийн шийдвэрүүд хууль зөрчсөн байна гэдэг нь тендерийн баримт бичгүүдээс тодорхой харагдаад байна. Нотлох баримт шинжлэн судлахад харагдана. Хамгийн ноцтой зүйл бол гэрээний нөхцөлүүд байсан. Анхнаасаа энэ тендер гэрээ байгуулах нь хүртэл хууль зөрччихсөн.

Тодруулгын тухай асуудал яригдаж байгаа. Тендерийн жишиг баримт бичиг болон Үнэлгээний хорооны баталсан жишиг баримт бичгийн 29.1-д гуравдагч этгээдээс тодруулга авахааргүй заасан байгаа. Өөрөөр хэлэх юм бол тодруулгыг оролцогчоос авна гэж байгаа. Захиалагч тендерт оролцогчийн ирүүлсэн тендер, цахим системээр илгээсэн мэдээлэл ойлгомжгүй, тодорхойгүй, зөрчилдөөнтэй гэж үзвэл уг асуудлыг тодруулна. Харин 29.1-д зааснаар тодорхойгүй байх юм бол гуравдагч этгээдээс энэ тухай лавлагаа авах хүсэлт гаргаж болно гэсэн. Тодруулга авах байсан бол гуравдагч этгээдээс тодруулга авч болно гэх байсан. Тэгэхээр тендерийн жишиг баримт бичиг дээр гуравдагч этгээдээс лавлагаа л авна. Лавлагаа гэдэг нь төрийн эрх бүхий байгууллагаас гарч байгаа тодруулгыг хэлж байна. Тэгэхээр тендерийн жишиг баримт бичиг дээр тодруулах лавлагаа гэдгийг 29.1 дээр тодорхой ялгаад зохицуулчихсан байна.

Орчуулгын тухай асуудал дээр эргэлзээтэй гэж маргаад байгаа. Нэгэнт орчуулга дээр гарын үсэг зурна гээд тендерийн жишиг баримт бичгээрээ шаардчихсан юм чинь орчуулсан зүйл болгон дээр байхаас аргагүй гэсэн үг. Тэгэхээр орчуулга, хуудас болгон дээр гарын үсэг зурна гэдэг нь туйлын тодорхой юм. Төрийн эрх бүхий байгууллагаас зарлаж байгаа тендер дээр хариуцлагатай байх ёстой. Үнэхээр үнэн зөвийн маргаантай нөхцөл байдлыг орчуулагч өөрөө хариуцна. Тэгэхээр орчуулагч гарын үсэг зураагүй байна гэвэл яах вэ, энэ утгаар нь тендерийн жишиг баримт бичиг дээр гарын үсэгтэй байна гэдэг шалгуурыг тавиад өгчихсөн.

Техникийн зургийн тухай сая тодорхой ярилаа. Техникийн зураг урьд нь ирүүлээгүй байна гээд шийдсэн байсан. Сангийн яам техникийн схем зураг ирүүлсэн байна гээд ирүүлсэн байгаа учраас хянан үз гэчихсэн. Сүүлийн 4 дугаартай хурлын тэмдэглэлүүдийг нягталж хараасай гэж хүсэж байна. Техникийн зургийг хянан үзээгүй байдаг, өөр хоорондоо хэлэлцсэн асуудал огтхон ч байхгүй учраас нэгэнт хянан үзээгүй бол энэ нь техникийн зураг мөн юм. Хянан үзэхгүй байсан үндэслэл нь шалгуур тавиагүй учраас хянан үзэж чадахгүй байсан болов уу гэж үзэж байна. Тэгэхээр техникийн зураг мөн юм байна гэж үзэх бүрэн боломжтой.

Эцэст нь дүгнэхэд нэгэнт тогтоогдчихсон эрх бүхий байгууллагаас шийдсэн гомдлыг хянаад шийдсэн шийдвэр тендерийн баталгааг шаардлага хангахгүй гэчихсэн байхад хүчээр шаардлага хангана гээд тайлбарлаад шийдчихсэн. Орчуулгуудыг огтхон ч анхаарч үзээгүй байна. Тодруулгыг хууль зөрчиж авсан, гуравдагч этгээдээс тодруулга авах боломжгүй байсан зөвхөн лавлагаа авахаар зохицуулсан байсан. Тодруулгаар дамжуулж дутуу материалыг авсан. Эцэст нь өөрсдийнхөө гэрээг батлаад тендерээ зарласан гэрээгээрээ гэрээ байгуулаагүй, хэнд ч ойлгомжтой байхад ерөнхий нөхцөлд өөрчлөлт оруулаагүй гэдэг асуудал ярьж байна. Үнэн хэрэгтээ эхний хэдхэн хэсгийг харахад л ерөнхий нөхцөлд их хэмжээний өөрчлөлтүүд орчихсон байна. Энэ олон фактууд байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэв

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цогтгэрэл, Д.Цэрэнчимэд нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас ЭҮТӨҮГ/2023101230 дугаартай “Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын 1 дүгээр багцыг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-ээр дамжуулан олон нийтэд нээлттэйгээр 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зарлаж, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нээхэд “W” болон “Ф” ХХК-ууд цахим тендер ирүүлсэн.

Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид “хууль” гэх/, Сангийн сайдын баталсан “Тендерийн үнэлгээ заавар (маягтууд) болон холбогдох журам, тендер шалгаруулалтын баримт бичгийн шаардлага, шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлж, 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 3 дугаар хурлаас “Ф” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан “Шаардлагад нийцсэн тендер”, W”-ийн ирүүлсэн тендерийг хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дахь хэсэгт заасан “Шаардлагад нийцээгүй” гэх үнэлгээний дүгнэлт гаргасан ба холбогдох зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн.

Захиалагчаас Үнэлгээний хорооны зөвлөмжийг баталгаажуулж “Ф” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” ТБ-134-12/7683 дугаар, ‘W”-д “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ТБ-134-12/7684 дүгээр мэдэгдлийг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүргүүлсэн болно. Тендерт оролцогч “W”-аас захиалагчийн гаргасан шийдвэрийг хулээн зөвшөөрөөгүй тул хуульд заасны дагуу Сангийн яаманд гомдол гаргасан.  Сангийн яам тухайн компанийн гаргасан гомдлыг хуулийн болон “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-д заасны дагуу хянан үзэж 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03/18 дугаар “Гомдол хянасан тухай” албан бичгийг ирүүлсэн.

Тус албан бичгийн дагуу Үнэлгээний хороо дахин хуралдаж “Ф” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан “Шаардлагад нийцсэн тендер”, “W”-ийн ирүүлсэн тендерийг хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дахь хэсэгт заасан “Шаардлагад нийцээгүй” гэх үнэлгээний дүгнэлт гаргасан ба холбогдох зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн. Захиалагчаас үнэлгээний хорооны зөвлөмжийг баталгаажуулж “Ф” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай”, W”-д “Мэдэгдэл хургуулэх тухай” ГЁ-154-12/199 дүгээр мэдэгдлийг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүргүүлсэн болно.

...ТШЗ 17.2(10) нийлүүлэх тоног төхөөрөмжийн техникийн зураг, үйлдвэрлэгчийн каталог ирүүлнэ гэж заасны дагуу W”-ийн тендерт ирүүлсэн техникийн зураг шаардлага хангаагүй. Тухайн компани гомдол гаргасан хэдий ч Сангийн яамнаас тухайн баримт бичиг шаардлагад нийцсэн эсэхийг нягтлан үзэх нь зүйтэй байна гэж шийдвэрлэсэн. Улмаар Сангийн яамны бичгийн дагуу Үнэлгээний хороо дахин нягтлан үзэж өмнөх гаргасан шийдвэр дээрээ гишүүдийн олонхын санал нэгдсэн тул Үнэлгээний хорооны дүгнэлтийг гаргаж, захиалагчид зөвлөмжийг хүргүүлсэн.

...Захиалагчийн баталсан тендерийн баримт бичгийн ТШЗ 23.1-д “Цахим тендерт оролцогч тендерийн материалд цахим тендерийн баталгааг хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим систем цахим тендерийн баталгаа гаргагч эрх бүхий арилжааны банкны мэдээллийн сангаас тендерт оролцогчийн цахим тендерийн баталгааны талаарх мэдээллийг шалгана. Баталгааг цахимаар ирүүлээгүй нь энэ тендерээс татгалзах шалтгаан болно.” гэж заасан. “Ф” ХХК-ийн тендерт хавсарган ирүүлсэн Худалдаа хөгжлийн банкны 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 404DВG/23/1071... дугаартай цаасан суурьтай тендерийн баталгааны хугацаа нь тендер хүчинтэй байх хугацаанаас хойш 28 хоногийн хугацаанд буюу 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал хүчинтэй байна гэсэн байсан.

Үнэлгээний хороо нь тендерт оролцогчийн цахим тендерийн баталгааг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээс татахад “Ф” ХХК-ийн тендерийн баталгаа (банкны)-ны 4-т “Энэхүү баталгаа тендер хүчинтэй хугацаанаас хойш 28 хоногийн хугацаанд хүчинтэй байна” гэж байв (Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn -ээс тендерийн цахим баталгааг тендерийн үнэлгээ хийсэн 2023 оны 12 дугаар сарын 05, 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар татсаныг хавсаргав).  Дээрх хоёр баримт бичиг нь зөрүүтэй байсан тул Үнэлгээний хороо “цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журам /Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/248 дугаар тушаал “Шинэчилсэн найруулга”/ /Сангийн сайдын өмнө нь хэрэгжиж хүчингүй болсон журам/-ын “2.13. Оролцогчоос ирүүлсэн тендер энэ журмын 2.3.б-д заасны дагуу цахим системийн холбогдох талбарт оруулсан мэдээлэлтэй зөрвөл цахим системийн мэдээллийг баримтална.” гэж заасныг үндэслэн үнэлгээ хийж, тендерийн баталгааны хүчинтэй байх хугацаа нь шаардлага хангасан гэж дүгнэж, захиалагчид зөвлөмжийг хүргүүлсэн.

Иймд нэхэмжлэлд дурьдсан шаардлагууд нь хуульд нийцэж байгаа тул “W”-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ““W” компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Тендерийн баримт бичгийн ТШЗ 17.2 (10) дахь шалгуур үзүүлэлтийн талаар: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ТБ-134-12/7684 дугаар мэдэгдлийг “W”-д хүргүүлсэн. Уг мэдэгдэлд нэгдүгээрт тендерийн баримт бичгийн ТШЗ 17.2 (10)-т “Нийлүүлэх тоног төхөөрөмжийн техникийн зураг, үйлдвэрлэгчийн каталог ирүүлнэ.” гэж заасан. “W”-иас нийлүүлэх тоног           төхөөрөмжийн техникийн зураг ирүүлээгүй учраас татгалзсан. 

Хоёрдугаарт ТШЗ 18.6.1-д “Тендерт оролцогч нь үйлдвэрлэгчийн гэрээт борлуулагч бол үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ.” гэж заасан. “W”-иас төсөлд санал болгосон булт нунтаглагчийг дагалдах жижиг тоног төхөөрөмжид үйлдвэрлэгч эсвэл гэрээт борлуулагчийн зөвшөөрөл ирүүлээгүй нь шаардлага хангахгүй учраас оролцогчийн тендерээс татгалзсан. (Хавтаст хэргийн 2 дугаар боть, 47-р хуудас)

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03/18 дугаар “Гомдол хянасан тухай” албан бичигт “1.2. Тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.2-ын 10-т “Нийлүүлэх тоног төхөөрөмжийн техникийн зураг, үйлдвэрлэлийн каталоги ирүүлнэ” гэж заасан байна. Захиалагч “W”-ийн тендерээс нийлүүлэх тоног төхөөрөмжийн техникийн зургийг ирүүлээгүй гэж татгалзсан байна. “W”-ийн тендерт санал болгож буй тоног, төхөөрөмжийн схем зургийг ирүүлсэн байх тул тус компанийн ирүүлсэн тоног төхөөрөмжийн схем зураг нь тендерийн баримт бичигт заасан дээрх шаардлагад нийцэх эсэхийг нягтлан үзэх нь зүйтэй байна.” гэж тусгасан. (Хавтаст хэргийн 2 дугаар боть, 41 хуудас)

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ “Өөрөөр хэлбэл Сангийн яам дээрх шаардлагыг хангасан гэж шийдвэрлэсэн байхад Үнэлгээний хороо нь “нийлүүлэх тоног төхөөрөмжийн техникийн зураг, үйлдвэрлэгчийн каталоги” ирүүлээгүй гэж дахин татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна.” гэж дурджээ. (Хавтаст хэргийн 1 дүгээр боть, 2-3 хуудас) Сангийн яамны 03/18 дугаартай гомдол хянасан тухай шийдвэрт ТШЗ 17.2 10)-тай холбоотой “W”-ийн тендерт тухайн шаардлагыг хангасан баримт бичиг ирүүлсэн талаар огт дурдаагүй, оролцогчоос ирүүлсэн схем зураг нь дээрх шаардлагад нийцэх эсэхийг нягтлан үзэх нь зүйтэй болохыг захиалагчид даалгасан.  Нэхэмжлэгч талаас дээрх шалгуур, шаардлагыг хангасан талаар Сангийн яам шийдвэр гаргасан мэтээр нэхэмжлэлдээ дурдсан нь хуулиар гомдол хянан шийдвэрлэх эрх олгогдсон байгууллагаас гаргасан дүгнэлтийг илт мушгин гуйвуулж, худал тайлбарлаж байгаа нь нэхэмжлэлийн агуулга үндэслэлгүй гэж үзэхээр байна. Сангийн яамны 03/18 дугаар албан бичигт ТШЗ 17.2 (10)-ийг нягтлан үзэх талаар дурдсаны дагуу Үнэлгээний хороо 2024.01.11-ний өдрийн №04 дүгээр хурлаар авч хэлэлцээд шаардлага хангаагүй гэж дүгнэж мэдэгдэл хүргүүлсэн. (Хавтаст хэргийн боть 2, 26 хуудас)

Учир нь ТШЗ 17.2 (10)-т “Нийлүүлэх тоног төхөөрөмжийн техникийн зураг, үйлдвэрлэлийн каталоги ирүүлнэ” гэж заасан боловч нэхэмжлэгч компани нь тендерийн материалд “тоног төхөөрөмжийн схем зураг” ирүүлсэн. “W”-ийн ирүүлсэн тендерийн материалын 4 дэх file-н ху 190/ Нэхэмжлэгч компанийн ирүүлсэн тендерийн материалд буй 1 хуудас зураг нь тоног төхөөрөмжийн схем зураг гэх нэршилтэй байсан бөгөөд үүнийг Үнэлгээний хорооны зүгээс техникийн зураг байна гэж хийсвэрээр тооцон үнэлэх боломжгүй юм.

Тендерийн баримт бичгийн ТШЗ 18.6.1 дэх шалгуур үзүүлэлтийн талаар: ТБ-134-12/7684 дугаар мэдэгдлийн хоёрдугаарт ТШЗ 18.6.1-д “Тендерт оролцогч нь үйлдвэрлэгчийн гэрээт борлуулагч бол үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ.” гэж заасан. “W”-иас төсөлд санал болгосон булт нунтаглагчийг дагалдах жижиг тоног төхөөрөмжид үйлдвэрлэгч эсвэл гэрээт борлуулагчийн зөвшөөрөл ирүүлээгүй нь шаардлага хангахгүй учраас оролцогчийн тендерээс татгалзсан. Сангийн яамны гомдол хянасан тухай 03/18 дугаар албан бичигт ТШЗ 18.6.1-д заасан шаардлагыг хангаагүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй, дахин үнэлгээ хийх гэж заасны дагуу Үнэлгээний хорооны 2024.01.08-ны өдрийн №03 дугаар хурлаар ТШЗ 18.6.1-д заасан шаардлагыг хангаагүй гэж татгалзсан шийдвэрийг дахин авч хэлэлцээд дүгнэлт гаргасан. Тухайлбал Үнэлгээний хорооны дээрх хурлаар “W”-ын тендерт үйлдвэрлэгчийн итгэмжлэл олгосон БНХАУ-ын “М” компани нь Монгол улсад Меstо компанийн бүтээгдэхүүнийг нийлүүлж, чанарын болон технологийн баталгаа гаргах албан ёсны эрхтэй байгууллага мөн эсэхийг “М” ХХК-иар дамжуулан М-ийн төв компаниас тодруулах шийдвэрийг гаргасан. (Хавтаст хэргийн боть 2,39 хуудас)

Сангийн сайдын 2021 оны 103 дугаар тушаалаар баталсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журам”-ын 3.6-д “Үнэлгээний хороо тендер шалгаруулалттай холбоотой асуудлаар захиалагчаас бусад этгээдтэй бие даан харилцах, тодруулга, нэмэлт мэдээлэл гаргах эрхгүй ба шаардлагатай асуудлаар захиалагчаар дамжуулан харилцана.” гэж тодруулга авахтай холбоотой харилцааг зохицуулсан байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлаас 2024.01.09-ний өдрийн ГЁ-134-12/147 дугаар “Тодруулга хүсэх тухай” албан бичгийг “М” ХХК-д хүргүүлсэн. Уг албан бичгийн хариуд “М” компаниас “М” нь Меtsо брэндийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч бөгөөд зөвхөн Меtso төхөөрөмжийг тодорхой нутаг дэвсгэрт түгээх эрхийг олгох эрхтэй. М болон “О” ХХК-ийн хооронд 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр онцгой түгээлтийн гэрээ байгуулсан болно, тус гэрээний дагуу Мetsо-ийн бүтээгдэхүүнийг Монголд түгээх эрх бүхий цорын ганц онцгой дистрибьютер О ХХК болохыг үүгээр баталгаажуулж байна.” гэжээ. (Хавтаст хэргийн 2 боть, 32 болон 110 хуудас)

Үнэлгээний хорооны 2024.01.11-ний өдрийн №04 дүгээр хурлаар тодруулгын хариутай холбоотой асуудлыг хэлэлцээд гишүүдийн 100 хувийн саналаар тендерт оролцогч БНХАУ-ын “W” компанид үйлдвэрлэгчийн итгэмжлэл олгосон БНХАУ-ын “М” компани нь Монгол Улсад тоног төхөөрөмжийг үйлдвэрлэж нийлүүлэх зөвшөөрөл өгөх эрх бүхий компани биш гэж дүгнэжээ. (Хавтаст хэргийн боть 2, 25-29 хуудас) 

Үүний дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2024.01.12-ны өдөр ГЁ-134-12/199 дугаар мэдэгдлийн дагуу “W” компанийн ирүүлсэн тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (2005 онд батлагдсан)-ийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасны дагуу шаардлагад нийцээгүй тул 27.4 дэх заалтын дагуу татгалзсан. Өөрөөр хэлбэл БНХАУ-ын “М” компанийн олгосон үйлдвэрлэгчийн итгэмжлэлийн хүрээ нь Монгол Улс буюу төсөл хэрэгжүүлэх бүсэд хамаарахгүй байгаа тул шаардлага хангаагүй болно. (Хавтаст хэргийн боть 2, хуудас)

“W” компани үйлдвэрлэгчийн итгэмжлэл өгөх эрхгүй, бүс нутгийн хувьд үл хамаарах этгээдээс итгэмжлэл авч тендерт ирүүлсэн нь нэхэмжлэлийн агуулга үндэслэлгүй гэж үзэхээр байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/2023101230/01/01 урилгын дугаартай “Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажил”-ын багц-№-1 “Өндөр даралтын булт нунтаглагч тоног төхөөрөмж нийлүүлэх, туршилт тохируулга хийх ажил”-ын тендерийн шалгаруулалтыг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (tender.gov.mn)-д 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зарласан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т заасны дагуу тендерийн баримт бичгийг бэлтгэсэн. Тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 23.1-д “Тендерийн баталгааны дүн: Багц №1: 830,458,005 /найман зуун гучин сая дөрвөн зуун тавин найман мянга тав/ төгрөг. Хүчинтэй байх хугацаа: Тендерийн хүчинтэй хугацаанаас хойш 28 хоногийг дуустал./ Цахим тендерт оролцогч тендерийн материалд цахим тендерийн баталгааг хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим систем цахим тендерийн баталгаа гаргагч эрх бүхий арилжааны банкны мэдээллийн сангаас тендерт оролцогчийн цахим тендерийн баталгааны талаарх мэдээллийг шалгана. Баталгааг цахимаар ирүүлээгүй нь энэ тендерээс татгалзах шалтгаан болно.” гэж заасан. /Хавтаст хэргийн боть 1, хуудас 204/

ТБОНӨХБАҮХАТХуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу тендер нээхэд 2 оролцогч буюу “W”, “Ф” ХХК-иуд тендер ирүүлсэн. Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (tender.gov.mn)-ээс татагдсан тендерийн нээлтийн тэмдэглэлийн тендерийн баталгаа болон бусад гэх хэсэгт 2 оролцогч тендерийн баталгаа ирүүлсэн буюу “байгаа” гэсэн тэмдэглэгээтэй байсан. (Хавтаст хэргийн боть 2, 65 хуудас) 

Мөн ТШЗ 23.1-д заасны дагуу цахим системээс “Ф” ХХК-ийн тендерийн баталгааг татаж шалгахад шаардлага хангаж байсан. “W” компанийн нэхэмжлэлийн агуулга болон Сангийн яаманд гаргасан гомдолд “Захиалагчийн шалгаруулсан “Ф” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баталгаа нь 1 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл хүчинтэй байхаар ирүүлсэн нь тендерийн хүчинтэй хугацаанаас хойш 28 хоногийг дуустал буюу 2024 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр байх тендерийн шаардлагыг хангаагүй” гэж дурдсан. Захиалагч, үнэлгээний хорооны зүгээс тендер шалгаруулалтын баримт бичиг ТШЗ 23.1-д цахим тендерийн баталгааг хавсаргаж ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим системээс шалгах талаар тодорхой тусгасны дагуу цахим системээс татсан 2023.11.29-ний өдрийн 404DВG/23/1071... тоот Худалдаа, хөгжлийн банкнаас гаргасан “Ф” ХХК-ийн цахим тендерийн баталгаа дээр “Энэхүү баталгаа Тендер хүчинтэй байх хугацаанаас хойш 28 хоногийн хугацаанд хүчинтэй байна.” гэж заасан байсан. Ийм учраас уг тендерийн цахим баталгаа нь ТШЗ 23.1-д заасан шаардлагыг хангаж байсан. /Хавтаст хэргийн 1 дүгээр боть 154, 155 хуудас /

“Оролцогчдоос ирүүлсэн тендерийн баталгааг ТШЗ 23.1-д заасны дагуу захиалагч цахим системээс шалгана гэж заасан учраас тендерт РDF хэлбэрээр сканердаж ирүүлсэн баталгааг үнэлгээнд харгалзаж үзэх шаардлагагүй болно. Мөн Сангийн яамны гомдол хянасан тухай 03/18 дугаар албан бичигт тендер баталгаатай холбоотой асуудлыг үндэслэлгүй гэж үзсэн боловч захиалагчид хуульд нийцүүлэн дахин үнэлгээ хийхийг даалгасны дагуу Үнэлгээний хорооны 2024.01.11-ний өдрийн №04 дүгээр хурлаар авч хэлэлцээд Сангийн сайдын А/248 дугаар тушаалаар баталсан журмын 2.13 дахь заалт болон ТШЗ 23.1-д заасны дагуу цахим систем дэх мэдээллийг баримтлана гэж гишүүдийн олонхийн саналаар “Ф” ХХК-ийн цахим тендерийн баталгааг шаардлага хангаж байгаа болохыг шийдвэрлэсэн. (Хавтаст хэргийн боть 2, 27-28 хуудас)

Иймд “W” компаниас гаргасан тендерийн баталгаатай холбоотой нэхэмжлэлийн агуулга нь үндэслэлгүй гэж үзэхээр байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль “2005 онд батлагдсан”-ийн 47 дугаар зүйлд Үнэлгээний хорооны үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулсан. Тухайлбал дээрх хуулийн 47 дугаар зүйлийн 47.7, 47.8 дахь хэсгүүдэд Үнэлгээний хорооны хурал гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэрийг хүчин төгөлдөр байхаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл уг тендерийн үнэлгээний хорооны 2024.01.11-ний өдрийн №04 дүгээр хурлын гишүүдийн ирц 100 хувь (11 хүний бүрэлдэхүүнтэй)-ийн оролцоотой байсан бөгөөд шийдвэр гаргахад гишүүдийн олонхиос илүү буюу 11 гишүүний 9 нь дэмжиж шийдвэр гаргаж захиалагчид гэрээ байгуулах эрх олгох дүгнэлт хүргүүлсэн.

Үнэлгээний хороо хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан учраас нэхэмжлэгч талаас гаргасан Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах шаардлага нь үндэслэлгүй гэж үзэхээр байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж зааснаар захиргааны байгууллагаас гаргасан эрх зүйн үр дагавартай шийдвэрийг захиргааны акт гэж ойлгоно гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгчээс хууль бус болохыг тогтоолгохыг шаардсан Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 04 дугаар хурлын тэмдэглэл нь хуульд заасан Үнэлгээний хорооны үйл ажиллагааны хэлбэр болохоос захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын бие даан гаргасан шийдвэр гэж үзэх үндэслэлгүй тул дээрх хурлын тэмдэглэл нь эрх зүйн үр дагаваргүй шинжээрээ захиргааны акт биш юм.

Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаанд хамаарахгүй тул 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 04 дугаар тэмдэглэл нь хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 41 дүгээр зүйлд худалдан авах гэрээ илт хууль бус байх нөхцөлүүдийг тодорхойлсон. Дээрх зүйлд заасан 6 нөхцлийг зөрчиж гэрээ байгуулаагүй учраас нэхэмжлэгч талаас гаргасан 5/015-24 тоот гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага нь хуулийн үндэслэлгүй гэж үзэхээр байна. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагважав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Ф” компанийн  тендерийн баталгааны асуудал байгаа. “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газраас 10 дугаар сарын 30-ны өдөр зарласан булт нунтаглагч тоног төхөөрөмжийг нийлүүлэх туршилт хийх тендерт 830 сая төгрөгийн тендерийн баталгаа шаардсан. ТШЗ 23.1 дэх хэсэгт дараах байдлыг тодорхой тусгасан. “Цахим тендерт оролцогч тендерийн материал, цахим тендерийн баталгааг хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим систем, цахим тендерийн баталгаа гаргагч эрх бүхий арилжааны банкны мэдээллийн сангаас тендерт оролцогчдын цахим тендерийн баталгааны талаарх мэдээллийг шалгана. Баталгааг цахимаар ирүүлээгүй нь энэ тендерээс татгалзах шалтгаан болно” гээд Эрдэнэт үйлдвэр хариуцагчийн зүгээс цаасаар баталгаа ирүүлэх хэм хэмжээг тендер шалгаруулалтын зааварчилгаа дээр тусгаж өгөөгүй. Зөвхөн цахим тендерийн баталгааг баримтлахаар тусгаад өгчихсөн. Үүний дагуу “Ф” компаниас 830 сая төгрөгийн тендерийн баталгааг цахимаар ирүүлсэн. Ирүүлсэн баталгааг хавтаст хэрэгт хавсаргаад өгчихсөн байгаа. Энэ дээр нэхэмжлэгчийн зүгээс яриад байгаа хугацаа зөрчигдсөн асуудал огт байхгүй. Тендерийн баталгаатай холбоотой цаасан баталгаа, цахим баталгаа ирүүлсэн талаар гуравдагч этгээд өөрөө тайлбар өгөх байх. Бид нарын анх тогтоосон тендер шалгаруулалтын зааварчилгааны шалгуур үзүүлэлт болон Сангийн яамны 2023 оны 248 дугаар тушаалаар баталсан цахим системээр тендер шалгаруулалтыг зохион байгуулах журам байгаа. Энэ журмын 2.13-д цаасан болон цахим материал хоорондоо зөрчилдөх юм бол цахимыг баримтална гээд Сангийн яамнаас журмыг нь батлаад өгчихсөн. Үүний дагуу Үнэлгээний хороо тендерийн баталгаатай холбоотой асуудлыг хянан үзэж шаардлага хангаж байсан учраас дүгнэлтээ гаргаад явсан. Тендерийн цахим систем рүү орж байгаад Үнэлгээний хорооны нарийн бичиг эрхээрээ ороод цахим тендерийн баталгааг татаад нэхэмжлэгч, гуравдагч этгээд, хариуцагч, шүүгч бүгд хараад явах боломжтой. Энэ тендерийн баталгаа шаардлага хангаж байсан гэсэн үг юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26.9-д үнээс бусад асуудлаар тендерт оролцогчоос тодруулга авч болно гэсэн заалт байгаа. Зөвхөн тендерт оролцогчоос авна, бусдаас нь хориглоно гэсэн хориглолт, хязгаарлалтыг хууль тогтоогчийн зүгээс оруулж өгөөгүй. Сангийн яамны 2021 оны 103 дугаар тушаалаар баталсан Үнэлгээний хорооны үйл ажиллагааг зохицуулсан журам бий. Энэ журмын 3.6 дахь хэсэгт Үнэлгээний хороо тендер шалгаруулалттай холбоотой асуудлаар захиалагчаас бусад этгээдтэй бие даан харилцах тодруулга, нэмэлт мэдээлэл гаргах эрхгүй ба шаардлагатай асуудлаар захиалагчаар дамжуулан харилцана гээд заачихсан. Үнэлгээний хороо бусад этгээдтэй шууд өөрөө харилцсан зүйл огт байхгүй. Бүгд Найрамдах Турк Улсын Т компанитай холбоотой асуудлаар тодруулга авах албан бичгийг захиалагчаас хүргүүлсэн. Захиалагчаас хүргүүлсэн асуудалд буцаагаад энэ компаниудаас тайлбар ирүүлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйл, Сангийн сайдын 2019 онд баталсан гомдол хянан шийдвэрлэх журмын 1.3 дахь заалтад захиргааны актыг заавал биелүүлнэ гэж тайлбарлаад байна. Энэ тодруулга авсан асуудлаар Сангийн яамны 2024 оны 1 сарын 3-ны өдрийн 03/18 гомдол хянан шийдвэрлэсэн албан бичгийн 2.2 дахь хэсэгт тодруулга авсан асуудлыг хуульд нийцжээ, захиалагч үндэслэлтэй шийдвэр гаргажээ гээд бичээд өгчихсөн. Тэгээд үүний дагуу Үнэлгээний хороо ажилласан. Хууль журам, Сангийн яамнаас тодруулгатай холбоотой хууль зөрчсөн гэсэн ямар нэгэн асуудал гараагүй.

Сангийн яамны “Гомдол хянасан тухай” бичиг 2024 оны 1 сарын 3-ны өдөр ирсэн. Энэ бичгийн агуулга дээр нягтлан үз, хянан үз, бусад байдлаар агуулгууд тусгагдсан ч гэсэн захиалагч буюу “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газарт гомдол хянан шийдвэрлэх эрх бүхий байгууллагаас юуг даалгасан юм бэ гэдгийг нарийвчлан авч үзэх шаардлагатай. Сангийн яамны албан бичгийн төгсгөл хэсгийн сүүлийн хуудсан дээр тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийх үүргийг л “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газарт даалгасан. Хуульд нийцүүлэн дахин үнэлгээ хийх асуудал бол Тендерийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2 дахь хэсэгт хянан үзэх, үнэлэх, үнэлгээ хийх эрх үүрэг зөвхөн Үнэлгээний хороонд л олгогдсон. Үүний дагуу 2024 оны 1 сарын 11-ний өдөр Үнэлгээний хороо хуралдаад захиргааны акт буюу Сангийн яамны 1 сарын 3-ны өдрийн шийдвэрийг дахин үнэлгээгээ хийгээд биелүүлчихсэн, заавал биелүүлэх үүргээ биелүүлчихсэн, хэрэгжүүлсэн. Дахин үнэлгээ хийгээд гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлээ “Ф” компанид, тендерээс татгалзаж байгаа мэдэгдлээ нэхэмжлэгч компанид хүргүүлсэн. Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлд заасны дагуу биелүүлээд явсан.

Маягт 5 бөглөж ирүүлээгүй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э тодорхой хэллээ. Энэ асуудлыг Сангийн яам 1 сарын 3-ны өдрийн албан бичгийн 2.1 дэх заалт дээр хянан шийдвэрлэчихсэн. Маягт 5 ирүүлээгүй гэдэг байдлыг Сангийн яамны улсын байцаагч хянаж үзээд ирүүлсэн байна. Нэхэмжлэгч компанийн гаргасан гомдол нь үндэслэлгүй байна гээд биччихсэн. Тэгэхээр “Ф” компани маягт 5-ыг ирүүлсэн гэдгийг Үнэлгээний хороо ч тэр, Сангийн яамны улсын байцаагч нотолчихсон.

Техникийн зурагтай холбоотой асуудлыг анхнаасаа нэхэмжлэл дээрээ буруу ойлгоод буруу тайлбарлаад л яваад байгаа. Анхнаасаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тендерийн баримт бичгийг Үнэлгээний хороо хэлэлцэх явцдаа техникийн зураг шаардсан. Нэхэмжлэгч компанийн ирүүлсэн тендерийг энд нээгээд бүгд харах боломжтой. Материал дотор нь техникийн зураг гэсэн үг үсэгтэй юм нэг ч байхгүй, огт ирүүлээгүй учраас захиалагч тэрийг хийсвэрээр байна гэж ойлгоод үнэлэх ч юм уу, эсвэл энэ зургаа шинээр ирүүлээч гээд нөхөж материал авч байгаа юм шиг тодруулга авах байдлаар бид нарыг хууль хэрэгжүүлээгүй гэж хэлж байна. Гэтэл хэрэгжүүлэх боломжгүй, огт ирүүлээгүй. Техникийн зураг ирүүлнэ гэж ТШЗ-д шаардсан шаардлагад нийцсэн тендер огт ирүүлээгүй гэсэн үг.

Илт хууль бус гэрээтэй холбоотой асуудлыг 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийг барьж тайлбарлаад байна. Гэрээ 1 сарын 29-ний өдөр байгуулагдсан. Он гараад 2024 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжээд эхэлчихсэн байсан. Дагаж мөрдөх журмын тухай хууль дээр 2023 оны 6 сарын 16-ны өдөр батлагдсан. 2 дугаар зүйл дээр нь зөвхөн он дамжин зарлагдсан тендер шалгаруулалтыг 2005 оны хуулиар зохицуулна гээд тодорхой тусгачихсан. Тэгэхээр 1 сард он гараад байгуулагдсан гэрээн дээр 2005 оны хууль огт яригдахгүй. 2024 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлээд хэрэгжиж эхэлсэн тендерийн хуулийн шинэчилсэн найруулгын 41 дүгээр зүйлд 6 нөхцөлийг тусгасан байгаа. Жишээ дурдая. Энэ хуулийн 41.1.4 дэх хэсэгт энэ хуулийн 29.2-т зааснаар тендертэй танилцах эрхийг хязгаарласан гэж байгаа. Тендертэй танилцах эрхийг нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Нд бүрэн олгосон. Энэ баримт хавтаст хэрэгт хавсаргагдсан байгаа. 2 сарын 16-ны өдөр шинэчилсэн найруулгын 29.3-д заасны дагуу Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүсэлт гаргасны дагуу танилцуулчихсан. Тэгэхээр 41 дүгээр зүйлд заасан илт хууль бус гэрээнд тооцогдох нөхцөлүүдийг зөрчөөд хязгаарласан үйлдэл “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газраас байхгүй учраас бараа нийлүүлэх худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус биш гэдгийг хуулийнх нь заалттай үйл баримтаар нь тайлбарлалаа.

Улс орон нутаг, үйлдвэрийн газарт учрах хохиролтой холбоотой асуудлыг ярьж байна. Энэ асуудал өмнө нь захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх асуудлаар нэхэмжлэгч талаас хүсэлт гаргаад шийдвэрлэгдсэн. Хариуцагч талаас үндэслэл бүхий нотлох баримтууд, тооцоо судалгааг бүгдийг нь гаргаж өгсөн учраас захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэдэг асуудал яригдсан. Энэ байгуулагдсан гэрээ захиргааны гэрээ биш болохыг шүүхийн зүгээс захирамждаа дурдаад явсан. Гэрээний зүйл заалтууд гэрээтэй холбоотой асуудлуудыг ярьсан. Гэрээний 12.9 дэх заалт Эрдэнэт үйлдвэрийг хамгаалсан л заалт. “Ф” компани хэлцлийн явцад тэр заалтыг хасъя гээд байсан. Энэ чинь 2 багцтай тендер явсан. Энэ бол зөвхөн тэр булт нунтаглагч тоног төхөөрөмжийг нийлүүлэх, суурилуулах юм. Багц 2 барилгын ажлынх нь тендер одоо болтол эхлээгүй, явагдаагүй байгаа. Тэгэхээр бид нар барилгаа бариагүй байхад хугацааг нь тооцоолох боломжгүй учраас “Ф” компани бид нарт юмаа нийлүүлчхээд араас нь хохирол нэхэмжлэх вий гэдэг үүднээс тэр заалтыг бид нар тодорхой тусгаж өгсөн. Энэ бол “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын эрх ашгийг хамгаалсан заалт юм” гэв.

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюундарь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлд “захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсвэл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно” гэж заасан байдаг. Захиргааны гэрээний хамгийн гол шинж гэрээний зүйл нь нийтийн эрх зүйн хэм хэмжээ болох хууль, хэм хэмжээ тогтоосон актаар зохицуулагддаг. Өөрөөр хэлбэл гэрээнээс үүдэн гарах эрх зүйн үр дагавар нь нийтийн эрх зүйд хамаардаг гэрээг захиргааны гэрээ гэдэг. Захиргааны гэрээг хэрэглэж болох харилцаануудыг Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 2 дахь заалтад нарийвчилж тогтоож өгсөн. Үүнд төрийн алба, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, захиргааны салбарын талаар төр, хувийн хэвшлийн дотор хэрэгжүүлэхэд бусад дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг бий болгох, тогтвортой ашиглахтай холбоотой харилцаанд захиргааны гэрээг байгуулж болно гэж хуулиар нарийвчлан тусгасан байгаа. Захиргааны гэрээ нь гэрээний талуудын эрх үүрэг нь шаталсан шинжтэй, гэрээгээр зохицуулагдаж байгаа харилцаа нь нийтийн эрх ашиг сонирхолд чиглэгдсэн байдаг. Эрдэнэт үйлдвэрийн зүгээс “Ф” компанитай байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлээр зохицуулагдсан худалдах, худалдан авах гэрээ байгаа. Энийг захиргааны гэрээ гэж тайлбарлах боломжгүй. Шинэчлэн баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх заалтад худалдан авах гэрээ гэж тусгасан байгаа. Үүнийг захиргааны гэрээ гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна” гэв.

12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сангийн яамны албан бичгийг өөртөө ашигтай байдлаар тайлбарлаад байх шиг байна. Сангийн яам нягтлан үзэх нь зүйтэй гэж хэлээд байгаа. Үнэлгээний хороо Сангийн яамны ирүүлсэн албан бичгийн дагуу нягтлан үзээд ирүүлсэн схем зургийг техникийн зураг биш байна гээд татгалзсан. Техникийн зураглал гэдэг нь техникийн тодорхой мэргэжилтэй хэсэг буюу архитектур, барилгын инженер, техникийн инженер, зохион бүтээлт инженер болон загвар зохион бүтээгч, инженерийн техник стандарт дүрмийг дагасан зургийн элементүүд байж байгаа. Энэ зурсан зургийн тусламжтайгаар ямар нэгэн объектыг шууд үйлдвэрлэдэг учир энийг маш тодорхой зурж өгөх ёстой байдаг. Тэгэхээр тодорхой тусгах зүйл нь нийлүүлэх тоног төхөөрөмжийн хэмжээ, жин, бусад дагалдах тоног төхөөрөмжтэй хэрхэн уялдаж байгаа талаарх тодорхой тусгасан иж бүрэн зургийг хэлээд байгаа. Энэ 2 компанийн ирүүлсэн техникийн зургийг харьцуулж харвал нотлогдох байх. Тухайн тодорхойлолтыг үзүүлбэл эх үүсвэр нь байгаа. Монгол Улсад стандартчилаад оруулаад ирчихсэн техникийн зургийг тодорхой тусгасан байгаа юм” гэв.

13. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цогтгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өндөр даралтны булт нунтаглагч шинэ залуу технологи байгаа. Монгол Улсад анх удаа нэвтрүүлэх гэж байгаа. Энийг нэвтрүүлэхийн тулд худалдан авах тендер зохион байгуулагдсан. Түүнээс өмнө өндөр даралтын булт нунтаглагч манайд шаардлагатай юу үгүй юу гэдэг техник эдийн засгийн үндэслэл боловсруулагдаад уул уурхайн эрдэс баялгийн зөвлөл дээр хэлэлцэгдээд дэмжигдсэн. Үүний хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ худалдан авах төлөвлөгөөндөө оруулаад тендер зарлагдаад явсан. Техник эдийн засгийн үндэслэл хийсэн компани дэлхий дахинд энэ тоног төхөөрөмжийг нийлүүлж угсардаг 2 компани байна. Ингээд мэдээлэл өгсөн. Тухайн үеийн техник эдийн засгийн үндэслэл хийж байсан компани уг ажлын хэсэгт хамт оролцоод явж байсан. Тоног төхөөрөмжийн чанар стандартын хувьд ямар нэг шаардлага хангаагүй гэдэг гомдол ирээгүй. Техникийн хувьд шаардлага хангаж байна. Зургийн хувьд техникийн даалгавар дээрээ заачихсан. Техникийн тодорхойлолтын 3 дахь хэсэгт технологи тоног төхөөрөмжид тавигдах шаардлага гээд байгаа. 3.1-д үндсэн тоног төхөөрөмжүүд, 3.2-т бусад тоног төхөөрөмжид тавигдах шаардлага гэсэн байгаа. 3.1.1, 3.1.2 дахь хэсэгт туузан тэжээгүүр, өндөр даралтын булт нунтаглагч хоёр Bypass хоолойгоор холбогдсон байх ёстой. Бусад тоног төхөөрөмж дээр тоос баригч, бернажны насос, металл баригч гээд 3 тоног төхөөрөмж байгаа. Гэтэл энэ бүгд орсон зураг нэхэмжлэгч компанийн тендерийн баримт бичигт ирээгүй учраас Үнэлгээний хороо татгалзсан. Үнэлгээний хороо 11 гишүүнтэй байсан. Бүгд цуг сууж байгаад үнэлгээ хийсэн.

Дараагийн татгалзсан асуудал нь бүс нутгийн худалдааны эрхийн асуудал яригддаг. Үнэлгээний хорооны хурал дээр бас нэг яригдсан зүйл нь юу вэ гэхээр өмнө нь болж байсан кэйс байгаа юм. Эрдэнэт үйлдвэртэй Монголын компани гэрээ байгуулсан. Нөгөө компани гэрээгээ байгуулчихаад тоног төхөөрөмж сэлбэгээ нийлүүлэх асуудал удаашраад байсан. Хойноос нь юу болов гээд ярьсан чинь нөгөө Монгол компани Америкийн нэг компанийн Оросын салбараас зөвшөөрөл авсан байдаг. Гэтэл Оросын салбартаа Америк нь өгөхгүй. Танайх Монголд зарах юм байна. Манайд Монголд байдаг өөр монгол компани байдаг. Түүгээрээ зарна гээд гэрээ байгуулсан компани маань Оросын дистрибьютерээр дамжуулаад юмаа нийлүүлж чадахгүй асуудал үүсэж байсан. Ийм хүндрэл гарч байсан. Тиймээс толгой компаниас нь тодруулга авъя гэдэг асуудлыг яриад захиалагчийн зүгээс бичиг хүргүүлсэн. Монгол Улсад хэрэглэж байгаа анхны маш том шинэлэг технологи учраас тал бүрээс нь хянаж үзэж харж, харилцан зөвшилцөж явсан байдаг. Зүгээр нэг дурын компани оруулж ирээд явчихдаг юм биш. Нунтаглагч тоног төхөөрөмж байгаа юм. Эрдэнэт үйлдвэрийн уул уурхай үйлдвэр 45 жил ажиллачихсан. Уурхайн нөөц хүдрийн шинж чанарын өөрчлөлттэй холбоотой хүдрийн хатуулаг маш өндөр болсон. 2040 он гэхэд хүдрийн хатуулаг 18квт хатуурах төлөвтэй байна. Хүдрийнхээ шинж чанарыг судлаад дээжүүд аваад судалчихсан. Ирээдүйд энийг ажиллуулахын тулд одоогийн технологи хоцрогдох юм байна. Хатуурсан хүдрийг шаардлагатай хэмжээнд олборлож эрдэс металлаар ялгаж авахад хүндрэл үүсэх юм байна. Энэ хүндрэлийг арилгахад өндөр даралтын булт нунтаглагч хэрэгтэй юм байна гэдэг үндэслэлүүд баталгаажаад явж байгаа. Нийлүүлдэг 2 компанийн чанарын асуудал дээр ярих юм байхгүй. Уул уурхайн бүхий л инженер, мэргэжилтнүүд ямар нэгэн маргаан байхгүй. Нотлох баримт шинжлэн судлах үед зургийг нь харж болно” гэв.

14. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнчимэд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын стандартаар техникийн зураг гэдэг бол MNS ISO 128:1:205 гэсэн стандарт байдаг. Гол үндсэн шаардлага дотроо бүрэн төгс байх гэж байгаа. Техникийн зурагт объектыг болзолгүйгээр нарийн тодорхой үйл ажиллагаагаар төгс дүрсэлж үзүүлнэ. Энэ үйл ажиллагаа нь тохирох агуулгатай байхыг шаардана. Жишээ нь үйлдвэрлэлд деталь түүнийг тодорхой түвшинд хяналт тавьдаг. Зурагт зөвхөн тавигдах шаардлагыг заадаг бөгөөд түүнтэй холбоотой баримт бичиг нь үйлдвэрлэхэд ч гэсэн дахин нотлогддог. Нэгт масштаб хэмжээтэй байх 2-т хувилах болон хуулбарлахад нийцсэн байх, бие даасан хэлтэй байх гэсэн ийм шаардлагуудтай байдаг. Ийм шаардлага хангасан зураг нэхэмжлэгч компанийн хувьд ирээгүй байсан” гэв.

15. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Тендерийн баримт бичигт ирүүлсэн 6-9 дүгээр бүлэгт үйлдвэрлэгчийн ирүүлсэн бүх баримт бичгүүдийг үзсэн. Энэ бол өндөр өртөгтэй чанар шаардсан бараа бүтээгдэхүүн байгаа. Тоног төхөөрөмжийн техникийн санал дотор тоног төхөөрөмжийн схем зураг, технологийн үзүүлэлтийн шаардлага, тоног төхөөрөмжийн танилцуулга гэсэн зүйлийг үйлдвэрлэгчээс огт ирүүлээгүй. Схем зураг, техникийн үзүүлэлтүүдийн шаардлагууд нь хоорондоо зөрүүтэй байгаа юм. Ялангуяа барааг үйлдвэрлэгчийн нотолсон баримт бичгүүдийг ирүүлээгүй. Гол үндсэн шаардлагуудыг бичиг баримтын тухайд хангаагүй гэж үзсэн. Нотлох баримт судлах үед хариулна. Үйлдвэрлэгчээс баримт бичиг тухайн бараа бүтээгдэхүүний чанар, стандарт, схем зураг зэргийг ирүүлээгүй” гэв.

16. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Компани нь “Эрдэнэд үйлдвэр” ТӨҮГ-аас 2023 оны 10 сарын 30-ны өдөр зарлагдсан “Багц №1. Өндөр даралтын булт нунтаглагч тоног төхөөрөмж нийлүүлэх, туршилт тохируулга хийх ажил”-ыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/2023101230 дугаартай цахим тендер (Тендер)-т зохих журмын дагуу оролцож шалгарсан.

Тендер шалгаруулалтын зааварчилгаа (ТШЗ)-ний 23.1 болон Тендерийн өгөгдлийн хүснэгтэд заасны дагуу компани нь Худалдаа Хөгжлийн Банкны 404/dВG/23/1071.... дугаартай 830,458,005 төгрөгийн үнийн дүн бүхий тендерийн баталгааг 2023 оны 11 сарын 29-ний өдөр цахимаар хэлбэрээр холбогдох журмын дагуу тендерийн цахим системд оруулсан. Цахим тендерийн баталгааны 4 дэх хэсэгт “Энэхуу баталгаа Тендер хучинтэй байх хугацаанаас хойш 28 хоногийн хугаиаанд хучинтэй байна. Баталгаа гаргагч энэ хугацаанаас өмнө гэрээ байгуулсан тухай мэдэгдлийг хулээн авсан тохиолдолд баталгааг хугацаанаас өмнө хүчингуй болгож болно гэж заасан. Тендерт хүргүүлсэн цахим тендерийн баталгааг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зохих журмын дагуу шалгаж ТШЗ-д нийцсэн гэж дүгнэсэн бөгөөд энэ талаарх холбогдох баримтууд нь хэрэгт авагдсан болно. Тиймээс нэхэмжпэлд дурдсан гол асуудал болох компани нь тендерийн баталгааг 2024 оны 1 сарын 5-ний өдрийг дуустал хүчинтэй байхаар гаргаж өгсөн гэдэг нь үндэслэлгүй юм.

ТШЗ-ийн 23.1-д “Цахим тендерт оролцогч нь тендерийн баталгааг хавсарган ирүүлэх шаардлагагуй бөгөөд цахим систем цахим тендерийн баталгаа гаргагч эрх бүхий арилжааны банкны мэдээллийн сангаас тендерт оролцогчийн цахим тендерийн баталгааны талаарх мэдээллийг шалгана’’, Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/248 дугаар тушаалаар батлагдсан “Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журам” (тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан) (Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах журам)-ын 2.13 дах хэсэгт “Оролцогчоос ирүүлсэн тендер энэ журмын 2.3.6-д заасны дагуу цахим системийн холбогдох талбарт оруулсан мэдээлэлтэй зөрвөл цахим системийн мэдээллийг баримтална." гэж тус тус заасан байна. Худалдаа хөгжлийн банкнаас бичгээр гаргасан баталгаанд ямар учраас зөрүү гарсныг тус банкнаас тодруулах нь зүйтэй хэдий ч Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах журамд “зөрүү" гарвал цахим системийн мэдээллийг баримтална гэж тодорхой тусгасан байгааг тэмдэглэх нь зүйтэй юм. Тиймээс, тендерийн Үнэлгээний хорооноос цахим мэдээллийн сангаас банкны баталгааг шалгасан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Тендер зохих хууль тогтоомж, журмын дагуу явагдаж тендерийн Үнэлгээний хорооноос компанийн ирүүлсэн тендерийн саналыг “хамгийн сайн” гэж дүгнэж, компани шалгарч, талууд гэрээ байгуулсан нь хууль, журам зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

17. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Банкнаас гаргасан баталгаа хуульд нийцэхгүй, шаардлага хангахгүй гэж байна. Тендер шалгаруулалтын зааварчилгааны 23.1 дэх хэсэгт тендерийн баталгааг цахимаар ирүүлнэ, тендерийн материалд хавсаргаж ирүүлэх шаардлагагүй гэж тусгайлан заасан. Гуравдагч этгээдийн зүгээс 830 сая 458 мянган төгрөгийн баталгааг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Худалдаа хөгжлийн банкнаас гаргуулж цахимаар оруулсан. Худалдаа хөгжлийн банкнаас цахимаар тооцоо гаргасан. Тооцоо гаргасан дээр техникийн алдаа гараад 2024 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн гэсэн огноотой байсан. Сангийн сайдын 2023 оны 12 сарын 25-ны өдрийн цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах журмын 2.13 дахь хэсэгт “оролцогчоос ирүүлсэн тендер нь цахим системийн холбогдох талбарт ирүүлсэн мэдээлэлтэй зөрвөл цахим системийг баримтална” гэж заасан. Иймд цахимаар явуулсан банкны баталгааг үндэслэсэн тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй байгаа.

Дараагийн асуудал нь “Ф” компанийн ирүүлсэн материалд албан ёсны орчуулгатай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг дурдсан байна. Сангийн яамнаас нэхэмжлэгчийн гаргаад байгаа гомдлыг шалгаж үзсэн. Хажуугаар нь тендерийн материалыг бүхэлд нь харж үзсэн. “Ф” компани ямар материал ирүүлсэн тэр материал тэр чигээрээ очсон. Сангийн яамнаас орчуулгатай холбоотой тендер шалгаруулалтын зааварчилгааг зөрчсөн байна гэсэн нэг ч үг, өгүүлбэр байхгүй.

Тендер шалгаруулалтын зааварчилгаа дээр нь гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулна гэсэн. Бид ирүүлсэн материалуудын материал болгоныг багцлаад гарын үсэг зураад тамга тэмдгээр баталгаажуулчихсан, гарын үсэг нь хуудас болгон дээр зураагүй материалынхаа төгсгөлд зураад тамга дарчихсан.

“Ф” компанитай холбоотой Т гэдэг компаниас ирүүлээгүй материалыг тодруулга гэж аваад ирүүлж тендерийн материалд оруулсан мэтээр ярьж байгаа. “Ф” компани тендерийн материалын 1.3-д ижил төстэй гэрээний, захиалагчийн тодорхойлолт гэсэн хэсэгт Т гэдэг компаниас албан ёсны тодорхойлолтыг нь аваад хүргүүлсэн. Үүнтэй холбогдуулаад Үнэлгээний хорооноос захиалагчаар дамжуулаад нэмэлт тодруулга авсан. Түүнээс биш огт байхгүй материалыг тодруулах гэж аваагүй.

Нэхэмжлэгч компани болон Т компаниуд үйлдвэрлэгчийн зөвшөөрөл ирүүлсэн. Тэрийг нь тендерийн Үнэлгээний хороо үнэлээгүй. Энэ талаар гаргасан шийдвэр нь хууль бус байсан гэж байгаа. Эрдэнэт үйлдвэрээс хэд хэдэн газраас тодруулга авсан байна. 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн тодруулга дээр Metso-ийн тоног төхөөрөмжийг Монгол Улсад “Огэдэг компани борлуулалт хийх эрх авсан. 1 дүгээр сарын 16-ны өдөр мөн М компаниас Монгол Улсын нутаг дэвсгэрт цорын ганц борлуулагч мөн, оюуны өмчийг энэ компани эзэмшинэ. Энэ компанийн бүтээгдэхүүнийг борлуулахтай холбоотой мэдээллийг “О” ХХК-иас тодруул гээд тодорхой заагаад өгчихсөн. 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хэрэглэгчид зөвшөөрөгдсөн гээд байгаа компаниас ирүүлсэн Metso Т нь Metso-ийн бүтээгдэхүүнийг Хятад Улсад зөвшөөрнө. М нь мөн адилхан бусад буюу Монгол Улсад зарж борлуулна гэдэг хариуг өгсөн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь үйлдвэрлэгчээс зөвшөөрөл авахын тулд M Т биш M К-ны зөвшөөрөл авах ёстой байсан. Захиалагч хэн хаанаас зөвшөөрөл авахыг шийдэхгүй гэдэг зүйл яриад байгаа. Тэр үйлдвэрлэгчид нь өөрсдөө бүс нутгаа хуваачихсан байна. Хариуцаж байгаа бүс нутгийн компаниас нь тодорхойлолт зөвшөөрлийг нь авч орж ирэх нь зүй ёсны хэрэг. Энэ талаар Үнэлгээний хорооны хуралдаанууд дээр нэлээн дэлгэрэнгүй хэлэлцээд шийдвэрээ гаргасан гэж ойлгож байгаа.

Маягт 6-тай холбоотой ижил төстэй бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн гэрээнийхээ үнийн дүнг бичээгүй байна. Маягт 7 дээр үнийн дүн нь байхгүй байна гэдэг зүйл ярьсан байгаа. Бараа бүтээгдэхүүний мэдээлэл гээд хүснэгт байгаа. Тэр дунд ямар бараа бүтээгдэхүүн дээр ямар үнийн дүнтэй гэдэг жагсаалт нь хэрэгт хавсаргасан байгаа.

Нэхэмжлэгчээс тендерийн баталгааг ярилаа, гарын үсгийг ярилаа, за гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан байна гэдэг зүйл ярилаа. Өөрийнхөө материалаас нэг ч зүйлийг манайх ийм учраас бэлэн шүү гэсэн нэг ч тайлбар хэлж чадсангүй ээ л гэж харж байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

18. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тоног төхөөрөмж, технологийн талаар нэхэмжлэлдээ ганцхан төрлийн тоног төхөөрөмж байгаа мэт зүйл ярьж байна. Энэ бол 160 тэрбумын багц том тендер байгаа. Дотроо 51 ширхэг бодит тоног төхөөрөмж байгаа. Үүн дотор өндөр даралтын 2 ширхэг бутлуур, түүнийг тэжээгч туузан тэжээгч, тоос сорогч, урсгуурчууд, насос, 45 жил ажилласан бутлахын 1 дүгээр шугамын иж бүрэн автоматжуулалтын шийдэл, удирдлагын кабинет, оролт гаралтын модулийн 10 ширхэг кабинет, бутлах хэсгийн цахилгаан хангамж иж бүрэн, хуваарилах байгууламж 2 ширхэг, цахилгааны трансформатор 2 ширхэг металл мэдрэгч 2 ширхэг, хаягдал төмрийн соронз 1 ширхэг гээд бүх дурдсан тоноглол байгаа. Эрдэнэт үйлдвэр энэ технологиор жилийн 22.5 сая тонн хүдэр боловсруулах үйлдвэрийн даалгаврын дагуу зохион бүтээгддэг инженерчлэл хийгддэг цогц төсөл байгаа. Хоорондоо уялдаа холбоотой ажилладаг. Аль нэг нь доголдоход түүний дараах тоноглолоор ажиллалаа гэж бодоход технологийн чанар хангахгүй бүтээгдэхүүн гаргах, үлдэгдэл хорогдолд нөлөөлөх холбоотой байдаг. Үүний ард маш том инженерчлэл явж байдаг. Маш их хариуцлага явж байдаг. Чанарын асуудал бол яг л адилхан. Яг харах юм бол бид нарын санал болгосон тоног төхөөрөмж Германы групп. Бүтээгдэхүүн нь дэлхий даяар 150 гаран ширхэг борлуулагдчихсан. Өмнөд Америкийн хамгийн том ордтой, хамгийн олон уурхайтай уурхайнуудад ажиллаж байгаа. Чанарын хувьд сайн гэдгийг хаана ч хэлж чадна. Хэрэглэгчид дэлхий даяар батална. Бид нар зөвхөн хоёрхон тоног төхөөрөмжийг ярьж яваагүй. Багц байгаа гэдгийг хэлье. Өнөөдрийн байдлаар бид нар гэрээний хүрээнд 42 тэрбум төгрөгийг бол аваад төслийг гүйцэтгэлийн хуваарийн дагуу 51 төрлийн тоног төхөөрөмжийн захиалгыг гаргасан” гэв.

19. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сангийн яамны гомдлыг хянан шийдвэрлэсэн нэг шийдвэр хавтаст хэрэгт байгаа. Энийгээ биднийг тендерт ялчихсан гэдгийг тодорхойлчихсон гээд улам лавшруулахын тулд тоног төхөөрөмжийн техникийн зураг, за үйлдвэрлэлийн каталог байгаа гэдгийг Сангийн яам тогтоочихсон гэдэг. Сангийн яам бол мөн биш гэдгийг тогтоодог мэргэжлийн байгууллага буюу тусгай мэдлэгтэй этгээд биш гэдэг нь тодорхой. Үүнийг Эрдэнэт үйлдвэрийн тендерийн Үнэлгээний хороо, ерөнхий инженерээс өөр хүн яагаад ч тогтоох боломжгүй.

Гуравдагч этгээд, хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээ байгаа. Энэ гэрээг хүчингүй болгохдоо нэг үндэслэлүүд яриад байна. Гэрээнийх нь дотор байгаа зүйл заалтуудыг л яриад байна. Энэ гэрээний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн асуудал байхгүй. Тэгээд яг ийм үндэслэл хэлж байгаа бол гэрээг хууль бус хүчингүй болгох талаар нэхэмжлэл гаргах эрх нэхэмжлэгчид огт байхгүй. Өөрөөр хэлбэл тэр гэрээний заалтууд улс оронд буюу эсвэл Эрдэнэт үйлдвэрт ямар нэгэн хохиролтой асуудал байгаа бол мэргэжлийн байгууллага нь тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр тогтоох ёстой. Дараа нь яагаад энэ зүйл заалтыг оруулсан гэдэг дээр хариуцлага хүлээх этгээдүүд хариуцлага тооцох этгээдүүд нь ч гэсэн өөр шүү дээ. Яг энэ гэрээний зүйл заалтаас болоод нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ямар ашиг сонирхол зөрчигдөөд байгаа юм.

Анх тендер нээгдэхэд тендерийн материалдаа техникийн зургаа өгчихсөн бол өнөөдрийн маргаан гарахгүй байсан. Гэхдээ харамсалтай нь ярьсан хэлсэн зүйл нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, бусад баримтуудаар тогтоогдсонгүй. Тоног төхөөрөмжийнх нь талаар асуухаар мэдэхгүй, хариулахгүй, хэлэх боломжгүй гээд бултаад байна. Нэхэмжлэгч тухайн тендерт ялах ямар ч боломжгүй байсан гэдгийг нотолж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4-д талууд үнэн зөв тайлбар, мэдүүлэг гаргах үүрэгтэй. Энэ талаар асуухаар хэлэхгүй, мэдэхгүй гэдэг.

Тодруулгыг гадаад хэлээр явуулсан гээд ач холбогдол өгөөд байна. Гадаад хүнтэй улстай гадаад хэлээр ярина. Тэд нар чинь монгол хэл мэдэхгүй. Захиалагч гадаад хэлээр бусад газрууд руу гадаад хэлээр мэйлээ явуулахаар гадаад хэлээр мэйл буцаад ирж байгаа. Эндээ орчуулаад хавтаст хэрэгт хийж байна. Энийг өөрөөр яаж ч ойлгогдож болохгүй.

Нэхэмжлэгч талын өмгөөлөгчийн хэлээд байгаагаар гэрээг илт хууль бус болохыг тогтоох гээд энийгээ үндэслээд тайлбарлахдаа илэрхий алдаатай, хор уршигтай үр дагавар бүхий гээд байгаа юм. Эрдэнэт үйлдвэр нийтийн ашиг сонирхол Монгол Улсад ийм хэмжээний хор уршиг үүсэх юм байна. Орчуулагч гарын үсэг зураагүй, тамгыг нь дараагүй зураг оруулсан гэх зүйлийг маш олон ярилаа. Яг өнөөдрийн байдлаар энэ гарын үсэг, тамга тэмдэгтэй холбоотой хууль бус гээд тогтоочихсон эрх бүхий албан тушаалтны ямар нэгэн шийдвэр байхгүй. Тендер зарлахад энийг хийж чадах 2 компани л дэлхийд байгаа. Энэ хоёрын материалыг аваад аль сайн гэж үзсэнийгээ л тендерт ялуулсан байх шиг байна.

Сангийн яамны нэг шийдвэр байх шиг байгаа юм. 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн гомдол байгаа. Сангийн яамны зүгээс 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн тоот хариу өгсөн. Маргаж буй асуудлаар сүүлд гарсан 2 гомдол нэг хариу гараад ирсэн. Тэгэхээр 2024 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн Сангийн яамны шийдвэр энэ хэрэгт ямар ч ач холбогдолгүй болчихсон. Энэ ач холбогдолгүй зүйлийг яриад бид ялах ёстой байсан гэдэг асуудал яриад байгаа нь үндэслэлгүй.

Хариуцагч талын гаргасан шийдвэрийг зөв гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал маргаж буй тендерт оролцох эрхгүй этгээд байсан. Нэхэмжлэгчийн өөрийнх нь сонгож аваад байгаа үйлдвэрлэгч компани гадаад нэртэй компани байсан. Бүс нутгаа хуваагаад эрх бүхий этгээдэд оноож өгч байгаа. Нэхэмжлэгчийг Монгол Улсад тоног төхөөрөмж нийлүүлж болохгүй гээд хатуу хязгаар тогтоогоод өгчихсөн. Энэ бол олон улсын бизнесийн эрх зүйн зарчим. Казахстан улсад үйл ажиллагаа явуулдаг манайд нэг салбар байгаа, тэр нь зөвхөн Монгол Улсад нийлүүлнэ, та нар болохгүй гэдэг ийм л асуудал байгаа. Хавтаст хэрэгт авагдсан материалаар энэ нь хангалттай тогтоогдож байгаа. Энэ тохиолдолд нэхэмжлэгч тухайн тендерт ялах ямар ч боломжгүй, оролцох эрх ч үгүй байсан. Хариуцагчийн гаргасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байгаа.

Тендерийн баримт бичигт тоног төхөөрөмжийн техникийн зураг, үйлдвэрлэлийн каталог байх ёстой гэсэн. Тоног төхөөрөмжийн техникийн зураг, үйлдвэрлэлийн каталог гэдэг бол техник тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг дэлхийн аль ч улс орны инженер техникийн ажилтан шууд ойлгоно. Тэгэхээр өөрөөр ойлгох ямар ч боломжгүй. Энгийн ойлгомжтой тайлбарлах шаардлагагүй нөхцөл байдал, үйл явдал юм. Ийм асуудлууд байж болохгүй. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл байхгүй. Тийм учраас бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Сая компанийн төлөөлөгч тодорхой хэмжээний мөнгө шилжсэн талаар хэлсэн. 46%-ийн гүйцэтгэлтэй болчихсон. Тухайн тоног төхөөрөмжийг нийлүүлж чадах компанийг сонгосон гэдэг нь тендер зарласнаас хойших үйл явдал нотолж байгаа. Ингээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэг. Нэхэмжлэлийн шаардлагын талаар:

            1.1. Нэхэмжлэгч “W”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд  холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн ЭҮТӨҮГ/2023101230 дугаар бүхий тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/2023101230 дугаар бүхий “Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажил”-ын багц №1, “Өндөр даралтын булт нунтаглагчийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, туршилт тохируулга хийх ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 04 дугаар хурлын тэмдэглэл (үнэлгээний хорооны дүгнэлт)-ийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”,

            ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/2023101230 дугаар бүхий “Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажил”-ын гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерт “Ф” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах”,

            ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/2023101230 дугаар бүхий “Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн багц №1, “Өндөр даралтын булт нунтаглагчийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, туршилт тохируулга хийх ажил”-д ““W”-ийн ирүүлсэн тендер шаардлагад нийцсэн гэж дүгнэж, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг анх шүүхэд гаргаса

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн ЭҮТӨҮГ/2023101230 дугаар бүхий тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/2023101230 дугаар бүхий “Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажил”-ын багц №1, “Өндөр даралтын булт нунтаглагчийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, туршилт тохируулга хийх ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 04 дугаар хурлын тэмдэглэл (үнэлгээний хорооны дүгнэлт)-ийг хууль бус байсан болохыг тогтоолгох”; 

            ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/2023101230 дугаар бүхий “Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажил”-ын гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерт “Ф” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох”;

            ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Ф” ХХК нарын хооронд 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан №5/015-24 тоот гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох”;

            ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/2023101230 дугаар бүхий “Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн багц №1, “Өндөр даралтын булт нунтаглагчийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, туршилт тохируулга хийх ажил”-д “W”-ийн ирүүлсэн тендер шаардлагад нийцсэн гэж дүгнэж, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг даалгах” гэж өөрчилсөн бөгөөд шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж мэтгэлцсэн.

            Хоёр: Хэргийн үйл баримтын талаар:

            2.1. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/703 дугаар тушаалаар “Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажил” /ЭҮТӨҮГ/2023101230/ гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороог байгуулсан бөгөөд уг Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дор дурдсан чиг үүрэгтэй байна” гэж зааснаар тухайн тендер гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах чиг үүрэгтэйгээр байгуулагдсан байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагджээ. /III хавтаст хэргийн 214-215 дахь тал/

            2.2. Захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажил”-ын техникийн даалгаврыг баталж, “Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажил” /ЭҮТӨҮГ/2023101230/ гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороо нь 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар тендерийн баримт бичгийг хэлэлцэн цахим систем буюу www.tender.gov.mn сайтад тендерийг нийтлэхээр шийдвэрлэсэн. /I хавтаст хэргийн 170-249 дэх тал, III хавтаст хэргийн 72-95 дахь тал/

            2.3. Цахим тендерт “W”, “Ф” ХХК-иуд нь цахимаар тендерээ ирүүлсэн бөгөөд тендерийн Үнэлгээний хороо 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хуралдаж, 01 дугаартай тэмдэглэлээр “Ф” ХХК-аас БНТУ-ын “Т” компанитай байгуулсан “Бутлан шигших үйлдвэрийн багц төхөөрөмжийг суурилуулах, ашиглалтад оруулах ажил”-ыг хүлээлгэн өгсөн акт байгаа эсэх, нийлүүлсэн барааны чанар, гэрээнд заасан хугацаандаа бараагаа нийлүүлсэн байдлын талаар тодруулахаар шийдвэрлэжээ. /II хавтаст хэргийн 56-70 дахь тал/

            2.4. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ТБ-134-12/7530 дугаартай “Тодруулга хүсэх тухай” албан бичгийг “Ф” ХХК-д хүргүүлж, хариуг хүлээн авч тендерийн Үнэлгээний хороо 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хуралдаж, Үнэлгээний хорооны 02 дугаартай дүгнэлтээр “W”-ийн ирүүлсэн тендерээс татгалзаж, “Ф” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн гэж үзэж, гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн. /II хавтаст хэргийн 49-51, 54 дэх тал/

            2.5. Захиалагчаас Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн тендерт оролцогч “W”-д 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ТБ-134-12/7684 дугаартай тендерт шалгараагүй тухай мэдэгдлийг, “Ф” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 134-12/7683 дугаартай мэдэгдлийг тус тус хүргүүлсэн. /I хавтаст хэргийн 45 дахь тал/

            2.6. Дээрх Үнэлгээний хорооны шийдвэр болон захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч “W” нь Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яам гомдлыг хянан үзээд 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03/18 дугаартай “Гомдол хянасан тухай” шийдвэрээр захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл болон “W”-ийн тендерээс татгалзсан мэдэгдлүүдийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийх шийдвэр гаргасан. /I хавтаст хэргийн 48-53 дахь тал/

            2.7. Тендерийн Үнэлгээний хороо Сангийн яамны шийдвэрийн дагуу 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хуралдаж, 03 дугаартай тэмдэглэлээр  “М”-аас БНХАУ-ын “М” компани нь Монгол Улсад Metso компанийн бүтээгдэхүүн нийлүүлж, чанарын болон технологийн баталгаа гаргах албан ёсны эрхтэй эсэхийг тодруулахаар шийдвэрлэсэн.  /II хавтаст хэргийн 33-39 дэх тал/

            2.8. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ГЁ-134-12/147 дугаартай “Тодруулга хүсэх тухай” албан бичгийг “М” ХХК-д хүргүүлж, тус компаниас “Metso-ийн бүтээгдэхүүнийг Монгол Улсад түгээх эрх бүхий цорын ганц онцгой дистрибьютер нь “О ХХК гэсэн мэдэгдлийг хүлээн авч, тендерийн Үнэлгээний хороо 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр дахин хуралдаж, Үнэлгээний хорооны 04 дугаартай дүгнэлтээр “W”-ийн ирүүлсэн тендерээс татгалзаж, “Ф” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн гэж үзэж, гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлжээ. /II хавтаст хэргийн 25-32 дахь тал, III хавтаст хэргийн 55-57 дугараа хуудас/

            2.9. Захиалагчаас Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн тендерт оролцогч “W”-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж заасныг үндэслэн тендерт шалгараагүй тухай 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ГЁ-154-12/199 дугаартай мэдэгдлийг, “Ф” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 2024 оны 01 дугаар сарын 12-ны өдрийн ГЁ-134-12/200 дугаартай мэдэгдлийг тус тус хүргүүлсэн. /I хавтаст хэргийн 46-47, II хавтаст хэргийн 136 дахь тал/

            2.10. Дээрх Үнэлгээний хорооны шийдвэр болон захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч “W” нь Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яам өмнө шийвэрлэсэн асуудлаар гаргасан гомдлыг дахин хянахгүй гэж 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 03/408 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийг “W”-д хүргүүлсэн үйл баримтууд тогтоогдлоо. /I хавтаст хэргийн 54-57 дахь тал/

            3. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар:          

            3.1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Нэг. ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/2023101230 дугаар бүхий “Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажил”-ын багц №1, “Өндөр даралтын булт нунтаглагчийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, туршилт тохируулга хийх ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 04 дугаар хурлын тэмдэглэл (үнэлгээний хорооны дүгнэлт)-ийг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн тухайд:

            3.2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн Хоёрдугаар бүлгээр  худалдан авах ажиллагааны хэд хэдэн үе шатууд /тендер нээх, тендер хянан үзэх, тендерийг үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох/-ыг зохицуулсан бөгөөд тухайлбал, хуулийн 27 дугаар зүйлд “Тендерийг хянан үзэх”, ийнхүү тендерийг хянан үзээд мөн хуулийн 27.3-т зааснаар тухайн тендер шаардлагад нийцсэн тохиолдолд дараагийн буюу хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан “Тендер үнэлэх”,  29 дүгээр зүйлийн 29.1-д заасан “Гэрээ байгуулах эрх олгох” зэрэг тендерийн бусад шат дараалсан ажиллагаанууд хийгдэхээр хуульд зохицуулсан.

            3.3. “Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажил”-ын багц №1, “Өндөр даралтын булт нунтаглагчийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, туршилт тохируулга хийх ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана”, 12.2-т “Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана” гэж тус тус зааснаар батлагдсан хүчин төгөлдөр тендерийн баримт бичгийн дагуу тендер сонгон шалгаруулалтыг явуулжээ. / I хавтаст хэргийн 170-249 дэх тал, III хавтаст хэргийн 72-95 дахь тал/

            3.4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д “Тендерийн баримт бичиг” гэж захиалагчаас тендерт оролцогчдод зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг ойлгохоор заасан бөгөөд тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/, тендерийн өгөгдлийн хүснэгт /ТӨХ/, техникийн тодорхойлолт, тавигдах шаардлага, түүнд заасан маягтууд бүхэлдээ тендерийн баримт бичгийн бүрдэл хэсэгт хамаарна. Иймд тендерийн Үнэлгээний хороо нь хүчин төгөлдөр тендерийн баримт бичгийн хүрээнд тендерт оролцогчдын ирүүлсэн тендерийг хянан үзэж, үнэлгээ хийсэн байна.

            3.5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т “Тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгнө” гэж зааснаар Үнэлгээний хороо нь тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид хүргүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэн мөн хуулийн 47 дугаар 47.7-д “Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид “үнэлгээний дүгнэлт” гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна” гэж зааснаар 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 04 дугаартай хуралдааны тэмдэглэлээр “W”-ийн ирүүлсэн тендерээс татгалзаж, “Ф” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлага хангасан гэж үзэж, гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлжээ.

3.6. Үнэлгээний хорооны 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 04 дугаартай хуралдааны тэмдэглэл /Үнэлгээний дүгнэлт/ нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж зааснаар захирамжилсан, заавал биелэгдэх шинжтэй, эрх зүйн шууд үр дагавар бүхий бичгээр гаргасан захиргааны актад хамаарна.

            3.7. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ: 27.1.1.энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага; 27.1.2.техникийн тодорхойлолт; 27.1.3.тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага” гэж зааснаар “Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажил”-ын багц №1, “Өндөр даралтын булт нунтаглагчийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, туршилт тохируулга хийх ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг Үнэлгээний хороо хянан үзэж, “W”-ийн ирүүлсэн тендерээс татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, тендерийн баримт бичигт тавигдах нөхцөл шаардлагын дагуу тендерийг хянан үзсэн байна.

3.8. Тендерийн Үнэлгээний хорооны  2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 04 дугаар үнэлгээний дүгнэлтийг үндэслэн захиалагчийн “W”-д хүргүүлсэн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ГЁ-154-12/199 дугаартай мэдэгдэлд Тендерийн баримт бичгийн ТШЗ 17.2 /10/-д “Нийлүүлэх тоног төхөөрөмжийн техникийн зураг, үйлдвэрлэгчийн катологи ирүүлнэ”, ТШЗ 18.6.1-д “Тендерт оролцогч нь үйлдвэрлэгч бол нотлох баримтыг ирүүлнэ. Тендерт оролцогч нь үйлдвэрлэгчийн гэрээт борлуулагч бол үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ” гэж заасан нөхцөл шаардлагуудыг хангаагүй гэжээ.

            3.9. Нэхэмжлэгчээс “Манай компани нь схем зургийг ирүүлсэн. Тендерийн баримт бичигт ямар шаардлага хангасан бол техникийн зураг гэж тооцогдох талаар тусгаагүй” гэж, хариуцагчаас “техникийн зураг гэдэг нь мэргэжлийн инженер техникийн ажилтнууд тодорхой мэддэг ойлголт, уг зураг нь Монгол Улсын хувьд стандартаар батлагдсан, нийлүүлэх тоног төхөөрөмжийн хэмжээ, жин, бусад дагалдах хэрэгсэлтэй хэрхэн уялдах талаар тусгасан иж бүрэн зураг байдаг. Нэхэмжлэгч нь ийм зураг огт ирүүлээгүй” гэж тус тус маргав.

            3.10. “W”-ийн ирүүлсэн тендерийн материалын техникийн саналд ирүүлсэн “Тоног төхөөрөмжийн схем зураг” нь техникийн зураг биш, техникийн зургийг ирүүлээгүй гэх хариуцагчийн тайлбар, захиргааны акт үндэслэлтэй байна. Тус компанийн ирүүлсэн тендерийн баримт бичигт “техникийн зураг” гэсэн тусгай шаардлага бүхий зураг ирээгүй болох нь тендерийн баримт бичигт ирүүлсэн “Тоног төхөөрөмжийн техникийн санал” гэсэн цахим баримтуудаас тогтоогдож байна. /CD баримт, “W”-ийн 4 дэх хавтас/

            3.11. Монгол Улсын MNS ISO-1:2005 гэсэн стандартын дагуу техникийн зургийг гүйцэтгэх ерөнхий дүрэм, стандарт, нэрийг тогтоосон байх ба уг стандартаар техникийн зурагт схем зураг хамаарах талаар заагаагүй, нэхэмжлэгч нь энэхүү стандартын дагуу үйлдсэн техникийн зураг ирүүлээгүй байх тул “техникийн зураг нь стандарт шаардлагын дагуу боловсруулсан цогц мэдээлэл агуулсан зураг байна” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна. Мөн Монгол Улсад техникийн зураг үйлдэх стандартыг тогтоосон байх тул “тендерийн баримт бичигт ямар шаардлага хангасан бол техникийн зураг гэж тооцогдох талаар тусгаагүй” гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй байна.

            3.12. Нэхэмжлэгчээс “Сангийн яам схем зургийг ирүүлсэн гэж дүгнэсэн” гэж, хариуцагч “Тендерийн баримт бичигт техникийн зураг шаардсан, уг зургийг огт ирүүлээгүй, Сангийн яам “дахин хянан үз” гэсэн” гэж маргасан.

            3.13. Сангийн яамны 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03/18 дугаартай “Гомдол хянасан тухай” шийдвэрт “...тоног төхөөрөмжийн схем зургийг ирүүлсэн байх тул компанийн ирүүлсэн тоног төхөөрөмжийн схем зураг нь тендерийн баримт бичигт заасан дээрх шаардлагад нийцэх эсэхийг хянан үзэх нь зүйтэй” гэснээс дүгнэвэл ““W”-ийн ирүүлсэн тоног төхөөрөмжийн схем зураг нь тендерийн баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг тендерийн Үнэлгээний хороо хянан үзэхээр байна. Тэрнээс Сангийн яамны шийдвэрээр техникийн зургийг ирүүлсэн гэж дүгнээгүй байна.

            3.14. Нэхэмжлэгчээс “Үнэлгээний хороо нь Сангийн яамны шийдвэрийн дагуу схем зургийг хянан үзэж, хэлэлцэж шийдвэрлээгүй” гэж маргаж байгаа бөгөөд Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 04 дугаар тэмдэглэлд “өмнө энэ асуудлыг ярьчихсан...шаардлага хангаагүй гэж үзсэн” гэсэн гишүүдийн санал гарч “W”-ийн тендерээс таталзсан байна.

            3.15. Мөн хариуцагчаас “W”-ийн ирүүлсэн үйлдвэрлэгчийн итгэмжлэлийн үйлчлэх хүрээ нь төсөл хэрэгжүүлэх бүсэд хамаарахгүй, “М” компани нь тоног төхөөрөмж үйлдвэрлэгч бөгөөд тодорхой бүс нутагт түгээх эрхийг олгодог, Монгол Улсад Mesto-ийн бүтээгдэхүүнийг “О” ХХК түгээх эрхтэй” гэж маргасан бөгөөд уг үндэслэлээр тендерийн баримт бичгийн ТШЗ 18.6.1-д заасан шаардлагыг хангаагүй гэж тендерээс татгалзаж шийдвэрлэсэн.  

            3.16. “Mesto”-ийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нь “М” компани болох нь хэргийн оролцогчдын тайлбар, захиалагчийн энэ талаар эрх бүхий хуулийн этгээдүүдээс авсан “М” компани нь тоног төхөөрөмж үйлдвэрлэгч бөгөөд тодорхой бүс нутагт түгээх эрхийг олгодог, Монгол Улсад Mesto-ийн бүтээгдэхүүнийг “О” ХХК түгээх эрхтэй, мөн Mesto-ийн бүтээгдэхүүнийг түгээх бүсийн талаарх мэдээлэл зэргээр тогтоогдож байх тул “М” компанийн үйлдвэрлэгчийн итгэмжлэлийг тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн Үнэлгээний хорооны дүгнэлт, захилагчийн шийдвэр үндэслэлтэй болжээ. /CD баримт 3 дахь хавтас 187-188 дахь тал, хавтаст хэргийн 55-71 дэх тал/

            3.17. Нэхэмжлэгчээс “Сангийн яамны 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03/18 дугаартай “Гомдол хянасан тухай” шийдвэрт үйлдвэрлэгчийн итгэмжлэлийг орчуулгын хамт ирүүлсэн гэсэн байхад дээд шатны байгууллагын шийдвэрийг биелүүлээгүй, дахин энэ үндэслэлээр татгалзсан” гэж маргасан.

            3.18. Тендерийн Үнэлгээний хороо Сангийн яамны шийдвэрийн дагуу 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хуралдаж, 03 дугаартай тэмдэглэлээр  “М”-аас БНХАУ-ын “М” компани нь Монгол Улсад Metso компанийн бүтээгдэхүүн нийлүүлж, чанарын болон технологийн баталгаа гаргах албан ёсны эрхтэй эсэхийг тодруулахаар шийдвэрлэж,  “Metso-ийн бүтээгдэхүүнийг Монгол Улсад түгээх эрх бүхий цорын ганц онцгой дистрибьютер нь “О” ХХК” гэсэн мэдэгдлийг хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр дахин хуралдаж, Үнэлгээний хорооны 04 дугаартай дүгнэлтээр “W”-ийн ирүүлсэн үйлдвэрлэгчийн итгэмжлэл шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гаргажээ.

            3.19. Нэхэмжлэгчээс “Тодруулгыг тендерт оролцогчоос авах байтал өөр бусад этгээдээс авсан нь хууль бус” гэж маргасан. Захиалагч нь тендер сонгон шалгаруулалтын ажиллагааг хариуцлагатай явуулах зарчмын хүрээнд тухайн тендерт оролцогч компанийн санал болгосон бүтээгдэхүүний талаарх мэдээллийг тухайн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, түүнийг түгээх борлуулах эрх бүхий этгээдүүдээс тодруулан мэдээлэл авсныг буруутгах үндэслэлгүй байна.

            3.20. Иймд тендерийн Үнэлгээний хороо тендерийг хянан үзэх шатанд “W”-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Энэ хуулийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэнэ”, 27 дугаар зүйлийн 27.4-д “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана.” гэж тус тус заасныг зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

            3.21. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т “Тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно” гэж зааснаар “W”-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 04 дугаартай тэмдэглэлийг үндэслэн захиалагчийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ГЁ-134-12/199 дугаартай тендерээс татгалзах мэдэгдлийг ““W”-д хүргүүлсэн нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж дүгнэв.

            3.22. Тендерийн Үнэлгээний хороо нь 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 04 дугаартай тэмдэглэлээр “Ф” ХХК-ийн ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ.” гэж зааснаар “шаардлагад нийцсэн тендер” гэж үзэж, гэрээ байгуулах эрх олгох Үнэлгээний хорооны дүгнэлтийг захиалагчид хүргүүлсэн.

            3.23. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авах талаар дараахь эрх, үүрэгтэй байна: 46.1.3.үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах” гэж зааснаар тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг захиалагч зөвшөөрч, улмаар “Ф” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ГЁ-154-12/199 дугаартай мэдэгдлийг хүргүүлж, ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байх бөгөөд гэрээний дагуу ажлын гүйцэтгэл 46 хувьтай байгаа талаар  хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарлав. /I хавтаст хэргийн 46-47, II хавтаст хэргийн 22, 136 дахь тал/

            3.24. Нэхэмжлэгчээс “Ф” ХХК-ийн тендерийг шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэр хууль зөрчсөн, тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй” гэж маргаж байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж дүгнэв.

            Тодруулбал, нэхэмжлэгч талаас “Ф” ХХК-ийн тендерийн баталгаа шаардлага хангаагүй, хоёр өөр баталгаа гаргасан байхад тамга тэмдэгээр баталгаажуулаагүй баталгааг хянан үзсэн, үүнийгээ Сангийн яамны 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/248 дугаар журмын 2.13-т зааснаар “оролцогчоос ирүүлсэн тендер энэ журмын 2.3.6-д заасны дагуу цахим системийн холбогдох талбарт оруулсан мэдээлэлтэй зөрвөл цахим системийн мэдээллийг баримтлана” гэж тайлбарлаж байгаа нь уг журам энэ тендерт хэрэглэгдэхгүй, тодруулга авахдаа дутуу баримт нэмж авч үнэлгээ хийсэн, орчуулгын баримт дээр тамга дарсан нь скайнердаж оруулсан, тамга тус бүр, хуудас тус бүрт орчуулагчийн гарын үсэг зурагдаагүй” гэж,

            хариуцагчаас “тендерийн баталгааг цахимаар татан авч хянасан бөгөөд Сангийн яамны 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/248 дугаар журмын 2.13-т зааснаар “оролцогчоос ирүүлсэн тендер энэ журмын 2.3.6-д заасны дагуу цахим системийн холбогдох талбарт оруулсан мэдээлэлтэй зөрвөл цахим системийн мэдээллийг баримтлана” гэж зааснаар цахим системийн мэдээллийг баримтлан тендерийн баталгаа шаардлага хангасан гэж үзсэн, уг заалт нь хуучин 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 255 дугаар журамд мөн заасан байгаа, тендерийн баримт бичигт цахим тендерийн баталгааг хавсарган ирүүлэх шаардлагагүй, мэдээллийн сангаас шалгана гэж тодорхой заасан” гэж,

            гуравдагч этгээдээс “баримт бичгийн хуудас бүрт тамгаа дараад төгсгөлд нь орчуулагч гарын үсгээ зурсан нь шаардлага хангана, тендерийн баталгааг цахимаар татан авч хянасан нь шаардлага хангаж байгаа” гэж тус тус тайлбарлаж маргав.

            3.25. ““Ф” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалд Худалдаа хөгжлийн банкны 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр дуустал хүчинтэй” гэсэн тендерийн баталгаа, цахим системээс татан авсан Худалдаа хөгжлийн банкны 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн тендерийн баталгаа гэсэн хоёр өөр хугацаа бүхий баримт байгаа нь маргаан үүсгэсэн. / “Ф” ХХК-ийн баримт CD баримтын 1.0 Ерөнхий шаардлага хавтас, 41 дэх тал, www.tenger.gov.mn/-сайтаас судлав/

            3.26. Тендерийн  баримт бичгийн ТШЗ 23.1-д “Тендерийн баталгааны дүн: Багц №1: 830,458,005 /найман зуун гучин сая, дөрвөн зуун тавин найман мянга таван/ төгрөг. Хүчинтэй байх хугацаа” тендерийн хүчинтэй хугацаанаас хойш 28 хоногийг дуустал. Цахим тендерт оролцогч тендерийн материалд цахим тендерийн баталгааг хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим системд цахим тендерийн баталгаа гаргагч эрх бүхий арилжааны банкны мэдээллийн сангаас тендерт оролцогчийн цахим тендерийн баталгааны талаарх мэдээллийг шалгана. Баталгааг цахимаар ирүүлээгүй нь энэ тендерээс татгалзах шалтгаан болно” гэж зааснаас дүгнэхэд цахим тендерт оролцогч тендерийн материалд цахим тендерийн баталгааг хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим системд цахим тендерийн баталгаа гаргагч эрх бүхий арилжааны банкны мэдээллийн сангаас тендерт оролцогчийн цахим тендерийн баталгааны талаарх мэдээллийг шалгахаар заажээ.

            3.27. Иймд уг шаардлагын дагуу цахим системээр тендерийн баталгааг шалгаж, уг тендерийн баталгаа шаардлага хангасан гэж дүгнэсэн тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг буруутгах үндэслэлгүй, тендерийн баримт бичигт заасан журмын дагуу тендерийн баталгаа гаргагч эрх бүхий арилжааны банкны мэдээллийн сангаас шалгасан тендерийн баталгааг үнэлсэн нь тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангасан гэж дүгнэв.

            3.28. “W”-ийн Сангийн яаманд гаргасан гомдлыг хянасан 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03/18 дугаартай “Гомдол хянасан тухай” шийдвэрт “...2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал хүчинтэй байх цахим баталгаа ирүүлсэн байгаа нь тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй...” гэжээ.

            3.29. Сангийн яамны шийдвэрт цахим системд цахим тендерийн баталгаа гаргагч эрх бүхий арилжааны банкны мэдээллийн сангаас шалгасан тендерийн баталгааны талаар дүгнэлт өгөөгүй, тендерийн Үнэлгээний хороо тендерийн баримт бичгийн ТШЗ 23.1-д “Тендерийн баталгааны дүн: Багц №1: 830,458,005 /найман зуун гучин сая, дөрвөн зуун тавин найман мянга таван/ төгрөг. Хүчинтэй байх хугацаа” тендерийн хүчинтэй хугацаанаас хойш 28 хоногийг дуустал. Цахим тендерт оролцогч тендерийн материалд цахим тендерийн баталгааг хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим системд цахим тендерийн баталгаа гаргагч эрх бүхий арилжааны банкны мэдээллийн сангаас тендерт оролцогчийн цахим тендерийн баталгааны талаарх мэдээллийг шалгана. Баталгааг цахимаар ирээлээгүй нь энэ тендерээс татгалзах шалтгаан болно” гэж заасан шаардлагын хүрээнд дахин үнэлгээ хийсэн нь хууль болоод тендерийн баримт бичгийн шаардлага зөрчөөгүй байна.

            3.30. Уг маргаан бүхий тендер сонгон шалгаруулах ажиллагаа Төрийн болон орон нутгийн өмчин хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл болон 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмын дагуу явагдаж байгаа тул  Сангийн яамны 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/248 дугаар журмын 2.13-т зааснаар “оролцогчоос ирүүлсэн тендер энэ журмын 2.3.6-д заасны дагуу цахим системийн холбогдох талбарт оруулсан мэдээлэлтэй зөрвөл цахим системийн мэдээллийг баримтлана” гэсэн журам нь уг тендер сонгон шалгаруулалтад хэрэглэгдэхгүй болохыг дурьдах нь зүйтэй.

            3.31. Нэхэмжлэгч “Ф” ХХК нь тендерийн баримт бичгийн ТШЗ-ийн 18.6-д “Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: сүүлийн 10 жил /2021-2022 онууд/-ийн хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлыг жагсаалтыг дараах хүснэгтээр он тус бүрээр гаргаж ирүүлнэ” гэж заасан шаардлагыг хангаагүй гэж маргасан.

            3.31. “W”-ийн Сангийн яаманд гаргасан гомдлыг хянасан 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03/18 дугаартай “Гомдол хянасан тухай” шийдвэрт “Ф” ХХК-ийн ирүүлсэн тендерт ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээний мэдээллийн жагсаалтыг “Маягт-5”-ын дагуу гарган ирүүлсэн байгаа нь тендерийн баримт бичигт заасан дээрх шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж дүгнэжээ. Иймд уг үндэслэлээр “Ф” ХХК-ийн ирүүлсэн тендер тендерийн баримт бичгийн бичгийн ТШЗ-ийн 18.6-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй байна. /CD “Ф” ХХК-ийн баримт CD баримтын 1.0 Ерөнхий шаардлага хавтас/

            3.32. Мөн Сангийн яамны 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03/18 дугаартай “Гомдол хянасан тухай” шийдвэрт  тендерийн Үнэлгээний хороо 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хуралдаж, 01 дугаартай тэмдэглэлээр “Ф” ХХК-аас БНТУ-ын “Т” компанитай байгуулсан “Бутлан шигших үйлдвэрийн багц төхөөрөмжийг суурилуулах, ашиглалтад оруулах ажил”-ыг хүлээлгэн өгсөн акт байгаа эсэх, нийлүүлсэн барааны чанар, гэрээнд заасан хугацаанд бараагаа нийлүүлсэн байдлын талаар тодруулахаар шийдвэрлэсний дагуу “...БНТУ-ын Т” компани гэрээний хэрэгжилтийн үед акт үйлдэггүй бөгөөд сүүлийн төлбөрийг шууд шилжүүлсэн болно” гэсэн нь тендерийн баримт бичигт заасан шаардлагад нийцсэн гэж дүгнэсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж дүгнэжээ. Иймд дээрх үндэслэлээр “Ф” ХХК-ийн ирүүлсэн тендер шаардлагад нийцээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

            3.33. Нэхэмжлэгчээс “Ф” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичигт байгаа гадаад хэл дээр үйлдэгдсэн баримтуудын орчуулга нь тамга тэмдэг дарагдсан боловч орчуулагч хуудас бүрт гарын үсэг зураагүй, тамга тэмдэг скайнердаж оруулсан” гэж маргасан бөгөөд нотлох баримт шинжлэн судлахад тус компанийн ирүүлсэн орчуулгын баримтууд хуудас бүр дээр орчуулагчийн тамга дарагдсан боловч гарын үсэг бүрэн зурагдаагүй болох нь тогтоогдсон. /“Ф” ХХК-ийн CD баримт/

            3.34. Тендерийн баримт бичгийн ТШЗ 13.2-т “Тендерт гадаадын этгээд оролцох: “эрхтэй”. Тендерийн хэл нь Монгол хэл дээр байна. Гадаад хэл дээррх баримт бичгийг баталгаат орчуулгын газраар орчуулан гарын үсэг, тамга тэмдэгээр баталгаажуулж ирүүлнэ” гэсэн шаардлагын хүрээнд ““Ф” ХХК-ийн ирүүлсэн орчуулгын баримтууд нь бүрэн баталгаажаагүй алдаатай байна. Харин тамга тэмдэг үнэн зөв эсэх, скайнердаж оруулсан гэх үндэслэлийн тухайд шууд ийм дүгнэлт хийх боломжгүй, тамга тэмдэг хуурамчаар оруулсан гэдэг нь ямар нэгэн эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдоогүй тул шүүхээс тамга, тэмдэг хуурамчаар дарагдсан гэж дүгнэх үндэслэлгүй болно.

            3.35. “Ф” ХХК-ийн ирүүлсэн орчуулгын баримтууд нь бүрэн баталгаажаагүй алдаа нь дангаараа тус компанийг тендерт шалгаруулсан тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

            Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1  дүгээр зүйлийн 1.1-д заасан хуулийн зорилт, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасан. Нэхэмжлэгчийн маргаж буй тендерийн Үнэлгээний хорооны 04 дугаартай шийдвэрээр “Ф” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж дүгнэж, гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдөөгүй.

            3.36. Иймд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/2023101230 дугаар бүхий “Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажил”-ын багц №1, “Өндөр даралтын булт нунтаглагчийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, туршилт тохируулга хийх ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 04 дугаар хурлын тэмдэглэл (үнэлгээний хорооны дүгнэлт)-ийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэл хангагдах үндэслэлгүй, уг маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, зөрчигдсөн эрх сэргэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            Хоёр. ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/2023101230 дугаар бүхий “Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн багц №1, “Өндөр даралтын булт нунтаглагчийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, туршилт тохируулга хийх ажил”-д “W”-ийн ирүүлсэн тендер шаардлагад нийцсэн гэж дүгнэж, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэлийн тухайд:

            3.37. “W”-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан шийдвэр үндэслэлтэй байх тул ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/2023101230 дугаар бүхий “Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн багц №1, “Өндөр даралтын булт нунтаглагчийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, туршилт тохируулга хийх ажил”-д “W”-ийн ирүүлсэн тендер шаардлагад нийцсэн гэж дүгнэж, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэл хангагдах хууль зүйн үндэслэлгүй.

            Тодруулбал, “W”-ийн ирүүлсэн тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан “Тендер хянах” шатанд татгалзсан шийдвэр хууль, тендерийн баримт бичигт заасан нөхцөл шаардлагыг зөрчөөгүй тул хууль бус шийдвэрийн эсрэг даалгах нэхэмжлэл хангагдах үндэслэл бий болоогүй байна.

            Гурав. ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/2023101230 дугаар бүхий “Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажил”-ын гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерт “Ф” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн тухайд:

            3.38. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн  28.1-д “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” 46.1-д “Захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авах талаар дараахь эрх, үүрэгтэй байна: 46.1.3.үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах” гэж зааснаар  “Ф” ХХК-д  “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ГЁ-134-12/200 дугаартай мэдэгдлийг хүргүүлжээ.

            3.39. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу тендерийг хянан үзээд 27.3-т зааснаар тухайн тендер шаардлагад нийцсэн тохиолдолд дараагийн буюу хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан “Тендер үнэлэх”,  29 дүгээр зүйлийн 29.1-д заасан “Гэрээ байгуулах эрх олгох” зэрэг тендерийн бусад шат дараалсан ажиллагаанууд хийгддэг.

            3.40. “W”-ийн ирүүлсэн тендерээс тендер хянан үзэх шатанд татгалзсан тул “Ф” ХХК-д  “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 2024 оны 01 дугаар сарын 12-ны өдрийн ГЁ-134-12/200 дугаартай мэдэгдлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй.

            Дөрөв. ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Ф” ХХК нарын хооронд 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан №5/015-24 тоот гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн тухайд:

            3.41. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 01 дугаар сарын 12-ны өдрийн ГЁ-134-12/200 дугаартай мэдэгдлийн дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ”,  29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдснээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж зааснаар ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Ф” ХХК нарын хооронд 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан №5/015-24 дугаартай “Бараа худалдан авах гэрээ” байгуулагдсан. /II хавтаст хэргийн 202-220 дахь тал/

            3.42. Нэхэмжлэгчээс уг гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д “захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн”, 55.1.7-д “илэрхий алдаатай, хор уршигтай үр дагавар бүхий” гэж зааснаар илт хууль бус гэж маргав.

            3.43. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Захиалагч, гүйцэтгэгчийн хороонд байгуулах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ /цаашид “худалдан авах гэрээ” гэх/-тэй холбоотой харилцааг энэ хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хуулиар зохицуулна”, 40.2-т “”хамгийн сайн” үнэлэгдсэн тендер болон тендерийн баримт бичигт захиалагчийн тодорхойлсон худалдааны болон техникийн шаардлага нь худалдан авах гэрээний үндсэн нөхцөл болно” гэж заасан.

            3.44. “W”-ийн ирүүлсэн тендерээс тендер хянан үзэх шатанд татгалзсан, нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй байх тул тендер сонгон шалгаруулалтын үндсэн дээр байгуулагдсан ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Ф” ХХК нарын хооронд 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан №5/015-24 дугаартай “Бараа худалдан авах гэрээ”-г Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.7-д зааснаар илт хууль бус гэж дүгнэх үндэслэлгүй бөгөөд уг гэрээний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тул гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлд өөрчлөлт оруулсан гэж маргаж буй үндэслэлүүдэд дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

            3.45. Тодруулбал, гэрээ байгуулах үндэслэл болсон тендер сонгон шалгаруулалтын үндсэн дээр гарсан захиргааны актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй тул эдгээр захиргааны актын үндсэн дээр байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байх болно.

            3.46. Улсын Их Хурлаас 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болохоос өмнө зарласан тендер шалгаруулалтыг 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулж дуусгана” гэж заасан тул уг тендертэй холбоотой маргааныг шийдвэрлэхдээ 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг баримтласан болно.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 46 дугаар зүйлийн 46.1.3, 47 дугаар зүйлийн 47.2.2, 47.7, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 55.1.1, 55.1.7 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “W”-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан

-““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/2023101230 дугаар бүхий “Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажил”-ын багц №1, “Өндөр даралтын булт нунтаглагчийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, туршилт тохируулга хийх ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 04 дугаар хурлын тэмдэглэл (үнэлгээний хорооны дүгнэлт)-ийг хууль бус байсан болохыг тогтоолгох”; 

-““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/2023101230 дугаар бүхий “Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажил”-ын гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерт “Ф” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох”;

-““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Ф” ХХК нарын хооронд 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан №5/015-24 тоот гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох”;

-““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/2023101230 дугаар бүхий “Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн багц №1, “Өндөр даралтын булт нунтаглагчийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, туршилт тохируулга хийх ажил”-д “W”-ийн ирүүлсэн тендер шаардлагад нийцсэн гэж дүгнэж, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “W” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй.

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 П.УУГАНЦЭЦЭГ